Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 1454

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Нямдаваагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04934 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Д.Нямдаваагийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Твайлайт констракшн” ХХК-д холбогдох

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаярын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Мөнхбат,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Д.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие “Твайлайт констракшн” ХХК-д заслын инженер албан тушаалд 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд ажиллаж байх хугацаандаа ямар нэг сахилгын зөрчил гаргалгүй ажиллаж байсан болно. “Твайлайт констракшн” ХХК-ийн зүгээс 2015 оны 10 дугаар сарын 05-нд захирал бүх ажилтнуудтай хурал хийж сул зогсолт зарласан. Гэтэл 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлж нийгмийн даатгалд бичилт хийсэн байсан. 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдөр захирал Эрдэнэмөнхтэй очиж уулзахад 10 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн гэж мэдэгдсэн. Миний бие тушаалаа нэхсэн боловч тушаал гаргаж өгөхгүй байсаар улмаар 2016 оны 3 дугаар сарын 25-нд очиж уулзахад цалингүй чөлөө олгосон тушаал 2015/08 тоот тушаалыг танилцуулсан. Миний бие ажиллах хугацаандаа сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй өнөөг хүртэл ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй ажлаас чөлөөлсөн талаар мэдэгдсэн боловч ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй боловч Нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлсөн бичилт хийсэн байгаа тул хууль зүйн үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрийг эх хувиар гаргуулах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж байна. Ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс олговор нэхэмжилж байна, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Твайлайт констракшн” ХХК, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгч Д.Нямдаваагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 2015 оны 9 дүгээр сарын сүүлээр компанийн хувьд хийх ажилгүй болсон тул бид ажилтнуудаа 2015 оны 10 дугаар сарын 01-нд цалингүй чөлөө олгох тушаал гаргасан байсан бөгөөд 10 дугаар сарын сүүлээр ажил гарч Д.Нямдавааг удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа буцаж ороогүй тул бид нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн. Д.Нямдаваа нь 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр ирж тушаалтайгаа танилцсан. “Твайлайт констракшн” ХХК-ийн хувьд барилгын тогтмол ажил байдаггүй, зарим тохиолдолд хагас жилээр ч ажилгүй зогсдог бөгөөд бид 2015 оны намраас өнөөг хүртэл тодорхой гэрээлсэн ажилгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Д.Нямдаваа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар ажлаас чөлөөлсөн тушаалыг гардан авснаас хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Нямдавааг “Твайлайт констракшн” ХХК-ийн барилгын инженерийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Твайлайт констракшн” ХХК-иас 10 443 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Нямдаваад олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Нямдаваагийн нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Твайлайт констракшн” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч “Твайлайт констракшн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 182 038 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анхбаяр давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, өөрөөр хэлбэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т "Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана" гэж тодорхой заасан. Гэтэл Д.Нямдаваа нь тушаалаа 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гардаж авсан, ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх гомдлоо 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд энэ нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн болох нь тодорхой байна. Гэтэл шүүхээс Д.Нямдаваагийн өмнө нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр "ажлаас үндэслэлгүй халагдсан"-аас өөр агуулгаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хугацаанаас эхлэн шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эхэлсэн мэтээр тайлбарлаж хэргийг шийдвэрлэснийг үндэслэлгүй хэмээн үзэж байна. Д.Нямдаваа нь 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, цалин нөхөн гаргуулж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүхээс хүлээн авахаас татгалзсан захирамж гаргасан бөгөөд энэхүү захирамж өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэвээр байгаа болно. Мөн шүүхээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үндэслэлийг тайлбарлахдаа хэт нэг талыг баримтлан хууль бус үндэслэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн зүгээс ажлаас үндэслэлгүй халагдсан гэдэг үндэслэлийг 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэлд тодорхой дурдаж нэхэмжлэл гаргасан бөгөөд түүнээс өмнөх гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ажлаас үндэслэлгүй халагдсан асуудлаар гаргаагүй нэхэмжлэл гэж ойлгогдохоор байна. Гэтэл шүүх ажил олгогчийн шийдвэр утга агуулгын хувьд илэрхий алдаатай, ойлгомжгүй байсан учраас нэхэмжлэгч төөрөгдсөн нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй гэсэн дүгнэлт хийсэн нь илт хууль бус дүгнэлт болсон гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

 

 

                                                            ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Д.Нямдаваа нь хариуцагч “Твайлайт констракшн” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор  гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Ажил олгогч “Твайлайт констракшн” ХХК-ийн захирлын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2015/08 тоот тушаалаар нэр бүхий ажилтануудад 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 6 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон байна.

 

            Хариуцагчаас дээрх тушаалаар ажилтан Д.Нямдавааг ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан ба ажилтан Д.Нямдаваагийн нийгмийн даатгалын дэвтэрт 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажлаас чөлөөлсөн тухай  бичилт хийжээ.

 

Анхан шатны шүүх ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 38, 39, 40 дүгээр зүйлд заасан хөдөлмөрийн гэрээг цуцлах журмыг баримтлаагүй, чөлөө олгосон тушаал нь  ажилтныг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэж, нэхэмжлэгч Д.Нямдавааг барилгын инженерийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажил олгогчоос ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 10 443 000 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасантай тус тус нийцсэн байна.

 

            Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

            Тодруулбал нэхэмжлэгч Д.Нямдавааг ажлаас чөлөөлсөн гэх 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2015/08 тоот тушаал нь ажилтныг ажлаас халсан тушаал биш тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлсэн гэх үндэслэлгүй болно.     

 

            2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Д.Түмэндэлгэр оролцсон байхад анхан шатны шүүх шийдвэртээ “нарийн бичгийн даргаар Б.Энхцэцэг оролцсон” гэж буруу бичсэн нь шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй юм.

           

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

             1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/04934 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн  гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 182 100 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.      

 

 

                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                        Э.ЗОЛЗАЯА

                                               

                                    ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ     

                                                                                                 

                                                                                              Г.ДАВААДОРЖ