Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2026/00536

 

 

 

*******

*******нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10698 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч **************нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******холбогдох

2,766,595,029 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Монгол Улсын иргэн *******нь *******, Өвөрмонголын өөртөө засах орны иргэн *******нарт Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай, 100x110 м.кв талбайтай эзэмшиж ашиглах эрхтэй газар дээр 5 тн гүн хөлдөөгч, 60 тн хөргөлтийн зоорь барьсан, өдөрт 50 бод, 500 бог нядалж хадгалах хүчин чадалтай, 240 тн мах, махан бүтээгдэхүүн хадгалах боломжтой, гадаадад мах экспортлох тусгай зөвшөөрөлтэй, мах боловсруулах үйлдвэрийг *******ХХК-ийн хувьцааг шилжүүлэх хэлбэрээр 1,000,000,000 төгрөгөөр үнэлж, ОХУ-д хамт суралцаж байсан дотны найзаасаа худалдан авч, гадаадын хөрөнгө оруулалттай компани болгож, хөрөнгө оруулагч нарын нэр дээр бүртгүүлж өгөхөөр 1,000,000 юань, 1,100,000,000 төгрөг буюу юаниар тооцоход нийт 5,135,389 юанийг 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сарын хугацаанд авсан. БНХАУ-ын иргэн *******2,000,000 юань, *******2,000,000 юань, *******1,000,000 юань, *******600,000 юань, *******400,000 юань тус тус хөрөнгө оруулалтад хийсэн.

*******нь үйлдвэрийн жинхэнэ эзэнтэй нь худалдан авагч биднийг уулзуулахаас зайлсхийж, найз маань гадаадад яваа, их ажилтай тул та нартай уулзах боломжгүй, намайг энэ үйлдвэрийг та нарт худалдаж болно гэсэн гэж хэлдэг байсан ба 2014.01.06-ны өдөр ******* улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 5307147 регистрийн дугаартай *******ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд өөрийгөө 50 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн талаар баримт үзүүлж, түүнд нь бид итгэж, үйлдвэр авах болон үйл ажиллагаа явуулах зориулалтаар дээрх мөнгийг *******өгсөн болно. *******нь эхлээд бидний нэр дээр гадаадын хөрөнгө оруулалттай компани бүртгүүлнэ гэж ойлгуулж байсан боловч бүртгүүлээгүй. Үүний шалтгаанаа 100 хувийн хувьцаа эзэмшигч, өмчийн эзэн найз маань Монгол Улсын Засгийн газраас жижиг дунд үйлдвэрийг дэмжихээр олгодог хөнгөлөлттэй зээл авахаар төсөл бичсэн, түүнийхээ хариуг гараад зээлээ бүтэхээр шууд үйлдвэрийг та нарт хүлээлгэж өгнө гэсэн, зээл бүттэл компанийн хувьцаа 100 хувь монгол хүний нэр дээр байх ёстой юм байна. Төсөл бичсэн найзын нэр дээр 50 хувийн хувьцааг үлдээж, 50 хувийг нь би өөрийнхөө нэр дээр шилжүүлчихлээ, та нар надад итгэ, би 2 жилийн хугацаанд үйлдвэрийг ажиллуулаад ашгийг нь 100 хувь та нарт өгье, яаралтай ажлаа эхэлье гэж тайлбарлаж ойлгуулсан.

Бидний зүгээс гэрээ хэлцэл хийж нотариатаар батлуулъя гэхэд *******та нар надад итгэ, миний өвөө БНХАУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж байсан, би өөрөө өндөр боловсролтой, ОХУ-д дээд сургууль төгссөн, гэрчлүүлэхэд их мөнгө төлдөг, өгсөн авсан баримтаа би бичээд өгье, бас миний дансанд орсноор баталгаажна шүү дээ гэж хэлсэн бөгөөд түүнд итгэсэн.

Гэтэл *******нь бидний хөрөнгө оруулалт хийсэн энэ мөнгийг итгэл олж авах замаар залилан мэхэлж авсан болохыг хожим мэдсэн. *******нь 2014 оны 04 дүгээр сараас эхлэн *******наймаагаа буцаж, хөрөнгө оруулсан юаниа буцааж авахыг шаардахад найзын маань бичсэн төслийн зээл одоохон бүтэх гээд байна жаахан хүлээчих гэж гуйсан. Хөрөнгө оруулагч бид ярилцаад, хөрөнгө оруулалтын мөнгө, гарсан зардлаа буцааж авах шийдвэрт хүрэхэд бидний мөнгийг 2015 оны 05-06 дугаар сард буцааж өгнө гэж бичиг хийж өгсөн. Дараа нь амлалтын бичиг, тайлбар, гэрээ, тодорхойлолт гэсэн бичгүүд гараараа бичиж өгч биднийг хүлээлгэсээр байгаад дэлхий нийтийг хамарсан ковид-19 цар тахал өвчний хорио цээр тавигдаж бид нутаг руугаа буцсан. 2019 оны 11 дүгээр сараас 2023 оны эхэн үе хүртэл хоёр улсын хооронд хилээр нэвтрэх боломжгүй байснаас бид *******залилуулсан талаар Монгол Улсын хуулийн байгууллагад хандах боломж байгаагүй, нөгөө талаар *******2019.08.09-ний өдөр бидэнд хийж өгсөн тодорхойлолт зэргээр бидний мөнгө авах эрх үүснэ гэж үзсэн. Хорио цээрийн байдал өөрчлөгдөж 2023 оны 06 дугаар сард Монгол Улсад ирж *******хөрөнгө оруулалт хийж худалдаж авсан махны үйлдвэрээ хятад хөрөнгө оруулагч нарын нэр дээр шилжүүлж авах, эсвэл 6,000,000 юаниа буцааж авахаар шаардлага тавихад би та нарын мөнгийг өгөхөөр үйлдвэрээ нэг хүнд зарчихсан чинь тэр хүн намайг залилчихлаа гээд нэг бичиг үзүүлснийг нь орчуулга хийлгэж уншихад *******бидэнд ярьж хэлж байсан бүх зүйл худлаа байсан. Биднээс авсан 6,000,000 юаниас 3,760,000 юань буюу 1,000,000,000 төгрөгийг үйлдвэрийн үнэнд өгчих бүрэн боломж байхад 400,000,000 төгрөгийг *******, *******гэдэг хүмүүст өгөөд үлдсэнийг нь өөрөө авч ашигласан байсан. Үйлдвэр *******найз, ганц хүний өмч гээд байсан нь худлаа болж, *******, *******, *******гээд олон хүний өмч байсан болохыг бид 2023 оны 2 дугаар хагаст олж мэдсэн. Ингээд *******залилуулсан гэдгээ мэдэж, Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гомдол гаргасны дагуу 2023.11.07-ны өдөр 230700307 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгасан. Мөрдөгч байгууллагаас шалгаад тогтоосон баримтаар *******ХХК нь 2012 онд Налайх дүүрэгт татвар төлөгчөөр бүртгүүлсэн, энэ оны 09 дүгээр сараас хойш нэг ч сард татвар, нийгмийн даатгал төлөөгүй байгаа нь биднээс хөрөнгө оруулалтаар авсан их хэмжээний мөнгөөр махны үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулаагүй болохыг харуулж байгаа. *******нь бидэнд худалдсан *******ХХК-ийн махны үйлдвэрийг 2018.09.26-ны өдөр *******1,500,000,000 төгрөгөөр үнэлж худалдсаныг тогтоосон. *******эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэн, Налайх-Багахангай дүүргийн прокурорын газраас 2024.09.30-ны өдөр 187 тоот тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн. Мөрдөн байцаалтын ажиллагаагаар хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн зарим нотлох баримтыг нэхэмжлэлд нотлох баримтаар гаргаж өгч байгаа болно.

Бид *******итгэж махны үйлдвэр худалдан авах хөрөнгө оруулалт хийж үйл ажиллагаа явуулж ашиг олох зорилгоор өгсөн боловч бидний итгэлийг алдаж залилсан нөхцөл байдал нь Монгол Улсын цагдаагийн байгууллагын шалгалтын үр дүнгээр тогтоогдсон тул *******хууль бус үйлдлийн улмаас бидэнд учирсан гэм хорын хохирол, тухайн үйлдлээс үүдэн гарсан зардал, хор уршгийг Монгол Улсын Иргэний хууль тогтоомжийн хүрээнд нэхэж гаргуулан авах эрхтэй гэж үзэж байгаа юм.

Хөрөнгө оруулагч бид маш олон удаа Монгол Улс руу ирж буцаж маш их зардал, хохирол гаргасан ба хөрөнгө оруулалтад оруулсан 5,600,000 юань, бусад зардал 116,696 юань, нийт 5,716,696 юанийг Монголбанкны 2025.04.15-ны өдрийн ханш 483.95 төгрөгөөр тооцоход 2,766,595,029 төгрөг болж байна. Энэ нэхэмжлэлийн үнийн дүнг нэхэмжлэгч тус бүрээр задалвал, *******хөрөнгө оруулсан 600,000 юань, Монгол Улсад 47 удаа ирж буцсан визний зардал 28,200 юань, тээврийн зардал 66,364 юань, нийт 694,564 юань; *******хөрөнгө оруулсан 2,000,000 юань, Монгол Улсад 11 удаа ирж буцсан визний зардал 6,600 юань, тээврийн зардал 15,532 юань, нийт 2,022,132 юань: *******хөрөнгө оруулсан 2,000,000 юань; *******хөрөнгө оруулсан 1,000,000 юань болно гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний бие 2013 оны намар БНХАУ-ын иргэд *******, *******нарын санал болгосны дагуу хамтарч Монгол Улсаас ямааны мах худалдан авч Вьетнам болон Гонгконг уруу зарах бизнес хийхээр болсон. *******ХХК-ийн мах боловсруулах үйлдвэрийн тодорхой хэмжээний хувьцааг худалдаж авахаар тохиролцож миний данс уруу 1,100,000,000 төгрөг, 1,000,000 юань буюу өнөөдрийн тооцооллоор 1,583,950,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ мөнгөнөөс *******ХХК-ийн тодорхой хэмжээний хувьцааг худалдаж авахад 400,000,000 төгрөгийг *******, *******нарт шилжүүлсэн.

2014 оны 02 дугаар сард Монгол Улсад шүлхий онц халдварт малын өвчин дэгдэж хил хаагдсанаас болж бидний бизнес дампуурсан. Махны нэг хэсгээр 50,000 ширхэг лаазалсан жигнэсэн мах Хатан сүйх үйлдвэрт хийлгэсэн, өртөг нь 500,000 юань болсон, мөн ямааны мах хатаасан, өртөг нь 500,000 юань болсон. *******, *******нар 1,000,000 юанийн лаазалсан болон хатаасан махыг авч БНХАУ руу экспорт худалдаа хийж гаргасан. Хөрөнгө оруулалтын үлдсэн 700,000,000 төгрөгийг *******, *******бид гурав хамтарч хүлээх ёстой.

Дээрх үйл явдал болсныг ******* нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд хэлж мэдүүлэг өгсөн нь нотлох баримтаар авагдсан байна. Түүнчлэн **************нар болон Монгол Улсын иргэн *******нар нь Монгол-БНХАУ-ын хамтарсан хөрөнгө оруулалттай *******ХХК-ийг 100,000 ам.долларын дүрмийн сантайгаар байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Хамтарсан компани нь *******ХХК-д 419,317,382 төгрөгийн эргэлтийн хөрөнгө нэмж оруулж тус компанийн дүрмийн санг нийт 2,795,449,211 төгрөг болгож, 41,932 ширхэг хувьцаа буюу нийт хувьцааны 15 хувийг эзэмшиж байсан мэдээлэл байдаг гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч *******565,470,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-д, 565,470,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-д, 281,943,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн *******-д, 171,066,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******-д тус тус олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,182,645,029 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,990,930 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 8,077,700 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Үүнд:

*******, *******болон *******нар БНХАУ-ын бусад иргэдтэй хамтарч гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээд байгуулж мах, махан бүтээгдэхүүний бизнес хийж байсны үүсэлтэй, хожим "*******" ХХК-ийн тодорхой хэмжээний хувьцааг худалдан авсан талаарх нотлох баримт 400,000,000 төгрөгийг *******, *******нарт шилжүүлсэн, улмаар 2014 онд шүлхий өвчин гарч махны үйлдвэр ажиллах боломжгүй болсон гэх, махны үйлдвэрт боловсруулж 50000 ширхэг жигнэсэн мах үйлдвэрлэж, хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүн буюу хатаасан махыг *******, *******нар "*******" ХХК-ийн махны үйлдвэрээс авч БНХАУ руу экспортын худалдаа хийж Монгол улсын хилээр гаргасан гэх үйл явдал болсныг ******* нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэгч буюу хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд хэлж мэдүүлэг өгсөн нь нотлох баримтаар авагдсаныг анхаарч хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримт нь хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар анхан шатны шүүх хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх, шүүх хэргийг тал бүрээс бүрэн судалж, бодит нөхцөлийг тогтоох зарчим алдагдаж нэг талыг барьсан гэж үзэж байна.

Түүнчлэн "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болон хохирогч *******, *******, ...нартай холбоотойгоор Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эрүүгийн хэрэг хянан хэлэлцэж байгаа нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025/ДШМ/955 дугаар магадлалаар тогтоогдож байдаг.

Шүүх аливаа хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагаar явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах нь шүүхийн үүрэг юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга:

2013 оны намар БНХАУ-ын иргэд болох *******, *******нар надад хонины болон ямааны түүхий махыг Вьетнам, Гонконгоор дамжуулан БНХАУ-ын өмнөд хэсэгт нийлүүлэх санал тавьж хөрөнгө татсан. Бид махны зориулалттай үйлдвэртэй *******ХХК-ийг худалдаж авахаар тохирч урьдчилгаа төлбөр болон цаашид хувааж төлөхөөр тохиролцож, ямааны мах худалдан авч нөөцөлсөн. 2014 оны эхээр Дорноговь аймагт малын гоц халдвар шүлхий өвчин гарч манай улсын хилээр түүхий мах гаргах ямар ч бололцоогүй болсон. Энэ бол давагдашгүй хүчин зүйл. Энэ шүлхийнээс болж бид гурвын бизнес төлөвлөгөө нурж санхүүгийн хүнд байдалд орсон. Бид 3 хариуцлага хүлээх учиртай болохоос ганц би энэ давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан санхүүгийн хохирлыг үүрэх ёсгүй. Даанч анхан шатны шүүх үнэн зөвийг тогтохыг хичээхгүй нэхэмжлэгч талд шийдвэр гаргасан. Энэ асуудлыг үнэн зөв шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Уг хэрэгтэй холбоотой нэхэмжлэгч 4 этгээд орчуулагчаараа дамжуулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүссэн агуулгатай тайлбараа бичгээр гаргаж, орчуулгын хамт ирүүлсэн.

Хариуцагч талын тайлбарлаж буй 2012 оны асуудал уг нэхэмжлэлийн шаардлагатай огт хамааралгүй. Давж заалдах гомдолд анхан шатны шүүх уг асуудлыг бүрэн шалгаж шийдвэрлээгүй, нарийн утга учир, шалтгааныг тогтоогоогүй гэж дурдсан. Гэвч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар талууд өөрсдөө эрх, үүргийнхээ хүрээнд тайлбар өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд нотлох баримтаа өөрсдөө гаргаж өгөх үүрэгтэй гэдгээ мэдэж байх ёстой. Анхан шатны шүүхэд албан ёсоор баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан тохиолдол байхгүй, зөвхөн тайлбартаа уг асуудлыг шалгах ёстой гэсэн агуулгатай зүйлсийг дурдсан. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхив.

 

2.Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэд болох *******нь хөрөнгө оруулалт 600,000 юань, Монгол Улсад ирэхтэй холбоотой гарсан зардал 94,564 юань буюу нийт 336,134,248 төгрөг, *******нь хөрөнгө оруулалт 2,000,000 юань, Монгол Улсад ирэхтэй холбоотой гарсан зардал 22,132 юань буюу нийт 978,610,781 төгрөг, *******нь хөрөнгө оруулалт 2,000,000 юань буюу 967,900,000 төгрөг, *******нь хөрөнгө оруулалт 1,000,000 юань буюу 483,950,000 төгрөгийг тус тус хариуцагч *******гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч татгалзжээ.

 

3.Нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...махны үйлдвэр бүхий *******ХХК-ийг худалдан авахаар хөрөнгө оруулалт хийж, үйл ажиллагаа явуулж, ашиг олох зорилгоор 1,100,000,000 төгрөг, 600,000 юанийг хариуцагчид шилжүүлсэн боловч бидний итгэлийг алдаж залилсан болохыг цагдаагийн байгууллагаас тогтоосон тул түүний хууль бус үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол, тухайн үйлдлээс үүдэн гарсан зардал, хор уршгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа ...*******ХХК-ийн хувьцааны үнэд 400,000,000 төгрөгийг шилжүүлсэн, шүлхий өвчин гарч хил хаагдсанаас болж бизнес дампуурсан, 1,000,000 юаниар хийлгэсэн лаазалсан жигнэсэн мах, хатаасан махыг *******, *******нар БНХАУ руу гаргасан, үлдэх хөрөнгө оруулалтыг *******, *******нартай хамтарч хариуцах ёстой, мөн тэдэнтэй хамтарсан компани байгуулсан гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт авагдсан нотлох баримтаар дор дурдсан үйл баримт тогтоогджээ. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч *******нь 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сард 1,100,000,000 төгрөг болон 600,000 юанийг хариуцагч *******шилжүүлсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгэж маргаагүй.

*******нь дээрх 1,100,000,000 төгрөгийг *******2,000,000 юань, *******2,000,000 юань, *******1,000,000 юань, нийт 5,000,000 юанийг түүний дансанд шилжүүлсэн гэж тайлбарласан ба хэрэгт Голомт банк ХК дахь *******-ийн эзэмшлийн *******тоот дансны хуулга, Хятадын хөдөө аж ахуй банк - Инчуань хотын Дунчэн дүүрэг дэх салбарын 2013.11.07, 2013.12.12, 2013.12.13-ны өдрийн шилжүүлгийн баримтууд, тэдгээрийн орчуулга авагдсан. (1хх 204, 176-177, 217-219, 240-241 дэх тал)

4.2.Мөн *******гарын үсгээр баталгаажсан Амлалт бичиг баримтад *******, *******нартай хамтран *******, Shao нартай зөвлөлдөж тэдний дэмжлэгтэйгээр Монгол Улсаас Вьетнам Улс руу ямааны түүхий мах гаргах, мах нядлах, боловсруулах, хадгалах үйлдвэр болон уг зориулалтаар газар эзэмших эрхтэй Монгол Улсын хуулийн этгээд болох *******ХХК-ийг худалдан авахаар тохиролцож, үүнтэй холбоотойгоор *******-аас *******1,000,000 юань, 1,100,000,000 төгрөг шилжүүлсэн талаар тусгажээ. (1хх 45 дахь тал)

4.3.*******ХХК-ийн үүсгэн байгуулагчдын 2013.12.25-ны өдрийн 05 дугаар шийдвэрээр баталсан *******ХХК-ийн дүрэмд *******компанийн 50 хувь буюу 500 ширхэг хувьцааг эзэмшдэг талаар тусгагдсан ба хариуцагч уг үйл баримтыг хүлээн зөвшөөрч маргаагүй. (1хх 54-59 дэх тал)

Мөн хариуцагч нь дээрх мөнгөн хөрөнгөөс 400,000,000 төгрөгийг *******ХХК-ийн хувьцааны үнэд шилжүүлсэн гэж тайлбарласан ба хэрэгт авагдсан Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын 2024.09.30-ны өдрийн 187 дугаар Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолд тусгагдсан гэрч *******, *******, *******нарын мэдүүлэгт *******саналын дагуу үйлдвэрээ тэрбум төгрөгөөр худалдахаар 2013.11.26-ны өдөр гэрээ бичгээр байгуулж, түүний нэр дээр *******ХХК-ийн 50 хувийг шилжүүлсэн, мөн *******400,000,000 төгрөгийг *******, *******нарт шилжүүлсэн талаар тусгагджээ. (1хх 21-29 дэх тал)

4.4.Түүнчлэн дээрх гэрч *******, *******нарын мэдүүлэгт *******, *******нар *******ХХК-ийн хувьцааг 2018.09.18-ны өдөр *******худалдахаар түүний нэр дээр гэрээ байгуулан шилжүүлсэн гэжээ. Хариуцагчийн зүгээс уг үйл баримтыг үгүйсгэсэн баримт шүүхэд ирүүлээгүй байна.

4.5.Нэхэмжлэгч нар нь хариуцагч залилан мэхэлсэн тухай гомдлыг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст гаргаснаар 2023.11.07-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, холбогдох ажиллагаа явуулж, улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын 2024.09.30-ны өдрийн 187 дугаар тогтоолоор хаажээ. (1хх 21-29, 31-42 дахь тал)

 

5.Дээрх баримтуудаас дүгнэхэд, *******, *******, *******, *******нар нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай мах боловсруулах үйлдвэр бүхий *******ХХК-ийн хувьцааг худалдан авах, улмаар махны худалдаа эрхлэхээр 1,100,000,000 төгрөг болон 600,000 юанийг *******шилжүүлсэн болох нь тогтоогдсон байна.

5.1.Хариуцагч нь уг мөнгөн хөрөнгөөс 400,000,000 төгрөгийг *******ХХК-ийн хувьцаа эзэмшигч *******, *******нарт шилжүүлж, уг компанийн 50 хувийн хувьцааг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан хэдий ч хувьцааг нэхэмжлэгч нарт шилжүүлэлгүйгээр цааш бусдад 2018.09.18-ны өдөр шилжүүлжээ.

5.2.Түүнчлэн хариуцагч нь 2014 оны 02 дугаар сард Монгол Улсад шүлхий өвчин дэгдэж хил хаагдсанаас болж бизнес дампуурсан, мөн 500,000 юаниар 50000 ширхэг лаазалсан жигнэсэн мах хийлгэсэн, 500,000 юаниар ямааны хатаасан мах бэлтгэсэн, эдгээр махан бүтээгдэхүүнийг *******, *******нар БНХАУ руу гаргасан гэж татгалзалдаа дурдсан ч энэ байдлыг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.

5.3.Хариуцагчаас шүүхэд гаргасан Монгол-Хятадын хамтарсан хөрөнгө оруулалттай *******ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээ, дүрэм (2хх 54-64, 70-78 дахь тал) зэргээс үзвэл, *******, *******нар нь БНХАУ-ын иргэд болох *******, *******нарын хамт уг компанийг 2012.09.06-ны өдөр үүсгэн байгуулсан байх боловч цаг хугацааны хувьд өмнө байхаас гадна уг харилцаанд нэхэмжлэгч *******, *******, *******нар оролцоогүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч *******, хариуцагч *******нар *******ХХК-ийг үүсгэн байгуулсан нь *******ХХК-ийн хувьцааг худалдан авах асуудалд хэрхэн хамааралтай, маргаанд хэрхэн ач холбогдолтой болохыг хариуцагч тайлбарлаагүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч уг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд Дээрх үйл явдал болсныг ******* нь 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэлд хэлж мэдүүлэг өгсөн нь нотлох баримтаар авагдсаныг шүүх анхаараагүй гэх агуулга дурдагдсан ба хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад 2023.10.23-ны өдөр *******хохирогчоор өгсөн мэдүүлгийн агуулга нь нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн үндэслэлээс зөрүүгүй байна. (1хх 70-75 дахь тал)

5.4.Үүний зэрэгцээ хариуцагч нь нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг 2015.05.01-2015.06.01-ний өдрийн хугацаанд буцаан төлөх талаар Амлалт бичиг үйлдсэн, талууд *******ХХК-ийн үйл ажиллагааг *******хариуцан явуулах, компанийн үлдэх 50 хувийн хувьцааг 2017 оны 10 дугаар сард багтаан шилжүүлэн авах зэрэг асуудлаар 2016.10.18-ны өдрийн Гэрээ, 2017.08.27-ны өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл зэргийг үйлдсэн байх боловч эдгээр нөхцөл бодитой хэрэгжээгүй. (1хх 45, 46-50 дахь тал)

5.5.Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын 2024.09.30-ны өдрийн 187 дугаар тогтоолд ...*******нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *******ХХК-ийг үйлдвэр, газрын хамт худалдан авахад зуучилж өгнө хэмээн *******нараас 2013 оны 11 дүгээр сараас 2014 оны 01 дүгээр сарын хооронд 1,100,000,000 төгрөг, 1,000,000 юанийг тус тус авсан боловч 2014 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *******ХХК-ийн хувьцааны 50 хувийг Бэлэглэлийн гэрээ-ээр өөрийн нэр дээр шилжүүлэн авч, хохирогч нарын үйлдвэрийг худалдан авахаар шилжүүлсэн төлбөрийг төлөх боломжтой байсан боловч төлөхгүйгээр, мөн хохирогч нарын эзэмшилд *******ХХК-ийг шилжүүлэхгүйгээр компанийн эрхийг 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр бусдад шилжүүлж хохирогч *******нарыг залилсан гэмт хэргийн үйлдэл төгссөн байна. *******дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн шинжтэй... гэж дүгнэжээ.

5.6.Анхан шатны шүүх дээрх прокурорын тогтоолыг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгч *******, *******нарыг залилсан гэм буруутай үйлдлээр нэхэмжлэгч нарын эд хөрөнгөд гэм хор учруулсан гэж дүгнэснийг залруулах шаардлагатай гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Аливаа этгээд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг гагцхүү шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэн дүгнэх бөгөөд хариуцагчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийн шинжтэй гэж үзсэн прокурорын тогтоолд үндэслэн хариуцагчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэх үндэслэлгүй.

Харин зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч талын илэрхийлсэн хүсэл зоригийг хариуцагч тал хүлээн авч, хүчин төгөлдөр болсон буюу талуудын хооронд хэлцэл хийгдсэн гэж үзэхээргүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч *******, *******, *******, *******нар нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байршилтай мах боловсруулах үйлдвэр бүхий *******ХХК-ийн хувьцааг худалдан авах, махны худалдаа эрхлэх зорилгоор 1,100,000,000 төгрөг болон 600,000 юанийг хариуцагч *******шилжүүлсэн боловч хариуцагчийн зүгээс уг компанийн хувьцааг нэхэмжлэгч нарт шилжүүлэх, хамтран бизнес эрхлэхтэй холбоотой үйл ажиллагаа явуулаагүй, мөнгөн хөрөнгийг тухайн зориулалтаар зарцуулаагүй тул нэхэмжлэгч талын хүсэл зоригийн илэрхийллийг хүчин төгөлдөр болсон гэж дүгнэх үндэслэлгүй.

Хөрөнгө шилжүүлсэн этгээд болон уг зүйлийг олж авсан этгээдийн хооронд үүрэг үүсээгүй тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан тул энэ үндэслэлээр нэхэмжлэгч нар нь хариуцагчид шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө түүнээс буцаан шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч *******-д 565,470,150 төгрөг, *******-д 565,470,150 төгрөг, *******-д 281,943,100 төгрөг, *******-д 171,066,600 төгрөгийг тус тус хариуцагч *******гаргуулж олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэлд нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй тул шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй.

Түүнчлэн нэхэмжлэгч *******Монгол Улсад ирэхтэй холбоотой гарсан зардалд 94,564 юань, нэхэмжлэгч *******22,132 юань тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд нэхэмжлэгч тал мөн гомдол гаргаагүй учир давж заалдах шатны шүүхээс энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй. Харин хууль хэрэглээний хувьд бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт заасныг баримтлах нь оновчтой гэж дүгнэлээ.

 

6.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан анхан шатны шүүх нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж хууль зүйн дүгнэлт бүрэн хийгээгүй, бодит нөхцөлийг тогтоогоогүй, хариуцагч дангаар хариуцлага хүлээх үндэслэлгүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Мөн гомдолд "*******" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид, хохирогч *******, *******нартай холбоотой эрүүгийн хэрэг анхан шатны тойргийн шүүхэд хянан хэлэлцэж байгаа нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025/ДШМ/955 дугаар магадлалаар тогтоогддог гэж дурдсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт заасанд нийцээгүй. Учир нь, давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй болно.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2025/10698 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д... гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 8,077,700 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД   М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА