Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 525

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, иргэн Н.О-Эийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдох захиргааны хэргийг 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Н.О-Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дүгээр заалтыг зөрчиж иргэдийн Нийтийг хуралдуулсан болохыг тогтоолгох, уг иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай,

 Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Д.Э , .. дугаар хорооны Засаг даргыг үүрэг гүйцэтгэгч Ц.О нар нь 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хорооны иргэдийн Нийтийн Хурлын нууцаар .. дугаар сургуулийн 106 дугаар номерийн өрөөнд хууль бусаар хийсэн гэдгийг тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б аас мэдсэн. Иргэн миний шударга өрсөлдөх эрхийг хааж боогдуулж, хорооны иргэдийн шудрагаар өрсөлдөх эрхийг хязгаарласан. Хорооны Иргэдийн Хурал нь иргэдийг төлөөлж ажиллах байгууллага байтал иргэдийн хурлыг нууцаар хуралдуулж иргэн бидний эрх ашгийг зөрчиж байна. Энэ хууль бус хурлыг гэрчлэх гэрч нь тухайн үеийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б мөн иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч С.Т нар гэрчлэх юм. 

Тус .. дугаар хорооны иргэний тэнхим байдаг ба иргэдийн Нийтийн Хурал хийх бүрэн боломжтой гэтэл ямар ч хурлын бэлтгэл ажлыг хангаагүй жижиг ангид хуралдсан гэдгийг иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б аас мэдсэн. 

Энэ хурлаас өмнө 2016 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хуучин хороон дарга А.Э гэгч нь зөвхөн ******* намын гишүүдийг цуглуулан бусад иргэдэд зар мэдээ хүргэлгүйгээр хууль бусаар хуралдах гэж байсныг таслан зогсоож байсан юм. 

Хорооны иргэдийн Нийтийн Хурлыг 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хуралдуулахаар тус хорооны иргэдийн Нийтийн Хурлын дарга Б.Б тэргүүлэгч С.Т нар тов гаргасан байсан. Бид 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр иргэдийн Нийтийн хуралтай гэж бодож байсан боловч 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр .. дугаар хорооны бүх орцнуудын үүдэнд Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газраас мөн Баянгол дүүргийн иргэдийн Нийтийн Хурлаас энэхүү мэдэгдлийг наасан байсан болно. Мэдэгдлүүдийг материалуудтай хавсаргасан болно. 

Иргэн миний үндсэн хуулиар олгогдсон “Монгол улсын иргэн бүр сонгох сонгогдох эрхтэй” гэсэн эрхийг маань хаан боогдуулсан тул .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Д.Э т хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэжээ. 

Нэхэмжлэгчээс 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тодруулгадаа: Нэхэмжлэгч Н.О-Э нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “.. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 01, 04, 05, 07 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон хурлыг хүчингүй болгож хурлыг дахин хуралдуулах шийдвэр гаргуулах” 

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хууль бус үйл ажиллагаа дахин явагдаад байсан учраас шүүхэд хандсан. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр .. дугаар сургуулийн 106 тоот өрөөнд хурал хийсэн гэж хүмүүс яриад байгаа боловч би хурлыг хийгээгүй гэж үзэж байгаа. 16 цаг 30 минутад хүмүүсийг цуглуулж 17 цаг 00 минутад иргэдийн Нийтийн Хурлын дарга н.Б , иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч н.Т , иргэдийн Нийтийн Хурлын нарийн бичгийн дарга н.Ж нарыг очиход нь шууд тарсан. Өчигдөр шүүх хуралдаанд гэрчээр дуудаж асуусан хүмүүсээс сонсоход зарим нь зааланд хурал хийсэн, зарим нь ангид хурал хийсэн гэж мэдүүлдэг. Яг хэдэн цагаас очсон бэ гэхэд цагийг нь мэдэхгүй байсан. Мөн орцны үүднээс зарыг харсан гэх боловч хороонд ажилладаг хамт амьдардаг хүмүүс нь мэдээлэл өгсөн байсан. Хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч, хорооны хэсгийн ахлагчаар ажиллаж байсан хүмүүсээр мэдээлэл хүргүүлж, хүмүүсийг цуглуулж иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгч н.Э хууль бус хурлыг удирдсан гэж байгаа. н.Э мэдүүлэг өгөхдөө 28-ны өдөр хуралдсан хурлын шийдвэрүүд дээр тамга, тэмдэг дараагүй гэсэн. Хэн дарсан бэ гэж асуухад мэдэхгүй гэсэн. Тэгэхээр энэ бичиг баримтыг хууль бусаар үйлдсэн гэж үзэж байна. Учир нь 28-ны өдөр иргэдийн Нийтийн Хурлын тамга, тэмдэг нь Хурлын дарга н.Б д байсан. 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр өрөөндөө орох гэхэд нь хаалганых нь цоожийг нь эвдэж ороод сольсон байсан. Тухайн үеийн хорооны Засаг даргын үүрэг гүйцэтгэгч н.О ээс “миний өрөөг яагаад ингэв” гэж асуугаад ороод шалгахад нь тамга, тэмдгийг нь авсан байсан. Өөрөөр хэлбэл, тамга, тэмдгийг хууль бусаар хулгайлан авч энэ бичиг баримтыг бүрдүүлсэн гэж үзэж байна. Энэ нь хууль зөрчсөн ноцтой үйлдэл. Тэгэхээр энэ хурлын зохион байгуулах бичиг баримтыг хууль бусаар үйлдсэн нь хорооны Засаг даргаар ажиллаж байгаа н.О энэ бүхнийг гардан хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, эрх мэдлээ урвуулан ашиглаж, төр, засгийн эрхийг булааж авсан гэж үзэж байна. Тийм учраас иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас шүүхэд хандсан. Шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна.

Тухайн үед 48 хүний иргэний үнэмлэхийг хуулбарлаж авсан боловч яг 48 хүн уг хуралд ирээгүй. Эдгээр хүмүүсийн бичиг баримтыг зохион байгуулалттай хуулбарлаж авсан. Жишээ нь: .-. тоотод оршин суудаг хүн нь н.О . Харин өчигдөр ирсэн гэрчээр мэдүүлэг өгсөн эмэгтэй энэ хаяг дээр байна. Би н.О ийн дүү гэж бодож байна. Тухайн үед сайн анзаараагүй боловч өнгөрсөн шөнө гэртээ очоод ярьсан зүйлийг буцаан бодож байхад тэр гэрч Засаг дарга н.О ийн дүү байх магадлалтай байсан. Ерөнхийдөө энэ хүмүүс орцны үүднээс харсан гэж байгаа боловч орцны үүдээр зар тавигдаагүй. Хууль бус хурал хийх гэж завдаж байхад нь би өдөр бүр харж, тандаж байсан. 1 ч зар байхгүй байсан. Зарим шударга иргэд ******* намын үүрийн дарга н.О хүн өөрийн тойрон хүрээлсэн цөөн хүмүүст мэдээлэл өгөөд хурал хийхийг завдаж байна гэж надад мэдээлж байсан. Хаана хийх гэж байна гээд хороогоор эргэлдэж байсан боловч хорооны иргэний танхимаас зугтааж, өөр сургууль дээр хийхийг завдсан. Би хурал болоогүй гэж үзэж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлыг тус хурлын тэргүүлэгчид Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 07 дугаар тогтоол гаргаж 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хуралдуулахаар тов тогтоож, орон сууцны орц, зарлалын самбаруудаар хурлын тов зарыг тараасан болно. 

Ийнхүү зар тараасан нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4 дэх хэсгийг зөрчсөн зүйл байхгүй бөгөөд хуульд заасан “хуралдааныг тухайн Хурлын Тэргүүлэгчид хуралдаан эхлэхээс 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна” гэж заасан хэсэгтэй тохирч байгаа буюу 20 хоногийн өмнө хуралдааны тов тогтоосон болно. 

Энэхүү тогтоолын дагуу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь хэсэгт заасан “ .. хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутамаас нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасны дагуу Баянгол дүүргийн .. дугаар хороонд улсын бүртгэлээр бүртгэгдсэн 1064 өрх бүртгэлтэй бөгөөд 30 өрх тутамд 1 хүн буюу 35 /1064/30=35/ иргэн ирснээр хүчинтэй тооцогдох хуралд нийт 48 иргэн хуралд хүрэлцэн ирснээр хуульд заасан хүчинтэй ирцтэйгээр хуралдаан эхэлсэн байна.

Хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт зааснаар иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгч Д.Э нээж, Хуралдааны даргалагчид иргэн .-. тоотод оршин суух н.Ц нь Д.Э ийн нэрийг дэвшүүлж хуралдаанд оролцогчдын олонхийн санал авч хуралдааны даргаар сонгогдсон байна.

Хуралдаанаар иргэн ..-.. тоотод оршин суух н.Ж : ...-.. тоотод оршин суух М.Б , .-. тоотод оршин суух Г.Ц , .-. тоотод оршин суух Р.Н нарын нэрийг тооллогын комиссын гишүүнд нэр дэвшүүлж санал хурааж олонхийн саналаар тооллогын комисст сонгогдсон байна.

Хуралдаанаар иргэн .г-.. тоотод оршин суух Б.Я : ..-.. тоотод оршин суух Х.С г сонгох санал дэвшүүлж өөр санал гараагүй тул санал хураалтыг илээр явуулж 100 хувийн саналаар Х.С г иргэдийн Нийтийн Хурлын даргаар сонгогдож хурлыг цаашид удирдан явуулсан байна.

..а-. тоотын иргэн н.Т : Д.Э , н.С нарын нэрийг иргэн н.Б : Б гийн нэрийг иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчид нэрийг дэвшүүлж дээрх нэр дэвшигч тус бүрээр санал хураалт явуулахад Д.Э , н.С , н.Б нар нь 100 хувийн санал авч иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдээр сонгогдож иргэдийн Нийтийн Хурлын тогтоолоор баталсан байна.

Иргэдийн Нийтийн Хурлаас .. дугаар хорооны Засаг дарга Ц.О ийн нэрийг дэвшүүлж санал хураалт явуулахад хуралдаанд оролцогчдын 100 хувийн санал авч дүүргийн Засаг даргад уламжилахаар тогтоол гаргасан байна.

Дээрх тогтоолууд нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг зөрчсөн зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчид 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хуралдаад Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарлан хуралдуулахаар тов тогтоосон. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д заасан хуулийн хугацаа буюу бусад хуралдааныг 15-аас доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулна гэсэн хуулийн заалттай нийцэж байгаа юм. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “Баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэсэн заалтын дагуу Баянгол дүүргийн .. дугаар хороо нь 1064 өрхтэй бөгөөд үүнийг 30 хувааж 35 иргэн ирснээр хуулийн дагуу хүчинтэй ирцтэйгээр хуралдаж, иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн дарга, хорооны Засаг даргаа сонгож, томилох эрх бүхий этгээдээ томилуулах саналаа ирүүлсэн учир Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хурал нь хууль зүйн дагуу  явагдсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Нэхэмжлэгчийн тайлбарт дурдагдаж байгаа тамга, тэмдэгийн талаар нэхэмжлэлийн шаардлагад байхгүй. Өмнөх шүүх хуралдаанд тайлбаруудыг хийсэн. Нэхэмжлэгчийн сая ярьсантай холбогдуулж тайлбар хийе. Тухайн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Баг, хорооны Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 17.1.1-д “Хурлын хуралдааны дарга, Хурлын Тэргүүлэгчдийг сонгох, чөлөөлөх”, 17.1.2-т “баг, хорооны Засаг даргыг томилуулахаар нэр дэвшүүлэх, чөлөөлөх, огцруулах санал болон Засаг даргын огцрох тухай хүсэлтийг хүлээж авах эсэхтэй холбогдсон саналыг хэлэлцэн сум, дүүргийн Засаг даргад уламжлах” гэж заасан байгаа. Мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-д “баг, хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн баг, хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд багт 4 өрх тутмаас, хороо, аймгийн төвийн сумын багт 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно” гэж заасан. Энэ хуулийн дагуу тухайн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд 35 иргэн ирснээр хүчинтэй болох байдаг ч 38 иргэн ирснээр хүчин төгөлдөр болсон. н.Б , н.О-Эийн хүсэл зориг, санаачлагагүй иргэд өөрсдөө хуралдаад тогтоол, шийдвэрээ гаргадаг. Энэ хуулийн дагуу .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурал явагдсан тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.О-Ээс “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх заалтыг зөрчиж иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулсан болохыг тогтоолгох, уг иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн шийдвэрүүдийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээр Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /ххх 16-18/.

Нэхэмжлэгч Н.О-Э нь 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр “.. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 01, 04, 05, 07 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон хурлыг хүчингүй болгож хурлыг дахин хуралдуулах шийдвэр гаргуулах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан байна /ххх 166/.

Энэхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурдсан нэхэмжлэгчийн тайлбаруудаас дүгнэхэд: “зар тавигдаагүй нууцаар хурал зохион байгуулсан, хуралд оролцсон иргэд нь тус хороонд амьдардаггүй, хуралд 1 өрхөөс хэд хэдэн иргэд оролцсон учир 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлэсэн 01, 04, 05, 07 дугаар шийдвэрүүд хууль бус, мөн уг хурал нь хууль бус болсны улмаас нэхэмжлэгчийн шударга өрсөлдөх эрхийг зөрчсөн” гэж нэхэмжлэгчээс маргажээ.   

Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7 дугаар тогтоол /ххх 38/-оор бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсонтой холбогдуулан Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарлан хуралдуулахаар шийдвэрлэж, хуралдаанаар хэлэлцүүлэх асуудлыг тогтоожээ.

Энэхүү тогтоолын хуралдаан болох өдрийг дурдсан гараар дугаар тавьсан хэсгийг нэхэмжлэгч талаас “2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хурлын шийдвэрийг өмнө нь бэлдээд, иргэдийн хурлын дарга, тэргүүлэгчдийг дүүрэг дээр аваачиж байгаад, он сар тавилгүйгээр бичиг баримт бүрдүүлээд яг хурал хийхдээ он сар тавьсан гэж гэрч Б.Б мэдүүлсэн байдаг” гэж тайлбарлаж, мөн гэрч Б.Б аас “Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэд дарга н.Б урьдчилан шивсэн хурал хийх өдөр, цагийг бичээгүй онгорхой текстээ манай бланк дээр буулгаад гарын үсэг зур гэж зуруулаад аваад үлдсэн...” гэж мэдүүлжээ.

Гэвч энэхүү нөхцөл байдал нь гэрч Д.Э ийн “...гараар бичсэнийг ажиглаагүй, 12 дугаар сарын 08-ны өдрийн 7 дугаар тогтоолыг өмнө нь үйлдээд бланкан дээр зур гэж албадсан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /ххх 154-155/, гэрч Б.Б гийн “...12 сарын эхээр Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг биечлэн дуудаж уулзсан. Иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулах нь зүйтэй талаар мэдэгдэж байсан...Хурал товлон зарлах нь Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын өөрсдийн эрхийн асуудал. Бид оролцдоггүй,...” гэсэн мэдүүлэг /ххх 182-183/-ээр үгүйсгэгдэж байна. 

Мөн “зар тавигдаагүй, хурлыг нууцаар зохион байгуулсан” гэх нэхэмжлэгчийн тайлбар нь хурлын зарыг орцны үүдэн дээр тавьсаныг баримтжуулсан фото зургууд /ххх 93-101/, гэрч А.О ийн “...өмнө нь 12 дугаар сард хурал болох гэж байгаа гээд Д.Э надад зар өгсөн. Би өөрийн хариуцсан байруудад наасан...”, гэрч Ц.О ийн “...орцны үүдэнд байсан зарыг уншсан..., ...Иргэдийн Нийтийн Хурал .. дугаар сургууль дээр болно гэдэг зарыг уншсан” /ххх 149, 150/, гэрч Э.С гын “...орцны үүдэнд зар наасан байсан...”, гэрч Г.Ц “...орцны үүдэнд зарыг наасан байсан...”, гэрч Ж.Т ийн “...Орцны үүдэнд зар наасан байсан...” /ххх 225-227/ зэрэг мэдүүлгүүдээр үгүйсгэгдэж байна.

Харин эдгээр баримтуудаар “иргэдийн Нийтийн Хурал 2016 ны 12 дугаар сарын 28-ны өдрийн 16.00 цагт .. дугаар сургууль дээр хуралдах тул иргэд өргөнөөр оролцоно уу.” гэсэн зарлалыг орцны үүдэн дээр нааж зарыг хүргэсэн гэх хариуцагчийн тайлбар батлагдаж байна. 

Хавтас хэргийн 43-44 дүгээр хуудсанд байгаа хуралд оролцсон 48 иргэдийн хаягийн лавлагаа /ххх 230-231/-г Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсээс авахад 41 иргэд нь Баянгол дүүргийн .. дугаар хороонд хаягийн бүртгэлтэй гэдэг нь, түүнчлэн хүн амын өрхийн дэвтрийн бүртгэл /ххх 232-284/-ээр эдгээр иргэд мөн хаягт амьдардаг гэдэг нь нотлогдож байна. Энэ нөхцөл байдлаас нэхэмжлэгчийн “тус хороонд амьдардаггүй иргэд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуралд оролцсон”  гэх тайлбар няцаагдаж байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс “1 өрхөөс хэд хэдэн иргэд хуралд оролцсон” гэх тайлбарыг судлан үзэхэд 41 иргэнээс Баянгол дүүргийн .. дугаар хорооны . байрны . тоотоос Р.Н , Т.Э , Т.Э , .в байрны .. тоотоос Ж.Т , Э.С нар буюу 2 өрхөөс 5 иргэн уг хуралд оролцсон байна. Харин Баянгол дүүргийн .. дугаар хорооны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд тухайн хорооны хаягт бүртгэлтэй 38 өрхөөс 41 иргэд оролцсон гэдэг нь иргэдийн бүртгэлийн хуудас /ххх 43-44/,  гэрчүүдийн мэдүүлэг, өрхийн бүртгэлийн дэвтэр, Нийслэлийн Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 1177 тоот албан бичиг зэргээс тогтоогдож байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс шүүхэд ирүүлсэн флашин дээрх бичлэг нь хэн үйлдсэн, хэзээ үйлдсэн гэдэг нь тодорхойгүй, нэхэмжлэгчээс уг баримтын эх сурвалжийг заах үүргээ биелүүлээгүй баримт байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3, 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу уг баримтыг шүүхээс, нотлох баримтын хувьд үнэлээгүй гэдгийг дурдах нь зүйтэй. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т Анхдугаар хуралдааныг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчид зарлан хуралдуулахаар заажээ.

Маргаан бүхий тохиолдлын хувьд Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7 дугаар тогтоолыг бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж байгаа Хурлын Тэргүүлэгчдээс гаргасан байх бөгөөд уг тогтоолоор Анхдугаар хуралдааныг 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зарлан хуралдуулахаар товлож, үүний дараа иргэдэд зар хүргэсэн гэдэг нь маргааны үйл баримтаас тогтоогдож байна. 

Мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10-т “хорооны Хурлын хуралдаанд зөвхөн тухайн хорооны сонгуулийн насны иргэн бүр оролцож болох бөгөөд хуралдаанд хороонд 20-30 өрх тутмаас тус бүр нэг хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хүчинтэйд тооцно.” гэжээ. 

Баянгол дүүргийн .. дугаар хорооны 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн иргэдийн Нийтийн Хуралд 38 өрх оролцсон байгаа нь маргааны үйл баримтаас тогтоогдсоноос үзэхэд Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн хуралдааныг Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.10 дахь заалтад нийцсэн хүчинтэй гэж үзэхээр байна. 

Үүний учир энэхүү Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Тооллогын комисс, редакцын комисс сонгож, байгуулах тухай” 01 дүгээр тогтоол, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын даргыг сонгож батлах тухай” 04 дүгээр тогтоол, “Хорооны иргэдийн Нийтийн Хурлын Тэргүүлэгчдийг сонгож батлах тухай” 05 дугаар тогтоол, “Хорооны Засаг даргыг томилуулахаар уламжлах тухай” 07 дугаар тогтоол /ххх 39-42/-ыг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгчийн маргаж байгаа “зар тавигдаагүй нууцаар хурал зохион байгуулсан, хуралд оролцсон иргэд нь тус хороонд амьдардаггүй, хуралд 1 өрхөөс хэд хэдэн иргэд оролцсон учир 2016 оны 12 дугаар сарын 28-ны иргэдийн Нийтийн Хурлаар шийдвэрлэсэн 01, 04, 05, 07 дугаар шийдвэрүүд хууль бус” гэсэн тайлбарууд үндэслэлтэй гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Н.О-Эийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

                 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 23.10-т заасныг тус тус баримтлан  нэхэмжлэгч Н.О-Ээс “2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хурлын 01, 04, 05, 07 дугаар шийдвэрүүдийг хүчингүй болгуулах, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон хурлыг хүчингүй болгож хурлыг дахин хуралдуулах шийдвэр гаргуулах” гэсэн шаардлага бүхий Баянгол дүүргийн .. дугаар хорооны иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ               А.САРАНГЭРЭЛ