Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 09

 

 

Д.Батмөнхөд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн даргалж, шүүгч Б.Дамба, шүүгч Н.Мөнхжаргал, нарын бүрэлдэхүүнтэй, шүүгдэгч Д.Батмөнх, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, прокурор П.Удвал, нарийн бичгийн дарга А.Тамираа нарыг оролцуулан

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолтой, Д.Батмөнхөд холбогдох эрүүгийн 201720000054 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдсан гомдлыг үндэслэн, 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Мөнхжаргалын илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Увс аймгийн Өндөрхангай суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, Увс аймгийн Өндөрхангай сумын Цагааннуур багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Харганыхан овогт Даваагийн Батмөнх нь 2017 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Увс аймгийн  Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ танхайн сэдэлтээр хохирогч Ч.Алтангэрэлийн хэвлий тус газар хутгалж, бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харганыхан овгийн Даваагийн Батмөнхийг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар шүүгдэгч Д.Батмөнхөд  /тав/ жил хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг баримтлан мөн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Д.Батмөнхөд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Шүүгдэгч Д.Батмөнх нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, төлбөргүй болохыг  дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэг, заазуур 1 ширхэг, хугархай мод 1 ширхэгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн эзэмшлийн "Хурд" загварын, улаан өнгөтэй, улсын дугааргүй мотоциклийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2017 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, Д.Батмөнхөд өмнө авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн давж заалдах гомдолдоо: Хохирогчийн биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ба мөрдөн байцаагч, прокурорт удаа дараа хүсэлт өгсөн боловч дахин шинжилгээ хийлгэж өгөөгүй нь шүүгдэгчийн эрхийг хязгаарласан, эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн хамт байсан хүнтэйгээ харилцан маргалдаж үүнээс үүдэн бусдад гэмтэл учруулсан байхад танхайн сэдэлтээр үйлдсэн гэж хүндрүүлж ял шийтгэсэн нь үндэслэлгүй гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Д.Батмөнхийн үйлдсэн гэмт хэрэг нь  нотлогдсон боловч шинэчлэн батлагдсан Эрүүгийн хуулиар танхайн сэдэлт гэсэн  хүндрүүлэх бүрэлдэхүүн байхгүй болсон тул түүний эрх зүйн байдлыг  дээрдүүлсэн хуулийг хэрэглэж ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Батмөнх нь согтуугаар, танхайн сэдэлтээр  2017 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Увс аймгийн Өндөрхангай сумын Цэцэрлэг багийн нутаг дэвсгэрт хохирогч Ч.Алтангэрэлийн хэвлий тус газарт хутгалж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна .

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн “...гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан боловч уг гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

Шүүгдэгч Д.Батмөнхийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ч.Алтангэрэлийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх үүссэн болох нь нотлогдсон  байх бөгөөд уг гэмтэл нь  гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болох нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Түүнчлэн шинээчийн дүгнэлтийг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйгээс гадна  дүгнэлтийг дахин гаргуулах үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд өмгөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

Харин 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхзүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.” гэж заажээ.

Шүүгдэгч Д.Батмөнхийн ял шийтгүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний  “гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдэх” гэх шинж нь  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд байхгүй болсон тул Д.Батмөнхийн үйлдэл нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд уг зүйл хэсэгт оногдуулах ял нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-т заасан гэмт хэрэгт оногдуулах ялаас бага буюу хөнгөрүүлэн хуульчилсан байна.

Иймд Д.Батмөнхийг  2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Батмөнх нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд  2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хуулинд заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Д.Батмөнх нь  2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл нийт 37 хоног цагдан хоригдсон тул уг хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

-1 дүгээр заалтыг “Шүүгдэгч Харганыхан овгийн Даваагийн Батмөнхийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

-2 дугаар заалтыг 2015 оны шинэчлэн найруулсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Батмөнхөд 1 жил, 10 хоногийн хорих ял шийтгэсүгэй.” гэж,

-3 дугаар заалтыг 2015 оны шинэчлэн найруулсан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3-д заасныг баримтлан Д.Батмөнхөд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад зүйл заалтыг хэвээр үлдээж, өмгөөлөгч Д.Дамдинсүрэнгийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Батмөнхийн давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл цагдан хоригдсон 37 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2, 3-т зааснаар шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ  Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй.