Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00663

 

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/01934 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй

Хариуцагч *******холбогдох

Битүүмжилж, хураасан орон сууцыг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов. 

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан битүүмжилж, хураасан орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ *******нь барьцаа хөрөнгө гаргавал ЖДҮС-аас авах жилийн 3 хувийн хүүтэй 650,000,000 төгрөгийн зээлийн тал мөнгийг өгнө гэж намайг хуурч орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан, улмаар өөрийн өмчлөлийн зүйл мэтээр Хас банкны барьцаанд тавьж зээл авч эвлэрлийн гэрээ байгуулсан үйлдлийг залилах гэмт хэргийн шинжтэй болохыг прокурорын байгууллагаас тогтоосон, тус орон сууцанд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа нь миний өмчлөх эрхийг ноцтой зөрчиж байна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзлаа нэхэмжлэгч нь *******байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022.07.22-ны өдрийн 17525 дугаар захирамжаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж тайлбарласан байна.

 

4.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.21-ний өдрийн 101/ШШ2021/15491 дугаар захирамжаар эвлэрэлд уригдсан *******ХХК болон *******, *******нар 190,714,312 төгрөгийг өргөдөл гаргагч Хас банк ХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/, Их Монгол улс гудамж, *******байр, *******тоот хаягтай, 64 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг баталгаажуулж шийдвэрлэжээ.

Дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн мөн шүүхийн шүүгчийн 2021.10.13-ны өдрийн 101/ШЗ2021/17225 дугаар захирамж, 101/ГХ2021/01351 дугаар гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021.10.22-ны өдрийн 21260905 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэжээ.

Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2021.10.26-ны өдрийн 21260905/01 дугаар тогтоолоор дээрх орон сууцыг битүүмжилж, 2025.03.26-ны өдрийн 21260905/02 дугаар тогтоолоор хураасан, мөн 2025.04.03-ны өдрийн 04-260/7684, 04-260/7683 дугаар Үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлүүдийг төлбөр төлөгч нарт хүргүүлэх ажиллагаа хийгдсэн байна.

 

5.Нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Стадион оргил /17012/ Их Монгол улс гудамж, *******байр, *******тоот хаягтай, 64 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2018.04.24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу *******шилжүүлж, *******нь 2018.04.24-ний өдөр өмчлөгчөөр бүртгэгдсэн, мөн Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын прокурорын 2024.11.04-ний өдрийн 1929 дугаар тогтоолд ...*******бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгосны улмаас өмчлөх эрхийг шилжүүлэн авсан үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна ... хөөн хэлэлцэх хугацаа дуусч цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэрэг бүртгэлтийн хэргийг хаах үндэслэлтэй гэж дүгнэж хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх ба анхан шатны шүүх эдгээр үйл баримтыг зөв тогтоосон.

 

6.Хэргийн баримтаас үзэхэд, төлбөр төлөгч *******2018.04.24-ний өдөр орон сууцны өмчлөгчөөр бүртгэсэн улсын бүртгэл хүчинтэй, мөн зээлийн гэрээний дагуу 190,714,312 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг орон сууцаар хангуулахаар шийдвэрлэсэн Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021.09.21-ний өдрийн 101/ШШ2021/15491 дугаар захирамж хуулийн хүчин төгөлдөр байгаа тул хариуцагч байгууллагаас тухайн орон сууцыг битүүмжлэх, хураах ажиллагаа явуулсныг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2.8, 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт Төлбөр гаргуулахаар хураагдсан хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох хүн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасуулах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно гэж заасан ба анхан шатны шүүх орон сууцны хууль ёсны өмчлөгч нь ******* болохыг тогтоосон шүүхийн шийдвэргүй, битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас уг орон сууцыг хасуулах, чөлөөлүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцсэн, мөн дээрх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгчийн гаргасан анхан шатны шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

 

8.Харин анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гуравдагч этгээдийн шаардах эрхийг зохицуулсан хуулийн зүйл, заалтыг баримтлах байтал маргаанд хамааралгүй зохицуулалтыг баримталсан, мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж тусгасан алдааг залруулж, шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/01934 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******холбогдуулан гаргасан битүүмжилж, хураасан орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******өөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   М.БАЯСГАЛАН

 

ШҮҮГЧИД   Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Д.ЗОЛЗАЯА