Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/01196

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2026/04185 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч *******-д холбогдох

204,251,903 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1.******* нь 2023.08.04-ний өдөр *******-тай хамтран ажиллах гэрээ байгуулан өөрийн эзэмшлийн Шакма маркийн том оврын хүнд даацын чиргүүлтэй автомашинаар Өмнөговь аймагт хил орчмын нүүрс тээвэр, Таван толгой төмөр замын ажилд ачаа тээврийн ажил хийж гүйцэтгэсэн. Дээрх ажлын хөлс, тээврийн зардлыг *******-ийн захирал *******, менежер ******* нараас удаа дараа шаардахад янз бүрийн шалтаг тоочсоор өдийг хүрлээ.

1.2.Анх хамтран ажиллах гэрээ байгуулахдаа цаашид 2 жилийн хугацаатай сунгаж явахаар тохирч *******, ******* АР, ******* ТЧ улсын дугаартай автомашиныг шилжүүлэхээр тохирсон. ******* нь 2025.01.02-ны өдөр түрээсийн гэрээ байгуулахыг шаардсан, хувь хүн рүү мөнгө шилжүүлж болохгүй байгаа учир хамтран ажиллах гэрээгээ түрээсийн гэрээ болгоод, автомашиныг компанийнхаа нэр дээр шилжүүлж өгөх шаардлага тавьсны үндсэн дээр түрээсийн гэрээг өөрийн 100 хувь хувьцааг эзэмшдэг *******ийн нэрээр байгуулсан.

1.3.Талууд тооцооны үлдэгдлийн баталгаагаар дээрх 2 гэрээг дүгнээд, 2024.04.01-2025.06.30-ны өдрийг дуусталх хугацаанд өгч авалцсан зүйлээ нягтлан бодох бүртгэлийн бичилтээр тулгаж, ******* түрээсийн төлбөрт ЭТТ-ТАТ чиглэлд 86,271,803.63 төгрөг, Цагаанхад-Ганцмод чиглэлд 122,980,099.95 төгрөг, нийт 209,251,903.58 төгрөгийн өртэй гарсныг баталгаажуулж, 2025 оны 08-12 дугаар сарын хооронд хувааж төлөхөөр тохиролцсон. Гэвч тэрээр энэ хугацаанд 5,000,000 төгрөгийг ******* дансанд шилжүүлсэн, үлдэх төлбөрийг төлөөгүй. Тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэний дараа тээврийн хэрэгслийг буцаагаад ******* өөрийн нэр дээр шилжүүлээд авсан.

Иймд хариуцагчаас 204,251,903 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1.Дараах шалтгаануудын улмаас тооцоог дахин сайтар нягталж үзэх шаардлагатай гэж үзэж байна. Үүнд: Нэхэмжлэгч талын нотлох баримт болгон өгсөн Тооцоо нийлсэн акт нь 2025.06.30-ны өдрийн байдлаар хийгдсэн байх бөгөөд тооцоо нийлсэн нягтлан бодогч ******* нь 2025.03.09-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. Мөн уг тооцоо нийлсэн актад дурдагдсан мөнгөн дүнгийн задаргааг бүрэн ирүүлээгүй.

2.2.******* нь өөрийн эзэмшлийн *******аар 2024.01.02-ны өдөр ТГ-13/2024 тоот гэрээг хийснээр өмнөх буюу иргэн *******тай хийсэн 2023.08.04-ний өдрийн 08/02 тоот хамтран ажиллах гэрээ нь хүчингүй болсон.

2.3.Мөн компани 2023.09.27-ны өдрөөс эхлэн гэрээнд дурдагдсан суутгалуудыг тооцож, доорх байдлаар нийт 164,681,866.24 төгрөгийг нэхэмжлэгч талд шилжүүлсэн.

9/27/2023 ******* ******* 16,980,092.50 *******,

10/16/2023 ******* ******* 23,344,971.20 *******,

1/20/2024 ******* ******* 39,255,810.00 *******,

4/11/2024 ******* ******* 20,000,000.00 *******,

4/18/2024 ******* ******* 4,721,786.70 *******,

5/22/2024 ******* ******* 19,165,565.84 *******,

6/25/2024 ******* ******* 10,000,000.00 *******,

6/11/2024 ******* *,152,055.00 *******,

11/14/2024 ******* ****** 13,061,585.00 ХХБ төгрөг,

2/27/2025 ******* ******* 10,000,000.00 ******* захирал хувь данс /үүнийг нэхэмжлэгч тал нотлох баримтад дурдсан/

2025-8 сард ******* ******* 5,000,000.00.

2.4.Талуудын хооронд 2024, 2025 онд хийгдсэн гэрээний 3 дугаар бүлэг /түрээслэгчийн эрх, үүрэг/-ийн 3.2.7-д Түрээслүүлэгч тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажаагүй тохиолдолд гэрээний төлбөрийг шилжүүлэхгүй байх эрхтэй гэж заасан байгаа хэдий ч нотлох баримтад хавсаргасан тооцоо нийлсэн актаас өөр тооцоо нийлсэн баримт байхгүй. Иймээс хоёр тал сууж тооцоо нийлэх шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасныг баримтлан хариуцагч *******-аас 204,251,903 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 1,179,210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,179,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Хэрэгт авагдсан нотлох баримтын тухайд: Шүүх хуралдаанаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шинжлэн судалсан нотлох баримт болон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд нь хэргийн бодит нөхцөлийг хөдөлбөргүйгээр тогтоогоогүй. Өөрөөр хэлбэл талуудын хооронд үүссэн маргаан нь хэд хэдэн гэрээний төлбөр тооцоонд хамаарах бөгөөд хэргийн бодит байдлыг тогтооход талуудаас нэлээдгүй баримтыг шүүхэд хүргүүлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх нь нотлох баримтын хангалтгүй байдал болон талуудын маргаж буй асуудлыг зөвөөр тогтоож чадаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт "Хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж заасан. Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэргийг хянан шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдол багатай, бодит нөхцөл байдлыг бүрэн тогтоох боломжгүй баримтат мэдээллүүд байсан. Тухайлбал, талуудын хооронд цаг хугацааны хувьд дараалан байгуулагдсан гурван гэрээний нэг гэрээг огт дурдаагүйгээр барахгүй нэхэмжилж буй төлбөр тооцоонд огт хамааралгүй, хугацаа нь дууссан гэрээг үндэслэн төлбөр нэхэмжилсэн. Гэтэл анхан шатны шүүхээс тус нотлох баримтуудыг бүх талаас нь үнэлж, дүгнэлгүйгээр түүнд үндэслэн шийдвэрээ гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үнийн дүнг нотлох Тооцооны үлдэгдлийн баталгааг *******-ийг төлөөлж ******* тооцоо нийлсэн. Ингэхдээ тооцооны нягтлан бодогч ажилтай гэж өөрийгөө тодорхойлсон. Тус тооцооны актыг үйлдсэн хугацааг дурдаагүй, 2024.04.01-2025.06.30-ны өдрийг хүртэлх тооцоог баталгаажуулсан тул 2025.06.30-ны өдөр байгуулагдсан гэж үзэх боломжтой. Гэсэн хэдий ч ******* нь *******-ийн гүйцэтгэх захирлын 2025.03.09-ний өдрийн Б/07 тоот тушаалаар өөрийн хүслээр чөлөөлөгдсөн. *******ын ажлын байрны тодорхойлолт нь тээвэр зохицуулагч бөгөөд тээвэрлэлтийн үйл ажиллагаанд хяналт тавих, зохицуулах, тээвэрлэгч, тээвэрлүүлэгчдийг шаардлагатай мэдээллээр хангах, замын хуудас, тээвэрлэлтийн дагалдах баримт бичгийн бүрдлийг хангуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл тооцооны нягтлан бодогч ажилтай байх боломжгүй буюу манайхаас тооцоо нийлэх эрх бүхий этгээд биш болно.

Түрээсийн гэрээний 3.1.10 дахь хэсэгт "Түрээслүүлэгч нь түрээслэгчтэй хамтран тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулах үүрэгтэй", 3.2.6 дахь хэсэгт "Түрээслэгч нь түрээслүүлэгчтэй хамтран тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулах үүрэгтэй", 3.2.7 дахь хэсэгт "Түрээслүүлэгч тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулаагүй тохиолдолд гэрээний төлбөрийг шилжүүлэхгүй байх эрхтэй гэж заасны дагуу түрээслүүлэгчээс тээврийн баримт бичиг болон тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулаагүй тул гэрээний төлбөрийг шилжүүлэхгүй байх эрхтэй. Энэхүү гэрээний заалтуудыг анхан шатны шүүгч харгалзан үзээгүй ба тооцоо нийлэх актыг хуульд заасан үндэслэл, журмаар олж авсан эсэхийг нягталж үзээгүй. Тооцоо нийлсэн акт болон талуудын хооронд үүссэн бусад гэрээний асуудлыг хөдөлбөргүйгээр тогтоох зорилгоор шүүгч шинжээч томилох, талуудаас дахин тайлбар авах, гэрч асуух зэргээр нотлох баримтыг хангалттай хэмжээнд бүрдүүлээгүй тул энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.7 дахь хэсэгт "Энэ хуулийн 38.6-д заасан тохиолдолд нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн" гэх үндэслэлд хамаарна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэж заасан үүргээ шүүгч нь биелүүлээгүй буюу шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Үүний улмаас манай компани өмнө нь төлчихсөн төлбөрийг дахин төлөх, их хэмжээний үндэслэлгүй төлбөр тооцоог төлөхөөр болсонд гомдолтой байна. Энэ нь бидний шударга шүүхээр шүүлгэх эрхийг ноцтойгоор зөрчиж байна.

4.2.Хариуцагч талын мэтгэлцэх зарчмыг хангаагүй тухайд: Хариуцагч хуулийн этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч биеийн эрүүл мэндийн байдал муу, зүүн хөлны ахиллийн шөрмөс тасалсан, шүүх хуралдаанаас бага зэрэг хоцорсон. Гэтэл түүнийг шүүх хуралдаанд оролцуулахгүй хэргийг шийдвэрлэж, мэтгэлцэх боломжоор хангаагүй. Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцож чадаагүй ч урьд өмнөх хуралдаанд энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйл, 168 дугаар зүйлийн 168.1.2 дахь хэсэгт "зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн" бол анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохоор тус тус заасан.

Анхан шатны шүүх нь нэг талын мэтгэлцэх эрхийг хангаагүй, шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр нөгөө талд давуу байдлыг олгосон нь талуудын шүүхийн өмнө эрх тэгш байх эрхийг ноцтойгоор зөрчсөн. Мөн хэрэгт авагдсан нотлох баримтыг нэхэмжлэгчийн тайлбар болон үндэслэлээр үнэлж нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг анхан шатны шүүхийн шийдвэр нь хангаагүй тул тус шийдвэрийг хүчингүй болгож, тухайн хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлийг тусгаж өгсөн бөгөөд уг хэргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл байхгүй.

Хариуцагч нь тухайн тооцоо нийлсэн актыг манай компанийн ажилтан үйлдээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Уг баримтад *******-ийн санхүүгийн албан ёсны тамга, тэмдэг дарагдсан байдаг. Тухайн компанийн ажилтан эсхүл удирдах албан тушаалтан хэзээ ажлаас чөлөөлөгдөх, эрх хэмжээ нь хэрхэн өөрчлөгдөх зэрэг дотоод зохион байгуулалтын асуудлыг нэхэмжлэгч мэдэх боломжгүй. Тухайн акт үйлдсэн ажилтан нь санхүүгийн албаны ажилтан биш бөгөөд тээврийн үйл ажиллагааг хариуцдаг ажилтан гэж хариу тайлбартаа дурддаг. Өөрөөр хэлбэл, тухайн компанид ажилладаг бол хэн ч тооцоо нийлж болно. Хариуцагч нь 2023 оноос хойш энэ асуудлын талаар ярьдаг бөгөөд тухайн компанийн үйл ажиллагаа бодит байдал дээр зогссон. Бид тооцоо нийлэхээр хариуцагч компанийн удирдлагуудтай холбогдох гэж удаа дараа оролдсон бөгөөд тухайн үед хариуцагч компанийг төлөөлж байсан *******той уулзаж тооцоо нийлсэн. Түүнчлэн бид хариуцагч компанид тооцооны үлдэгдлийг танилцуулсны дараа тэдгээр нь түрээсийн төлбөрийг хүлээн зөвшөөрч, 2025 оны 08-12 дугаар сард хэсэгчлэн хувааж, бүрэн төлж барагдуулахаар тооцооны баталгаа гаргаж өгсөн.

5.2.Хариуцагч гомдолдоо өмнө нь нэхэмжлэгч рүү удаа дараа мөнгө шилжүүлж байсан гэж дурдсан байна. ******* нь өөрийн 2 тээврийн хэрэгслийг 2 чиглэлд ажиллуулж, нийт 320,000,000 гаруй төгрөгийн ажил, үйлчилгээг гүйцэтгэсэн. Хариуцагч нь үүнээс хэсэгчлэн төлж 209,250,903 төгрөгийн үлдэгдэлтэй болсон. Бид урьд хийгдсэн төлбөр тооцоог бус, харин төлбөрийн үлдэгдлийг нэхэмжилсэн. Түүнчлэн хариуцагч нь уг төлбөрийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч, хувааж төлөхөөр баталгаа гаргасны дагуу 2025.02.27-ны өдөр 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдсан. Хариуцагч нь үүргээ хүлээн зөвшөөрч, тодорхой төлөлтүүдийг хийснээс хойш үлдэгдэл төлбөрийг төлөхийг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй болно.

Хариуцагчийн өмгөөлөгч нь оролцогчийн эрхийг хангаагүй гэж тайлбарлаж байна. Анхан шатны шүүх хуралдааны явцад хариуцагч нь шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан бөгөөд 2026.01.23-ны өдрийн шүүх хуралдаанд хөлөө гэмтээсэн гэх үндэслэлээр эмнэлгийн магадалгаа ирүүлж хуралдааныг хойшлуулсан. Үүний дараа 2026.03.13-ны өдөр товлогдсон хуралдааныг өмгөөлөгч авна гэх хүсэлтээр дахин хойшлуулсан. Улмаар 2026.03.20-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нь товлосон цагтаа ирээгүй бөгөөд хуралдаан дууссаны дараа ирсэн тул хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэсэн. Иймд шүүхээс хуралдааны тов зарлаагүй, эсхүл хэргийн оролцогчийг үндэслэлгүйгээр оролцуулаагүй нөхцөл байдал байхгүй. Хэрэв хариуцагч нь тухайн үед эмнэлгийн яаралтай тусламж авсан гэж тайлбарлаж байгаа бол холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй боловч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй.

Хариуцагч нь 2025 оны 09 дүгээр сараас хойш тооцоо нийлсэн акт эсхүл өөр гэрээ байгуулсан гэж тайлбарлаж байгаа бол холбогдох нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх үүрэгтэй. Хэрэв тухайн гэрээ бодитоор байгуулагдсан бол гэрээний нэг хувь нэхэмжлэгч *******д байх ёстой. Гэтэл талуудын хооронд байгуулагдсан өөр төрлийн гэрээ байхгүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй. Тухайн хугацаанаас хойш төлбөр төлсөн гэж маргаж байгаа бол энэ талаарх холбогдох баримтыг хуульд зааснаар гаргаж өгөх ёстой. Хариуцагч нь өнгөрсөн 7-8 сарын хугацаанд шүүхэд нэг ч баримт, гэрээ гаргаж өгөөгүй хэрнээ бид холбогдох тооцоог шүүхэд гаргаж өгсөн гэж худал тайлбар гаргаж болохгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан 204,251,903 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагч *******-тай байгуулсан 2023.08.04-ний өдрийн 08/02 тоот хамтран ажиллах гэрээ болон ******* болон *******-ийн хооронд байгуулсан 2025.01.02-ны өдрийн ТГ 13/2025 тоот түрээсийн гэрээ, мөн ******* болон *******-ийн нягтлан бодогч нарын үйлдсэн тооцооны үлдэгдлийн баталгааг тус тус үндэслэсэн.

Хариуцагч нь нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн "*******" ХХК-аар 2024.01.02-ны өдөр ТГ-13/2024 тоот гэрээг хийснээр өмнөх буюу иргэн *******тай хийсэн 2023.08.04-ний өдрийн 08/02 тоот хамтран ажиллах гэрээ хүчингүй болсон, тооцооны үлдэгдлийн баталгаа хүчин төгөлдөр бус гэж маргажээ.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт Нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан.

4.1.Маргааны зүйлээс үзвэл нэхэмжлэгч нь дээр дурдсан түрээсийн гэрээтэй холбоотой шаардлага гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г *******ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал болохыг дүгнэсэн нь үндэслэлтэй боловч уг хамаарал нь "*******" ХХК-ийн шаардах эрхийг өөрийн нэрийн өмнөөс хэрэгжүүлэх эрхийг *******д олгохгүй буюу иргэн ******* болон ******* нь тусдаа бие даасан эрх зүйн этгээд болохыг анхаараагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч ******* нь *******аас дээрх гэрээтэй холбоотой шаардах эрхийг шилжүүлэн авсан гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй.

4.2.Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй бөгөөд үүнд маргааны зүйлийг зөв тодорхойлж, талуудыг маргаанд чиглүүлэх, мэтгэлцүүлэх, тэдгээрийн мэтгэлцэх нөхцөлийг хангах ажиллагаа хамаарна.

Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран нэхэмжлэгч, татан оролцуулж болно, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт Нэхэмжлэгч уг нэхэмжлэлийг гаргах эрхгүй, ... болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр, эсхүл түүний зөвшөөрснөөр нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийг жинхэнэ нэхэмжлэгчээр, ... сольж болно гэж тус тус зааснаар шүүх нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулж, хамтран нэхэмжлэгч оролцуулах, эсхүл нэхэмжлэгчийг солих эсэх асуудлыг нэхэмжлэгч *******аас тодруулах ажиллагааг хийгээгүй байх ба уг ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй байна.

 

5.Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2025.10.13-ны өдөр гардуулж, эрх, үүрэг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан, улмаар хариуцагчийн шүүх хуралдаанд оролцох, нотлох баримт бүрдүүлэх тухай хүсэлтүүдийг хүлээн авч 2026.01.23, 2026.03.13-ны өдрийн шүүх хуралдааныг тус тус хойшлуулсан байх тул мэтгэлцэх эрх хангаагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хязгаарласан гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6.Иймд дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2026/04185 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******-аас 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 433,682 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА