| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 183/2024/00408/И |
| Дугаар | 210/МА2026/00473 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00473
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны *******дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09284 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй
Хариуцагч *******холбогдох
Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр бүртгэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*******өвөө *******2016 оны 10 дугаар сард өөрийн танил "*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал *******өөр дамжуулан *******гөөс эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, *******дүгээр хороо, *******/17023/, Зайсан гудамж, *******байр, ******* тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн эрхийн бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугааруудтай, ******* байр, В2 давхрын 11, 12 тоот хаягт байрлах, тус бүр 12 м.кв талбайтай 2 автозогсоолыг 480,000 ам.доллараар *******худалдан авч өгөхөөр тохиролцон аман хэлцэл хийсэн. Тухайн үед *******насанд хүрээгүй байсан тул хожим 2018.05.12-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг *******тэй байгуулсан. Орон сууцны үнэд 2018.05.12-ны өдөр 50,000 ам.доллар, 2018.05.20-ны өдөр 200,000 ам.доллар, 2018.06.02-ны өдөр 100,000 ам.доллар, 2018.07.01-ний өдөр 130,000 ам.долларыг төлснөөр үнийг бүрэн төлж барагдуулсан бөгөөд талууд 2018.07.01-ний өдөр төлбөр тооцоо дууссан талаар тооцоо нийлсэн актыг хийж баталгаажуулсан.
Харин ******* нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг *******нэр дээр шилжүүлж өгөхгүй янз бүрийн шалтаг хэлсээр олон жил өнгөрсөн.
Иймд дээрх үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр *******тогтоож, улсын бүртгэлд *******өмчлөгчөөр бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй болно.
3.Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХК-ийн тайлбарын агуулга:
******* ББСБ ХХК нь тус банктай 2014.11.28-ны өдөр ЗЭГ/207 тоот Зээлийн эрх нээх гэрээ, 3Б/207 тоот Үл хөдлөх хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 3Б/207/01 тоот Зээлийн барьцааны гэрээ, БГ/207, БГ/207/01, 02, 03 тоот Баталгааны гэрээ, 2016.11.07-ны өдөр ЗЭНГ/207-02 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээ, 2016.12.15-ны өдөр 3Б/CC161215008-1-17 тоот Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулан 620,000 ам.долларын зээлийг жилийн 16.2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэх зориулалтаар зээлж авсан. Мөн 2016.02.08-ны өдөр байгуулсан ЗЭНГ/207-01 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээгээр 1,252,400,000 төгрөгийн зээлийг жилийн 20.4 хувийн хүүтэй болгон 2018.07.04-ний өдор ЗЭНГ/207-03 тоот Зээлийн эрх нээх нэмэлт гэрээг байгуулан 54 сарын хугацаатай болгож өөрчилсөн.
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дүгээр захирамжаар "******* ББСБ ХХК-аас 1,195,621,533 төгрөг гаргуулан "Худалдаа хөгжлийн банк" ХК-д олгохоор шийдвэрлэж, төлбөр төлөгч төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Сүхбаатар болон Хан-Уул дүүрэгт байрлах 9 үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Үүнд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, *******дүгээр хороо, **************байр, ******* тоот хаягтай, 152 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******, Ү-******* дугааруудтай, ******* байр, В2 давхрын 11, 12 тоот хаягтай, тус бүр 12 м.кв талбайтай 2 автозогсоол байгаа болно.
*******, ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч *******холбогдуулан гаргасан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүргийн *******хороо, *******/17023/ хотхон, Зайсангийн гудамж, *******байр, ******* тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн улсын эрхийн бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүргийн *******хороо, *******/17023/ хотхон, Зайсангийн гудамж, ******* байр, В2 давхрын *******тоот хаягт байрлах, 12 м.кв талбайтай автозогсоол, мөн улсын эрхийн бүртгэлийн Ү-******* дугаартай Хан-Уул дүүргийн *******хороо, *******/17023/ хотхон, Зайсангийн гудамж, ******* байр, В2 давхрын 12 тоот хаягт байрлах, 12 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох, улсын бүртгэлд нэхэмжлэгчийг өмчлөгчөөр бүртгэхийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгах тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 5,647,270 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
*******өвөө *******нь 2016 оны 10 дугаар сард танил *******гөөс Хан-Уул дүүрэг, *******дүгээр хороо, *******хотхон, *******байр, ******* тоот хаягт байрлах 4 өрөө орон сууц, ******* байр, В2 давхрын автомашины зогсоолыг 480,000 ам.доллараар худалдан авахаар тохиролцож *******насанд хүрэх үед худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар хойшлуулсан. Хожим *******насанд хүрэх үед 2018.05.12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээний үнэ 480,000 ам.долларыг гэрээ байгуулсан өдөр 50,000 ам.доллар, 2018.05.20-ны өдөр 200,000 ам.доллар, 2018.06.02-ны өдөр 100,000 ам.доллар, 2018.07.01-ний өдөр 130,000 ам.долларыг төлж гэрээний үүргээ бүрэн биелүүлж, 2018.07.01-ний өдөр тооцоо нийлсэн акт хийсэн. ******* нь орон сууц болон автомашины зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлж өгөхгүй шалтаг тоочин явсаар өдийг хүрч шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бөгөөд дээрх эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр *******тогтоохыг зөвшөөрсөн байхад шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхисон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь *******нь худалдагч *******тэй харилцан тохиролцож үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулж, гэрээний үүргээ биелүүлж гэрээний үнийг бүрэн төлж барагдуулсан байхад нэхэмжлэгч *******эд хөрөнгүүдийн өмчлөгчөөр тогтоохгүй байгаа нь үндэслэлгүй болно.
Иймд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шүүхийн шийдвэрт хариуцагчийг хариу тайлбар гаргаагүй гэж дурдсан нь үндэслэлгүй. 2025.03.10-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхэд итгэмжлэгдсэн төлөөлөгч *******хүсэлт гаргаж нэхэмжлэгчийн маргаж байгаа асуудал буюу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэх хариу тайлбараа өгсөн, хүсэлт гэх утгаар илэрхийлсэн байсан. Хэрэв тайлбар гаргаагүй гэж үзвэл Улсын дээд шүүхийн тайлбарт заасны дагуу хүлээн зөвшөөрсөнд тооцож өгнө үү.
Гуравдагч этгээдийн тайлбарласан барьцаа хөрөнгөд 2019 оны шүүхийн шийдвэрээр орон сууц, автозогсоолоос гадна 10 гаруй хөрөнгө байсан. Тухайн хөрөнгүүд нь 1,000,000,000 төгрөгөөс илүү өндөр үнийн дүнтэй, бусад хөрөнгөөр хангах боломжтой нөхцөл байдал байгаа учраас өмчлөгчөөр тогтоолгохоор шүүхэд хандсан. Энэ нь гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас хамгаалах нь зүйтэй. Худалдаа хөгжлийн банк ХК болон хариуцагч ******* нарын барьцааны эрхтэй холбоотой хэлцэл хийгдсэн. Ипотекийн зүйл буюу үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан харилцаа бөгөөд өмчлөлтэй холбоотой зүйл байхгүй. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 154 дүгээр зүйлийн 154.3, 171 дүгээр зүйлийн 171.1 дэх хэсэгт ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдад буюу гуравдагч этгээдэд шилжүүлэхгүй байхыг даалгасан хэлцэл хүчин төгөлдөр бус байна. Хуулиар барьцааны хөрөнгийг худалдан борлуулахыг хориглоогүй. Иргэний хуулийн 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт ипотекийн зүйл болон баримт бичгийг шилжүүлж болохоор заасан. Өмчлөгч нь өөрчлөгдөж болохгүй гэх хуулийн зохицуулалт байхгүй. Өмнө нь зөвшөөрөл авах ёстой талаар Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэгт заасан байсан, барьцаалагчаас зөвшөөрөл авах зохицуулалт хүчингүй болсон учраас худалдан борлуулах эрхтэй.
Худалдах, худалдан авах гэрээг 2018 онд байгуулсан. Шүүхийн шийдвэр 2019 онд гарсан, уг шийдвэрээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн ба өмчлөлийг шилжүүлсэн зүйл байхгүй. Одоо шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа. Бусад хөрөнгүүд нь дуудлага худалдаагаар худалдан борлуулагдсан. Тухайн хөрөнгөтэй холбоотой ажиллагаа хийгдээгүй байгаа учраас хөрөнгийг өмчлөлдөө авах нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг хариуцагчийн зүгээс дэмжиж байгаа.
Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2.Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгож, өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон Худалдаа хөгжлийн банк ХК нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа, талуудын байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус гэх агуулгатай тайлбар гаргажээ.
3.*******, ******* нарын хооронд 2018.05.12-ны өдөр Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, худалдагч ******* нь Хан-Уул дүүрэг, *******дүгээр хороо, *******/17023/, Зайсан гудамж, *******байр, ******* тоот хаягт байрлах 152 м.кв талбайтай 4 өрөө орон сууц болон ******* байр, В2 давхрын 11, 12 тоот хаягт байрлах, тус бүр 12 м.кв талбайтай 2 автозогсоолыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч *******нь үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэд 480,000 ам.доллар төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн, гэрээ хүчин төгөлдөр байна.
4.Талууд 2018.07.01-ний өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж, нэхэмжлэгчээс 480,000 ам.долларыг хариуцагчид төлснийг баталгаажуулсан байна.
5.Хэрэгт ******* болон Худалдаа хөгжлийн банк ХК-ийн хооронд байгуулагдсан 2014.11.28-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019.11.28-ны өдрийн 181/ШШ2019/02429 дугаар захирамж авагджээ.
Дээрх захирамжаар ******* ББСБ ХХК 1,192,526,143 төгрөгийг Худалдаа хөгжлийн банк ХК-д төлөх, уг үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон байх ба барьцаа хөрөнгөд хариуцагчийн өмчлөлийн орон сууц, 2 ширхэг автозогсоол багтсан байна.
Барьцааны эрх нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт тодорхойлсноор үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрх бөгөөд нэхэмжлэлийн зүйл болох орон сууц, 2 ширхэг автозогсоол зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан нь зохигч талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээнд нөлөөлөхгүй.
Тодруулбал ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжүүлэхийг хуулиар хязгаарлаагүй, хориглоогүй учир талууд барьцаа бүхий үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах талаар хүсэл зоригоо илэрхийлж гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасанд нийцсэн байна.
Анхан шатны шүүх барьцааны эрх болон үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцлийн агуулгыг зөв тогтоолгүйгээр худалдагч тал болох хариуцагчийг хэлцэл биелэгдэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгосон гэж буруу дүгнэснийг дээрх байдлаар залруулна.
6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүрэг хүлээдэг тул нэхэмжлэгч нь нэр бүхий 3 үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэхийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлтэй.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны *******дүгээр сарын 11-ний өдрийн 192/ШШ2025/09284 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, *******дүгээр хороо, *******/17023/, Зайсан гудамж, *******байр, ******* тоот хаягт байрлах, 152 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, *******дүгээр хороо, *******/17023/, Зайсан гудамж, ******* байр, В2 давхрын *******тоот хаягт байрлах, 12 м.кв талбайтай автозогсоол, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, *******дүгээр хороо, *******/17023/, Зайсан гудамж, ******* байр, В2 давхрын 12 тоот хаягт байрлах, 12 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгч *******үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр улсын бүртгэлд бүртгэхийг Хан-Уул дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай гэж,
2 дахь заалтын ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч *******гөөс 5,647,270 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч *******эс улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр төлсөн 5,650,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА