| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/26830/И |
| Дугаар | 210/МА2026/00664 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00664
******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 197/ШШ2026/01654 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 8,100,951.10 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* ББСБ ХХК нь хариуцагч *******холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 8,100,951.10 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь хүү, нэмэгдүүлсэн хүүнд холбогдох хэсгийг эс зөвшөөрч маргажээ.
3.******* ББСБ ХХК, ******* нарын хооронд 2021.06.21-ний өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* ББСБ ХХК нь 7,800,000 төгрөгийг сарын 2.7 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч ******* нь зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн.
4.Зээлдүүлэгч нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлсэн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул зээлдэгчээс үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг зээлд 3,468,816.80 төгрөг, хүүнд 4,030,592.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 72,048.38 төгрөг, нийт 7,571,458 төгрөг төлсөн талаар тайлбарлаж, шүүхэд тооцооллын баримт гаргасныг хариуцагч үгүйсгэж маргаагүй.
5.Нэхэмжлэлд зээлийн үлдэгдэл 4,331,183.20 төгрөг, хүү 3,231,493.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 513,274.34 төгрөг, нийт 8,075,951.10 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
5.1.Хариуцагч зээлийн үлдэгдлийг төлөхийг зөвшөөрч маргаагүй.
5.2.Зээлийн гэрээний 2.1.4, 2.1.5-д хүү, нэмэгдүүлсэн хүүний талаар, мөн 2.1.6, 2.4.7-д хэтэрсэн хугацааны хүүний талаар тус тус тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.
Зээлийн гэрээний хавсралт болох зээлийн эргэн төлөлтийн хуваарьт зааснаар сард 341,458.51 төгрөг, сүүлийн сард 176,241.31 төгрөг төлөх атал хариуцагч нь зээлийн төлбөрийг 2023.05.22-ны өдрөөс хойш төлөөгүй, гэрээний хугацаа 2024.06.21-ний өдөр дууссан.
Анхан шатны шүүх хариуцагчийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тодорхойлохдоо зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үндэслэсэн нь алдаатай болжээ. Учир нь, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт заасан сар бүрийн 05-ны өдөр төлбөл зохих 341,458.51 төгрөгт хэсэгчлэн төлөх зээлээс гадна тухайн хуваарьт хугацааны байдлаарх зээлийн үлдэгдэлд тооцсон хүү багтсан байх ба хариуцагч уг үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, 2023.05.22-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүйн улмаас хүү хуримтлагдсан байна.
Иймээс нэхэмжлэгч нь зээлийг ашигласан хугацаагаар буюу 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөр тасалбар болгон хүүнд 3,231,493.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 513,274.34 төгрөг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн гэж үзнэ.
5.3.Хариуцагч нь дүүгээ автомашин авахад нь тусалж зээлийг авч өгсөн, зээлийн төлбөрийг графикийн дагуу дүү төлөөд явна гэсэн боловч төлөөгүй байсан, автомашин байгаа газрын мэдээллийг зээлийн эдийн засагчид өгч байсан, тухайн үед автомашиныг хураагаад авсан бол хүү нь ингэж их өсөхгүй байх байсан гэж тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй.
Тодруулбал, хэрэгт зээлийн гэрээнээс гадна нэхэмжлэгч банк бус санхүүгийн байгууллагад хариуцагчийн бичгээр гаргасан зээл авах тухай хүсэлт, автомашины зээлийн хүсэлтийн тухай мэдээлэл, зээлийн гүйлгээний хүсэлт зэрэг баримтууд авагдсан ба тэрээр зээл авах хүсэл зоригоо бодитой илэрхийлсэн байна.
Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагч нь зээлийн хөрөнгөөр худалдан авсан автомашиныг хүн унаж яваад алга болсон, 2024 оны 09 дүгээр сарын сүүлээр Багануураас очиж авчирсан, автомашинаа 450,000 төгрөгөөр зарсан талаар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2024.04.17-ны өдөр очиж үзэхэд автомашин эвдэрсэн байсан талаар тус тус тайлбарласнаас үзвэл автомашинаар зээлийн гэрээний үүргийг хангуулах боломжтой гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
6.Дээрхээс дүгнэхэд, нэхэмжлэгч нь зээлийн үлдэгдэл 4,331,183.20 төгрөг, хүү 3,231,493.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 513,274.34 төгрөг, нийт 8,075,951.10 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцсэн тул энэ талаар гаргасан түүний давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй.
7.Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлсний зардал 25,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан ба үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасны дагуу учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй. Анхан шатны шүүх хариуцагчаас хохирол 25,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэнд хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна. Харин шийдвэрийн тогтоох хэсэгт хохирлын бүрэлдэхүүнийг тодорхойлсон Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсгийг баримталсан нь оновчгүй байх тул хууль хэрэглээний өөрчлөлт оруулах үндэслэлтэй.
8.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 197/ШШ2026/01654 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас 8,100,951.10 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-д олгосугай гэж,
2 дахь заалтад ...127.456... гэснийг 144,566 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ******* ББСБ ХХК-аас 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр төлсөн 30,214 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА