| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/17721/И |
| Дугаар | 210/МА2026/00592 |
| Огноо | 2026-03-18 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/00592
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/12844 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй
Хариуцагч *******холбогдох
Гэм хорын хохирол 2,549,876 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан гэм хорын хохирол 2,549,876 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчийн хүү 13 настай *******2025.03.22-ны өдөр шар өвс шатааж гал тавьсны улмаас манай цахилгааны утас шатаж 2,449,876 төгрөгийн хохирол учирсан, хохирлын үнэлгээг тогтоолгоход 100,000 төгрөгийн зардал гаргасан гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлаа миний хүү *******санамсар болгоомжгүйн улмаас хажуу айлын хашаа руу гал тавьсан нь үнэн, галын улмаас цахилгааны утас хэсэг, хэсэг газарт шалбарч шатсан ба нэхэмжлэгч бодит байдалд нийцээгүй үнэлгээ гаргаж шаардаж байна гэж тайлбарласан.
4.Нэхэмжлэгч нь хариуцагчаар *******ийг хүү *******эцгийн хувиар татсан. Хүүхдийн насны байдлаас хамаарч 7-14 насны этгээдийг иргэний эрх зүйн зарим чадамжтай, насанд хүрээгүй буюу 14-18 хүртэлх насны этгээдийг иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай гэх зэргээр тодорхойлдог бөгөөд үүнтэй холбоотойгоор тухайн этгээдийн учруулсан гэм хорыг хариуцах субъект нь өөр байдаг.
Хариуцагч нь хүү *******2011 оны 06 дугаар сард төрсөн, 106 дугаар сургуулийн 9 дүгээр ангид сурдаг гэж тайлбарлаж байх боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйг анхан шатны шүүх анхаараагүй байна.
5.Үүнээс гадна галын улмаас ямар хэмжээний цахилгааны утас хэрхэн шатсан үйл баримт бүрэн тогтоогдоогүй. Нэхэмжлэгчийн зүгээс 520 метр утас гэж тайлбарласныг хариуцагч хэсэг газар буюу 1-2 метр утас шатсан гэж маргажээ.
Хэрэгт авагдсан фото зургуудад утас шатсан байдлыг бэхжүүлсэн байх хэдий ч утасны хэмжээг тодорхойлох боломжгүй, түүнчлэн *******ХХК-ийн баримтад утас шатсан байдалтай байсан гэж тусгасан ч хэмжилт хийсэн эсэх нь тодорхойгүй, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын прокурорын 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2910 дугаар тогтоолд тусгагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл авагдаагүй байна.
Анхан шатны шүүх хариуцагчийг гэрлийн утасны шатаагүй хэсгийг ашиглах боломжтой, хэт өндөр үнэтэй гэх тайлбараа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь нотлох үүргийн хуваарилалтад нийцээгүй, өөрөөр хэлбэл өөрт учирсан гэм хор, түүний хэмжээг нэхэмжлэгч нотолж, харин хариуцагчийн хувьд гэм буруутай эсэхээ нотлох учиртай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар шүүгч нь зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид шаардлага ба татгалзлаа үндэслэж буй нотлох баримтаа өөрөө гаргаж нотлох үүрэгтэйг танилцуулж, эдлэх эрхийг нь тайлбарлан өгөх ажиллагааг явуулах бөгөөд үүнд зохигчийг маргааны үйл баримт, маргааны зүйлд чиглүүлэх, мэтгэлцүүлэх ажиллагаа хамаарна.
6.Иймээс хариуцагчийн хүү *******насны болон хувийн байдлыг тодруулах шаардлагатай, мөн маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 197/ШШ2025/12844 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 54,148 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ЗОЛЗАЯА