Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2026/01045

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Т.Бадрах, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/02032 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******од холбогдох,

Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 78,360,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Япон Улсад *******-ийн ерөнхий захирлаар ажилладаг, Япон Улсад ажиллаж, амьдардаг бөгөөд Монгол Улсын иргэн *******тэй 2019 онд танилцаж, *******гийн гуйлтаар 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдөр түүний дотны танил гэх *******ыг өөрийн компанид ажилд авсан.

1.2. ******* нь 2021 оны 03 дугаар сард ...Монгол Улсад байр худалдан авах гээд яаралтай мөнгөний хэрэг гарсан тул мөнгө зээлээч... гэж гуйсан. Миний бие *******гийн дүү, мөн найз залуутайгаа хамт манай компанид ажиллаж байсан тул итгээд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр *******од 3,000,000 иенийг зээлдүүлсэн. ******* нь ажлаа хийж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан. *******той 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр холбогдоод зээлдүүлсэн 3,000,000 иенийг буцаан төлөхийг шаардахад ...хуваагаад төлнө... гэж хэлээд төлөлгүй Монгол Улс руу буцсан.

Иймд 3,000,000 иенийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Монгол банкны ханш 26.12 төгрөгөөр тооцож, нийт 78,360,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ******* нь 2020 оны 12 дугаар сард Япон Улсад ажиллахаар очсон. Тухайн сардаа *******тай танилцсан бөгөөд ажилд авна гэх байдлаар нааштай хандсан боловч ******* нь 2021 оны 01 дүгээр сард *******од бэлгийн дарамт учруулж, хүчээр бэлгийн харилцаанд орсон. ******* нь цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч ******* нь уучлалт гуйж хохирлыг барагдуулж, 3,000,000 иен өгөхөө амласан. ******* нь 2021 оны 02 дугаар сараас эхлэн *******гийн мотоциклын сэлбэг зардаг дэлгүүрт ажиллаж эхэлсэн бөгөөд амласан ёсоор нь 3,000,000 иенийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр шилжүүлж өгсөн.

2.2. *******ын гаргасан шүүхэд мэдүүлэх бичиг гэх баримт нь ор үндэслэлгүй зүйл бөгөөд тухайн үе буюу 2021 оны 03 дугаар сарын үед бид нэг байгууллагад ажилладаг байснаас хэтрэхгүй бөгөөд бидний хооронд байр авна гэдэг яриа огт болоогүй.

2.3. Хэрэв зээлийн гэрээний харилцаа гэж үзэх тохиолдолд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж үзнэ. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******од холбогдуулан гаргасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 78,360,000 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 549,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч *******од 3,000,000 иен өгсөн харилцааг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзсэн үндэслэл нь нэхэмжлэгч ******* орон сууц авахад нь зориулж хариуцагч *******од уг мөнгийг шилжүүлэн өгсөн. Үүнийг нэхэмжлэгч тухайн үед хамт амьдарч байсан гэрч *******ын шүүхэд мэдүүлэх бичиг гэх баримтаар нотолсон байдаг ба тус баримт дээр орон сууц авах зориулалтаар 3,000,000 иенийг авахаар болсон талаар дурдсан бөгөөд үүнийгээ гэрч ******* шүүхэд гэрчээр мэдүүлэхдээ өөрөө бичсэн болохоо хүлээн зөвшөөрдөг.

Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7 дугаарт 3,000,000 иенийг ямар үндэслэлээр өгсөн болох нь тогтоогдохгүй байна. гэж дүгнэж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх урьдчилсан нөхцөлийг хангахын тулд мөнгө ямар нэгэн үүргийн хүрээнд өгөгдсөн, тэр үүрэг биелэгдээгүй гэдгийг нотлох ёстой. гэж үзсэн. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид мөнгө өгөх болсон үндэслэл, шалтгаан, зориулалтыг гэрчийн мэдүүлэг болон *******ын бичгээр гаргаж өгсөн баримтаар нотолж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн нөхцөл байдал биелээгүй болох нь тогтоогдсон байхад шүүх энэ талаар дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэж, хариуцагчид мөнгө завших боломж олгосон нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэл бүхий байх, нотлох баримтыг үнэн зөв, эргэлзээгүй үнэлэх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.

4.2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, эсхүл зээлийн болон бэлэглэлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж үзсэн атлаа, талуудын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн, ямар үндэслэлээр хариуцагч тухайн мөнгийг буцаан төлөх үүрэггүй болохыг хангалттай дүгнээгүй. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд үүссэн харилцааг тогтоогоогүй байж ямар үүргийн хүрээнд мөнгө шилжүүлсэн талаар тодорхойгүй байна гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгаа нь логик алдаатай, үндэслэлгүй дүгнэлт юм.

4.3. Шүүхийн шийдвэрийн 9 дүгээр хуудасны 2 дахь хэсэгт "... ******* нь Японд таних хүн ховор, хэл сайн мэдэхгүй, ажиллах зорилгоор ирсэн тул Цагдаагийн байгууллагад хандвал ажиллах боломжгүй, мөн цаг хугацаа орох зэрэг асуудлаас шалтгаалан уг саналыг хүлээн зөвшөөрсөн гэх тайлбарыг үгүйсгэгдээгүй, хариуцагч нэхэмжлэгчийн хувийн харилцааны улмаас мөнгө өгсөн, цагдаагийн байгууллагад гомдол гаргахгүй байх нөхцөлтэй холбоотой гэж тайлбарласан, үүнийгээ нотлоогүй ч, нэхэмжлэгч бас үгүйсгээгүй, нэхэмжлэгчээс хариуцагч руу мөнгө шилжүүлсэн бодит шалтгаан тогтоогдоогүй. гэж дүгнэсэн байна. Нэхэмжлэгч нь хариуцагчид ямар нэгэн байдлаар бэлгийн дарамт учруулж, хүчээр бэлгийн харилцаанд орсон гэх тайлбарыг анхнаасаа эс зөвшөөрч байсан.

Гэтэл шүүх өөрийн үзэмжээр 3,000,000 иенийг өгөхгүй байх үндэслэлийг нотлоогүй ч, нэхэмжлэгч ч бас үгүйсгээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зохигчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүргийн эсрэг дүгнэлт хийсэн нь анхнаасаа нотлогдоогүй, болоогүй үйл баримтыг дахин үгүйсгэх үүргийг нэхэмжлэгчид халдаан хэрэглэж, хариуцагчид хууль бус давуу байдлыг бий болгож, нэхэмжлэгчийн нэр төрд халдсан дүгнэлт хийсэн.

Иймд дээрх үндэслэлийг харгалзан үзэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тодруулбал, нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 78,360,000 төгрөг гаргуулъя гэж шаардсан. Хариуцагчийн зүгээс хариу тайлбар өгсөнтэй холбогдуулаад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гээд нэг бичиг өгөөд үндэслэлгүй хөрөнгөжсөн" гэж шаардаж байгаа нь үндэслэлгүй. Анх нэхэмжлэгч нь орон сууц худалдаж авах зорилгоор 3,000,000 иенийг хариуцагчид зээлсэн гэдэг. Орон сууц авах зорилгоор зээлсэн гэдгийг шүүхэд мэдүүлэх бичиг, гэрчээр шүүх хуралдаанд оролцсон ******* гэдэг хүний бичгээр нотолно гэж тайлбарладаг. *******ын зүгээс гаргаж өгсөн бичигт "орон сууц авах гэж байсан" гэж бичсэн атлаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад манай талаас гэрчээр асуулгахад тэрийг би санахгүй байна гэж байгаа нь үндэслэлгүй. Хүн амьдралдаа орон сууц авах гээд хүнтэй тохирсон тохиролцоогоо санахгүй байна гэж байхгүй. *******, ******* нар хоорондоо хосын харилцаатай байсан эсэхийг *******аас дээр асуухад тодорхой хариулт хэлээгүй. *******тай харилцсан фейсбүүк чатыг хэрэгт гаргаж өгсөн. *******ын зүгээс би согтуу байсан учраас буруу зүйл ярьсан, санахгүй байна гээд тодорхой зүйл ярьдаггүй.

5.2. Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ байгуулсан гэдэг ч үндэслэлээ нотолж чадаагүй. Зээлсэн мөнгө *******од гэдэг гүйлгээний утгатай ******* гэдэг хүний өөрийн хувь данснаас орж ирсэн байдаг. ******* нь тухайн компанид хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан гэдэгт нэхэмжлэгч маргадаггүй. Яагаад ******* ажилд ороод хоёрхон сар болж байгаа *******од өөрийнхөө хувийн данснаас ямар ч зээлийн гэрээгүйгээр 3,000,000 иенийг гүйлгээний тодорхой утга байхгүйгээр зээлдүүлээд байгаа юм.

5.3. Хариуцагчийн зүгээс зээл олгосон гэдгээ нотлох зорилгоор ******* гэдэг хүнийг шүүхэд гэрчээр дуудаж асуусан. ******* нь ...*******ыг бусад хүмүүстэй харилцаа үүсгэсэн..." гэдэг зүйлийг мэдүүлдэг. ******* мэдүүлэгтээ ******* гэдэг хүн хэзээ ч гэрээ байгуулахгүйгээр эрх зүйн харилцаанд ордоггүй, өөрөө хувьдаа өмгөөлөгчтэй хүн, мөнгөний асуудал дээр хариуцлагагүй ханддаггүй гэж хэлдэг. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн дурдсанаар *******, *******ыг аваад Чиба гэдэг муж руу явсан гэж мэдүүлсэн ба нөгөө төлөөс ******* тэгвэл би мөнгөө авна гэж хэлсэн байдаг. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй ба хариуцагч өөрөө ...бид хоёр бэлгийн харилцаатай, хосын харилцаатай байсан хүмүүс юм, тухайн мөнгийг надад буцааж өгөхгүй байж болно гээд надад өгсөн, энэ хугацаанд миний цалинг олгоод явж байсан. Тэр мөнгийг өгсөн асуудал нь ******* гэдэг хүнээс үүссэн ба би тэр хүний дарамтыг дийлэхгүй байсан учраас ******* намайг 2021 оны 09 дүгээр сард Монгол руу очоод амарчихаад ир гээд явуулсан, буцаад ирэхэд ажлаас халчихсан, мөнгөө авъя гэдэг зүйл ярьсан. Тийм болохоор би тэр мөнгийг төлөөгүй... гэдэг хариу тайлбарыг хэлдэг. Уг тайлбарыг өмгөөлөгчийн зүгээс талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байна гэдэгт итгэлтэй байна. Дээр дурдсан үйл баримтууд дээр цалинг олгож байсан гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар цалингаа урьдчилж аваад араас нь төлөх гээд байгаа юм шиг шинээр үндэслэл гаргаж ирж хэлээд байгаа юм.

5.4. Нэхэмжлэгч талын зүгээс нэг жилийн дараа өгнө гэж гэрээ байгуулсан, амаар тохирсон гэдэг. Гэхдээ *******ын ажиллах хугацаа нэг жил байсныг нэхэмжлэгч мэдэж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, энэ үйл баримт тогтоогдож байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн 86 дугаар талд *******, *******ын Монгол руу явахад бичиж өгсөн шүлэг авагдсан. Зээлийн гэрээний харилцаатай байсан бол цалингаас нь суутгах асуудлыг гэрч мэдүүлж байсан ба мөнгөө нэхэхгүй, юу гэж шүлэг бичиж өгөх юм. Монгол руу зугтаагаад явчихсан гэдэг. Гэтэл зугтааж яваагүй буюу 09 дүгээр сард *******, ******* нар хоорондоо харилцаж байсан гэдэг үйл баримтыг хүртэл хариуцагчийн зүгээс хангалттай нотолж тогтоосон. Гэтэл давж заалдах гомдлыг талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэдэг байдлаар гаргасан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн дүгнэлт зөв тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******од холбогдуулан 78,360,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ ...******* нь 2021 оны 01 дүгээр сард надад бэлгийн дарамт учруулж, хүчээр бэлгийн харилцаанд орсон. Цагдаагийн байгууллагад мэдэгдэх гэсэн боловч уучлалт гуйж хохирлыг барагдуулж, 3,000,000 иен өгөхөөр амласан. Зээлийн гэрээний харилцаа үүсээгүй, хэрэв гэрээний харилцаа үүссэн гэж үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэх агуулгаар тайлбарлан маргажээ.

3. Анхан шатны шүүх нотлох үүргийн хуваарилалтыг буруу хийж, нэхэмжлэгчийг хариуцагчийн тайлбарыг үгүйсгээгүй гэх дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн ба улмаар шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулна.

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдсон. Үүнд:

4.1. Хариуцагч ******* нь 2021 оны 02 дугаар сараас 2022 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд нэхэмжлэгчийн хамаарал бүхий Япон Улсын *******-д ажиллаж байсан тухай цалингийн хүснэгт авагдсан. /хх 71-76/

4.2. Уг хугацаанд 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 3,000,000 иенийг *******ын Япон Улсын ******* банкны ******* тоот данс руу нэхэмжлэгч ******* нь шилжүүлэг ******* гэх утгаар шилжүүлжээ. /хх 8, 83-85/ Талууд энэ талаар маргаагүй.

5. Зохигчийн маргааны зүйл нь ******* нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгийг авч, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл болох эсэх асуудал болжээ.

5.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан, эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхийг хэрэгжүүлэх буюу хөрөнгөө буцаан шаардах тохиолдлыг хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл хожим үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон, үүрэг гүйцэтгүүлэгч шаардлага гаргаж болохооргүй үлэмж маргаантай гэж тодорхойлсон.

Маргаан бүхий тохиолдолд хариуцагч нэхэмжлэгчийн дээрх 3,000,000 иенийг өөртөө шилжүүлэн авсан боловч буцаан төлөх үүрэг үүсээгүй гэж маргаж байгаагаас үзэхэд зохигчийн хооронд үүрэг үүсээгүй гэж үзнэ.

Учир нь үүрэг үүсээгүй гэдэг нь хөрөнгө олж авсан болон үүрэг гүйцэтгэгч этгээдүүдийн хооронд гэрээний болон хуульд заасан үүргийн харилцаа үүсээгүй байдаг тул энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг шаардах эрхэд хамаарахаар байна.

5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэнэ.

Хуулийн дээрх зохицуулалтаар нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох, хариуцагч татгалзлаа нотлох үүрэгтэй ба нэхэмжлэгч нь хариуцагчид хөрөнгө шилжүүлсэн болохоо нотолсон байх бөгөөд энэ тохиолдолд хариуцагч тухайн шилжүүлсэн хөрөнгийг буцаан шилжүүлэх үүрэггүй болохоо нотлох буюу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцэж байгаа бол эсрэг талын гаргасан тайлбар, нотлох баримтыг няцаасан байх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь уг мөнгийг Бэлгийн дарамт учруулсны улмаас төлөгдсөн хохирол байсан гэж маргах боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна нэхэмжлэгч *******гийн өмгөөлөгч *******оос хариуцагч *******од 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болон 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр тус тус хүргүүлсэн Мэдэгдэл-үүдэд энэхүү үйл баримт тогтоогдохгүй, нотлогдохгүй байгааг дурдсан. /хх 94, 98/

5.3. Түүнчлэн, Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах ба мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн, энэ үйл баримт нь хэргийн 86 дугаар талд *******гийн *******ын Монгол руу явахад бичиж өгсөн шүлэг авагдсан гэх боловч уг шүлгийг үндэслэн талуудын хооронд бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Учир нь Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ гэж заасан ба уг шүлгийн орчуулгын агуулгад хариуцагчийг гадаад улсад амьдрахдаа тэвчээртэй, шантрахгүйгээр байхыг хүсэж, улмаар боломжгүй бол нутаг буцахыг захисан ба тухайн шүлгийг бичсэн цаг хугацааг 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэж тэмдэглэснээс үзэхэд талуудын хооронд бэлэглэлийн гэрээ 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үүссэн гэж үзэх боломжгүй байна.

5.4. Мөн нэхэмжлэгчээс анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол Улсад орон сууц худалдан авахад зориулж, урьдчилгаа бүрдүүлэхээр зээлсэн гэж тайлбарлан үүнийг нотлохоор гэрч *******ын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан Шүүхэд мэдүүлэг бичиг /хх 6/-ийг гаргаж өгсөн боловч гэрч ******* уг бичгийг хийж өгсөн болохоос агуулгын хувьд юу бичсэнийг санахгүй, мэдэхгүй байна гэж мэдүүлж, уг нотлох баримтыг үгүйсгэсэн. /хх 136-140/

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрчээр оролцсон ******* шүүхэд өгсөн мэдүүлэгтээ ******* *******од байрны урьдчилгаанд мөнгө шилжүүлсэн гэж надад дансаа харуулж байсан гэж /хх 147-150/ дурдсан байх боловч хэргийн бусад баримтаар ******* болон ******* нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үйл баримт тогтоогдоогүй.

Учир нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

Хэргийн 84 дүгээр талд авагдсан хариуцагч *******ын дансны хуулгаас үзэхэд тэрээр 3,000,000 иенийг хүлээн авснаас хойш 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр, 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр тус тус ******* гэх утгаар нийт 1,000,000 иенийг, 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр *******гэх утгаар 500,000 иен, 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ******* гэх утгаар 500,000 иен, ******* гэх утгаар 500,000 иен, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр ******* гэх утгаар 347,000 иен тус тус шилжүүлсэн, мөн хэргийн 72-73, 75-76 дугаар талд авагдсан *******ын *******-аас авсан цалингийн хүснэгтэд түүний цалингаас суутгагдвал зохих татвар, даатгалын төлбөр суутгагдаж байснаас өөр суутгал хийгдээгүй байна.

Тодруулбал, хариуцагч нь нэхэмжлэгчээс байрны урьдчилгаа бүрдүүлэх зорилгоор мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан, түүнийг цалингаасаа суутгуулан төлөх, эсхүл бусад хэлбэрээр хуваан төлөхөөр тохиролцсон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх ба үүгээр тэдний хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлгүй тул хариуцагч талын Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбар, татгалзал үндэслэлгүй.

5.5. Нэхэмжлэгч нь хариуцагчид шилжүүлсэн 3,000,000 иенийг 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Монголбанкнаас зарласан валютын ханшаар тооцож буюу Япон иен 26,12 төгрөгт 3,000,000 иенийг хөрвүүлж 78,360,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1 дэх хэсэгт нийцсэн. /хх-11/

Ийнхүү дээр дурдсан үндэслэлээр талуудын хооронд үүрэг үүсээгүй, бодитоор мөнгө шилжүүлсэн үйл баримт тогтоогдсон, хариуцагч уг мөнгийг буцаан төлсөн үйл баримтгүй тул хөрөнгө олж авсан этгээд болох хариуцагч *******оос үндэслэлгүйгээр олж авсан 3,000,000 иен буюу 78,360,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгох нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасантай нийцнэ.

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 192/ШШ2026/02032 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******оос үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 78,360,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,

2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 549,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр урьдчилан төлсөн 549,750 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ

ШҮҮГЧИД Т.БАДРАХ

Н.ГЭРЭЛТУЯА