Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2026/00965

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01506 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******т холбогдох,

 

25,435,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ХХК нь 2010 оноос барилга угсралт, засвар үйлчилгээ, барилгын цэвэр, бохирын шугам хоолойн суурилуулалтын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан олон жилийн туршлагатай компани юм. ******* ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай компанитай холбогдож Төв аймагт ажил гүйцэтгүүлэх хүсэлт тавьж, урьдчилгаа 500,000 төгрөгийг шилжүүлсэн. Улмаар 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* дугаар бүхий ажил гүйцэтгэх гэрээ байгуулж тус өдөр Төв аймгийн ******* суманд байрлах газарт бохир ус зайлуулах нарийн систем бүхий 10 тонн болон 5 тонн багтаамжтай бохир усны септик системийг суурилуулах ажлыг хийж гүйцэтгэсэн.

1.2. Бид ажил гүйцэтгэх гэрээний 11.1-д зааснаар нийт ажлын хөлсийг 25,000,000 төгрөг байхаар, 10.1-д зааснаар ажил гүйцэтгэх хугацааг 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 1 хоногийн хугацаагаар хийж гүйцэтгэхээр тус тус харилцан тохиролцсон. Уг тохиролцооны дагуу манай компани гэрээнд заасан ажлаа зохих ёсоор чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, ажлыг хүлээлгэн өгч, ажлын хөлсөө авах гэтэл мөнгө байхгүй, түр хүлээ, удахгүй өгнө гэх хариултыг өгсөн. Бид ажлаа хийж гүйцэтгэсэн тул захиалагч талыг хүлээхээс өөр аргагүй байдалд хүрсэн ба 2025 оны 02 дугаар сард ажлын хөлсөө нэхэж холбогдоход манай компани ул боов хийж зардаг, одоо ид зарагдах үе тул цагаан сар өнгөрөөгөөд өгье гэсэн хариу өгсөн ч одоог хүртэл төлөөгүй. Ажил гүйцэтгэх гэрээний 14.8-д талууд гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй, эсхүл зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,1 хувьтай тэнцэх алданги төлнө гэж заасан. Уг заалтын дагуу захиалагчийн үүрэг гүйцэтгэх ёстой хугацаанаас өнөөдрийг хүртэл алданги тооцоход нийт 382 хоног байна. Иймд *******аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт ажлын хөлсний үлдэгдэл 24,500,000 төгрөг, алданги 935,900 төгрөг, нийт 25,435,900 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* ХХК-ийн 25,435,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй. Уг ажлыг хийхийн тулд 3,000,000 төгрөгийн кольцо ашигласан. 1,500,000 төгрөг экскаватор хөлсөлсөн. Эдний 2 ажилчин кольцо хөөсөөр наагаад шороогоор булан нүхэнд угсарч өгсөн. Нийт 4,862,000 төгрөг ******* ХХК-аас зардалд гарсан. Энэ 4,862,000 төгрөгийг 2 нугалахад 9,724,000 төгрөг болж байх ба цэвэр ашиг нь 4,862,000 төгрөг болж байхад 25,435,9000 төгрөг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. ******* ХХК ажлаа бүрэн гүйцэтгээгүй, систем хийгдээгүй, кольцо тавигдсан, хоолой угсрагдсан. Уг нь 6 метр газарт ус шингээдэг хоолой гаргуулахаар гэрээ байгуулсан, тодорхой хэмжээний ажил хийсэн учраас 10,000,000 төгрөг төлөхийг зөвшөөрч байна. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 10,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 15,435,900 төгрөгт холбогдох хэсгийг нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 290,130 төгрөгөөс илүү төлсөн 5,000 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д буцаан олгож, үлдэх хэсэг 285,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 174,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт "*******" ХХК хийгдсэн ажлын фото зураг гэх 4 ширхэг зураг ирүүлсэн боловч хэзээ, хэрхэн хийгдсэн ажлын зураг болох нь мөн огноо тодорхой бус тул уг баримтыг үнэлэх боломжгүй" гэжээ. Нэхэмжлэгч нь хариуцагчийн ******* аймгийн ******* суманд байрлах газарт Бохир ус зайлуулах нарийн систем бүхий 10 тонн болон 5 тонны багтаамжтай бохир усны Септик системийг суурилуулах ажлыг гэрээнд заасан хугацаа буюу 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал 1 хоногийн хугацаагаар хийж гүйцэтгэсэн. Уг ажлыг хийж гүйцэтгэсэн талаарх баталгаа болгож холбогдох нотлох баримт буюу фото зургийг хэрэгт гарган өгсөн. Хариуцагч тал тухайн үед буюу ажил хийгдэж байх хугацаанд хажууд нь байсан бөгөөд дээрх гэрээний дагуу хийгдсэн ажил биш, тухайн газар хийгдээгүй гэх байдлаар үгүйсгээгүй, ажил хийсэнтэй маргаангүй, одоо тухайн газарт хийгдсэн ажил байгаа талаар тайлбар гаргадаг. Өөрөөр хэлбэл, ажил хийгдсэнийг хүлээн зөвшөөрдөг. Ажлыг биет байдлын хувьд хүлээн авсан болно. Талуудын хооронд байгуулсан гэрээний 9.1-д "Энэхүү гэрээгээр Ажил гүйцэтгэгч нь Захиалагчийн хүсэлтийн дагуу Бохир зайлуулах систем, угсралт, холболтын ажил гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэнэ" гэж заасан бөгөөд гэрээний үнийг 11.1-д харилцан тохиролцоод баталгаажуулсан. Гэрээний дагуу хийгдэх ажил зөвхөн 1 хонгийн дотор хийгдсэн бөгөөд тухайн үед ямар материалаар хэрхэн хийгдэж байгааг харж танилцсан.

Хэрэв хямд материалаар хийгдсэн гэж үзэж байгаа бол тухайн үед гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах санал гаргах эрх нь нээлттэй байсан. Энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй.

4.2. Ажлын гүйцэтгэлийн талаар Иргэний хуулийн 351 дүгээр зүйлийн 351.1 дэх хэсэгт Захиалагчийн үүргийг тухайлан зааж өгсөн бөгөөд 351.1.2-т "Гүйцэтгэсэн ажлын үр дүнг хугацаанд нь хүлээн авах" гэж заасан. Өөрөөр хэлбэл ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах нь дан ганц ажил гүйцэтгэгчийн үүрэг биш бөгөөд захиалагч тал ажлын үр дүнг хүлээн авч хэрэв гэрээгээр тохиролцсон ажил хийгдээгүй, эсхүл доголдолтой ажил гүйцэтгэсэн нь тогтоогдвол ажлын гомдлын шаардлага гаргах эрхтэйг Иргэний хуулийн 349 дугаар зүйлийн 349.1-д заасан бөгөөд үүний дагуу гомдол гаргаагүй. Энэ байдлыг шүүх шийдвэр гаргахдаа анхаарч үзэлгүйгээр талуудын маргаагүй үйл баримт дээр дүгнэлт хийж хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Миний бие ******* хэвийн боов хийдэг ******* учраас хүн залилж үзээгүй. Надтай анх гэрээ байгуулахдаа 25,000,000 төгрөгт саарал ус гаргадаг байгууламж бариулахаар тохиролцож кольцо хийсэн боловч саарал ус гаргах 17,500,000 төгрөгийн төхөөрөмжийг нэхэмжлэгч талаас тавьж өгөөгүй. Гэрээнд заасан ажлынхаа 30 хувийг хийж өгсөн учраас үнэлгээг тооцоод 10,000,000 төгрөгийг төлье гэж зөвшөөрсөн. Төлөхөөр зөвшөөрсөн 10,000,000 төгрөгөөс урьдчилгаа 500,000 төгрөгийг хасуулах хүсэлтэй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 25,435,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч 10,000,000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг зөв тогтоосон байна.

 

4. ******* ХХК нь *******тай 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ******* тоот ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, тус гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь бохир ус зайлуулах систем, угсралт, холболтын ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч ******* нь нэхэмжлэгчид ажлын хөлс 25,000,000 төгрөг төлөхөөр талууд харилцан тохиролцжээ. /хх6-8/

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Захиалагч ******* нь гүйцэтгэгч ******* ХХК-д урьдчилгаа төлбөрт 500,000 төгрөг төлсөн талаар талууд маргаагүй, харин гүйцэтгэгч гэрээнд заасан ажлыг зохих ёсоор бүрэн гүйцэтгэж, үр дүнг хүлээлгэн өгсөн эсэх, захиалагч үлдэгдэл төлбөрийг төлөх үүрэгтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5.1. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээний 25,000,000 төгрөгийн үнэ бүхий ажлыг гүйцэтгэсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5.2. Харин хариуцагч талаас нэхэмжлэгчийг 10,000,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг зөвшөөрсөн байх ба нэхэмжлэгчээс ажил хүлээлцсэн акт үйлдээгүй байх тул анхан шатны шүүх хариуцагчийн тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг 10,000,000 төгрөгөөр тогтоож, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Иймд, анхан шатны шүүх хариуцагч *******аас 10,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 15,435,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6. Алдангийн хувьд, нэхэмжлэгч гэрээний дагуу ажил гүйцэтгэх үүргээ хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгэсэн болохоо баримтаар нотлоогүй нөхцөлд алданги шаардах эрх үүсэхгүй. Учир нь,

 

6.1. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгэгч ямар нэгэн үйл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар анз авах эрхээ алдана.

 

Өөрөөр хэлбэл, захиалагч ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг хүлээх бөгөөд гүйцэтгэгч ажлын үр дүнг зохих ёсоор бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэж, алданги авах эрхээ алдсан байна.

 

6.2. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч эрх зүйн дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэв.

 

7. Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 26-ны өдрийн 191/ШШ2026/01506 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235,130 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Ч.БАТЧИМЭГ