| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 197/2025/29306/И |
| Дугаар | 210/МА2026/00669 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00669
*******, *******нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2026/01195 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******, *******нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******холбогдох
Гэм хорын хохиролд 4,197,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч *******холбогдуулан гэм хорын хохиролд 4,197,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас *******ын өмчлөлийн тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учруулж хохирол 3,837,000 төгpөr, *******д эрүүл мэндийн хохирол 360,000 төгрөг тус тус учруулсныг төлүүлнэ гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлаа зам тээврийн осол гаргасан нь үнэн, тухайн үед би тээврийн хэрэгслийг засварлаж өгье, үнэлгээний газар руу хамт явъя гэхэд *******хэл амаар доромжилж, загнаад хамт яваагүй, үнэлгээ өндөр гарсан тул хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.
4.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дор дурдсан үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
4.2.*******ХХК-ийн 2022.09.27-ны өдрийн автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайланд дээрх тээврийн хэрэгслийн баруун урд болон зүүн урд их гэрэл хуучин сэвэн дээр нь нэмж хагарсан, улсын дугаар нугарч, нүүр сетка хагарсан, баруун багажны тагны гэрэл хагарч, буферийн дотор төмөр нугарч хугарсан, буферийн доод сетка хагарсан, буфер урагдаж хагарсан, багажны ар тал дотогш цөмөрч ханзарсан, багажны таг хонхойж нугарсан, баруун урд крыло хонхойж, зурагдаж, будаг халцарч, урд хэсэг гажсан байдалтай байгааг тодорхойлж, баруун урд болон зүүн урд гэрэл, улсын дугаар, нүүр сетка, багажны тагны баруун гэрэл, буферийн дотор хойд төмөр, буферийн сеткыг тус тус солих, харин урд буфер, баруун урд крыло, багажны ар тал, тагийг засах, урд хэсгийн гажааг гаргах шаардлагатай гэж дүгнээд, сэлбэг, материалын үнэ, ажлын хөлсийг тухайн өдрийн ханшаар нийт 3,615,000 төгрөгөөр тооцжээ.
4.4.*******нь 2022.09.11-ний өдөр 360,000 төгрөгийг Лазер мед байгууллагад тушаасан тухай бэлэн мөнгөний орлогын баримт шүүхэд ирүүлсэн.
4.5.Тээврийн прокурорын газрын прокурорын дээрх тогтоолд *******ын гаргасан Замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт материалыг хүргүүлэхээр шийдвэрлэжээ.
4.6.Автотээврийн хэрэгслийн гэрчилгээгээр ******* УНҮ улсын дугаартай, Лексус Ай Эс 250 маркийн тээврийн хэрэгсэл *******ын нэр дээр бүртгэлтэй байна.
5.Дээрх үйл баримтуудыг харьцуулж үзэхэд, хариуцагч нь 2022.09.11-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчиж, ******* УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн байх ба гэм буруугийн асуудлаар хариуцагч маргаагүй байна.
Мөн уг хууль бус үйлдлийн улмаас тээврийн хэрэгслийн баруун урд болон зүүн урд их гэрэл, баруун багажны тагны гэрэл, нүүр сетка, буферийн доод сетка тус тус хагарсан, буферийн дотор төмөр нугарч хугарсан, буфер урагдаж хагарсан, багажны ар тал дотогш цөмөрч ханзарсан, багажны таг хонхойж нугарсан, баруун урд крыло хонхойж, зурагдаж, будаг халцарсан, урд хэсэг гажсан, улсын дугаар нугарсан эвдрэл, гэмтлүүд учирсан, эдгээрийг засахад 3,615,000 төгрөг шаардлагатай болох нь *******ХХК-ийн үнэлгээний тайлангаар нотлогджээ.
Хариуцагч нь тээврийн хэрэгслийг өөрөө засварлаж өгөх, үнэлгээний байгууллага руу хамт явах талаар нэхэмжлэгч *******д удаа дараа хэлсэн боловч хүлээж аваагүй, тухайн үед машиныг засуулсан бол бага зардлаар засуулах боломжтой байсан, үнэлгээ нь маш өндөр байна гэсэн тайлбар гаргасан байх хэдий ч уг тайлбартай холбоотой нотлох баримтыг ирүүлээгүй учир анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Тодруулбал дээрх үнэлгээ нь зам тээврийн ослыг эрх бүхий байгууллагаас шалгаж байх хугацаанд хийгдсэн, энэ талаар Тээврийн прокурорын газрын прокурорын 882 дугаар тогтоолд тодорхой дүгнэгдсэн байх ба хариуцагч нь үнэлгээг зөвшөөрөөгүй тохиолдолд энэ талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гомдол гаргах эрхтэй. Түүнчлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нэхэмжлэлийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийн хүрээнд хариуцагчаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөх боломжтой ч нотлох баримт гаргаагүй байна.
Хариуцагчийн давж заалдах гомдолд шүүх дахин шинжээч томилох, нотлох баримт цуглуулах боломж олгоогүй нь мэтгэлцэх эрхийг бодитоор хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж дурдсан нь үндэслэлгүй. Учир нь, шүүх 2025.11.03-ны өдөр хариуцагчид эрх, үүрэг тайлбарласан, мөн хэргийн материалтай танилцуулсан, хариуцагч 2025.11.07-ны өдөр хариу тайлбараа гаргасан, улмаар 2026.01.14-ний өдөр шүүх хуралдааныг товлон явуулсан, уг шүүх хуралдаанд хариуцагчаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар зөвхөн хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг үндэслэн шүүх шинжээч томилох ажиллагааг хийх журамтай. Үүний зэрэгцээ шүүх 2025.10.06-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн ба хуульд зааснаар 45 хоногийн хугацаанд хэргийг шийдвэрлэх байтал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сар 8 хоногийн хугацаанд явуулсан тул зохигчийн мэтгэлцэх эрхийг бодитой хэрэгжүүлэх боломжийг хязгаарласан гэж үзэхгүй болно.
6.Шүүх зохигч талуудын тайлбар, нэхэмжлэлд хавсаргасан автотээврийн хэрэгслийн гэрчилгээг үндэслэн нэхэмжлэгч *******ыг ******* УНҮ улсын дугаартай, Лексус Ай Эс 250 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, эд хөрөнгийн өмчлөгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээдээс уг гэм хорыг арилгахыг шаардах эрхтэй.
Хариуцагч нь ******* УБТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж нэхэмжлэгч *******ын эд хөрөнгөд хохирол учруулсан тул хохирол 3,615,000 төгpөrийг төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн. Харин үнэлгээний хөлс 222,000 төгрөгийн талаар нэхэмжлэгч нар тодорхой тайлбарлаагүйгээс шүүх дүгнэлт хийгээгүй байх ба энэ талаар нэхэмжлэгч тал давж заалдах гомдол гаргаагүй учир талуудын зарчмын дагуу шүүхийн шийдлийг хэвээр үлдээх нь зүйтэй.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч, түүний өмгөөлөгч нар нэхэмжлэгч ******* тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэх талаар тайлбар гаргаж байх боловч энэ талаар анхан шатны шүүхэд маргаагүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.2.4-т зааснаар давж заалдах гомдлын үндэслэл болоогүй тул энэ талаарх гомдол үндэслэлгүй болно.
7.Нэхэмжлэгч *******нь 2022.09.11-ний өдөр 360,000 төгрөгийг Лазер мед байгууллагад тушаасан тухай бэлэн мөнгөний орлогын баримтыг шүүхэд гаргаж, хариуцагчийн хамт шинжилгээ хийлгэсэн гэж тайлбарласан. Анхан шатны шүүх хуралдаанд даргалагчийн ...үнийн дүнд маргаан байна уу гэсэн асуултад хариуцагч нь Эмнэлэгт томографийн зураг даруулахад би хамт байсан. Мөнгийг төлье гэхэд үгүй гэсэн. Эрүүл мэндээ үзүүлсэн нь асуудал биш. Хүлээн зөвшөөрч байна гэж хариулснаас үзвэл хариуцагч уг шаардлагыг маргаагүй байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтэд *******гийн баруун гарын 3 дугаар хурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон, энэ нь эрүүл мэндийг сарниулахгүй, гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэж дүгнэсэн ч хариуцагчийн хууль бус үйлдэлтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс дээрх зардал гарсан болох нь тогтоогдсон байна.
Иймээс шүүх хариуцагчаас уг мөнгөн дүнг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцсэн.
8.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.4-т бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүсэх үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа таван жил гэж заасан ба нэхэмжлэгч нар 2025.10.01-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь уг хугацааг хэтрүүлээгүй.
9.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 197/ШШ2026/01195 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төлсөн 82,102 төгрөгийг төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА