| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2019/0123/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/123 |
| Огноо | 2019-09-27 |
| Зүйл хэсэг | 21.2.1., |
| Улсын яллагч | С.Цэрэндалай |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2019/ШЦТ/123
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Еөрнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна,
улсын яллагч С.Цэрэндалай,
шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл,
шүүгдэгч Ө.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт Ө.Эд холбогдох эрүүгийн 1807002170064 дугаартай хэргийг 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ********** дугаартай, ******* овогт Ө.Э.
Яллах дүгнэлтэд дурдсанаар:
Яллагдагч Ө.Э нь эрүүгийн 201701080221 дугаартай хэрэгт шалгагдаж байсан хамт ажилладаг нөлөөнд автаж түүнийг удаа дараа ятгасан ятгалгийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрчид Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг танилцуулж үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүл мэдүүлэг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Анх энэ хэрэг 2017 оны 4 дүгээр сард гарсан ба мэдүүлэг авахдаа 7 сарын дундуур ирж мэдүүлэг авсан. Тэр үедээ 3 сар өнгөрчихсөн байсан болохоор бүх зүйлээ санахгүй байсан. Тодорхой хэмжээний санаж байсан зүйлээ зах зухаас нь ярьсан. Сүүлд нь хүмүүстэй ярьж байгаад харсан зүйлүүд сэргээд ирэхээр нь мэдүүлгээ засаж өгсөн. Ирээдүй хэлэхдээ огт хараагүй гэж хэлээрэй гэсэн харин би огт хараагүй гэж хэлээгүй зах зухаас нь санаж байгаа зүйлээ ярьсан. ” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Ө.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр гэрчээр өгсөн “...Тэгтэл М эгчийг алгадаад авсан юм тэгтэл Б “та яагаад эмэгтэй хүнийг алгадаад байгаа юм бэ” гэхээр нь “би чамд гэр бүлийн асуудал ямар хамаатай юм бэ” гэхэд Б “арай дэндүү эмэгтэй хүнийг дээрлэхээд байна” гээд дахиад нөхөрт хандаж хэлэхэд Б шанаа руу нэг удаа цохьсон тэгтэл Бат-ирээдүй ууралсан, тэгэхээр нь би Бг аваад Х, Мөнгөнтуяа бид гурав “М” клуб баарны зүүн тал руу яваад тайвшруулсан.
2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр гэрчээр дахин өгсөн “...Нэмж ярих зүйл гэвэл Б, Мөнгөнтуяа, Х бид 4 М клубын ард очиж тамхи татаагүй болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа Б нь бид нарыг мэдүүлэг өгөхөөс өмнө 2-3 удаа би Э ахын хохиролыг нь барагдуулна, эрүүгийн хэрэгт ормоогүй байна Х, Мөнгөнтуяа бид гурвыг “Э ах намайг нэг удаа цохисон тэгээд та гурав намайг тайвшруулах гээд М клубын арагшаа авч яваад тамхи татсан, тэгээд би түрүүлээд М клубын тийш явсан та нар араас ирэхэд зодоон дууссан байсан хараагүй гэж хэлээд өгөөч” гээд гуйгаад байсан.” гэх,
2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Б намайг Э ахын зодсоныг огт хараагүй гээд хэлчих, тамхи татаад ирсэн чинь зодолдоод дуусчихсан байсан гээд хэлчих гэж намайг ятгасан, тэгээд надаас цагдаа нар ирээд мэдүүлэг авахад би болсон явдлыг үнэнгээр нь хэлсэн. Надаас цагдаагийн байцаагчийн тавьсан асуулт болгонд өөрийн мэдэх зүйлээ үнэнгээр нь хэлж ярьсан. Надаас яг хаана яаж цохисоныг асуугаагүй болохоор тэр талаар тодорхой яриагүй, энэ байдлаараа би өөрийгөө худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татахад нь хэлээгүй юм чинь би буруутай гэж бодож хүлээн зөвшөөрсөн юм. Гэтэл өмгөөлөгч аваад, шүүхээр 2 удаа хэлэлцсэний дараа би Эрүүгийн хуульд заасан зориуд худал мэдүүлэх гэмт хэрэгт гэм буруугүй юм байна гэдгийг ойлгосон. Би нэгэнт худал мэдүүлээгүй болохоор надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэх мэдүүлэг /хх-ийн 13-18, 140-141 дугаар тал/,
Гэрч З.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э ахыг цохисоныг хараагүй гээд хэлээд өгчих гээд байхаар нь Х, Ө.Э бид 3 2017 оны 4 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө болсон үйл явдлыг хараагүй мэдэхгүй гээд худлаа мэдүүлэг өгчихсөн гээд хэлж байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 03 дугаар тал/,
Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э ахыг эхнэрийнх нь 2, 3 найз нь мөн Халиун, Ө.Э, Мөнгөнтуяа нар болсон үйл явдлыг харсан. Би Халиун, Ө.Э, Мөнгөнтуяа нарт 2017 оны 7 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/,
Гэрч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр өгсөн “Тэгтэл Б “та яагаад эмэгтэй хүнд гар хүрч байгаа юм бэ” гэтэл Бг шанаа руу нь алгадсан уу шанаадсан уу мэдэхгүй байна цохиод авсан. Тэгтэл Б “та яаж байгаа юм бэ” гээд байсан. Тэгтэл дахиад алгадсан байх аа, тэгээд бид нар Бг салгаад “М” клуб баарны зүүн талд байдаг засмал замын тэнд Б, Ө.Э, Мөнгөнтуяа нарын хамтаар бид 4 очсон,
2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр дахин өгсөн “...Миний урьд өгсөн мэдүүлэг худлаа. ...Тэгээд Ө.Э, Мөнгөнтуяа бид 3 ерөнхийдөө болсон үйл явдлыг хараагүй хол тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 08-12 дугаар тал/,
Гэрч Т.Мөнгөнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “...Б М эгчийн нөхрийг цохиод авсан. Тэгэхээр нь бид нар салгаад “М” клуб баарны зүүн талд очоод суусан. Тэнд тамхи татаж байснаа Б “Отгоноо эгчийг дуудаад ирье” гээд явсан. Ө.Э тамхи татаж дуусчихаад араас нь бид 4 очтол зодоон болчихсон М эгчийн нөхрийнх нь нэг нүд нь хавдаад хөхөрчихсөн Бн гар нь тулчихсан байсан. тэгээд Бг аваад явцгаасан.
2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр гэрчээр дахин өгсөн “...Би урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж ярих зүйл байна. ...Зодоон дууссаны дараа ирсэн гээд худлаа мэдүүлэг өгөөч” гээд бараг шахуу өдөр бүр тэгэж гуйдаг байсан.
...Тийм учраас Х, Ө.Э бид гурав зодооныг хараагүй гэж мэдүүлэг өгчихсөн юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-23 дугаар тал/,
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 дугаар тал/,
Шүүгдэгчийн эд хөрөнгийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа, нотлох баримт зэрэг хавтаст хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Сарангэрэл нь: “...Шүүгдэгч нь зориуд худал мэдүүлсэн биш харин мэдүүлэг өгөөгүй, тэр үйл баримтыг мэдүүлээгүй байх тул яллагдагчид ашигтайгаар миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэдгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасныг баримтлан цагаатгах үндэслэлтэй байна.” гэж шүүхэд дүгнэлтээ гаргажээ.
Гэвч Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ө.Эийн холбогдсон хэрэгт гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд:
Шүүгдэгч Ө.Э нь 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст Б.Бат-ирээдүйд холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “...Бг хүнтэй муудалцахад нь аваад явсан, эргээд ирэхэд зодоон болсон байсан...” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн Шүүгдэгч Ө.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд 2017 оны 8 дугаар сарын 07-ны өдөр өгсөн “...Тэгтэл М эгчийг алгадаад авсан юм тэгтэл Б “та яагаад эмэгтэй хүнийг алгадаад байгаа юм бэ” гэхээр нь “би чамд гэр бүлийн асуудал ямар хамаатай юм бэ” гэхэд Б “арай дэндүү эмэгтэй хүнийг дээрлэхээд байна” гээд дахиад нөхөрт хандаж хэлэхэд Б шанаа руу нэг удаа цохьсон тэгтэл Бат-ирээдүй ууралсан, тэгэхээр нь би Бг аваад Х, Мөнгөнтуяа бид гурав “М” клуб баарны зүүн тал руу яваад тайвшруулсан...” гэсэн мэдүүлэг, 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр өгсөн “...Нэмж ярих зүйл гэвэл Б, Мөнгөнтуяа, Х бид 4 М клубын ард очиж тамхи татаагүй болсон үйл явдлыг хараагүй гэж мэдүүлсэн нь худлаа Б нь бид нарыг мэдүүлэг өгөхөөс өмнө 2-3 удаа би Э ахын хохиролыг нь барагдуулна, эрүүгийн хэрэгт ормоогүй байна Х, Мөнгөнтуяа бид гурвыг “Э ах намайг нэг удаа цохисон тэгээд та гурав намайг тайвшруулах гээд М клубын арагшаа авч яваад тамхи татсан, тэгээд би түрүүлээд М клубын тийш явсан та нар араас ирэхэд зодоон дууссан байсан хараагүй гэж хэлээд өгөөч” гээд гуйгаад байсан.” гэсэн мэдүүлэг, 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгсөн “...Б намайг Э ахын зодсоныг огт хараагүй гээд хэлчих, тамхи татаад ирсэн чинь зодолдоод дуусчихсан байсан гээд хэлчих гэж намайг ятгасан, ...Надаас яг хаана яаж цохисоныг асуугаагүй болохоор тэр талаар тодорхой яриагүй...” гэсэн мэдүүлэг, Гэрч З.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Мөнгөнтуяа, Х, Ө.Э нар гадаа салхилаад сууж байхад “Бат-Ирэдүй Э ахын хохирлыг нь барагдуулна асуудалгүй гээд та нар хараагүй гээд мэдүүлгээ өгчихөөрэй гээд гуйгаад байхаар нь худлаа мэдүүлэг өгчихсөн” гээд хэлж байсан. Тэгээд би Мөнгөнтуяа, Х, Ө.Э нарыг худлаа мэдүүлэг өгсөн байна гэж мэдсэн юм. Мөн манай нөхөр зодуулснаас хойш хэд хоногийн дараа ажил дээр байх үед Ө.Э, Э.Х, Б.Мөнгөнтуяа нар болсон үйл явдлыг харсан гэж надад ярьж байсан юм...” гэх мэдүүлэг, Гэрч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э ахыг эхнэрийнх нь 2, 3 найз нь мөн Халиун, Ө.Э, Мөнгөнтуяа нар болсон үйл явдлыг харсан. Би Халиун, Ө.Э, Мөнгөнтуяа нарт 2017 оны 7 дугаар сарын үед /өдрийг нь тодорхой санахгүй байна/ болсон үйл явдлыг хараагүй гээд хэлээд өгөөч би хохирогчийн хохирлыг барагдуулна гэж найзын хувиар гуйсан юм...” гэх мэдүүлэг, Гэрч Э.Хгийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр өгсөн “...Миний урьд өгсөн мэдүүлэг худлаа. ...Тэгээд Ө.Э, Мөнгөнтуяа бид 3 ерөнхийдөө болсон үйл явдлыг хараагүй хол тамхи татчихаад ирэхэд зодоон болоод дууссан байсан гэж худал мэдүүлэг өгсөн юм...” гэх мэдүүлэг, Гэрч Т.Мөнгөнтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр өгсөн “...Тэгээд Б нь “Х, Ө.Э бид гуравт М клубээс гарч ирээд Э ахтай муудалцаад тэгээд та 3 намайг салгаад “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”-ийн тэнд очиж дөрвүүлээ хамт тамхи татаад зогсож байхад би “Отгоноо эгчтэй уулзаад ирье” гээд явсан тэгээд та гурав тамхиа татчихаад миний араас ирсэн тэр үед зодоон болоод дуусчихсан байсан гэж хэлээрэй” гээд гуйгаад байсан. Тийм учраас Х, Ө.Э бид гурав зодооныг хараагүй гэж мэдүүлэг өгчихсөн юм...” гэсэн мэдүүлэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иймд прокуророос шүүдэгчийн дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчилсэн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Ө.Э гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж , баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн бол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолохоор хуульчилжээ.
Шүүгдэгч Ө.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр худал мэдүүлэг өгсөн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн байх бөгөөд уг гэмт хэрэг үйлдэгдсэнээр хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн тул шүүгдэгчид холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг тогтоолд дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Ө.Эийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэрч мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ө.Эд холбогдох эрүүгийн 1807002180065 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Шүүгдэгч Ө.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
4. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД