Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1479

 

 

 

 

 

 

 

 

 

М.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Оюунцэцэг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/04354 дүгээр шийдвэртэй,

           

Нэхэмжлэгч: М.Сайнбилэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Хайфолс” ХХК-д холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 475 000 төгрөг гаргуулах, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Сайнтөр,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Д.Очирдорж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Баярхүү, П.Цолмонбаатар,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Хайфолс” ХХК-ийн захиалан бариулж буй орон сууцанд 2 өрөө байр захиалж, урьдчилгаа 30 хувь буюу 22 440 000 төгрөгийг төлж үлдэгдэл 70 хувийн төлбөрийг Капитал банкнаас зээл аван төлж байгаа билээ. “Хайфолс” ХХК-ийн захирал Н.Цэгмэд тухайн үед  уг орон сууцыг 44 м.кв гэж хэлсэн бөгөөд 1 м.кв-ийг нь 1 700 000 төгрөгөөр тооцон надад худалдсан юм. Байр худалдаж авсны дараа 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр “Инженер геодези” ХХК-иар хэмжилт хийлгэхэд 6.75 м.кв дутуу буюу 35.25 м.кв талбайтай орон сууц худалдсан байсан. Энэ тухай “Хайфолс” ХХК-ийн захирал Н.Цэгмэдэд мэдэгдэж, зөрүү мөнгөө авахаар ярихад “... та нар зөрүүндээ 2 000 000 төгрөг ав, эсхүл 1 700 000 төгрөгөөр тооцоод байраа буцаан өгч болно” гэж хэлсэн. Бид байраа буцаан өгөхийг нь зөвшөөрөөд дахин холбогдоход “... манайд буцаан өгөх мөнгө байхгүй, мөнгийг чинь өгөх боломжгүй” гэх мэтээр тайлбар, хариу өгөх болсон. Иймд “Хайфолс” ХХК-иас  Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 14 дүгээр хороолол,  80 дугаар байрны 49 тоотод байрлах 2 өрөө орон сууцны метр квадратын зөрүү буюу 6.75 м.кв-ийн үнэ нийт 11 475 000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү. Мөн талуудын хооронд 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 1.3 дахь заалтыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. Учир нь хариуцагч анх 2013 оны 11 сарын 25-ны өдөр байгуулсан “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний нэг талыг “Хайфолс” ХХК гэснийг М.Цэгмид, Б.Баттулга болгож өөрчлье гэж захиалагч надад ойлгуулж анх байгуулсан гэрээгээ 2014 оны 8 дугаар сард хураан авч, гэрээний огноог нь өмнөхтэйгөө ижил буюу 2013 оны 11 сарын 25-ны өдрөөр дахин бичсэн байдаг. Уг гэрээний эхний хуудсыг өөрчлөхдөө захиалагчид мэдэгдэлгүй гэрээний 1.3-т “орон сууцны талбайг ойс буюу ханын тэнхлэгийн төвөөс хэмжинэ” хэмээн миний эрхийг дордуулсан зохицуулалтыг оруулсан ба үүнийгээ “бид хоорондоо тохирч хийсэн” гэж худал тайлбарыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгч байна. Гэрээний 1.3-т заасан заалтыг ойс буюу ханын тэнхлэгийн төвөөс хэмжинэ гэж өөрчилсөн нь өөрөө гэрээний 1.2-т заасан “талууд үйл ажиллагаандаа Иргэний хууль, Барилгын тухай хууль болон бусад норм, дүрэм, стандартыг удирдлага болгоно” гэсэн зохицуулалттай зөрчилдөж байна. Гэрээнд оруулсан энэхүү өөрчлөлт нь Стандарчлал хэмжил зүйн газрын зөвлөлийн 2009 оны 12 сарын 24-ний өдрийн 52 дугаар тогтоолоор баталсан Монгол Улсын стандарт MNS6058:2009–ийн 7.2-т заасан “орон сууцны барилгын доторх сууцны өрөө тасалгааны хэмжилтийн цэгийг хашлага хана, хамар ханын өнгөлгөө засал хийгдсэний дараа дотор гадаргуугаас авна” гэснийг зөрчсөн. Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасны дагуу дурдсан гэрээний 1.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл байна гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цолмонбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч тал биднийг гэрээний эхний хуудсыг буюу 1.3 дахь заалтыг өөрчилж, нэхэмжлэгчид ашиггүй заалтыг оруулсан гэж байна. Гэвч хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, гэрч нарын мэдүүлэг үүнийг хангалттай нотлохгүй юм. Нэхэмжлэгч М.Сайнбилэг болон “Хайфолс” ХХК-иудын хооронд 2013 оны 11 сарын 25-ны өдөр байгуулагдсан “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” нь өөрөө хуульд нийцсэн, талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлж хийсэн гэрээ. Нэхэмжлэгч өөрөө энэхүү гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурчихаад одоо талбайг ханын ойсоос бус 6058 стандартын дагуу хэмжих ёстой гэж нэхэмжлэх эрхгүй юм. Харин “Эм эм инженеринг” ХХК-ийн ханын тэнхлэгээс ханын тэнхлэг хооронд нь хэмжсэн хэмжилтийн дагуу 42.40 м.кв талбайтай болохыг нь хүлээн зөвшөөрч болох юм. Өөрөөр хэлбэл зөрүү 1.6 м2 болж байгаа. Үүнийг нь бол нэхэмжлэгч талд төлөх боломжтой юм. Түүнчлэн гэрээг нэг талаас М.Цэгмэд, Б.Баттулга нөгөө талаас М.Сайнбилэг хийсэн. Гэтэл нэхэмжлэгч нь “Хайфолс” ХХК-д холбогдуулж нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа нь өөрөө хуульд нийцэхгүй. Хариуцагчаа буруу тодорхойлсон гэж үзэж байна. Эцэст нь талуудын байгуулсан “орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ” нь хуульд нийцсэн, талууд өөрсдөө харилцан зөвшөөрч гарын үсгээ зурсан, агуулгыг нь өөрсдөө тодорхойлсон гэрээ тул нэхэмжлэлийн шаардлага өөрөө хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2, 352.2.3, 56 дугаар зүйлийн 56.5-д заасныг баримтлан хариуцагч “Хайфолс” ХХК-иас 11 033 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М.Сайнбилэгт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 442 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 198 550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хайфолс” ХХК-иас 191 478 төгрөгийг  гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, П.Цолмонбаатар нар давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч М.Сайнбилэг нь 2013 оны 11 сарын 25-ны өдөр иргэн М.Цэгмид, Б.Баттулга

нартай байгуулсан "орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-ний

дагуу шилжүүлсэн орон сууц нь гэрээнд заасан м.кв-аасаа дутуу хэмээн зөрүү төлбөрийг

нэхэмжилсэн. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон гэрээг авч үзвэл нэг талаас иргэн М.Цэгмид, Б.Баттулга /ажил хариуцагч буюу А тал гэнэ/. Нөгөө талаас хөрөнгө оруулагч Мандах Сайнбилэг /захиалагч буюу Б тал гэнэ/ нар харилцан тохиролцож орон сууцны барилгын ажлыг А тал хариуцах, Б тал уг орон сууцыг захиалан хөрөнгө оруулалт хийхтэй холбоотой харилцааг зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл энэхүү гэрээтэй холбоотой ямар нэгэн маргаан гарсан тохиолдолд гэрээний 6-р зүйлд заасны дагуу А болон Б талууд харилцан ойлголцох замаар шийдвэрлэх, тохиролцоонд хүрч чадахгүй бол эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх ёстой. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч Сайнбилэг нь орон сууцны урьдчилгаа төлбөр 22 440 000 төгрөгийг "Хайфолс" ХХК-руу шилжүүлсэн байхаас гадна "Хайфолс" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний дагуу үлдэгдэл мөнгийг авсан эсэх тал дээр маргаагүй байх тул уг гэрээ М.Сайнбилэг болон "Хайфолс" ХХК-иудын хооронд байгуулагдсан хэмээн дүгнэсэн нь буруу юм. Иргэн Цэгмид, Баттулга болон М.Сайнбилэг нарын хооронд 2013 оны 11 сарын 25-ны өдөр байгуулагдсан "орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ"-нд борлуулалтыг "Хайфолс" ХХК хариуцана гэсний дагуу манай компанийн зүгээс зөвхөн борлуулалтыг хариуцаж, төлбөр мөнгийг хүлээн авсан болно. Хариуцагчаар тогтоогдсон "Хайфолс" ХХК нь нэхэмжлэгч Сайнбилэгийн захиалан бариулсан орон сууцны барилгын ажлыг гүйцэтгээгүй бөгөөд зөвхөн борлуулалтыг хариуцаж байсан тул анхан шатны шүүхийн дүгнэсэн шиг ажил гүйцэтгэх гэрээний нэг тал биш ба гэрээний дагуу захиалагчийн өмчлөлд ямар нэг доголдолгүй үр дүн шилүүлэх үүргийг хүлээгээгүй болно. Гэтэл анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас иь үнэлэх хуулийн заалтыг зөрчин жинхэнэ хариуцагч биш, гэрээний дагуу ямар нэг үүрэг хүлээгээгүй хуулийн этгээдээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хэдий манай компани гэрээний дагуу ажил гүйцэтгэгчийн эрх, үүргийг эдлэхгүй ч шүүхээс талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу талбайн хэмжээг "ханын ойсоос хэмжих" ёстой байсан гэж үзэж байна. Учир нь гэрээний талууд болох иргэн Цэгмид, Баттулга болон Сайнбилэг нар нь хуулийн хүрээнд гэрээний агуулгыг чөлөөтэй тодорхойлох эрхийнхээ хүрээнд орон сууцны үнийг харилцан тохиролцож тогтоосон байдаг. Орон сууцны үнийг тогтоохдоо орон сууцны талбайг ойс буюу ханын тэнхлэгийн төвөөс хэмжихээр тохиролцсон бөгөөд үүний дагуу орон сууцны нэгж талбайн үнийг 1 700 000 төгрөг байхаар харилцан тохиролцсон байна. Энэхүү тохиролцоо нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа ямар нэг хууль тогтоомж зөрчөөгүй гэж үзэж байна. Хэрвээ гэрээний талууд MNS 6058:2009 дугаартай стандартын дагуу орон сууцны талбайг хэмжихээр тохиролцсон бол орон сууцны нэгж талбайн үнэ өөрчлөгдөх байсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх дүгнэлтдээ гэрээний агуулга нь хуулийн хүрээнд байх учиртай гээд Стандарчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 24-ний 52 дугаар тогтоолоор батлагдсан "орон сууцны барилгын доторх сууцны талбай тооцох аргачлал" MNS 6058:2009 дугаартай стандартад нийцэхгүй болсон хэмээн дурдсан. Гэтэл энэхүү стандарт нь орон сууцны барилгын доторх талбайн хэмжээг тооцох арга зүйг л баталж өгсөн байдаг. Хэрэв талууд гэрээндээ орон сууцны талбайн хэмжээг дээрх стандартын дагуу хэмжихээр тохиролцсон бол тус стандартаар тогтоосон аргачлалын дагуу хэмжих байсан. Орон сууц худалдан борлуулах, захиалан бариулахдаа гэрээндээ заавал энэхүү стандартыг тусгаж мөрдөх ёстой гэсэн үг үсэг энэхүү стандартад байдаггүй. Тиймээс анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан гэрээ нь стандартад нийцээгүй хэмээн дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

 

                                                                   ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч М.Сайнбилэг нь хариуцагч “Хайфолс” ХХК-д холбогдуулж ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 11 475 000 төгрөг гаргуулах, 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчингүй  болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэж заасан. 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээг нэг талаас иргэн М.Цэгмид, Б.Баттулга, нөгөө талаас М.Сайнбилэг нар байгуулсан байна. Тус гэрээнд борлуулалтыг “Хайфолс” ХХК хариуцах талаар дурджээ. /хх-ийн 69-71 дүгээр тал/

           

Нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний доголдлыг борлуулалт хариуцсан “Хайфолс” ХХК-иас нэхэмжилсэн байхад анхан шатны шүүх хариуцагч хэн болохыг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг зөрчсөн байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь 2013 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний 1.3 дахь заалтыг хүчингүй  болгуулахаар улсын тэмдэгтийн хураамжийг төлж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байхад анхан шатны шүүх шийдвэрлээгүй нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т  заасныг зөрчсөн байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр “Гандирс-Од” ХХК-ийг шинжээчээр томилж, маргааны зүйл болох орон сууцны талбайн хэмжээг тогтоохыг даалгаж, уг шинжээчээс гаргасан дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн боловч Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2-т заасан ажиллагааг шүүх хийгээгүй байна.

 

Хариуцагчаас гаргасан хүсэлтээр шүүгчийн 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн захирамжаар “Эм эм инженеринг” ХХК-ийг шинжээчээр томилж, орон сууцны талбайг  талбайн ойс буюу ханын тэнхлэгийн төвөөс хэмжилт хийхийг шинжээчид даалгажээ. /хх-ийн 50-51 дүгээр тал/

 

Шинжээч “Эм эм инженеринг” ХХК нь дүгнэлтээ “орон сууцны нийт талбай 37.29 м.кв байна, хариуцагчийн хүсэлтээр ханын тэнхлэгээс ханын тэнхлэг хүртэл хэмжсэн хэмжилт 42.40 м.кв гарав” гэж, шинжээч “Гандирс-Од” ХХК нь орон сууцны талбайн хэмжээг 37.51 м.кв гэж тус тус зөрүүтэй дүгнэлт гаргасан байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.3-д заасныг хэрэгжүүлж, шинжээчийн дүгнэлтийн зөрүүг гаргаагүй атлаа ямар үндэслэлээр “Гандирс-Од” ХХК-ийн дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон  талаар дүгнэлт хийгээгүйгээс үндэслэл нь тодорхойгүй байна. /хх-ийн 57-61 дүгээр тал/

 

Шүүх 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулж 2016 оны 6 дугаар сарын 3-ны өдөр товлосон атлаа тус өдөр шүүх хуралдаан хийгээгүй,  товлогдсон  хуралдаан  хойшилсон, дараагийн хуралдааныг товлон зарласан шүүгчийн захирамж гаргаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.3-д заасныг зөрчжээ. /хх-ийн 93-94 дүгээр тал/                      

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2016/04354 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд  буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 478 төгрөгийг буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ч.ОЮУНЦЭЦЭГ                                            

                                                          ШҮҮГЧ                                      Д.ЦОГТСАЙХАН                                                                                                       

                                                                                                          Г.ДАВААДОРЖ