Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/01199

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/03348 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 36,075,069.11 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч ******* нь *******-тай 2023.10.17-ны өдөр 90414008743 тоот харилцагчид үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулсан. Энэ гэрээний дагуу 2023.10.20-ны өдөр 0784/000289/2023 тоот цалингийн зээлийн гэрээ болон хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 34,000,000.00 төгрөгийг сарын 1.20 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, 520 хоног хугацаа хэтрүүлсэн, гэрээний үүргээ сайн дураар өнөөдрийг хүртэл биелүүлээгүй банкийг хохироож байгаа тул гэрээний 8.2.2 заалтыг үндэслэн банкны зүгээс нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

Иймд 2025.11.13-ны өдрийн байдлаарх гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 28,994,400.20 төгрөг, үндсэн хүү 6,548,047.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 509,121.74 төгрөг, нотариатын зардал 23,500 төгрөг, нийт 36,075,069.11 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Би 2023.10.17-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулж 34,000,000 төгрөгийг сарын 1.20 хувийн хүүтэй 30 сарын хугацаатай авсан нь үнэн. Зээл авснаас хойш ажилтай байх хугацаандаа зээлийн графикийн дагуу сарын төлөлтийг хийж байсан. 2024.02.07-ны өдөр зам тээврийн осолд ороод зээл төлөх боломжгүй болсон. Энэ талаар аав, ээж маань банкны эдийн засагч, захирал нарт мэдэгдэж хэлсэн. Төлбөр төлөх боломжгүй байна, ажилд орох боломжгүй болсон, шүүх хурлаар ял шийтгэлтэй гарсан байдлаа банкинд мэдэгдэж хэлсэн. Банк 2024 оны 02 дугаар сараас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бодож 2025.11.13-ны өдрийг хүртэл хүү тооцоолоод 36,075,069 төгрөг болгон нэхэмжилж байгаа нь шударга бус хандаж байна. Үүнд гомдолтой байна. Ял шийтгэлийн хугацааг дуусгаад 2029 оноос эхлэн ажилд ороод тогтвортой орлоготой болсон үедээ төлж эхэлнэ гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар *******, ******* нарын хооронд 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан 0784/000289/2023 тоот цалингийн зээлийн гэрээний үүрэгт 36,051,569.11 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж, нэхэмжлэгчид олгож, нотариатын зардал 23,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч *******-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 338,325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 338,207 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Зээлийг *******-д ажиллаж байх хугацаандаа сар бүрийн төлбөрийн графикийн дагуу тогтмол төлж байсан. Гэвч 2024.02.07-ны өдөр зам тээврийн гэнэтийн осолд орсны улмаас зээлийн төлөлт саатаж, улмаар 520 хоногийн хугацаа хэтрэлт үүссэн. Тус ослын дараа ээж, аав 2 маань Өмнөговь аймаг дахь Худалдаа хөгжлийн банкны салбарт очиж нөхцөл байдлын талаар мэдэгдсэн боловч бичгээр тайлбар, өргөдөл гаргах шаардлага тавиагүй болно. Ослын улмаас миний бие хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, орлогогүй болсон. Мөн шүүхийн шийдвэрээр 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял эдэлж, бүсийн хязгаарлалт тогтоогдсон тул уг хугацаанд зээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүсээд байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасан байдаг. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж, миний гаргасан гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, татгалзаж байна гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Хариуцагчийн гаргасан гомдолд авто тээврийн осолд орсон, зорчих эрх хязгаарласан байгаа тул манай байгууллагаас авсан зээлийг хэсэг хугацаанд төлөхгүй гэж байна. Гэтэл манай байгууллага энэ асуудал дээр ямар нэгэн үүрэг хүлээгээгүй учраас зээлийн гэрээнд заасан 36,075,069.11 төгрөгийг *******оос нэхэмжилсэн. *******-ийн буруутай үйл ажиллагаа биш гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 36,075,069.11 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.******* болон ******* нарын хооронд 2023.10.20-ны өдөр цалингийн зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* 34,000,000 төгрөгийг сарын 1.2 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч ******* зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

 

4.Зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгө 34,000,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлж үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон тул зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хариуцагчийг зээлийн гэрээний дагуу зээлд 5,005,599.8 төгрөг, зээлийн хүүнд 2,173,524.6 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 2,542.94 төгрөг, нийт 7,181,667.34 төгрөг төлсөн талаарх тооцооллын баримт хавсаргасан ба хариуцагч тал уг тооцооллыг үгүйсгэсэн тайлбар, баримт шүүхэд гаргаагүй.

 

5.Хариуцагч зээлийн төлбөрийг 2024.05.02-ны өдрөөс хойш төлөөгүй байх ба нэхэмжлэгч нь гэрээний 8.2.2 дахь заалтыг үндэслэн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2025.11.13-ны өдрийн байдлаарх зээлийн үлдэгдэл 28,994,400.20 төгрөг, үндсэн хүү 6,548,047.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 509,121.74 төгрөг, нийт 36,051,569.11 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

 

5.1.Зээлийн гэрээний 2.3-т зээлийн хүү: сарын 1.20 хувь, 2.4-т нэмэгдүүлсэн хүү: үндсэн хүүгийн 20 хувь (хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийн дүнгээс гэрээний 5.2.5-д заасны дагуу тооцно), 5.2.5-д зээл, түүний хүүгийн төлбөрийг гэрээний 4.1-д заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөрийн хуваарь зөрчигдсөн өдрөөс эхлэн зөрчигдсөн дүнд үндсэн хүү (үндсэн хугацааны болон хэтэрсэн хугацааны)-гийн хамт түүний 20 хувьтай тэнцүү нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцон төлөх гэж тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасанд нийцжээ.

 

5.2.Хэрэгт Өмнөговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024.12.02-ны өдрийн 2024/ШЦТ/182 дугаар шийтгэх тогтоол авагдсан ба уг тогтоолоор *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсэн, мөн түүнээс сэтгэцэд учирсан гэм хор уршгийн нөхөн төлбөрт 135,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч нь дээрх нөхцөл байдлын улмаас зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүй, мөн ял шийтгэлийн хугацаанд биелүүлэх боломжгүй гэж тайлбарлах боловч зээлийн гэрээний 10.3 дахь хэсэгт Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг талууд харилцан тохиролцож, нэмэлт гэрээ байгуулсны үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасны дагуу уг нөхцөл байдалтай холбоотойгоор талууд үүрэг гүйцэтгэх хугацааг хойшлуулахаар харилцан тохиролцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

5.3.Иймд нэхэмжлэгч нь зээлийн гэрээг цуцалж үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор гэрээг цуцлах тухай зохицуулалтад нийцжээ. Харин тус маргаанд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойшхи үеийн хариуцлагын талаар заасан Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг шүүх баримталсан нь буруу тул шийдвэрт энэ талаар зохих өөрчлөлт оруулна.

 

6.Анхан шатны шүүх хариуцагчаас зээлийн үлдэгдэл 28,994,400.20 төгрөг, үндсэн хүү 6,548,047.17 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 509,121.74 төгрөг, нийт 36,051,569.11 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

Хариуцагчийн гаргасан зам тээврийн ослын улмаас хөдөлмөр эрхлэх боломжгүй болж орлогогүй болсон, шүүхийн шийдвэрээр 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял эдэлж бүсийн хязгаарлалт тогтоогдсон тул уг хугацаанд зээлийн төлбөрийг төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Шийдвэрийн үндэслэх хэсгийн 12-т хариуцагчийг ******* гэж буруу тусгасан хэдий ч шийдвэрийн бусад хэсэгт хариуцагчийг зөв тусгасан, уг алдаа шийдвэрт нөлөөлөхгүй тул өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзлээ.

 

7.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлсний зардал 23,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба анхан шатны шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй байна. Харин уг шаардлагад хамаарах зохицуулалтыг шийдвэрт тусгаагүй байх тул шийдвэрийн тогтоох хэсэгт Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг нэмж тусгах нь зүйтэй.

8.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШШ2026/03348 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...453 дугаар зүйлийн 453.1... гэснийг 452 дугаар зүйлийн 452.2 гэж өөрчилж, үүний дараа 219 дүгээр зүйлийн 219.1 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 338,208 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Д.ЗОЛЗАЯА