Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2020/0357

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ж.Ж нэхэмжлэлтэй

захиргааны хэргийг хянасан тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К.Ж нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Ж нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус 7 хуралдааныг даргалагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:

“Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны “Төлөөлөгчийн хуралдааныг хүчингүйд тооцох тухай тогтоол” 04, “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай” 08 дугаар тогтоолын Х.Ж холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох”-ыг хүсчээ.

Хоёр. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр:

“Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 20 дугаар зүйлийн 20.1.1, 23 дугаар зүйлийн 23.3, 23.7, 23.14, 25 дугаар зүйлийн 25.1, 25.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ээлжит бус VII дугаар хуралдааны “Төлөөлөгчийн хуралдааныг хүчингүйд тооцох тухай тогтоол” 04, “Тэргүүлэгчээс чөлөөлөх тухай” 08 дугаар тогтоолын Х.Ж холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:

“...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ холбогдох хууль тогтоомжийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нэхэмжлэлийн үндэслэл болсон нотлох баримтуудыг буруу үнэлсэн юм. Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зарим нэгэн Төлөөлөгчид Хурлын нарийн бичгийн дарга Х.Д нийлж 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдаан хийсэн мэтээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолууд, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 67, 68, 72, 73 дугаар тогтоолуудыг тус тус хуурамчаар үйлдэж Хурлын дарга миний болон бусад төлөөлөгч, Тэргүүлэгчдийн эрх ашгийг ноцтой зөрсөн юм. Үүнийг миний бие мэдсэний дараа тухайн тогтоолуудыг хууль буст тооцож, хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалж, дүгнэлт хийхгүйгээр дутуу шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Үүнд:

1. “2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралдааныг хойшлуулж 67 дугаар тогтоол гаргажээ” гэж буруу дүгнэсэн юм. Нэгдүгээрт 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаан огт болоогүй үүнийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга О.Х болон бусад төлөөлөгч нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа юм. Тэргүүлэгчдийн хуралдааныг хурлын дарга товлон зарлаагүй, Тэргүүлэгчдэд мэдэгдээгүй, энэ талаар ямар нэгэн шийдвэр гараагүй, Тэргүүлэгчдийн хуралдаан хийсэн мэтээр хуурамчаар 67 дугаар тогтоол, тэмдэглэлийг хурлын нарийн бичгийн дарга үйлдсэн байсан нь тогтоогдсон юм. Хурлын дарга О.Ху хурлыг орхин гарсан гэж худал тэмдэглэл хөтөлсөн байсан боловч О.Х гэрчээр асуухдаа үүнийг худал гэдгийг хэлж өгсөн юм. Хоёрдугаарт Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1, 22.1.2-т зааснаар Тэргүүлэгчдийн хуралдааныг хурлын дарга хуралдуулж, хуралдааныг даргалж, гарсан шийдвэрийг ёсчлон баталгаажуулдаг юм. Гэтэл 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67, 68, 72, 73 дугаартай тогтоолуудыг намайг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар нь хариуцагчид болох Д.Е, С.Д, И.Б, Х.Д, М.Ө нар хурлын нарийн бичгийн даргатай хамтран хуурамчаар нөхөн үйлдэж өөрсдөө гарын үсэг зурсан байв.

Хэрэв хуулийн дагуу Тэргүүлэгчдийг хурлын дарга хуульд зааснаар хуралдуулж тогтоол гаргасан бол дарга өөрөө ёсчлон баталгаажуулах ёстой байсан юм. Тэгээд ч хурлын дарга О.Х нь тийм хурал болсон бол мэдэх ёстой байсан, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Тэргүүлэгчид хуралдаагүй, ямар нэгэн тогтоол гараагүй гэдгийг мэдүүлэгтээ хэлж өгсөн. Гуравдугаарт иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67, 68, 72, 73 дугаар тогтоолоор иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг хойшлуулсан, дахин зарласан тогтоолууд бодитоор гарсан бол иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид болох А.М, Б.О, Б.И, Ж.З, С.к, А.С, Х.Ш, С.Х, Р.А, У.С, Х.Ж, Б.Г, Г, Д.С, К.Х, Н.Т, А.Т, Т.С, Ш.Х нар мэдэх ёстой байсан.

Гэвч эдгээр төлөөлөгчид шүүхэд гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүгд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67, 68, 72, 73 дугаар тогтоолоор хуралдааныг хойшлуулсан, дахин зарласан талаар огт мэдээгүй байснаар хэлсэн юм. Иймээс иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 67, 68, 72, 73 дугаар тогтоолуудыг хуурамчаар нөхөн үйлдсэн, хуурамч гэдэг нь тогтоогдож байгаа боловч шүүх үүнийг хамгаалж байгааг ойлгож чадахгүй байна. Хурлын нарийн бичгийн дарга Х.Д ажлаас халснаас болж өөрийгөө хамгаалахын тулд хуурамч тогтоолуудыг нөхөн гаргаж, хуурамч хурал хийсэн мэтээр шүүхийг төөрөгдөлд оруулж байгаа юм. Төрийн эрх мэдлийг хууль бусаар, хуурамч тогтоол гаргаж, огт хийгдээгүй хуралдааныг хийсэн мэтээр худал тэмдэглэл бичиж болдгийг харууллаа. Олон жил шүүхээр маргалдаж, хуурамч бичиг баримт бүрдүүлж, хурлын тогтоолуудыг дур мэдэн өөрчилдөг хурлын нарийн бичгийн дарга Х.Д гэгчээс болж бүхэл бүтэн нэг сумын иргэд хохирол амсаж байна.

2.Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн хуралдаанд нийт 7 Тэргүүлэгчээс 5 Тэргүүлэгч оролцсон мэтээр шүүхээс буруу дүгнэлт хийжээ. Шүүхээс “олонх нь нийлж хуурамч зүйлийг нөхөж хийсэн л бол хуулийн дагуу болжээ” хэмээн дүгнээд шийдвэр гаргаад байж болохгүй. 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр Тэргүүлэгчид хуралдаагүй болох талаар Тэргүүлэгч Б.О гэрчийн мэдүүлэг болон Хурлын даргын мэдүүлгээр тогтоогдсоор байхад шүүх “олон хүний саналаар Тэргүүлэгчид тогтоол гаргажээ” гэж байгаа нь хуульд нийцэхгүй.

3.Шүүхээс “Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 6 дугаар хуралдааныг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдуулахаар товлон зарласан нь хуулийн дээрх заалтад нийцсэн, Тэргүүлэгчдийн бүрэн эрхийн хүрээнд гаргасан” гэж нотлох баримт болон бодит байдлаас гажсан, хууль бус дүгнэлт хийсэн байна. Хариуцагчид 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааныг “ээлжит бус 7 дугаар хуралдаан” гэж товлон зарлаж хуралдуулсан мэтээр хуурамч тогтоолуудыг шүүхэд гаргаж өгсөн байхад шүүхээс 7 биш 6 дугаар хуралдаан хууль ёсны болсон мэтээр дүгнэсэн нь зөвхөн нэг талыг баримтлан хууль бус шийдвэр гаргасны илэрэл юм. Мөн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдааныг хууль бус болохыг тал талаас нь нотлон тогтоож өгсөн байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан дүгнэхгүйгээр буруу шийдвэр гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт болох видео бичлэгт /бичлэгт хийсэн үзлэг/ 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчид болох А.М, Б.О, Б.И, Ж.З нарын хамт Тэргүүлэгчдийн хуралдаан хийж байхад гаднаас Д.Е, С.А, И.Б, Х.Д, М.Ө, С.Д, Д.С, А.Т, Х.Д нар орж ирээд маргаан гаргаж Тэргүүлэгчдийн хуралдааныг үймүүлж, хуралдуулахгүй байсан.

Тэр өдөрт нь ямар нэгэн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болоогүй бөгөөд Тэргүүлэгчдэд бид хурал хийж байхад Д.Е тэргүүтэй төлөөлөгчид ирж оройн 20 цаг хүртэл маргаан гаргаж байгаад тарцгааж явсан. Гэтэл Д.Е болон бусад төлөөлөгчид нь энэ өдөр хуралдаан болсон мэтээр хуурамч тогтоолуудыг гаргасан бөгөөд 2019 оны 9 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдийн хуралдааныг хүчингүй болгосон мэтээр хуурамч тогтоол үйлджээ.

Хэрэв тухайн өдөр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан хийгдсэн гэж байгаа боловч тухайн өдрийн Тэргүүлэгчид бид хуралдаж байсан үеийн видео бичлэгээр иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаан болоогүй гэдэг нь нотлогдсон. Уг бичлэгийг хариуцагчид үгүйсгэж чадаагүй юм. Хариуцагчид 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14:00 цагаас эхэлж хуралдаан хийсэн гэж хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгсөн боловч 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14:00 цагийн үед ямар ч хуралдаан болоогүй бөгөөд харин ч 16:00-20:00 цагийн хооронд Тэргүүлэгчид хуралдаж байсан болох нь уг видео бичлэгээс харагдаж байгаа юм.

Тухайн хуурамчаар үйлдсэн хурлын тэмдэглэлд 21 төлөөлөгч оролцсон, 10 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан гэж байгаа боловч огт хуралдаан болоогүй юм. Хурлын дарга намайг тухайн хуралдааныг эхлүүлчхээд зугтаж гарсан мэтээр огт үндэслэлгүй хуурамч зүйл бичсэн байна. Д.Е, С.Д, И.Б, И.Б, М.Ө нар нь өөрсдийгөө 2019 оны 9 дүгээр сарын 13, 14-ний өдрийн хуралдаанаар Тэргүүлэгчдээс чөлөөлснийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр мэдсэний дараа ийм асуудал бий болгож 10 дугаар сарын 31-ний өдөр гаргасан хэд хэдэн тогтоолыг хуурамчаар нөхөн үйлдсэн. Уг тогтоолын гол агуулга нь 2019 оны 9 дүгээр сарын 13, 14-ний өдрийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны шийдвэрийг үгүйсгэх зорилготой байсан.

Хурлын нарийн бичгийн дарга өөрт байгаа хурлын тамгыг ашиглан хуурамчаар тэмдэглэл үйлдэхдээ “2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 14:00 цагт Хурлын даргын өрөөнд хурал эхэлж 21 төлөөлөгч оролцсон” гэж бичсэн байна. Гэтэл хариуцагчид өөрсдийнхөө гаргаж өгсөн хуурамч тэмдэглэлд баригдсан юм. Өөрөөр хэлбэл 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанд оролцсон гэж байгаа 14 төлөөлөгчөөс гэрчийн мэдүүлэг авахад “Засаг даргын өрөөнд хурал хийсэн” гэж мэдүүлсэн. Бодит байдалд 10 дугаар сарын 31-ний өдөр ямар ч хуралдаан болоогүй байсныг өөрсдөө нотлон харуулж байхад шүүх үүнийг анзаарахгүй байгаад гомдолтой байна.

4.2019 оны 9 дүгээр сарын 13, 14-ний өдрийн хуралдааныг ирц хүрээгүй тул хүчингүй хэмээн хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн явдалд гомдолтой байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.8-д “Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн хугацаа тухайн хурлын шинээр сонгогдсон төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрснөөр дуусгавар болно”, 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн а/-д “Сум, дүүргийн Хурал нь Хурлын төлөөлөгчдийн бүрэн эрхийн тухай асуудлыг өөрийн онцгой бүрэн эрхэд хадгалж хэрэгжүүлнэ”, Хурлын хуралдааны ирцийн хувьд тухайн хуралд төлөөлөгчийн олонх нь хүрэлцэн ирснээр хүчинтэйд тооцогдох бөгөөд нийт 14 төлөөлөгч хуралдаанд оролцож ирц бүрдсэн юм.

Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нийт 27 төлөөлөгчөөс нэг төлөөлөгч нас барж бүрэн эрх нь хугацаанаас өмнө дуусгавар болсноор энэхүү орон гарсан суудлыг нөхөх нөхөн сонгуулийг Ногооннуур сумын Сонгуулийн хорооноос зохион байгуулан сонгогчдын хамгийн олон санал авсан С.А 2019 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор Хурлын төлөөлөгчийн түр үнэмлэхийг олгосон байсан юм. Ард түмнээс сонгогдсон 14 төлөөлөгч буюу олонх нь хуралдаан хийсэн байхад шүүхээс холбогдох хуулийн заалтыг буруу тайлбарласан байна.

Өөрөөр хэлбэл шүүхээс “С.А төлөөлөгчийн бүрэн эрх нь хүлээн зөвшөөрөгдөөгүй байхад 2019 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааныг ирцийн хувьд хүчинтэй гэж үзэх үндэслэлгүй юм” гэж буруу дүгнэжээ. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль ганцхан үе шаттай бөгөөд тухайн сумын оршин суугчдын дундаас ард иргэд нь чөлөөтэй сонгуулийн үндсэн дээр сонгодог юм. Нэгэнт Сонгуулийн хорооны тогтоол гарч үнэмлэх олгосон байхад тухайн хүнийг төлөөлөгчийн саналын эрхтэйд тооцох ёстой байхад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийн сонгуулийг хоёр үе шаттай мэтээр дүгнэлт хийж С.А төлөөлөгчийн эрхгүй гэж шийдвэр гаргасан явдал нь хуульд нийцээгүй.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, тухайлбал нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахыг хүссэн Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2019 оны 4, 8 дугаар тогтоолыг хэлэлцэн баталсан мөн оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаан хийгдсэн эсэх, хийгдсэн тохиолдолд хуульд заасан ирц бүрдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай тогтоогдохгүй байна.

Шийдвэрийн үндэслэлээс үзэхэд “…2019.10.31-ний өдрийн хуралдааны ирцийг 14 төлөөлөгчтэйгээр хуралдсан, энэ нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д заасан Хурлын нийт төлөөлөгчдийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно гэсэн шаардлагыг хангасан…” гэж дүгнэжээ.

Гэтэл давж заалдах гомдолд “…уг өдөр хуралдаан болоогүй, шүүхийн үнэлсэн дээрх хуралдааны тэмдэглэлийг хуурамчаар үйлдсэн…” гэх бөгөөд үүнтэй холбоотой хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдээс үзэхэд шүүхийн дээрх дүгнэлт баримтаар хангалттай тогтоогдохгүй буюу энэ талаарх давж заалдах гомдлыг үгүйсгэх боломжгүй.

Учир нь Хурлын дарга О.Х, Ж.Ж, Ж.З, А.М, Б.О нарын 5 төлөөлөгч хуралдааныг орхин гарсан гэж тэмдэглэлд тусгагдсаныг шүүхээс тэдгээрийн өгсөн тайлбар, гэрчийн мэдүүлэг болон мөн өдрийн хуралдааны ирцийн бүртгэлд гарын үсэг зурагдаагүй зэрэгт үндэслэн “…хуралдааныг орхин гарсан гэдэг нь нотлогдохгүй байна…” гэж дүгнэн ирцэд оруулаагүй, Б.И тухайн хуралдаанд оролцоогүй гэх тайлбарт үндэслэн мөн ирцэд оруулаагүй, С.А төлөөлөгчийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн шийдвэр гараагүй гэсэн үндэслэлээр мөн ирцэд оруулахгүйгээр үлдсэн нийт 14 төлөөлөгчийг хуралдаанд оролцсон гэж дүгнэжээ.

Гэтэл гэрч Р.А “…31-нд болох ээлжит бус 7 дугаар хуралдаанд урилга хүлээн авсан нэрсийн жагсаалтад надад мэдэгдсэн талаар тусгасан боловч энэ нь худлаа, тухайн үед мэдэгдээгүй. Мөн өдөр би сумын төвд байсан ба тухайн өдөр ямар нэг хуралдаан болсон талаар мэдээгүй, сонсоогүй…” гэх;

-гэрч У.С “…31-ний өдөр ээлжит бус 7 дугаар хурал болох талаар надад мэдэгдээгүй, урилга өгөөгүй. Хурал болсон талаар сонсоогүй, мэдэхгүй, мөн өдөр миний бие 4 дүгээр багт гэртээ байсан...” гэх;

-гэрч С.Х, С.Т нарын “…31-ний өдөр ээлжит бус 7 дугаар хурал болох талаар мэдэгдээгүй, ямар нэгэн урилга өгөөгүй. Хурал болсон талаар сонсоогүй, мэдэх зүйл байхгүй, мөн өдөр сумын төв ороогүй, ямар нэгэн хуралдаанд оролцоогүй...” гэх;

-гэрч А.С, Х.Ш нарын “…31-ний өдөр ээлжит бус 7 дугаар хурал болох талаар мэдэгдээгүй, урилга өгөөгүй. Тухайн өдөр Хурал болсон талаар сонсоогүй, мэдэх зүйл байхгүй. Мөн өдөр сумын төвд байсан ба ямар нэгэн хурал болоогүй гэж бодож байна. Ямар ч байсан тухайн өдөр хуралд ороогүй, харин 11 дүгээр сарын 1-ний өдөр хуралдаан болсон гэж сонссон…” гэх;

-гэрч Х.Ж “…31-ний өдөр хурлын даргын өрөөнд 14 цагийн үед хуралдаан эхэлсэн. Миний санаж байгаагаар шинээр баг гаргах болон төлөөлөгч М огцруулах асуудал хэлэлцсэн. Д.Е хуралдаан даргалагчаар томилсон үйл явдал болоогүй, хуралдааны тэмдэглэлд тусгагдсанчилан Төлөөлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх, Тэргүүлэгчдийн хуралдааныг болон тогтоолыг хүчингүйд тооцох, ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн даргыг ажлаас халсан тогтоолыг хүчингүй болгож, эгүүлэн тогтоох, 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн хуралдаан, түүнээс гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгох, Цагааннуур тосгоны захирагчийн сонгуулийн тов зарлах, Сонгуулийн нэгдсэн хороо байгуулах, орон нутгийн орлогын давсан хэсгийн хуваарилалтад өөрчлөлт оруулах, сумын Засаг даргад хариуцлага тооцох, Хурлын даргыг чөлөөлөх, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн гэх асуудлын талаар надад мэдэх зүйл байхгүй.

Миний санаж байгаагаар дээр хэлсэн 2 асуудлыг л хэлэлцэж шийдвэрлэсэн. Мөн тэмдэглэлд намайг Хурлын дарга О.Х чөлөөлөх талаар санал хэлсэн гэж тусгасан байна. Миний бие тийм санал, ер нь ямар нэгэн санал хэлээгүй. Урилгаар оролцсон төлөөлөгчдийн ирцийн бүртгэлд зурагдсан гарын үсэг минийх биш…” гэх мэдүүлгүүдээс тус тус үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдааны ирц хуульд заасан шаардлага хангаж байгаа нь эргэлзээтэй, мөн хэлэлцсэн асуудлын талаар ч дээрх байдлаар төлөөлөгчдөөс зөрүүтэй мэдүүлгүүд гаргасан байх тул эдгээр мэдүүлгийн зөрүүг арилгах, хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлыг тодруулах ажиллагааг бүрэн гүйцэт хийх шаардлагатай байна.

Мөн хэрэгт хавсаргаж ирүүлсэн CD судлагдах боломжгүй, хугархай байдалтайгаар шуудангаар ирсэн, шүүхэд анх нотлох баримтаар гаргаж өгсөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч болон шүүх хуралдааны нарийн бичгийн даргад энэ талаар тухайн үед нь тус тус мэдэгдсэн бөгөөд 31-ний өдрийн хуралдаан болсон эсэх, уг өдрийн хуралдааны тэмдэглэл хуурамч эсэх талаар маргаж буй энэ тохиолдолд нотлох баримтаар үнэлэгдэх боломжгүй болсон CD-ийг судлалгүйгээр, хуралдааны тэмдэглэлд үндэслэн хэргийг шийдвэрлэх нь хангалтгүй.

Иймд давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянах боломжгүй байх тул дээрх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 17 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН