Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2026/01121

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02849 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* холбогдох

Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл, хууль бус эзэмшлээс орон сууц албадан чөлөөлүүлэх, хохирол 5,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

********, ******* нар найзууд бөгөөд нэг нэгнээсээ мөнгө төгрөг авч өгөлцдөг болохоор 50,000,000 төгрөгийн хэрэг байна гэж гуйсан, надад тийм их хэмжээний мөнгө байхгүй байсан, байраа барьцаалаад зээл аваад өгөөч гэж гуйсан, бэлэглэлийн гэрээгээр дээрх байрыг авсан учраас миний нэр дээр зээл гарах боломжгүй байсан. ******* банк бус санхүүгийн байгууллагад таньдаг хүн байгаа гэсэн учраас зээл авахын тулд надтай 2024.02.28-ны өдөр дүр үзүүлэн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. ******* нь *******-аас 2024.02.29-ний өдөр 50,000,000 төгрөгийн зээл авсан.

Бид хоорондоо мөнгө төгрөг шилжүүлэн өгч авалцдаг байсан бөгөөд 2023.01.01-2023.12.31-ний өдрийг дуусталх хугацаанд ******* *ны * тоот дансны хуулгаар *******ийн * тоот данснаас 68 удаагийн гүйлгээгээр 65,632,150 төгрөг орж ирсэн, ******* данснаас *******ийн данс руу 14 удаагийн гүйлгээгээр 38,397,666 төгрөг гарсан, зөрүү 27,234,484 төгрөгийг ******* өгөх өглөгтэй, 2024 оны дансны 130 хуудас хуулгаар *******ээс ******** руу 71 удаагийн гүйлгээгээр 42,617,999 төгрөгийг шилжүүлсэн, ********оос ******* рүү 17 удаагийн гүйлгээгээр 18,320,000 төгрөгийг буцааж шилжүүлсэн, зөрүү 24,297,999 төгрөг нийт 51,532,483 төгрөгийг би ******* өгөх өглөгтэй. Гэтэл ******* нь өнөөдрийн байдлаар 105,000,000 төгрөгийг өгөх ёстой гээд байрыг маань буцааж шилжүүлэхгүйгээр бидний дунд үл ойлголцол үүссэн тул үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, ****** байрны 9 тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, 29 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг буцаан шилжүүлэхийг даалгах өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Бид 2007 оноос хойш найзалж, нөхөрлөсөн. ********той 2023 оны эхэн үед ломбард ажиллуулж, бизнес хийхээр тохирч, түүний эхнэр Б.Намуунзулын нэр дээрх байрыг 2 жилийн хугацаанд түрээсэлж, үйл ажиллагаа явуулахаар тохижилт хийсэн, үйл ажиллагааг эхлэх хөрөнгийн эх үүсвэрт 105,000,000 төгрөгийг миний бие төрлийн ахаас 1 сарын 3 хувийн хүүтэй зээлж бүрдүүлсэн.

Үйл ажиллагаа явуулж эхэлсний дараа ******** нь их бага хэмжээгээр мөнгө хэрэгтэй байна, хурдан данс руу хийчих, нэгжийн мөнгө явуул, буцаагаад шилжүүлчихнэ гэх зэргээр өөрийн данс руугаа мөнгө авдаг байсан. Найз нөхдийн харилцаатай, хамтран үйл ажиллагаа явуулдаг байсан тул буцаагаад шилжүүлчихнэ гэдэгт итгэлтэй байсан. Мөн ********ыг хайж, ломбардад эвгүй хүмүүс их ирж, үймээн тарьдаг, энэ хүн намайг ална гээд байна данс руу хурдан шилжүүл гээд залгадаг, тэр даруйд нь би шилжүүлдэг, эцэс сүүлд нь ******** хар тамхи нууцаар хэрэглэдэг болсныг мэдсэн, нэг алга болохоороо хэд хоногоор хаана байгаа нь тодорхойгүй болчихдог байсан.

Ингээд би ********д Одоо чамд ахиж мөнгө зээлэхгүй, авсан зээл 46,477,300 төгрөг, зээлд ногдох хохирол (хүү)-д 9,413,417 төгрөг, нийт 55,890,717 төгрөгийн өр төлбөр үүсгэсэн. Энийгээ төл, төлөхгүй бол шүүхэд хандаж, шийдвэрлүүлнэ гэхэд ******** өөрөө зээлийнхээ өр төлбөрт байраа өгье, нэмээд мөнгө зээлбэл шууд нэр дээр чинь шилжүүлж өгнө гэдгээ хэлсэн. Би ахиж зээлүүлэх мөнгө байхгүй, чамаас болж ломбардын үйл ажиллагаа зогссон, баахан шүүхийн маргаантай үлдсэн, хэдэн саяар хохирч байна гэдгээ хэлсэн. Тэгээд ******** байранд нь эхнэр, хүүхэд нь амьдардаг болохоор шууд гаргаж болохгүй, 1 жилийн хугацаанд түрээслээд өгчих, харин түрээсээ хасаад тохиръё гэсэн. Би саналыг нь хүлээн зөвшөөрөөд өмнөх өр төлбөр, түрээсийн төлбөрийг 93,500,000 төгрөгт тооцож, өмчлөх эрхийн гэрчилгээ гарсны дараа барьцаанд тавиад 7,000,000 төгрөгийг ********д шилжүүлж, гэрээний төлбөр бүрэн төлөгдсөн.

Энэ бүх асуудлыг ******* ээж ** мэдэж байсан, Солонгос Улсаас Монголд ирж байраа авна гэж 2024.05.14-ний өдөр тийзний мөнгө 1,500,000 төгрөг шилжүүлэн авсан, мөн урьдчилгаа мөнгө хүүтэй түр хугацаанд олоод өгөөч гэсний дагуу 2024.08.19-ний өдөр найз Алтан-Оргилын дүү болох Замилангаас хүүтэй мөнгө зээлж, 2024.08.21-ний өдөр **гийн *ны ******* тоот дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн ч 2024.10.16-ны өдөр 32,000,000 төгрөгийг "Байрны урьдчилгаа мөнгө" гэдэг гүйлгээний утгатайгаар над руу шилжүүлсэн. 2024 оны 12 дугаар сард **, ****** бид уулзаад "*******" ХХК-ийн 50,000,000 төгрөгийн өр төлбөрийг хүүтэй нь төлж барагдуулъя, байраа өгчих гэсэн санал тавихаар нь миний гаргасан зардал, хохирлыг бүрэн барагдуул гэж хэлсэн. ******** орон сууцаа буцаагаад авч болно, гэхдээ миний гаргасан хохирол, зардал, төлбөрийг бүрэн төлөх хэрэгтэй. Байрны өмчлөх эрх шилжих хүртэлх хугацаанд гаргасан зардал буюу зээл, хохиролд 79,257,717 төгрөг, ****** ярьж тохиролцсон байрны түрээсийн төлбөр 18,000,000 төгрөг, түүнээс хойшхи ******* зээлж авсан төгрөг, хүү, нэмэгдүүлсэн хүүнд 42,333,246 төгрөг, нийт 139,590,963 төгрөгийг барагдуулбал би буцаагаад байрыг нь шилжүүлж өгөхөд татгалзах зүйл байхгүй гэж тайлбарласан гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, ****** байрны 9 тоот хаягт байршилтай, 29 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн ******* дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг 2024.02.29-ний өдөр авсан. Тухайн үед ******** нь орон сууцанд манай эхнэр, хүүхэд амьдардаг болохоор шууд гаргамааргүй байна, 1 жилийн хугацаанд түр амьдрах боломжоор хангаад түрээслээд өгөөч, түрээсийн төлбөрийг нь зах зээлийн ханшаар тооцъё, гэрээний төлбөрөөсөө хасчих гэдэг санал тавьсан. Ингээд би ******* эхнэр Б.Намуунзулыг эртнээс таньдаг, бага насны хүүхдүүдтэйг мэдэж байсан учраас энэ саналыг зөвшөөрч, 18,000,000 төгрөгийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авсан гэрээний төлбөрөөс хассан. Гэтэл харилцан тохиролцсон 1 жилийн хугацаа өнгөрч, байраа суллаж өг гэдэг шаардлага тавихаар ********той холбогдох болгонд зугтаж, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон.

Нэгэнт шүүх дээр 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох гэсэн бодит бус нэхэмжлэл гаргаад явж байгаа юм бол би хуульд заасан шаардах эрхээ хэрэгжүүлж, өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж, ашиглаж байгаа ********оос Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хөрөнгөө эзэмшилдээ буцаан авч, албадан чөлөөлүүлэх хүсэлтэй байна.

Мөн түрээслүүлсэн хугацаа дууссан буюу 2025.03.01-ний өдрөөс хойш хууль бусаар эзэмшиж, ашигласны хохирол, төлбөрт 5,400,000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна. Хэрэв надад анх тохирсон хугацаандаа байрыг суллаж өгсөн бол өөр бусад этгээдэд түрээслүүлж, ашиг олох бүрэн боломжтой байсан. Хохирлын үнийг тодорхойлохдоо ********той анх тохирсон үнэ буюу 2 өрөө орон сууцыг түрээслүүлэх 1 сарын 1,800,000 төгрөгөөр тооцож гаргасан. Миний бие дээрх төлбөрөөс гадна ********оос зээлийн төлбөр, хүү, хохирол зэрэг их хэмжээний авлагатай бөгөөд түүнийг тусад нь шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгчийн гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

Бидний хооронд мөнгө төгрөг шилжүүлэн өгч авалцсаар нийт 51,532,483 төгрөгийг би ******* өгөх өглөгтэй бөгөөд холбогдох *ны дансны хуулгыг нотлох баримтаар 2023, 2024 оноор тооцоолж гаргаж өгсөн. Гэтэл ******* нь 93,500,000 төгрөгийн өр төлбөрт байраа шилжүүлсэн гэжээ. Бидний хооронд ямар нэгэн хэлцэл болон бичгээр үйлдсэн баримт байхгүй бөгөөд орон сууцыг маань буцааж шилжүүлэхгүйгээр өнөөдрийг хүрсэн, бидний дунд үл ойлголцол үүссэн учраас аргагүйн эрхэнд шүүхэд нэхэмжлэл гаргасан болно. Өнөөдрийн байдлаар эхнэр хүүхдийн хамтаар уг байрандаа амьдарч байгааг дурдах нь зүйтэй бөгөөд хэрэв би байраа өр төлбөртөө тооцож худалдсан бол байраа султгаж өгөх байсан биз. Тэгээд ч байраа 93,500,000 төгрөгт тооцож зарж байгаа бол өөр хэн нэгэнд зах зээлийн ханшаар худалдан борлуулах байсан байх.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 106 дугаар зүйлийн 106.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, ****** байр, 9 тоот хаягт байрлах 29 м.кв, 2 өрөө орон сууцны өмчлөх эрхийг ********д буцаан шилжүүлэхийг ******* даалгаж, орон сууцыг албадан чөлөөлүүлэх, 5,400,000 төгрөг гаргуулах тухай *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 658,000 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 171,550 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 658,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ********д олгож шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1.Шүүх нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 7-д дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь хэрэгт 2024.02.28-ны өдрийн бүртгэлийн 0431 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ авагдсан бөгөөд тухайн гэрээний 3.3-т "төлбөрийг бүрэн төлж дууссан" гэж, мөн гэрээний төгсгөлд "Энэхүү гэрээнд оролцогч талуудад агуулга, хууль зүйн үр дагаврыг нотариатч зөвлөсөн болно. Гэрээг тэгш эрхийн үндсэн дээр байгуулж, гэрээний агуулга, үр дагаврыг ойлгож, уншиж танилцсан бөгөөд бусдын дарамт шахалт, бусад хүчин зүйлд авталгүйгээр, бидний хүсэл зоригт бүрэн нийцсэн тул нотариатчийн ажлын байранд ******* түүний дэргэд гарын үсэг зурсан болно" гэж тус тус зааж талууд гарын үсэг зурж, нотариатаар гэрчлүүлсэн. Энэ нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2, 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.3-т заасан шаардлагыг бүрэн хангасан. 2023.12.07-ны өдрийн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3-т "Энэ хуулийн 9.1.5-д зааснаас бусад тохиолдолд энэ хуулийн 9.1.3, 9.1.4-т заасан үнийг хамгийн сүүлд бүртгэгдсэн үнээс бууруулж бүртгэхгүй" гэж хуулийн заалт өөрчлөгдсөн. Иймээс тухайн байрны үнийг өмнөх бэлэглэлийн гэрээгээр олж авсан үнийн дүнгээс бууруулах боломжгүй тул 100,000,000 төгрөг гэж тодорхойлсон. Хэрэгт нэхэмжлэгч талаас хөрөнгийн үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасныг шүүхээс хангаж, ******* ХХК-ийн 2025.11.05-ны өдрийн үнэлгээнд 2024 оны зах зээлийн үнийг 177,099,005 төгрөг гэж үнэлсэн боловч, энэ нь 2024 оны 02 дугаар сарын зах зээлийн бодит үнэ ханшийг тогтоохгүй. Хэрэгт яг адил байршилд, адил талбайн хэмжээтэй орон сууцыг 20****** оны 04 дүгээр сард 85,000,000 төгрөгөөр худалдаж авч байсан талаарх баримт авагдсан байна.

Мөн хэрэгт нэхэмжлэгч, хариуцагч нарын дансны хуулга бүрэн авагдсан байгаа бөгөөд 2023.09.02-2024.02.29-ний өдрийг хүртэл 77,867,000 төгрөгийг би шилжүүлсэн. Энэ мөнгөний эх үүсвэр нь ах ******** сарын 3 хувийн хүүтэй 54,000,000 төгрөг зээлж авсан, мөн *******-тай зээлийн гэрээ байгуулж сарын 2.8 хувийн хүүтэй 35,000,000 төгрөг зээлж авсан, гэрээ, мөнгө хүлээн авсан дансны хуулга зэргээр нотлогдоно. Энэ мэт зээлтэй эх үүсвэрээс орж ирсэн мөнгийг ********д зээлүүлсэн. Надаас гарсан зардал буюу хүүнд 9,413,417 төгрөгийг гаргасан. Үүнийг ******** мэдэж байсан учраас мөнгөтэй болсон даруйдаа тодорхой хэмжээгээр буцаан шилжүүлдэг байсан бөгөөд энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч буюу нагац эгч ****** нь хүлээн зөвшөөрдөг.

Дээрхээс гадна гэрээ байгуулснаас хойш буюу 2024.03.01-2024.10.18-ны өдрийг хүртэл хугацаанд 58,303,249 төгрөгийг ******** руу би шилжүүлсэн бөгөөд эх үүсвэрийг мөн зээлж авсан. Тухайлбал 2024.04.29-ний өдөр төрлийн эгч Ц.Мөнхзулаас 80,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан, 2024.02.29-ний өдөр *******-тай зээлийн гэрээ байгуулж 50,000,000 төгрөгийг сарын 2.8 хувийн хүүтэй авсан. Зээлтэй эх үүсвэрээс орж ирсэн мөнгийг ********д шилжүүлсэн бөгөөд надаас гарсан зардал хүүнд 7,168,997 төгрөгийг гаргасан байна. Мөн хариу тайлбарт дурдсанчлан орон сууцны эзэмшлийг хүлээлгэн өгөхийг хүсэхэд эхнэр, хүүхдүүдээ 1 жилийн хугацаанд түр байлгая, гэр бүлээрээ Солонгос Улс явах гэж байгаа гэсэн тул 12 сарын түрээсийн төлбөрийг тооцоод хасах санал гаргасныг би зөвшөөрсөн. Тухайн үед бодит байдал дээр ийм л яриа болсон. Ингээд түрээсийн төлбөрийг 1,800,000 төгрөгөөр тооцож 21,600,000 төгрөгийг төлбөрөөс хассан. Мөн энэ байрны төлбөрт ********д мөнгө зээлүүлсэн хар тамхины хүмүүс ирж миний ажиллуулж байсан ломбардны үйл ажиллагаа явуулж байсан байр, түрээсийн байр зэргийг дээрэмдсэнтэй холбоотой хохирол, ломбардны үйл ажиллагаа явуулж байхад хятад Iphone брэндийн 15 ргоmах, 14 ргоmах 2 утсыг ориг гэж надад танилцуулж, 2023.11.28-ны өдөр 5,570,000 төгрөг надаас авсан. 2023.10.10-ны өдөр 1,697,000 төгрөг, 2023.10.29-ний өдөр 1,400,000 төгрөгийг ******* өмнөөс бусад руу шилжүүлсэн гэх зэргээр хохирлуудыг хамтатган тооцсон. Өнөөдрийг хүртэл ******** энэ их өр төлбөртөө байраа чамд шилжүүлээд өгсөн гэдэг ганц шалтгаан хэлж, нэмж мөнгө зээлж авсан байдаг. Гэтэл одоо түүний хамаатны өмгөөлөгч эгч нь бодит байдлыг илтэд гуйвуулан, намайг маш их хохиролд учруулж байна. Би дээр дурдсан бодит байдлыг нотлохын тулд өөрт байгаа бүхий л баримтуудаа өгч, тайлбар гаргасан, шүүх хуралд өөрөө орж тайлбараа хэлж мэтгэлцсэн. Гэтэл худал тайлбар гаргасан хүний хэлснийг шүүх үндэслэж, шийдвэрээ гаргаж байгаад маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлдээ байгуулсан гэрээг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж дүгнэсэн байна. Гэвч миний бие тухайн хөрөнгийн өмчлөгч болсон учраас ********д дахин мөнгө зээлүүлсэн. Хэрвээ шүүхийн шийдвэрт бичсэн шиг зүгээр л дүр үзүүлсэн гадаад илэрхийллийг бий болгосон юм бол би өмнө нь их хэмжээний мөнгө зээлүүлж, түүнийгээ аваагүй байж дахин өөрийн нэр дээр зээл авч, өөрийгөө дахин дахин улам хохироох үйлдэл хийхгүй байх байсан.

******* эгч ******, ээж ** нар нь намайг өмчлөгч гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрч, надаас байрыг худалдаж авья гэж санал тавьж байсан. Тодруулбал ** эгч 2024 оны 08 дугаар сард надтай холбогдоод байраа худалдаж авья гэсэн. Би орон сууцны лизингийн ilease (гадаад улсаас эх орондоо орон сууц худалдан авах боломжтой) гээд газар очоод уулз гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа ** эгч очиж уулзаад ирлээ, урьдчилгаа мөнгө бэлдэх хэрэгтэй юм байна, чи урьдчилгаа мөнгө хүүтэй түр хугацаанд олоод.өгөөч гэсэн. Би 2024.08.19-нд найз Замилангаас хүүтэй мөнгө зээлж, 2024.08.21-ний өдөр ** эгчийн *ны ******* тоот дансанд 40,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Энэ дансны хуулганаас тодорхой харагдана. Ингээд 1 сар гаруй дараа зээл бүтчихлээ гээд 2024.10.16-ны өдөр 32,000,000 төгрөгийг "Байрны урьдчилгаа мөнгө гэдэг гүйлгээний утгатайгаар над руу шилжүүлсэн. Б. * эгч өөрөө Солонгосоос очьё, Монголд ирж байгаад байраа авья, чи тийзний мөнгө явуулаад өгөөч гээд 2024.05.14-ний өдөр 1,500,000 төгрөгийг би шилжүүлж байсан. Хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар сард ******, ** нартай уулзахад энэ бүх нөхцөл байдлыг мэдэхийн дээдээр мэдэж байсан, одоо зөрүүтэй худлаа тайлбар хэлж байна.

6.2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-т "Энэ шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар эрх зүйн үйлчлэлийн хувьд зөвхөн хэргийн оролцогч талуудад үйлчлэх тул шийдвэрт дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгөд хязгаарлагдмал эрх /ипотек гэх мэт/ эдэлж байгаа гуравдагч этгээдийн эрхийг хөндөхгүй болохыг дурдах нь зүйтэй" гэж шийдвэрлэсэн. Би 2024.02.29-ний өдөр *******-тай ЗГ0301240030 тоот зээлийн гэрээ, мөн өдрийн * тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг тус тус бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгэгдсэн. Тодруулбал тус байгууллагаас 50,000,000 төгрөгийг нэг сарын 2.8 хувийн хүүтэй 12 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд одоо маргаан бүхий орон сууц зээлийн барьцаанд байна. Энэ хэрэгт ******* аливаа гуравдагч этгээдээр оролцоогүй байхад хэргийн оролцогч бус этгээдийн хийсэн гэрээ хэлцэлтэй холбоотой дүгнэлтийг хийсэн байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагадаа банк бус санхүүгийн байгууллагаас зээл авах зорилгоор энэ гэрээг байгуулсан, зээл авахыг нэхэмжлэгч мэдэж байсан гэх боловч, яагаад өнөөдрийг хүртэл энэ зээлийг төлж байгаагүй эсэх зэрэг тайлбар, шаардлагын үндэслэлүүд нь хоорондоо зөрүүтэй байна.

6.3.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй бөгөөд нотлох баримтаар нотлогдож буй тухайд: Миний бие нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, эзэмшиж ашигласан төлбөрт 5,400,000 төгрөгийг гаргуулах шаардлага гаргасан. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д заасны дагуу 2024.02.28-ны өдрийн гэрчилгээ гарсан тул ******* өмчлөх эрх дуусгавар болж, худалдах, худалдан авах гэрээг мөн өдөр улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлж, надад өмчлөх эрх үүссэн. Анх тохирсон 1 жилийн хугацаа дууссанаас хойшхи хугацааны орон сууцыг ашиглаж, эзэмшиж байгаа хохирол, төлбөрийг шүүхийн шинжээчээр ажилласан ******* ХХК-аар үнэлүүлэхэд 2025 оны 1 сарын төлбөрийг 1,557,692 төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн миний бие 2025.03.01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарыг дуусталх хугацааны хохирлыг шаардсан бөгөөд дээрх хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзвэл шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаанд 33,262,970 төгрөгийн хохирол учирсан болохыг дурдсан байна.

Иймд энэхүү гомдлыг хангаж анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй орхиж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. ******** нь *******тэй харилцан хоорондоо мөнгө авсан, өгсөн байдаг. 2024.02.28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Тухайн өдөр гэрээг байгуулж 2024.02.29-ний өдөр ******* *******-д зээлийн барьцаанд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан нь зээл авах зорилгоор гэрээг байгуулсан болох нь тогтоогдож байна. ******** уг байранд төрсөн цагаасаа буюу эмээ, өвөө, аав, ээжтэйгээ хамт амьдарч, одоо хоёр хүүхэд, эхнэрийн хамтаар амьдарч байгаа.

Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв. 

 

2.Нэхэмжлэгч ******** нь хариуцагч ******* холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцны  өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, хууль бус эзэмшлээс орон сууцыг албадан чөлөөлүүлэх, хохирол 5,400,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ байраа барьцаалаад зээл аваад өгөөч гэж хариуцагч гуйсан бөгөөд бэлэглэлийн гэрээгээр байрыг авсан учраас миний нэр дээр зээл гарах боломжгүй байсан тул хариуцагч банк бус санхүүгийн байгууллагад таньдаг хүн байгаа гээд зээл авахын тулд дүр үзүүлэн худалдах, худалдан авах гэрээг байгуулсан, мөн бид хоорондоо мөнгө өгч авалцсан, нийт 51,532,483 төгрөгийн өглөгтэй байхад хариуцагч 105,000,000 төгрөгийг өгөх ёстой гээд байрыг буцааж шилжүүлэхгүй байна гэж тодорхойлсон.

Хариуцагч нь татгалзал болон сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ зээл 46,477,300 төгрөг, ногдох хохирол (хүү) 9,413,417 төгрөг, нийт 55,890,717 төгрөгийн өр төлбөрийг төл гэхэд нэхэмжлэгч өр төлбөрт байраа өгье, гэхдээ нэмээд мөнгө зээлвэл шууд нэр дээр чинь шилжүүлж өгнө гэсэн, мөн байранд эхнэр, хүүхэд нь амьдардаг болохоор 1 жилийн хугацаанд түрээслээд түрээсээ хасч тохирох санал гаргасныг би зөвшөөрч өмнөх өр төлбөр, түрээсийн төлбөрийг 93,500,000 төгрөгт тооцож, гэрчилгээ гарсны дараа барьцаанд тавиад 7,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлж тооцоо дууссан, үүнээс хойш ч авсан мөнгө, хүү, хохирлыг бүрэн төлөөгүй, байр суллаж өгөхгүй байгаа тул чөлөөлүүлнэ, мөн орон сууц эзэмшиж ашигласны төлбөр гаргуулна гэж тайлбарласан.

 

4.Хэрэгт 2024.02.28-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ авагдсан ба уг гэрээгээр нэхэмжлэгч нь Хан-Уул дүүрэг, 1 дүгээр хороо, 120 мянгат, ****** байр, 9 тоот хаягт байрлах, 29 м.кв талбайтай орон сууцыг хариуцагчийн өмчлөлд шилжүүлэх, хариуцагч нь үнэ 100,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон байна.

Мөн талууд харилцан мөнгөн шилжүүлэг хийсэн * ХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн * тоот, хариуцагчийн эзэмшлийн *, * тоот данснуудын хуулгыг тус тус гаргаж, өр төлбөрийн талаар тайлбарлаж мэтгэлцжээ.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан эсэх, мөн хүчин төгөлдөр эсэхийг маргааны үйл баримтад хамааруулан дүгнэсэн байх хэдий ч өглөг, авлага, өр төлбөрийн асуудлаар маргасныг анхаараагүй, энэ талаар дүгнэлт өгөөгүй нь буруу байна.

Өөрөөр хэлбэл, талуудын хооронд мөнгөн хөрөнгийн шилжүүлгийн харилцаанаас үүссэн маргаан хариуцагчийн татгалзал, сөрөг нэхэмжлэлийн үндэслэл болсон байх боловч нэхэмжлэгч, хариуцагч тус бүрийн гаргасан тооцоо, үндэслэл, нотлох баримтын талаар талууд мэтгэлцээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байна.

Нөгөө талаар, нэхэмжлэгч нь орон сууцаа буцаан авах нэг үндэслэлээ дээр дурдсанчлан хариуцагч нь илүү хэмжээний өр нэхэмжлэгчээс нэхэж байгаа гэж тодорхойлж байгаа нөхцөлд өрийн асуудал болон нэхэмжлэлийн шаардлага хоорондын уялдаа холбоог тодруулах, мөн үүссэн өр төлбөрийг хэрхэх тухай нэхэмжлэгчийн байр суурийг тодруулах нь зүйтэй байжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх шүүхийн үүрэгт маргааны зүйлийг зөв тодорхойлох, талуудыг маргаанд чиглүүлэх, мэтгэлцүүлэх, тэдгээрийн мэтгэлцэх нөхцөлийг хангах ажиллагаа хамаарах бөгөөд үүний үндсэн дээр нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хуульд нийцүүлэн үндэслэлтэй шийдвэрлэх нөхцөл бүрдэнэ.

 

5.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс үндсэн болон сөрөг нэхэмжлэлд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/02849 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******ээс 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төлсөн 829,550 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.ГАНДИЙМАА

 

ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА