| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гоошоохүүгийн Даваадорж |
| Хэргийн индекс | 101/2016/5674/И/ |
| Дугаар | 1477 |
| Огноо | 2016-08-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 08 сарын 24 өдөр
Дугаар 1477
П.Сүхбаатарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/00025 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: П.Сүхбаатарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П.Чинболдод холбогдох
Гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг
Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч: П.Сүхбаатар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: О.Сарантуул,
Хариуцагч: П.Чинболд,
Хариуцагчийн өмгөөлөгч: Г.Ганцэцэг,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би багын найз П.Чинболдод 2013 оны 6 дугаар сарын 3-нд 80 тооны эр хонь шилжүүлэн өгсөн. П.Чинболд нь “махан бүтээгдэхүүн бэлтгэж худалдаалах компани байгуулсан, чи намайг дэмжиж хөрөнгө оруулаач, чамаас 100 хонь авъя, үнэ хөлсийг 1 хонийг 180 000 төгрөгөөр бодож тооцно” гээд авсан юм. Хонины нийт үнэ 14 400 000 төгрөг болсон. Надад 1 жилийн дараа хонь нийлүүлсний ашиг гэж cap бүр 500 000 төгрөг өгье гэсэн. П.Чинболд энэ ажлаа хийгээд хонийг зарж ашиг олсон, тэр орлогыг надад ашигтай нь өгөх юм гэж итгэж байсан. Гэтэл 2014 оны 3 дугаар сараас би түүний ажил явцгүй болж зогссон гэдгийг сонсож мэдсэн. Ингээд П.Чинболдтой утсаар ярьж найзынхаа хонины мөнгийг өгөөч гэхэд найз нь гаальд ажилд орчихлоо, 6 cap ажиллаад зээлд хамрагдах эрхтэй болно. Зээл аваад чамд 12 000 000 төгрөгийг чинь өгнө гэсэн. Тэр үед бид хоёрын тооцоо 12 000 000 төгрөг болсон. Надад 800 000 төгрөг, 500 000 төгрөг, 1 100 000 төгрөгт мотоцикл тус тус өгсөн. П.Чинболдын аавтай нь уулзахад чиний хохиролд мал өгье гээд 2 000 000 төгрөгт тооцож мал өгсөн. Дараа нь 10 000 000 төгрөг шаардаж П.Чинболдтой олон удаа утсаар ярихад өгөх боломжгүй, өгөх юм алга гэх зэргээр харьцах болсон юм. Ингээд одоо бүр арга барагдаад үлдэгдэл 10 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байна. Иймд миний нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 12 дугаар сараас махны төсөл бичиж эхэлсэн. Уг төслийг 2013 оны 6 дугаар cap гэхэд эхлүүлэх төлөвлөгөөтэй бичиж байсан ч ажлын ачааллаас болж 2013 оны 3 дугаар cap гэхэд дөнгөж судалгааны ажил дээрээ явж байсан тул 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ажлаасаа гарч уг төсөл рүүгээ шамдан орсон юм. Уг төслөө 2013 оны 5 дугаар сарын 1-ний өдөр гэхэд бүрэн дуусаж танилцуулах ажил эхэлж хамтран ажиллах хүмүүст төслөө танилцуулж эхэлсэн. Уг төслийн гол санаа нь гар дамжсан махны худалдааг таслан зогсоож малчдын гар дээрх мал болон махан бүтээгдэхүүнийг, ченжийн гар дамжуулахгүйгээр хэрэглэгчдэд худалдаалах мөн Сайхан сумынхаа малчдын албан ёсны борлуулалтын цэгийг хотод нээх зорилготой бизнесийн төсөл байсан. Төслөө хүмүүст танилцуулсны эцэст Л.Уртнасан, П.Сүхбаатар, П.Чинболд, Б.Бавуудорж Г.Бямбадүүрэн, Б.Мөнхбат гэх 6 хүн хамтран ажиллахаар аман гэрээ байгуулж ажилласан. П.Сүхбаатар нь хамтарч ажиллаж байсан Г.Бямбадүүрэн, Б.Бавуудорж нарыг мал махаа худалдан авч байхад нь өгч явуулсан гэх ба тухайн үед ямар хонь гэдгийг нь би хувьдаа мэдээгүй. Олон хонины махан дундаас энэ П.Сүхбаатарын хонь гэж ялгаж салгасан зүйл тухайн үед байгаагүй болно. Уг бизнес амжилттай эхэлж үйл ажиллагаа явуулсан ч 8 сарын хугацаатай байсныг хэн маань ч олж хараагүй юм. Уг бизнес төсөл өдөр хоног өнгөрөх тусам алдагдалтай ажиллаж 2013 оны 11 дүгээр cap гэхэд Б.Бямбадүүрэн хаяж явж үйл ажиллагаанд орохоо больсон. Тэгээд уг бизнесээ авч үлдэхийн тулд махаа хөрөөдөж вакумлаж дэлгүүрүүдэд нийлүүлж эхэлсэн. Тэгтэл дэлгүүрүүд сардаа нэг удаа тооцоо нийлж байсан нь санхүүгийн хувьд хүндрэл учруулж арга буюу уг бизнесээ зогсоосон юм. Гэтэл уг бизнесийг хамтарч хийчихээд зөвхөн надаас ингэж мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй юм. Хамтарсан бол адилхан тэгш эрхтэйгээр хариуцлага хүлээх үүрэгтэй гэж би хувьдаа бодож байгаа тул үнэн мөнийг олж шийдэж өгнө үү. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дахь заалтыг баримтлан хариуцагч П.Чинболдоос 10 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П.Сүхбаатарт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтад зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, дутуу төлсөн 50 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулан улсын төсвийн орлогод оруулж, хариуцагчаас 174 900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагч П.Чинболд давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “... зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан байна гэж үзэх үндэслэл нь хариуцагч нь ашигт 500 000 төгрөг өгнө гэж харилцан тохиролцсон гэдгээ зөвшөөрч байх тул зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авсан хонийг бусдад худалдан борлуулсаны мөнгийг П.Чинболд дахин хонь худалдан авч, бусдад борлуулах замаар бизнес эрхлэх, 1 жилийн дараагаас уг бизнесээс олсон ашгаас 500 000 төгрөгийн ашгийг П.Сүхбаатарт өгч хамтран ажиллахаар тохиролцсон байна гэж үзлээ” гэжээ. Үүнээс үзэхэд шүүх үүнийг хамтран ажиллах гэрээ гэж дүгнээд байна уу, зээлээр худалдах худалдан авах гэрээ гэж дүгнээд байна уу гэдэг нь ойлгомжгүй байна. Миний бие нэхэмжлэлд дурдсан 80 тооны эр хонийг нэхэмжлэгч П.Сүхбаатараас хүлээж аваагүй бөгөөд 1 хонийг 180 000 төгрөгөөр бодож худалдан авахаар харилцан тохиролцсон зүйл байхгүй, гэрээ байхгүй. Би махны төсөл бичиж үүнийгээ өөрийнхөө найзуудад танилцуулж тэд дэмжсэний үндсэн дээр хамтран ажиллахаар тохиролцсон. Нэхэмжлэгч П.Сүхбаатар нь 80 хонь ч биш 50 ширхэг хонийг өөрийн найз Бямбадүүрэн, Бавуудорж нарт явуулсан гэдэг. Тухайн үед хонины үнэ тохиролцсон болоод эр, эм ямар жинтэй ямар хонь өгснийг мэдэхгүй. П.Сүхбаатар 80 хонь өгсөн гэдэг боловч энэ нь нотлогддоггүй, мөн надад дээрх хонинуудыг өгөөгүй, хонины үнийн талаар ярилцаж тохиролцсон зүйл байхгүй. Гэтэл шүүх Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4-т заасныг үндэслэл болгон 10 000 000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Анхан шатны шүүх хэрхэн яаж хэдэн ширхэг хонийг хэдэн төгрөгөөр худалдахаар тохиролцсон гэдгийг ямар нотлох баримт үндэслэж 10 000 000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох ёстой, гэтэл нотолсон баримт хэрэгт байхгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад би 80 ширхэг хонь аваагүй, 1 ширхэгийг 180 000 төгрөгөөр бодож авсан зүйл байхгүй гэдгийг удаа дараа тайлбарласан. Гэтэл энэ талаар маргаагүй мэтээр шүүхийн шийдвэрт тусгасан нь үндэслэлгүй юм. Иймд илт үндэслэлгүй гарсан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч П.Чинболд давж заалдах гомдол гаргасан боловч зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.3 дахь хэсэгт зааснаар эвлэрснийг бичгээр тохиролцож, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд гаргав. Гэрээ нь нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 дахь хэсэгт заасантай нийцжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт “Давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцсэн, нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгоно. Энэ тохиолдолд улсын тэмдэгтийн хураамж буцаан олгохгүй” гэж заажээ.
Иймд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3 000 000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч нь 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрсэн эвлэрлийн гэрээг баталж, П.Сүхбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч П.Чинболдод холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2016/00025 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч П.Сүхбаатар 10 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс 3 000 000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж, хариуцагч П.Чинболд нь үлдэх 7 000 000 төгрөгийг П.Сүхбаатарт төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, нэхэмжлэгч П.Сүхбаатарын нэхэмжлэлтэй хариуцагч П.Чинболдод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ОЮУНЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН
Г.ДАВААДОРЖ