| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/06710/И |
| Дугаар | 210/МА2026/00534 |
| Огноо | 2026-03-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 210/МА2026/00534
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/09588 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******холбогдох
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбат, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь 2019.10.10-ны өдөр ************** УНТ улсын дугаартай, Ниссан навара маркийн автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн. Уг хэлцэлд автомашиныг *******нэр дээр шилжүүлсэн, үнийн дүн 40,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан төлөхөөр заасан.
Гэвч хариуцагч нь тохиролцсон хугацаанд төлбөрөө төлөөгүй бөгөөд шаардуулж байж 20,000,000 төгрөгийг төлөөд, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг одоог хүртэл төлөөгүй.
Иймд *******20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
Бид хоорондоо хэлцэл байгуулсан ч автомашиныг хүлээж аваагүй, *******машиныг шилжүүлнэ гэж ярьсан ч дараа нь асуухад өгөөгүй байсан. Тиймээс хүлээж аваагүй эд хөрөнгөнд төлбөр төлөх боломжгүй юм.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******холбогдох 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 259,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэргийн үйл баримтыг бодитоор тогтоогоогүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Тус шүүхээс нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******2019.10.10-ны өдөр Хэлцэл нэртэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохыг, уг гэрээгээр *******гийн өмчлөлийн Ниссан навара маркийн ******* УНТ улсын дугаартай автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болохыг, автомашиныг нэхэмжлэгчээс *******нэр дээр шилжүүлэхээр болсныг, хариуцагч нь 40,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан төлөхөөр заасан болохыг, хариуцагчаас энэхүү гэрээ байгуулагдсантай маргаагүй болохыг тус тус тогтоосон. Мөн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр гэрээ гэж, нэхэмжлэгч *******гээс гэрээний зүйл болох автомашиныг гэрээнд зааснаар *******шилжүүлж өгөх үүрэгтэй ба шилжүүлж өгсөн эсэх нь маргаан болоод байгааг болон Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвөөс уг машины түүхчилсэн лавлагааг баримтын хамт ирүүлсэн болохыг тус тус үндэслэсэн.
Гэвч анхан шатны шүүхээс "Энэхүү лавлагаанаас үзэхэд иргэн *******өмчлөлд уг автомашин шилжиж ирээгүй байгааг, "*******" ХХК-ийн 2019.10.13-ны өдрийн 19/4-24559 дугаартай албан бичгээр тус компанийн "*******" барьцаалан зээлдүүлэх газраас зээл хүсэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор уг автомашины тээврийн хэрэгслийн гэрчилгээг "*******" ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хүссэн албан бичгийг Автотээврийн үндэсний төвд ирүүлж байжээ" гэж, "Автотээврийн газраас ирүүлсэн баримт бичигт нэхэмжлэгч ******* нь *******2019.10.10-ны өдөр Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байна" гэж, "******* ХХК-ийн 2019.12.09-ний өдрийн 19/4-29553 дугаартай албан бичгээр ... автомашиныг *******нэр дээр шилжүүлж өгөхийг Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст хүссэн боловч өмчлөгчөөр *******нэр дээр шилжүүлсэн байна" гэж, "Нэхэмжлэгч *******гийн ХААН банкны дансанд 2021.07.07-ны өдөр *******ХААН банкны данснаас 20,000,000 төгрөг орлогоор шилжиж орж ирсэн байна" гэж, уг 20,000,000 төгрөг нь автомашины төлбөр эсэх нь тодорхойгүй байна гэж, мөн нэхэмжлэгч ******* нь 2019.10.10-ны өдөр нэг автомашиныг 2 өөр хүнтэй буюу *******, *******нартай гэрээ байгуулсан нь ойлгомжгүй, нэхэмжлэгч *******гийн өмнө *******, *******хоёрын хэн нь жинхэнэ хариуцагчаар тодорхойлогдож автомашины үнийг төлөх этгээд гэдэг нь ойлгомжгүй байна гэсэн утгаар тус тус үндэслэн тогтоосон нь хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн үнэлээгүй, хэргийн үйл баримтыг бодитоор тогтоолгүй дүгнэсэн байна. Улмаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт нотлогддог. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******харилцан тохиролцсоны дагуу 2019.10.10-ны өдрийн Хэлцэл буюу худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, түүний хүсэлтээр *******автомашиныг шилжүүлэхийн тулд нотариатаар гэрчлүүлсэн гэрээг хийх шаардлагатай болж тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хийж *******уг автомашиныг шилжүүлсэн байдаг. Нийслэлийн автотээврийн хэрэгслийн бүртгэл хяналтын төвийн 23 дугаартай 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн "Хуулбар үнэн" гэсэн тэмдэгтэй хуудсанд нэхэмжлэгч *******гээс *******шилжүүлснийг нотлох тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон *******иргэний үнэмлэхийн лавлагааг баталгаажуулсан баримт авагдсан. Мөн тэр үед нотариатаар гэрчлүүлсэн гэрээгээр автомашин хүлээж авсан этгээд нь гуравдагч этгээдэд шилжүүлж болдог байсан.
Үнэндээ ******* ХХК-ийн 2019.10.13-ны өдрийн 19/4-24559 дугаартай албан бичигт ******* ХХК-ийн "*******" барьцаалан зээлдүүлэх газраас зээл хүсэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор доорх автомашин эзэмшигчийг нягтлан шалгаж ямар нэгэн зөрчилгүй, автотээврийн хэрэгсэл болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын болон авто зам ашигласны төлбөрийг бүрэн төлсөн, албан ёсны өмчлөгч нь мөн тохиолдолд тээврийн хэрэгслийн гэрчилгээг ******* ХХК-ийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өмчлөлд шилжүүлж өгнө үү. Татварын гэрчилгээг өмчлөгчийн нэр дээр хэвээр үлдээнэ үү. Овог нэр: *******. Регистрийн дугаар: 3379010914. Марк: Nissan Navara. Арлын дугаар: MNTCC4D23Z0006543. Гаалийн бичиг, улсын бүртгэлийн дугаар *******УНТ. Өнгө: Улбар шар" гэсэн албан бичгийг Автотээврийн үндэсний төвийн Тээврийн хэрэгслийн бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн байна. Энэ нь шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 8.3-т тогтоосон үндэслэлтэй нийцэхгүй байгаа юм. Учир нь уг үндэслэлдээ дээрх хараар тодруулсан бичвэрүүдийг огт оруулалгүйгээр тогтоосон байдаг. *******нь энэхүү албан бичигт дурдсанаар дээрх автомашиныг өөрийн өмчлөлд авсан буюу өмчлөх эрхийг авсан, өөрийн дураар захиран зарцуулж "******* ХХК-ийн "*******" барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч өмчлөх эрхээ шилжүүлсэн болох нь нотлогддог. Угтаа нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******байгуулсан 2019.10.10-ны өдрийн Хэлцэл нэртэй худалдах, худалдах авах гэрээний дагуу *******автомашиныг шилжүүлж өгсөн болох нь давхар нотлогдож буй үйл баримт юм.
******* ХХК-ийн 2019.12.09-ний өдрийн 19/4-29553 дугаартай албан бичгээр Ниссан навара маркийн ******* УНТ улсын дугаартай автомашиныг *******нэр дээр шилжүүлж өгөхийг Автотээврийн үндэсний төвийн бүртгэлийн хэлтэст хүссэн байна. Энэ үед мөн л *******нь өмчлөх эрхээ өөртөө бүртгүүлэлгүйгээр, өөрийн дураар захиран зарцуулах эрхээ эдэлж бусдад шилжүүлсэн баримт тогтоогдсон байдаг.
Нэхэмжлэгч ******* нь удаа дараа *******гэрээнд заагдсан нөхцөлөө биелүүлж хуулийн дагуу үүсэх үүргээ биелүүлж автомашин худалдан авсан төлбөрөө шилжүүл гэж шаардсаны дүнд түүний ХААН банкны дансанд 2021.07.07-ны өдөр *******ХААН банкны данснаас 20,000,000 төгрөг шилжин орж ирсэн баримтыг нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн байдаг. Энэ талаар хариуцагч маргадаггүй.
Нэхэмжлэгч ******* нь 2019.10.10-ны өдөр нэг автомашины гэрээг 2 өөр хүнтэй буюу *******, *******нартай байгуулсан нь ойлгомжгүй гэж шүүхээс үндэслэн тогтоосныг харин бид ойлгохгүй байгаа. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.1-д зааснаар бол "нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******2019.10.10-ны өдөр Хэлцэл нэртэй худалдах, худалдах авах гэрээ байгуулсан болохыг, мөн уг гэрээгээр *******гийн өмчлөлийн Ниссан навара маркийн ******* УНТ улсын дугаартай автомашиныг 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болохыг, уг автомашиныг нэхэмжлэгчээс *******нэр дээр шилжүүлэхээр болсныг, хариуцагч нь 40,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан төлөхөөр заасан болохыг, хариуцагчаас энэхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсантай маргаагүй болохыг тус тус тогтоосон байдаг. Үүнээс дүгнэхэд ингэж тогтоосон хэр нь Үндэслэх нь хэсгийн 10-т болохоор эсрэгээр тогтоосон байгаа нь хэргийн үйл баримтыг гажуудуулсан байна.
Нэхэмжлэгч *******гийн өмнө *******, *******хоёрын хэн нь жинхэнэ хариуцагчаар тодорхойлогдож автомашины үнийг төлөх этгээд гэдэг нь ойлгомжгүй байна гэж тогтоосон нь мөн л хэргийн үйл баримтыг гажуудуулж байна. Шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 5 болон 6-д "Иргэний хуулийн 243 дугааp зүйлийн 243.1 дэх хэсэгт ... заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна гэж, мөн нэхэмжлэгч *******гээс хариуцагч *******худалдах, худалдан авах гэрээний зүйл болох Ниссан навара маркийн ******* УНТ улсын дугаартай автомашиныг гэрээнд зааснаар *******шилжүүлж өгөх үүрэгтэй ба шилжүүлж өгсөн эсэх нь маргаан болоод байна" гэж тогтоосон байдаг. Тэгвэл үнэхээр л *******гээс хариуцагч *******худалдах, худалдан авах гэрээний зүйл болох автомашиныг гэрээнд зааснаар *******шилжүүлж өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсанаар нотариатаар гэрчлүүлэн гэрээ байгуулсан, *******нь *******гээс авсан тухайд 52 дугаар хуудсанд баримт тогтоогдож буй, нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээний дагуу олгогдсон өмчлөх эрхээ эдэлж өөрийн дураар удаа дараа захиран зарцуулсан зэрэг нь тодорхой байдаг.
Мөн шүүхийн шийдвэрт Хариуцагчийн тайлбараар автомашиныг гэрээнд зааснаар *******нэр дээр шилжүүлээгүй тул хүлээн аваагүй эд хөрөнгөд төлбөр төлөх боломжгүй гэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцэж байна" гэж тогтоосон байдаг. Гэтэл Үндэслэх нь хэсгийн 5-д тогтоосон "Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт "Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ" гэж заасантай нийцсэн хүчин төгөлдөр гэрээ байна" гэсний дагуу үйл баримтууд тогтоогддог. Үүнд нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******2019.10.10-ны өдөр "Хэлцэл" нэртэй худалдах, худалдах авах гэрээ байгуулсан болохыг, уг гэрээгээр *******гийн өмчлөлийн Ниссан навара маркийн ******* УНТ улсын дугаартай автомашиныг 40, 000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон болохыг, уг автомашиныг нэхэмжлэгчээс *******нэр дээр шилжүүлэхээр болсныг, хариуцагч нь 40,000,000 төгрөгийг 2020 оны 1 дүгээр улиралд багтаан төлөхөөр заасан болохыг, хариуцагчаас энэхүү худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсантай маргаагүй болохыг тогтоосон. Эдгээрийг Үндэслэх нь хэсгийн 4-т зааж тогтоосон, хариуцагч *******байгуулсан дээрх гэрээний дагуу *******гэрээний зүйл болох автомашиныг шилжүүлэхийн тулд тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг хийж *******уг автомашины өмчлөх эрхийг шилжүүлсэн байдаг.
*******нь нэхэмжлэгч *******тэй байгуулсан гэрээний дагуу өөрийн өмчлөх эрхээ эдэлж, өөрийн дураар захиран зарцуулж "*******" ХХК-ийн "*******" барьцаалан зээлдүүлэх газраас зээл авч өмчлөх эрхээ шилжүүлсэн болон дараа тус компаниас *******шилжүүлэх тухай хүсэлтийг Автотээврийн үндэсний төвд гэсэн албан бичгийг түүнд олгосноор тэрээр бусад этгээдэд шилжүүлсэн тухай баримтууд авагдсан байдаг.
Нэхэмжлэгч ******* нь удаа дараа *******гэрээнд заагдсан нөхцөлөө биелүүлж хуулийн дагуу үүсэх үүргээ биелүүлж автомашин худалдан авсан төлбөрөө шилжүүл гэж шаардсаны дүнд түүний ХААН банкны дансанд 2021.07.07-ны өдөр *******ХААН банкны данснаас 20,000,000 төгрөг шилжүүлсэн баримт авагдсан. Энэ тухайд хариуцагч маргадаггүй.
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******2019.10.10-ны өдөр "Хэлцэл" нэртэй худалдах, худалдах авах гэрээ байгуулсан нь хэн аль нь хүсэл зоригоо бүрэн илэрхийлж хийгдсэн, хүчин төгөлдөр үйлчилсэн гэрээ байна.
Гэрээний нөхцөлийн дагуу нэхэмжлэгч ******* нь *******заасан этгээд буюу *******гэрээний зүйл болох автомашиныг шилжүүлэх тухайд холбогдох гэрээг байгуулж тэр даруйдаа өмчлөх эрхээ шилжүүлсэн байдаг. Гэвч хариуцагч ******* нь гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөлгүй, удаа дараа нэхүүлэн байж 2021 оны 07 дугаар сард 20,000,000 төгрөг дансаар шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг огт төлөөгүй байдаг. Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа гэрээ нь хэрэгжээгүй буюу уг гэрээгээр зааж нэрлэсэн этгээд болох *******гэрээний зүйлийг нь шилжүүлээгүй... гэх утгаар тайлбарлан маргасан байгаа нь гэрээ нь хэрэгжээгүй учраас гэрээнээсээ татгалзсан үйлдэл мөн гэж үзэж байгаа. Мөн энэ үйлдэл нь гэрээний үндсэн дээр үйлдэгдэж бусдын эд хөрөнгийг өөрийн заасан этгээдэд шилжүүлсэн буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдэл мөн юм гэж үзэж байна.
Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан боловч удахгүй төлнө, хөдөө ажиллаж байна, очоод зохицуулж өгье гэх зэргээр тайлбарлаж, сүүлд нь хариу өгөхөө байж сураг алдарч үр дүн гарахгүй байсан төдийгүй цаашид ч ямар нэгэн үр дүн гарахгүй болох нь илт болсноор Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1, 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.1-д заасан нөхцөл байдал үүссэн тул шууд шүүхэд хандахаас өөр гарцгүй болж хуулийн үндсэн дээр үүсэх үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухайд буюу гэрээний нөхцөлд заасан үлдэгдэл төлбөр болох 20,000,000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилсэн байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж шийдвэрлүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Шүүх хуралдааны явцад хариуцагч тал болон түүний өмгөөлөгч хариу тайлбараа гаргаж, өөрийн байр сууриа илэрхийлж байсан болохыг дурдах нь зүйтэй. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд худалдсан автомашин *******өмчлөлд шилжсэн нь тогтоогдсон. Тухайлбал, Автотээврийн үндэсний төвөөс авсан лавлагаагаар уг автомашин *******нэр дээр бүртгэгдсэн бөгөөд тэрээр автомашиныг банк бус санхүүгийн байгууллагад барьцаалсан нь тогтоогдсон. Иймээс автомашин *******өмчлөлд шилжсэн гэх асуудалд талууд маргаагүй.
Харин хариуцагчийн татгалзлын үндсэн шалтгаан нь өөр асуудалд тулгуурлаж байгаа бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэрт дэлгэрэнгүй тусгагдаагүй боловч шүүх хуралдааны тэмдэглэлийн 5 дахь талд дурдагдсан. Тодруулбал, хариуцагч Иргэний хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэг болон 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан шаардлага гаргах эрх, мөн уг шаардлагын хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцсэн. Талуудын хооронд автомашин худалдах, худалдан авах хэлцэл 2019.10.10-ны өдөр байгуулагдсан нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогддог. Мөн автомашины төлбөрөөс 20,000,000 төгрөгийг 2021.07.07-ны өдөр шилжүүлсэн. Иймээс хэлцэл байгуулсан хугацаанаас тооцсон ч, эсхүл сүүлд 20,000,000 төгрөг төлсөн өдрөөс тооцсон ч нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хариуцагч тал үзэж байна. Тиймээс уг төлбөрийг нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй.
Нэхэмжлэгч анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан нь үндэслэлгүй. Давж заалдах гомдолд Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэг, 205 дугаар зүйлийн 205.2 дахь хэсгийг дурдсан. Эдгээр зохицуулалт нь гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахтай холбоотой харилцааг зохицуулдаг. Уг хэрэгт талуудын хооронд гэрээ хүчин төгөлдөр байгуулагдсан эсэх, гэрээ байгуулагдсан талаар маргаагүй. Иймээс анхан шатны шүүх эдгээр зүйл, заалтыг хэрэглээгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Харин анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хөөн хэлэлцэх хугацааг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчтай байгуулсан 2019.10.10-ны өдрийн хэлцлийн дагуу Ниссан навара маркийн ******* УНТ улсын дугаартай автомашины үнийн үлдэгдлийг гаргуулна гэж тодорхойлсон.
Хариуцагч нь шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа хэлцлийн дагуу автомашиныг хүлээж аваагүй, нэхэмжлэгч автомашиныг *******нэр дээр шилжүүлэх байсан боловч шилжүүлээгүй гэж тусгасан байх ба анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нь гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас энэ үүргийг биелүүлэх үүрэггүй гэсэн тайлбар гаргаж мэтгэлцжээ.
4.Нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтыг нотолж буй үндэслэлээ нэхэмжлэгч тал, харин татгалзаж буй үндэслэлээ хариуцагч тал тус тус нотолж нотлох баримтаа гаргах замаар зохигч мэтгэлцэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.2, 107.3 дахь хэсэгт заасан.
Гэвч анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаарх тайлбартай холбоотой тайлбар, мөн нотлох баримт нэхэмжлэгч талд байгаа эсэхийг шүүх тодруулаагүй.
5.Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь талууд мессенжерээр харилцаж, үлдэгдэл төлбөрийн талаар удаа дараа ярилцаж байсан, эдгээр харилцааны баримтыг анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн боловч хүлээж аваагүй гэж тайлбарласан ба анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгч талаас хариуцагчтай чатаар харьцаж байсан, хоорондоо зөвшилцөж байсан гэх баримтыг өгөхөд даргалагчаас баримт нь үзлэг хийгдээгүй, нотлох баримтыг бэхжүүлж, цуглуулах ажиллагаа хийгдээгүй гэж тайлбарлаж хүлээн аваагүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх маргааны зүйлийн талаарх зохигч талуудын тайлбарыг анхаараагүй, маргааны зүйлийг бүрэн тодорхойлоогүй, улмаар талуудыг маргаанд чиглүүлээгүйгээс гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх үйл баримт тодорхой бус үлдсэн байна.
6.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхэд залруулах боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигчийг мэтгэлцсэн гэж дүгнэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул шүүхийн нотлох баримтын үнэлгээний талаар гаргасан давж заалдах гомдолд дүгнэлт өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 192/ШШ2025/09588 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 259,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ЗОЛЗАЯА