| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10022/И |
| Дугаар | 210/МА2026/01188 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/01188
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/01808 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 38,471,181 төгрөг гаргуулах тухай үндсэн, 7,300,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******, түүний өмгөөлөгч ******* /цахим/ хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* нь иргэн *******, ******* нартай 2024 оны 05 дугаар сарын 15-ний өдөр Япон улсад 2012 онд үйлдвэрлэгдсэн Тoyota prius маркийн суудлын автомашиныг 26,500,000 төгрөгт бодож урьдчилгаа үнийн дүнгийн 20 хувь хувь буюу 5,300,000 төгрөгийг төлөөд үлдэгдэл төлбөр болох 21,200,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай автомашины лизингийн гэрээ байгуулсан. Иргэн *******, ******* нь гэрээний үүрэгт түрээсийн төлбөрөөс 0,0 төгрөг, хүүд 1,892,952 төгрөг, алдангид 157,048 төгрөг нийт 2,050,000 төгрөг төлсөн. Хариуцагч нар нь 2024 оны 04 дүгээр сараас хойш нэг ч төлбөр төлөөгүй, өнөөдрийн байдлаар түрээсийн төлбөр 21,200,000 төгрөг, хүү 10,402,128 төгрөг, алданги 6,869,053 төгрөг, нийт 38,471,181 төгрөг төлөөгүй. Гэрээний үүргээ биелүүлэхийг *******, ******* нараас удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө гэж хэлсээр өнөөг хүрээд байна. Иймд, *******, ******* нараас гэрээний үүрэгт түрээсийн төлбөр 21,200,000 төгрөг, хүү 10,402,128 төгрөг, алданги 6,869,053 төгрөг, нийт 38,471,181 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч *******ын хариу тайлбарын агуулга:
2.1. ******* нь 2024 оны 05 дугаар сард ******* фейсбүүк хуудаснаас зарын дагуу очин уулзаж Toyota Prius маркийн сувдан цагаан өнгөтэй тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авахаар болж 5,200,000 төгрөгийг урьдчилгаанд төлж, цаашид сар бүр 1,050,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон. Гэвч ******* нь 2024 оны 08 дугаар сараас ажил хөдөлмөр эрхлэхээ больж сар бүрийн төлөлт хийх төлбөрийн чадамжгүйгээс болж "*******" ХХК-аас 2024 оны 12 дугаар сард гэрээнээс татгалзан тээврийн хэрэгслээ буцаан авсан. Тус тээврийн хэрэгсэл 2024 оны 12 дугаар сараас хойш *******ын эзэмшилд байхгүй байгаа бөгөөд сар бүрийн төлөлтийг хийж чадахгүй байсны улмаас "*******" ХХК гэрээнээс татгалзаж тээврийн хэрэгслийг буцаан авсан байдаг. Иймд ******* нь нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй 38,471,181 төгрөгийг төлөх үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч *******ийн хариу тайлбарын агуулга:
3.1. "*******" ХХК-аас худалдан авсан ******* арлын дугаартай, Toyota рruis маркийн автомашиныг ******* өөрийн хувийн хэрэгцээнд зориулж авсан бөгөөд ******* би *******ын гуйлтын дагуу тус гэрээнд хамтран зээлдэгчээр оролцсон. ******* нь гэрээ байгуулсан өдөр автомашины урьдчилгаа төлбөрт 5,200,000 төгрөг төлсөн бөгөөд гэрээ байгуулсны дараа буюу 2024 оны 06 болон 07 дугаар сард тус бүр 1,050,000 төгрөгийн төлөлт хийсэн байдаг. Гэвч ******* нь 2024 оны 08 дугаар сараас эхлэн ажилгүй болж гэрээний хуваарьт төлөөгүйн улмаас *******" ХХК нь 2024 оны 12 дугаар сард Toyota рruis маркийн автомашиныг буцаан авсан. ******* би, ******* болон "*******" ХХК-ийн хооронд байгуулагдсан 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн автомашины лизингийн гэрээний үндсэн оролцогч биш бөгөөд мөн "*******" ХХК нь Toyota рruis маркийн автомашиныг *******аас буцаан авсан тул тус машины үлдэгдэл төлбөр болон хүү алдангийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.
4. Хариуцагч *******ын сөрөг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
4.1. ******* би "*******" ХХК-тай 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр автомашины лизингийн гэрээ байгуулж ******* арлын дугаартай, Toyota рruis маркийн автомашиныг 33,000,000 төгрөгөөр, 36 сарын хугацаатай зээлээр худалдан авсан бөгөөд гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа төлбөрт 5,200,000 төгрөг төлсөн. Улмаар гэрээ байгуулсны дараах 6 болон 7 дугаар сард тус бүр 1,050,000 төгрөгийн төлөлт хийсэн боловч 8 дугаар сараас эхлэн ажилгүй болсон тул санхүүгийн хүндрэлд орж гэрээний хуваарьт төлөлтийг төлж чадаагүй. Улмаар "*******" ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шөнийн 23 цагийн үед 2 эрэгтэй хүн ирж миний автомашин болон дотор нь байсан манай эхийн бичиг баримт, эд зүйлийг хураан авсан. Автомашиныг шөнийн цагаар 2 эрэгтэй хүн ирж булаан авсан учир миний бие автомашин дотор байсан эд зүйлсээ ч авах сөхөөгүй бичиг баримт хувцас бусад хэрэгсэлтэйгээ өгөөд явуулсан. Миний хувьд зээлийн хуваарьт төлөлтийг 5 сарын хугацаанд тасалдуулж гэрээний үүргээ зөрчсөн буруутай хэдий ч "*******" ХХК энэхүү асуудлыг эвлэрлийн журмаар эсхүл хууль журмын дагуу шүүхээр шийдвэрлүүлж болох атал автомашиныг шууд булаан авч, улмаар автомашиныг мөргүүлсэн байна гэх зэрэг худал хохирол тогтоож автомашины үнийг надаар болон манай дүү *******аар бүтэн төлүүлэхээр бидэнтэй байнга холбогдож санхүүгийн болон сэтгэл санааны маш их дарамт үзүүлсэн. Уг асуудлаас болж манай гэр бүлийн хувьд байнгын хэрүүл маргаантай байх болсон. ******* би уг автомашины төлбөрт нийт 7,300,000 төгрөгийг төлсөн хэдий ч "*******" ХХК нь уг автомашиныг нэгэнт буцаан авч гэрээнээс татгалзсан учир автомашины төлбөрт төлсөн 7,300,000 төгрөгийг буцаан авах хүсэлтэй байна. Иймд автомашины төлбөрт төлсөн 7,300,000 төгрөгийг "*******" ХХК-аас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.
5. Сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
5.1. Талууд автомашины лизинг буюу санхүүгийн түрээсийн гэрээ байгуулсан. Санхүүгийн түрээсийн гэрээ гэдэг нь аливаа зүйлийг худалдан авах зорилгоор гэрээний зүйл болох автомашиныг эзэмшиж ашиглах, тухайн хугацааны төлбөрийг төлөхтэй холбоотой гэрээ юм. Хариуцагч үүнийг зээлийн гэрээ гэж тайлбарладаг боловч уг харилцаа нь санхүүгийн түрээсийн гэрээний шинжтэй. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн хүрээнд ч аливаа эд хөрөнгийг эзэмшиж ашиглуулах, улмаар худалдахтай холбоотой санхүүгийн түрээсийн гэрээ түгээмэл хийгддэг. Хариуцагч талаас автомашиныг авснаар гэрээнээс татгалзсан мэтээр тайлбарлаж байгаа боловч гэрээний 15.1-д гэрээний зүйлийг түр хугацаанд буцаан авах эрхтэй гэж заасан байдаг. Бодит байдал дээр хариуцагч нар гэрээний үүргээ зөрчсөн бөгөөд энэ талаар өөрсдөө хүсэлт гаргаж байсан нь баримтаар тогтоогддог. Өнөөдрийг хүртэл гэрээг цуцалсан зүйл байхгүй. Мөн хариуцагч *******ын зүгээс зөрчлөө арилгаад түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэх хүсэлт гаргаж байсан. Иймд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 312 дугаар зүйл болон Санхүүгийн түрээсийн тухай хуульд заасан нөхцөл бүхий санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна. Түүнчлэн гэрээнээс татгалзсан гэх асуудал байхгүй бөгөөд хууль, гэрээнд заасны дагуу автомашиныг түр хугацаанд хураан авсан, өнөөдрийн байдлаар автомашин хэвээр байгаа боловч хариуцагч тал буцаан авахгүй байгаа нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэг болон 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн хариуцагч *******, ******* нараас 38,471,181 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч ******* ХХК-аас 1,716,277 төгрөгийг гаргуулж хариуцагч *******, ******* нарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 350,306 төгрөг, хариуцагч нарын төлсөн 131,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч ******* ХХК-аас 42,410 төгрөгийг гаргуулж хариуцагч нарт олгож шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
7.1. Шүүх Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдсан. Уг гэрээ нь хүчин төгөлдөр гэрээ байна гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч нь 2024 оны 12 дугаар сараас хойш хариуцагч нарт автомашин ашиглах боломж олгоогүй байх тул гэрээнээс татгалзсан гэж үзээд гэрээнээс татгалзсан нь үүрэг дуусгавар болох тул нэхэмжлэгч гэрээний үүргийг хариуцагч нараас шаардах эрхгүй гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэд нь хэрэгсэхгүй болгосон. Үйл баримтын хувьд: хариуцагч нар гэрээний үүргээ биелүүлээгүй, нэхэмжлэгч маргаан бүхий авто машиныг хураан аваагүй, ашиглах үр шимийг хүртэх эрхийг хязгаарлаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан тайлбартаа хүртэл хариуцагч гэрээнээс татгалзаж байгаа тухай хүсэлт, мэдэгдлийг тус компанид огт гаргаж өгөөгүй.
7.2. Нэхэмжлэгч нь хариуцагч тал автомашины лизингийн төлбөрөө олон сар төлөхгүй алга болж, харилцаа холбоогүй байсан тул Санхүүгийн түрээсийн хуулийн дагуу доорх зүйл заалтуудыг хэрэгжүүлж 15 дугаар зүйл түрээсийн зүйлийг буцаан авах 15.1.4-т түрээслэгч түрээсийн төлбөрийг гурван удаа дараалан төлөөгүй; 15.2-т түрээслүүлэгч энэ хуулийн 15.1-д заасан нөхцөл арилмагц түрээсийн зүйлийг түрээслэгчид буцаан өгч, гэрээнд заасан эрх, үүргээ үргэлжлүүлэн биелүүлэх үүрэгтэй. гэрийн хаягаар нь 2024 оны 12 дугаар сард очиж уулзаж төлбөрөө төлөхийг хүсэхэд хариуцагч нь лизингийн төлбөрөө төлөөгүй буруугаа хүлээж, яг одоо төлөх боломжгүй, шинэ ажилд орсон цалин буугаад төлнө гэх тайлбартайгаар Санхүүгийн түрээсийн хуулийн дагуу автомашиныг түр буцаан өгч, удахгүй төлбөрөө төлж хэвийн болгоод эргүүлэн авахаа илэрхийлсэн байдаг. Дээрх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар огт үгүйсгээгүй. Шүүх хурлын явцад түрээсийн төлбөр төлж чадахгүй нөхцөл үүссэн гэх тайлбарыг гаргасан. Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нар түрээслэгчид гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хүргүүлээгүй. Мэдэгдэл хүргүүлсэн тухай нотлох баримтыг хариуцагч гаргаж өгөөгүй, баримтаар нотлоогүй. Хариуцагч гэрээнээс татгалзах тухай санал гаргаагүй, мэдэгдээгүй учир гэрээнээс татгалзах эрхээ хариуцагч эрхээ алдахаар зохицуулсан байна.
7.3. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 16 дугаар зүйлд 16.2 дахь хэсэгт түрээслүүлэгч, түрээслэгчийн аль нэг нь гэрээг цуцлах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэх бөгөөд гэрээнээс татгалзах, ийнхүү татгалзсанаас үүсэх үр дагаврыг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна./ заасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэж, үйл баримтыг нотлох баримтад үндэслэн тогтоож чадаагүй. Мөн талуудын хооронд байгуулагдсан гэрээний хэрэгжсэн хугацааны эрх, үүрэгт үнэлэлт дүгнэлт огт өгөөгүй тул энэхүү гомдлыг гаргаж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ын тайлбарын агуулга:
8.1. Би 05 дугаар сард нэхэмжлэгч компанитай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, автомашин худалдаж авсан нь үнэн. 08 дугаар сард ямар нэгэн орлогын эх үүсвэргүй болсон учир 08 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд зээлийн төлбөрөө төлж чадаагүй. Нэхэмжлэгч компани автомашиныг авч явснаас хойш би автомашин дотор байсан өөрийн эд зүйлээ авахаар 2 удаа нэхэмжлэгч компанийн оффис дээр очиход автомашин байгаагүй учир тухайн автомашиныг бусдад худалдан борлуулж, бидний хооронд үүссэн гэрээний асуудал дууссан гэж би ойлгосон гэжээ.
9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ийн тайлбарын агуулга:
9.1. ******* ХХК-ийн оффис дээр 2 удаа очсон бөгөөд эхэлж очихдоо зөвхөн тухайн байгууллагын хашаанд маргаан бүхий автомашин байгаа эсэхийг шалгаж харахад байгаагүй. Харин дараа нь очихдоо тухайн байгууллагын ажилтанд хандаж, хүүхдийнхээ автомашиныг харъя гэхэд уг автомашин байхгүй гэж хэлсэн бөгөөд миний хүүхдийн хувцсыг газар гаргаж хаясан байсан. Иймд автомашины үлдэгдэл зээлийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэж байна. Нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзаагүй, автомашиныг түр хурааж авсан гэж тайлбарладаг боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийг нь харвал гэрээнээс татгалзсан болох нь харагдана. Учир нь нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан үндсэн нэхэмжлэлийн үнийн дүн буюу автомашины нийт үнэ болох 21,200,000 төгрөгийг нэхээд байдаг. Энэ нь гэрээний хугацаанд гаргасан зөрчлийн төлбөр биш бөгөөд нэхэмжлэгч компани 80 хувийн төлбөрийн үлдэгдэл, мөн алданги, хүү зэргийг нэхэмжилж байгаа нь зөвхөн гэрээний хэдэн сарын хугацааны зөрчил арилгуулна гэх тайлбартай нь зөрчилддөг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь давж заалдах гомдлын агуулгатай зөрчилдөж байгаа үйл баримт харагддаг. Мөн хариуцагч тухайн автомашины урьдчилгаанд болон түрээсийн төлбөрт 7,000,000 төгрөг төлсөн. Хэрэв автомашины үнэлгээ буурсан бол тухайн автомашины үнэлгээний зөрүүнд хариуцагчийн төлсөн төлбөрийг суутгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******ХХК нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэрээний үүрэгт 38,471,181 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний дагуу төлсөн 7,300,000 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргажээ.
3. Талууд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр автомашины лизингийн гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь Toyota prius маркийн автомашиныг хариуцагчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэн өгөх, *******, ******* нар нь урьдчилгаа 5,300,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэгдэл 21,200,000 төгрөгийг сарын 3,5 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаанд хувааж төлөх, ийнхүү төлсөн тохиолдолд ******* ХХК нь Toyota prius маркийн автомашиныг *******, ******* нарын өмчлөлд шилжүүлэн өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 8-12/
4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.
5. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт санхүүгийн түрээсийн гэрээнд тавих үндсэн 3 шаардлагыг тодорхойлж, эдгээр шаардлагын аль нэг нь хангагдсанаар санхүүгийн түрээсийн гэрээ гэж үзэхээр заасан. Үүнд: гэрээний хугацаа нь ашиглалтын хугацааны дөрөвний гурваас багагүй байх, зах зээлийн үнэ цэнэ 90 хувиас доошгүй байх, гэрээний хугацаа дуусгавар болоход гэрээний зүйл түрээслэгчийн өмчлөлд шилжих зохицуулалтууд орсон байхыг шаарджээ.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хугацаа дуусгавар болоход гэрээний зүйл түрээслэгчийн өмчлөлд шилжих шаардлагыг хангасан боловч гэрээний нөхцөлийг бүхэлд нь авч үзэж, гэрээний төрлийг тодорхойлох шаардлагатай. Учир нь эд хөрөнгийн үнэ цэнэ ба ашиглалтын хугацааны харилцан хамаарал, ашигт байдал нь гэрээний талыг санхүүгийн түрээсийн гэрээг бусад төрлийн гэрээнээс ялгахад илүү ач холбогдолтой гэж үзнэ.
5.1. Санхүүгийн түрээсийн гэрээ нь аж ахуй эрхлэгч аж ахуйн үйл ажиллагаагаа хэвийн, тогтмол хөтлөн явуулах зорилгоор эд хөрөнгийг урт хугацаанд, найдвартай эзэмшил ашиглалтдаа байлгах боломжийг аж ахуй эрхлэгчид олгодог. Энэ агуулгаар санхүүгийн түрээсийн гэрээний хугацаа нь гэрээний зүйлийн ашиглалтын хугацаатай харьцангуй хамааралтай бөгөөд эд хөрөнгийн өмчлөх эрхийг гэрээ дуусгавар болсны эцэст олж авах эсэх нь түрээслэгчийн туйлын зорилго гэж үзэх үндэслэл болохгүй.
Харин талуудын хооронд байгуулсан гэрээнд санхүүгийн түрээсийн гэрээний шинж болох гэрээний хугацаа нь эд хөрөнгийн ашиглалтын хугацаатай уялдаатайгаар харьцангуй урт байх, уг хугацаанд эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийн дийлэнх хэсгийг хуваан төлөх, улмаар гэрээний хугацаа дуусах үед гэрээний зүйлийн үлдэх үнийг төлөх, эсхүл төлөхгүйгээр өмчлөлдөө бүрмөсөн шилжүүлж авах эрх, үүргээс сонголттой байх нөхцөлүүдийн аль ч хэлбэр тусгагдаагүй байгааг анхаараагүй байна.
5.2. Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар санхүүгийн түрээсийн гэрээний хугацааны талаарх шаардлагыг хангасан эсэхийг тодорхойлоход Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд заасан ашиглалтын хугацааг баримтална. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсэгт машин механизм, техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын хугацааг 10 жилээр тогтоосон байна.
Талуудын маргаан бүхий гэрээнд эд хөрөнгийн ашиглалтын хугацаанд үл хамаарах байдлаар буюу 36 сараар хугацааг тодорхойлж, энэ хугацаанд багтаан үнэ төлбөрийг хүүгийн хамт бүрэн төлөхөөр тохирсон, түрээсийн хөлс төлөх хуваарийг тохирохдоо гэрээний үнийн 80 хувиар тогтоож, улмаар сар бүрийн 3,5 хувийн хүү нэмж төлөхөөр заасан байдлыг дээр дурдсан хэт богино төлбөрийн хуваарьтай хамтатган дүгнэвэл санхүүгийн түрээсийн гэрээний үндсэн шинж үгүйсгэгдэхээр байна.
6. Иймд маргаан бүхий гэрээний зорилго, агуулгаас үзэхэд хариуцагч гэрээний үнийг 3 жилийн хугацаанд тогтсон хуваарийн дагуу хүүгийн хамт хэсэгчлэн төлөх, ийнхүү төлбөрийг төлж дууссанаар өмчлөх эрхийг олж авах нөхцөлөөр гэрээг байгуулсан нь Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсан гэж үзэв.
Өөрөөр хэлбэл, талуудын хооронд байгуулагдсан гэрээний зүйл нь тээврийн хэрэгсэл бөгөөд тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь уг тээврийн хэрэгслийг худалдах, худалдан авах зорилготой гэрээг байгуулсан болох нь хэргийн баримтаар тогтоогдож байна.
7. Худалдан авагч *******, ******* нар нь урьдчилгаа 5,300,000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2027 оны 05 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл сар бүр 1,045,838 төгрөг төлөх үүрэгт хүлээсэн боловч 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 5,830,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 1,050,000 төгрөг, 2024 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 1,000,000 төгрөг, нийт 7,880,000 төгрөгийг худалдагч ******* ХХК-д төлсөн /хх65-67/ болох нь баримтаар тогтоогдсон.
Иймд хариуцагч нар нь тээврийн хэрэгслийн үнийг хүүгийн хамт тогтоосон хугацаанд төлөх үүргээ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасны дагуу зохих ёсоор гүйцэтгээгүй байна.
8. Хариуцагч нар дээрх гэрээний үүргийг зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 21-ний өдөр буцаан авсан байх ба нэхэмжлэгчээс гэрээний зүйлийг түр хураан авсан гэж тайлбарлаж байгаа боловч талуудын хооронд Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасан санхүүгийн түрээсийн гэрээ байгуулагдаагүй тул нэхэмжлэгч ******* ХХК нь Санхүүгийн түрээсийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан түрээсийн зүйлийг буцаан авах эрхийг хэрэгжүүлэх эрхгүй.
Иймд нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг буцаан авсан байх тул хариуцагч *******, ******* нартай байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзнэ.
9. Иргэний хуулийн 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсэгт зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч нар биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй. Талууд гэрээгээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй.
Нэхэмжлэгч нь зээлээр худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн тээврийн хэрэгслийг буцаан авсан тул уг гэрээний үүрэгт үндсэн төлбөр 21,200,000 төгрөг, хүү 10,402,128 төгрөг, алданги 6,869,053, нийт 38,471,181 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхгүй.
10. Сөрөг нэхэмжлэлийн хувьд, маргаан бүхий гэрээ хариуцагчийн гэм буруугийн улмаас цуцлагдсан гэж үзэж, түүний тээврийн хэрэгслийн ашигласан хугацааны төлбөрт уг хөрөнгийн үнэлгээний баримтыг үндэслэн 5,583,723 төгрөгт дүйцүүлэн хариуцагчийн гэрээний дагуу шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэлээс холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүх шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэн энэ талаар эрх зүйн дүгнэлт өгөх шаардлагагүй.
11. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2026/01808 шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэг болон 205 дугаар зүйлийн 205.1 гэснийг 262 дугаар зүйлийн 262.1, 264 дүгээр зүйлийн 264.1 гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,306 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Ч.БАТЧИМЭГ