| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 102/2022/03149/И/Н |
| Дугаар | 210/МА2026/01122 |
| Огноо | 2026-05-18 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 210/МА2026/01122
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/03329 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч *д холбогдох
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 162,*09,222 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, илүү 7309 цагийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэл, 50,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.*ын даргын 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаалаар Д.*д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулсан. Тушаалд Хууль зүйн албаны дүрэм, нийгэмлэгийн ажилтныг шагнахтай холбоотой хэм хэмжээ болон албан хэрэг, бичиг хэрэг хөтлөхтэй холбоотой тогтоосон хэм хэмжээг зөрчиж, 50,000,000 төгрөгийг авсан гэж дурдсан.
Д.* нь Улаанбаатар төмөр замын Хуулийн албаны орлогч даргаар 201*.03.07-ны өдөр томилогдсон бөгөөд түүнд ажил олгогчийн мэдлийн өмч хөрөнгийг бүртгэн авч, бүрэн бүтэн байдлыг хангах, хадгалах, хамгаалах, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр бусдад шилжүүлэх үүрэг хүлээсэн эд хариуцагч байхаас гадна тодорхой зориулалт, чиглэлээр эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх мэдлийг өмчлөгчөөс шилжүүлэн авсан удирдах албан тушаалтан, мөн удирдах албан тушаалтантай зохих хэмжээгээр хамтран захиран зарцуулах эрхийг хэрэгжүүлж, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтанд бүртгэлээр хяналт тавих ямар нэгэн эрх хэмжээ хууль, дүрэм журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, бие даасан тушаалаар өгөгдөөгүй. 50,000,000 төгрөгийг өөрөө дур мэдэн авч, хохирол учруулсан, хулгай хийсэн, ашиглан шамшигдуулсан зүйл огт байхгүй бөгөөд эрх хэмжээний хүрээнд ажил үүргийг хуулийн дагуу гүйцэтгэсэн. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно гэж Монгол Улсын иргэний эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. Гэтэл гэмт хэрэг үйлдсэн эсэхийг эцэслэн тогтоогоогүй атлаа бусдыг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн мэтээр дүгнэж байгууллагын дарга өөрт олгогдоогүй эрх хэмжээг эдэлсэн гэж үзэхээр байна. Тушаалд хууль зүйн үндэслэлгүйгээр авсан гэдэг асуудал нь ойлгомжгүй, утгын хувьд бүрхэг бөгөөд хэзээ, хэдийд, яаж, хэрхэн, өөрөө ямар шийдвэр бие даан гаргаж авсан зэрэг асуудлыг тушаалд тодорхой заах ёстой байтал огт дурдаагүй.
1.2.Мөн тушаалд удаа дараа ажил тасалсан, ажил тасалсан өдрүүдийн нийлбэр дүн 4 буюу түүнээс дээш өдөрт хүрсэн гэж дурдсан. Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх зорилгоор нийгэмлэгийн хэмжээний бүх алба, хэлтэс, төв, тасаг, салбар нэгжүүдийг ажлын тусгай горимд 2020 оны 11 дүгээр сараас эхлэн 2022 оны 03 дугаар сар хүртэл шилжүүлэн ажиллуулсан. Үүнд: Замын даргын 2021.04.23-ны өдрийн А/440 тоот тушаалаар захиргааны ажилтнуудыг ажлын байранд 10 хүртэлх хувиар сэлгэн ажиллуулах, 1 баг ажлын байранд үргэлжилсэн 5 өдөр ажиллахаар хуваарь мөрдөх, 2021.05.31-ний өдрийн А/545 тоот тушаалаар А/440 тоот тушаалыг үргэлжлүүлэн 2021.06.30-ны өдөр хүртэл сунгасан, 2021.0*.31-ний өдрийн А/726 тоот тушаалаар захиргааны ажилтнуудын 50 хувийг ажлын байранд, 50 хувийг зайнаас ажиллах горимоор, 2 ээлжээр сэлгэн ажиллах ээлжийн зохион байгуулалтанд оруулан, нэг ээлж нь ажлын байранд үргэлжилсэн 5 өдөр хуанлийн 7 хоног ажиллахаар хуваарь баталж мөрдөн ажиллахыг үүрэг болгосон, 2021.12.24-ний өдрийн цахилгаанд бүтцийн нэгжийн ажилтнуудын 20 хүртэлх хувийг сул зогсолтонд хамруулах арга хэмжээ авах үүрэг өгөгдсөн, цахилгааныг хэрэгжүүлэх зааварчилгаанд нэгжийн дарга, орлогч дарга нарыг сард 3 өдрийн цалингүй чөлөө авахыг үүрэг болгосон.
Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн дагуу Хууль зүйн албаны ажилтнууд 2021.11.12-ны өдрөөс зайнаас ажилласан, 2022 оны 01 дүгээр сарын 17-19, 31-ний өдөр зайнаас ажилласан, 20-21-ний өдөр сул зогсолттой, 22, 23, 29, 30-ны өдөр амралтын өдөр, 24-ний өдөр 07.37-17.3* цагт, 25-ны өдөр 07.0*-17.25 цагт, 26-ны өдөр 07.11-17.09 цагт, 27-ны өдөр 07.21-17.09 цагт, 2*-ны өдөр 07.14-1*.40 цагт тус тус ажилласан. 2022.02.01-ний өдөр зайнаас ажилласан, 24, 25-ны өдөр сул зогсолттой байсан, 2022 оны 03 дугаар сарын 04, 11, 25-ны өдөр цалингүй чөлөөтэй байсан. Хууль зүйн албаны ажилтнуудын ажиллах хуваарь, Цалингийн табель, Эйбл дахь цагийн бүртгэлийн хүснэгт, цалингийн цэснээс тодорхой харагдах ба Д.* нэг цаг ч ажил таслаагүй.
1.3.*ын цагийн бүртгэлд 2021.11.01-2022.03.30-ны өдөр хүртэл илүү 7309 цаг бүртгэлтэй, энэ нь ажлын 15 хоног болох ба биеэр нөхөн амруулаагүй учир илүү цагийн хөлс гаргуулах хүсэлттэй.
1.4.Замын даргын 2022.04.26-ны өдрийн А/33* тоот Тушаал хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан.
Иймд *ын даргын 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговор 162,*09,222 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, илүү 7309 цагийн хөлс гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
2.1.*ын даргын 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаал Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн, сахилгын зөрчлийн үйл баримтыг зөв тогтоосон, хууль хэрэглээний алдаагүй үндэслэл бүхий гарсан. 2021.11.23-ны өдрийн Б/II/159 тоот тушаал гарсан, үүнийг зохион байгуулж гардан гүйцэтгэсэн этгээд нь Д.* байх бөгөөд Хууль зүйн албаны дүрмийн 5.2.7, 5.3.5, 5.3.6-д заасныг зөрчиж албаны хуульч хянаагүй байхад тушаал шийдвэрийн ноорог хувьгүй, замын нэгдүгээр орлогч дарга, замын орлогч дарга болон санхүүгийн албаны дарга нар орос хүн байхад гадаад харилцааны албаар орчуулга хийлгээгүй, орчуулгагүй тушаал дээр гарын үсэг зуруулсан зөрчил гаргасан. Энэ тушаалын эх хувь нь бичиг хэрэг дээр огт байхгүй ба Д.* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бичиг хэргийн ажилтанд дарамт шахалт үзүүлэн дугаар авсан.
Дээрх тушаалын дагуу хууль бусаар 50,000,000 төгрөг авсан бөгөөд тухайн тушаалд мөнгөн дүн байхгүй, тус нийгэмлэгийн шагнал нь зөвхөн Замын даргын сангаас гарах дүрэм журамтай байхад төсөл хэрэгжүүлэх нэгжээс тооцон олгож зам засварын машинт станцтай хоорондын тооцоогоор тооцох гэсэн зохицуулалт хийсэн нь хууль бус, шагналын журмаар 1-3 сарын цалингийн хэмжээгээр шагнал олгодог байтал журмаас илүү олгосон байна. Уг тушаалын үндэслэлийг эрүүгийн журмаар шалгаж байгаа, хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү.
2.2.Мөн Д.* нь удаа дараа ажил тасалсан болох нь тогтоогдсон. Зайнаас ажиллах журмын дагуу бүртгэлээ хийгээгүйг дотоод хяналтаас тогтоосон. Амрах эрхээ эдлэхдээ цаг бүртгэлийн системдээ бүртгүүлээгүй тул ажил тасалсан гэж үзэж байна гэжээ.
3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
*ын даргын 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаалын биелэлтийг хангуулах, ОХУ ба Монгол Улсын хамтарсан комисс УБТЗ ХНН 2021 оны үйлдвэрлэл санхүүгийн үйл ажиллагааны шалгалтын дүнгээр гарсан зөвлөмж дүгнэлтийн биелэлтийг хангуулахаар Д.*гаас 50,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.
Д.*д Б/ІІ/45 тоот тушаалыг өөрөө сайн дураар биелүүлэх боломжийг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт "Ажилтан энэ хуулийн 129, 130, 131 дүгээр зүйлд заасан эд хөрөнгийн хохирлоо төлөх үүрэгтэй", мөн зүйлийн 133.2 дахь хэсэгт "Ажилтны учруулсан хохирлыг хэсэгчлэн төлүүлэхээр талууд харилцан тохиролцож болно" гэж зааснаар олгосон боловч биелүүлээгүй тул мөн зүйлийн 133.3 дахь хэсэгт зааснаар хохирол нөхөн төлүүлэх сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, татгалзлын агуулга:
Сөрөг нэхэмжлэлээр шаардсан 50,000,000 төгрөгийг шүүхийн шатанд төлсөн баримтыг өгсөн тул энэ шаардлага үндэслэлгүй гэжээ.
5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 15* дугаар зүйлийн 15*.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*г *ын Хууль зүйн албаны орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч *аас ажилгүй байсан хугацааны цалин хөлс 162,*09,222 төгрөгийг гаргуулж, Д.*д олгож, илүү цагийн хөлс гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *ын 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч Д.* биелүүлснийг баталж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан ******* ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг шимтгэлийг төлж, баталгаажуулалт хийхийг *д даалгаж,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас улсын тэмдэгтийн хураамжид 1,042,196 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, нэхэмжлэгч Д.*гаас улсын тэмдэгтийн хураамжид 3*2,950 төгрөгийг гаргуулж, хариуцагч *д олгож шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч нь 2021.11.1*-ны өдрийн "Монголын газрын тос боловсруулах үйлдвэр" ТӨХК-тай байгуулсан ОГ/1*/016 тоот гэрээг дүгнэх тухай хуралдаанд оролцсон эрх бүхий албан тушаалтан /монгол хэл мэдэхгүй/ нэр бүхий хүмүүст урамшуулал олгох тушаалыг гаргахад холбогдох хууль тогтоомж зөрчихгүй мэтээр хууль зүйн үндэслэлгүй зөвлөгөөг өгч, улмаар нэгдүгээр орлогч даргын 2021.11.23-ны өдрийн "Урамшуулал олгох тухай" Б/II/159 тоот тушаал гарахад тушаалын төслийн хууль зүйн үндэслэлийг хянаж нийт 15 ажилтныг хууль бусаар шагнаж, Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын Засгийн газрын 2021.02.17-ны өдрийн 43 дугаар "Төсвийн хэмнэлтийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг зөрчиж өөртөө болон бусдад албан тушаалын давуу байдлаа ашиглан байгууллагын ажилтныг шагнаж урамшуулах журмыг зөрчин өөртөө 50,000,000 төгрөг, бусад нэр бүхий ажилтанд 40,000,000-100,000,000 төгрөг, нийт 790,000,000 төгрөгөөр шагнаж урамшуулсан хууль эрх зүйн үндэслэлгүй, байгууллагад илт хохиролтой тушаал хянаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон. Энэхүү хууль бус тушаалын улмаас байгууллагад учирсан хохирол бүрэн арилаагүй байна. Уг тушаал нь *ын даргын 2016 оны А-363 тоот тушаалаар баталсан Шагнал урамшуулал олгох тухай журмын 7.1, 7.2-т заасныг зөрчсөн.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023.02.07-ны өдрийн 3142 дугаар "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай" захирамжид Б/II/59 тоот тушаалаар албан тушаалтнуудад олгосон урамшуулалтай холбогдох хэргийг эрүүгийн журмаар хэрхэн шийдвэрлэх нь уг иргэний хэрэгт нөлөөлөхөөр байх тул эрүүгийн хэрэг шийдвэрлэсний дараа уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй хэмээн хэргийг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн шалтгаан нөхцөл арилаагүй нь хэрэгт авагдсан Нийслэлийн прокурорын газрын 2025.04.01-ний 1/207* тоот албан бичигт Д.* нарыг холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоол хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн гэснээс харагддаг. Өөрөөр хэлбэл хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад нотолбол зохих байдал нотлохоор буцаасан нь тодорхой байхад 2025.10.21-ний өдрийн хэргийг сэргээх тухай захирамжийг гомдол гаргах хугацааг дуусгаж, хариуцагч талд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.5 дахь хэсэгт зааснаар мэдэгдээгүй нь /хх-1-109 хуудас/ шүүх хэт нэг талыг барьсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаа гаргаж, талуудын тэгш эрхийг хангаж чадаагүй юм.
6.2.Нэхэмжлэгч Д.* 4 хоног ажил тасалсныг Дотоод аудитын албанаас тогтоосон байхад ямар үндэслэлээр ажил таслаагүй гэж үзэж байгаа нь шийдвэрт тодорхойгүй.
6.3.Мөн нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан тайлбарт Хуулийн албаны орлогч даргаар 201*.03.07-ны өдөр томилогдсон гэж дурдсан байхад шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.1-д нэхэмжлэгч Д * нь 2019.10.21-ний өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулж, тус байгууллагад 2019.10.11-ний өдрөөс 2022.04.22-ны өдрийг хүртэл Хууль зүйн албаны орлогч даргаар ажиллаж байсан гэж цаг хугацаа, үйл баримтыг буруу дүгнэсэн, шийдвэрийн 9 дэх талын 11 дэх хэсэгт нэхэмжлэгч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын тэмдэглэлийг 2025.05.27-ны өдөр гардаж авч, 2022.06.21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь хуульд нийцсэн хэмээн дүгнэсэн ба ямар үндэслэлээр хуульд нийцэж байгаа нь тодорхойгүй цаг хугацааны хувьд ойлгомжгүй, тогтоох хэсэгт тэмдэгтийн хураамж бодолтын хувьд тодорхойгүй.
6.4.Нэхэмжлэгч дээрх баримт болон шүүх хуралдаанд гаргаж өгсөн ажилгүй байсан хугацааны цалин 151,771,309 төгрөг гэж байсныг /хх-136 хуудас/ 162,*09,222 төгрөгөөр нэхэмжилж холбогдох тооцооллыг удирдлагад танилцуулж, талуудын эрх тэгш мэтгэлцэх бололцоогоор хангуулах тухай хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн аваагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхийг хязгаарласан.
6.5.Сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаалын биелэлтийг хангуулах, 50,000,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд шүүхийн шийдвэрийн 9 дэх талд нэхэмжлэгч Д.* 2026.03.23-ны өдөр 45,000,000 төгрөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгжид шилжүүлсэн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн гэж дүгнэв хэмээн бичсэн байх ба 2026.03.23-ны өдөр төлөөгүй ба 2023.04.14-ний өдөр төлсөн байдаг.
Хариуцагч байгууллага нь сөрөг нэхэмжлэлдээ 50,000,000 төгрөг хэмээн тодорхой бичсэн байхад шүүхийн шийдвэрт 45,000,000 төгрөгийг төлсөн үндэслэлээр 50,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагыг Д.* биелүүлснийг баталж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон. 5,000,000 төгрөгийг хэрхэн хангуулах, хангахаас татгалзсан талаар шийдвэрлээгүй орхигдуулсан. Түүнчлэн байгууллагын дансанд тушаасан байгаа үйлдэл нь хууль бусаар шагнаж урамшуулал авсан болохоо хүлээн зөвшөөрсөн буюу хууль бус тушаал шийдвэртэй холбоотойгоо дээрх төлсөн үйлдлээр зөвшөөрсөн байна.
6.6.Нийслэлийн прокурорын газрын 2026.02.06-ны өдрийн Ц-2/1227 тоот албан бичигт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусаагүй байх тул хэргийн явц, үр дүнгийн талаарх мэдээллийг өгөх боломжгүй байна гэсэн албан бичиг шүүхээр хэргийг хэлэлцэж байхад хэрэгт авагдсан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65 1.*-д заасан "уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" нь нотлогддог.
Түүнчлэн хариуцагчийн зүгээс шүүгчээс татгалзах, хэргийг түдгэлзүүлэх тухай хүсэлтийг 2025.12.15-ны өдөр гаргасан ба шүүх хүсэлтийг хүлээн аваагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.*-д "Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа" үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар 65.1.3-65.1.*. 65.1.10-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож байхад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
Өөрөөр хэлбэл шударга ёсны зарчимд нийцээгүй хууль бус буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн байхад түүнийг ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулж шийдвэрлэж байгаа анхан шатны шүүхийн шийдвэр нь хуульд нийцээгүй, хэргийн нотлох баримт болон үйл баримтыг дутуу бүрдүүлж шийдвэрлэсэн.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хуульд заасан үндэслэл бүхий байж чадаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
7.1.Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан. Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмыг баримтлах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаалд ажилтныг шагнахтай холбогдуулан тогтоосон хэм хэмжээ, албан хэрэг, бичиг хэргийн хөтлөлтийг явуулахтай холбоотой хэм хэмжээг зөрчсөн гэх үндэслэлийг дурдаж, түүнийг ажлаас нь чөлөөлсөн. Өөрөөр хэлбэл, ямар хэм хэмжээ, ямар зүйл заалтыг зөрчсөнийг тодорхойгүй байдлаар дурдаж, ажлаас халсан тушаалыг гаргасан. Уг асуудлыг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн.
50,000,000 төгрөгийг үндэслэлгүйгээр авсан гэх асуудал дурдагдсан. Тухайн мөнгө нь хариуцагч байгууллагад бэлэн хэлбэрээр байдаггүй бөгөөд ажилтны дансанд шилжүүлсэн. Шилжүүлсэн мөнгийг хүлээн авах эсэх нь данс эзэмшигчийн асуудал юм. Үндэслэлгүйгээр шилжүүлсэн гэж үзэж байгаа тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих тухай асуудал уг маргаанд дурдагдах ёстой байсан. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж мөнгө авсан гэх асуудлыг хулгайн гэмт хэрэгт хамааруулж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.
7.2.Мөн нэхэмжлэгчийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа гэх асуудал гомдолд дурдагдсан. Гэтэл хариуцагч байгууллага ажлаас халах тушаал гаргасныхаа дараа тушаалын үндэслэлээ зөвтгөх зорилгоор нэхэмжлэгчийг эрүүгийн журмаар шалгуулах гомдол гаргасан нь Үндсэн хуульд заасан хүний хөдөлмөрлөх эрхэд халдсан үйлдэл юм. Хөдөлмөрийн эрх зүйн маргаан нь ажилтан болон ажил олгогчийн хооронд үүссэн хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журам, холбогдох хууль тогтоомжид заасан асуудлыг шийдвэрлэж байгаа иргэний эрх зүйн маргаан юм. Иргэний хууль болон Хөдөлмөрийн тухай хуульд заасныг үндэслэн ажлаас халах тушаал гаргах ёстой. Мөн ажилтан гэмт хэрэг үйлдсэний улмаас ажлаас халагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтогдсоны үндсэн дээр ажлаас чөлөөлөх асуудал яригдах ёстой. Хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан эсэх, байгууллагад хохирол учруулсан эсэх асуудлыг иргэний журмаар шалгаж тогтоох шаардлагатай бөгөөд уг асуудал тогтоогдсон тохиолдолд ажлаас халах шийдвэр гаргах ёстой. Гэтэл хариуцагч байгууллага биднийг шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа тушаалын үндэслэлээ зөвтгөх зорилгоор эрүүгийн журмаар шалгуулах гомдол гаргасан. Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан тогтоолыг Нийслэлийн прокурорын газраас хүчингүй болгосон буюу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнтэй холбоотой баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан бөгөөд уг асуудлыг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна.
7.3.Тушаалын дагуу 15 хүнийг шагнаж урамшуулсан. Тус тушаалыг гаргасан албан тушаалтныг ажлаас чөлөөлсөн эсэх, эрүүгийн журмаар шалгуулахаар хандсан эсэх асуудал тодорхойгүй. Бодит байдалд дээрх 15 хүнд багтсан Д.* гэх хүнийг ажлаас нь халах зорилгоор тухайн тушаалыг ашигласан. Хөдөлмөрийн харилцаанд нотлогдоогүй зөрчлийг үндэслэл болгон нэхэмжлэгчийг ажлаас халсан бөгөөд үүний дараа эрүүгийн журмаар шалгуулах гомдол гаргасан нь үндэслэлгүй.
7.4.Нэхэмжлэгч ажлаа тасалж байсан гэх асуудал давж заалдах гомдолд дурдагдсан. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч ажлаа 1 цаг ч тасалж байгаагүй болох нь тогтоогдсон. Бид давж заалдах гомдолд холбогдуулан хариу тайлбар гаргасан бөгөөд тус баримт хэрэгт нотлох баримтаар авагдсан. Нэгдүгээр хавтаст хэргийн 1*4-1*5, хоёрдугаар хавтаст хэргийн 21-24, 167-16* дахь талд үндэслэл тус бүрд холбогдох тайлбар байгаа болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзэхийг хүсэж байна. Харин илүү цагаар ажиллаж байсан цалин хөлсөө гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
7.5.Хариуцагч тал 50,000,000 төгрөгийн урамшууллыг буцаан гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргасан. Хариуцагч байгууллага удаа дараа эвлэрэн хэлэлцэх санал тавьсан бөгөөд цар тахлын улмаас байгууллагын санхүүгийн нөхцөл байдал хэцүү байгаа учраас шагналын мөнгөө буцаан өгсөн тохиолдолд эрүүгийн журмаар гаргасан гомдлыг буцаан татна гэж хэлсэн тул бид 45,000,000 төгрөг төлсөн. Үүний дараа эрүүгийн журмаар гаргасан гомдлоо буцаан авч, маргааныг иргэний журмаар шийдвэрлүүлэх тухай мэдэгдэхэд тушаал хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан тохиолдолд эрүүгийн журмаар гаргасан гомдлоо буцаан авахад асуудалгүй гэж хэлсэн тул мөн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан. Гэтэл хариуцагч тал анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа хариуцагч байгууллагын Хууль зүйн албаны орлогч дарга бидэнтэй уулзсан бөгөөд мөнгөн дүнгээ бууруулсан тохиолдолд давж заалдах гомдол гаргахгүй гэж хэлсэн буюу бидэнд 3 дахь удаагаа эвлэрэх санал тавьсан. Бид 2 удаа саналыг хүлээн авсан ч ямар нэгэн үр дүнд хүрээгүй учир 3 дахь удаагаа саналыг хүлээн авах боломжгүй гэж хэлсэн. Талуудын хооронд ажлаас халсантай холбоотой хөдөлмөрийн маргаан буюу иргэний эрх зүйн маргаан үүссэн, уг асуудлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй.
Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын арга хэмжээ авах ёстой. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад хариуцагч ажлаас халах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй бөгөөд уг асуудлыг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн харгалзаж үзэхийг хүсэж байна гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч Д.* нь хариуцагч *д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор 162,*09,222 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, илүү 7309 цагийн хөлс гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, 50,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагад 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаалыг хүчингүй болгох гэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаалын биелэлтийг хангуулах гэж тус тус дурдсан нь эдгээр шаардлагын үндэслэлд хамаарах учир бие даасан шаардлагаар шийдвэрлэхгүй болно.
Нэхэмжлэгч нь 2022.04.26-ны өдрийн А/33* тоот тушаалыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзсан байна.
3.Нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст хандсанаар 2022.05.27-ны өдөр талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй тухай тэмдэглэл гарсан, мөн тус хуулийн 154.6 дахь хэсэгт зааснаар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч хорооны гишүүдийг томилсон шийдвэр гараагүй талаар Баянгол дүүргийн Засаг даргын 2022.06.15-ны өдрийн 09/10*5 тоот албан бичгээр мэдэгдсэн, улмаар шүүхэд 2022.06.21-ний өдөр буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.* дахь хэсэгт заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргасан байна.
4.*ын даргын 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаалаар Хууль зүйн албаны орлогч дарга Д.*г Хууль зүйн албаны дүрэм, Улаанбаатар төмөр зам ХНН-ийн ажилтныг шагнахтай холбоотой тогтоосон хэм хэмжээ болон албан хэрэг, бичиг хэргийг хөтлөн явуулахтай холбоотой тогтоосон хэм хэмжээг зөрчин албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирол буюу 50,000,000 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр авч нийгэмлэгт хохирол учруулсан, удаа дараа ажил тасалсан, ажил тасалсан өдрүүдийн нийлбэр нь 4-өөс дээш өдөрт хүрсэн хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийг гаргасан нь Дотоод аудит, хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоогдсон үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэжээ.
Дээрх тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.4, *0 дугаар зүйлийн *0.1.4, *ын хөдөлмөрийн дотоод журмын 13.3.6, 14.1, хөдөлмөрийн гэрээний 4.1.1, 4.1.4, 5.3.1, 5.3.5, 5.3.*, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.7, *ын дүрмийн 22 дугаар зүйлийн а, з, и заалт, Удирдлагын асуудал хариуцсан замын орлогч даргын удирдан хийсэн 2022.04.21-ний өдрийн шуурхай хурлын шийдвэрийг тус тус үндэслэсэн байна. (1хх 64-65 дахь тал)
5.Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар дор дурдсан үйл баримт тогтоогджээ. Үүнд:
5.1.*ын нэгдүгээр орлогч даргын 2021.11.23-ны өдрийн Б/II/159 тоот тушаалаар Монгол Улсын Засгийн газрын 201*.01.03-ны өдрийн 02 дугаар тогтоол, 201*.01.24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын хүрээнд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншандтай холбох дагнасан хэрэглээний салбар төмөр зам, Улаанбаатар-Замын-Үүд чиглэлийн босоо тэнхлэгийн АН-3 замтай огтлолцож буй хэсэгт 3.* км холбоос зам барих төсөлд идэвх зүтгэл, ажилдаа өндөр амжилт гаргасан, албан үүргээ үлгэр жишээчээр биелүүлсэн, тушаалын хавсралтад заагдсан нэр бүхий ажилтнуудыг уг төслийн ашгийн тодорхой хувь, мөнгөн шагналаар шагнаж урамшуулах, урамшуулалд зарцуулах мөнгийг төсөл хэрэгжүүлэх нэгжээс тооцон олгож, Зам засварын машинт станцтай хоорондын тооцоогоор тооцохоор шийдвэрлэжээ.
Уг тушаалын хавсралтаар 15 ажилтны нэрс, албан тушаал, шагналын мөнгөн дүнг баталсан ба үүнд Д.*, албан тушаал НЮз, дүн 50,000,000 төгрөг гэж тусгагджээ. (1хх 67-6* дахь тал)
5.2.Хэрэгт Салбар төмөр замын барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2019.10.07-ны өдрийн дүгнэлт, мөн Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-тай байгуулсан гэрээг дүгнэх 2020.07.29, 2021.11.1*-ны өдрийн хурлын тэмдэглэлүүд авагдсан байна. (2хх 69-74, 3хх 30-31 дэх тал)
2020.07.29-ний өдрийн хуралд оролцсон НЗ-1, НЗэф, НЗп болон төслийн барилга угсралтын ажилд идэвх зүтгэлтэй оролцсон алба, хэлтэс, төвийн дарга, орлогч, төслийн ажлын хэсгийн инженерүүдийг төслийн ашгийн тодорхой хувиар шагнахаар шийдвэрлэсэн талаар уг хурлын тэмдэглэлд тусгагдсан, харин 2021.11.1*-ны өдрийн хурлаар Н Д.Жигжиднямаа, НЗ-1 Милостных И.В, НЗп Белош К.Р, НЗэф * С.Я, НН 8, НЮз Д.*, П Ю.Нямжаргал, ПГ Н.Лхагвадорж, ЭВ Ц.Сүхбаатар, РБш Д.Жигжид, НПЕ З.Отгонтөр, НПЕэ Г.Хулан, НПЕис Т.Жавхлан, НФфбэ Т.Амартуяа, ПЧ-4 А.Оргодол нарын 15 албан тушаалтны нэрийг зааж шагнахаар шийдвэрлэжээ.
Тус хуралд НЗэф * С.Я санхүү эдийн засгийн хувьд шагнах боломжтой тухай, НН 8 санхүүгийн бүртгэлийг олон улсын стандартын дагуу явуулах шалтгаанаар уг зардлыг энэ жилийн захиалгат ажлын зардалд суулгах, энэ жилийн Ерөнхий хорооны хурлаас баталсан төлөвлөгөөнд багтаахад *% орчмыг шагналд зарцуулах боломжтой, голлох шийдвэрийг гаргаж байсан талийгаач даргын ар гэрт 100 сая, түүний эзгүйд ажлыг удирдан зохион байгуулж асуудлыг тухай бүр шийдвэрлэж байсан НЗ-1, НЗп, НЗэф, мөн төсөл гардан зохион байгуулсан алба, хэлтсийн дарга, орлогч, ерөнхий инженер нарт тус бүрд 65 сая төгрөг, үлдсэн ажилтанд 40-50 сая төгрөгийн урамшуулал олгоход 790 сая төгрөг буюу 7.9% орчим болох тухай санал, НЗп Белош К.Р сайн ажилласан хүмүүсийг хувь нэмрийг үнэлэн урамшуулах ёстой гэсэн санал, НЮз Д.* хоёр улсын хоорондын 1949 оны олон улсын хэлэлцээрийн 3 дугаар зүйлийн в, хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын дүрмийн 19, 22 и, 24, Хөдөлмөрийн дотоод журмын 11.3, Шагнал урамшуулал олгох журмын 7.2-т зааснаар Замын дарга өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд ажлын өндөр ур чадвар гаргаж ажилласан ажилтнуудыг цэвэр ашгийн тодорхой хувиар шагнаж урамшуулах бүрэн эрхтэй, Замын даргын эзгүйд нэгдүгээр орлогч дарга уг бүрэн эрхийг хэрэгжүүлж болох талаар саналаа илэрхийлсэн байна.
5.3.Түүнчлэн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга З.Отгонтөрөөс гэрчийн мэдүүлэг авахуулсан ба тэрээр ажилтнуудыг шагнаж урамшуулах асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн талаар дээр дурдсанаас зөрүүгүй байдлаар шүүхэд мэдүүлсэн байна. (3хх 42-46 дахь тал)
5.4.Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Төсөл хэрэгжүүлэх нэгжид явуулсан аудитын шалгалтын 2022.01.21-ний өдрийн Т-63/04/021 тоот тайланд дээрх Б/II/159 тоот тушаалаар 15 хүнийг 790,000,000 төгрөгөөр шагнаж Төсөл хэрэгжүүлэх нэгжийн Голомт банк дахь харилцах данснаас тухайн хүмүүсийн данс руу шилжүүлсэн, банкны кредит карт байхгүй шалтгаанаар Милостных И.В, Белош К.Р нарын шагналыг хүү болох Белош Д.К-ийн данс руу, * С.Я-ын шагналыг Б.Энхбаярын картын данс руу шилжүүлсэн, энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1, Удирдах ажилтны ёс зүйн дүрмийн 2.1.4, Шагнал урамшууллын дүрмийн 7.1-д заасныг зөрчсөн гэж дүгнэсэн.
Мөн аудиторын 2022.01.23-ны өдрийн Т-63/03/03 тоот актад холбогдох ажилтнуудаар 790,000,000 төгрөгийг хариуцуулан барагдуулахыг Төсөл хэрэгжүүлэх нэгжид даалгасан байна. (2хх 234, 244 дэх тал)
6.Дээрх баримтуудаар Хууль зүйн албаны орлогч дарга Д.* нь *ын Хууль зүйн албаны дүрэм болон ажилтныг шагнах, мөн албан хэрэг, бичиг хэргийг хөтлөн явуулах хэм хэмжээг зөрчин албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирол буюу 50,000,000 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр авч нийгэмлэгт хохирол учруулсан гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал:
6.1.Маргаан бүхий тушаалд дээрх зөрчлийг Дотоод аудит, хяналт шалгалтын албаны төлөвлөгөөт бус хяналт шалгалтаар тогтоосон талаар дурдсан ч аудитын хяналт шалгалтын 2022.01.21-ний өдрийн Т-63/04/021 тоот тайлангаас үзэхэд Хууль зүйн албаны орлогч дарга Д.*д хамааралтай зөрчил тусгагдаагүй.
6.2.Хариуцагч байгууллага нь 2020.07.29-ний өдөр, 2021.11.1*-ны өдөр Монгол газрын тос боловсруулах үйлдвэр ТӨХК-тай байгуулсан гэрээг дүгнэх, төсөлд оролцсон албан тушаалтан, ажилтнуудыг шагнаж урамшуулах асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцээд, улмаар нэгдүгээр орлогч дарга Милостных И.В 2021.11.23-ны өдрийн Б/II/159 тоот тушаал гаргасан байна.
Дээр дурдсанчлан байгууллагын санхүүгийн бүртгэлийг олон улсын стандартад нийцүүлэх үүднээс шагналын зардлыг тухайн жилийн захиалгат ажлын зардалд суулгах, мөн тухайн жилийн Ерөнхий хорооны хурлаас баталсан төлөвлөгөөнд багтааж *% орчим болох 790,000,000 төгрөгийг шагналд зарцуулах үндэслэл, тооцоог санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан эрх бүхий албан тушаалтан болох НЗэф * С.Я, НН 8 нар гаргасныг удирдлагын бүрэлдэхүүн дэмжсэнээс үзвэл хариуцагчийн гаргасан шагнал нь зөвхөн замын даргын сангаас гарах дүрэм журамтай байхад төсөл хэрэгжүүлэх нэгжээс тооцон олгож зам засварын машинт станцтай хоорондын тооцоогоор тооцох гэсэн зохицуулалт хийсэн нь хууль бус, шагналын журмаар 1-3 сарын цалингийн хэмжээгээр шагнал олгодог байтал журмаас илүү олгосон гэх татгалзлыг Хууль зүйн албаны орлогч дарга Д.*д хамааралтай гэж дүгнэх үндэслэлгүй.
Шагнал урамшуулал олгох журмын 7.1 дэх хэсэгт Ажлын тодорхой амжилт гаргасан, ... ажилтныг тухайн үед нь шагнаж урамшуулах ба дээр дурьдсан шагналуудаар урд өмнө нь шагнагдаж байсан бол 1-3 сар хүртэлх үндсэн цалингийн хэмжээгээр мөнгөн урамшууллаар урамшуулж болно, 7.2 дахь хэсэгт Энэхүү журамд тогтоосноос илүү хэмжээний мөнгөн болон материаллаг урамшууллаар шагнах тохиолдолд Замын дарга өөрийн эрх мэдлийн хэмжээнд шийдвэрлэж, Замын даргын сангаас олгож болно гэж тус тус заасан ба нэхэмжлэгчийн өгсөн санал уг зохицуулалтыг зөрчөөгүй байна. (2хх 130 дахь тал)
6.3.Түүнчлэн хариуцагчийн татгалзалд Албаны хуульч хянаагүй байхад тушаал шийдвэрийн ноорог хувьгүй, замын нэгдүгээр орлогч дарга, замын орлогч дарга болон санхүүгийн албаны дарга нар орос хүн байхад гадаад харилцааны албаар орчуулга хийлгээгүй, орчуулгагүй тушаал дээр гарын үсэг зуруулсан зөрчил гаргасан. Энэ тушаалын эх хувь нь бичиг хэрэг дээр огт байхгүй ба Д.* нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бичиг хэргийн ажилтанд дарамт шахалт үзүүлэн дугаар авсан гэх нөхцөл байдлын талаар дурдсан ч Б/II/159 тоот тушаалын төслийг Төсөл хэрэгжүүлэх нэгж боловсруулсан, орос хэл дээр бэлдээгүй, уг нэгж 2 эх хувь тушаалыг хадгалсан болох нь Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Хууль зүйн албаны орлогч дарга Д.*г шалгасан тайланг хэлэлцсэн 2022.04.21-ний хурлын тэмдэглэл, мөн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дарга З.Отгонтөрийн гэрчийн мэдүүлгээр тогтоогджээ. (2хх 146-157 дахь тал)
6.4.Нөгөө талаар, Б/II/159 тоот тушаалыг 2022.04.26-ны өдрийн А/33* тоот тушаалаар хүчингүй болгохдоо нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалд зааснаас өөр үндэслэлүүдийг тусгасан байна.
6.5.Иймээс Хууль зүйн албаны орлогч дарга Д.* нь удирдлагын хуралд оролцож шагнал урамшуулал олгох асуудлаар санал гаргасан, мөн Б/II/159 тоот тушаалын дагуу 50,000,000 төгрөгийн мөнгөн шагнал авсан нь Хууль зүйн албаны дүрмийн 5.2.7-д Хэлтсийн хуульчид өөрийн гаргасан шийдвэрийнхээ эцсийн хариуцлагыг өөрөө бүрэн хүлээж ажиллах, 5.3.5-д албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах хэтрүүлэх, 5.3.6-д албан тушаалын байдлаа ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх гэж заасныг зөрчсөн гэж дүгнэх үндэслэлгүй. (2хх 136 дахь тал)
7.Нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалд удаа дараа ажил тасалсан, ажил тасалсан өдрүүдийн нийлбэр нь 4-өөс дээш өдөрт хүрсэн гэсэн үндэслэл мөн заасан байна.
7.1.Тушаалд ажил тасалсан өдөр, хугацааг тодорхой заагаагүй ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдаанд 2021.11.12, 2022.01.17, 2022.01.1*, 2022.01.20, 2022.02.01, 2022.02.24, 2022.02.25, 2022.03.04, 2022.03.11, 2022.03.25-ны өдөр нийт 17 хоног ажил тасалсан гэж тайлбарлажээ.
7.2.Хэрэгт Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг эрчимжүүлэхтэй холбоотой гарсан Замын даргын 2021.05.31-ний өдрийн А/545 тоот Ажлын тусгай горимоор ажиллах хугацааг сунгах тухай тушаал, 2021.0*.31-ний өдрийн А/726 тоот Ажлын тусгай горимоор ажиллах хугацааг сунгах тухай тушаал, Хууль зүйн албаны ажилтнуудын 2021 оны 11 дүгээр сард, 2022 оны 01, 02, 03 дугаар сард тус тус ажиллах хуваариуд, Замын даргын цахилгаан, цагийн бүртгэлийн тодорхойлолт, ажилласан цагийн хүснэгт, цахим мэдээллийн эйбл системийн бүртгэл, мөн Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Хууль зүйн албаны орлогч дарга Д.*г шалгасан тайланг хэлэлцсэн 2022.04.21-ний хурлын тэмдэглэл тус тус авагдсан. (1хх 21-24, 2хх 10*, 137-139, 140, 236-241, 251 дэх тал)
Цахим мэдээллийн эйбл системийн бүртгэлд нэхэмжлэгчийг 2021.09.01-2022.03.30-ны өдрийн хугацаанд нийт 17 өдөр тасалсан гэж тусгагдсан байх боловч хариуцагч байгууллагын холбогдох нэгж, албан тушаалтны баталгаажуулсан ажилласан цагийн хүснэгтээр нэхэмжлэгч 2021.11.12, 2022.01.17, 2022.01.1*, 2022.02.01-ний өдөр тус тус зайнаас ажилласан, 2022.01.20-ны өдөр сул зогсолттой, 2022.02.24, 2022.02.25, 2022.03.04, 2022.03.11, 2022.03.25-ны өдөр тус тус чөлөөтэй байсан болох нь тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийг удаа дараа ажил тасалсан, ажил тасалсан өдрүүдийн нийлбэр нь 4-өөс дээш өдөрт хүрсэн гэж дүгнэх үндэслэлгүй.
*.Хөдөлмөрийн тухай хуулийн *0 дугаар зүйлийн *0.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан.
Ажил олгогчийн дээрх тушаалд хөдөлмөрийн гэрээний 4.1.1, 4.1.4, 5.3.1, 5.3.5, 5.3.* дахь заалтуудыг баримталсан ба эдгээрээс 5.3.1-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр буюу урьдчилан мэдэгдэлгүйгээр дараалсан ажлын 3 ба түүнээс дээш өдөр, сардаа нийлбэр дүнгээрээ 4 ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, 5.3.5-д ажилтан ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүргээ биелүүлэхгүй, ажил үүрэгтээ хариуцлагагүй хандсан буруутай үйлдлийн улмаас байгууллагад нэг сарын дундаж цалин хөлснөөс илүү хэмжээний хохирол учруулсан, 5.3.*-д өөрт нь дүрмээр болон итгэмжлэлээр олгосон эрх хэмжээнд заагдаагүй эрхийг эдэлсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, ажил, албан тушаалын байдлаа хувийн зорилгоор урвуулан ашигласан, албан тушаалаа урвуулан ашиглаж ажил олгогчид илтэд хохиролтой үйл ажиллагаа явуулсан, ажил олгогч болон бусдад мөнгө, эд хөрөнгийн хохирол учруулсан гэж тус тус заасан нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах ноцтой зөрчилд хамаарч байна.
Үүнээс үзвэл хариуцагч * нь нэхэмжлэгч ******* хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дээрх хуульд заасан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр дуусгавар болгосон байна.
*.1.Нэхэмжлэгч Д.* нь Хууль зүйн албаны дүрэм болон ажилтныг шагнах, мөн албан хэрэг, бичиг хэргийг хөтлөн явуулах хэм хэмжээг зөрчин албан тушаал эрх мэдлээ урвуулан ашиглаж нэг сарын дундаж цалин хөлснөөс хэтэрсэн хохирол буюу 50,000,000 төгрөгийг хууль зүйн үндэслэлгүйгээр авч нийгэмлэгт хохирол учруулсан, удаа дараа ажил тасалсан, ажил тасалсан өдрүүдийн нийлбэр нь 4-өөс дээш өдөрт хүрсэн сахилгын зөрчил гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч байгууллагын даргын 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаалаар нэхэмжлэгчийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосныг Хөдөлмөрийн тухай хуулийн *0 дугаар зүйлийн *0.1.4-т заасанд нийцээгүй гэж дүгнэнэ.
Хэргийн нотлох баримтад үндэслэн маргааны үйл баримтын талаар анхан шатны шүүх зохих дүгнэлт хийгээгүйг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулсан болно.
*.2.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан Хууль зүйн албаны орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 162,*09,222 төгрөгийг хариуцагчаас гаргуулан олгож, нэхэмжлэгчийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 15* дугаар зүйлийн 15*.1.1, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д тус тус заасанд нийцжээ.
9.Харин нэхэмжлэгчийн гаргасан 2021.11.01-2022.03.30-ны өдрийг хүртэл хугацааны илүү 7309 цагийн хөлс гаргуулах шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба үүнд нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.
10.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаалын дагуу 50,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
10.1.Дотоод аудит, хяналт шалгалтын албанаас Төсөл хэрэгжүүлэх нэгжид хяналт шалгалт явуулж аудиторын 2022.01.23-ны өдрийн Т-63/03/03 тоот актаар холбогдох ажилтнуудаар 790,000,000 төгрөгийг хариуцуулан барагдуулахыг Төсөл хэрэгжүүлэх нэгжид даалгасан, үүний дагуу 2022.03.2*-ны өдөр Төсөл хэрэгжүүлэх нэгж нь 45,000,000 төгрөгийг 2022.03.31-ний өдрийн дотор төлөх тухай мэдэгдлийг нэхэмжлэгчид өгсөн. (2хх 209 дэх тал)
10.2.Үүний дараа *ын даргын 2022.04.26-ны өдрийн А/33* тоот тушаалаар Б/II/159 тоот тушаалыг хүчингүйд тооцож, олгогдсон урамшууллыг буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулахыг Дотоод аудит, хяналт шалгалтын албанд үүрэг болгосон ба Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022.04.27-ны өдрийн 24/60 тоот албан бичгээр 45,000,000 төгрөгийг 2022.05.06-ны өдрийн дотор төлөхийг мөн нэхэмжлэгчид мэдэгджээ. (2хх 211 дэх тал)
10.3.Нэхэмжлэгч нь 2023.04.14-ний өдөр 45,000,000 төгрөгийг Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дансанд буцаан шилжүүлсэн байна. (3хх 161 дэх тал)
10.4.Дээрх баримтуудаас үзэхэд, хариуцагч байгууллагаас мөнгөн шагналд хүлээн авсан 45,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буцаан төлж барагдуулсан байх боловч хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг нэхэмжлэгч бүрэн биелүүлээгүй гэж маргасан, сөрөг нэхэмжлэлээ багасгаагүй байна. Энэ тохиолдолд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй ба анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэснийг өөрчилж, Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт зааснаар уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосон агуулгаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах, мөн үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөх нь зүйтэй.
11.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зохих журмын дагуу явуулсан байна.
11.1.Шүүгчийн 2023.02.07-ны өдрийн 102/ШЗ2023/03142 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлснийг шүүгчийн 2025.10.21-ний өдрийн 192/ШЗ2025/43946 дугаар захирамжаар сэргээсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *0 дугаар зүйлийн *0.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй.
Тодруулбал ажил олгогч *ын даргын 2022.04.22-ны өдрийн Б/II/45 тоот тушаалаар Хууль зүйн албаны орлогч дарга Д.*г хөдөлмөрийн сахилгын зөрчлүүд гаргасан үндэслэлээр түүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож шийдвэрлэсэн бөгөөд уг тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн *0 дугаар зүйлийн *0.1.4-т заасныг үндэслэсэн, агуулгын хувьд хөдөлмөрийн гэрээний 4.1.1, 4.1.4, 5.3.1, 5.3.5, 5.3.*, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний 2.7 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн сахилгын ноцтой зөрчил гэж тодорхойлсон тул шүүх тус маргааныг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэснийг буруутгахгүй.
Иймд хариуцагч байгууллагаас 2021.11.23-ны өдрийн Б/II/159 тоот тушаалаар албан тушаалтнуудад урамшуулал олгосон асуудлыг эрүүгийн журмаар шалгуулж байгаа нь тус иргэний хэрэгт нөлөөлөх үндэслэлгүй тул хариуцагчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.*, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдож байхад иргэний хэргийг шийдвэрлэсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
11.2.Хариуцагч *ын даргын 2025.12.09-ний өдрийн 10/4094 тоот итгэмжлэлийн дагуу Хууль зүйн албаны хуулийн хэлтсийн дарга ******, хуулийн зөвлөх * нар итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон (3хх 110 дахь тал) ба итгэмжлэлд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрх, үүргийг хэрэгжүүлэх эрхийг олгосон байх тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор 162,*09,222 төгрөгийн тооцооллыг удирдлагад танилцуулж, талуудын эрх тэгш мэтгэлцэх бололцоогоор хангуулах тухай хүсэлтийг хүлээн аваагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан эрхийг хязгаарласан гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.
11.3.Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд, гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс 2022.04.26-ны өдрийн А/33* тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 1,042,196 (70,200+971,996) төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэснийг хэвээр үлдээж, сөрөг нэхэмжлэлийг дээр дурдсанчлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх тул хариуцагчийн төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж гаргуулсан хэсгийг хасаж, уг заалтын найруулгыг өөрчлөх нь зүйтэй.
12.Дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2026/03329 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
2 дахь заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*д холбогдуулан гаргасан 50,000,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч *ын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,
4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 5* дугаар зүйлийн 5*.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Д.*гаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгож, хариуцагч *аас төлсөн 407,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *аас улсын тэмдэгтийн хураамжид 1,042,196 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *аас 2026 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр төлсөн 99*,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР
ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА
Д.ЗОЛЗАЯА