| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2023/00488/И |
| Дугаар | 210/МА2026/01217 |
| Огноо | 2026-05-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/01217
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2026/00988 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* холбогдох
Гэм хорын хохиролд 176,543,850.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн, 344,738,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч ******* (цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ю.Рэгзэдмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.******* нь 2006 онд *******аас *******-ийн орон сууцны захиалгын гэрээтэй, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, *******ы ******* байрны 75 тоотод байрлах, 86.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг худалдан авах, захиалгын гэрээний үүрэг биелэгдсэний дараа 2013.05.03-ны өдрөөс хойш уг орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авахаар харилцан тохиролцсон байсан. Гэтэл ******* нь дээрх өдрөөс өмнө 2010 онд Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст *******д залилан мэхлэгдсэн, худалдаж авсан орон сууцыг шилжүүлж өгөхгүй хохироож байна, мөн *******-ийн үйл ажиллагаагаар их хэмжээний ашиг орлого олдог боловч мөнгө өгөхгүй хохироож байна гэх утгатай гомдол гаргаж, *******д эрүүгийн хэрэг үүсгүүлэн, 2012.06.20-ны өдрийг хүртэл шалгуулснаас компанийн хэвийн үйл ажиллагаа доголдож, үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд ******* өөрийн нэрээр банк бус санхүүгийн байгууллага, хувь иргэнээс маш өндөр хүүтэй зээл авч, эргүүлэн төлж, асар их хэмжээний хохирол амссандаа маш их гомдолтой байна.
1.2.Мөн ******* нь 2013 оны 02 дугаар сард иргэний хэргийн анхан шатны шүүхэд *******д холбогдуулан гэрээний үүрэг дуусгавар болоогүй үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах утгатай, харин *******-д холбогдуулан өөрийн төлөх үүрэгтэй *******ны зээлийн төлбөрийг төлүүлэхийг шаардсан утгатай нэхэмжлэл гаргаж, улмаар ******* болон *******ы нэр дээрх бүх эд хөрөнгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу битүүмжлүүлснээр нэхэмжлэгч нарын бизнесийн үйл ажиллагаа хэвийн явуулах ямар ч боломжгүй болсон. *******гийн буруутай ажиллагааны улмаас ******* нь Апти худалдааны төв гэж олонд танигдсан дэлгүүрүүдийнхээ үйл ажиллагааг зогсоосон.
1.3.******* нь огт үндэслэлгүйгээр *******ыг онц хүнд гэмт хэрэгт гүтгэн 2 жил гаруйн хугацаанд шалгуулж хохирол учруулаад зогсохгүй Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2012.06.20-ны өдрийн 400 дугаар тогтоолоор Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.12.13-ны өдрийн 335 дугаар цагаатгах тогтоол, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.03.27-ны өдрийн 2*******дугаар магадлалыг хэвээр үлдээн *******ыг цагаатгаж шийдвэрлэсний дараа дахин иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган ******* болон *******-ийн бүхий л эд хөрөнгийг шүүхийн журмаар битүүмжлүүлэн бүтэн 9 жилийн хугацаанд нэхэмжлэгч нарт эд материалын болон сэтгэл санааны асар их хохирол учруулсан үйлдлийнхээ хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд *******гийн хүлээх хариуцлагыг хуульчилсан. *******-ийн сүүлийн 10 жилд орох борлуулалтын тайлангаар 679,000,000 төгрөгийн алдагдалтай байснаас 2017, 2018, 2019, 2020 оны 4 жилийн алдагдал 176,543,850 төгрөгийг Монголын татварын албанд өгсөн тайлангаар нотлуулж, энэ хэмжээгээр шаардаж байгаа. Компани үл хөдлөх эд хөрөнгүүдээ битүүмжлүүлчихсэн учраас хөрөнгөөр ашиг олох, банкнаас зээл авах боломжгүй болсон ба 6.5 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгөд зориулж зээл авсан юм. Нэхэмжлэгч ******* өөрийн нэрээр авсан зээлүүдийн хүүгийн зөрүүгээр тооцож 344,738,825 төгрөг шаардаж байгаа. Энэ нэхэмжлэлийн шаардлагыг нотлохоор банк бус санхүүгийн байгууллагууд болон хувь хүмүүсээс авсан зээлийн гэрээ, буцаан төлж байсан баримтуудыг нотлох баримтаар гаргасан гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд хамаарах баримтууд нь хариуцагчийн гэм буруугийн улмаас бий болсон хохирол гэж үзэх боломжгүй. Гэм хорын журмаар хохирол нэхэмжилж буй нөхцөлд хохирол үүсэх үндэслэл, үүссэн хохирол хоёрын хооронд бодит шалтгаант холбоо байх шаардлагатай бөгөөд үүнийг нотлох баримтууд байхгүй.
2.2.Маргааны агуулга нь Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.05.22-ны өдрийн тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.4-т заасан арга хэмжээ авсан. *******, ******* нарын гомдлоор тогтоолыг шүүх хянаад хуулийн 69.1.4-т заасан арга хэмжээг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээсэн. Гэвч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015.07.02-ны өдрийн албан бичигт дээрх шүүхийн тогтоолыг хүлээж аваагүй, ажиллагаа явуулсан баримт байхгүй гэж дурдсан.
Баянзүрх дүүргийн *******дүгээр байрны зоорь, 1, 2 дугаар давхрын 620 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасантай холбоотой өөр ажиллагаа явуулаагүй учир энэ эд хөрөнгөөр дууссан. Гэтэл нэхэмжлэгч компанийн болон өөрийн бүх эд хөрөнгийг битүүмжилсэн гээд байгаа нь баримтаар нотлогдохгүй байна. Хэрэв бүх эд хөрөнгийг нь битүүмжилсэн гэж байгаа бол яагаад барьцаалаад зээл аваад байгаа нь ойлгомжгүй, битүүмжилсэн эд хөрөнгийг барьцаанд авах боломжгүй, барьцаанд байгаа хөрөнгийг битүүмжлэх мөн боломжгүй юм.
2.3.Гэм хорын хохирол гаргуулахаар шаардаж байгаа бол нэхэмжлэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хамаарах бөгөөд тухайн учирсан хохиролд хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан байх ёстой. ******* нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх түүний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй. *******г тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг *******д даалгах нэхэмжлэл нь хангагдсан байгаа. ******* бусдаас зээл авч болно, харин авсан зээлүүд нь хариуцагчтай хамааралгүй байна гэжээ.
3.Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга:
Нэхэмжлэлийг хангах нь зөв гэж үзэж байна. Үндэслэлгүй 750,000,000 төгрөг нэхэмжилж, барилга битүүмжилснээс болж нэхэмжлэгч талд хохирол учирсан гэж үзэж байна. Хариуцагч тал хариуцлага хүлээх үүрэгтэй гэж үзэж байна гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гээс 176,543,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******гээс 344,738,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,764,364 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс 1,040,669 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
5.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5.3-т "Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авснаар нэхэмжлэгч *******-ийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилж, үүний улмаас компанийн үйл ажиллагаа алдагдалд орсон болох нь тус компанийн 2015-2020 оны орлогын албан татварын тайлан, мөн хугацааг хамаарах санхүүгийн тайлангуудаар тогтоогдож байна" гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Тодруулбал *******-ийн 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020 оны орлогын албан татварын тайлангуудаар тухайн байгууллагын жилийн хугацаанд олсон орлогыг нотолж байгаа болохоос түүнд учирсан хохирлыг нотолж байгаа баримт биш. Мөн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсны улмаас нэхэмжлэгч *******-ийн үйл ажиллагаанд хохирол учраагүй. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь 2015-2020 оны орлогын тайлан, импортын барааны жагсаалтуудаар түүний үйл ажиллагаа доголдоогүйг нотолж байхад тус орлогын баримтыг үндэслэж, түүнийгээ хохирол хэмээн нэхэмжлэлийг хэсэгчлэн хангасан нь хууль зүйн үндэслэлгүй.
5.2.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4-т "Талууд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдах авах гэрээний үүрэгтэй холбоотойгоор хянагдаж байсан иргэний хэрэгт *******, ******* нарын ... нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн талаар маргаагүй" гэж үндэслэлгүй дүгнэсэн. Тодруулбал анхан шатны шүүхийн тодорхойлох хэсгийн 2.4-т "Гэм хорын хохирол гаргуулахаар шаардаж байгаа бол нэхэмжлэл нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлд хамаарах бөгөөд тухайн учирсан хохиролд хариуцагчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс учирсан байх ёстой. ******* нь эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүх түүний нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоогүй. *******г тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг *******д даалгах нэхэмжлэл нь хангагдсан байгаа" гэж, мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.2-т "Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.20-ны өдрийн 183/ШШ2022/00198 дугаар шийдвэрээр 356,401,387 төгрөгийн үнэ бүхий Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* байрны 75 тоотод байршилтай, 86.6 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагч *******д даалгаж, харин таун хаусны үнийн зөрүү 394,791,096 төгрөгийг хариуцагч ******* болон ******* нараас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож" гэж дүгнэсэн атлаа *******гийн нэхэмжлэлтэй *******, ******* нарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна, мөн хариуцагч энэ талаар маргаангүй гэж дүгнэсэнд гомдолтой байна.
5.3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-т заасан хэсэг үндэслэлгүй. Дээр дурдсан шийдвэрээр 356,401,387 төгрөгийн үнэ бүхий орон сууцны өмчлөгчөөр *******г тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөх үүргээ биелүүлэхийг хариуцагч *******д даалгаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл гаргах эрхгүй. Нэхэмжлэгч нарт эд хөрөнгийн ямар ч хохирол учраагүй, хохирол учирсан талаар нотлох баримт байхгүй.
Хариуцагч ******* нь *******, ******** нарт холбогдуулан дээрх нэхэмжлэл гаргасан бөгөөд тус иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасан нь хууль бус үйлдэл гэж үзэх үндэслэлгүй.
Шүүхийн шийдвэрээр ******* үл хөдлөх эд хөрөнгийг ******* шилжүүлээгүй атлаа үндэслэлгүйгээр 521,282,675 төгрөг шаардсанд гомдолтой.
Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.05.22-ны өдрийн 102/ШТ2015/00433 дугаар тогтоол, мөн шүүхийн 2015.06.18-ны 102/ШТ2015/00530 дугаар тогтоолуудаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар *******-ийн 751,192,483 төгрөгийн үнэ бүхий Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж *******дүгээр байр, зоорины болон 1, 2 давхар тоот үйлчилгээ гаражийн зориулалттай, 620 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ болон ********-ийн учирсан хохирол гэж үзэж буй 176,543,850 төгрөгийн хооронд шууд шалтгаан холбоогүй байна.
Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасан гэм хорын бүрэлдэхүүний шинж байхгүй буюу нэхэмжлэгч *******, ******** нарт ямар ч хохирол учраагүй, хохирол учирсан талаар нотлох баримтгүй, учирсан гэж шаардаж буй хохирол болон шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ хооронд шалтгаант холбоо байхгүй байхад ганц ********-ийн орлогын тайлан, импортын барааны жагсаалтыг үндэслэж нэхэмжлэгч ********" ХХК-ийн эд хөрөнгийг битүүмжилсний улмаас ********-ийн үйл ажиллагаанд 176,543,850 төгрөгийн хохирол учирсан гэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
******* нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны *******ы сууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлын ажилтай бөгөөд тус ажлын цалин хөлснөөс өөр орлогын эх үүсвэргүй байхад үндэслэлгүйгээр нэхэмжлэгч ********" ХХК-д 176,543,850 төгрөгийг гаргахаар шийдвэрлэсэнд гомдолтой. Шүүхийн шийдвэр үндэслэлгүй, ойлгомжгүй, хохирол учруулсан гэх баримтгүй, тус хохирлоо хэрхэн гаргасан тооцоогүй байхад компанийн орлогыг надаас гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой. Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хэрэг маргааныг шүүхээр шударгаар шийдвэрлүүлэх миний эрхийг хангаж, үндэслэлгүйгээр шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, шударга ёсыг хамгаалж өгнө үү.
Иймд зохигчдын маргааны бодит үйл баримт, нотлох баримт, шударга ёс, хууль ёсыг удирдлага болгон анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан тайлбарын агуулга:
6.1.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээний улмаас учирсан хохиролд тус хуулийн 70 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөвхөн *******-д хамааралтай болохоос иргэн *******ы хувьд 344 сая төгрөгийг хангаж шийдвэрлээгүй. Хариуцагч талын зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан арга хэмжээг авсны улмаас нэхэмжлэгч нарт хохирол учирсан зүйл байхгүй, хохирол учирсантай шалтгаант холбоо байхгүй, аж ахуйн нэгжийн орлого үүнд хамаарахгүй гэж тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1, 69.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхээс захирамж гарсан бөгөөд тухайн захирамжид гомдол гаргасан учир 69.1.4-д заасныг нь хэрэгсэхгүй болгож, 69.1.1-д заасныг нь хэвээр үлдээсэн. *******-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны 620 м.кв талбайтай зоорийн Б1 давхар гэх үйлчилгээний зориулалттай талбайг битүүмжилсэн учир Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар энэ асуудлыг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тухайн эд хөрөнгө битүүмжтэй байгаа.
6.2.Хариуцагч талын зүгээс аж ахуйн нэгж өөрийн байгууллагын орлогыг өөрсдөө тогтоох ёстой буюу ашиг орлого олох нь ******* гэх хүнд хамаагүй гэж тайлбарладаг. Гэтэл ******* гэх хүн иргэн ******* болон ******* нартай холбоотой асуудлаар *******ыг эрүүгийн хэргээр шалгуулж, ******* ХК-аас авсан өөрийн зээлийг төлөхгүй байх зорилгоор 2010 оноос хойш иргэний хэрэг үүсгэсэн. ******* болон ******* нарын хооронд орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ буюу *******ы захиалгын орон сууцыг ******* шилжүүлэхтэй холбоотой харилцаа үүссэн байсан. Гэтэл хариуцагч 2010 оны 05 дугаар сард буюу зээлийн гэрээний хугацаа дуусгавар болоогүй байх үед цагдаагийн байгууллагаар шалгуулж, шүүхэд өгөх гэх мэт янз бүрийн арга хэмжээ аваад байдаг. 2010 онд *******ыг Хан-Уул дүүргийн шүүх цагаатгасан бөгөөд 2011 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүх, Монгол Улсын Дээд шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Түүнээс хойш талуудын хооронд тасралтгүй маргаан үргэлжилсэн.
******* жижиг хүнсний дэлгүүр ажиллуулж байгаагүй буюу тухайн үед Номин супермаркет дангаараа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг сүлжээ дэлгүүр байсан. Дараа нь Апти худалдааны төв гэх сүлжээ дэлгүүр нээхэд маш их хэмжээний хөрөнгийн эргэлт хийж байгаа юм. Худалдааны орлого гэдэг нь тодорхой хэмжээний мөнгө авч буцаагаад тухайн мөнгийг өгнө гэх ойлголт биш. Хариуцагч тал санхүү, татварын тайлан нотлогдоогүй гэх зүйлийн талаар ярьж байна. Гэтэл энэ нь нотлогдсон буюу татварын орлого байнга буурч байгаа. 2012 онд борлуулалтын орлого 1,262,548,566 төгрөг байсан, 2020 онд 30,81,656 төгрөг болсон. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээ авсны дараа бусад зүйлийг нээлттэй орхисон. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар *******-ийн өмчлөлийн 620 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулах эрхийг шүүх түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлнэ гэдэг нь ямар нэгэн байдлаар тухайн эд хөрөнгийг худалдан борлуулахгүй, зээлийн барьцаанд тавихгүй гэх агуулгатай болохоос ашиглахгүй, эзэмшихгүй гэх агуулгатай биш. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар захирамж гаргахдаа эзэмших, ашиглах эрхийг нь ямагт нээлттэй орхиж, харин худалдан борлуулах болон барьцаанд тавих асуудлыг хааж шийдвэрлэсэн. Гэтэл ******* өнөөдрийг хүртэл тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхээ хасуулж, захиран зарцуулж чадаагүй. ******* хамгийн анх 0.99 хувийн хүүтэй зээл авч байсан. Өөрөөр хэлбэл, Худалдаа хөгжлийн банк ХК-аас авсан 35,000 ам.долларын зээл нь 0.99 хувийн хүүтэй, бусад банкнаас авч байсан зээл нь 120 сарын хугацаатай, 1.3 хувь хүртэлх хүүтэй байсан. Тиймээс ******* болон ******* нар нийлж нэхэмжлэл гаргахдаа үнэхээр хаанаас ч зээл авах боломжгүй болсон байсан буюу маш өндөр хүүтэй зээлийг хувь иргэдээс, банк бус санхүүгийн байгууллагаас авсан гэх олон тооны зээлийн гэрээг хэрэгт өгсөн байгаа. Энэ байгууллагын борлуулалтын орлого буурч байгаа буюу борлуулсан бүтээгдэхүүний орлого 2011 онд 1,104,157,483 төгрөг байсан бол 2020 онд 27,420,000 төгрөгийн борлуулалтын орлоготой болсон. Компанийн үйл ажиллагаа борлуулалтын орлогоос ашгаа тооцохгүй бөгөөд худалдааны байгууллагын нийтлэг ашиг олохтой холбоотой хувь хэмжээ хамгийн дээд тал нь 5 хувь байдаг. Тиймээс зээл авч байгаа болон борлуулалт хийж байгаа асуудлыг *******-ийг орлого олж байна гэж үзэх үндэслэл байхгүй. 5 жилийн хугацааны дунджаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг тодорхойлсон ба алдагдал нь 176,543,850 төгрөг буюу зөвхөн 2015 оноос хойших 5 жилийн хугацааны орлогыг тооцож гаргасан.
6.3.Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Учир нь шүүх санаачилгаараа хэзээ ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухайн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан арга хэмжээг авахгүй. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээр мөнгө байршуулах, мөн ******* болон ******* нарын эд хөрөнгийг бүгдийг нь битүүмжлэх захирамж гаргасан. Шүүгчийн захирамжид гомдол гаргасан тул мөнгөн дүн буюу 700 сая төгрөгийг дансанд байршуулах шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д заасан эд хөрөнгийг битүүмжлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн. Хариуцагч ******* давж заалдах гомдолдоо болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасан арга хэмжээг авхуулсан нь нэхэмжлэгчийн эрх гэж тайлбарладаг. Гэхдээ үүнийг шүүх хангасан захирамж гаргахдаа хэрэв нэхэмжлэлийн шаардлага хэрэгсэхгүй болсон тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилсэн арга хэмжээг авснаас үүдэлтэй хохирлоо нэхэмжилж болно гэж дурдсан.
******* *******-ийн үүсгэн байгуулагч буюу гүйцэтгэх захирал бөгөөд энэ хүн 2010 оноос хойш иргэний хэрэгт оролцож байсан, 20 жилийн хугацаанд энэ хүний эрх хязгаарлагдсан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгсөн гэж хариуцагч талын зүгээс тайлбарлаж байна. Энэ талаарх асуудал анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед тогтоогдсон. Гэхдээ Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны шийдвэрт бид зарим нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байсан үйл баримт тусгагдсан байгаа. Сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагаа явуулж байсан компани жишээлбэл, 1,600,000,000 төгрөгийн хөрөнгийг төвлөрүүлж байж, 1,200,000,000 төгрөгийн бараа бүтээгдэхүүн борлуулж, үүнээс 1,000,000,000 гаруй төгрөгийн орлого орж байгаа нь дангаараа ашиг биш бөгөөд 176,543,850 төгрөгийн алдагдалд орсон гэдэг нь татварын тайлангаар нотлогдож байгаа юм. Түүнээс 1,600,000,000 төгрөгийн нэг бүрийн задаргаатай баримтыг хэрэгт гаргаж өгөх боломжгүй. Санхүүгийн алба 1,200,000,000 төгрөгийн борлуулалтын орлоготой байсныг 2012 оны тайлангаар баталсан. Мөн татварын албанаас жил бүрийн борлуулалтын орлого нь ийм байсан байна гэх үнийн дүнг бүгдийг нь жагсаан гаргаж өгсөн. Түүнчлэн татварын алба хамгийн сүүлд 176,543,850 төгрөгийн алдагдалд орсон байна гэх бууруулсан үнийн дүн бүхий баримтыг гаргаж өгсөн учир анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохиролд 176,543,850.69 төгрөгийг, нэхэмжлэгч ******* нь 344,738,825 төгрөгийг тус тус хариуцагч *******гээс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч нь үндэслэлгүйгээр эрүүгийн болон иргэний журмаар гомдол, нэхэмжлэл гаргасны улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон, банк бус санхүүгийн байгууллага болон хувь иргэдээс өндөр хүүтэй зээл авч банкнаас илүү хүү төлж хохирсон, иргэний хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир *******, ******* нарын бүх эд хөрөнгийг битүүмжлүүлснээс учирсан хохирлыг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч татгалзлаа шүүх *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээгүй, шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд *******-ийн нэг үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг түдгэлзүүлсэн, нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй, хариуцагчийн буруутай үйлдэл байхгүй, хохирол баримтаар тогтоогдоогүй гэж тайлбарласан.
3.Анхан шатны шүүх дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
3.1.Талуудын хооронд 2006 онд орон сууц худалдах, худалдан авах тухай хэлцэл хийгдсэн боловч үүнтэй холбоотой маргаан үүсч ******* нь *******д холбогдуулан цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар *******ыг яллагдагчаар татсан ч Хан-Уул дүүргийн шүүхийн 2011.12.13-ны өдрийн 335 дугаар цагаатгах тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй үндэслэлээр *******ыг цагаатгаж шийдвэрлэсэн ба Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012.03.27-ны өдрийн 2*******дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2012.06.20-ны өдрийн 400 дугаар тогтоолоор цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. (2хх 196-207 дахь тал)
3.2.Үүний дараа ******* нь орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөх эрхийг шилжүүлэн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт гаргаж өгөхийг *******д даалгах, ******* болон ******* нараас таун хаусны үнийн зөрүү 394,791,096 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасан байх ба ******* нь аман хэлцлээс татгалзаж өгсөн, авсан зүйлээ харилцан буцаалгах, орон сууцыг *******гийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Дээрх нэхэмжлэлээс тусдаа ******* нь ******* холбогдуулан нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасны улмаас учирсан хохирол 50,000,000 төгрөг гаргуулах, *******тай байгуулсан гэрээний үүргээ зөрчсөний улмаас учирсан хохирол 100,000,000 төгрөг гаргуулах, зээлээр авсан барааны үнэ 4,428,336 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба эдгээр хэргийг нэгтгэн Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.20-ны өдрийн 183/ШШ2022/00198 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэжээ.
Тус шийдвэрээр *******г Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* байрны 75 тоот хаягт байрлах, 86.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргаж өгөхийг *******д даалгаж, таун хаусны үнийн зөрүү 394,791,096 төгрөгийг *******, ******* нараас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага болон *******ы гаргасан сөрөг болон бие даасан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосон байна. (1хх 4-9 дэх тал)
3.3.Дээрх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******гийн гаргасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийн дагуу Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.05.22-ны өдрийн 102/ШТ2015/00433 дугаар тогтоол, уг тогтоолд гаргасан гомдлыг хянан шийдвэрлэсэн 2015.06.18-ны өдрийн 102/ШТ2015/00530 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-д зааснаар *******, ******* нарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 751,192,483 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээг авчээ. (3хх 100-103, 177-180 дахь тал)
3.4.Хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015.06.03-ны өдрийн 3/20760 дугаар албан бичигт дээрх шүүхийн тогтоолын дагуу *******, ******* нарын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй эсэхийг тодруулж, бүртгэлтэй тохиолдолд түдгэлзүүлэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт мэдэгджээ. (4хх 14 дэх тал)
3.5.Түүнчлэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022.05.11-ний өдрийн 2-190/9924 дугаар албан бичгээр *******-ийн өмчлөлд бүртгэлтэй, ******* дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *******дүгээр байр, зоорийн болон 1, 2 дугаар давхарт байрлах үйлчилгээ, гаражийн зориулалттай, 620 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг сэргээхийг Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст мэдэгдсэн байна. (4хх 15 дахь тал)
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй, 69.1.1-д хариуцагчийн эд хөрөнгө буюу мөнгийг тухайн нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжлэх гэж заасан ба Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.05.22-ны өдрийн 102/ШТ2015/00433 дугаар тогтоолоор *******, ******* нарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн үнийн дүн 751,192,483 төгрөгийн хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн.
Мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай шүүгчийн захирамжийг гарсан өдрөөс нь эхлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар биелүүлнэ гэж заасан ба хэрэгт авагдсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2015.06.03-ны өдрийн 3/20760, 2022.05.11-ний өдрийн 2-190/9924 дугаар албан бичгүүдээс үзэхэд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээний хүрээнд *******-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *******дүгээр байр, зоорийн болон 1, 2 дугаар давхарт байрлах үйлчилгээ, гаражийн зориулалттай, 620 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.
Нэхэмжлэгч нар нь шүүхийн тогтоолоор тэдний нэр дээрх бүх эд хөрөнгө, дансыг битүүмжилсэн гэж тайлбарлах боловч *******-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс өөр хөрөнгө битүүмжлэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.3 дахь хэсэгт Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хариуцагч энэ хуулийн 69.1-д заасан арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлын талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болно гэж, мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй гэж тус тус заасан.
5.1.Нэхэмжлэгч *******ы эд хөрөнгө битүүмжлэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй ба анхан шатны шүүх хариуцагчаас гэм хорын хохирол 344,738,825 төгрөг гаргуулах тухай түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн тус шийдвэрт нэхэмжлэгч ******* давж заалдах гомдол гаргаагүй.
5.2.Харин нэхэмжлэгч *******-ийн хувьд түүний өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрх түдгэлзсэн бөгөөд *******, ******* нараас 394,791,096 төгрөг гаргуулах тухай *******гийн нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022.01.20-ны өдрийн 183/ШШ2022/00198 дугаар шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч ******* нь хуулийн дээрх зохицуулалтын дагуу битүүмжлэх арга хэмжээний улмаас учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр хариуцагч *******гээс шаардах эрхтэй.
6.Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.
6.1.Нэхэмжлэгч ******* нь гэм хорын хохиролд 176,543,850.69 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ Монголын татварын албанд өгсөн орлогын албан татварын тайланг үндэслэн 2017, 2018, 2019, 2020 оны 4 жилийн алдагдлыг гаргуулна гэж тайлбарласан.
Хэрэгт *******-ийн 2013-2020 оны 4 дүгээр улирлын, мөн 2021 оны 2 дугаар улирлын орлогын албан татварын тайлангууд авагдсан ба татвар ногдуулах орлогын дүнг 2017 оны тайланд -59,051,569.67 төгрөг, 2018 оны тайланд -50,062,058.45 төгрөг, 2019 оны тайланд -34,295,249.98 төгрөг, 2020 оны тайланд -32,561,474.84 төгрөг гэж тусгажээ. (3хх 138-166 дахь тал)
Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангуудыг харьцуулж үзэхэд компанийн орлого буурсан байх боловч энэ нөхцөл байдал нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авсантай холбоотой гэж дүгнэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл *******-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, *******дүгээр байр, зоорийн болон 1, 2 дугаар давхарт байрлах үйлчилгээ, гаражийн зориулалттай, 620 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн захиран зарцуулах эрхийг 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд түдгэлзүүлсний улмаас нэхэмжлэгч компанид 2017-2020 онуудад нийт 176,543,850.69 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдоогүй байна.
6.2.Мөн нэхэмжлэгч компани нь бөөний худалдаа эрхэлж байх үеийн бүтээгдэхүүний танилцуулга, дэлгүүрийн фото зургууд, оливийн тосны үнэ шилжүүлсэн 2013-2016 онд хамаарах зарим гадаад төлбөрийн даалгавар, хуурай хүнс амтлагч, хуурай жимсний сироп, загас, шинэ ногоо, жимс зэрэг бараа бүтээгдэхүүн худалдан авах ерөнхий нөхцөл бүхий гэрээнүүдийг шүүхэд гаргасан ч эдгээр баримтаар нэхэмжлэлд дурдсан цаг хугацааны компанийн хөрөнгө, санхүүгийн байдлыг тодорхойлох боломжгүй. (3хх 213-246 дахь тал)
6.3.Анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсний улмаас компанийн үйл ажиллагаа алдагдалд орсон болох нь тус компанийн 2015-2020 оны орлогын албан татварын тайлан, мөн хугацааг хамаарах санхүүгийн тайлангуудаар тогтоогдож байна гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэх, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журамд нийцээгүй. Хэрэгт компанийн 2012 оны жилийн санхүүгийн тайлан (2хх 132-135 дахь тал) авагдсан ч нотлох баримтын шаардлага хангаагүй, бусад хугацаанд хамаарах санхүүгийн тайлан авагдаагүй тул шүүхийн дээрх дүгнэлтэд санхүүгийн тайланг дурдсан нь үндэслэлгүй байна.
6.4.Нотлох үүргийн хуваарилалтын дагуу нэхэмжлэгч нь өөрт учирсан гэм хор, түүний хэмжээг нотлох үүрэгтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлаа баримтаар нотлох үүргээ хариуцагч биелүүлээгүй, нэхэмжлэгч компанийн үйл ажиллагааны доголдолтой холбоотой баримтуудыг нотлох баримтаар няцаагаагүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт нийцээгүй, нотлох үүргийг зохигчид буруу хуваарилжээ.
7.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гээс гэм хорын хохиролд 176,543,850.69 төгрөг гаргуулахаар шаардсаныг хангах үндэслэл тогтоогдоогүй байна.
Иргэдийн төлөөлөгч нь хариуцагчид холбогдуулан гаргасан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэсэн хэдий ч дээрх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй учир дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.
8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* холбогдуулан гаргасан 176,543,850.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг, 344,738,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/ШШ2026/00988 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч ******* холбогдуулан гаргасан 176,543,850.69 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийг, 344,738,825 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ы нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 1,040,670 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЗОЛЗАЯА