Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 1624

 

 

   2019         10           24                                 2019/ШЦТ/1624

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,

Улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Н.Б холбогдох 1903 00863 0386 дугаартай хэргийг 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Завхан аймагт төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,  жолооч ажилтай, ам бүл 1, Орхон аймгийн Баян-Өндөр сум   тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Улаанбаатар хотод Баянзүрх дүүргийн   тоотод түр оршин сууж байгаа, гавьяа шагналгүй,

Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 201 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцогдож Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208.1.3-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болсон, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Н.Б .

 

/Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

           

          Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Хүрмэн” эмийн сангийн зүүн талын замд Хьюндай Портер маркийн 27-99 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Жамъянпүрэвийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр хэргээ ярьсан учир одоо нэмж ярих зүйлгүй… Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэргээс хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-11/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхчимэгийн өгсөн мэдүүлэг /хх-15-16/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8938 дугаартай дүгнэлт /хх-32/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 363 дугаартай дүгнэлт /хх-85-86/, шүүгдэгч Н.Б ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-92/ шинээр Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 201 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоол 3 хуудас зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 11 цагийн үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо “Хүрмэн” эмийн сангийн зүүн талын замд Хьюндай Портер маркийн 27-99 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөнөөс явган зорчигч Н.Жамъянпүрэвийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь: 

         

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхчимэгийн өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 40 минутын орчим би өөрийн бага хүү 1 нас 2 сартай эрэгтэй Н.Жамъянпүрэвийгээ урдаа тэврээд Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг “ХААН” банкны баруун талын гарцаар “Хүрмэн” эмийн сангийн зүүн зам хөндлөн гарах гэж байсан юм. Тухайн үед 1 болон 2 дугаар эгнээнд явж байсан машинууд зогсоод намайг гараараа “яв, яв” гэсэн дохио өгсөн. Би тэгэхээр нь зам хөндлөн гарах гээд гарцаар гарах гэтэл нүд ирмэхийн зуургүй 3 дугаар эгнээгээр нэг Портер маркийн машин гараад ирсэн ба уг машины ачааных нь дунд хэсэгт би гар хэсгээрээ шүргүүлээд миний тэвэрч явсан хүү минь даацанд нь шидэгдээд газар доошоо хараад унасан. Би шоконд ороод орилоод хүү дээрээ очоод хүүгээ газраас автал 5-6 минут ухаан орохгүй сэрэхгүй байсан. Гэтэл хүү гэнэт сэрээд аймар бахирч уйлахаар нь би хөхөө хөхүүлсэн, удаагүй түргэний машин ирээд хүү бид хоёрыг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан.” /хх-15-16, 19/ гэх мэдүүлэг,

Мөн түүний Тээврийн Цагдаагийн албанд гаргасан: “...Миний бие Н.Н.Б 1.200.000 төгрөгийг хүлээн авсан. Надад цаашид санал гомдол нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-65/ гэх хүсэлт, 

 

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагч М.Шинэцэцэгийн өгсөн: “...”Очир хайрхан билэг” ХХК-ниас намайг иргэний хариуцагчаар томилсон. Энэ ослын талаар тухайн өдөр нь жолооч Н.Б сонссон. Манай байгууллагад энэхүү машинд ямар нэгэн эвдрэл гараагүй.” /хх-22-23/ гэх мэдүүлэг,

 

         Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8937 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Т.Мөнхчимэгийн биед зүүн шууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

  1. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлчийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-30/ гэх дүгнэлт,

 

          Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 8937 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

  1.  Н.Жамъянпүрэвийн биед зүүн зулай, чамархай ясны шугаман хугарал, зүүн талын дагзны заадасны диастазан хугарал, баруун дагзны дэлбэнгийн хатуу хальсан дээрхи цусан хураа, духны зулгаралт, баруун, зүүн өвдөгний цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

  2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

  3. Дээрхи гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-32/ гэх дүгнэлт,

 

              Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 363 дугаартай дүгнэлтэд:

           1. Киа Бонго маркийн 27-99 УНГ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Найдандорж овогтой Батцэнгэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

           2. Явган зорчигч Т.Мөнхчимэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

           3. Зам тээврийн осол гарахад замын тэмдэг, тэмдэглэгээ болон замын бусад байгууламж нөлөөөлсөн гэх үндэслэлгүй байна.” /хх-85-86/ гэх дүгнэлт,

 

              -Тээврийн цагдаагийн алба, жижүүрийн шуурхай удирдлагын хэлтсийн дуудлагын лавлагааны хуудас /хх-3/, 

              -Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-4-11/,

              -Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12/,

             -“Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 43004 дугаартай дүгнэлт, хавсралт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-38-43/,

             -Гэмтэл согог судлалын Үндэсний төвөөс ирүүлсэн Н.Жамъянпүрэвийн өвчний түүх /хх-49-57/,

             -Мөнгөн шилжүүлэг, хохирлын баримтууд /хх-60-64/

  -Шүүгдэгч Н.Б ял шалгах хуудас /хх-92/ болон хавтас хэрэгт цугларсан бусад бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам

зөрчих гэмт хэрэг гэдэг нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Н.Б 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Н.Б нь баримтаар учирсан хохирлыг нөхөн төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Т.Мөнхчимэг “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

            Гэвч шүүхээс насанд хүрээгүй хохирогч Н.Жамъянпүрэв, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхчимэг нар нь эмчилгээний зардал болон гэм хорын зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

           Энэ хэрэгт тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Шүүхээс шүүгдэгч Н.Б ял шийтгэл оногдуулахдаа нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

           

            Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгчийн ¹095865 дугаартай В, С, Д ангилалын жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэхээр тогтов.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Н.Б тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасч, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Н.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Н.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Н.Б В, С. Д ангилалын 095865  дугаартай жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар Н.Б оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг тэнссэн үеэс эхлэн тоолсугай.

 

7. Насанд хүрээгүй хохирогч Н.Жамъянпүрэв, түүний хууль ёсны төлөөлөгч Т.Мөнхчимэг нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

     9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Н.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ,                                     Э.ЧИНГИС

                      ШҮҮГЧ