| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/15852/И |
| Дугаар | 210/МА2026/01197 |
| Огноо | 2026-05-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/01197
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 197/ШШ2026/08847 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч ******* холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 10,695,102.32 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүхээс зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 2022.12.16-ны өдрийн онлайн цалингийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 7,936,316.12 төгрөг, зээлийн хүү 2,515,365.07 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 243,421.13 төгрөг, нийт 10,695,102.32 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
3.Анхан шатны шүүх хариуцагчаас 6,382,204.33 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, үлдэх 4,312,898 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, уг шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчид эвлэрлийн гэрээ байгуулжээ.
Уг эвлэрлийн гэрээгээр хариуцагч нь 10,695,102.32 төгрөгийг сар бүр 891,258.5 төгрөгөөр 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд нэхэмжлэгчид төлөхөөр харилцан тохиролцсон байна.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд зохигч эвлэрэх эрхтэй бөгөөд дээрх эвлэрлийн гэрээний нөхцөл нь Иргэний хуулийг зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 197/ШШ2026/08847 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* 10,695,102.32 төгрөгийг сар бүр 891,258.5 төгрөгөөр 2026 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 12 сарын хугацаанд нэхэмжлэгч *******-д төлөхөөр зохигч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******-аас 2026 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төлсөн 83,956 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Д.ЗОЛЗАЯА