| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/08479/И |
| Дугаар | 210/МА2026/00711 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00711
******* газрын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08722 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* газрын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 280,597,655 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Баянгол дүүрэгт байрлаж үйл ажиллагаа явуулж байгаа *******ХХК нь Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2-т заасны дагуу хүлээсэн ажил олгогчийн үүргийг зөрчиж, 2021 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 187,065,103.46 төгрөг, шимтгэлийн өрөөс үүссэн алданги 93,532,551.73 төгрөг, нийт 280,597,655.19 төгрөгийн өрийг үүсгээд байна.
1.2.*******ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр 01/15 дугаар албан бичгээр тус газарт хүсэлт гаргаж, төлбөр төлөх хуваарийн хамт ирүүлсэн боловч төлбөрөө төлж барагдуулаагүй. 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр 01/10 дугаар албан бичгээр дахин хүсэлт гаргасныг тус газар хүлээн авч, нийгмийн даатгалын шимтгэлийн авлагыг тогтоосон хугацаанд барагдуулахаар тохиролцож, 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай Авлага барагдуулах гэрээ байгуулж график гаргасан ч төлбөрөө мөн төлж барагдуулаагүй.
Улмаар *******ХХК-тай 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 04/07 дугаартай Шимтгэлийн өр барагдуулах гэрээг байгуулсан боловч мөн л өр төлбөрөө төлж барагдуулалгүй, хуульд заасан ажил олгогчийн үүргээ биелүүлэхгүй зөрчиж байна.
Иймд *******ХХК-аас 2021 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сар хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр 187,065,103.46 төгрөг, өрөөс үүссэн алданги 93,532,551.73 төгрөг, нийт 280,597,655.19 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 32 дугаар зүйлийн 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ХХК-иас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид 280,597,655.19 /хоёр зуун наян сая таван зуун ерэн долоон мянга зургаан зуун тавин таван төгрөг, арван есөн мөнгө/ гаргуулж нэхэмжлэгч ******* газарт олгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-иас 1,560,938 /нэг сая таван зуун жаран мянга есөн зуун гучин найман/ төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
4.Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
4.1.Талууд харилцан тохиролцож *******ХХК-аас алданги гаргуулахаас татгалзан, гэрээ байгуулан эвлэрэхээр болсон юм. Гэтэл тухайн үед харилцан тохиролцсон боловч өнөөдрийн байдлаар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ алданги болох 93,352,551.73 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэсгүй юм. Тодруулбал хуулийн этгээдийн харьяалах нийгмийн даатгалын хэлтэстэй харилцан тохиролцож нийгмийн даатгалын өр төлбөрийг алдангигүй байдлаар нөхөн төлөх талаар хэлэлцэж зөвшилцсөн боловч нэхэмжлэлийн дагуу дээрх алдангийг оруулж ирсэн нь туйлын их хэмжээнд хүрсэн байна. Энэ нөхцөл байдал нь хуулийн этгээдийг төлбөрийн чадваргүй болгох, дампууруулах эрсдэлд шууд хүргэж байгаа тул нөхцөл байдлыг харгалзан үзэхийг хүсч байна.
4.2.Түүнчлэн Иргэний хуулийн 232.8-д заасны дагуу өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж алдангийн хэмжээг багасгаж өгнө үү.
4.3.Мөн манай компанийн 2023 оныг хүртэлх санхүүгийн тайлан, үйл ажиллагаанд иж бүрэн шалгалт, аудит хийсний дүнд манай компанийн ерөнхий нягтлан бодогч, тооцооны нягтлан бодогч нарын 4 хүн компанид мөнгөн дүнгээр 1.8 тэрбум төгрөгийн санхүүгийн зөрчил дутагдал гаргасан болох нь тодорхой болсон. Уг асуудлыг Хан-Уул дүүргийн цагдаагийн байгууллагад гомдол гаргаад даруй 2 жилийн хугацаа өнгөрч байгаа бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа одоо ч дуусаагүй хохирлыг бүрэн тогтоохоор хөндлөнгийн шинжээч томилон ажиллуулж байгаа юм. Дээрх нөхцөл байдлаас үүдэн манай компани санхүүгийн томоохон асуудалд орж, хугацаат өр төлбөрийг бүрэн барагдуулж чадахгүй нөхцөл байдал үүссэн байгаа билээ.
Иймд дээр дурдсан нөхцөл байдлуудыг шүүхийн зүгээс харгалзан үзэж алдангиас чөлөөлж өгөхийг хүсч байна гэжээ.
5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* газар нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр 187,065,103.46 төгрөг, алданги 93,532,551.73 төгрөг, нийт 280,597,655.19 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч хариу тайлбар гаргаагүй байна.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн тайлбар, мөн нэхэмжлэлд хавсаргасан нотлох баримтуудыг үндэслэн хариуцагчийг 2021 оны 05 дугаар сараас 2025 оны 05 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлд төлбөл зохих 317,731,640.80 төгрөгөөс 139,291,830.12 төгрөг төлж, 187,065,103.46 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг зөв тогтоожээ.
Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй хэдий ч шүүх нэхэмжлэгчийн тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх журамтай бөгөөд шимтгэлийн төлөгдөөгүй өр, тооцооллын талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй байна.
4.Харин шүүх өр үүссэн цаг хугацааг анхаарч холбогдох хуулийг зөв хэрэглээгүй, үүний улмаас алданги шаардах эрхийг зөв тодорхойлоогүйг давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
2021 оны 05 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хамаарах хэсэг болох 131,869,139.68 төгрөгийн өр 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулиар, харин 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд хамаарах хэсэг болох 55,195,963.78 төгрөгийн өр 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Нийгмийн даатгалын ерөнхий хуулиар тус тус зохицуулагдана.
4.1.Хариуцагч нь 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар шимтгэлийн өр 131,869,139.68 төгрөгийг төлөх үүрэгтэй.
Тус хуулийн 20 дугаар зүйл буюу хууль тогтоомж зөрчигчдөд хүлээлгэх хариуцлагын талаарх зохицуулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд хуулийг зөрчсөн этгээдэд Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.
Тодруулбал, Зөрчлийн тухай хуульд Нийгмийн даатгалын тухай хууль зөрчих гэсэн 10.17 дугаар зүйлийг нэмж, нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй бол учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулж хуулийн этгээдийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан. Мөн уг зүйлийн тайлбар хэсэгт шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр тооцож төлүүлэхээр тусгагдсан.
Уг зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.15 дахь хэсэгт зааснаар нийгмийн даатгалын байцаагч шалгаж шийдвэрлэх чиг үүрэгтэй бөгөөд хариуцагчийн зөрчилд торгууль, алданги төлүүлэхээр хариуцлага тооцсон гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иймээс нэхэмжлэлд 2021 оны 05 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны шимтгэлийн өр 131,869,139.68 төгрөгт алданги 65,934,570 төгрөг тооцож нэхэмжилснийг хангах үндэслэлгүй.
Түүнчлэн тус хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар, эсхүл эрх бүхий байгууллагын тогтоосон хугацаанд төлөөгүй, дутуу төлсөн бол хугацаандаа төлөөгүй, дутуу төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, уг шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцно гэж заасан. Тус зохицуулалтын дагуу хариуцагч нь дээрх 55,195,963.78 төгрөгийн хувьд алданги төлөх үүрэгтэй.
Ажил олгогч нь даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлөхөөр хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт зааснаас үзвэл тухайн сарын дараагийн сараас алданги тооцно.
Нэхэмжлэгчийн тооцоололд хугацаа хэтрүүлсэн хоногийг тодорхойлохдоо шимтгэл төлөх тухайн сарыг оруулснаас тооцоолол алдаатай болсныг залруулахад алдангид нийт 41,726,668.58 төгрөг тооцогдохоор байна. (Задаргаа: 2024 оны 01 дүгээр сард 5,282,615.42; 02 дугаар сард 4,117,972.32; 03 дугаар сард 4,032,142.92; 04 дүгээр сард 3,968,023.32; 05 дугаар сард 3,661,268.40; 06 дугаар сард 3,364,408.80; 07 дугаар сард 3,818,964.55; 08 дугаар сард 2,354,363.81; 09 дүгээр сард 2,454,039.36; 10 дугаар сард 2,147,284.44; 11 дүгээр сард 1,850,424.84; 12 дугаар сард 1,543,369.92; 2025 оны 01 дүгээр сард 1,189,890; 02 дугаар сард 923,354.64; 03 дугаар сард 628,261.92; 04 дүгээр сард 342,688.32; 05 дугаар сард 47,595.60)
Гэвч Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2-т Алдангийн хэмжээ нь төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна гэж заасан тул төлөгдөөгүй өр 55,195,963.78 төгрөгийн 50 хувиар 27,597,981.89 төгрөг алдангид тооцогдоно.
4.3.Эдгээр тооцоог нэгтгэвэл, хариуцагч нь 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад тус тус зааснаар нийгмийн даатгалын шимтгэлийн өр 187,065,103.46 төгрөг, алданги 27,597,981.89 төгрөг, нийт 214,663,085 (бүхэл дүнгээр) төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй.
Хариуцагчийн гаргасан алдангийг багасгуулах агуулга бүхий давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
5.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн хууль хэрэглээний алдааг залруулж, мөн хариуцагчаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 214,663,085 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шийдвэрт оруулж, үүнтэй холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтыг өөрчлөхөөр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 192/ШШ2025/08722 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг 1994 оны Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь заалтад тус тус зааснаар хариуцагч *******ХХК-аас 214,663,085 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* газарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 65,934,570 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтын ...1,560,938 /нэг сая таван зуун жаран мянга есөн зуун гучин найман/... гэснийг 1,231,265 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ХХК-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 625,613 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Д.ЗОЛЗАЯА