Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/00808

 

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10617 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй

Хариуцагч *******холбогдох

Гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл,

Төлбөр тооцооны хэлцэл, компанийн эрх шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээг цуцалж, 135,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь улсын бүртгэлийн 6626106 дугаартай *******ХХК-ийн нийт 20 ширхэг хувьцааг *******2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр 150,000,000 төгрөгөөр худалдахаар компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулж, энэ гэрээний үндсэн дээр мөн өдөр компанийн эрх шилжүүлэх гэрээ байгуулж, тусгай зөвшөөрлийг тоног төхөөрөмж, үйл ажиллагааны хамт шилжүүлсэн. Мөн тухайн өдрийн огноотой төлбөр тооцооны гэрээ байгуулсан ба ******* 135,000,000 төгрөгийг төлж, 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр төлөх үлдэгдэл 15,000,000 төгрөгийг төлөөгүй.

******* 250,000,000 төгрөгөөр худалдан авч, тогтвортой үйл ажиллагаа явуулж байсан компаниа *******тэй тохиролцож 250,000,000 төгрөгөөс бууруулж 150,000,000 төгрөгөөр худалдсан.

Иймд үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* нь *******ХХК-ийг худалдаж авахдаа тухайн компанийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цаашид ашиглах, компанийн тохижилт үйлчилгээ, үйл ажиллагааг нь анх худалдаж авсан байршилд нь үргэлжлүүлэн явуулах зорилготой байсан. Гэрээ байгуулаад үйл ажиллагааг явуулахаар бэлтгэл ажил хийж байх хугацаанд нэхэмжлэгчээс хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмжүүд дээр эвдрэл гэмтэл гарсан. Хэрэгт авагдсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж, эд хогшлын тооллого гэсэн хүснэгтэд байгаа нэг бүр нь 7,800,000 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг шүдний аппаратын ажилбарын буйданг ашиглах гэтэл ажиллахгүй байсан тул эмнэлгийн тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ явуулдаг ******* компанид үзүүлэхэд ашиглах боломжгүй гэх техник үйлчилгээний акт гарсан ба үүнтэй холбогдуулан өөрийн байгууллагад ашиглахгүйгээр акталж хурааж, шинэ ор худалдаж авсан.

*******т компанийн хувьцаатай дагалдуулж өгсөн тоног төхөөрөмжөөс 2 буйдан ажиллахгүй байгаа учраас 150,000,000 төгрөгөөс буйдангийн үнэлгээг хасаж тооцно, 15,000,000 төгрөгийг төлөх боломжгүй гэдгийг тайлбарлаж мэдэгдсэн. Гэрээний нийт үнэ 150,000,000 төгрөг дотор хоёр ширхэг шүдний ор байсан гэдэг дээр хэн аль нь маргадаггүй. Нэхэмжлэгч талын тооцсон үнэлгээгээр хоёр буйдан нийлээд 15,600,000 төгрөг тул татгалзлын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгч талд шаардах эрх үүсээгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн 15,600,000 төгрөгөөр үнэлсэн тоног төхөөрөмж ажиллах боломжгүй учир гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөгийг төлөх боломжгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний хувьд тухайн компанийг худалдаж авч байгаа гол зорилго нь Нийслэлийн эрүүл мэндийн газраас олгосон шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хүрээнд цаашид үйл ажиллагаа явуулах байсан. Худалдагчийн зүгээс гэрээ байгуулахдаа тухайн компани тусгай зөвшөөрлийнхөө хүрээнд үйл ажиллагаа явуулах боломжтой, тусгай зөвшөөрөл сунгагдах боломжтой, эрхийн доголдолгүй, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүрээнд үүргээ зөрчиж байгаагүй гэж тайлбарлаад худалдан борлуулсан. Гэтэл хариуцагч гэрээний дагуу компанийн эрхийг шилжүүлэн авснаас хойш компанийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг сунгах гэтэл холбогдох байгууллагаас тухайн компанийг байгуулагдсан цагаасаа хойш нэг ч удаа тайлан мэдээ өгч байгаагүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүй тул тусгай зөвшөөрөл сунгагдах боломжгүй гэдэг. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрөл авснаас хойш ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэж үзэж цаашид сунгах боломжгүй гэдэг хариуг өгөөд хүсэлтийг нь хүлээж аваагүй байдаг.

Иймд Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т зааснаар эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдан авагчийн санаачилгаар гэрээгээ цуцлах эрх зүйн үндэслэл бүрдсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл худалдан авсан гол хөрөнгө буюу тусгай зөвшөөрөл нь цаашид ашиглах боломжгүй, эрхийн доголдолтой учир хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон холбогдох гэрээ хэлцлийг цуцлах шаардлагатай. Мөн гэрээний дагуу хүлээлгэн өгсөн тоног төхөөрөмж дотор нэг бүр нь 7,800,000 төгрөгийн үнэ бүхий хоёр ширхэг шүдний аппаратын буйдан ашиглах боломжгүй гэх техник үйлчилгээний акт гарсан, өөрөөр хэлбэл доголдолтой хөрөнгө шилжүүлсэн. Иймд талуудын хооронд 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр тооцооны хэлцэл, компанийн эрх шилжүүлэх гэрээ, худалдах, худалдан авах гэрээг бүхэлд нь цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 135,000,000 төгрөгийг *******аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

4.Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

4.1.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгдүгээрт, гэрээний гол хүсэл зориг нь худалдан авагч тал шүдний эмнэлгийн үйл ажиллагааг цааш үргэлжлүүлж, бизнес хийх, ашиг олох, хоёрдугаарт, тухайн компанийг дагалдуулж өгсөн 176 нэр төрлийн эд хөрөнгөөс хоёр буйданг гажигтай, ашиглах боломжгүй гэж байгаа ч тухайн буйданг акталсан, устгасан, буйданд завсар үйлчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, энэ нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-т заасанд хамааралгүй. Өөрөөр хэлбэл худалдаж буй гол зүйл нь компанийн хувьцаа, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ ба харин дурдагдаж буй 176 нэр төрлийн тоног төхөөрөмж нь компанийн тусгайлсан эд хөрөнгөд бүртгэлтэй учраас компанийг дагаж шилжиж байгаа юм. ******* эд хөрөнгө, тоног төхөөрөмжийг жагсааж, ******* шалгаад хүлээгээд авсан. ******* үлдэгдэл 15,000,000 төгрөгийг одоохондоо төлөх боломжгүй байна, удахгүй төлнө ахаа, эгчээ гэж байснаа сүүлдээ шүдний хоёр ор ажиллахгүй байна гэсэн. Тухайн шүдний ажилбарын буйдан нь бүхэл бүтэн цогц үйлчилгээтэй буюу шүд цэвэрлэх үед аманд үлдэж байгаа шүдний хэлтэрхий, шар чулуу зэргийг цэвэрлэх зориулалттай усны гуурсан хоолой хатсан, бөглөрснийг гол эд зүйл гэмтсэн гэсэн акт биш юм. Зөвхөн тэр хэсэг ажиллахгүй байгаа нь нийт үнэнд хамаарахгүй, удаан ажиллуулаагүйгээс нарийн гуурс хатаж бөглөрсөн, бусад эд ангиуд гэмтэлтэй гэсэн дүгнэлт гаргаагүй.

4.2.Талууд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр компанийн эрх шилжүүлэх, хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулахад тусгай зөвшөөрөл хуулийн хүчин төгөлдөр, 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл эмнэлэг хэвийн үйл ажиллагаа явуулж байсан. Тусгай зөвшөөрлийг сунгах, эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрх, үүрэг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хариуцагчид шилжсэн байхад эрх, үүрэг нь дуусгавар болсонд нэхэмжлэгчийг буруутай мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Тусгай зөвшөөрлийн хугацаа 3 жилээр олгогддог, хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө Эрүүл мэндийн яамнаас комисс ирж, тухайн эмнэлэг эмчилгээ үйлчилгээ хийж байхдаа мэргэжлийн алдаа гаргасан уу, эрүүл ахуйн орчин хангагдаж байна уу гэдэг дүгнэлт гаргаж, ахиад 3 жилээр сунгах ёстой. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар тайлангаа илгээгээгүй учраас тусгай зөвшөөрөл хүчингүй болсон гэдэг. Хэрэв компанийн эрх баригчид тайлангаа өгөөгүй бол хугацаанаас нь өмнө хүчингүй болгоно. Хавтаст хэрэгт авагдсан Эрүүл мэндийн яамнаас ирсэн баримтаар 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлийг сунгуулах, үйл ажиллагаагаа явуулах нь тухайн компанийн эрхийг шилжүүлж авсан хариуцагч талын үүрэг учраас сөрөг нэхэмжлэл, түүний нотолгооны үндэслэл хууль ёсны, үндэслэл бүхий байж чадахгүй байна. Эд хөрөнгийн доголдол гэж компанийг дагалдаж шилжсэн тоног төхөөрөмжөөс хоёр шүдний ор гэмтэлтэй гэж тайлбарлаж, гэрээнээс татгалзах, цуцлах эрх хариуцагч талд хуулийн дагуу үүсээгүй. Иймд сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.3, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ээс 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, *******ийн *******т холбогдуулан талуудын хооронд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан төлбөр тооцооны хэлцэл, компанийн эрх шилжүүлэх гэрээ, худалдах худалдан авах гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 135,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 232,950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, *******ээс сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 982,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6.Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

6.1.Анхан шатны шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсгийн 16 дахь хэсэгт дүгнэсэн дүгнэлтийн тухайд:

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч иргэн *******, *******нартай гэрээ байгуулсан гол шалтгаан нь шууд үйл ажиллагаа явуулах боломжтой гэж ойлгуулсан. Гэтэл гэрээ байгуулсны дараагаар үйл ажиллагаагаа хэвийн явуулах зорилгоор Нийслэлийн Эрүүл мэндийн газраас "*******" ХХК-д олгосон компанийн тусгай зөвшөөрөл хүчинтэй эсэх талаар тодруулахад "тусгай зөвшөөрөл нь анх гэрээ байгуулах үед ч үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан талаар мэдсэн. Тодруулбал тус компанийн тусгай зөвшөөрлийг анх авснаасаа хойш нэг ч удаа мэдээ, тайланг хүргүүлж байгаагүй учраас үйл ажиллагаа явуулах боломжгүй, цаашлаад тусгай зөвшөөрөл сунгах боломжгүй нөхцөл байдал үүссэн байсан. Энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр "*******" ХХК нь шүдний эмнэлгийн үйл ажиллагаа явуулах эрхгүй учраас дагалдах тоног төхөөрөмжийг ашиглах шаардлага үүсэхгүй юм. Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д "Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.", 256.2-т "Хэд хэдэн эд хөрөнгийг худалдсан тохиолдолд тэдгээрийн зарим хэсэг нь доголдолтой бол гэрээг зөвхөн доголдолтой хэсгээр, хэрэв доголдолтой хэсэг нь бусад хэсэгтэйгээ нэгдмэл зориулалттай ашиглагдах бол гэрээг бүхэлд нь цуцалж болно." гэж заасны дагуу гэрээг цуцлах үндэслэлтэй гэж үзэж байна.

6.2.Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 21 дэх хэсэгт дүгнэсэн тухайд:

Талуудын хооронд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулагдсан "Компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ"-ний дагуу худалдан авагч талд шилжин ирсэн тоног төхөөрөмжүүд дунд нэг бүр нь 7,800,000 төгрөгийн үнэ бүхий "Шүдний ажилбарын буйдан"-ийн ажиллагаанд доголдол гарч, хэвийн ажиллахгүй байсан тул "*******" ХХК-иар техникийн үзлэг хийлгэхэд "Удаан ажиллаагүйн улмаас нарийн гуурч, хатаж бөглөрсөн, гол төв хавхлаг хатсан учраас цаашид ажиллуулах боломжгүй" талаар дүгнэлт гарсан тул энэхүү доголдлыг арилгах талаар 2025 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр худалдагчид гомдлын шаардлага гаргасан боловч доголдлыг арилгаж өгөөгүй.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******ийн зүгээс доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн талаар шаардлагатай баримтуудыг гарган өгч үүнтэй холбоотойгоор хариуцагчийн татгалзлын үндэслэлээ тайлбарлаж маргасан. Харин нэхэмжлэгч *******зүгээс тухайн баримттай холбоотой, мөн бүхий "Шүдний ажилбарын буйдан" ашиглалтын шаардлага хангаж байсныг нотлох ямарваа нэг баримтыг ирүүлээгүй байхад шүүхээс хариуцагч *******ийг "...7,800,000 төгрөгийн үнэлгээгээр үнэлэгдэж, төлбөрийг төлөхгүй байх үндэслэлтэй холбоотой баримтыг ирүүлээгүй..." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д "Зохигч гагцхүү бодит байдалд нийцсэн тайлбар өгөх, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт гаргах үүрэгтэй.", 40.1.Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ." Гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг бодитоор дүгнээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэрт, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

7.Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1.Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Талуудын хооронд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, төлбөр тооцооны гэрээ гэх 3 гэрээг байгуулсан. Хувьцаа худалдах худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээний дагуу 175,000,000 төгрөгийн эд хөрөнгө худалдан авагч талд шилжүүлсэн. Компанийн хувьцааны талаарх асуудалд талуудын хооронд маргаан байхгүй. Төлбөр тооцооны гэрээг хийхдээ 135,000,000 төгрөгийг аваад 15,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр авна гэж тохирсон боловч энэ төлбөрөө төлөөгүй учраас 15,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч тал эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан гэж тайлбарладаг. Иргэний хуулийн 252 дугаар зүйлийн 252.1-д Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ гэж зааснаар гуравдагч этгээдийн эд хөрөнгө учраас эрхийн доголдолтой эд хөрөнгө гэж ярихгүй. Өөрөөр хэлбэл 2024 оны 08 дугаар сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан. Энэ хугацаанд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс сарын өмнө тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлтийг Эрүүл мэндийн газарт гаргаж өгөөгүй учраас тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан гэх тайлбар ирдэг. Тусгай зөвшөөрлийг сунгуулах гэсэн ч 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдөр хариуцагчийн нэр дээр тусгай зөвшөөрлийн эрх шилжсэн байсан тул үүнд нэхэмжлэгчийг буруутгах үндэслэлгүй.

7.2.*******ХХК-ийн эмнэлэг нь гоо сайхны мэс засал, шүдний эмнэлэг гэх 2 чиглэлтэй. Гоо сайхны мэс заслын үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Шүдний эмнэлгийн 2 ширхэг буйдан гэмтэлтэй байна гэдэгт ******* ХХК-аас удаан ашиглаагүйгээс гуурс нь хатсан байна гэдэг. Өөрөөр хэлбэл шүдний буйдан нь цогц иж бүрдлээрээ байдаг. Гэтэл хариуцагч гуурс хатсан гэдгийг эд хөрөнгийн доголдол гэж тайлбарладаг. Маргаан үүсгэхдээ эд хөрөнгийн эрхийн доголдол гэж тайлбарладаг ч шүүх дээр эд хөрөнгийн доголдол гэж тайлбарласан. Хатсан гуурс солиулах гэдэг нь тухайн буйданг шинэчлэх, бүхэлд солиулах шаардлага байргүй. Тухайн эмнэлгийг нүүлгэсэн ба эмнэлэг одоо байхгүй. Хариуцагч тал хэвийн үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгийг худалдаж авсан тул давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******холбогдуулан гэрээний үлдэгдэл төлбөр 15,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, төлбөр тооцооны хэлцлийг цуцалж, 135,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3.*******, *******болон ******* нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр дор дурдсан нөхцөлөөр 3 гэрээ байгуулагдсан. Үүнд:

- компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь *******ХХК-ийн 20 ширхэг 100 хувийн хувьцааг шилжүүлэх, худалдан авагч нь 20,000,000 төгрөг төлөх;

- компанийн эрх шилжүүлэх гэрээгээр эрх шилжүүлэгч нь шилжүүлсэн хувьцаанд хувь тэнцүүлсэн хэмжээгээр компанийн эрх болон компанийн бусад хөрөнгийг эрх шилжүүлэн авагчийн өмчлөл, эзэмшилд шилжүүлэх;

- төлбөр тооцооны тухай хэлцлээр худалдагч нь *******ХХК-ийн 20 ширхэг 100 хувийн хувьцааг 150,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь урьдчилгаа 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх 120,000,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр, 15,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор тус тус төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэсэн байна.

*******, *******нар Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1 дэх хэсэгт зааснаар хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид ба үүрэг гүйцэтгэгч *******ээс үүрэг гүйцэтгэхийг хамтран үүрэг гүйцэтгүүлэгч ******* шаардах эрхтэй.

 

4.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь *******ХХК-ийн хувьцааг хариуцагчид шилжүүлсэн, хариуцагч нь 135,000,000 төгрөг нэхэмжлэгчид төлсөн үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

 

5.Хариуцагч нь гэрээнд зааснаар 15,000,000 төгрөгийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн дотор төлөөгүй байх ба гэрээгээр шилжүүлсэн нэг бүр нь 7,800,000 төгрөгийн үнэлгээтэй 2 ширхэг шүдний аппаратын ажилбарын буйдан ашиглах боломжгүй талаар ******* ХХК-ийн техник үйлчилгээний акт гарсан үндэслэлээр уг төлбөрийг төлөхөөс татгалзсан.

Түүнчлэн *******ХХК тусгай зөвшөөрөл авснаас хойш тайлан мэдээ өгөөгүй, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулсан эсэх нь тодорхойгүйгээс тусгай зөвшөөрөл сунгагдах боломжгүй үндэслэлээр гэрээг цуцалж үр дагаврыг шийдвэрлүүлэхээр сөрөг нэхэмжлэл гаргасан.

5.1.Нийслэлийн эрүүл мэндийн газрын 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01/1556 дугаар лавлагаанаас үзэхэд, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/557 дугаар захирамжаар *******ХХК-д нүүр амны өвчний оношилгоо, эмчилгээ, нүүр амны мэс засал, гажиг засал, согог заслын чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд уг тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусгавар болжээ.

Дээрх лавлагаанд тусгай зөвшөөрөл авснаас хойш компани статистикийн тайлан мэдээ ирүүлээгүй талаар дурдсан ч энэ үндэслэлээр тусгай зөвшөөрлийг сунгаагүй гэх агуулга тусгагдаагүй. Нөгөө талаар, хариуцагч нь тусгай зөвшөөрөл сунгуулах хүсэлтийг хэзээ, хэрхэн гаргасан нь тодорхойгүй, мөн тусгай зөвшөөрөл авснаас хойш үйл ажиллагаа явуулаагүйгээс цаашид сунгах боломжгүй гэсэн хариуг эрх бүхий байгууллагаас өгсөн гэх тайлбараа баримтаар нотлоогүй байна.

5.2.Эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн эд хогшлын тооллого баримтад бичигдсэн нэг бүр нь 7,800,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг шүдний эмчилгээний машиныг удаан ажиллаагүйгээс нарийн гуурс, шланк хатсан, бөглөрсөн, гол төв хавхлага жийрэг хатсан, цаашид ажиллуулах боломжгүй, ажиллуулсан тохиолдолд ус байнга гоожиж, доголдох тухай ******* ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн техник үйлчилгээний акт гэх баримт хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх уг баримтаар дээрх 2 техникийг бүхэлд нь гэмтэлтэй гэж үзэхэд учир дутагдалтай, гэмтэлтэй хэсгийг эсвэл бүхэлд нь засварлах, үүнд ямар хэмжээний зардал гарах талаар баримт ирүүлээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй, нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Үүнээс гадна талууд 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд дээрх актад 2 техникийг удаан ажиллаагүй гэсэн нь гэрээ байгуулахаас өмнө, эсхүл гэрээ байгуулсны дараа аль цаг хугацаанд хамааралтайг актад үндэслэн тодорхойлох боломжгүй, түүнчлэн хариуцагч эд хөрөнгө хүлээж авах үедээ доголдлын талаар мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

5.3.Дээр дурдсанаас дүгнэхэд, нэхэмжлэгчээс гэрээгээр шилжүүлсэн хөрөнгө биет байдлын доголдолтой болох нь тогтоогдоогүй тул хариуцагч гэрээ цуцлахыг шаардсан нь Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсгийн зохицуулалтад нийцээгүй.

 

6.Анхан шатны шүүх хариуцагчаас 15,000,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх гэрээ, төлбөр тооцооны хэлцлийг цуцалж, 135,000,000 төгрөг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй. Харин шүүх доголдолтой эд хөрөнгө гол эсхүл дагалдах хөрөнгө байгаагаас хамаарч гэрээг бүхэлд нь, эсхүл хэсгээр нь цуцалж болох талаар зохицуулсан Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.3 дахь хэсэг маргаанд хамааралгүй байхад шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь алдаатай байх тул залруулна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан шүүх нотлох баримтуудыг бодитоор дүгнээгүй гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/10617 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...256 дугаар зүйлийн 256.3... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдөр төлсөн нийт 1,215,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА