| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тогтох Гандиймаа |
| Хэргийн индекс | 192/2025/00474/И |
| Дугаар | 210/МА2026/01123 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Даатгал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01123
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Д.Золзаяа, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/03632 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******-д холбогдох
Даатгалын нөхөн төлбөрт 9,004,825 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. *******-тай 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1 жилийн хугацаатай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр даатгалын зүйл болох автомашиныг эхнэр ажилдаа унаж явсан ба бусдын автомашиныг хааж зогсоолд байршуулсан байсан тул өөрийн ажлын газрын охиноор зогсоолоо солиулахаар түлхүүрээ өгч, зогсоолыг өөрчлөх явцад хашаа мөргөж осол гарсан.
1.2. *******-ийн үнэлгээний тайлангаар автомашинд 21,804,825 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Гэрээний 2.1-д жолоо шилжүүлэх үеийн эрсдэлийг даатгагчаас 100 хувиар тооцон нөхөн олговор олгоно гэж заасны дагуу учирсан хохирлыг барагдуулахаар *******-д хандахад 7,800,000 төгрөгийг олгож, үлдэгдэл төлбөрийг олгохоос татгалзсан.
1.3. Гэрээний 4.18.1 дэх заалтыг огт танилцуулаагүй, гэрээний өөр нөхцөлийг гарган тайлбарлаж, Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол гэж нөхөн төлбөрийг бүрэн олгохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй. Даатгалын нөхөн төлбөрт 14,004,825 төгрөг гаргуулахаар шаардсанаас осолд буруутай этгээдээс 5,000,000 төгрөг өгснийг хасаж, үлдсэн 9,004,825 төгрөгийг гаргуулж өгнө үү.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. *******-тай тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг “Түвшин” нөхцөлөөр байгуулсан. 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр тээврийн хэрэгслийг ******* гэх хүн зогсоолд байршуулах үедээ хашаа мөргөснөөр тээврийн хэрэгсэлд 21,804,825 төгрөгийн хохирол учирсан. Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс дээрх тохиолдлыг шалгаж, жолооч *******г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр зүйлийн 1.3, 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасан зөрчил гаргасан болохыг тогтоосон.
2.2. Талуудын байгуулсан даатгалын гэрээний 2.1-д зааснаар зогсоолд байршуулах үеийн эрсдэлийг 20 хувиар бууруулахаар тохирсны дагуу 21,804,825 төгрөгөөс 17,443,830 төгрөг болох бөгөөд мөн уг заалтад даатгуулагчийн буруутай үйлдлийн улмаас хохирол учирсан бол 10 хувь бууруулж, 15,699,474 төгрөг, үүнээс гэрээний 4.18.1-д заасны дагуу Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасан зөрчлийг гаргасан бол 50 хувиар бууруулахаар тохирсон тул 7,849,737 төгрөгийг нөхөн төлбөрт олгосон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д зааснаар *******-аас 3,726,860 төгрөгийг гаргуулан *******-д олгож, нэхэмжлэлээс 5,277,965 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 227,974 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******-аас 74,579 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд тухайн зам тээврийн осол нь би жолоогоо бусдад шилжүүлснээс үүдэн бий болсон тул даатгалын гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар жолоо шилжүүлэх үеийн эрсдэлд тооцож нөхөн төлбөрийг 100 хувиар олгоно гэж мэтгэлцсэн. Харин хариуцагчийн зүгээс тухайн зам тээврийн осол нь тухайн автомашиныг зогсоолд байршуулах үед осол гарсан тул даатгалын гэрээний 2.1 дэх хэсэгт зааснаар “Зориулалтын талбайд тээврийн хэрэгслийг оруулах, байршуулах, хөдөлгөх үед учирсан эрсдэл”-д тооцож, нийт хохирлоос 80% хариуцахаар, мөн тус гэрээний 2.1 дэх хэсэгт “Буруутай тохиолдолд хариуцах хувь гээд хэрэв тухайн зам тээврийн осол нь тухайн жолоочоос болсон бол даатгуулагч 10%-ийг хариуцахаар”, мөн тус гэрээний 4.18 дугаар зүйлд “Дараах үндэслэл тогтоогдсон тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрийг 50 хувь хязгаарлах буюу хасаж олгоно”, 4.18.1 дэх хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас учирсан хохирол” гээд тухайн зам тээврийн ослын улмаас учирсан хохирлын 50 хувийг хариуцахаар тус тус талууд тохиролцсоны дагуу нөхөн төлбөрийг хасаж олгосон. Тодруулбал, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1 дэх хэсэгт заасны дагуу хасаж 7,849,737 төгрөгийн нөхөн төлбөрийг даатгуулагчид олгосон.
Гэтэл анхан шатны шүүх даатгалын нөхөн төлбөрийг 100%-аар бус гэрээний 2.1-т заасан замын хөдөлгөөнд оролцоогүй байх үеийн эрсдэл буюу “Зориулалтын талбайд тээврийн хэрэгслийг оруулах, байрлуулах, хөдөлгөх үед учирч болзошгүй эрсдэл”-ийн тохиолдолд заасан 80%-аар тооцох нь зүйтэй гэж үзсэн.
Харин даатгалын гэрээний 2.1 дэх хэсэгт “Буруутай тохиолдолд хариуцах 10 хувь”, мөн гэрээний 4.18.1 дэх хэсэгт “Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас учирсан хохирлыг 50 хувь хасаж олгоно” гэсэн заалтуудыг тус гэрээний 2.1-ийн нэг дэх хэсэгт заагдсан замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэл буюу даатгуулагч замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлүүдийг даатгагч 100% хариуцах тохиролцоотой зөрчилдөж байна гэж дүгнэсэн нь дээрх дүгнэлттэй нь зөрж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх замын хөдөлгөөнд оролцоогүй байх үеийн эрсдэл буюу зориулалтын талбайд тээврийн хэрэгслийг байрлуулах үеийн 80 хувийн эрсдэлийг хариуцна гэж дүгнэсэн атлаа дараа нь замын хөдөлгөөнд оролцох үеийн эрсдэлийг 100% хариуцна гэсэн заалттай зөрчилдөж байна гэж хоёр өөрөөр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн байна.
4.2. Эрх бүхий албан тушаалтны 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн тэмдэглэлд “...жолооч *******ы ******* нь ******* хотхоны 17/4-р байрны хашаа мөргөсөн нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дахь хэсэгт замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, мөн хуулийн 12.3 дахь хэсэгт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байна гэж дүгнэсэн.
Тухайлбал, аливаа тээврийн хэрэгслийг эрх бүхий этгээд жолоодох нь хуулиар зохицуулсан үйлдэл бөгөөд замын хөдөлгөөний дүрмийг жолооч даган мөрдөх үүрэгтэй. Гэтэл анхан шатны шүүх тухайн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлийг бүрэн үнэлээгүй буюу тухайн осол нь жолооч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсгийг зөрчсөний улмаас үүссэн гэж тогтоосны дагуу ******* нь мөн даатгалын гэрээний 4.18.1 дэх хэсэгт заасны дагуу нөхөн төлбөрийг хасаж олгосон байхад үнэлээгүй.
4.3. Мөн даатгалын гэрээний 8.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч нь *******нд гомдол гаргасан ба тус хорооноос 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ******* нь даатгалын нөхөн төлбөр хасаж олгосон нь үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсэн.
Гэтэл анхан шатны шүүх мөн тухайн нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан хэргийн оролцогчоос гаргаж өгсөн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзнэ гэснийг зөрчсөн байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
5.1. Даатгалын гэрээний дагуу жолоо шилжүүлсэн тохиолдолд учирсан хохирлыг нөхөн төлбөр өгөх харилцаа үүссэн гэж ойлгосон. Үүний дагуу миний бие тухайн өдөр жолоо шилжүүлсэн. Хариуцагч тал намайг ямар буруутай үйлдэл гаргасан эсэх талаар тодорхой үндэслэл дурдаагүй. Даатгалын гэрээгээр олгогдсон эрхийн хүрээнд бусдад жолоогоо шилжүүлсэн. Мөн хариуцагч тал зогсоолд байх үеийн эрсдэл гэх үндэслэлийг гомдолдоо дурдсан. Автомашин асфальт болон шороон замын хөдөлгөөнд оролцож байгаа үеийг автозамын хөдөлгөөнд хамаарна гэж үзэж байна. Даатгалын гэрээнд замын хөдөлгөөнд учирсан эрсдэлийг 100 хувь хариуцна гэж заасан хэр нь нөхөн төлбөрийн хэмжээг бууруулсныг хүлээн зөвшөөрөхгүй.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 14,004,825 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 9,004,825 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон.
3.1. Талууд 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдөр “Тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр ******* нь 65,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий *******улсын дугаартай мерседес бенз Е350 маркийн /Mercedes benz Е350/ тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамж төлөх, ******* нь гэрээнд заасан даатгалын тохиолдол бий болсон нөхцөлд нөхөн төлбөр төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх-ийн 15-21/
3.2. Дээрх гэрээ хэрэгжих хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр даатгалын зүйл болох автомашиныг ******* жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 12.3-т заасныг зөрчсөний улмаас хашаа мөргөж, зам тээврийн осол гаргасан болох нь зам тээврийн осол дээр тогтоосон акт, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл, шийтгэврийн хуудас зэрэг баримтаар тогтоогдсон. /хх-ийн 89-91, 94-95/
3.3. Тухайн ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, хохирлыг *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн үнэлгээний тайлангаар 21,804,825 төгрөг гэж тогтоожээ. /хх-ийн 100-104/
3.4. Талууд дээрх үйл баримт болон даатгалын тохиолдол бий болсон эсэх асуудлаар маргаагүй, тэдний маргааны зүйл нь даатгалын нөхөн төлбөрийн хэмжээнд маргасан.
4. Дээрх гэрээгээр талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээ байгуулагдсан талаар шүүх зөв дүгнэсэн.
4.1. Талууд даатгалын тохиолдол нь автомашиныг зориулалтын талбайд байрлуулах үед бий болсон эрсдэлд хамаарч байгаа үйл баримтад маргаагүй байх тул энэ үеийн эрсдэлийг гэрээний 2.1-д зааснаар хохирлын үнэлгээний 80 хувиар тооцох талаарх шүүхийн дүгнэлт нотлох баримт үнэлэх зарчмыг зөрчөөгүй. Энэ шийдэлд нэхэмжлэгч гомдол гаргаагүй.
4.2. Харин гэрээний 4.18.1-д заасан Замын хөдөлгөөний дүрмийн 12.2, 12.3-т заасныг зөрчсөний улмаас учирсан хохирлыг 50 хувь хасаж, даатгалын нөхөн төлбөрийг олгоно гэсэн тохиролцоо нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус гэж шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэл муутай болжээ.
Дээрх тохиролцоо нь даатгуулагчаас тухайлан тохирсон дүрмийг зөрчсөний улмаас даатгалын тохиолдол бий болсон тохиолдолд олговол зохих нөхөн төлбөрийг багасгаж олгохоор тохирсон буюу даатгагчийн үүргийг тодорхойлсон агуулгатай байна.
Өөрөөр хэлбэл, гэрээгээр нэгэнт тогтоосон үүргээ нөгөө талын хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх байдлаар өөрчлөх буюу татгалзах эрхтэй байхаар даатгагчид эрх олгосон тодорхойгүй зохицуулалт биш байх ба даатгуулагчийн буруутай нөхцөлийг тодорхойлж, үүнээс хамааран даатгагчийн үүрэг тодорхойлогдож байхаар тохирсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцнэ. Иймд тухайлан тохирсон дээрх тохиролцоогоор даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тодорхойлох талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол хангагдана.
4.3. Мөн гэрээний 2.1-д заасан “буруутай тохиолдолд хариуцах хувь 10 хувь” гэж тодорхойлсон нь даатгуулагч эсхүл гуравдагч этгээдийн буруутай үйлдлийн алинд хамаарах нь ойлгомжгүй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлд нийцэхгүй.
Даатгалын гэрээ нь аливаа эрсдэлээс эд хөрөнгө болон бусад эрх, ашиг сонирхлоо хамгаалах, учирч болох үр дагаврыг бууруулах зорилготой бөгөөд энэ нь гагцхүү тохирсон болзол бий болсон нөхцөлд даатгагч нь даатгуулагчид учирсан хохирлыг бүрэн буюу зарим хэсгийг төлөх замаар хэрэгжих болохыг Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсэгт заасан. Өөрөөр хэлбэл, ямар тохиолдолд бүрэн буюу зарим хэсгийг даатгагч хариуцахыг талуудын гэрээгээр тодорхойлогдох учиртай.
Иймд Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт зааснаар гэрээний 2.1-д “буруутай тохиолдолд хариуцах хувь 10%” гэдгийг гэрээний агуулга, зорилготой харьцуулан тайлбарлавал даатгалын тохиолдол бий болоход даатгуулагч буруутай бол эрсдэлийг тодорхой хэмжээгээр өөрөө хариуцах агуулгатай байна.
Энэ талаар анхан шатны шүүх зөрүүтэй дүгнэлт хийсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй боловч хэргийн шийдэлд нөлөөлөхгүй.
5. Учир нь талууд даатгуулагчийн буруутай үйлдлийг гэрээний 4.18.1-д тухайлан тохиролцсон байгаа нөхцөлд 2.1-д заасан ерөнхий зохицуулалтыг давхар хэрэглэж, даатгуулагчийн хариуцлагыг нэмэгдүүлэх байдлаар даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт нийцэхгүй. Иймд тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээ болох 21,804,825 төгрөгөөс 80%-аар тооцож 17,443,860 төгрөг, үүнээс 10% -ийг хасаж, үлдсэн 15,699,474 төгрөгийн 50% болох 7,849,737 төгрөгийг нэхэмжлэгч нөхөн төлбөрт шаардах эрхтэй талаарх хариуцагч байгууллагын тайлбар, татгалзал болон давж заалдах гомдол үндэслэлгүй.
6. Иймд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон боловч хууль буруу тайлбарлан хэрэглэсний улмаас даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг буруу тогтоосон алдааг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэж, хариуцагч байгууллагаас 921,930 төгрөг /21,804,825 х 80% = 17,443,860 х 50% =8,721,930 – 7,800,000/ гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
6.1. Хариуцагч байгууллага нь даатгалын нөхөн төлбөрт 7,849,737 төгрөг төлсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, уг төлбөрт 7,800,000 төгрөг төлсөн гэх нэхэмжлэгчийн тайлбарыг эсэргүүцээгүй тул хариуцагчийн төлбөл зохих төлбөрөөс 7,800,000 төгрөгийг хасах талаарх шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан нотлох үүргийн зарчмыг зөрчөөгүй байхаас гадна мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт нийцжээ.
7. *******ны 2025 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 3/41 дугаартай албан бичиг нь даатгуулагчийн гомдолд даатгалын нөхөн төлбөрийн асуудлаар эрх хэмжээнийхээ хүрээнд өгсөн хариу байх ба уг баримтыг шүүх хэрхэн үнэлсэн талаар дурдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт нийцээгүй. Гэвч шүүх талуудын маргааныг тэдний байгуулсан гэрээг үндэслэх тул дээрх баримт нь маргааныг хянан шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолгүй байна. Ийнхүү нотлох баримтыг шүүх үнэлээгүй нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй тул энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/03632 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “...3,726,860” гэснийг “921,930” гэж, “...5,277,965” гэснийг “8,082,895” гэж,
2 дахь заалтын “...74,579” гэснийг “26,676” гэж тус тус өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,580 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Т.ГАНДИЙМАА