| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 191/2025/02527/И |
| Дугаар | 210/МА2026/00712 |
| Огноо | 2026-04-01 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2026/00712
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11441 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК, *******нарт холбогдох
88,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1.Би Дархан-Уул аймагт амьдардаг бөгөөд фэйсбүүк дэх Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу, ******* тоотод байрлах Вэнус клубыг түрээслүүлэх зарын дагуу *******ХХК-ийн захирал *******2025.02.05-ны өдөр ирж уулзсан. Тухайн үед өөр хүн караоке ажиллуулж байгаа, 2025.02.15-ны өдрөөр тасалбар болгож дуусахаар түрээсийн гэрээгээ хийе, урьдчилгаа төлбөрөө хийх хэрэгтэй гэсэн. Ингээд Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу, ******* тоотод байрлах барилгын В давхарт диско баарны зориулалтаар 100 хүний багтаамжтай баарыг 1 вип өрөөний хамт; 7 кабин бүхий стриптиз клуб, 2 вип өрөө, гал тогооны хамт; 7 өрөө бүхий караоке, 2 ариун цэврийн өрөөний хамт түрээслэхээр болж 2025.02.05-ны өдөр Талбай түрээслэх түрээсийн гэрээ хийж урьдчилгаа 42,000,000 төгрөг шилжүүлээд буцсан.
*******ийн хүсэлтээр түүний эхнэр Э.Энхжаргалын дансанд 2025.02.14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025.02.15-ны өдөр 12,000,000 төгрөг, 2025.02.21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 10,000,000 төгрөг, нийт 42,000,000 төгрөг шилжүүлсэн.
1.2.*******захирлаас мессеж ирүүлснээр 2025.02.15-ны өдөр түлхүүр гардаж авсан. Гэтэл түрээслэх талбайн вип өрөөнд засварын ажил эхэлсэн байсан, мөн ариун цэврийн өрөө нь олон жил засвар хийгээгүй маш бохир, бохирын хоолойноос маш муухай үнэртэж байсан тул энэ тухай *******захиралд хэлэхэд хүлээн зөвшөөрч засварыг эхлүүлсэн бөгөөд 2025.03.06-ны өдөр тамхины өрөө, арын хаалганы засвар дууссан, ариун цэврийн өрөөний засвар гүйцэд дуусаагүй.
1.3.Энэ хооронд би үйл ажиллагаа явуулахын тулд 2025.02.25-ны өдөр маркетингийн ******* ХХК-тай 1,500,000 төгрөгөөр хамтран ажиллах гэрээ байгуулан сошиал болон фэйсбүүкээр зар сурталчилгаа хийлгэн 100 ам.доллараар бүүст хийж идэвхжүүлсэн. Үүдний болон дотор гэрэлтүүлэгт 120 м гэрэл хийж, ханыг засварлахад 800,000 төгрөг зарцуулсан, 1000 ш брошур тарааж, гадна хаяг шинээр хийлгэн, Вип үнэгүй, такс фрий гэх мэт өөрөөс шалтгаалах олон зүйлийг хийсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй. Тус объект удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүйн улмаас үйлчлүүлэгчгүй болсон гэдэг нь тодорхой болсон бөгөөд *******захирал анхнаасаа худал хэлж түрээслүүлсэн байсан. Иймээс 2025.03.10-ны өдөр түрээсийн талбайг суллаж цэвэрлэн түлхүүрийг буцаан өгөхөөр *******ийн утас руу нь залгаж 2025.03.14-ний өдөр уулзаж түлхүүрээ хүлээлгэн өгсөн.
Үүний дараа барьцаалбар 30,000,000 төгрөг, түрээсийн төлбөрт өгсөн 54,000,000 төгрөгөө буцааж авъя гэхэд *******захирал 25,000,000 төгрөг л буцааж өгөх боломжтой гэсэн.
Бид 2025.02.05-ны өдөр Талбай түрээслэх түрээсийн гэрээ хийсэн боловч үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бус гэрээ юм.
1.4.Түрээслэх объектын түлхүүр гардаж авсан 2025.02.15-ны өдрөөс хойш бизнесийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлэх бүхий л хүчин чармайлт гаргаж ******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ хийж 1,500,000 төгрөг, гадна талбайд хулдаасан хэвлэл хийхэд 300,000 төгрөг, брошур хийхэд 200,000 төгрөг, дотор талбайн гэрэлтүүлэг, засвар хийхэд 1,000,000 төгрөг, чадварлаг ДиЖэй хөлслөхөд урьдчилгаа 1,000,000 төгрөг зарсан боловч үйлчлүүлэгчгүй байсан.
Иймд түрээсийн төлбөрт төлсөн 54,000,000 төгрөг, барьцаа 30,000,000 төгрөг, мөн үйл ажиллагааны зардал 4,000,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:
2.1.*******ХХК нь *******2025.02.05-ны өдөр Талбай түрээслэх түрээсийн гэрээ-г байгуулж, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу, ******* тоотод байрлах барилгын В давхарт байрлах 100 хүний багтаамжтай баарыг 1 вип өрөөний хамт диско баар зориулалтаар, 7 кабинтай стриптиз клуб, 2 вип өрөө, гал тогооны өрөөний хамт, 7 өрөөтэй караоке, 2 тусдаа ариун цэврийн өрөөний хамт, нэг сарын 36,000,000 төгрөгөөр, 2025.02.06-2030.02.06-ны өдрийг хүртэл 5 жилийн хугацаатай хөлслүүлэхээр тохиролцсон.
******* хүсэлтийн дагуу хөлсний үнийн дүнд хөнгөлөлт үзүүлсэн бөгөөд гэрээний 3.4-д Түрээсийн гэрээг эхлүүлэхэд 2025.04.15-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлж 54,000,000 төгрөг болон барьцаалбар 30,000,000 төгрөгийн хамт гэрээ хүчин төгөлдөр болсон өдөрт төлөхөөр тохиролцов гэж заасан. Гэвч *******нь гэрээ хүчин төгөлдөр болсон 2025.02.05-ны өдөр төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүргээ гүйцэтгээгүй, тодруулбал 2025.02.05-ны өдөр урьдчилгаа 42,000,000 төгрөг, 2025.02.14-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025.02.15-ны өдөр 12,000,000 төгрөг, 2025.02.21-ний өдөр 10,000,000 төгрөг, 2025.02.25-ны өдөр 10,000,000 төгрөгийг төлсөн.
2.2.Талууд гэрээг байгуулахаас эхлээд ямар тохиолдолд цуцлах тухай үндэслэлүүдийг хүртэл нарийн тохиролцсон. Гэвч гэрээгээр тохиролцоогүй хууль бус үндэслэл зааж гэрээг цуцлах гэж оролдож байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэлийн үндэслэлээ 1000 ш брошур тараах, гадна хаягжилт шинээр хийлгэн өөрөөс шалтгаалах олон зүйлсийг хийсэн боловч ямар нэгэн үр дүнд хүрээгүй гэх үндэслэлээр гэрээг цуцалсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байна.
Гэрээний 4.22-т Түрээслэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах бол хүсэлтээ 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд хүсэлтдээ өөрийн үндэслэл бүхий шалтгаанаа тодорхой бичнэ. Түрээслэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах болон төлбөрийн чадваргүйгээс эсвэл энэхүү гэрээний 4.7-д заасан нөхцөлөөр гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээ цуцалсны торгуульд барьцаалбар мөнгийг түрээслүүлэгч суутган авахыг түрээслэгч хүлээн зөвшөөрсөн болно гэж заасан боловч нэхэмжлэгч нь гэрээ цуцлах талаар бичгээр огт мэдэгдээгүй бөгөөд *******ХХК-д шинээр хөлслөгч олох боломжит хугацаа олголгүйгээр, гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
2.3.Түүнчлэн нэхэмжлэгч *******нь *******ХХК-тай гэрээ байгуулсан атлаа хамтран хариуцагчаар иргэн *******татан оролцуулсан байгаа нь ойлгомжгүй байх бөгөөд *******ХХК нь *******гэрээ байгуулсан болон гэрээний төлбөрийг *******, *******нарын дансаар хүлээн авсан талаар маргадаггүй тул *******нь тус хэргийн жинхэнэ хариуцагч биш юм.
2.4.Нэхэмжлэгч ******* зарцуулсан 4,000,000 төгрөг нь сайн дураар өөрөөс нь гарч байгаа зарлага гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Түрээсийн гэрээг манай талаас цуцлах ямарваа нэгэн санал байгаагүй, зөвхөн нэг талын саналаар цуцалсан учраас түрээсийн төлбөр 54,000,000 төгрөгийг буцаан өгөх үндэслэлгүй. Мөн 2025.02.05-ны өдрөөс 2025.03.14-ний өдөр хүртэлх хугацаанд *******ХХК-ийн өмчлөлийн объектыг ашигласан хэр нь өгсөн бүх түрээсийнхээ төлбөрийг буцааж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй, ашигласан хэмжээнийхээ түрээсийн төлбөрийг түрээслэгч тал төлөх үүрэгтэй. Түрээслэгч талын санаачилгаар гэрээг үндэслэлгүйгээр цуцалж байгаа, урт хугацааны гэрээг цуцлаад түрээслүүлэгч талд хохирол учруулсан, гэрээгээрээ ч тохиролцсон учраас барьцаа төлбөрийг буцааж өгөх боломжгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 318 дугаар зүйлийн 318.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 57,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,000,000 төгрөг болон хариуцагч *******эд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 656,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 442,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******олгож шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:
4.1.*******болон *******ХХК-ийн хооронд "Талбай түрээслэх түрээсийн гэрээ" байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь 2025.02.15-ны өдөр түлхүүрээ хүлээж авсан. Хүлээж авсан өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа явуулах гэсэн боловч "*******" ХХК нь засварын үйл ажиллагаа эхлүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагaa явуулах боломжгүй байдлыг талууд хоорондоо ярилцан тохиролцож түрээсийн төлбөрийг 2025.03.10-ны өдрөөс тооцохоор болсон. Энэ нь талуудын шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар болон гэрч *******, *******нарын мэдүүлэг, хариуцагчийн гэрээ цуцлах мэдэгдлийн хариу тайлбар зэргээр нотлогдсон байдаг.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.4-т ...Нэхэмжлэгч нь түрээсийн зүйлийг ашигласан хугацааны буюу 2025.02.15-ны өдрөөс 2025.03.14-ний өдрийг хүртэл 1 сарын түрээсийн төлбөрт 27,000,000 төгрөгийг түрээслэгчид төлөх үүрэгтэй байх тул түрээсийн төлбөрөөс 27,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхгүй байна... гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь 2025.03.10-ны өдөр хариуцагчид түлхүүрийг буцааж өгөх гэсэн боловч түлхүүр болон түрээсийн эд зүйлсийг хүлээн авах хүнгүй байсаар 2025.03.14-ний өдөр хүлээлгэж өгсөн байдаг бөгөөд энэ нь хариуцагчийн ирүүлсэн тайлбар болон гэрч *******мэдүүлгээр нотлогдсон.
Талбай түрээслэх гэрээний 3.4-т зааснаар эхний 2 сарын төлбөрийг 54,000,000 төгрөгөөр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь 2025.03.10-ны өдрөөс 2025.03.14-ний өдрийн 4 хоногийн түрээсийн төлбөр болох 3,600,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
4.2.Мөн нэхэмжлэгч нь объектын түлхүүр гардаж авсан 2025.02.15-ны өдрөөс хойш бизнесийнхээ үйл ажиллагааг идэвхжүүлэх бүхий л хүчин чармайлт гаргаж 2025.02.25-ны өдөр маркетингийн ******* ХХК-тай Хамтран ажиллах гэрээ хийж 1,500,000 төгрөг, гадна талбайд хулдаасан хэвлэл хийхэд 300,000 төгрөг, брошур хийхэд 200,000 төгрөг, дотор талбайн гэрэлтүүлэг, засвар хийхэд 1,000,000 төгрөг, чадварлаг DJ хөлсөхөд урьдчилгаа 1,000,000 төгрөг зарсан боловч *******ХХК-ийн засварын ажил дуусаагүйтэй холбоотойгоор үйлчлүүлэгчгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу гэрээнээс учирсан хохирол болох 4,000,000 төгрөгийг шаардах эрхтэй юм.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 31,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагын 27,400,000 төгрөгийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагч нарын өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч тал зар сурталчилгааны зардлыг хангахгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэх агуулгаар гомдол гаргасан. Энэ талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Тухайн зардал түрээслэгчийн өөрийнх нь зардал ба хариуцагчид тухайн зардлыг нөхөж олгох талаар гэрээгээр тохиролцсон зүйл байдаггүй тул уг зардлыг хариуцагч гаргах нь үндэслэлгүй гэжээ.
6.Хариуцагч *******ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
6.1.Талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй талаар;
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.5-д "...Түрээсийн гэрээний 3.4-т зааснаар нэхэмжлэгчээс хариуцагчид барьцаалбар 30,000,000 төгрөг төлсөн байна. Гэрээний 4.22-т ...Түрээслэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах болон төлбөрийн чадваргүйгээс эсвэл энэхүү гэрээний 4.7-д заасан нөхцөлөөр гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээ цуцалсны торгуульд барьцаалбар мөнгийг Түрээслүүлэгч суутган авахыг Түрээслэгч хүлээн зөвшөөрсөн болно гэж заажээ. Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1-д үүргийн гүйцэтгэлийг хангах аргуудыг нэрлэн тодорхойлсноос гадна хуульд заасан бол бусад аргыг хэрэглэж болно гэж заасан ба гэрээний дээрх заалтаас үзвэл талууд мөн зүйлийн 231.1.4-т заасан үүргийн гүйцэтгэлийг хангах барьцааны аргыг тохиролцсон гэж үзэхээр байна. Гэвч гэрээг цуцлах тохиолдолд гэрээний талууд Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу хохирол шаардах эрхтэй. Харин гэрээ цуцалсантай холбогдуулан барьцааны зүйлийг суутган авахаар гэрээнд заасан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасантай нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл барьцааны эрх нь үүрэг гүйцэтгэгч үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг баталгаатай болгох, тэргүүн ээлжинд барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн ойлголт байна. Мөн гэрээний 4.7-д заасан нөхцөлөөр түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг цуцалсан үйл баримтгүй байх тул барьцаа төлбөрийг хариуцагч авч үлдэх эрхгүй байна. Иймд нэхэмжлэгч нь барьцаа төлбөрт төлсөн 30,000,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй байна" гэж дурдсан байдаг.
Гэвч Талбай түрээслэх гэрээний 4.22-т "...гэрээ цуцалсны торгуульд барьцаалбар мөнгийг Түрээслүүлэгч суутган авахыг Түрээслэгч хүлээн зөвшөөрсөн болно" гэх ба анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.5-д "Харин гэрээ цуцалсантай холбогдуулан барьцааны зүйлийг суутган авахаар гэрээнд заасан нь Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д заасантай нийцэхгүй байна" гэсэн нь шүүгч барьцаалбар буюу хуульд нэрлэгдэн заагдаагүй барьцаалбар хэмээх нэршлийг Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан "барьцаа"-ны зохицуулалтыг үндэслэн шийдвэр гаргасан нь талуудын хооронд үүссэн харилцааг зөв тогтоохгүйгээр, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл, гэрээний 4.22-т заасан барьцаалбараар хангах хохиролд түрээслэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах болон төлбөрийн чадваргүйгээс эсвэл энэхүү гэрээний 4.7-д заасан нөхцөлөөр гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээ цуцалсны торгуульд барьцаалбар мөнгийг Түрээслүүлэгч суутган авахыг Түрээслэгч хүлээн зөвшөөрсөн талаар тус тус суутган тооцохоор тусгажээ. Уг зохицуулалтаас үзвэл талууд гэрээнд хэдийгээр "торгууль", "барьцаалбар" гэж тусгасан боловч энэ нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлд заасан "дэнчин"-ийн шинжийг агуулсан байна. Учир нь, Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1.2-т зааснаар дэнчин нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг төрлийн арга бөгөөд мөн хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д "гэрээнд оролцогч нэг тал нь гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн мөнгийг дэнчин" гэж, мөн зүйлийн 233.3-д "Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ" гэж тус тус заасан. Харин Талбай түрээслэх гэрээний 3.4-т "Түрээсийн гэрээг эхлүүлэхэд 2025 оны 4 дүгээр сарын 15-н хүртэлх түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлж 54,000,000 төгрөг болон барьцаалбар 30,000,000 төгрөгийн хамт гэрээ хүчин төгөлдөр болсон өдөрт төлөхөөр тохиролцов" гэж зааснаар тухайн харилцаанд субсумци хийж үзвэл талууд дэнчингийн аргаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцсон гэж үзэхээр байна.
Гэтэл анхан шатны шүүх тус харилцааг барьцаа гэж үзэн хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд талуудын хооронд үүссэн харилцаа нь Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.1-д заасан дэнчингийн шинжийг агуулсан тул хариуцагчаас барьцаалбар 30,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Харин дэнчинг түрээслэгч нь түрээслүүлэгч талд үлдээх нь зүйтэй буюу анхан шатны шүүх дэнчин болох 30,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй орхин шийдвэрлэх ёстой байсан. Учир нь, түрээслэгч нь Талбай түрээслэх гэрээний 4.22-т заасан "Түрээслэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах бол хүсэлтээ 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд хүсэлтдээ өөрийн үндэслэл бүхий шалтгаанаа тодорхой бичнэ" гэх гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй учир Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3-т "Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно" гэж заасны дагуу түрээслэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байхад дэнчинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
6.2.Нотлох баримтад үндэслэлгүй хэргийг шийдвэрлэсэн тухайд;
Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх нь хэсгийн 4.3-д "...Өөрөөр хэлбэл хариуцагч нь засварын ажлаа тохирсон хугацаандаа дуусгаагүй бөгөөд үүнтэй холбоотой засварын хугацааг сунгаж, түрээсийн төлбөр тооцож эхлэх хугацааг 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүртэл хойшлуулсан буюу түрээс тооцохгүй байхыг нэхэмжлэгчид мэдэгдсэн тэрээр зөвшөөрсөн байна. Хэдийгээр засварын ажил үргэлжилж байсан ч нэхэмжлэгч *******нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр түрээсийн зүйлийг хүлээн авснаас хойш эзэмшиж, баар, караокены үйл ажиллагааг явуулж үр шимийг олж авч байсан, гал тогоог ашиглах боломжтой ч ашиглаагүй болох нь гэрч *******, *******нарын мэдүүлэг, худалдагчийн өдрийн тайлан, худалдагчийн өдөр тутмын тооцооны дэвтэр, тооцооны хуудас зэргээр нотлогдож байна" гэж дүгнэсэн нь анхан шатны шүүх тухайн үйл баримтыг дүгнэхдээ нотлох баримтад үндэслээгүй гэж үзэхээр байна.
Учир нь, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд талууд засварын ажил дуусгах хугацааг тохирсон зүйл огт байдаггүй бөгөөд энэ талаар аль нэг талаас баримт гаргаж өгөөгүй, тайлбартаа дурдаагүй, шүүхээс энэ талаар тодруулж асуусан зүйл байдаггүй. Мөн шүүгч шийдвэрээ танилцуулахдаа энэ талаар дурдсан зүйл огт байдаггүй. Гэтэл ийнхүү шүүхийн шийдвэрийг бичгээр гарган талуудад гардуулахдаа шүүх хуралдааны үеэр яригдаагүй, дурдагдаагүй, мэтгэлцээгүй, нотлох баримтаар авагдаагүй асуудлын талаар дүгнэн шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгож байгаа нь илт үндэслэл муутай болжээ. Тодруулбал, шүүх хуралдааны үед болон хавтас хэрэгт цугларсан баримтаар нэхэмжлэгчийн тайлбарласнаар түлхүүрээ гардан авсан 2025.02.15-ны өдөр ирэхэд ВИП өрөөнд засварын ажил эхэлсэн байсан ба нэхэмжлэгч нь өөрөө хариуцагчид хүсэлт тавьж 2025.02.16-ны өдрөөс ариун цэврийн өрөө, тамхины өрөө, арын хаалганы засварын ажлыг эхлүүлсэн бөгөөд 2025.03.06-ны өдөр тамхины өрөө болон арын хаалганы засвар дууссан байсныг дурдсан.
Мөн үзлэгээр тогтоогдсон нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгийн хүрээнд 2025.02.06-ны өдөр фэйсбүүк чатаар *******нь засвар хийлгэх хүсэлтийг өөрөө тавьсан байдаг ба дуусгах хугацааг тохиролцсон зүйл байдаггүй болох нь нотлогддог. Үүнд: 2025.02.06-ны өдөр фэйсбүүк чатаар *******нь засвар хийлгэх хүсэлтийг өөрөө тавьсан нотлох баримт, гэрч ******* "*******гэдэг хүнд түрээслээд энэ өрөөг ингэж хана зэрэгт засвар хийж өг гэсэн гээд манайх удаан засвар хийсэн" гэх, "*******гэх хүний хүсэлтээр засвар хийж хана нураасан" гэх мэдүүлэг, гэрч *******"Өөрийнх нь хүсэлтээр ашиглаж байсан караокены өрөөг стрипийн вип болгож өгнө үү гээд өөрчлүүлэх хүсэлт гаргаад хүсэлтийнх нь дагуу хийсэн" гэх, "Засвар эхэлснээс хойш 45 хоногийн дотор дууссан" гэх мэдүүлэг.
Дээрх үзлэг, мэдүүлгүүдээс үзэхэд ******* хүсэлтээр засварын ажил хийгдсэн бөгөөд засвар дуусгах хугацааны талаар тохиролцсон зүйл байгаагүй болохыг харуулж байна. Мөн зөвхөн караокены өрөөг стрип вип өрөө болгон өөрчлүүлэх хүсэлтийн дагуу засвар хийсэн юм. Тухайн объектод засвар хийх зайлшгүй шаардлага байгаагүй ба хариуцагч буюу түрээслэгчийн хувьд нэхэмжлэгчийн бизнесийн үйл ажиллагааг нь хөгжүүлэхэд тус дэм болох үүднээс хүсэлтийг хүлээн авч, засвар тохижуулалтын зардлыг өөрөө хариуцан тухайн ажлыг хийгээд зогсохгүй түрээслэх хугацааг удаа дараа сунгаж хүчин чармайлт гаргасан байгаа нь *******чатласан чатад үзлэг хийсэн тэмдэглэлээр мөн адил нотлогддог. Энэ нь гэрч *******ын мэдүүлэг, *******ийн дансны хуулга, кассын орлогын ордер, ажил гүйцэтгэх гэрээ зэрэг нотлох баримтуудаар нотлогддог. Гэтэл анхан шатны шүүх тухайн нотлох баримтуудыг үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн бөгөөд тухайн урт хугацааны түрээсийн гэрээнд зориулж түрээслэгч ******* хүсэлтээр засварын ажлыг түрээслэгч нь өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн боловч түрээсийн гэрээ дуусахаас өмнө урьдчилан бичгээр мэдэгдэлгүйгээр нэг талын хүсэлтээр гэрээг цуцалсан тул уг хохирол зардалд тооцон дэнчин 30,000,000 төгрөгийг өгөхгүй байх үндэслэл тогтоогдож байгаа юм.
Ийнхүү Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3-т "Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно" гэж заасны дагуу түрээслэгчийн хүсэлтийн дагуу нэмэлтээр хийсэн засварын зардал нь учирсан хохиролд тооцогдох тул тухайн хохирлыг оруулан тооцолгүй, дэнчинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хууль хэрэглээг буруу тайлбарласан, бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй хэрэг маргааныг шийдсэн гэж үзэж байгаа тул анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрийн 30,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
2.Нэхэмжлэгч *******нь хариуцагч *******ХХК, *******нарт холбогдуулан түрээсийн гэрээний дагуу шилжүүлсэн 84,000,000 төгрөг, зардал 4,000,000 төгрөг, нийт 88,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
3.*******болон *******ХХК-ийн хооронд 2025.02.05-ны өдөр Талбай түрээслэх түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээгээр түрээслүүлэгч *******ХХК нь Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, Их тойруу ******* тоот барилгын В давхарт байрлах, диско баарны зориулалтаар 1 вип өрөө болон 100 хүний багтаамжтай баар; 2 вип өрөө, гал тогооны өрөө болон 7 кабинтай стриптиз клуб; мөн 7 вип өрөө, 2 тусдаа ариун цэврийн өрөөтэй караокег тус тус түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч *******нь сарын түрээс 36,000,000 төгрөг төлөх, гэрээний хугацаа 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл байхаар харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ бичгээр байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.3 дахь хэсэгт заасанд нийцжээ. Түрээсийн гэрээний зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн нэг хэсэг учир гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагад хамаарахгүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн хариуцагч *******дээрх гэрээний харилцаанд эрх, үүрэг хүлээж оролцоогүй талаар зөв дүгнэсэн байна.
4.Түрээсийн гэрээний 3.4-т "Түрээсийн гэрээг эхлүүлэхэд 2025 оны 4 дүгээр сарын 15 н хүртэлх түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлж 54,000,000 төгрөг болон барьцаалбар 30,000,000 төгрөгийн хамт гэрээ хүчин төгөлдөр болсон өдөрт төлөхөөр тохиролцов" гэж заасан ба *******нь 2025.02.05-2025.02.25-ны өдрийн хугацаанд нийт 84,000,000 төгрөгийг *******ХХК-д шилжүүлсэн, мөн объектын түлхүүрийг 2025.02.15-ны өдөр хүлээн авсан үйл баримтыг шүүх зөв тогтоожээ. Энэ талаар зохигч маргаагүй.
5.Хэрэгт авагдсан нэхэмжлэгч ******* 2025.03.14-ний өдрийн Түрээсийн гэрээ цуцлах тухай мэдэгдэл, хариуцагч *******ХХК-ийн 2025.03.14-ний өдрийн Танай хүсэлтийн хариу, Нэмэлт тайлбар хүргүүлэх нь баримтууд, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч түрээсийн гэрээг цуцлах санал гаргасан, уг саналыг хариуцагч хүлээн авсан талаар талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн, Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дахь хэсэгт заасан журамд нийцсэн байна.
Дээрх мэдэгдэлд гэрээ цуцлах үндэслэлийг ...Гэрээний дагуу үйл ажиллагаа явуулахын тулд маркетингийн ******* ХХК-тай 1,500,000 төгрөгийн гэрээ байгуулан сошиал фэйсбүүкээр зар сурталчилгаа хийлгэсэн, нэрийн хуудас бүхий 1000 ш брошур тараасан, гадаа хаяг хийлгэн VIP үнэгүй Таx free ..., нийт 100$ өдөр бүр Boost цацагдсан, зар сурталчилгааг тогтмол явуулж, үүдний гэрэлтүүлгийг сольж, хана засварт 800,000 төгрөг үйлчилгээ хийн ... өөрөөс шалтгаалах олон ажил хийж байгаа боловч ямар нэгэн үр дүнд хүрэхгүй байна. Учир нь тус объект удаан хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүйн улмаас үйлчлүүлэх үйлчлүүлэгч байхгүй болсон гэдэг нь 1 сар ажиллахад тодорхой болсон бөгөөд гэрээ байгуулах үед удаан хугацаагаар ажиллуулаагүй гэдгээ надад хэлээгүй... гэж тусгажээ.
Хэрэгт авагдсан *******байгуулсан 2024.11.15-ны өдрийн Талбай түрээслэх түрээсийн гэрээ, гэрч *******, *******нарын мэдүүлэг, хариуцагчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулахаас өмнө тухайн объектод удаан хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй гэх байдал тогтоогдоогүй тул энэ шалтгаан гэрээ цуцлах үндэслэл болсон гэж дүгнэхгүй.
Иймд түрээслэгчийн зүгээс гэрээний дагуу үйл ажиллагаа явуулсан боловч үр дүнд хүрээгүй гэсэн үндэслэлээр гэрээ цуцлах санал гаргасныг түрээслүүлэгч хүлээн авсан буюу Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.4-т заасан хуульд заасан бусад үндэслэл-ээр гэрээ цуцлагдаж дуусгавар болсон гэж үзнэ.
Түрээсийн гэрээний 4.22-т түрээслэгч гэрээ цуцлах хүсэлтээ 14 хоногийн өмнө бичгээр гаргах талаар заасан ба хариуцагч нь уг хугацааг баримтлахыг нэхэмжлэгчээс шаардаагүй, объектыг тухайн өдөрт нь багтаан хүлээлгэн өгөхийг мэдэгджээ. Энэ тохиолдолд гэрээний 4.22-т заасан үүргийг нэхэмжлэгч зөрчсөн гэх агуулга бүхий хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.
6.Гэрээг цуцалснаар гэрээний хэрэгжсэн хэсэг хэвээр үлдэж, үүргийн харилцаа цаашид дуусгавар болж, цуцалснаас хойшхи үр дагаврыг шийдвэрлэх шаардлага үүсдэг.
6.1.Нэхэмжлэгчээс түрээсийн гэрээний 3.4-т заасны дагуу 2025.04.15-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөрт 54,000,000 төгрөг урьдчилан төлсөн бөгөөд объектыг эзэмшиж ашигласан хугацаанд тооцох төлбөрийн асуудал талуудын маргааны зүйл болжээ.
Анхан шатны шүүх уг хугацааг 2025.02.15-ны өдрөөс 2025.03.14-ний өдрийг дуустал хугацаагаар тооцсон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй. Тодруулбал, түрээсийн гэрээний 2.1-д гэрээний хугацааг 2025.02.06-ны өдрөөс эхлэн тооцохоор заасан боловч хариуцагч 2025.02.15-ны өдөр объектын түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгчээ. Мөн дээр дурдсан нэхэмжлэгчийн мэдэгдэлд 1 сар ажилласан талаараа тусгасны зэрэгцээ объектод баар, караокены үйл ажиллагаа явуулж байсан талаарх гэрч *******, *******нарын мэдүүлэг, нэхэмжлэгч талын хөтөлсөн худалдагчийн өдрийн тайлан, тооцооны дэвтэр, тооцооны хуудас хэрэгт авагдсан байна.
Хариуцагч *******ХХК-ийн 2025.03.14-ний өдрийн Танай хүсэлтийн хариу, Нэмэлт тайлбар хүргүүлэх нь баримтуудад ...хөнгөлөлт 3 удаа үзүүлж дараа сард төлөх ёстой төлбөрийг даруй 39 хоногоор нэмж сунган 69 хоног болгож өгсөн... гэж тусгагдсан. Мөн анхан шатны шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...2 дугаар сарын 5-ны өдөр оруулсан хэрнээ гэрээгээ 2 дугаар сарын 15-ны өдөр байгуулаад түрээсийн төлбөр төлөх хугацааг нь хойшлуулж өгч байсан. Эхний түрээсийн хөнгөлөлт үзүүлж байсан. Мөн дахиад мартын 8-ны хугацаа олгоё гээд хугацаа олгож байсан... гэж тайлбарлаж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2 дугаар сарын 27-ны өдрөөс 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл хугацаа өгсөн. Үүний дараа 3 дугаар сарын 1-ний өдрөөс 3 дугаар сарын 10-ны өдөр хүртэл мартын 8-ны бэлэг шүү гээд 10 хоног өгөөд байгаа. Үүнийг хүлээн зөвшөөрч байна уу, 3 дугаар сарын 10-ны өдрөөс түрээсээ тооцож эхлэхээр үйл баримт болсон талаар хүлээн зөвшөөрч байна уу гэсэн асуултад хүлээн зөвшөөрөхгүй байна, энэ талаар мэдэхгүй байна гэж хариулжээ. (2хх 37, 40-41) Гэрч *******, *******нар түрээсийн төлбөрийг 2025.03.10-ны өдрөөс тооцох талаар нэхэмжлэгч болон хариуцагч компанийн захирал *******нар ярилцсаныг сонссон талаар мэдүүлсэн байх боловч гэрчүүд нь нэхэмжлэгчийн хамаарал бүхий этгээд байхын зэрэгцээ тухайн нөхцөл байдал хэргийн бусад нотлох баримтаар давхар нотлогдоогүй байна.
Иймээс нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч засварын ажил эхлүүлсэнтэй холбоотойгоор үйл ажиллагаа явуулах боломжгүй байдлыг талууд хоорондоо ярилцан тохиролцож түрээсийн төлбөрийг 2025.03.10-ны өдрөөс эхлэн тооцохоор болсныг анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн гэж дурдсаныг хүлээн авах боломжгүй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг 2025.02.15-2025.03.14-ний өдрийн хугацаанд объектод үйл ажиллагаа явуулсан, энэ хугацааны түрээсийн төлбөрийг төлөх үндэслэлтэй гэж дүгнэсэн атлаа хариуцагч засварын хугацааг сунгаж, түрээсийн төлбөр тооцож эхлэх хугацааг 2025.03.10-ны өдөр хүртэл хойшлуулсан буюу түрээс тооцохгүй байхыг нэхэмжлэгчид мэдэгдсэн гэх зөрчилтэй дүгнэлт хийсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
Дээрхийг нэгтгэвэл, нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний үүрэгт 2025.02.15-2025.03.14-ний өдрийн хугацаанд хамаарах түрээсийн төлбөрт 27,000,000 төгрөгийг хариуцагчид төлөх үүрэгтэй тул үлдэх 27,000,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй гэж шүүх дүгнэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт нийцжээ. Уг шийдэлд хариуцагч давж заалдах гомдол гараагүй болно.
6.2.Нэхэмжлэгч нь 2025.02.25-ны өдөр маркетингийн ******* ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж 1,500,000 төгрөг, гадна талбайд хулдаасан хэвлэл хийхэд 300,000 төгрөг, брошур хийхэд 200,000 төгрөг, дотор талбайн гэрэлтүүлэг, засвар хийхэд 1,000,000 төгрөг, чадварлаг DJ хөлсөхөд урьдчилгаа 1,000,000 төгрөг зарсан боловч хариуцагчийн засварын ажил дуусаагүйтэй холбоотойгоор үйлчлүүлэгчгүй, үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан үндэслэлээр хохирол 4,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу хариуцагчаас гаргуулахаар шаардсан.
Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй талаар Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан.
Хэргийн баримтаар хариуцагч *******ХХК түрээсийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн буюу түүний засварын ажил дуусаагүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан гэх байдал тогтоогдоогүй ба нэхэмжлэгч дээрх зардлыг гаргасанд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй тул нэхэмжлэгч нь уг зардлыг хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй. Харин хууль хэрэглээний хувьд хохирол шаардах эрхийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлох нь оновчтой байх тул шийдвэрт холбогдох өөрчлөлт оруулна.
6.3.Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээний 3.4-т заасан барьцаалбар 30,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн ба гэрээ дуусгавар болсонтой холбоотойгоор уг төлбөрийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.
Түрээсийн гэрээний 3.5-д түрээсийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдөр төлөлгүй 7 хоног хэтрүүлбэл түрээслүүлэгч гэрээ цуцлах эрх үүсэх, мөн хэтэрсэн хоногийн түрээсийг барьцаалбараас суутгах, 4.7-д заасан үндэслэлээр түрээслүүлэгчийн санаачилгаар гэрээг дангаар цуцлахад түрээсэлсэн хугацааны хөлсийг барьцаалбараас суутган тооцох, 4.8-д түрээслэгч түрээсийн байрыг буцаан хүлээлгэн өгөх үед түрээсийн байр, доторх эд хогшил ердийн элэгдэл хорогдлоос илүү, цаашид ашиглах боломжгүй болсон буюу 50 ба түүнээс дээш хувиар муудсан тохиолдолд засвар шинэчлэлийн зардлыг барьцаалбараас суутгах, мөн 4.22-т түрээслэгчийн санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцлах болон төлбөрийн чадваргүйгээс эсвэл гэрээний 4.7-д заасан нөхцөлөөр гэрээ цуцлагдсан тохиолдолд гэрээ цуцалсны торгуульд барьцаалбар мөнгийг суутган авахаар тус тус талууд тохиролцжээ.
Уг төлбөрийг нэхэмжлэгч барьцаа гэж, хариуцагч дэнчин гэж тус тус тодорхойлсон. Анхан шатны шүүх барьцаа, дэнчин нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 231 дүгээр зүйлийн 231.1 дэх хэсэгт тодорхойлсон үүргийн гүйцэтгэлийг хангах аргын төрлүүд болохыг зөв дүгнэж, талуудын тохиролцоог тус хуулийн 231.1.4, 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан барьцаа гэж дүгнэснийг буруутгахгүй. Тодруулбал, дээр дурдсан нөхцөлүүдээр барьцаалбар 30,000,000 төгрөг нь түрээсийн төлбөрийг хугацаандаа төлөөгүй, эсхүл гэрээ дуусгавар болоход түрээсийн төлбөр төлөөгүй бол тухайн төлбөрийг төлүүлэх, мөн гэрээний зүйлийг ердийн болон гэрээгээр тохиролцсон элэгдлээс илүү муутгасны хохирлыг барагдуулах зорилготой байгаагаас үзэхэд, гэрээний оролцогчоос гэрээ байгуулсны нотолгоо болгон нөгөө талдаа төлбөл зохих төлбөрт оролцуулан урьдчилан өгсөн дэнчин бус, харин үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасны дагуу үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь барьцааны зүйлээс шаардлагаа хангуулах эрх болох барьцааны агуулгад илүү нийцэхээр байна.
Хариуцагч нь гэрээний 4.22-т заасан Түрээслэгч нь гэрээний хугацаа дуусахаас өмнө гэрээг цуцлах бол хүсэлтээ 14 хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд хүсэлтдээ өөрийн үндэслэл бүхий шалтгаанаа тодорхой бичнэ" гэсэн үүргээ гүйцэтгээгүй үндэслэлээр Иргэний хуулийн 233 дугаар зүйлийн 233.3 дахь хэсэгт "Дэнчин тавьсан этгээд үүрэг гүйцэтгээгүйгээс хариуцлага хүлээхээр байвал дэнчинг дэнчин авсан этгээдэд үлдээнэ. Энэ тохиолдолд дэнчин авагчид учирсан хохирлыг төлөхдөө дэнчинг оролцуулан тооцно" гэж зааснаар 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үндэслэлгүй гэж маргаж, энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй.
Тодруулбал, дээр дүгнэсэнчлэн тус мөнгөн хөрөнгө дэнчинд хамаарахгүйн зэрэгцээ түрээслэгч гэрээ цуцлах талаар 14 хоногийн өмнө мэдэгдэх нөхцөлийн хувьд хариуцагч нь тухайн хугацааг баримтлахыг нэхэмжлэгчээс шаардах боломжтой боловч ийм шаардлага гаргаагүй, мөн объектыг тухайн өдөрт нь багтаан хүлээлгэн өгөхийг нэхэмжлэгчид мэдэгдэж гэрээ цуцлагдсан байх ба нэхэмжлэгчийг гэрээний үүрэг зөрчсөн гэж үзэхгүй. Нөгөө талаар, түрээслэгчийн санаачилгаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахад торгууль төлөх талаар хуульд зохицуулаагүй болно.
Анхан шатны шүүх хариуцагч *******ХХК-аас 30,000,000 төгрөг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-д барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон, 160.3 дахь хэсэгт Энэ хуулийн 160.1.4, 160.1.5-д зааснаас бусад үндэслэлээр барьцааны эрх дуусгавар болсон бол барьцаалагч барьцааны зүйлийг барьцаалуулагч буюу өмчлөгчид буцаан өгөх үүрэгтэй гэж заасанд нийцжээ. Иймээс энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Харин шийдвэрт холбогдох хуулийг баримтлаагүй алдааг залруулна.
7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч талын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 191/ШШ2025/11441 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1... гэснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 160 дугаар зүйлийн 160.3 гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон хариуцагч талын давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******2026 оны 02 дугаар сарын 26-ны өдөр төлсөн 294,950 төгрөг, хариуцагч *******ХХК-аас 2026 оны 02 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 307,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АЗБАЯР
ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН
Д.ЗОЛЗАЯА