Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2025/ХШТ/18

 

 

Б.Б-өд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат /цахим/, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг /цахим/, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаар цагаатгах тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар магадлалтай, Б.Б-өд холбогдох 2336003870075 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч Н.Очирбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй,  овогт Б.

 

Шүүгдэгч Б.Б- нь “...” ХХК-нд даамлын ажил эрхэлж байх үедээ 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ... аймгийн ... сумын ... багийн нутаг дэвсгэрт “...” ХХК-ний ажилтнууд болох Н.А, Р.Ц нарт овор ихтэй ачааг өргөх буулгах ажлын талбай бэлтгэхтэй холбоотой зааварчилгаа өгөхгүйгээр буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Р.А-гийн эрүүл мэндэд баруун хөлийн шилбэ ясны хугарал, баруун хөлийн шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, шагайн дотор хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б.Б-өд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2436001230132 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-ийг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байна.

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, хохирогч, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг тус тус хангаж шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн бөгөөд миний бие давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргасан. Шүүгдэгч Б.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд болгоомжгүйгээр хүндэвтэр хохирол учруулсан. Гомдлын үндэслэл нь, тээврийн хэрэгслийг жолоодож байсан жолоочийн буруутай үйл ажиллагаанаас болж хохирогчид хүндэвтэр гэмтэл учирсан тул анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэж хүсэж байна. Бусад асуудлыг миний бие бичгээр гаргасан давж заалдах гомдолдоо дэлгэрэнгүй тайлбарласан” гэв.

 

Мөн шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... хохирогч Р.А-гийн өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж оролцсон. Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Б.Б-өд холбогдох хэргийг хянан хэлэлцэж, 177 дугаар цагаатгах тогтоол гарсан. Уг цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол гаргасан. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр уг хэргийг хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэлэлцэж, Б.Б-өд холбогдох хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй бөгөөд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хохирогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироосон. Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргасан боловч бидэнд ирсэн шүүхийн шийдвэр нь шийтгэх тогтоолын бланк дээр хэвлэгдсэн байсан. Уг асуудлыг миний бие техникийн алдаа гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгчийг цагаатгасан тухай үндэслэлийг тусгахдаа нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь үнэлээгүй, улсын яллагч, өмгөөлөгчийн саналыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Р.А нь хэрэг үйлдэгдэх үед “...” ХХК-нд ажиллаж байсан. Шүүгдэгч хөдөлмөр хамгааллын зааварчилгаа өгсөн гэх боловч хууль заасан үндэслэлээр хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах зааварчилгаа өгөөгүй гэж үзэх хууль зүйн үндэслэл бий болсон. Иймээс “...” ХХК нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллаагүйн улмаас Р.А-гийн биед хүндэвтэр хохирол учирсан гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлтэй. Хэрэг болох үед “...” ХХК-ийн шон ачсан автомашиныг Д.О-ын машин мөргөсний улмаас шон нурж Р.А-гийн хөлийг гэмтээсэн үйл баримт тогтоогдсон. Аюултай ачаа буюу тэвшнээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ ачаа тээвэрлэлтийн журам зөрчсөн нөхцөл байдал тогтоогдсон тул Б.Б-ийг цагаатгасан Ховд аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 177 дугаар цагаатгах тогтоолыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Харин Ховд аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар магадлал нь хууль зүйн үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Прокурор Г.Эрдэнэ шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг “хохирогчийн хөлд учирсан гэмтэл нь шүүгдэгчийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй Д.О тээврийн хэрэгсэл жолоодон, хурдаа тохируулалгүйгээр автомашины тэвшнээс илүү гаргаж ачсан бетонон шонг мөргөсөнтэй шалтгаант холбоотой” гэж дүгнэн шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцэл болон хохирогч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг хянан хэлэлцэж, “анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, улсын яллагчийн дүгнэлт, хохирогчийн өмгөөлөгчийн гомдол, яллах талын нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтийг няцааж үгүйсгэсэн дүгнэлт хийгээгүй буюу цагаатгах тогтоолд тавигдсан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэж, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Ховд аймгийн Эрүүгийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүд Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлээр шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нарын гаргасан гомдлыг үндэслэн хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор Б.Б-өд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Б.Б-өд холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Б.Б- нь “...” ХХК-нд даамлын ажил эрхэлж байх үедээ 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ... аймгийн ... сумын ... гол багийн нутаг дэвсгэрт “...” ХХК-ийн ажилтнууд болох Р.А, Р.Ц нарт овор ихтэй ачааг өргөх буулгах ажлын талбай бэлтгэхтэй холбоотой зааварчилгаа өгөхгүйгээр буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Р.А-гийн эрүүл мэндэд баруун хөлийн шилбэ ясны хугарал, баруун хөлийн шилбэ, тавхайн зөөлөн эдийн няцрал, шагайн дотор хэсэгт цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учирсан талаарх давж заалдах шатны шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.

 

Хэргийн үйл баримтын болон хууль хэрэглээний талаарх шүүхийн дүгнэлт нь утга, найруулгын хувьд алдаагүй, ойлгомжтой, тодорхой байхаас гадна холбогдох хуулийн зүйл, заалтыг ягштал баримталсан, түүнийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх ёстой.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг хуульчлан тогтоосон бөгөөд хуульд тусгайлан зохицуулаагүй асуудлыг Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 29 дүгээр “Шүүхийн шийдвэр боловсруулах журам, аргачлал”-аар дэлгэрүүлэн тайлбарлаж журамласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Анхан шатны шүүх Б.Б-өд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

 

Энэхүү нөхцөл байдал нь “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.3-т зааснаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

 

Хохирогч Р.А-гийн биед хүндэвтэр гэмтэл учирсан үйл явдлыг ...” ХХК-ийн хөдөлмөр аюулгүй байдал хариуцсан даамал Б.Б-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүрэгт хамааралгүй, шалтгаант холбоогүй хэмээн дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйн дээр шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдохгүй байна гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг няцаан үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Мөн шинжээчийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн №ХАБ-01/24 дугаартай дүгнэлт болон давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан “... ачиж буулгах ажлыг технологийн карт, заавар, тухайн ажлыг гүйцэтгэх үед тавих аюулгүй ажиллагааны шаардлагыг тусгасан дүрэм, журам, норматив-техникийн баримт бичгийн дагуу гүйцэтгэнэ, ачиж буулгах ажлын байранд анхааруулга, дохио, аюулгүй ажиллагааны тэмдэг тавигдсан байна” гэснийг зөрчиж ачааг буулгах ажлын талбайд анхааруулга бүхий аюулгүй ажиллагааны тэмдэг байрлуулж тусгаарлаагүй.

 

Тээврийн хэрэгслийн овроос уртаашаа 1 м, өргөөшөө 0.4 м-ээс илүү гарсан ачааг тээвэрлэхдээ түүний илүү гарсан хэсэгт “Овор ихтэй ачаа” таних тэмдэг, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед урд нь цагаан, ард нь улаан өнгийн гэрэл буюу гэрэл ойлгуур байрлуулна гэснийг зөрчиж бетонон тулгуур ачиж явсан тээврийн хэрэгслийн тэвшнээс 3.4 м илүү гарсан хэсэгт онцлог ялгагдах тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй.

 

“Цахилгаан техникийн байгууламжийн угсралтын ажлын аюулгүй ажиллагааны дүрэм”-д зааснаар “... кранаар ачаа өргөж шилжүүлж буй газарт аюултай хүчин зүйлс үйлчлэх бүсийг кран түүний үйлчлэх орчноос хамгийн багадаа 4 метрээс дээш буюу гадагш нь тогтоож тусгаарлах шаардлагатай гэж заасан зай хэмжээг баримтлан аюултай хүчин зүйлс үйлчлэх бүсийг тогтоогоогүй” гэсэн дүгнэлтийг хэрхэн үгүйсгэж няцаасан талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2-т заасан шаардлагыг хангаагүй болно.

 

Түүнээс гадна Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон Замын хөдөлгөөний дүрмийг хэн хэрхэн зөрчсөн, энэхүү зөрчил нь Р.А-гийн биед гэмтэл учрахад хэрхэн нөлөөлсөн болохыг нэг мөр шалгаж тогтоосны дараа хэргийг хянан шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах чухал ач холбогдолтой болохыг дурдах нь зүйтэй.

 

Иймд дээр дурьдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

             1. Ховд аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 87 дугаар магадлалыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбатын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ                                                Б.БАТЦЭРЭН

 

                                  ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ

 

                                                          Ч.ХОСБАЯР

 

                                                                                                 Б.ЦОГТ