Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/01115

 

 

  

******* сууц өмчлөгчдийн

холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09873 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

Хариуцагч *******  холбогдох

Түрээсийн төлбөр 10,100,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,100,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов. 

ХЯНАВАЛ:

 

  1.Давж заалдах шатны шүүх зохигчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч ******* холбогдуулан түрээсийн төлбөр 10,100,000 төгрөг, алданги 5,000,000 төгрөг, нийт 15,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.******* сууц өмчлөгчдийн холбоо болон ******* нарын хооронд 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Дундын өмчлөлийн эд хөрөнгө хөлслөх гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч ******* сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, ****** дугаар байрны 2 дугаар орцны 0 тоот хаягт байрлах, 40 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг агуулахын зориулалтаар түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч ******* нь сарын түрээс 300,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Зохигч энэ талаар маргаагүй байна.

 

4.Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ түрээсийн гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сараас 2025 оны 10 дугаар сарыг дуустал хугацааны төлбөр 10,100,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 750,000 төгрөгийг хасаад, үлдэгдэл 10,050,000 төгрөг, алданги 5,025,000 төгрөг, нийт 15,075,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, гэрээнд дуусах хугацааг тодорхой заагаагүй, хариуцагч үл хөдлөх эд хөрөнгийг буцааж өгөөгүй, хурааж үлдээсэн эд зүйлс нь хэвээр байгаа гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ сууц өмчлөгчдийн холбооны өмнөх дарга нь надаас байрны түлхүүрийг авсан, цаад талын хоёр өрөөг нь давхар хөлсөлсөн байсан, би 2024 онд 1,500,000 төгрөгийг шилжүүлсэн, нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан учраас гэрээ дуусгавар болсон гэж бодсон, надад тэндээс авах юм байхгүй, суллаад байх шаардлагагүй гэж тайлбарласан.

 

5.Талууд гэрээ хугацаатай байгуулагдсан эсэх, улмаар дуусгавар болсон эсэх, мөн төлбөр тооцооны талаар маргасан байна.

5.1.Гэрээний 2.2-т нэг сарын төлбөр 300,000 төгрөг гэж тусгасан ба нэхэмжлэгч нь уг заалтыг үндэслэн 2023 оны 03 дугаар сарын үлдэгдэл төлбөр 50,000 төгрөг, 2023 оны 04 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сарыг дуустал 31 сарын түрээсийн төлбөрт нийт 9,350,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь түрээсийн төлбөрийн хамрах хугацааг 2025 оны 12 дугаар сарыг дуустал гэж тайлбарласан байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасны дагуу бичгээр нэхэмжлэлээ гаргаж нэмэгдүүлээгүй тул шүүхэд гаргасан нэхэмжлэлд тусгасан хугацаагаар тодорхойлох нь зүйтэй. Шүүхийн шийдвэрт энэ талаар буруу тусгасныг залруулж дүгнэнэ.

Хариуцагч нь талууд сарын түрээсийг багасгасан нь нэхэмжлэгчийн тооцоололд тусгагдсан гэж маргажээ. Нэхэмжлэлд хавсаргасан тооцооллоос үзвэл, 2022 оны 12 дугаар сард 90,000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сард 110,000 төгрөг гэж тусгасан байх боловч гэрээний 8.2-т талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зөвхөн бичгээр нэмэлт, өөрчлөлт оруулах гэж заасан, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулах хэлбэрийн шаардлага тогтоосны дагуу талууд түрээсийн гэрээнд өөрчлөлт оруулахаар бичгээр гэрээ хийсэн гэх байдал тогтоогдоогүй.

Мөн хариуцагчийн тайлбарт сууц өмчлөгчдийн холбооны өмнөх дарга түрээсийн байрны түлхүүрийг авсан, цаад талын хоёр өрөөг нь давхар хөлсөлсөн байсан гэж, давж заалдах гомдолд 3 хэсэг талбайг сард 300,000 төгрөгөөр хөлслөхөөр тохиролцож гэрээ хийсэн ч 3 хэсэг талбайг бүхэлд нь түрээслээгүй гэж тус тус дурдсан ба тэрээр 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийг гардаж авсан атлаа шүүхэд ямар нэгэн нотлох баримт гаргаагүй тул татгалзал, гомдлыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

5.2.Мөн нэхэмжлэгчийн тооцоололд 2024 оны 07-08 дугаар сард хариуцагчийн төлсөн 550,000 төгрөгийг маргаанаас өмнөх хугацаанд хамааруулж тусгасан байх ба хариуцагч 2024 онд 1,500,000 төгрөг төлсөн гэж маргасан ч уг тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй байна.

5.3.Түүнчлэн гэрээнд тодорхой хугацаа заагаагүй буюу гэрээ хугацаагүй гэж нэхэмжлэгч тайлбарласан, мөн нэхэмжлэгч талаас ирүүлсэн гэрээний эх хувьд гэрээний 1.1-д ...жилийн хугацаагаар гэсэн хэсэгт хугацаа бичигдээгүй байна. Хариуцагч нь гэрээ нэг жилийн хугацаатай байгуулсан, түүнд хадгалагдаж байгаа гэрээний хувьд нэг жил гэж бичигдсэн гэж тайлбарлах боловч мөн уг тайлбараа нотлоогүй.

Иймээс Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт Түрээсийн гэрээний хугацааг талууд тохиролцож тогтооно гэж зааснаар гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан гэж үзнэ.

5.4.Талуудын тайлбараас үзвэл түрээсийн үл хөдлөх эд хөрөнгөд хариуцагч үйл ажиллагаа явуулахгүй байгаа хэдий ч түүний эд зүйлс хадгалагдаж байгаа болох нь тогтоогдож байна. Хариуцагч нь агуулахаас авах юм байхгүй, суллаад байх шаардлагагүй гэж шүүхэд тайлбарлаж байх боловч уг тайлбарыг үндэслэлгүй гэж үзнэ. Учир нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д зааснаар эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх нь хөлслөгчийн үүрэгт хамаарах учир хариуцагчийг нэхэмжлэгчид гэрээний зүйлийг буцааж өгсөн гэж үзэхгүй. Мөн түүний давж заалдах гомдолд 1 хэсэг талбайг ашиглахгүй болсон тухайгаа сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдсэн, хуучин дарга Зузаан гэх хүнд түлхүүрийг хүлээлгэж өгсөн, нэхэмжлэгч тухайн талбайг Тогоо гэх хүнд түрээслүүлсэн байсан гэх үйл баримтын талаар дурдсан ч энэ талаар хэрэгт баримт авагдаагүй учир гомдол үндэслэлгүй.

 

6.Анхан шатны шүүх хариуцагчаас түрээсийн төлбөрт 9,350,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцжээ.

 

7.Гэрээний 2.5-д төлбөр төлөөгүй хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.

Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэх ба талуудын байгуулсан түрээсийн гэрээний 2.5-д төлбөр төлөх хугацааг тодорхой заагаагүй, мөн Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт түрээсийн төлбөрийг сар бүр төлөх агуулга тусгагдаагүй. Иймээс нэхэмжлэгч нь хариуцагчийг хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр түүнээс алданги гаргуулахаар шаардсаныг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

Алдангитай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын талаар шүүх дүгнэлт хийгээгүйг дээрх байдлаар залруулж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

8.Талууд гэрээний хугацаа, төлбөр төлөх хугацаа зэрэг нөхцөлийг хэрхэн харилцан тохиролцох нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний талуудын чөлөөт байдлын зарчмаар зохицуулагдах бөгөөд дээр дурдсанчлан түрээсийн гэрээний 1.1, 2.5-д бичилт хийгээгүйг хугацаа тогтоосон гэж үзэхгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч, хариуцагчийн хэн алины давж заалдах гомдлыг хангахгүй.

 

9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч талын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2026/09873 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...318 дугаар зүйлийн 318.1... гэсний дараа 232 дугаар зүйлийн 232.6 гэж нэмж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* сууц өмчлөгчдийн холбооноос 2026 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр төлсөн 95,350 төгрөг, хариуцагч *******аас 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 164,550 төгрөгийг тус тус төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511 .2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай. 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ    Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД    Т.ГАНДИЙМАА

 

Д.ЗОЛЗАЯА