| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2438000000078 |
| Дугаар | 2025/ХШТ/04 |
| Огноо | 2025-01-02 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 01 сарын 02 өдөр
Дугаар 2025/ХШТ/04
А.Д-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, түүний өмгөөлөгч Д.Буяндалай, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, Б.Манлайбаяр, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж,
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоол, **** аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ДШМ/55 дугаар магадлалтай, А.Д-д холбогдох **** дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гаргасан гомдлоор 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
А.Д, 1993 оны 07 дугаар сарын 19-ний өдөр **** аймгийн **** суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, боловсролгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт **** аймгийн *** сумын *** дүгээр баг, *** тоотод оршин суух бүртгэлтэй,
урьд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тэнсэж хянан харгалзсан,
**** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар,
**** аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 155 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, РД: ****,
Шүүгдэгч А.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 02 дугаар сарын 17-ны орой **** аймгийн **** сумын **** дугаар багийн **** тоотод Э.Б-той “илүү гарсан мөнгөөр архи авсангүй” гэж маргалдан, толгой, хөл, хэсэг рүү нь цохиж, тархинд битүү гэмтэл болон зүүн нүдний дээд, доод зовхинд цус хурсан, доод зовхинд шарх, зүүн нүдний салстад цус хуралт, хоолойд зулгаралт бүхий гэмтэл учруулсны улмаас амь хохирогч Э.Б 2024 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 06-07 цагийн орчим амь нас нь хохирсон гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Д-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, цагдан хоригдсон 128 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д зааснаар оршуулгын зардалтай холбоотой 12,738,542 төгрөг, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 115,500,000 төгрөг, нийт 128,238,542 төгрөгийг шүүгдэгч А.Д-ээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 2,388,067 төгрөгийн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг эс зөвшөөрч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна. Шийтгэх тогтоол, магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн улмаас А.Д-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон бөгөөд хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой байх тул гомдол гаргах үндэслэл болж байна. Магадлалын тодорхойлох хэсэгт “...Шүүх нотлох баримтын хүрэлцээтэй байдал бүрдсэн үед хэргийг хэлэлцэж, нотлох баримтын хангалттай байдалд үндэслэн хэргийн нөхцөл байдлыг тал бүрээс нь бүрэн тогтоох нь түүнийг шүүхээр бодитой, үнэн зөв хянан шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлдэг...” гэж тайлбарласан боловч яг ямар үйл баримт А.Д-г хүний амь нас хохироосон гэдгийг шууд нотолж байгаа нь ойлгомжгүй, тодорхойгүй байгааг хоёр шатны шүүх анзаараагүй. Тус хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүх нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзэх үүргээ хангалтгүй биелүүлснээс А.Д-ийн эрх зүйн байдалд хохирол бүхий шийдвэр гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг нь мөрдөгч, прокурорт байдаг ч энэхүү үүргээ биелүүлээгүй.
Гэмт хэргийн сэдэлт, зорилго тогтоогдоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлохыг хуульчилсан. Харин А.Д-д “илүү гарсан мөнгөөр архи авах” эрэлт хэрэгцээ, ашиг сонирхол байсан эсэхийг нягтлан үзэхэд хэрэгт авагдсан нотлох баримтууд үгүйсгэж, няцаагддаг. А.Д-д “амь хохирогч Э.Б-ыг алж, мөнгийг нь авч архи ууя” гэсэн санаа зорилго огт байгаагүй болох нь гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогддог. Хэн нь ч энэ талаар мэдүүлэгтээ дурдаж, эх сурвалжийг зааж чаддаггүй.
Маргаан гарах болсон шалтгааныг тодруулахын тулд амь хохирогчийн гар утсан дээр хадгалагдаж байсан гэх дансны мэдээлэлд ач холбогдол өгөх ёстой бөгөөд мөн тус дансны орлого, зарлагын цаг хугацааг нарийн тодорхой тогтоогоогүйгээс гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн эсэх нь тодорхойгүй хэвээр байна. Тодруулбал, талийгаачтай 2024 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн орой чухам хэн, хэдэн цагт маргалдаж, амь хохирогчийг цохих болсон гэдэг нь одоо ч эргэлзээтэй хэвээр байна. Тийм ч учраас яллах дүгнэлтэд цаг хугацааг нарийвчлан тодорхойлж бичээгүй. Нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх журам зөрчигдсөн. Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг хадгалж буй талийгаачийн гар утас хаана байгаа эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа огт хийгдээгүй. Энэ гар утас хэргийн газар үзлэг хийхэд байсан юм уу, эсхүл амь хохирогчийн хувцсанд үзлэг хийхэд гарч ирсэн юм уу, гар утасны талаар яагаад нэг ч гэрчээс мэдүүлэг аваагүй юм бэ гэх зэрэг эргэлзээтэй асуудлуудад мөрдөгч, прокурор, шүүгчийн хэн нь ч ач холбогдол өгсөнгүй. Энэ “гар утсыг хэн авсан юм бэ” гэдэг ч одоог хүртэл асуулт хэвээр үлдсэн.
Угтаа хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий үйл баримтыг цуглуулж, хэргийн бодит байдлыг тогтоох талаар хуульд заасан арга хэмжээг авах үүрэг нь мөрдөгч, прокурорт бий. Гэвч хуульд заасан хийх ёстой ажлаа хийгээгүйгээс шалтгаалан мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдэж, одоог хүртэл А.Д-г тус хэргийг үйлдсэн талаар хангалттай баримтгүй, эргэлзээ бүхий байдал байсаар байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “Шүүх хавтаст хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ.” гэж заасан бөгөөд гэрч Д.Ж-ийн мэдүүлэгт “...Д нь Б-ыг хавирч газарт унагаагаад ...толгой хэсэг рүү нь нэг удаа өшиглөх шиг болсон...” гэж, гэрч Ц.Н-н мэдүүлэгт “...Би бол тухайн үед өшиглөсөн гэдгийг нь хараагүй...” гэж, гэрч Л.Н-ы мэдүүлэгт “...Намайг унтаад сэрэхэд л бүх зүйл болоод дууссан байсан... толгой тархи руу нь өшиглөсөн гэж надад бол хэлээгүй...” гэж, гэрч Н.Б-ын мэдүүлэгт “...Би унтаагүй мөртөө болж байгаа үйл явдлыг мэдэхгүй тасарчихсан байсан...” гэж тус тус хэргийн бодит үнэний талаар хууль сануулж авсан, гэрчийн мэдүүлэгтээ тус тус дурдсан байдаг.
Дээрх нөхцөл байдалд үндэслэн дүгнэлт хийхэд А.Д-г талийгаачийн эрүүл мэндэд, амь насанд аюултай хохирол учруулах үйлдэл буюу толгой руу нь өшиглөж гэмтээсэн гэдгийг хэн ч нотлоогүй, эх сурвалж болгон шууд нэрлэн заагаагүй юм. Уг эргэлзээтэй байдлыг тодруулахаар гэрчүүдийг шүүх хуралдаанд оролцуулж, мэдүүлэг авсан боловч өөр, өөрсдийн мэдүүлгийг үгүйсгэсэн, няцаасан, зөрүү бүхий мэдүүлгүүдийг дахин өгч, эргэлзээ огт тайлагдаагүй юм. Шүүх хуралдааны тэмдэглэлд энэ талаар тодорхой тусгагдсан бөгөөд өмгөөлөгчдийн зүгээс “...яагаад зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа...” талаар гэрч тус бүрээс тодруулан асуусан байдаг. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт гэрч нар мэдүүлэхдээ “...талийгаачийн цээж нь зурагт руу, хөл нь пийшин рүү харсан байрлалтай байсан...” талаар хэлдэг.
Уг нөхцөл байдлыг тодруулж гэрч Ц.Н шүүх хуралдаанд “...намайг унтахад талийгаачийн толгой дээшээ харж байсан дахиад сэрээд харахад талийгаачийн толгой доошоо харчихсан байсан...” гэж мэдүүлдэг. Энэхүү мэдүүлгийг **** аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 35 дугаартай дүгнэлттэй холбон тайлбарлахад “...талийгаачийг тархины битүү гэмтэл авсны улмаас төвийн даралттай зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан...” гэх оношийг тавьж, энэхүү нөхцөл байдлын талаар шинжээч эмч мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ “...богино хугацаа гэдэг нь 5-10 минут...” байж болохыг тодорхойлж, “...уг хугацаанд тухайн эрүүл мэндээрээ хохирсон этгээд ёолохоос өөр үйлдэл гаргах боломжгүй...” гэж тайлбарласан байдаг. Гэтэл талийгаачтай хамгийн сүүлд хамт байж, түүнийг орхин явах үед амь хохирогч Э.Б нь “найз нь явахгүй, эндээ унтаад үлдлээ...” гэж тайлбарласан болохыг гэрчийн мэдүүлэгт тодорхой дурдсан байдаг.
Дээрх цаг хугацааг дүгнэн, үнэлэлт өгөхөд А.Д-ийн буруутай үйлдлийн улмаас талийгаач нас барсан болох нь тогтоогдохгүй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад талийгаачийн хувцсанд үзлэг хийсэн байдаг ба 7 төрлийн хувцас хурааж авсан талаар тэмдэглэл үйлдсэн. Тухайн тэмдэглэлд “...ямар нэгэн урагдал гэмтэл байхгүй” талаар бичсэн боловч ямар нэгэн зүйлээр бохирлогдсон байсан талаар бичигдээгүй учир талийгаачийн хувцсанд дахин үзлэг хийх шаардлагатай гэж үзэж байна. Түүнчлэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг нойлын цаасан дээр байгаа цусыг “талийгаачийн цус” гэж үзэх нь өрөөсгөл ойлголт юм. Өөрөөр хэлбэл, гэрч Д.Ж-ийн мэдүүлэгт авагдсан “...А.Д, н.Б хоёр маргалдаад А.Д-ийн хамраас цус гарсан, уг цусыг нь 00 цаасаар тогтоосон...” талаар мэдүүлдэг. Тэгвэл энэ цус нь “хэний цус юм бэ, хохирогчийн цус юм уу, эсхүл шүүгдэгчийн цус юм уу, эсхүл өөр хэн нэгний цус юм уу” энэ ач холбогдол бүхий, сэжигтэй эргэлзээтэй нотлох баримтыг эцэслэн шалгаж, шинжээчийн дүгнэлт гаргахгүйгээр А.Д-г хүн алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нь өрөөсгөл юм.
Мөн талийгаач, шүүгдэгч хоёрыг зодолдсоноос хойш өөр хүмүүс хоорондоо зодолдсон талаар шалгаж тогтоох нь хэрэгт ач холбогдолтой гэж үзэж байна. Тухайн өдөр уусан гэх архины шилэн дээрх хурууны хээг шалгах шаардлагатай юм. Учир нь дан ганц “А.Д-ийн хурууны хээ байгаад байгаа юм уу, эсхүл өөр тэнд байсан хүмүүсийн хурууны хээ байгаа эсэх, эсхүл тэнд сүүлд очсон хэн нэгэн хүний хурууны хээ ч гэсэн тухайн архины шилнээс илэрч магадгүй” гэж үзэж байна. Иймд хэрэгт авагдсан баримтын хэмжээнд А.Д-г тухайлсан зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх хангалтай нотлох баримт бүрдээгүй байгааг анхааран үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, А.Д-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэмт хэргийн сэдэлт зорилго тогтоогдоогүй, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх хэд хэдэн журам зөрчигдөж, хэргийг шийдвэрлэхдээ яллах дүгнэлтийн хүрээнд шийдвэрлэсэн. А.Д амь хохирогчийн илүү мөнгөөр архи авч уух хэрэгцээ шаардлага байсан уу, энэ хэрэгцээ шаардлагаа биелүүлэхийн тулд түүнийг алъя гэсэн зорилго байсан уу гэдгийг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоож чадаагүй. Гэрчийн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байдаг бөгөөд энэ зөрүүг арилгах зорилгоор шинжээчээс болон гэрчүүдээс шүүх хуралдаанд дуудаж асуусан ч хэрэгт авагдсан мэдүүлгүүдээсээ зөрүүтэй мэдүүлэг өгдөг ба өмнө нь яригдаж байгаагүй зүйлс ч яригддаг.
Гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдсэн болох нь тодорхойгүй байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийн талаар нотолбол зохих байдал зайлшгүй байх ёстой. Энэ асуудлыг тодруулахын тулд гэмт хэргийн сэдэлт, зорилго болоод байгаа мөнгөний асуудлыг тодруулахын тулд амь хохирогчийн орлого, зарлагын хөдөлгөөн ямар байдлаар хийгдсэн. Энэ зарлага хэдэн цаг, хэдэн минутад хийгдсэн юм. Тухайн өдрийн өглөө юм уу, орой нь юм уу, маргааш нь хийгдээд байгаа юм уу, хэдэн цагт хийгдээд байгаа гэдгээс шалтгаалаад энэ хэрэг маргаан хэдэн цагт бий болсон бэ, хүний амь нас хэзээ хохирох болсон юм бэ гэх зэрэг зүйлс тодорхой болох ёстой.
Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчигдсөн ба гар утсыг анх хараад чамд 1 сая төгрөг байна шүү гэж ярьсан гэдэг ч гар утас хаана байгаа нь одоо болтол тодорхойгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт “шүүх хэргийн материалд тусгагдсан мэдүүлгийг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй харьцуулан шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох эсэхийг шийдвэрлэнэ” гэж заасан. Гэрч Ц.Н, Л.Н, Н.Б, Д.Ж нарын хамгийн анх өгсөн мэдүүлэгт А.Д-г хүний амь насыг хохироосон гэдгийг нотолсон, тодорхой мэдүүлсэн гэрч байхгүй. Гэрч Д.Ж “...толгой руу нэг удаа өшиглөх шиг болсон” гэдэг. Болсон гэдэг нь сайн хараагүй, эргэлзэж байгаа зүйлээ хэлж байгаа юм. Ц.Н “...би тухайн үед өшиглөсөн гэдгийг хараагүй”, Л.Н “...намайг унтаад сэрэхэд бүх зүйл болоод дууссан байсан, толгой, тархи руу нь өшиглөсөн гэж надад хэн ч хэлээгүй”, гэрч Н.Б “...би унтаагүй ч болж байгаа зүйлийг мэдэхгүй тасарчихсан байсан” гэж мэдүүлдэг ч дараа дараагийн мэдүүлгүүд нь өөрчлөгдсөн. Н.Б-ын явсан маршрут тодорхойгүй гэх асуудлыг шүүх хуралдаанд ярихаар мэдүүлэгтэй бид нар тухайн үед дахиж уулзаад архи уусан юм гэдэг. Талийгаачийн байрлаж байгаа газар очсон байхыг үгүйсгэхгүй.
Мөн гэрч Ц.Н болон бусад гэрч нар талийгаачийн цээж зурагт руу, хөл нь пийшин рүү харсан байдалтай байсан гэж мэдүүлдэг. Гэтэл гэрч Ц.Н шүүх хуралдаанд “...намайг унтахад талийгаачийн толгой дээшээ харчихсан байсан, дахиад сэрээд харахад доошоо харчихсан байсан” гэж мэдүүлсэн. Үүнийг хэн нэгэн хөдөлгөөд байршлыг нь өөрчлөөд байгаа юм уу, эсхүл амь хохирогч өөрөө хөдөлгөөн хийгээд байрлалаа өөрчилсөн юм уу гэдэг нь эргэлзээтэй байна. Энэ асуудлаас гадна талийгаачийн хувцсанд үзлэг хийж, 7 ширхэг хувцсыг хурааж авсан. Үүнд ямар нэгэн урагдсан, гэмтсэн зүйл байхгүй байна гэж тэмдэглэсэн. Гэтэл энэ хувцас нь ямар нэгэн зүйлд бохирлогдсон эсэх асуудлыг тусгаагүй. А.Д бусадтай зодолдож, хамраас цус гарч, Н.Б А.Д-тэй маргалдсан. А.Д-ийн хамрын цусыг нойлын цаасаар тогтоосон. Талийгаач, амь хохирогч Э.Б-ыг бөөлжис дээрээ хөрвөөгөөд байхаар нь холдуулсан гэдэг. Хувцас дээр нь байх ёстой цус, бөөлжисний толбыг тодруулах ёстой байсан. Гэтэл энэ асуудлыг хэн ч шалгаж тогтоогоогүй эргэлзээтэй хэвээр үлдсэн.
Эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг нойлын цаасанд бохирлогдсон цусыг талийгаач амь хохирогч Э.Б-ын цус гэж таамаг байдлаар улсын яллагч анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарлаж мэтгэлцдэг. Энэ зөвхөн улсын яллагчийн амаар тайлбарлаж байгаа болохоос биш хэний цус гэдгийг тогтоосон зүйл байхгүй. Гуравдагч этгээдийн цус байхыг ч үгүйсгэхгүй. Мөн архины шилэн дээрх хурууны хээг шалгах үндэслэлтэй. Энэ архийг энэ газар хэн, хэн уусан юм, энэ талаар гэрчүүд тодорхой мэдүүлээгүй, асуудлыг ярихгүй байна. А.Д аль хэдийн гараад явсан. Эдгээрээс гадна өөр хүн ирээд архи уусан байхыг үгүйсгэхгүй. Үүнийг архи уусан хүмүүсийн хурууны хээг архины шилнээс тодруулах боломжтой байсан. Эдгээрийг шалгаагүйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн нь А.Д-ийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргах үндэслэл болж байна.
Эрүүгийн хэрэгтэй холбоотой бүхий л нотлох баримтыг шалгасан боловч тухайн этгээдийн гэм буруутайд эргэлзээтэй нөхцөл байдал үүсвэл тухайн этгээдэд ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан зарчим байгаа. Хэргийн бодит байдлыг мөрдөгч, прокурор тогтоогоогүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байгаа тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэж, гомдлыг хангаж өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор энэхүү гомдлыг гаргаж байгаа. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг бурууг тайлбарлаж хэрэглэсэн. Шүүхүүдийн хоорондын хууль хэрэглээний зөрүүг арилгах хэрэгцээ шаардлага бий болоод байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3, 16.15 дугаар зүйлийн 3, 1.4 дүгээр зүйлийн 1.25, 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан үндэслэлүүдийг хэрэглэхдээ тухайн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн гэрчийн мэдүүлэг, шинжээч эмчийн тайлбар зэргийг үнэлж дүгнэж шалгахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхүүд гэрчийн мэдүүлгийн эх сурвалжийг огт магадлахгүй байна. Харьцуулан шинжлэн судалсангүй, бусад нотлох баримттай огт харьцуулж дүгнэлт хийгээгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтыг хэрэгт ач холбогдолтой гэж хурааж авсан атлаа шинжилгээ огт хийгээгүй. Яг ямар ач холбогдолтой гэж хурааж аваад байгаа юм. Энэ бүрэн бус хийгдсэн ажиллагаанд анхан болон давж заалдах шатны шүүх дүгнэлт хийгээгүй. А.Д намайг 17-ны орой 7-8 цагийн үед тухайн маргаан үүсээд гарч явснаас хойш өглөө 5-6 цаг хүртэлх хугацаанд тухайн гэрт амь хохирогч биедээ үхэлд хүргэх гэмтлийг авсан юм биш биз дээ. Ийм нөхцөл байдлыг шалгуулж тогтоолгох хүсэлтийг мөрдөн байцаалт, прокурор, анхан шатны урьдчилсан хэлэлцүүлэгт удаа дараа гаргасан боловч эдгээр нөхцөл байдлуудыг шалгаж тогтоох шаардлагагүй, хангалтай үндэслэл бүрдсэн байна, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна гэж үзсэн.
Шинжээчийн дүгнэлтийг тайлбарласан шинжээч эмч М.Батмөнхийн тайлбарт “...ийм үед хөдөлгөөнгүй байсан толгой руу хөдөлгөөнтэй инерцээр буюу өшиглөх үед эсхүл юмаар цохих үед тухайн гэмтэл үүсгэгдэнэ” гэж мэдүүлдэг. Амь хохирогчийн тархийг хөдөлгөөнгүй байхад энэ гэмтэл үүсгэгдсэн гэж тайлбарладаг. Хөдөлгөөнгүй байсан гэдгээс дүгнэхэд А.Д-ийн нүүрэн тус газар цохисон гэмтэл нь тухайн хохирогчийг үхэлд хүргэсэн хүнд гэмтэл буюу тархины зүүн чамархай хэсгийн цусан хураа бүхий гэмтэлд нь хамааралгүй байна гэж дүгнэсэн. Эдгээр нөхцөл байдлаас болоод эргэлзээтэй нөхцөл байдал бий болгож байна. Өөрөөр хэлбэл амь хохирогч унтаж байх хооронд өөр этгээд орж ирж амь насыг хохироох үйлдэл, эс үйлдэхүйг хийсэн юм биш биз дээ гэдэг эргэлзээ үндэслэлийг бий болгож байгаа. Амь хохирогчийн утасны гүйлгээ, дансанд хөдөлгөөн илэрсэн эсэхийг тогтоож өгөхийг хүссэн. Тийм учраас хууль хэрэглээний зөрүүг арилгах үүднээс шүүх бүрэлдэхүүн анхаарч гомдлыг хүлээн авч өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Буяндалай шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гэмт хэргийн сэдэлт тодорхой ба ялихгүй зүйлээс буюу илүү гарсан мөнгөөр архи аваагүй гэдэг танхайн сэдэлттэй хүн амины хэрэг юм. Амь хохирогч нь хэрэг гарахын өмнө ямар нэгэн гэмтэлгүй байсан. Тухайн орой шүүгдэгч А.Д-тэй маргалдаж, А.Д-ийн халдлагад өртсөнөөс хойш ямар нэгэн хүнтэй харилцаа үүсгээгүй гэдэг нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Хохирогчийн амь нас хохирсон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа учраас ямар нэгэн маргах зүйл байхгүй. Тухайн хэрэг гарсан өдөр А.Д-ээс өөр хүн талийгаачид халдаагүй.
Мөн талийгаачийг хамгийн сүүлд хэвтэж үлдээд ямар нэгэн хөдөлгөөн хийгээгүй хурхирч байсан гэдэг. Шинжээч эмчийн тайлбарлаж байгаагаар тархины гэмтэл авсан хүн хурхираад байдаг гэсэн. Ингэж хурхираад үлдсэн гэдгийг А.Д өөрөө ч мэдүүлсэн, мөн шүүх хуралдааны үед ч мэдүүлсэн. Тухайн үед хамт хоносон гэрч Ц.Н гэх хүн тодорхой хэлдэг. Харин өшиглөсөн, өшиглөөгүй гэх асуудал шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар өшиглөөгүй гэж ярьдаг. Гэрч Д.Ж тухайн үед хамгийн бага хэмжээний согтолттой байсан ба тухайн хүмүүстэй дотно найз нөхдийн харилцаатай биш хэн алинаас нь хамаарал багатай хүн юм. Энэ гэрч хоёр удаагийн мэдүүлэгтээ маш тодорхой хэлсэн байдаг. Н.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ тодруулж өгөөд явсан. Түүнээс шүүх хуралдааны шатанд мэдүүлгээ өөрчилсөн зүйл байхгүй. Нотлох баримт бэхжүүлэх, цуглуулах журам зөрчигдсөн гээд байгаа тухайд гар утсанд үзлэг хийгээгүй, архины шилнээс хурууны хээ аваагүй, нойлын цаасанд шинжилгээ хийгээгүй гэдэг асуудлууд яригддаг. Хохирогчийн гар утсанд мөнгө байгаа, байхгүй гэдэгт маргаан үүссэн болохоос биш мөнгө захиран зарцуулах ч юм уу, мөнгийг өөртөө авах зорилгоор булаацалдсан гэх сэдэлт, гэмт санаа зорилго яригддаггүй учраас хэрэгт ач холбогдолгүй, шүүхээс нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлага байхгүй.
Мөн архины шилэнд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн хурууны хээ байна гэсэн ямар үндэслэл байгаа юм. Ямар ч хүний хурууны хээ байхыг үгүйсгэхгүй. Энэ бол онцгой ач холбогдолтой шууд нотлох баримт гэж үзэхгүй, шаардлагагүй ба хоёр шатны шүүх ч энэ талаас дүгнэсэн. Миний зүгээс ч хэрэгт ач холбогдолтой асуудал биш хамгийн гол нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм бурууг хангалттай хүрэлцэхүйц нотлохоор байна гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Шинжээчийн дүгнэлт болон гэрч нарын мэдүүлгээр А.Д нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч А.Д-г хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд, анхан шатны шүүх хуралдаанд дуудагдаж мэдүүлэг өгсөн гэрч нарын мэдүүлгээр амь хохирогч шүүгдэгчид зодуулж, цохиулсан цагаас хойш босож ирээгүй, унтаж байгаа мэт байсаар хэрэг болсны маргааш өглөө нас барсан, тухайн хэрэг явдал болохын өмнө болон дараах хугацаанд өөр хэн нэгэн түүний биед халдаж зодож, цохисон нөхцөл байдал тогтоогдоогүй зэргээр амь хохирогчийг үхэлд хүргэсэн тархины битүү гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой, шүүгдэгч нь шууд бус санаатай хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн нь батлагдсан байна.
Хоёр шатны шүүх Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, шүүхээс шүүгдэгч А.Д-г 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм буруу болон хувийн байдалд нь тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн байна. Мөн анхан шатны шүүх иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ оршуулгын зардлаас гадна Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасны дагуу буюу амь хохирогчийн насыг хүн амын дундаж наслалттай харьцуулан зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлж сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоон шүүгдэгчээс гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч буюу төрсөн эхэд нь олгуулахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгч А.Д-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Д-г хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргалын гомдлыг үндэслэн хянаад шийтгэх тогтоолыг хэвээр үлдээжээ.
2. Энэ хэргийн шүүгдэгч А.Д-д холбогдох үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалган тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3. Хоёр шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч А.Д-г хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг үндэслэлтэй тайлбарлан дүгнэж, хуулийг зөв хэрэглэжээ.
Тодруулбал, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэснээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн хууль ёсны зарчимд нийцэх учиртай.
Гэмт хэрэг нь хүний идэвхтэй, идэвхгүй зан үйлээр дамжин илэрдэг төдийгүй хор уршигт сэтгэл зүйн хувьд хэрхэн хандсан буюу ямар хүсэл, зорилго, сэдэлтийг удирдлага болгон хийснийг илтгэн харуулдаг онцлогтой бөгөөд энэ хүрээнд гэмт үйлдлийн төрөл, аргыг зөв тодорхойлон хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт хэргүүдийг ялган зүйлчлэх зэргийг шийдвэрлэхэд нөлөө үзүүлдэг чухал ач холбогдолтой болно.
4. Хоёр шатны шүүхийн шийдвэрт дурдсан шүүгдэгч, хохирогч нарын дунд маргаан болсон, А.Д Э.Б-ын толгой, хөл рүү цохисныг гэрчилсэн гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч А.Д-ийн “...О цохих гэхээр нь би сандарсандаа босоод урдаас нь баруун гараараа нэг удаа цохиход хойшоогоо бөгсөөрөө суугаад унасан. Тэгээд харахад зүүн нүд нь тэр дороо аймар илт хөхөрчихсөн байсан. О надад цохиулснаасаа хойш хойморт байдаг ширдэг дээр нь хэвтээд байсан босож ирэхгүй хэвтээд байсан, надад цохиулахаас өмнө бол зүгээр байсан, намайг байхад О тэгж хэвтээд өөр хүнтэй маргалдаагүй...” гэсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байна.
5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын “...А.Д-г тус хэргийг үйлдсэн гэх хангалттай баримтгүй, нотлох баримт бүрдээгүй, эргэлзээ бүхий байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах” гэх агуулга бүхий гомдлыг хяналтын шатны шүүхэд гаргажээ.
Тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүгдийг шалгасан боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзэхүйц буюу шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий аливаа эргэлзээг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримталдаг билээ.
Энэхүү зарчим нь шүүгдэгчийн гэм буруу хөдөлбөргүй тогтоогдоогүй бол таамаглалд үндэслэж гэм буруутай гэж үзэж болохгүй буюу шүүгдэгчийг таамаглалд суурилж хэлмэгдүүлэхээс хамгаалах, Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан шударга шүүхээр шүүлгэх эрхийн баталгаа болдог онцлогтой бөгөөд эдгээр хамгаалалт, зарчим Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагджээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч А.Д-г хохирогч Э.Б-ыг зодож санаатай алсан үйл баримтыг тогтоож, гэм буруутайд тооцсон хоёр шатны шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын гомдолд дурдсанчлан хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
6. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг ерөнхий зарчмын хүрээнд бус тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Хоёр шатны шүүх шүүгдэгч А.Д-д хуульд заасан хэмжээнд хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэгт тохирсон гэж үзлээ.
7. Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус хохирлыг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хяналтын шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болов.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг, гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэх ерөнхий болон тусгай хууль, дүрэм, журмаар хамгаалах ашиг сонирхлын хүрээ буюу ямар төрлийн хохирлыг нөхөн төлүүлэх, түүнийг үнэлэхээс хамаарч тусгай мэдлэгийн хүрээнд шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай байдаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй гэж баталгаажуулан заасан байна.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, үүнтэй холбоотой бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулжээ.
Энэ хүрээнд Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсгийг “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж өөрчлөн найруулж, мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.5 дахь хэсэгт “Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй” гэсэн нэмэлт өөрчлөлт орсноор хүнийг алах гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорын нэхэмжлэлийг хянан шийдвэрлэх эрх зүйн орчин бүрджээ.
Сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой хууль тогтоомжийг судалж үзэхэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулсан байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.8, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд шинжилгээний байгууллага гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан болно.
Үүнээс гадна Хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний 2023 оны 07 дугаар зүйлийн 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тусгайлан заасан таван төрлийн гэмт хэргээс бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтоох талаар мөн журмын 2.2-т тодорхой тусгагдсан байна.
Хоёр шатны шүүх дээрх хууль, журамд зааснаар шинжилгээ хийхгүйгээр амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-д гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохирол 115,500,000 төгрөгийн нөхөн төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
8. Иймд шийтгэх тогтоол, магадлалд зохих өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 2024/ШЦТ/264 дүгээр шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Д-ээс оршуулгын зардалтай холбоотой 12,738,542 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,388,067 төгрөг болон гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай...” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ С.БАТДЭЛГЭР
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ