Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/00822

 

2026 04 15 210/МА2026/00822

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/00708 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ХХК, *******, ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 52,767,000 төгрөг, алданги 26,383,500 төгрөг, нийт 79,150,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1. 2021.05.13-ны өдөр ******* ХХК, ******* ХХК, иргэн *******, ******* нарын хооронд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх ******* дугаар гэрээ болон барьцааны гэрээ байгуулагдаж, зээлээр авсан бүтээгдэхүүнийхээ төлбөрийг төлөөгүй тохиолдолд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон. Гэрээний 1.5, 2.4, 3.8-д заасан үүргийнхээ дагуу худалдан авагч нараас бараа худалдан авах захиалга ирүүлэх бүрд гэрээний нэмэлт байгуулж худалдаж авахыг хүссэн тоо хэмжээ, үнэ, төлөх хугацааг гэрээний нэмэлтдээ тусгаж, худалдан авагч зөвшөөрсөн тухайгаа гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажуулах бөгөөд худалдан авагчийн ирүүлсэн савны багтаамжаар захиалсан барааг хүлээлгэн өгч, талууд зарлагын баримт үйлддэг тул уг баримтаар тооцоо нийлдэг. Худалдан авагч нарын хүсэлт, төлбөрийн байдлыг харгалзан худалдагч ******* ХХК төлбөрт ирүүлсэн мөнгөн дүнгээс гэрээнд заасан алданги суутгалгүй, үндсэн төлбөрөөс хасаж тооцож байсан тул худалдан авагчийн төлөх алдангийн хэмжээ хуримтлагдаж үлдсэн.

1.2. Худалдан авагч нар дээрх гэрээний дагуу нийт 4 удаа нэмэлт гэрээ байгуулж захиалга өгсөн бөгөөд нэмэлт гэрээний 04-ийн дагуу нэгж үнийг 1,780 төгрөгөөр тохиролцож, төгрөгийн үнэ бүхий 3,000 литр дизель түлшийг 2021.06.02-ны өдрөөс 2021.07.21-ний өдөр хүртэл дизель түлш авсан бөгөөд 2021.06.02-ны өдөр 5,340,000 төгрөг 2 удаа нийт 10,680,000 төгрөг, 2021.07.31-ний өдөр 12,996,000 төгрөг, 2021.06.04-ний өдөр 19,580,000 төгрөгийг төлж, 52,767,000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөөгүй, мөн алданги 26,383,500 төгрөг, нийт 79,150,500 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас гаргуулах, тус мөнгө хөрөнгийг төлж гүйцэтгээгүй тохиолдолд *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* дугаар хороолол, ******* байр, ******* тоот хаягт байршилтай ******* дугаарт бүртгэлтэй 45.3 м.кв талбай бүхий ******* өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ...үлдэгдэл төлбөр болох 52,767,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК-ийн борлуулж байсан дизель түлшний чанар маш муу байсан. Манай компани асуудалд орсон тул алданги төлөхгүй. Энэ талаарх асуудлыг албан бичгээр хэлж байгаагүй. Манай компанийн үйл ажиллагаа зогссон. Барьцаанд байгаа үл хөдлөх хөрөнгийг 50,000,000 төгрөгөөр барьцаалсан. Үндсэн төлбөрөө төлж эвлэрэх хүсэлтэй байна. Үндсэн зээлийн хувьд эвлэрнэ гэсэн боловч би тухайн үед холбогдож чадаагүй, шүүх хуралдаан товлогдож, өмгөөлөгч оролцож шүүх хуралдаан үргэлжилсэн учир цаашид тохиролцож чадаагүй. Миний болон компанийн данс хаагдсан учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Тэр үед миний биеийн байдал муудсан. ******* ХХК-ийн удирдлагууд манай компанийн нөхцөл байдлыг ойлгож байгаа. Үл хөдлөх хөрөнгийн хувьд манай эгч, дүү хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

3. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

3.1. ******* ХХК-ийн 2021.05.13-ны өдрийн ******* тоот гэрээ, ******* ХХК-ийн хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээнд зурсан ******* /харилцан зээлдэгч иргэн/ гэдэг боловч миний гарын үсэг, үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. 2021.05.13-ны өдөр би Улаанбаатар хотод байгаагүй. Иймд энэ гэрээг байгуулахдаа намайг оролцуулаагүй. Үл хөдлөх эд хөрөнгийн эздийг байлгахгүйгээр гэрээ хийсэнд хариуцлага хүлээхгүй. Мөн миний үл хөдлөх эд хөрөнгө ******* ХХК-ийн хөрөнгө биш. Гэрээ байгуулахад хариуцагч нарыг байлцуулаагүй гэрээн дээр бэлэн гарын үсгийн загвар байхад энэ хоёр компани харилцан тохирч хувийн сонирхлоор гэрээ хийсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн итгэмжлэлийг Улаанбаатар хотод байр түрээслэхдээ түрээсийн гэрээ байгуулсан. Миний хөрөнгийг дур мэдэн барьцаалсан ******* ХХК-д хариуцлагыг нь тооцож миний хөрөнгийг барьцаанаас суллаж өгнө үү гэжээ.

4. Хариуцагч *******ын тайлбар, татгалзлын агуулга:

4.1.... Энэ гэрээ байгуулахад бид байгаагүй, утсаар ч мэдэгдээгүй. ******* дүүрэгт байрлах орон сууцыг барьцаанд тавьсныг мэдээгүй. Тиймээс би мөнгө аваагүй, хийгээгүй гэрээний өмнөөс хариуцлага хүлээхгүй. Үл хөдлөх гэрчилгээг авах хүсэлтэй байна гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 79,150,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-нд олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч сайн дураар үүргээ гүйцэтгээгүй бол Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэгдсэн ******* овогт*******ийн *******, ******* овгийн*******ы ******* нарын өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн ******* хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* байр, ******* тоот хаягт байршилтай, ******* дугаарт бүртгэлтэй 45,3 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,702 төгрөгийг Улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 553,702 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

6. Хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнүүд хүчин төгөлдөр бус хэлцэл болох нь тогтоогдсон тухайд, ******* ХХК болон ******* ХХК нарын хооронд 2021.05.13-ны өдөр ******* дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ болон барьцааны гэрээ тус тус бичгээр байгуулагдсан. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч *******, ******* нарын өмчлөлийн хөрөнгө. хариуцагч *******, ******* нар нь ******* ХХК-д өөрийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалах итгэмжлэл огт олгож байгаагүй, харин П.Номин гэж хүнд 2021.03.02-ны өдөр итгэмжлэл олгосон. Гэтэл төлөөлөх эрхгүй ******* ХХК нь бусдын өмчлөлийн орон сууцыг 2021.05.13-ны өдрийн ******* дугаартай барьцааны гэрээ, газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний барьцаанд тавьсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58.1.8-д хүчин төгөлдөр бус хэлцлийн талаар заасан.

6.2. Анхан шатны шүүх нь иргэн *******д олгосон итгэмжлэлийг ямар үндэслэлээр ******* ХХК-нд эрх олгосон итгэмжлэл гэж үзэж байгаа талаар шийдвэртээ тайлбарлаагүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч *******, ******* нарын зүгээс яг энэ үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, маргаж байхад хариуцагчийн маргаж байгаа үндэслэл, түүнийг хэрхэн яаж няцаасан талаар шүүх шийдвэртээ тусгаагүйд гомдолтой байна. Иргэн ******* тухайн цаг хугацаанд ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон боловч энэ нь иргэн *******д олгосон итгэмжлэл нь ******* ХХК-нд олгосон итгэмжлэл мөн эсэх талаар шүүх дүгнэлт өгөөгүй.

6.3. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д ..., өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг ... этгээдийг хуулийн этгээд гэнэ. гэж заасан. Иргэний эрх зүйн үндсэн зарчим нь аливаа этгээд өөрийн нэрээр эрх олж авч, үүрэг хүлээдэг байх ба ******* ХХК нь өөрийн нэрээр аливаа эрх, итгэмжлэлийг *******, ******* нараас авах ёстой. ******* нь хариуцагч *******, ******* нараас ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд ч биш, иргэн *******ийн хувиар итгэмжлэл авсан нь итгэмжлэлийн үгийн шууд утгаар хангалттай тодорхой тайлбарлагдана. Гэтэл шүүх иргэн *******гийн итгэмжлэлийг хэрхэн яаж тайлбарлаж, ******* ХХК-нд хамаатуулж байгаа нь ойлгомжгүй байна.

6.4. Шинжээчийн дүгнэлтийн тухайд, хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгчтэй 2021.05.13-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээг байгуулж байгаагүй. Тус чиглэлээр үйл ажиллагаа явуулдаггүй, гэрээнд зурагдсан гарын үсэг биш тул шинжээч томилуулах хүсэлт гаргаж шүүхээс ******* газрын 2025.07.18-ны өдрийн ******* дугаар шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн. Тус дүгнэлтээр Хамтран зээлдэгч иргэн гэсний доор *******, ******* гэсний урд байх гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн *******, ******* нарын гэх гарын үсгийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна. Мөн архивд хадгалагдаж буй 2021.05.13 гэсэн огноотой ******* дугаартай Барьцааны гэрээ гэсэн баримтын Барьцаалуулагч иргэн гэсний доор *******, ******* гэсний урд хэсэгт гарын үсэг зурагдаагүй болох нь тогтоогдсон. Тухайн гэрээнүүд бодитойгоор талуудын жинхэнэ хүсэл зоригоор байгуулагдаагүй, гарын үсэг хуурамчаар зурагдсан болохыг нотлох баримтаар тогтоож байгаа бөгөөд ийм нөхцөлд уг гэрээнүүдийг хүчин төгөлдөр гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь нотлох баримтад нийцээгүй, хууль хэрэглээний хувьд алдаатай шийдвэр болно. Иймд шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1. Хариуцагч төлөөлөх эрхийн асуудлыг үндсэндээ формаль шинжээр маргаж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудаар тухайн үед *******, түүнээс өмнө ******* нь мөн компанийн захирлаар ажиллаж байсан нөхцөл байдал тогтоогдсон. Маргааны явцад ******* нь дахин захирлын албан тушаалд томилогдсон зэрэг үйл баримт хэрэгт тусгагдсан. Анхан шатны шүүх хуралдааны явцад ******* нь тухайн хэлцэл, харилцаанд өмнө нь оролцож байсан талаар мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Ийм нөхцөлд барьцааны гэрээ нь ******* ХХК-ийн зээлийн үүргийг хангах эдийн засгийн бодит зорилготой, талуудын хооронд үүссэн бодит үүргийн харилцаанд тулгуурласан хэлцэл бөгөөд гуравдагч этгээдийн дур мэдэн байгуулсан, хийсвэр хэлцэл гэж үзэхгүй. Нэхэмжлэгч тухайн үеийн бодит үйл баримт, харилцан итгэлцэлд үндэслэн уг хэлцэлд оролцсон бөгөөд иргэний эрх зүйн итгэлцэл, шударга ёсны зарчмаар хамгаалагдах харилцаа үүссэн. Гэтэл хариуцагч тал өөрийн дотоод зохион байгуулалт, төлөөлөх эрхийн асуудал, хамаатан садны холбоо, гарын үсгийн маргаан зэрэг формаль үндэслэлээр бодитоор үүссэн үүргийн харилцаанаас зайлсхийхийг оролдож байна.

7.2. Уг нөхцөл байдалд барьцааны эрх зүйн зохицуулалтыг үгүйсгэх үндэслэл байхгүй. Учир нь үндсэн үүрэг биелэгдсэн тохиолдолд барьцаа хөрөнгөд хандах шаардлага үүсэхгүй боловч өнөөдрийн байдлаар 5 жилийн хугацаанд төлбөрийн үүрэг биелэгдээгүй. Үүрэг гүйцэтгэгч тал төлбөрөөс санаатайгаар зайлсхийх арга хэрэглэж байна гэж ойлгогдохоор байна. Мөн хариуцагч төлбөрийн чадваргүй болсон гэх тайлбарладаг боловч энэ нь бодит санхүүгийн боломжгүй байдал мөн эсэх, эсвэл зохион байгуулалттайгаар бий болгосон нөхцөл байдал байгаа эсэхийг цаашид дүгнэх шаардлагатай. Нэхэмжлэгч бодитоор хохирол хүлээсэн бөгөөд үүрэг хүлээсэн этгээдийг хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдлыг бий болгох хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Мөн нэхэмжлэгч үндсэн төлбөрөө бүрэн төлсөн тохиолдолд барьцаа хөрөнгөд хандах шаардлагагүй. Талуудын хооронд үүссэн төлбөрийн маргааныг нэхэмжлэгч рүү чиглүүлж тайлбарлах нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, төлбөрөө авч чадахгүй, санхүүгийн алдагдал хүлээж буй асуудал нь нэхэмжлэгчийн үүссэн нөхцөл байдал уг маргааны хүрээнд хамааруулах үндэслэлгүй гэжээ.

8. Давж заалдах гомдолд хариуцагч ******* ХХК-ийн тайлбарын агуулга: Миний бие өчигдөр ******* ХХК-ийн захиралтай уулзсан бөгөөд 12,000,000 төгрөг төлж барагдуулсан. Мөн ******* ХХК-ийн захирал үндсэн зээлээ төлж барагдуулсан тохиолдолд эвлэрч болно гэх хариу өгсөн. Харин үндсэн төлбөрөө төлж барагдуулахгүй бол барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан гэв.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 52,767,000 төгрөг, алданги 26,383,500 төгрөг, нийт 79,150,500 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* ХХК нь ...нэхэмжлэлийн шаардлагаас 25,767,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч, харин алдангийг ...борлуулсан дизель түлшний чанар муу байснаас асуудал үүссэн...барьцаагаар хангагдах үүргийн хэмжээ 50,000,000 төгрөг гэж, хариуцагч *******, ******* нар нэхэмжлэлийн шаардлагыг ...өөрсдийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах эрх ******* ХХК-д бус *******д олгосон. ******* ХХК нь Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний барьцаанд бидний хөрөнгийг тавьсан хэлцэл хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр тус тус маргажээ.

3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.1. ******* ХХК болон ******* ХХК, *******, ******* нар 2021.05.13-ны өдөр 04/21 дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч тал нь худалдан авагч талд Монгол улсын стандартын шаардлага хангасан энэхүү гэрээний нэмэлт хавсралтад нарийвчлан заасан газрын тосны бүтээгдэхүүн дизель түлшийг захиалсан хугацаанд нь зээлээр нийлүүлэх, худалдан авагч тал нь шатахууныг хүлээн авч, гэрээнд заасан үнийг хуваарийн дагуу төлөх, зээлээр бүтээгдэхүүн нийлүүлж байгаатай холбогдуулан худалдан авагчаас худалдагч талд хөрөнгө барьцаалуулах, барьцаа хөрөнгийг суллах үүргийн гүйцэтгэлийг хангахтай холбоотойгоор талуудын хооронд үүсэн харилцааг зохицуулахад харилцан тохиролцож, гэрээнд зээлээр худалдан авагч талд ******* ХХК-ийг төлөөлж *******, хамтран зээлдэгч иргэн *******, ******* нар гарын үсэг зурсан байна. /1хх-128-131/

3.2. ******* ХХК болон ******* ХХК, *******, ******* нар 2021.05.13-ны өдөр ******* дугаар Барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр *******, ******* нарын өмчлөлийн Нийслэлийн ******* дүүргийн *******-р хороо, *******-р хороолол /*******/ ******* байр, ******* тоот хаяг байрлах 45,3 м.кв талбайтай, хоёр өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2021.05.13-ны өдрийн ******* дугаар Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ-ний үүргийг хангуулахаар барьцаалж, барьцаалуулагч талд ******* ХХК-ийн захирал *******, *******, ******* нар гарын үсэг зурсан. /1хх-132-133/

3.3. *******, ******* нар эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн *******-р хороо, *******-р хороолол /*******/ ******* байр, ******* тоот хаяг байрлах 45,3 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч байна. /1хх-21/

3.4. *******, ******* нар нь иргэн *******д 2021.03.22-ны өдрийн итгэмжлэлээр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах, барьцаалбар үйлдэх, барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлөн гарын үсэг зурах, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх, хүлээн авах, мэдүүлэг хүсэлт гаргах, лавлагаа хүсэх, хүлээн авах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, зээлтэй холбоотой бүх үйлдэлд бүрэн төлөөлөх, холбогдох бичиг баримтад гарын үсэг зурах үйлдэл хийх бүрэн эрхийг олгосон байна. /1хх-127-р хуудасны ард/

4. ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гээд гэрээний хүчин төгөлдөр байдал, үүргийн зөрчил, үүргийн гүйцэтгэл хангах аргын талаар дүгнэж, анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-аас гэрээний үүрэгт 52,767,000 төгрөг, алданги 26,383,500 төгрөг, нийт 79,150,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгон шийдвэрлэсэн нь зөв болжээ. Хариуцагч тал энэ шийдэлд давж заалдах гомдол гаргаагүй.

5. Анхан шатны шүүх ийнхүү үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэхдээ хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн ******* дүүргийн *******-р хороо, *******-р хороолол /*******/ ******* байр, ******* тоот хаяг байрлах 45,3 м.кв талбайтай, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.

5.1. Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3 дахь хэсэгт Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ гэж заажээ.

2021.03.22-ны өдрийн итгэмжлэлээр *******, ******* нар өөрсдийн өмнөөс үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд бариулах, барьцааны гэрээ байгуулах зэрэг үйлдэл хийх бүрэн эрхийг *******д иргэний хувиар олгосон атал ******* ХХК-ийг төлөөлөх эрхтэй гүйцэтгэх захирлын хувиар, эсвэл ******* ХХК-д олгосон гэж үзэхгүй.

Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т зааснаар иргэн, хуулийн этгээд иргэний эрх зүйн харилцаанд бие даасан оролцогч бөгөөд хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т зааснаар өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэж тодорхойлсон тул итгэмжлэлд компанийн нэр дурдаагүй байхад ******* ХХК-д олгосон гэж үзэх үндэслэлгүй.

*******, ******* нарын үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар 2021.05.13-ны өдрийн ******* дугаар Барьцааны гэрээ-нд ******* ХХК нь барьцаалуулагч тал болж оролцсон нь барьцааны эрхийг бий болгоогүй байна.

5.2. Мөн дээрх барьцааны гэрээнд *******, ******* нарын гарын үсэг зурагдсан боловч 2025.07.18-ны өдрийн ******* дугаартай шинжээчийн дүгнэлтээр *******, ******* нарын гарын үсэг биш болох нь тогтоогдсон. /1хх-199-203/

5.3. Нэхэмжлэгч ******* ХХК нь нефтийн бүтээгдэхүүн худалдах үйл ажиллагааг байнга эрхэлж, үүгээр ашиг олоход чиглэсэн мэргэшсэн аж ахуй эрхлэгч, мэргэжлийн оролцогч болохын хувьд барьцаалуулагчийн бүрэн эрхийг шалгах үүрэгтэй.

Тодруулбал, ******* ХХК нь маргааны зүйл болсон бусдын өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавих эрхгүй болохыг мэдсэн атлаа барьцааны гэрээ байгуулж, улмаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Барьцааны гэрээ нь үүргийн гүйцэтгэлийг хангах арга болохын хувьд барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангахад өмчлөгч зөвшөөрсөн байх, мөн итгэмжлэлээр эрх олгогдсон байх шаардлагыг хангасан эсэхийг худалдагч буюу барьцаалагч шалгаж, хуулийн шаардлага хангуулахаар шаардах эрхтэй. Гэтэл, уул барьцааны гэрээнд өмчлөгч нарын гарын үсгийг тэдний өмнөөс зурсан, мөн иргэнд олгосон итгэмжлэлийг хуулийн этгээдэд олгосон мэтээр тайлбарлаж байгаа нь Иргэний хуулийн үзэл баримтлал, зарчимд нийцэхгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* байр, ******* тоот хаягт байршилтай, ******* дугаарт бүртгэлтэй 45,3 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дугаар сарын 12-ны өдрийн 191/ШШ2026/00708 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн

2 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүргийн ******* хороо, ******* дугаар хороолол /*******/ ******* байр, ******* тоот хаягт байршилтай, ******* дугаарт бүртгэлтэй 45,3 м.кв талбай бүхий, хоёр өрөө орон сууцаар үүргийг гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

 

Г.НЯМСҮРЭН