Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 2019/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг,

улсын яллагч Б.Батбаяр,

шүүгдэгч У.З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт У.Зт холбогдох эрүүгийн 1907001750113 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

******* овогт У.З, Монгол Улсын иргэн, ******* *******, *******, *******, *******, *******, *******, *******, , тоотод оршин суух, регистрийн дугаар **********,

Урьд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн 2012 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 64 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 55.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 9 сарын хугацаагаар жирийн дэглэмтэй хорих ангид хорих ял оногдуулсан,

2014 оны 08 дугаар сарын 06 өдрийн Шүүгчийн захирамжаар 1 жил 1 сар 25 хоногийг тэнсэн суллагдсан,

мөн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн.

мөн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 142 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 18 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсэн,

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч У.З нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод 2019 оны 02 дугаар сарын 27-ноос 2019 оны 02 дугаар сарын 28-нд шилжих шөнө хамтран амьдрагч Г.Аыг хардаж хавирга, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохиж зодсон,

мөн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 15 цагийн орчимд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоотод хамтран амьдрагч Г.Аыг хардалтын улмаас гараараа цээж, толгой, бөгс хэсэг рүү тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүгдэгч У.З нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Мөрдөн байцаалтад мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа ойлгож байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

 

            Шүүгдэгч У.Зын яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2015 онд би А гэх хүүхэнтэй танилцаад үерхэж байгаад хамтран амьдарч эхэлсэн. Бид хоёр хамт амьдрах хугацаанд А архидаад алга болчихдог байсан. Сүүлдээ бид хоёр нийлж архи уудаг болсон. 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр өглөө сэрчихээд байж байхад 10 цагийн үед А, нөхөр Бийн хамт манай гэрт ирсэн. Бийг ажлаас нь дуудаад гараад явсан. А С гэх найз руугаа залгаад хүрээд ир гэж байсан. А шараа тайлмаар байна гэж хэлэхээр нь айлд 2 шуудай нүүрс аваачиж өгөөд 10000 төгрөг аваад замаараа дэлгүүр орж 1 шил хараа нэртэй архи аваад гэртээ харьсан. Тэр архийг А, А, С нарын хамт гэртээ уусан. Архи дууссаны дараа А, С нар харьлаа гээд манайхаас гараад явсан. Тэгээд Ааас чи өчигдөр хаагуур явсан юм бэ гэхэд найзындаа байсан гэж хэлэхээр нь чи яагаад утсаа авдаггүй юм гэж хэлээд бид хоёр маргалдаад миний уур хүрээд нүүрэн хэсэгт 4 удаа, цээжин хэсэгт 2 удаа гараараа цохисон. Хэрэлдэж байгаад эвлэрээд унтаж амарсан. Маргааш өглөө эмнэлэгт үзүүлээд А хэвтсэн байсан...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 101 дүгээр хуудас/

 

            Хохирогч Г.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай нөхөр болох У.З манай найз А, С нартай 1 шил архи хувааж уугаад тэр 2 явлаа гээд гэртээ харьсан. Тэгээд бид хоёр унтах гээд хэвтэж байтал чи өчигдөр хаагуур явсан бэ буудалд өөр залуутай тэврэлдэж байгаад ирсэн үү гээд хэрүүл маргаан хийгээд намайг зодсон...миний нүүр хэсэгт гараараа 4-5 удаа, хоёр гар руу нэг нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг,

            /хх-ийн 10 дугаар хуудас/

 

            Насанд хүрээгүй гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Намайг зодож байгаагүй. Харин 2019 оны 02 дугаар сарын 28-ны өглөө эгч бид хоёрыг сэрэхэд ээжийн нүүрэн дээр хөхөрсөн байсан болохоос зодож байхыг нь бол харж байгаагүй. Тэгээд ээж Налайхад эмнэлэгт хэвтсэн” гэсэн мэдүүлэг

            /хх-ийн 20 дугаар хуудас/

 

            Гэрч Ж.Нэргүйгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний хүү их дөлгөөхөн ажилсаг хүү байгаа юм. А гэх эмэгтэйтэй 3 жилийн өмнөөс хамтран амьдарснаас хойш архи уудаг болсон. У.Зыг ажлаа тараад ирэхэд гэртээ архи уучихсан байдаг байсан. Гэртээ янз бүрийн хүн цуглуулаад архидаад байдаг байсан. Эсвэл гадуур архи уугаад явчихдаг байсан. Тэгээд У.З нь араас нь хайгаад явчихдаг. 2019 оны 04 дүгээр сард салсан...” гэсэн мэдүүлэг

            /хх-87 дугаар хуудас/

 

            Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз Аынд Аийн хамт очиход нөхөртөө зодуулчихсан гээд хэвтэж байсан. Бид нар шараа тайлъя гээд Хараа нэртэй архи гэрт нь У.Зын хамт хувааж уусан...Г.Аын гар, хөл нь хөхөрсөн байсан. Орноосоо босч чадахгүй байсан. А архи уухгүй байсан. Бид нар тэр архийг дуусгачихаад Аийн хамт гараад явсан...” гэсэн мэдүүлэг /хх-106 дугаар хуудас/

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/203 дугаар:

            “1. Г.Аын биед 8 дугаар хавирганы хугарал, духанд сорви гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөхгүй.

            5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.” гэх дүгнэлт, /хх-ийн 26 дугаар хуудас/

 

            Налайх дүүргийн 3 дугаар хорооны тодорхойлолт,

             /хх-ийн 27 дугаар хуудас/

 

            Иргэний мэдээлэл, дэлгэрэнгүй лавлагаа,

             /хх-ийн 28 дугаар хуудас/

           

            Захиргааны шийтгэл хүлээсэн эсэхийг шалгах хуудас,

             /хх-ийн 30 дугаар хуудас/

 

            Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

            /хх-ийн 68 дугаар хуудас/

 

            Иргэний үнэмлэхийн лавлагаа,

            /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанд гэм буруугийн талаар улсын яллагч гаргасан дүгнэлтдээ

Шүүгдэгч У.З нь 2019 оны 02 сарын 28-ны өдөр Налайх дүүргийн 3-р хороо Дэнж Склад 1-3а тоотод хамтран амьдрагч Г.Аыг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Аын мэдүүлэг, гэрч Эын мэдүүлэг, яллагдагч У.Зын мэдүүлэг, шинжээч эмчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн №08 шэ/203 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Иймд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлт,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч У.Зт холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч У.З нь Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоот гэртэй  2019 оны 02 дугаар сарын 27-ноос 28-ны шилжих шөнө хамтран амьдрагч Г.Аыг хардаж хавирга, нүүр, цээж хэсэгт нь гараараа цохиж зодсон,

мөн сарын 28 өдрийн 15 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах тоот гэртэй хамтран амьдрагч Г.Аыг хардалтын улмаас гараараа цээж, толгой, бөгс хэсэг рүү тус тус цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт учруулсан болох нь:

шүүгдэгч У.Зын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээж өгсөн “...бид хоёр маргалдаад миний уур хүрээд нүүрэн хэсэгт 4 удаа, цээжин хэсэгт 2 удаа гараараа цохисон...” гэх, 

хохирогч Г.Аын “намайг зодсон...миний нүүр хэсэгт гараараа 4-5 удаа, хоёр гар руу нэг нэг удаа цохисон...” гэх,

          гэрч Г.Эын “...2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр найз Аынд Аийн хамт очиход нөхөртөө зодуулчихсан гээд хэвтэж байсан.”  гэх, мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №08 шэ/203 дугаартай “...Г.Аын биед 8 дугаар хавирганы хугарал, духанд сорви гэмтэл тогтоогдлоо. ...Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч У.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч У.Зын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Аын бие махбодид хөнгөн хохирол учирсан боловч гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас “У.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна” гэх,

Өөрөө өөрийгөө өмгөөлж буй шүүгдэгчээс “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчимыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзсан ба У.Зын үйлдсэн гэмт хэрэгт хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд У.Зыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлаар

          Энэ хэрэгт эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч У.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

     Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт У.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Зыг 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Зт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч У.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.ЧИНЗОРИГ