Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00882

 

 

2026           04            22                                       210/МА2026/00882

 

                                                                         “*******” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2026/01400 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 26,177,952 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Хариуцагч нь “*******” ОНӨААТҮГ-ын даргаар томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2020.01.23-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******г ажлаас халах тухай тушаал гарган, 2021.09.08-ны өдрийн ******* дугаар тушаалаар ажилд эгүүлэн тогтоосон. Дээрх хугацаанд *******гийн нэхэмжлэлтэй “*******” ОНӨААТҮГ-т холбогдох иргэний хэрэг 3 шатны шүүхээр хянан хэлэлцэгдэж ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 181/ШШ2020/01243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1398 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 001/ХТ2021/00520 дугаар тогтоолоор ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 26,177,952 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр олгосон тул хариуцагчаас дээрх төлбөрийг гаргуулж манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Хариуцагч ******* нь “*******” ОНӨААТҮГ-ын даргын албан тушаалд ажиллаж байхдаа 2020.01.23-ны өдрийн ******* дугаартай тушаалаар ажилтан *******г тус газрын техник технологийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженерийн албан тушаалаас халсан байдаг. ******* нь 2019.10.14-ний өдөр ******* шугамд явсан цахилгаан автобус мөргөж хохирол учруулсан иргэн *******ээс байгууллагад машины цагийн зардал, гаралт тасарсан торгууль, жолоочийн цалин, шалгагчийн цалин зэрэг нийт 2,6 сая төгрөгийн хохирол учруулсан гэж хуурч бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2 сая төгрөгийг өөртөө авсан” гэмт хэргийн шинжтэй ноцтой зөрчил гаргасантай холбоотой ажлаасаа халагдсан. ******* нь дээрх гаргасан зөрчил, гэм буруутай үйлдэлдээ 2022.03.14-ний өдөр ******* дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/252 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай нь тогтоогдож, ял авсан.

2.2. ******* нь энэхүү асуудлыг шалгагдаж байх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 26,177,952 төгрөгийг “*******” ОНӨААТҮГ-аас төлөхийг зөвшөөрсөн, эвлэрлийн захирамжийг 2021.11.29-ний өдөр гаргуулсан байна. Нэхэмжлэгч зөвшөөрсөн энэхүү үйлдэлдээ өөрөө хариуцлага хүлээх ёстой. Иймд гэм хорын хохиролд 26,177,952 төгрөг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан хариуцагч *******гоос байгууллагад учирсан гэм хорын хохиролд 26,177,952 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Хариуцагч ******* нь “*******” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байх хугацаандаа буюу 2020.01.23-ны өдөр ******* дугаар тушаалаар “*******г ажлаас халах тухай” тушаал гаргасан. Дээрх тушаал хууль бус болохыг ******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ны өдрийн 181/ШШ2020/01243 дугаар шийдвэрээр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 1398 дугаар магадлалаар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.05.25-ны өдрийн 001/ХТ2021/00520 дугаар тогтоолоор гэм буруутай үйлдлээрээ бусдад гэм хор учруулсан болохыг тогтоож, шийдвэрлэсэн. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 36 дугаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг шүүхийн практикт дагаж мөрдөх журмын тухай” тогтоолд “...г/ шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлох шаардлагагүй бөгөөд тэдгээрийн талаар маргаж болохгүй” хэмээн журамласан. Нэгэнт тогтоогдсон үйл баримт тул Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 184/ШШ2021/03164 дугаар захирамжаар 3 шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Уг захирамж нь хариуцагчийн гэм бурууг нотлох биш хариуцагчийн хууль бус шийдвэрийн улмаас манай байгууллага хохиролд 26,177,952 төгрөг төлсөн. Уг хохирол нь гэм буруутай үйлдлийн шалтгаант холбоо болсон...

4.2. Анхан шатны шүүх нь иргэний хуулийн 497.1, 498.1 дэх хэсгийг гагцхүү “зөрчлийн улмаас үүсэх үүрэгт хамаарах бөгөөд ...” хэмээн үндэслэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Монгол Улсын дээд шүүхийн 1997 оны 473 дугаар “Гэм хор учруулснаас үүсэх үүргийн талаарх иргэний хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай тогтоолд”, “...гэм хор учруулснаас үүсэх үүрэг нь хэлэлцэн тохиролцсон гэрээ, хэлцлийг ямар нэг байдлаар зөрчсөнтэй холбоогүйгээр үүсэх бөгөөд гэм хор учруулагчийн хууль зөрчсөн үйлдэл (эс үйлдэхүй), түүнээс үүсэх гэм хор (хохирол), тэдгээрийн хоорондын шалтгаант холбоо, гэм хор учруулсан этгээдийн гэм буруу тогтоогдсон үед үүснэ. Гэвч хуульд заасан зарим тохиолдолд тухайлбал, орчин тойрондоо аюул учруулж болох зүйлээс хохирол учирсан бол хариуцагч гэм буруугүй байсан ч хариуцлага хүлээлгэнэ” гэж тайлбарласан.

1994 оны иргэний хуулийн зүйл, заалт өөрчлөгдсөн хэдий ч хуулийн агуулгыг 2002 оны иргэний хуулийн IV дугаар хэсэгт гэрээний бус үүргийн хүрээнд хамааруулан хуульчилж өгсөн ба анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хэмээн гомдолтой байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1. Гэм хор нь гэрээний бус үүрэгтэй холбоотой асуудал бөгөөд гэм хорын үндсэн бүрэлдэхүүнийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т заасан. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар хариуцагч *******гийн хууль бус шууд санаатай, илтэд болгоомжгүй үйлдэл байхгүй учраас хариуцагчийн буруутай үйлдлээс болсон гэж үзэн 26,177,952 төгрөг шаардсан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч талаас тал 2021 оны Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч  эвлэрлийг баталсантай холбоотойгоор хохирол учирсан гэдэг. Шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

                                                        ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-аас хариуцагч *******д холбогдуулан гэм хорын хохиролд 26,117,952 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь “...*******г ажлаас халах үндэслэл болсон үйлдэлдээ эрүүгийн хариуцлага хожим хүлээсэн...нэхэмжлэгч шүүхийн шатад *******д 26,177,952 төгрөг өгөхийг хүлээн зөвшөөрч, эвлэрсэн үйлдэлдээ өөрөө хариуцлага хүлээх ёстой” гэж тайлбарлан эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хариуцагч ******* нь “*******” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа ажилтан *******г ажлаас халсан нь үндэслэлгүй болохыг гурван шатны шүүхээр тогтоож, улмаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.29-ний өдрийн 184/ШШ2021/03164 дугаар захирамжаар нэхэмжлэгч *******гийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 26,177,952 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэх шаардлагыг хариуцагч “*******” ОНӨААТҮГ нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон, 26,177,952 төгрөгийг Р.Баясгаланд олгосон үйл баримтыг зөв тогтоосон байна. /хх-5-22/

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын ... эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”-г, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж зохицуулжээ.  

Харин албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхдаа гэм хор учруулсан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бөгөөд түүний гэм хорыг хуулийн этгээд арилгасан бол байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй болохыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д журамлажээ.

5. Анхан шатны шүүх хариуцагчийн буруутай эсэх асуудлыг тогтоохдоо *******гаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг шийдвэрлэсэн шүүгчийн захирамжид үндэслэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар нотлох баримтыг үнэлэх журамд нийцээгүй.

5.1. ******* нь “*******” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байхдаа *******г ажлаас чөлөөлөх тушаал гаргасан бөгөөд тухайн тушаал нь эрх зүйн хувьд алдаатай байсныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.06.29-ний өдрийн 1398 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021.05.25-ны өдрийн 001/ХТ2021/00520 дугаар тогтоолоор тогтоосон. /хх-8–19/

Тодруулбал, “*******” ОНӨААТҮГ-ын даргын 2020.01.23-ны өдрийн ******* дугаар тушаалаар *******г газрын техник технологийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий инженерийн албан тушаалаас халахдаа нэгдүгээрт, эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж хуурамч бичиг баримт бусдаар үйлдүүлэн бусдын нэр хүндэд халдан, худал цуу тарааж, ажилтны нэр хүндийг гутаасан, унагаасан, халдсан, гүжирдсэн үйлдэл гаргаж, энэ хэрэгтээ бусдыг өдөөн турхирсан нь холбогдох баримтаар нотлогдсон, хоёрдугаарт, ажлын байранд танхайрах, зохисгүй зан авир гаргасан гэжээ. Шүүх тушаалд дурдсан эхний үйлдлийг гаргасан болох нь тогтоогдоогүй гэж үзсэн бол ажлын байранд зохисгүй зан авир, үйлдэл гаргах зөрчил үйлдсэн болохыг тогтоож харин ******* нь дотоод хяналт шалгалтын хэлтсийн даргын ажил үүргийг хавсран гүйцэтгэж байхдаа гаргасан нь түүнтэй уг ажлын байранд тусгайлан хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй тул хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гэх үндэслэлгүй гэж дүгнэжээ.

Эндээс үзвэл, ажилтан *******г ажлаас чөлөөлөхөд хариуцагч *******гийн буруутай үйлдэл байх ба Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасан илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр хандсан гэж үзнэ.

5.2. Харин Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.11.29-ний өдрийн 184/ШШ2021/03164 дугаар захирамжаар ******* анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020.05.11-ний өдрөөс эгүүлэн томилогдсон 2021.09.13-ны өдөр хүртэл хугацаанд ногдох олговрыг нэхэмжилснийг “*******” ОНӨААТҮГ хүлээн зөвшөөрсөн нь өмнөх шийдвэрийн үр дагаврыг шийдвэрлэсэн агуулгатай.  

Иймд гэм хорын эрх зүйн бүрэлдэхүүн бүрдсэн буюу хариуцагч *******гийн илтэд болгоомжгүй хандсан буруутай үйлдлээс, нэхэмжлэгч хуулийн этгээдэд хохирол учирсан шалтгаант холбоотой гэж үзнэ.

5.3. Харин учирсан хохирлын хэмжээг дараах байдлаар тогтоох нь зүйтэй.

5.3.1. ******* нь “*******” ОНӨААТҮГ-ын даргаар ажиллаж байсан цаг хугацааг *******г ажилд эргүүлэн тогтоосон цаг хугацаатай харьцуулан үзвэл Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал 2020.06.29-ний өдөр гарч, улмаар хяналтын журмаар гомдол гаргах үед  хариуцагч ******* даргаар ажиллаж байжээ. *******г ажилд эгүүлэн тогтоосон Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол 2021.05.25-ны өдөр гарах үед хариуцагч ******* даргаар ажиллаж байгаагүй бөгөөд “*******” ОНӨААТҮГ нь тогтоолыг гарсан даруйд биелүүлээгүйгээс  хохирлын хэмжээ нэмэгдсэн нь хариуцагч *******гоос шалтгаалаагүй байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол гарсан 2021.05.25-ны өдрөөс ******* эгүүлэн томилогдсон 2021.09.13-ны өдөр хүртэл хугацаанд ногдох ажилгүй байсан хугацааны олговрыг хасаж тооцох нь зүйтэй.

*******гийн нэг сарын цалин Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 181/ШШ2020/01243 дугаар шийдвэрт тогтоосноор 1,617,333 төгрөг ба 2020.05.11-ний өдрөөс 2021.05.25-ны өдрийг хүртэл хугацаанд тооцоход 19,639,041 /1,617,333*12 сар 3 өдөр/ төгрөг байна.

5.3.2.  Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-т “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно.” гэж заасан.

Өмнө дүгнэсэнчлэн хариуцагч ******* тухайн үйлдэлд илтэд болгоомжгүй гэм буруугийн хэлбэрээр хандсан, хохирогч *******гийн гаргасан гэх 2 зөрчлийн нэг нь тогтоогдсон нөхцөл байдлыг хариуцагч *******гийн учруулсан эд хөрөнгийн хохирол 19,639,041 төгрөгийг тал хувиар бууруулж 9,813,520 төгрөг болгох нь зүйтэй байна. Энэ нь гэм хорын хариуцлагыг гэм буруугийн хэр хэмжээтэй харьцуулан үзэх гэм хорын эрх зүйн үндсэн зарчимд нийцнэ.

6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 192/ШШ2026/01400 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан хариуцагч *******гоос 9,819,520 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-т олгож, үлдэх 16,358,432 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2 дахь заалтыг “ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 288,840 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гоос 172,062 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “*******” ОНӨААТҮГ-т олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т хариуцагч “*******” ОНӨААТҮГ-аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 288,840 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Н.ОЮУНТУЯА

 

             ШҮҮГЧИД                                              С.ЭНХБАЯР

 

                                                                                        Г.НЯМСҮРЭН