Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00472

 

 

  

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10559 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* нарт холбогдох

Хариуцагч нарын хооронд байгуулсан 2015.06.10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, ******* байр, *******тоот хаягтай, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хууль бус барьцаанаас орон сууцыг чөлөөлж, улсын бүртгэл дэх барьцааны бүртгэлээс хасуулахыг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.*******ХХК нь 2014 онд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт барих орон сууцны барилгад захиалга авах тухай зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явуулсан. Үүний дагуу миний бие 2014.07.07-ны өдөр тус компанитай 020 дугаартай Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээг байгуулж, *******хотхоны ******* байрны 9 дүгээр давхрын *******тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалан, түүний үнэ 62,700,000 төгрөгийг хуваарь ёсоор бүрэн төлж дуусган, 2016.12.02-ны өдөр орон сууцаа хүлээн авч, 2016.12.10-ны өдөр нүүж орсон.

Ингээд орон сууцаа үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтуудыг авахаар 2017 оноос эхлэн *******ХХК-д хандсан ба тус компани миний худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр хөрөнгө оруулагч гэгдэх *******г улсын бүртгэлд бүртгүүлсэн байсан. Иймээс орон сууцны хууль ёсны өмчлөгч гэдгээ тогтоолгохоор 2020 онд шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан ба Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.26-ны өдрийн 102/ШШ2023/03432 шийдвэрээр миний бие тухайн орон сууны өмчлөгчөөр тогтоогдож, 2024.06.10-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн.

1.2.Гэвч уул орон сууц иргэн *******ийн барьцаанд байгаа, барьцаа нь улсын бүртгэлд бүртгэлтэй гэсэн лавлагаа гарч ирсэн. Тодруулбал, хариуцагч *******ХХК нь надтай 2014.07.07-ны өдөр гэрээ байгуулж, төлбөрийг нь авсан атлаа үүнээс хойш бараг нэг жилийн дараа 2015.06.10-ны өдөр иргэн *******тэй 2015/06/******* дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, *******хотхоны ******* байрны 8470 м.кв талбайтай, 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг бүхэлд нь барьцаалж, гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн, энэхүү барилга дотор миний худалдан авсан 9 дүгээр давхрын *******тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц байрлаж байна. Энэ компани бусдад худалдсан орон сууцыг иргэн *******т барьцаалуулсан нь худалдан авагчийн өмчлөх эрхийг илтэд зөрчсөний дээр барьцаалагч иргэн *******ийн тухайд ч барилгаас орон сууцууд зарагдаж байгаа нь тодорхой байсан тэр үед асуудлыг огт нягтлалгүйгээр барилгыг бүхэлд нь барьцаалж, *******ХХК-д хөрөнгө оруулсан нь тун ч ойлгомжгүй, шударга бус, хууль зөрчсөн хэрэг юм.

1.3.Иймд *******ХХК болон ******* нарын хооронд 2015.06.10-ны өдөр байгуулсан 2015/06/******* барьцааны гэрээний иргэн миний дор дурдсан орон сууцанд холбогдох хэсгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3 дахь хэсэг зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэн, миний өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, *******хотхоны ******* байрны 9 дүгээр давхрын *******тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хариуцагч *******ийн хууль бус барьцаанаас чөлөөлж, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т зааснаар тухайн орон сууцыг улсын бүртгэл дэх барьцааны бүртгэлээс хасуулахыг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Иргэн *******, *******ХХК нарын хооронд 2015.06.10-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулагдаж, холбогдох хууль тогтоомжийн дагуу нотариатаар гэрчлүүлэн, үүргийн гүйцэтгэлд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 хороолол, *******хотхоны 8470 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцны барилгыг 1500 м.кв эзэмших эрхтэй газрын хамт барьцаалж эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Барьцааны эд хөрөнгө нь тухайн үед бусдад давхар барьцаалагдаагүй, хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх зөрчигдөөгүй болохыг барьцааны гэрээний 3.1 дэх заалтад дурдсан. Түүнчлэн уг гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үед тухайн үл хөдлөх хөрөнгүүдтэй холбоотой ямар нэг урьдчилсан бүртгэл, тэмдэглэгээ байгаагүй. *******ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ******* нь шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд талууд маргаан бүхий асуудлаар эвлэрснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.09.30-ны өдрийн 102/ШШ2020/02840 дугаар захирамжаар баталгаажуулсан. Гэвч *******ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул одоо шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна.

2.2.Нэхэмжлэгч ******* нь 2014 онд *******ХХК-тай орон сууц захиалгын гэрээ байгуулсан гэх боловч энэ гэрээгээ хуулийн дагуу улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй буюу эрхээ хэрэгжүүлээгүй байна. *******, *******ХХК нарын зээлийн болон барьцааны гэрээнүүд нь хуулийн хүчин төгөлдөр хэвээр бөгөөд холбогдох хуульд барьцааны зүйлийг бусдад шилжүүлэх талаар тогтоосон журам зөрчсөн эсэхийг үл харгалзан тухайн барьцаа хүчинтэй. Мөн *******ХХК нь иргэн *******тэй зээлийн болон барьцааны гэрээ байгуулах үед бусадтай байгуулсан ямар нэг хэлцлийн талаар дурдаагүй тул ******* байгуулсан гэх гэрээний талаарх мэдэх боломж байгаагүй.

Дээрх үйл баримтуудаас үзэхэд иргэн ******* нь холбогдох хууль тогтоомжийн дагуу дээр дурдсан 8470 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцны барилгыг 1500 м.кв эзэмших эрхтэй газрын хамт хамгийн анх барьцаалсан хууль ёсны барьцаалагч тул иргэн ******* нэхэмжлэлийг үндэслэлгүй хэмээн үзэж байна.

Иймд иргэн ******* нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Мөн дээрх барьцааны гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэж шийдвэрлэсэн Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.12.07-ны өдрийн 001/ХТ2021/01491 тогтоол байгаа тул дээрх асуудлаар дахин нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

3.Хариуцагч *******ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:

3.1.Хариуцагч *******ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг бүхэлд нь дэмжиж байна. *******эс шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь ******* нь *******ХХК-тай 2014.07.07-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан ч улсын бүртгэлд бүртгүүлээгүй. Уг барилгыг барьж дуусгахын тулд *******ХХК-ийн захирал **************ээс 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, газрыг барьцаалж мөнгө авч, барилгыг барих гэсэн боловч барьж чадаагүй. Барилгаа *******д худалдаж, ******* захирлаар ажиллаж байхдаа ******* буюу *******гэдэг хүнээс хөрөнгө оруулалт авсан боловч мөнгийг төлж чадаагүй учраас шүүхийн шийдвэр гарсан. Улсын бүртгэлийн сонсгох ажиллагаа явагдаж, улсын бүртгэлд захиалгын гэрээнд бүртгүүлээгүй 44 айл, 53 айл гэсэн 2 орон сууцыг Б.Дөлгөөн, *******д шилжүүлэн өгсөн байдаг.

3.2.Мөн 2015.06.10-ны өдөр *******ийн зээлийн барьцаанд очсон энэхүү хугацааг ******* мэдэх боломжтой. Хэдийгээр шүүхээс 2023 онд *******өмчлөгч мөн гэж тогтоосон боловч *******ийн барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцоогүй, өнөөдрийг хүртэл *******т *******ХХК өртэй, өрийг төлж явдаг.

Иймд *******ХХК болон ******* нарын хооронд байгуулсан барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 160 дугаар зүйлийн 160.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, *******ХХК-ийн хооронд байгуулагдсан 2015.06.10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний ******* өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны гэрээнээс Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, ******* байр *******тоот, улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, хоёр өрөө орон сууцыг чөлөөлж, барьцааны гэрээнд зохих бүртгэл хийхийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, *******ХХК нараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5.Хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.3, 7.2, 7.4 дэх хэсэгт заасныг эс зөвшөөрч байна. Учир нь *******ХХК-ийн хүсэлтээр Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр багт баригдаж байсан дуусаагүй барилгыг дуусгах зорилгоор иргэн *******, *******ХХК-ийн хооронд 2015.06.10-ны өдөр 2015/06/10 тоот зээлийн гэрээ, 2015/06/******* тоот барьцааны гэрээ байгуулагдаж, *******хотхоны 8471 м.кв талбайтай 2 ширхэг орон сууцны зориулалттай барилгыг 1500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрын хамт барьцаалж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн. Мөн *******ХХК нь гэрээ байгуулагдах үед барьцааны эд хөрөнгө бусдад давхар барьцаалагдаагүй, хэн нэгэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй болохыг барьцааны гэрээний 3.1 дэх хэсэгт дурдаж оруулсан байдаг.

Зээлийн болон барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх үед тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой ямар нэг бүртгэл, урьдчилсан тэмдэглэгээ байгаагүй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд иргэн *******ийн барьцаалж буй үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үнэн зөв мэдээллийг олж авах боломж нь барьцаалуулагч *******ХХК-ийн талаас өгөх мэдээлэл, мөн тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой мэдээллийг бүртгэх, мэдээлэх эрх бүхий улсын бүртгэлийн байгууллагын мэдээлэл юм.

Үүнээс үзэхэд шүүхийн шийдвэрт ...*******ХХК нь орон сууцны захиалга авч иргэдтэй гэрээ байгуулж байсан, үүнтэй холбоотойгоор худалдан авагч төлбөр төлж байгаа үйл баримт илэрхий байснаас үзэхэд барилгыг бүхэлд нь барьцаалах эрх байгаа эсэхийг ******* нь мэдэх боломжтой байсан гэж үзэхээр байна..." гэж дурдсан нь үндэслэлгүй байна.

5.2.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 7.3 дах хэсэгт "...нэхэмжлэгч ******* нь улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэгээ хийлгээгүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байх ба Иргэний хуулийн 185 дугаар зүйлийн 185.4 дэх хэсэгт урьдчилсан тэмдэглэлийг эрх эзэмшигчийг тогтоох зорилгоор үл хөдлөх хөрөнгийн эзэмшигчийн зөвшөөрлөөр хийнэ гэж заасанд нийцэхгүй байна..." гэжээ.

Иргэний хуулийн 182 дугаар зүйлийн 182.1 дэх хэсэгт "Улсын бүртгэлд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийг бүртгүүлнэ", мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилан тэмдэглэл хийж болно" гэж заасан. Гэтэл иргэн ******* нь хуулиар олгогдсон эрх үүргээ хэрэгжүүлээгүйгээс болж ******* нь тухайн үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой үнэн зөв мэдээллийг олж авах нөхцөлийг бүрдүүлээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрт иргэн ******* нь *******ХХК болон иргэн ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ болон ******* өмчлөх эрхийн талаар мэдэх ямар боломж байсан талаар үндэслэл дурдаагүй. Иргэн *******, *******ХХК-ийн хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээнүүд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр бөгөөд улсын бүртгэлийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн.

5.3.Шийдвэрийн үндэслэх хэсгийн 8.1 дэх хэсэгт "...иргэн ******* нь 2014.02.22-ны өдөр *******ХХК-тай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж 2677.22 м.кв талбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаалан зээл олгож, улмаар зээлийн гэрээтэй холбогдуулан *******, *******ХХК нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээтэй холбоотой шаардлага гаргаж шийдвэрлүүлсэн нь нэхэмжлэгчийн шаардлагад хамаарахгүй, тодруулбал дээрх маргаан бүхий асуудал нь нэхэмжлэгч *******, хариуцагч *******ХХК нарын хооронд байгуулагдсан 2014.07.07-ны өдрийн орон сууц захиалгаар бариулах тухай гэрээнд хамаарахгүй тул хариуцагч нарын татгалзал үндэслэлгүй" гэжээ.

Иргэн ******* өмчлөлийн энэхүү үл хөдлөх эд хөрөнгийн өмнөх өмчлөгч ******* нь өөрийн өмчлөлийн байруудтай холбогдуулан *******ийн барьцаалбарыг хүчингүй болгуулах талаар 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасныг 3 шатны шүүхээр хэлэлцээд Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.12.07-ны өдрийн 001/ХТ2021/01491 дугаар тогтоолоор *******ХХК болон иргэн ******* нарын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр болохыг тогтоосон.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

6.1.Анхан шатны шүүх хариуцагч *******ийг шударга бус барьцаалагч гэж дүгнэсэн. Маргаан бүхий орон сууц нь анх 2014 онд баригдаж эхэлсэн. 2014.07.07-ны өдөр нэхэмжлэгч орон сууцанд захиалга өгч төлбөрийг төлж худалдан авсан. Баригдаж байсан тухайн орон сууцны 2 блок барилгыг барьцаалж хариуцагч *******ХХК 1,500,000,000,000 төгрөгийн зээл авсан. Тус орон сууцанд захиалга авч байгаа тухай Дархан хотын телевиз, радио, мэдээллийн хэрэгслийн зарын дагуу нэхэмжлэгч ******* нь 2014 оны 07 дугаар сард худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. ******* 1 жилийн дараа орон сууцны 2 барилгыг бүхэлд нь барьцаалахдаа орон сууц худалдан борлуулагдсан талаар мэдэх ёстой байсан гэх агуулгаар анхан шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэсэн. Барьцаалах эрхийг шударгаар олж аваагүй гэж дүгнэсэн.

6.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй төөрөгдөлд оруулсан гэж давж заалдах гомдолдоо дурдсан. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч, өв залгамжлагчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор эрхийн улсын бүртгэлд урьдчилсан тэмдэглэл хийж болно гэж заасан. Хариуцагч нь дээрх хуулийн зохицуулалтыг үндэслэл болгосон. Гэтэл Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт урьдчилсан тэмдэглэл хийлгэх мэдүүлгийг өмчлөгч, эзэмшигч, ашиглагч, эрх шилжүүлэн авагч хамтран гаргана гэж заасан ба нэхэмжлэгчид хамтран гаргах боломж байгаагүй. 2014 оны 07 дугаар сард нэхэмжлэгчийг орон сууцны захиалга өгөхөд тухайн барилгыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлээгүй, *******ХХК нь өмчлөгч байгаагүй, хожим нь барилгыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн.

Иргэний хуулийн 112 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгийн үнийг төлсөн тохиолдолд өмчлөгч гэж үзэх боловч хууль ёсны өмчлөгч болохын тулд улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байх ёстой. 2014-2024 онд 10 жилийн хугацаанд *******ХХК нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж, өмчлөх эрхийг шилжүүлээгүй, дараагийн барьцаалагч *******д шилжүүлсэн байсан. Нэхэмжлэгч ******* нь шүүхийн шийдвэрээр 2024.06.10-ны өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж өмчлөгчөөр тогтоогдсон. Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсний дараа тухайн барилгыг захиран зарцуулах гэтэл тус барилга нь хариуцагч *******ийн барьцаанд байсан.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* нарт холбогдуулан тэдгээрийн хооронд байгуулагдсан 2015.06.10-ны өдрийн зээлийн барьцааны гэрээний нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******дугаартай, Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, ******* байр, *******тоот хаягтай, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, хууль бус барьцаанаас орон сууцыг чөлөөлж, улсын бүртгэл дэх барьцааны бүртгэлээс хасуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу үнэлж, дор дурдсан үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.******* болон *******ХХК-ийн хооронд 2014.07.07-ны өдөр Орон сууц захиалгаар барих гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр *******ХХК нь Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, ******* байрны *******тоот хаягт байрлах, 62.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2014 оны 4 дүгээр улиралд багтаан хүлээлгэн өгөх, ******* нь орон сууцны үнэд 62,700,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцжээ.

3.2.******* орон сууцны үнэ 62,700,000 төгрөгийг бүрэн төлсөн, харин *******ХХК өмчлөх эрх шилжүүлэх үүргээ биелүүлээгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргаж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.09.26-ны өдрийн 102/ШШ2023/03432 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.20-ны өдрийн 210/МА2023/02027 дугаар магадлалаар дээрх орон сууцны өмчлөгчөөр *******тогтоосон байна.

3.3.Улмаар *******д 2024.06.10-ны өдөр орон сууц өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогджээ.

3.4.*******ХХК нь 2015.06.10-ны өдөр *******тэй зээлийн гэрээ, барьцааны гэрээ байгуулж, 1,500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 13 дугаар хороолол, *******хотхоны 8470 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 50 хувийн гүйцэтгэлтэй 2 барилга болон 1500 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалуулж, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Барьцааны гэрээнээс үзэхэд, *******ХХК нь 2014.09.03-ны өдөр 8470 м.кв талбайтай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг улсын бүртгэлд бүртгүүлжээ.

3.5.******* нь *******ХХК-ийг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаж, талууд маргаан бүхий асуудлаар эвлэрснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.09.30-ны өдрийн 102/ШШ2020/02840 дугаар захирамжаар баталгаажуулсан талаар хариуцагч тайлбарласан.

 

4.Нэхэмжлэгч нь хариуцагч нарын байгуулсан барьцааны гэрээний өөрийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцаанаас орон сууцыг чөлөөлүүлэхээр шаардсан ба хариуцагч нар нь барьцааны гэрээ байгуулах үед тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой урьдчилсан бүртгэл, тэмдэглэгээ байгаагүй учир барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэж маргажээ.

4.1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт Сонирхогч этгээд хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар шаардаж болно гэж заасан ба хариуцагч нарын байгуулсан барьцааны гэрээгээр нэхэмжлэгчийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө барьцаалагдсан тул нэхэмжлэгчийг тус барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар шаардлага гаргах эрхтэй сонирхогч этгээд гэж үзнэ.

4.2.Анхан шатны шүүх хариуцагч *******ХХК-аас нэхэмжлэгч *******тэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсны дараа хариуцагч *******тэй барьцааны гэрээг байгуулсан нөхцөл байдал, түүнчлэн тухайн цаг хугацаанд *******ХХК иргэдээс орон сууцны захиалга авч, гэрээ байгуулж, худалдан авагчаас төлбөр төлөгдөж байсан үйл баримтыг тус тус харьцуулж, орон сууцны барилгыг бүхэлд нь барьцаалах эрх *******ХХК-д байгаа эсэхийг барьцаалагч ******* мэдэх боломжтой байсан гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг зөрчөөгүй байна.

Барьцааны гэрээ хийгдэх үед *******ХХК 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын өмчлөгчөөр бүртгэлтэй байсан хэдий ч уг бүртгэлийг буруу ташаа болохыг мэдсэн гэж үзэх тул түүний өмчлөх эрх хамгаалагдахгүй.

4.3.Иймээс хариуцагч ******* нэхэмжлэгчийн орон сууц өмчлөх эрхийн хүрээнд барьцааны эрхийг шударгаар олж аваагүй байх тул хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан барьцааны гэрээний нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.6 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалтад нийцжээ.

Хариуцагч нарт холбогдуулан гаргасан барьцаанаас орон сууцыг чөлөөлж, улсын бүртгэл дэх барьцааны бүртгэлээс хасуулахыг даалгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, барьцааны эрх дуусгавар болох үндэслэл, үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.6, 160.3 дахь хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.4.Нэхэмжлэгч болон хариуцагч *******ХХК-ийн хооронд 2014.07.07-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдах үед үл хөдлөх эд хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй байсан учир нэхэмжлэгчийг урьдчилсан тэмдэглэл хийлгээгүй гэж буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн хэрэгт Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.12.07-ны өдрийн 001/ХТ2021/01491 дугаар тогтоол авагдсан байх бөгөөд *******, *******ХХК-ийн хоорондын хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд маргаан бүхий ******* нарын байгуулсан барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнэсэн нь энэ иргэний хэрэгт хамааралгүй гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

 

5.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 192/ШШ2025/10559 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ийн төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД   Б.АЗБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА