| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/04197/И |
| Дугаар | 210/МА2026/01201 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/01201
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/03109 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******тэй 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр 127 ширхэг фитнесийн болон спа тоног төхөөрөмж, нэр, лого, хичээлийн ая, пэйж хуудас, компанийн хувьцаа зэргийг 125,000,000 төгрөгөөр худалдахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 90,000,000 төгрөг төлж, үлдэгдэл 35,000,000 төгрөгийг 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дотор шилжүүлэхээр тохиролцсон.
1.2. Худалдах, худалдан авах гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, биет байдлын доголдолтой тоног төхөөрөмж, эд хөрөнгө хүлээлгэн өгч, эрх ашиг хохироосон гэх агуулгаар ******* нь 90,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд гаргасан, шүүх нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2025 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
1.3. Иймд шүүхийн шийдвэрээр *******тэй байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн “Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр гэж үзсэн тул гэрээний үлдэгдэл төлбөр 35,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга:
2.1. *******тай байгуулсан 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн Хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний хавсралтаар хөрөнгийн нэрсийг жагсаан бичсэн бөгөөд уг жагсаалтын эхэнд нэр, лого, нэр хүнд, хичээл ая, пэйж гэх мэтийг 35,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Бодит байдалд гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй. 35,000,000 төгрөгөөр үнэлсэн нэр, лого, хичээл, ая зэрэг нь Монгол Улсын Оюуны өмчөөр баталгаажаагүй, цахим орчинд нээсэн пэйжийн админ эрхийг хүлээлгэн өгөөгүй, зөвхөн пост хийх тохиргоо хийсэн байсан. Гэрээний зүйлсийн холбогдох хэсгийг хүлээн аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1-д заасныг баримтлан *******ээс 35,000,000 төгрөгийг гаргуулан *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 332,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нарын хооронд 0289 дугаартай Хөдлөх эд хөрөнгө “Худалдах, худалдан авах гэрээ”, 0288 дугаартай “Хувьцаа худалдах, худалдах авах гэрээ”-нээс татгалзаж, гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 90,000,000 төгрөгийг буцаан гаргуулахтай холбоотой иргэний хэргийн маргаан Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05229, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2025/00113 дугаартай магадлалаар тус тус шийдвэрлэгдсэн.
Өөрөөр хэлбэл шүүх *******ийн тайлбар нь гэрээнээс татгалзах үндэслэлд хамаарахгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч ******* нь 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 35,000,000 төгрөг буюу 0289 дугаартай гэрээний хавсралтад заасан агуулгаар нь үзвэл эдийн бус хөрөнгөд хамаарч болохуйц жагсаалтад заасан зүйлсийн үнийг нэхэмжилсэн. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өмнөх иргэний хэргийн шүүхийн шийдвэр, магадлал, 0289 дугаартай гэрээг нотлох баримтаар өгсөн.
Гэтэл 0289 дугаартай гэрээ нь Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний харилцаанд хамаарах талаар гэрээний Ерөнхий зүйл буюу 1.1 дүгээр зүйл болон 4.1 дүгээр зүйлд тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл 0289 дугаартай гэрээний хавсралтад заасан эдийн бус хөрөнгөтэй холбоотой харилцааг уг гэрээгээр нарийвчлан зохицуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05229, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2025/00113 дугаартай магадлалд эдийн бус хөрөнгөтэй холбоотой хийсэн шүүхийн дүгнэлт нь гэрээгээр зохицуулагдаагүй харилцаанд дүгнэлт хийсэн гэж үзэхээр байх тул шүүхийн шийдвэр, магадлалд хийсэн дүгнэлт нь *******ын 2025 оны 5 дугаар сарын 02-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй.
4.2. 0289 дугаартай гэрээний хавсралтад заасан эдийн бус эрх нь тухайн гэрээгээр нарийвчлан зохицуулагдаагүй байх тул иргэний эрх зүйн ерөнхий зохицуулалтаар зохицуулагдана. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.5-д “Эзэмшигч этгээддээ ашиг өгөх, эсхүл бусдаас шаардах эрх олгох эрх буюу шаардлага, оюуны үнэт зүйл нь эдийн бус хөрөнгөд хамаарна” гэж заасан. 0288 дугаартай Компанийн хувьцаа шилжүүлэх гэрээний хувьд 100,000 төгрөгөөр тогтоогдсон бөгөөд уг компанийн хувьцаа нь 90,000,000 төгрөгийн хөдлөх эд хөрөнгө шилжүүлэн өгөхтэй хамт шилжих үндэслэл болсон гэж өмнөх шүүхийн шийдвэр магадлалд өгсөн тайлбартаа дурдсан байдаг. Харин *******ын хувьд 0289 дугаартай гэрээний хавсралтад заасан /нэр, лого, нэр хүнд, хичээл, ая, пэйж/ эдийн бус хөрөнгийн эрх эзэмших эрхтэй этгээд гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй бөгөөд уг хууль ёсны эзэмших эрхтэй эрхүүдийг шилжүүлэн өгөөгүй.
Хариуцагчийн хувьд хариу тайлбар болон шүүхийн хэлэлцүүлэгт дээрх байдлаар мэтгэлцэж оролцсон болно. Өөрөөр хэлбэл талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан бол зээлийн гэрээнд заагдсан мөнгийг гэрээний нэг талд нөгөө талд шилжүүлэн өгсөн бол гэрээний үүргээ шаардах эрх үүснэ, эсхүл эдийн бус хөрөнгө буюу эрхээр тодорхойлогдох зүйлсийн эрхийг зохих байгууллагад бүртгүүлэх байдлаар гэрээний нэг талд шилжүүлэн өгөхийг ойлгоно. Гэтэл Монгол Улсын хуулиар эзэмших, өмчлөх эрхтэй эсэх нь үл мэдэгдэх зүйлсийг гэрээний зүйлсийг тухайн гэрээгээр зохицуулагдаагүй байхад уг гэрээний хавсралтад бичигдсэн эдийн бус зүйлсийг шалгаж аваагүй, гэрээнд нарийвчилсан шаардлага тавиагүй үндэслэлээр өөрийгөө эзэмших, өмчлөх эрхтэй байсан мэтээр тайлбарлан, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон эдийн бус хөрөнгө эзэмшихтэй гэж тайлбарлахыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотолсон гэж үзэхгүй.
Тухайлбал, цахим орчин дахь фейсбүүкийн пэйж, групп эрх бүхий этгээд нь АНУ-д бүртгэлтэй фейсбүүкийн хэрэглэгчийн эрхийг бусдад худалдах эрх хэрэглэгчид олгогдоогүй болно. Тухайн хэрэгт ******* нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон баримтаа гаргаж өгөөгүй байсан тул хариуцагчаас татгалзлын үндэслэлээ хариу тайлбартаа тусгасан болно. Иргэний хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ. Бусад тохиолдолд тэдгээрийг хамтруулан шийдвэрлэх эсэхийг шүүх шийдвэрлэнэ.” гэж заасан. Өөрөөр хэлбэл хариуцагчийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын татгалзалтай холбоотой асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргах үндэслэлгүй гэж үзсэн тул сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
Мөн хариуцагчийн хувьд анхан шатны шүүх хуралдаанд гэрээний үнийг бууруулах агуулга бүхий тайлбарыг хийгээгүй бөгөөд харин өмнөх *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний үнийг бууруулах байдлаар гаргасан бол ач холбогдолтой байсан байж болох юм гэж тайлбарыг хэлж байсан.
Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон өөрчлөлт оруулж өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөө авах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч эдийн бус хөрөнгөд хамаарч байгаа учраас оюуны өмчид бүртгүүлсэн байх шаардлагыг тавьсан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд оюуны өмчид бүртгүүлсэн байх шаардлагыг тусгаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчээс “энэ мөнгийг төлбөл яах вэ” гэж асуухад нэхэмжлэгч талаас “фейсбүүк хуудас дагагчтай бэлэн байгаа, тэрийг авахгүй байгаа” гэж хариулсан. Хариуцагч талаас энэ фейсбүүк хуудсыг авах талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй. Сөрөг нэхэмжлэл гаргаагүй үндэслэлээ “анхан шатны шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байна” гэж тайлбарладаг. Хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд идэвхгүй оролцдог. Нэхэмжлэлийн шаардлагыг нотлох үүрэг нэхэмжлэгчид ногдсон бол хариу тайлбар татгалзлаа нотлох үүрэг мөн хариуцагчид ногдоно. 35,000,000 төгрөгийг төлөхгүй байх хангалттай нотлох баримтыг хариуцагч талаас гаргаж, мэтгэлцээгүй гэж үзэж байна. Ажлын байрыг 125,000,000 төгрөгөөр үл хөдлөх эд хөрөнгөөс бусад доторх эд хөрөнгийг үнэлж зарсан байна гэдгийг анхан шатны шүүхээс тогтоосон. Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг нь хангах хууль зүйн үндэслэлгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 35,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
3.1. Талууд 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 0289 дугаартай “Хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь фитнес болон спа тоног төхөөрөмж, нэр, лого, нэр хүнд, хичээл ая, пэйж хуудас зэрэг 127 ширхэг эд хөрөнгийг шилжүүлэх, ******* нь 125,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 121-122/
3.2. Дээрх гэрээний дагуу ******* нь 90,000,000 төгрөг төлж, холбогдох эд хөрөнгийг хүлээн авсан үйл баримтад талууд маргаагүй, тэдний маргааны зүйл нь 35,000,000 төгрөгийн үнэ бүхий нэр, лого, нэр хүнд, хичээл ая доголдолтой эсэх, эдгээр эд хөрөнгө болон пэйж хуудсыг хүлээлгэн өгсөн эсэх, үнийг төлөх эсэх асуудал болсон.
4. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, гэрээний дагуу нэхэмжлэгчээс доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн байх тул гэрээний үлдэгдэл төлбөр 35,000,000 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж дүгнэж, уг мөнгөн хөрөнгийг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байхаас гадна Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцжээ. Учир нь
4.1. Талуудын 2023 оны 6 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-гээр ******* нь *******аас фитнес болон спа тоног төхөөрөмж, нэр, лого, нэр хүнд, хичээлийн ая, пэйж хуудас зэрэг 127 ширхэг эд хөрөнгийг 125,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, гэрээний үнээс 90,000,000 төгрөгийг төлсөн боловч ******* нь гэрээний хавсралт 1-д заасан 35,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд хөрөнгийг шилжүүлэн өгөөгүй буюу нэр, логог оюуны өмчийн газраар баталгаажуулж хүлээлгэн өгөөгүй, фитнесийн үйл ажиллагааны онцлог, нэр хүнд агуулсан сургалт, хичээлийн хөтөлбөр бүхий хичээл, ая хүлээлгэн өгөөгүй, “Фитзоне” фэйсбүүк группын нэвтрэн орох эрх, админы эрхийг өгөөгүй зэргээс гадна хэд хэдэн үндэслэлийг зааж гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 90,000,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Дээрх маргааныг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 101/ШШ2024/05229 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 210/МА2025/00113 дугаар магадлалаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******аас 90,000,00 төгрөг гаргуулах тухай *******ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. /хх-ийн 4-12/
Ийнхүү шүүх шийдвэрлэхдээ талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, уг гэрээний хавсралт 1-д заасан эд хөрөнгүүдийг хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, ийнхүү хүлээн авах үедээ эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан байх тул худалдан авагч ******* нь шаардлага гаргах эрхээ алдсан гэж дүгнэж, түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
5. Иймд хариуцагч нь гэрээний хавсралт 1-д заасан эд хөрөнгө болох нэр, лого, хичээл, ая зэрэг нь оюуны өмчөөр баталгаажаагүй, пэйжийн админ эрхийг хүлээлгэн өгөөгүй үндэслэлээр гэрээний үлдэгдэл төлбөр 35,000,000 төгрөгийг төлөхөөс татгалзах эрхгүй байх тул энэ талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.4 дэх хэсэгт нийцнэ.
Өөрөөр хэлбэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцааны талаар зохигч маргах эрхгүй тул нэр, лого, нэр хүнд, хичээл ая, пэйж хуудас доголдолтой эсэхийг шүүх дахин тогтоохгүй. Иймд худалдах, худалдан авах гэрээний дагуу эд хөрөнгийг хүлээлгэн өгөөгүй гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзал үндэслэлгүй, энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
6. Анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдлийг хэвээр үлдээнэ.
7. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 192/ШШ2026/03109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА