Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 481

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, иргэн Х.Б ын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.

Шүүх хуралдааны ирц: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  М.Баасанцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчээс шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 60 тоот тушаалаар Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаандаа үр бүтээлтэй ажиллаж, хоёр жил дараалан үр дүнгийн гэрээгээ хангалттай сайн дүгнүүлж, сарын цалингаар урамшууллын шагнагдаж байсан, ажилдаа хариуцлагатай хандаж, ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй.

Гэтэл Монгол Улсын ерөнхий Аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 тоот Албан тушаал чөлөөлөх тухай тушаалаар Х.Б ыг ажлаас чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Ажлаас чөлөөлсөн тушаалын үндэслэлд Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4.7, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэг болон Захиргааны хэргийн гурван шатны шүүхийн шийдвэрийг дурдсан байна.

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, Монгол Улсын Ерөнхий аудитор дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 13.4.7-д эрх хэмжээнийхээ асуудлаар тушаал гаргах, 14 дүгээр зүйлийн 14.1-д Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй. гэсэн заалт нь ерөнхий эрх олгосон заалт, 3 шатны шүүхийн шийдвэр тушаалын үндэслэл болох хэдий ч хууль эрх зүйн үр дагаврыг тодорхойлох эрх зүйн зохицуулалт тусгагдаагүй байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 тоот Албан тушаалаас чөлөөлөх тухай тушаалыг эс зөвшөөрч, Монгол Улсын ерөнхий Аудитор болон Завхан аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд хандаж өргөдөл гаргасан боловч Монгол Улсын Ерөнхий аудитор өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.

Харин Төрийн албаны салбар зөвлөлөөс 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 47 тоот албан бичгээр хариу өгч, хуулийн байгууллагад хандахыг зөвлөсөн. Иймээс хуулийн байгууллагад хандаж, асуудлаа шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бөгөөд бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна гэж заасан. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т Ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгнө гэж заасны дагуу Үндэсний Аудитын газраас надад ямар нэгэн ажлын байр санал болгоогүй, өөр ажилд томилоогүй, шууд ажлаас чөлөөлсөнд гомдолтой байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн энэ хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа:

Нэхэмжлэлд гурван шаардлага гаргасан. Эхний шаардлагын тухайд хариуцагч талаас нэхэмжлэгчийг бололцооны өөр ажил албан тушаалд томилсон тул эхний энэ шаардлагаасаа татгалзсан.

Нэхэмжлэлийн 2 болон 3 дахь шаардлага болох цалин хөлсний асуудал шийдэгдээгүй тул үлдсэн 2 шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбартаа: Х.Б ын ажилгүй байсан хугацааны 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

Монгол Улсын Аудитын газраас 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Б/67 тоот тушаалаар ажил албан тушаалаас чөлөөлсөн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал 2016 оны оны 10 дүгээр сарын 27-ны өдөр Б/167 тоот тушаалаар Х.Б ыг Нийслэлийн аудитын газрын Төрийн үйлчилгээний газрын албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон. Иймд хариуцагч тал нэхэмжлэлийн эхний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул ажил албан тушаалд томилуулах шаардлагаасаа татгалзсан. Гэхдээ ажилгүй байсан цалин хөлс, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Нэгэнт ажилд авсан тул цалин мөнгө, эрүүл мэнд, нийгмийн даатгалын нөхөн бичилттэй холбоотой асуудлыг шийдвэрлэж өгөхөөр хүсэлт гаргасан боловч ямар нэг эрх зүйн акт байхгүйгээр дэвтэрт нөхөн бичилт, цалин мөнгө олгох эрх зүйн үндэслэл байхгүй байна. Тиймээс зайлшгүй шүүхээр энэ асуудлыг шийдвэрлүүлнэ үү. Санхүүгийн асуудал боломжгүй байна гэсэн тул шүүхийн шийдвэр гаргуулахын тулд уг нэхэмжлэлийг гаргасан.

Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайдын 2010 оны 55 дугаар тушаалаар батлагдсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын дагуу нэхэмжлэгчийн цалин хөлсийг бодож гаргасан. 2016 оны 1, 2 дугаар сарын дундаж цалинг авч үзэн 5.362.947 төгрөгийн цалингаас нэг сарын дундаж цалин 1.687.649 төгрөг, үүнээс ажлын 22 хоногоор бодож нэг өдрийн цалин 81.256 төгрөг гэж гарсан. 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх цалинг ажлын 22 хоногоор бодож 113 хоног гэж гаргасан. 9.198.020 төгрөг гэж нэхэмжилж байна. Мөн хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж баталгаажуулах нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар уг асуудлыг шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Цалин мөнгөтэй холбоотой асуудлыг шүүхийн журмаар бодож гаргахад татгалзах зүйлгүй.

2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 тоот тушаал хууль зүйн үндэслэлгүй гарсан учир Х.Б ын эрх, ашиг зөрчигдөж ажил, албан тушаалгүй болж, цалин хөлс нь зогссон асуудал байгаа. Ажилгүй байсан 113 хоногийн хугацаанд нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх зөрчигдөж, хохирсон тул уг хугацааны хохирлыг барагдуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Цалин мөнгөтэй холбоотой асуудлыг иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх гэсэн боловч захиргааны хэргийн маргаан байна гэж буцаасан байдаг. Захиргааны акт өөрөө хууль зүйн үндэслэлгүй гарсан учир нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч байгууллагаас шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитороор ажиллаж байсан Х.Б ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дараахь үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Х ын Б ыг Үндэсний аудитын газрын харьяа Завхан аймгийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалаас 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны Б/67 дугаар тушаалын үндэслэх хэсэгт Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 358 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 433 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2015 оны 17 дугаар тогтоолыг тус тус оруулсан. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Захиргааны хэргийн шүүхийн хүчин төгөлдөр актыг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох бүх байгууллага, албан тушаалтан, иргэн заавал биелүүүлнэ гэсэн хуулийн заалттай байсан. Энэхүү шат шатны шүүхийн шийдвэрүүд нь Л.У ыг Завхан аймаг дахь Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалд эгүүлэн тогтоох байсан ба шүүхийн шийдвэрийг биелүүлэх талаар холбогдох байгууллагаас удаа дараа албан тоот, шаардлагуудыг ирүүлсэн тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 791 дүгээр зүйлийн 791.1-д Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр/-ийг хэргийн орлцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй, 90 дүгээр зүйлийн 90.1-д Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ гэж заасны дагуу Х.Б ыг чөлөөлж, Л.У ыг томилсон хууль биелүүлж ажилласан үйл ажиллагаа байсан. Мөн албан тушаалаас чөлөөлөх шийдвэрт Х.Б ыг Үндэсний аудитын газрын хүний нөөцийн жагсаалтад бүртгэх талаар тусгасан.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ... бололцооны өөр ажил албан тушаалд томилохыг даалгах шаардлагыг тусгасан байна.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/164 дүгээр тушаалаар Х.Б ыг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын инженерийн албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон, өнөөдрийн байдлаар ажил олгогчоос ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагад ... хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулах гэж дурьдсан нь огт үндэслэлгүй зүйл юм. Х.Б ыг ажлаас чөлөөлсөн тушаалд 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөр тасалбар болгосон байхад 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гэсэн байгаа нь нэхэмжлэгч илтэд хууль бус шаардлагыг тавьж буй явдал юм. Мөн Хөдөлмөрийн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т Ажил олгогч нь ажилтныг ажлаар, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагад тохирсон нөхцөлөөр хангах, хөдөлмөрийн үр дүнд нь тохирсон цалин хөлс олгох, ... гэсэн хуулийн зохицуулалтаар хөдөлмөрлөөгүй үед ажилтанд цалин хөлсийг олгох боломжгүй юм.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10630 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Уг шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тогтоолоор хүчингүй болгоогүй, шийдвэр хүчин төгөлдөр байхад хэрэг хяна шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаа нь шүүх байгууллагын алдаатай үйл ажиллагаа болж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д, дээр дурдсан 55 дугаар тогтоолоор батлагдсан хөдөлмөрийн дундаж цалин хөлс бодох журмын дагуу бодож гаргасан. Нэхэмжлэгчийн сүүлийн гурван сарын цалин нь 5.362.947 төгрөг. Үүнийг гурван сард хуваараар нэг сарын цалин хөлс болох 1.687.649 гарч ирсэн. Нэг сарын цалинг 22 өдөртөө хуваан нэг өдрийн цалин гарч ирж байгаа. Үүнийг нэг өдрийн цалин нь гарч байгаа. Нийгмийн даатгалын дэвтрийн дунджаар бодож гаргасан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нэхэмжилж буй цалингийн үнийн дүн зөрүүтэй байна. Бидний тооцоолсноор 7.426.060 төгрөг байгаа. Яг ямар үндэслэлээр 9.000.000 сая төгрөг болгосныг тодруулмаар байна.

Х.Б ын ажиллаж байсан албан тушаал дээр шүүхийн шийдвэрээр өөр хүн томилогдсон байгаа. Х.Б ыг ажлаас нь чөлөөлөхдөө Захиргааны хэргийн хяналтын шатны шүүхийн тогтоолыг үндэслэж ажлаас нь түр чөлөөлж хүний нөөцийн жагсаалд бүртгэсэн. Энэ нь ажлаас нь бүр мөсөн чөлөөлөгдсөнд тооцогдохгүй юм гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар:

Нэхэмжлэгч Х.Б ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б ээс Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 тоот албан тушаалаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалд томилохыг даалгах, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн энэ хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан тус шүүхийн шүүгчийн захирамжаар 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр анх захиргааны хэрэг үүсгэжээ /ххх [1]10-11/.

Тус шүүхийн шүүгчийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 9701 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэсэн үндэслэлээр захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ /ххх 13-14/.

Үүний дараагаар нэхэмжлэгч Х.Б аас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 тоот албан тушаалаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаал болон бололцооны өөр ажил албан тушаалд томилохыг даалгах, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн энэ хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдөр дахин тус шүүхэд гаргажээ /ххх 15-16/.

Дээрх нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10630 дугаар захирамжаар захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн бөгөөд уг хугацааг сэргээсэн шийдвэр байхгүй гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ /ххх 18-19/.

Гэтэл нэхэмжлэгч Х.Б аас Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 тоот албан тушаалаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаал болон бололцооны өөр ажил албан тушаалд томилохыг даалгах, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн энэ хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр дахин гаргажээ /ххх 1-2/.

Уг нэхэмжлэлийг тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0170 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тус шүүхийн шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10630 дугаар хүчин төгөлдөр захирамж байгаа гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ /ххх 20-21/.

Энэхүү шүүгчийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0170 дугаар захирамжийг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн гэж дүгнэн нэхэмжлэлийг дахин хүлээн авахаас татгалзсан нь буруу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг буруу тайлбарлан хүлээн авахаас татгалзсан нь түүний шүүхэд хандах эрхийг хязгаарласан гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 221/ШТ2017/0066 тогтоолоор хүчингүй болгон шийдвэрлэжээ /ххх 30-33/.

Уг давж заалдах шатны шүүхийн тогтоолын дагуу тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 128/Ш32017/0877 дугаар захирамжаар нэхэмжлэгч Х.Б аас гаргасан Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/67 тоот албан тушаалаас чөлөөлөх тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаал болон бололцооны өөр ажил албан тушаалд томилохыг даалгах, хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн энэ хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлагаар Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /ххх 45-46/.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт /ххх 89/ гаргаж, улмаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн захирамж /ххх 91-92/-аар мөн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 2016 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 10630 дугаар захирамжийг илт үндэслэлгүй үндэслэлээр хүчингүй болгон шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсантай холбогдуулан тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар Х.Б ын урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаал болон бололцооны өөр ажил албан тушаалд томилохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хариуцагчаас ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн энэ хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргээс тусгаарлажээ.

  Дээр дурдсан Х.Б ын урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай дүйцэхүйц ажил албан тушаал болон бололцооны өөр ажил албан тушаалд томилохыг даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлага бүхий Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн захирамжаар нэхэмжлэгч талаас нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ /ххх 104-105/.

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Шүүх хуралдааны үеэр нэхэмжлэгч талаас дахин тодруулсны дагуу нэхэмжлэгч Х.Б аас гаргасан ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн энэ хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах гэсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны хэргийг хянан шийдвэрлэв.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2014 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 60 дугаар тушаал /ххх 75/-аар нэхэмжлэгч Х.Б ыг Завхан аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитороор томилжээ.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 67 дугаар тушаал /ххх 56/-аар Завхан аймгийн Аудитын газрын даргаар өмнө ажиллаж байсан Л.У ыг ажилд нь эгүүлэн тогтоосон, шүүхийн шийдвэрийг биелүүлэх үндэслэлээр нэхэмжлэгч Х.Б ыг Завхан аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын албан тушаалаас чөлөөлж, Үндэсний аудитын газрын хүний нөөцийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч нэхэмжлэгч Х.Б ыг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын менежерийн албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс томилсон гэдэг нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн Б/164 дүгээр тушаал /ххх 57/, хариуцагчийн тайлбар /ххх 54-55/ зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч талаас төрийн захиргааны албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотойгоор тэр дундаа төрийн албанаас хуульд нийцээгүй үндэслэлээр чөлөөлөгдсөнөөс төрийн албан хаагчийн цалин хөлс авах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн ажил олгогчийн төлөх хэсгийг төлдөг баталгааг эдлэх боломжгүй болж энэхүү нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж маргажээ.

Маргааны үйл баримтаас үзэхэд хариуцагч захиргааны байгууллагаас ажлаас буруу халагдсан ажилтныг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэснийг үндэслэн нэхэмжлэгч Х.Б ыг Завхан аймгийн Аудитын газрын даргын албан тушаалаас чөлөөлж, Үндэсний аудитын газрын хүний нөөцийн жагсаалтад оруулахаар шийдвэрлэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулахаар заасан.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т ажлаас буруу халагдсан ажилтныг шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүний эрхэлж байсан ажил, албан тушаалд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөхөөр заажээ.

Тодруулбал, хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө түүнд бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүргийг хуулиар хүлээжээ.

Гэтэл хариуцагч нь нэхэмжлэгч Х.Б ыг ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдөр түүнд бололцооны дагуу өөр ажил олж өгөөгүй харин Үндэсний аудитын газрын хүний нөөцийн жагсаалтад оруулсан.

Харин хариуцагч нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх үед бус ажлаас чөлөөснөөс хойш 5 сар гаруйн дараа буюу 2016 оны 10 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэгчийг дурдсан хуульд заасны дагуу бололцооны өөр ажилд томилсон шийдвэр гаргасан.

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд хариуцагч нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үедээ бололцооны өөр ажилд томилоогүйгээс буюу хуульд заасан үүргээ биелүүлээгүйгээс шалтгаалж нэхэмжлэгч Х.Б нь 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд ажилгүй байсан бөгөөд төрийн албыг эрхлээгүй, цалин хөлс аваагүй, ажил олгогчоос нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх төрийн албан хаагчийн баталгааг эдлээгүй үр дагавар үүссэн гэдэг нь тогтоогдож байна.

Дүгнэхэд хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөх үед Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж бололцооны өөр ажилд томилоогүй үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй бөгөөд төрийн тусгай албан хаагч Х.Б ын Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан төрийн албан хаагчийн цалин хөлс, нөхөх төлбөр, ... авах, 27.1.2-т заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардлагатай ажиллах нөхцөлөөр хангуулах эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус гэдэг нь тогтоогдож байна.

Иймээс хариуцагч захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчид учирсан ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацааны цалин хөлсийг хариуцагч байгууллагаас гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг мөн хариуцагчид даалган нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчаас шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн, нэхэмжлэгчийг Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газрын менежерийн албан тушаалд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн томилсон, өнөөдрийн байдлаар ажил олгогчоос ажил үүргээ хэвийн гүйцэтгэх нөхцөл бололцоогоор ханган ажиллаж байна, ажлаас чөлөөлсөн тушаал нь түр чөлөөлсөн байсан... гэж маргажээ. Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч байгууллага нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үед түүнийг бололцооны өөр ажилд томилох байсан, ийнхүү томилоогүйгээс нэхэмжлэгчид учирсан ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийгдээгүй бодит хохирол учирсан, энэ хохирол ажилд томилох шийдвэр тодорхой хугацааны дараа гарснаар төлөгдөх боломжгүй зэрэг нөхцөл байдлууд нь хариуцагчийн дээрх тайлбарыг үгүйсгэж байгааг дурдах нь зүйтэй.

Нэхэмжлэгчид 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл буюу ажлын 107 өдөр (5 сард 7 өдөр, 6 сард 20 өдөр, 7 сард 16 өдөр, 8 сард 23 өдөр, 9 сард 22 өдөр, 10 сард 19 өдөр)-ийн хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговроор тооцон ажилгүй байсан цалин хөлсийг олгох, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг үндэслэн ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-д заасны дагуу тооцлолыг хийжхариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 9,321,379 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, түүнчлэн тухайн олговрыг Үндэсний аудитын газрын төсвөөс гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгчийн сүүлийн 3 сард авч байсан 1 сарын үндсэн цалин 921,067 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл 138,160 төгрөг, зэрэг дэвийн нэмэгдэл 303,952 төгрөг, онцгой нөхцөлийн нэмэгдэл 92,107 төгрөг, мэргэшсэн нягтлан бодогчийн нэмэгдэл 138,160, мэргэшлийн зэргийн нэмэгдэл 175,003 төгрөг нийт 1,768,449 төгрөг гэдэг нь цалингийн тодорхойлолт /хх 135, 138/-оор тогтоогдож байна.

Түүнчлэн Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалд заасны дагуу үндсэн цалин, нэмэгдлийг тодорхойлох, ажилтны ажилласан сүүлийн 3 сарын дунджаар тодорхойлохоор заажээ.

Нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тооцооллын задаргаа:

1,768,449 төгрөг буюу бүтэн ажилласан сүүлийн 3 сарын 1 сарын дундаж цалин : 20.3 өдөр буюу сүүлийн бүтэн ажилласан 3 сарын ажлын өдрийн дундаж тоо (2 сард 18 өдөр, 3 сард 22 өдөр, 4 сард 21 өдөр) =87,115,7 төгрөг (сүүлийн бүтэн ажилласан 3 сарын 1 өдрийн дундаж цалин).

87,115,7 төгрөг х 107 өдөр (2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх ажлын өдөр) = 9,321,379 төгрөг буюу ажилгүй байсан хугацааны цалин.

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Б ын ажилгүй байсан хугацааны буюу 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс гаргуулах, мөн энэ хугацаанд нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэж, баталгаажуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгах гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ажилгүй байсан хугацаа болох 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны цалин хөлс болох 9,321,379 төгрөгийг Үндэсний аудитын газрын төсвөөс гаргууланнэхэмжлэгчид олгох, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд нөхөн бичилт хийж, баталгаажуулахыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын төсвийнорлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                  А.САРАНГЭРЭЛ