| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/04238/И |
| Дугаар | 210/МА2026/00807 |
| Огноо | 2026-04-15 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 210/МА2026/00807
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/00021 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК-д холбогдох
Гэрээний дагуу тээврийн хөлс 100,678,874 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
******* нь *******ХХК-тай амаар харилцан тохиролцсоны дагуу *******ХХК болон *******ХК нарын хооронд байгуулагдсан Нүүрс тээвэрлэх гэрээний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах *******н нүүрсний уурхайгаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн Цагаан хаданд байрлах хилийн боомт хүртэл *******ХХК-ийн Хюндай HD1000 маркийн *******УНН улсын дугаартай толгой буюу зүтгүүр, ZCZ.0408CLX маркийн ******* АЧ улсын дугаартай чиргүүлээр нэг удаад /рэйсэнд/ 70 тн нүүрсийг тээвэрлэж байсан.
Өнгөрсөн хугацаанд *******ХХК нь нүүрс тээврийн төлбөр тооцоог цаг тухайд төлж ирсэн боловч 2023 оны 10, 11, 12 дугаар сарууд, 2024 оны 01, 02 дугаар саруудын төлбөрийг төлж барагдуулалгүйгээр элдэв шалтаг шалтгаан тоочиж ирсэн.
Уг тээврийн хөлсний тооцооны хуудас болох баримтыг хятад хэл дээр хүснэгттэй жагсаалтаар компанийн нягтлан бодогч бодож гаргаж өгсөн. Нийт 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 32 удаагийн тээврийн хөлсөнд 211,923 юань буюу 100,678,874 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
*******ХХК нь *******тай амаар харилцан тохиролцож түүнийг нүүрс тээврийн үйл ажиллагаанд жолоочоор ажиллуулдаг байсан тухай нэхэмжлэл дээрээ дурдсан байгаа нь огт үндэслэлгүй. Манай компани нь аж ахуйн нэгж, байгууллага, иргэдтэй хөдөлмөрийн болон бусад бизнесийн үйл ажиллагаанд заавал гэрээ контракт байгуулан харилцдаг бөгөөд нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг амаар тохиролцож байсан удаа байхгүй болно. Манай байгууллагын зүгээс түүнтэй ажилтан, ажил олгогч хоёрын хооронд тохиролцсон хөдөлмөрийн хөлсийг цаг тухай бүрт нь олгодог байснаас бусдаар түүний хэлж байгаачлан *******ХХК болон *******ХК нарын хооронд байгуулагдсан Нүүрс тээвэрлэх гэрээний дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах *******н нүүрсний уурхайгаас Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан 5 дугаар багийн Цагаан хаданд байрлах хилийн боомт хүртэл нүүрс тээвэрлэсний тээврийн хөлсийг амаар тохиролцож түүнд өгч байсан удаа байхгүй болно.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт заасныг баримтлан *******ХХК-д холбогдох 100,678,874 төгрөг гаргуулах тухай ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 819,295 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон ******* 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх 32 удаагийн тээвэрлэсэн нүүрсний жин, 1 тонн нүүрсний тээврийн үнэ, ажлын хөлсийг тооцсон хариуцагч "*******" ХХК-ийн гаргаж өгсөн тооцооны хуудсыг хавсаргаж өгсөн ба уг баримтыг хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр гаргуулахаар шүүгчийн захирамж гарсан боловч хариуцагчаас гаргаж өгөх боломжгүй, байхгүй гэсэн тайлбар гаргасан тул хариуцагч "*******" ХХК-д мөн адил нүүрс тээврийн ажил гүйцэтгэж байсан иргэн Ч.Батбаярыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Учир нь хариуцагч "*******" ХХК нь зөвхөн иргэн ******* ажлыг хөлсийг төлөөлөөгүйгээс гадна нэр бүхий иргэдэд ажлын хөлсийг төлөхгүй байгаа гэх үндэслэлээр гэрчээр оролцох боломжтой /Улаанбаатарт хотод амьдарч байгаа/ иргэн Ч.Батбаярыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан.
Дээрх гэрчээс хариуцагч "*******" ХХК-аас гаргаж өгсөн гэх тооцооны хуудсыг тухайн үед 2024 оны хавар "*******" ХХК-ийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Махатма Гандигийн гудамж, Стадион оргил 31/12 *******тоотод байрлах ажлын байранд нь бүгдээрээ очиж уулзалт хийхэд санхүүгийн ажилтнаас /нэр мэдэхгүй/ ажлын хөлс авч чадаагүй иргэдэд гаргаж өгсөн эсэх, гэрч *******мөн адил тийм хуудас олгосон эсэх нөхцөл байдлыг тогтоолгохоор оролцуулсан ба тэрээр тооцооны хуудсыг хариуцагч "*******" ХХК нь ажлын хөлс авч чадаагүй бүх иргэдэд бүгдэд нь хэвлэж өгсөн гээд, өөрт нь байгаа тооцооны хуудсыг шүүх хуралдаанд шүүгчид эх хувиар нь харуулсан ба тооцооны хуудас гэх баримтыг нэхэмжлэгч ******* нь хуурамчаар үйлдээгүй, хууль бусаар бүрдүүлээгүй болохыг нотолсон.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн талаар баримтаар нотлоогүй, гэрч мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадаагүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагаагүйгээс шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагад нийцэхгүй байна.
Бодит нөхцөл байдал дээр хариуцагч "*******" ХХК нь "*******" ХК-аас БНХАУ-ын хуулийн этгээдийн худалдан авч буй нүүрсийг тээвэрлэх гэрээний үндсэн дээр хувийн том тэрэгтэй жолооч нарын тээврийн хэрэгслийг өөрийн компанийн нэр дээр шилжүүлж, өөрсдийн тээврийн хэрэгсэл мэт дүр үзүүлж, тээврийн жолооч нарын тээвэрлэсэн нүүрсний хэмжээнээс шалтгаалж тэдний шууд авах ажлын өлснөөс 1 тонн тутамд 5-10 юанийг суутган авдаг бизнес хийдэг байсан байна.
Мөн хариуцагч нь *******тай ямар ч аман хэлцэл хийж гэрээ байгуулаагүй гэсэн атлаа түүнд 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 725,385 төгрөг, 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,421,880 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,918,210 төгрөг, 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 951,580 төгрөг, 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,601,980 төгрөгийг тус тус олгохдоо хэрхэн яаж тооцоолсон гэдэг нь ойлгомжгүй байхад шүүх талуудын хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан байна гэж дүгнээд нэхэмжлэгчийг гэрээний хөлсийг өөрөөр тохиролцсон гэдгээ нотолж чадсангүй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж дүгнэхэд хүрч байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5.Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж шийдлийг хэвээр үлдээв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан гэрээний дагуу тээврийн хөлс 100,678,874 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагчтай амаар харилцан тохиролцсоны дагуу *******УНН улсын дугаартай зүтгүүр, ******* АЧ улсын дугаартай чиргүүлээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах *******н нүүрсний уурхайгаас тус аймгийн Ханбогд сумын Цагаан хаданд байрлах хилийн боомт руу нүүрс тээвэрлэж байсан, 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 32 удаагийн тээврийн хөлсөнд 211,923 юань буюу 100,678,874 төгрөг төлөөгүй гэж тодорхойлсон.
Хариуцагч нь татгалзлаа нэхэмжлэгчтэй амаар тохиролцсон удаа байхгүй, ажилтан, ажил олгогчийн тохиролцсон хөдөлмөрийн хөлсийг цаг тухайд нь олгодог байсан, нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарласан.
3.Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар хэргийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйг дор дурдсанаар залруулах нь зүйтэй.
3.1.Пүүний баримтуудын жолоочийн нэр хэсэгт нэхэмжлэгчээс гадна Эрдэнэчулуун, Рэнцэндорж гэсэн нэрс бичигдсэн байх ба эдгээр жолооч нар нэхэмжлэгчтэй ямар холбоотой, мөн нэхэмжлэлд хэрхэн хамааралтай талаар хэрэгт баримт авагдаагүй.
Нэхэмжлэгчид хамаарах баримтыг шүүж үзэхэд 2023 оны 11 дүгээр сарын 19, 24, 30, 12 дугаар сарын 06, 11, 14, 17, 19, 21, 29, 31, 2024 оны 01 дүгээр сарын 12, 16, 18, 26-ны өдрийн нийт 15 тээвэрлэлт байна.
3.2.Нэхэмжлэгч нь хариуцагч компанийн нягтлан бодогч хэвлэж өгсөн гэх гарын үсэг, тамга тэмдгээр баталгаажаагүй тооцооны баримтыг нэхэмжлэлдээ хавсаргасан ба гэрч *******хариуцагч компанийн нягтлан бодогч уг баримтыг хэвлэж өгсөн талаар шүүхэд мэдүүлсэн.
Тооцооны баримтад *******УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийн тээвэр хийсэн огноо, ачааны жин, үнэ, хөлсийг тооцсон байх ба дээрх 15 удаагийн тээвэрлэлт, ачааны жин пүүний баримтаас зөрүүгүй, мөн тээвэрлэлт тус бүрийн үнэ, хөлсийг нэгтгэж үзвэл нийт 106,136 юань байна.
3.3.Хариуцагч нь 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 725,385 төгрөг, мөн оны 12 дугаар сарын 08-ны өдөр 1,421,880 төгрөг, 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр 1,918,810 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 05-ны өдөр 951,580 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 07-ны өдөр 2,601,980 төгрөгийг жолоочийн цалин гэсэн утгаар нэхэмжлэгчид шилжүүлжээ.
3.4.Нэхэмжлэгч нь хариуцагчийг үүнээс өмнөх хугацааны тээвэрлэлтийн хөлсийг зохих ёсоор төлсөн гэж тайлбарласан.
Хаан банк ХК дахь нэхэмжлэгчийн эзэмшлийн ******* тоот дансны хуулгаас үзэхэд, 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 990,800 төгрөг, 27-ны өдөр 3,093,900 төгрөг, мөн оны 02 дугаар сарын 07-ны өдөр 2,066,880 төгрөг, 17-ны өдөр 514,220 төгрөг, мөн оны 03 дугаар сарын 06-ны өдөр 1,516,800 төгрөг, 20-ны өдөр 1,539,990 төгрөг тус тус жолоочийн цалин гэсэн утгаар хариуцагчаас шилжүүлсэн, мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдсөн байх ба үүнийг тооцооны баримтын 2023 оны 01, 02, 03 дугаар саруудад хамаарах хэсэгтэй харьцуулбал зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл тооцооны баримтаар 2023 оны 01 дүгээр сард нийт 76,400.5 юань, 02 дугаар сард нийт 30,965 юань, 03 дугаар сард нийт 23,204.5 юанийн тооцоо хийгдсэн байх боловч ийм хэмжээний хөлсийг нэхэмжлэгч аваагүй байна.
4.Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1 дэх хэсэгт Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа, тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ба нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан 2023 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд 211,923 юань буюу 100,678,874 төгрөгийн хөлс авахаар хариуцагчтай тохиролцсон байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй ба гэрч *******нь хариуцагч компанийн нягтлан бодогчоос тооцооны баримтыг хэвлэж өгсөн талаар мэдүүлсэн боловч уг мэдүүлэг өөр нотлох баримтаар нотлогдоогүй тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэгчийг тээвэрлэлтийн хөлс 100,678,874 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй болох нь тогтоогдоогүй гэж дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
5.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн зарим дүгнэлтийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 192/ШШ2026/00021 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдөр төлсөн 661,345 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Д.ЗОЛЗАЯА