| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гочоо Нямсүрэн |
| Хэргийн индекс | 192/2025/06256/и |
| Дугаар | 210/МА2026/00883 |
| Огноо | 2026-04-22 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2026/00883
2026 04 22 210/МА2026/00883
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10763 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч “*******” ХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Орон сууцны төлбөр 59,000,000 төгрөг, алданги 7,906,000, нийт 66,906,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. ******* миний бие 2024.10.26-ны өдөр “*******” ХХК-тай Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ байгуулсан, тус гэрээгээр хариуцагч компани нь надад ******* дүүрэг, ******* дугаар хороо, байрлах ******* орон сууцны ******* дугаар блок, ******* давхар 55 м.кв орон сууцыг 2025 оны 01 дүгээр улиралд багтаан шилжүүлэх, орон сууцны үнэд 59,000,000 төгрөгийг төлөх үүрэгтэй байсан. Гэрээнд заасны дагуу 2024.10.26-ны өдөр ******* тоот данс руу 29,000,000 төгрөг, 2024.10.27-ны өдөр ******* тоот данс руу 30,000,000 төгрөг нийт 59,000,000 төгрөг шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагч компани гэрээнд заасан орон сууцыг хүлээлгэж өгөөгүй, гэрний үүргээ биелүүлээгүй.
1.2. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 219 дүгээр зүйлийн 219.2, 226 дугаар зүйлийн 226.1, 226.1.1-т тус тус заасныг үндэслэн гэрээний үнэ болох 59,000,000 төгрөгийг буцаан гаргуулж, гэрээний 8.4-т заасны дагуу 7,906,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. “... орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх шаардлага гаргасан этгээд тус орон сууцны өмчлөгч болох нь гэрээ, хэлцэл эсхүл шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон, хууль ёсны өмчлөгч болох нь тодорхой байх ёстой. Гэвч нэхэмжлэгч ******* нь тус орон сууцыг өмчлөх эрхтэй эсэх нь түүний шүүхэд ирүүлсэн гэрээ, холбогдох төлбөр төлсөн тухай баримт, бусад үйл баримтаар тодорхой бус байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.1-т зааснаар нэхэмжлэгч нь манай компанийг хариуцагчаар тодорхойлж, нэхэмжлэл гаргах тохиолдолд “Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ”-г “*******” ХХК-тай байгуулсан, тус гэрээний дагуу төлбөрийг хариуцагч компанид төлсөн байх шаардлагатай. Гэвч нэхэмжлэгч нь *******тэй гэрээ байгуулж, төлбөрийг түүний дансанд шилжүүлсэн. Орон сууцны төлбөрийг компани хүлээж аваагүй, нэхэмжлэгчтэй “Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ”-г байгуулаагүй зэрэг ач холбогдол бүхий нөхцөл байдлаас дүгнэхэд “*******” ХХК-д орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх хууль зүйн үүрэг үүсэхгүй. Нэхэмжлэгч *******тай гэрээ байгуулсан гэх ******* нь манай компанид ажиллаж байхдаа компанийн нэр болон тамга тэмдгийг хууль бусаар ашиглаж, компанид байхгүй орон сууцыг бусдад худалдан борлуулсан. Үүнийг компанийн зүгээс 2024 оны 11 сард мэдсэн даруйд тус гаргасан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан. Улмаар цагдаагийн хэлтсээс хүлээн авч, прокурорын тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөн хариуцагч компанийн зүгээс “Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ”-ний нэг тал болох *******д компанийг төлөөлж бусадтай гэрээ, хэлцэл байгуулах эрх олгоогүй ба талуудын хооронд байгуулагдсан гэрээний талаар хариуцагч мэдэхгүй. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн нэгдсэн мэдээллийн санд “*******” ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдээр ******* бүртгэлтэй байдаг ба “*******” ХХК-ийн дүрэм, бүтцэд санхүү хариуцсан захирал гэх албан тушаал байхгүй.
2.2. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан ******* дүүргийн ******* хороо, “*******” орон сууцны ******* дугаар блок нь ******* орцтой бөгөөд ******* давхар орон сууцууд бүгд худалдан борлуулагдсан. Өөрөөр хэлбэл, тухайн орон сууцны өмчлөгч гэдгийг тогтоолгох гэж байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага тодорхой буюу дүүрэг, хороо, байр, орц, тоот зэрэг нь тодорхой байх шаардлагатай. Маргаан бүхий орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй.
2.3. Монгол Улсын Дээд Шүүхийн 2016 оны нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодорхойлоход анхаарах зарим асуудал нэртэй зөвлөмжид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулах нэг суурь бөгөөд энэ нь хэргийн болон шүүхийн харьяалал, оролцогчийн эрх зүйн байдал, маргааны талаарх шүүхийн дүгнэлт, нотлох баримтын үнэлгээ, хөөн хэлэлцэх хугацаа тоолох, улмаар шүүхийн шийдвэр биелэгдэх боломж зэргийг хангах нөхцөл болно гэдгийг анхаарах шаардлагатай талаар тусгасан. Гэрээний 2.2-т тухайн орон сууцыг ашиглалтад оруулах хугацааг 2025 оны 1 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулна гэсэн. ******* дүүргийн ******* дугаар хороо, “*******” орон сууцны барилга нь өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй бөгөөд дээрх ашиглалтад оруулна гэх хугацаанд барилгын ажил явагдаж байсан. Компанийн зүгээс тухайн орон сууц 2025 оны 1 дугаар улиралд багтаж ашиглалтад оруулах боломжгүй бөгөөд уг хугацаа нь илт худлаа, зохиомол хугацаа. Мөн алдангийг хэзээнээс яаж тооцож 7,906,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан нь ойлгомжгүй. Хариуцагч компани нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, төлбөрийг хүлээж аваагүй тул Орон сууц захиалагчтай байгуулах гэрээний дагуу алданги төлөх үүрэг үүсэхгүй. Иймд орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэх, алдангид 7,906,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул “*******” ХХК-д холбогдох 66,906,000 төгрөг гаргуулах тухай *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. ... Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хуулийн холбогдох зүйлд “... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ..,” гэж заасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т заасны дагуу гаргаж өгсөн нотлох баримт болон талуудын хооронд байгуулсан гэрээг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үнэлээгүй.
4.2. Гэрээ бодит, тамга тэмдэг бодит, мөнгө шилжүүлсэн данс тодорхой хангалттай нөхцөл байдлууд нотлогдож байхад шүүгчийн зүгээс эрх зүйн буруу дүгнэлт хийж, нотлох баримтууд байсаар байтал түүнийгээ нотолж чадаагүй гэж дүгнэж буй нь хэт их нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэдгийг тодорхой харуулж байна. Анхан шатны шүүх энэ бүхнийг анхааралгүй, хэрэгт бодит дүгнэлт хийлгүй хийсвэр хандаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй шийдвэр гаргасан нь үндэслэлгүй.
4.3. Шүүх хуулийг буруу хэрэглэн тайлбарлаж, хүлээн зөвшөөрөгдөх нөхцөл буюу тамга дарагдаж гэрээ хийгдсэн үр дагавар, компанийн тамга тэмдэг дарагдсан эрх бүхий албан тушаалтан, Иргэний хуульд заасан хожим дэмжин зөвшөөрөх үйл баримт тогтоогдсон, гэрээ хүчин төгөлдөр, тамга тэмдэг бодит үнэн, хуурамч болон хүчин төгөлдөр биш. Эдгээр асуудлууд байсаар байхад энэхүү асуудалд дүгнэлт хийгээгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1. Нэхэмжлэгчийн гаргасан эхний гомдлыг тодорхойгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа аль нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн гэдэг нь тодорхойгүй.
5.2.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн буюу Иргэний хуулийн 205 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзсан. Гэрээнээс татгалзсан тохиолдолд өгсөн, авсан зүйлээ буцаан өгөх үр дагавартай. Нэхэмжлэгч хариуцагчтай гэрээ байгуулсан гэх үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй. Өгсөн, авсан зүйлээ буцааж байгаа тохиолдолд нэхэмжлэгч орон сууцны төлбөрт шилжүүлсэн 59,000,000 төгрөгийг тухайн шилжүүлсэн хүнээсээ авах үр дагавартай. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч “*******” ХХК нь орон сууцны төлбөрийг авсан гэдгийг нотолж чадаагүй ба авсан гэх үйл баримт тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх үндэслэлтэй шийдвэр гаргасан.
5.3. Шүүхээс хуулийг зөв хэрэглэсэн гэх тайлбар гаргадаггүй ба үйл баримт дээр хууль зүйн заалтыг субсумци хийж дүгнэлт хийдэг учраас нэхэмжлэгчийн гаргасан шаардлага нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч талаас тамга дарсан гэх үйл баримтыг ярьж байгаа ба энэ асуудалтай холбоотойгоор эрүүгийн хэргийн журмаар шалгагдаж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох баримт бичгийг гаргаж өгсөн. Иргэний хуульд заасан хожим дэмжигдсэн үйл баримт тогтоогдсон гэдгийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд тодорхой бичих ёстой байсан байх. Мөн Иргэний хуульд заасан хожим дэмжигдсэн үйл баримт тогтоогдсон гээд байгаа ч хожим дэмжигдсэн зөвшөөрсөн гэх нотлох баримт хэргийн материалд байхгүй. Энэ талаар анхан шатны шүүхээс “хуульд харшилсан, зөвшөөрөл олгоогүй хэлцэл байгаа учраас Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар буруутай этгээдээс 59,000,000 төгрөгийг шаардах эрхтэй байна” гэж зөв дүгнэлт хийсэн. Дээрх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний заалтыг үндэслэн алданги шаардах хууль зүйн үндэслэлгүй байна. Иймээс давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан нэхэмжлэгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан 2024.10.26-ны өдрийн “Орон сууц захиалагчтай байгуулах гэрээ”-ээс татгалзаж, орон сууцны үнэд төлсөн 59,000,000 төгрөг, алданги 7,906,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь “...*******тай гэрээ байгуулсан гэх ******* нь компанийг төлөөлөн гэрээ байгуулах эрхтэй этгээд биш...хариуцагч компани нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, төлбөрийг хүлээж аваагүй... алдангийг хэрхэн тооцсон нь ойлгомжгүй” гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.
3. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
3.1. ******* болон “*******” ХХК-ийг төлөөлж, санхүү хариуцсан захирал ******* нар 2024.10.26-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах” гэрээг байгуулж, гэрээгээр гүйцэтгэгч нь ******* дүүрэг, ******* хороо, “*******” орон сууцны 7-р блок, *******-р давхарт, 55 м.кв орон сууцыг дотор засалгүй /цагааруулж/ захиалагч талд 2025 оны 01 дүгээр улиралд хүлээлгэн өгөх, захиалагч тал 1 м.кв 1,072,727 төгрөг, нийт 59,000,000 төгрөгийг төлөх ба 29,000,000 төгрөгийг Хаан банкны 5033780972 дансанд 2024.10.26-ны өдөр, үлдэгдэл 30,000,000 төгрөгийг 2024.10.27-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцож, *******, ******* нар гарын үсэг зурж, “*******” ХХК-ийн тэмдгийг даржээ. /хх-ийн 9-13/
3.2. Нэхэмжлэгч 2024.10.26-ны өдөр 29,000,000 төгрөг, 2024.10.27-ны өдөр 30,000,000 төгрөг, нийт 59,000,000 төгрөгийг Хаан банкны ******* дансанд төлсөн байна. /хх-ийн 8/
4. ******* болон “*******” ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.
5. Анхан шатны шүүх худалдан авагч буюу нэхэмжлэгчийн гэрээ байгуулах санал “*******” ХХК-д хүрээгүй, хүсэл зоригийн илэрхийллийг хариуцагч зөвшөөрсөн гэж үзэхгүй, нэхэмжлэгч нь компанийг төлөөлөх эрхтэй этгээдийг тодруулаагүй, төлбөрийг хувь хүний дансанд шилжүүлсэн нь өөрийн анхааралгүй, хариуцлагагүй байдлаас болсон гээд ******* болон ******* нарын хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, харин харилцан буцаах үр дагавар хариуцагч “*******” ХХК-ийн өмнө үүсэхгүй гэж дүгнэсэн нь холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна учир зүйн уялдаа холбоогүй болжээ.
5.1. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-т “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заасан.
Шүүхэд гэрч ******* “...”*******” ХХК-д ажилладаг... ******* санхүү хариуцсан захирал хийдэг байсан...******* бид хоёр найзууд ба байр авна гэж ярьж байсан, манай ажил дээр ирсэн байсан, тэгсэн авч байсан байр нь манай компаниас авах байсныг анх тэгж мэдсэн...найз нь байр авах хүнтэй уулзаж байна гэсэн. Тэгээд ирсэн чинь ******* байсан....Захирлын өрөөний түлхүүр *******д байдаг байсан, түгжээтэй үед ******* өрөөнд нь ордог байсан.”, гэрч ******* “...“*******” ХХК-аас байр авахаар 4 гэрээ байгуулсан. Хамгийн анх гэрээ байгуулахад *******, ******* хоёртой уулзаж байсан. *******г ерөнхий захирал, *******ийг санхүү эрхэлсэн захирал гэж танилцуулж байсан...гэрээ дээр *******ий дансыг тусгасан байсан. Тэгээд компанийн дансаар гүйлгээ хиймээр байна гэсэн хүсэлтээ тавьсан. Тэгсэн чинь компанийн дансаар авахаар татвар өндөр гардаг. Тэгээд татварын мөнгөө өөрсдөө нэмж хийх болно. Тэгэхээр энэ данс руу хийчих гэж байгаад *******ий данс руу хийлгэсэн...” гэж мэдүүлснээс үзэхэд нэхэмжлэгчийн гэрээг компанийн эрх бүхий этгээдтэй байгуулж байна гэх итгэл үнэмшил төрсөн гэх тайлбар үндэстэй. /хх-73-74/
Түүнчлэн, тухайн гэрээнд хариуцагч “*******” ХХК-ийн тэмдэг /тамга/-ийг дарж баталгаажуулсан. Засгийн газрын 2021 оны 226 дугаар тогтоолоор батлагдсан “Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх журам”-ын 1.6.4-д “тамга, тэмдэг” гэж эрх бүхий албан тушаалтны гарын үсгийн болон хууль ёсны баримт бичгийн хүчинтэй байдлын баталгааг хэлнэ гэж заасан ба гэрээнд компанийн тэмдгийг дарж баталгаажуулснаараа нэхэмжлэгч талд хууль ёсны, хүчинтэй гэх ойлголт төрүүлсэн гэж үзнэ.
Гэрээг “*******” ХХК-ийн ажлын байранд, компанийн ажилтантай, компанийн тэмдгээр баталгаажуулж бичгээр үйлдсэн байгаа энэ хэргийн тохиолдолд нэхэмжлэгчийг эрх зүйн харилцаанд баримталбал зохих анхаарал хянамгай байдлыг орхигдуулсан гэж үзэхээс илүү түүний гэрээ байгуулсан гэх итгэл үнэмшлийг шүүх хамгаална.
Хариуцагч байгууллага нь арилжаа эрхлэгч болохын хувьд өөрийн байгууллагын тамга, тэмдгийг бусдад ашиглуулах боломжийг олгосон үйл баримтад нэхэмжлэгчийн гэм буруу тогтоогдохгүй, уул гэрээ байгуулсан этгээдийг тухайн хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, эсхүл эрх олгогдсон этгээд гэж үзэх тул хариуцагч талын “...гэрээ байгуулах эрхийг олгоогүй этгээдийн бусадтай байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бус” гэсэн тайлбар, татгалзал үндэслэлгүй байна.
5.2. Гэрээнд төлбөр шилжүүлэх дансыг тусгасан байх бөгөөд нэхэмжлэгч тухайн дансанд төлбөрийг шилжүүлсэн нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг гэрээнд заасан этгээдэд хүлээлгэн өгсөн гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч тал “захиалсан орон сууцыг өөр этгээдэд худалдсан” гэх тайлбарыг харгалзан шилжүүлсэн мөнгөө буцаан авахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь үндэслэлтэй.
Худалдан авагч гэрээний зүйл өөр этгээдэд шилжсэн тохиолдолд гэрээнээс татгалзаж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т зааснаар худалдах, худалдан авах гэрээний үнэд шилжүүлсэн 59,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.
7. Талуудын гэрээний үүрэг дуусгавар болсон тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үүргийн гүйцэтгэл хангуулахаар алдангид 7,906,000 төгрөг шаардах эрхгүй.
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т зааснаар талууд гэрээнээс татгалзаж байгаа тохиолдолд анз шаардах эрхгүй, харин хохирол шаардах эрхтэй тул нэхэмжлэгч нь гэрээнд заасан алданги шаардаж байгаа нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна.
8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт “хариуцагч “*******” ХХК-аас 59,000,000 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч *******ад олгож, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10763 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч “*******” ХХК-аас 59,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7,906,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 492,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 452,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ад олгосугай” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 493,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Г.НЯМСҮРЭН