Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 396

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн дөрөвдүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч:  “Г” ХХК,  

Хариуцагч:Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст, 

Хариуцагч: С аймгийн Засаг дарга, 

Гуравдагч этгээд:  “А” ХХК, 

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/1290 дугаар албан бичгийн болон С аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А, У.С, хариуцагч С аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн Д.Ё, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Г” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...  “Г” ХХК нь 2005 онд байгуулагдан гадаад худалдаа, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

Манай компани С аймгийн С сумын нутагт “Ц” нэртэй газарт барилгын материалын түүхий эд болох шохойн чулууны орд газарт Ашигт малтмалын ашиглалтын МV-020... дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг.

Ашигт малтмалын ашиглалтын МV-020... дугаартай тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр шинээр авсан бөгөөд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг, алдангийн хамт 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр төлсөн. 

Тусгай зөвшөөрлийн төлбөрөө төлснөөс хойш 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 130 дугаартай /Тусгай зөвшөөрөл цуцлах тухай/ шийдвэр гарч, шийдвэрийн 1-д “Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй дараах аж ахуйн нэгжийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсугай” гэж зааснаар Ашигт малтмалын ашиглалтын МV-020... дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан. 

Ашигт малтмалын ашиглалтын МV-020... дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бөгөөд уг шийдвэрийн манай компанид холбогдох хэсэг доорх үндэслэлээр хуульд нийцээгүй юм. 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу мэдэгдэл өгөөгүй.

2. Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан төлбөр, алдангийг төлсөн байхад төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан.

3. 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 130 дугаартай /Тусгай зөвшөөрөл цуцлах тухай/ шийдвэр гарахаас өмнө хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо хангалттай нотолсон.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын зүгээс ямар нэгэн хууль бус үйлдэхүй байхгүй бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаартай /Тусгай зөвшөөрөл цуцлах тухай/ шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсэг үндэслэлгүй хууль бусаар гарч манай “Г” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсгийг үндэслэн хууль бус захиргааны актыг хүчингүй болгож өгнө үү. 

Хоёр. Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 

“... Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Г” ХХК нь 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр гаргасан нэхэмжлэлдээ дурдсан Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 130 дугаартай шийдвэрийн тус компанид холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, ашигт малтмалын ашиглалтын МV-020... дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. 

Тус компанид С аймгийн С сумын нутагт “Ц” нэртэй 80.12 гектар талбайд ашигт малтмалын ашиглалтын МV-020... тоот тусгай зөвшөөрлийг 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Кадастрын хэлтсийн даргын 1169 дугаар тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт нөхөн олгох тухай шийдвэрийг үндэслэн олгосон байна. 

Ийнхүү төрийн захиргааны байгууллагаас тус компанид МV-020... тоот тусгай зөвшөөрлийг шинээр олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж ажиллах тухай мэдэгдлийг тодруулбал тусгай зөвшөөрлийн төлбөрийг жил бүрийн 9 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнө төлж бүртгүүлж байхыг мэдэгдсэн байдаг. 

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу мэдэгдэл өгөөгүй гэжээ.

Нэхэмжлэгч “Г” компани нь Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцлах нөхцөл бүрдсэн тул холбогдох нотлох баримтыг ирүүлэх тухай мэдэгдлийг Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” 7/559 дугаар бүхий албан тоотоор шуудангаар хүргүүлэхэд “хаягтаа байхгүй” шалтгаанаар буцаж ирсэн байна. 

Шуудангийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д “Ердийн зэрэглэлийн илгээмжийг хотын дотор 2 хоног, аймаг, хотуудын хооронд 5 хоног, бусад газарт 12 хоногийн дотор хүргэсэн байна” гэж хуульчилсан бөгөөд түүнчлэн Улсын дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр тогтоолд 5-д “Хуулийн... “бичгээр мэдэгдэх” гэж төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргасан этгээдэд гардуулсан буюу хүргүүлснийг хэлнэ”, 6-д “Хуулийн 56.2, 56.4-д заасан “мэдэгдэнэ” гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тус тус тайлбарласан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан төлбөр, алдангийг төлсөн байхад төлөөгүй гэх үндэслэлээр цуцалсан. Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 130 дугаар бүхий шийдвэр гарахаас өмнө хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо хангалттай нотолсон гэжээ.

“Г” ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөөгүй болох нь тусгай зөвшөөрлийг цуцлах үйл ажиллагааны дотоод хяналтын хуудсаар нотлогдож байна. Иймд “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “...2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 130 дугаартай /Тусгай зөвшөөрөл цуцлах тухай/ шийдвэр гарч манай компанийн Ашигт малтмалын ашиглалтын МV-020... дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан.

Ийнхүү тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл уг тусгай зөвшөөрлийн хүрээнд шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр гараагүй байхад үндэслэлгүйгээр нь Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6 дахь заалтыг зөрчиж Ашигт малтмал, газрын тосны газраас 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 7/1290 дугаар албан бичгээр “Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн тухай” зөвшөөрлийг С аймгийн Засаг дарга Ш.Оргилд олгосон байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын зөвшөөрлийг үндэслэн С аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хавсралтын 12 дахь хэсэгт “А н” ХХК-д хайрга дайрга гэх зориулалтаар Ашигт малтмалын ашиглалтын МV-020... дугаартай тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан 87 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон байна. 

Иймд С аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дугаартай “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” захирамжийн хавсралтын 12 дахь хэсгийг хүчингүй болгуулах, Ашигт малтмал, газрын тосны газрын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр 7/1290 дугаартай “Түгээмэл тархацтай ашигг малтмалын тусгай зөвшөөрлийн тухай” гэх албан бичгийн С аймгийн С сумын нутагт “Ц” нэртэй газар “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

Дөрөв. Хариуцагч С аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох хэрэгт аймгийн Засаг даргыг хамтран хариуцагчаар татан оролцуулах тухай Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 128/Ш32017/2874 дүгээр захирамжийн дагуу аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн хавсралтын 12 дахь хэсгийг хүчингүй болгож өнгө үү” гэсэн нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж, дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй тухай хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд: 

1. “А” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр аймгийн Засаг даргад С аймгийн С сумын нутагт орших “Ц” нэртэй талбайд түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн тухай өргөдөл ирүүлсэн. 

Уг өргөдлийг судлан танилцаж Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д заасан анхан шатны шүүлтийг хийж 14.1.4-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн программд шивэлт хийж оруулсан.

2. Үүний дараа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/1296 тоотоор “А” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг ирүүлсэн. 

3. Ийнхүү “А” ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн хүсэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/1296 албан тоотоор “А” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг тус тус үндэслэн хуулийн дагуу “А” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон тул аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 тоот захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Тав. Гуравдагч этгээд “А” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 

“Тус компани нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох хуулийн дагуу С аймагт хүсэлт гаргаж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хуульд заасны дагуу шүүлт хийн тусгай зөвшөөрөл олгож болно гэсэн дүгнэлтийн дагуу С аймгийн Засаг даргын захирамж гарч манайд тусгай зөвшөөрөл олгогдсон болно. 

“Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу ээлжит жилийн төлбөрөө төлөөгүйн улмаас тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа нь буруу гэж манай компанийн зүгээс үзэж байна. “Г” ХХК нь Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу үүргээ биелүүлж ажиллах нь тус компанийн үүрэг билээ. Иймд шүүх бүрэлдэхүүн шударга шийдвэр гаргана гэдэгт манай компанийн зүгээс итгэлтэй байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

“Г” ХХК нь С аймгийн С сумын нутагт “Ц” нэртэй 80.12 гектар талбайг эзэмшиж байсан МR-012... дугаарын тусгай зөвшөөрлийн бичиг баримтыг үрэгдүүлсэн үндэслэлээр Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1169 дүгээр шийдвэрээр MV-020... дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг нөхөн авсан байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар шийдвэрээр “Г” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд улмаар С аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар “Г” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайтай давхцуулан 87 га газарт түгээмэл тархацтай ашигт малтмал хайх тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д олгожээ.

Үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч “Г” ХХК нь “тусгай зөвшөөрлийг цуцлахдаа Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар мэдэгдэл өгөөгүй, тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн байсан, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахаас өмнө хүндэтгэн үзэх шалтгаантай байснаа хангалттай нотолсон” гэж, хариуцагч нь “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн байгаа талаар тус компанид хүргүүлсэн ...” гэж, хариуцагч С аймгийн Засаг дарга нь “төрийн захиргааны байгууллагаас тусгай зөвшөөрлийг “А” ХХК-д олгох боломжтой гэж мэдэгдсэн учраас тусгай зөвшөөрөл олгосон” гэж тайлбарлан маргаж байх тул хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан судалсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Нэг. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 1169 дүгээр шийдвэрээр MV-020... дугаартай тусгай зөвшөөрлийг “Г” ХХК-д олгохдоо анх олгосон огноог 2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөр тооцохоор заасан байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан үүргийн дагуу “Г” ХХК-аас ээлжит жилийн тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөөгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 7/559 дугаар мэдэгдлийг “Г” ХХК-ийн Б дүүргийн -- дугаар хороо, * дүгээр хороолол, **-** тоот хаягаар хүргүүлсэн боловч, бодит байдал дээр энэхүү мэдэгдлийг нэхэмжлэгч хүлээн аваагүй, Ашигт малтмалын газарт буцаан хүргэгдсэн болох нь хариуцагчаас ирүүлсэн Баримт бичиг хүлээлцэх дэвтэр, “хаягаар очиход ийм компани байхгүй” гэх тэмдэглэгээ бүхий дугтуй, дотоод хяналтын хуудас зэргээр тогтоогдож байна. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “Г” ХХК-ийн С дүүргийн - дүгээр хороо Жамъянгүний 5/1-ийн 201 тоот гэх шинэчилсэн хаяг нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст очсон улсын бүртгэлийн гэрчилгээнд байсан энэ хаягаар мэдэгдэх боломжтой байсан гэх тайлбараар нэхэмжлэгчийн албан ёсны хаягаар мэдэгдлийг хүргүүлээгүй нь үндэслэлтэй бөгөөд үүнийг ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрсөн болно. 

Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 09 дүгээр “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” тогтоолын 6-д Хуулийн 19 дүгээр зүйлийн ... 30.2, 56.2-д заасан мэдэгдэнэ гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно” гэж тайлбарлажээ. 

Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө”, 34.6-д “Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна” гэж заасны дагуу “Г” ХХК нь 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт төлсөн байх бөгөөд улмаар тус компанийн захирал А.Д нь гэмтлийн улмаас 2016 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр нүдний болор авах, 10 дугаар сарын 21-ний өдөр болор суулгах мэс засалд тус тус орсон болох нь шүүхээс Сонгдо эмнэлэг дээр хийсэн бичиг баримтын үзлэгээр тогтоогдов. 

Тус компанийн гэрчилгээний хавсралтад “гүйцэтгэх захирал А.Д” тэмдэглэгдсэн боловч “Г” ХХК-ийн асуудлыг А.Д миний бие хариуцдаг байсан, гадаад явах гээд түр А.Ды нэр дээр компаниа шилжүүлсэн байсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүйн зэрэгцээ тус ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн А/0613 дугаар тогтоолоор А.Дд компанийн санхүү, үйл ажиллагаа, ашигт малтмалын лиценз, төлбөр тооцоо болон үндсэн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудыг бие даан шийдвэрлэх эрхийг олгосон бөгөөд хариуцагч тус ХХК-ийг 1 гишүүнчлэлтэй гэдэгт маргаагүй. 

Түүнчлэн Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн “Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” тайлбарын 28-д “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдэгт ... гомдол гаргагч хүндээр өвчилсөн ... зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар ... тусгай зөвшөөрлийн жилийн хураамжийг 10 дугаар сарын 28-ны өдөр буюу Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7-д заасан хугацаанаас 21 хоногийн дараа төлбөрийг алдангийн хамт төлсөн нь төлбөрийн баримт, тусгай зөвшөөрлийн хавсралтад тэмдэглэгээ хийлгэх хүсэлт, төлсөн тухай 11 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэсэн байдлаар нотлогдож байхад 11 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар шийдвэрээр цуцалсан байна.

“Г” ХХК нь уг талбайн хайгуулын лицензийг 100,000,000.0 /нэг зуун сая/ төгрөгөөр худалдан авч, улмаар ашигт малтмалын ашиглалтын МВ-020.... тоот зөвшөөрлийг 2007 оноос хойш эзэмшиж, ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрт нийт 2,000.6 ам/доллар, 2,409,800.0 төгрөгийг төлсөн, мөн ашигт малтмалын талбай дээр 174,750,000.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.

Хариуцагч “Г” ХХК-ийг хуульд заасан хугацаанд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг төлөөгүй үндэслэлээр тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн боловч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д зааснаар мэдэгдлийг албан ёсны хаягт хүргүүлээгүй, компанийн захирал А.Д нь нүдний хагалгаанд дараалан орсон хүндэтгэн үзэх шалтгаантай, ашиглалтын талбайд нэлээдгүй их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн, тусгай зөвшөөрлийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар шийдвэрийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

2. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/1290 дугаар албан бичгийн болон С аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд: 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар шийдвэрээр  нэхэмжлэгчийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, улмаар С аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар дээрх тусгай зөвшөөрлийн талбайд давхцуулан “А” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгосон байна.

Хариуцагч С аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн тайлбартаа ““А” ХХК-ийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ирүүлсэн хүсэлт, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/1296 албан тоотоор “А” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 тоот захирамжаар хуулийн дагуу “А” ХХК-д тусгай зөвшөөрлийг олгосон...” гэснийг буруутгах боломжгүй боловч Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан байхад Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргаас дээрх маргаан бүхий С аймгийн С сумын нутагт “Ц” нэртэй газарт “А” ХХК-д тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж мэдэгдлийг хүргүүлсэн нь хууль бус ажээ. 

Тодруулбал, нэхэмжлэгч “Г” ХХК нь уг нэхэмжлэлийг шүүхэд 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн ба хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 01 дүгээр сарын 16-ны өдөр гардан авч, хариу тайлбарыг 01 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд ирүүлсэн. 

Тухайн үед уг ашиглалтын талбайд тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбоотой маргаан шүүхэд хянагдаж буй талаар хариуцагч мэдэх боломжтой байсан ба тухайн байдлыг Хууль эрх зүйн хэлтсээс лавлалгүйгээр Кадастрын хэлтэс нь 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/1296 албан тоотоор “А” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн дүгнэлтийг С аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь төрийн захиргааны байгууллагын хэлтэс хоорондын уялдаа холбоогүй байдлаас үүдэлтэй бөгөөд үүнд нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй. 

Нэгэнт хууль бус гарсан албан бичгийг үндэслэн С аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар дээрх талбайд “А” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. 

Нөгөөтэйгүүр С аймгийн Засаг дарга Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д зааснаар тухайн орон нутагт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эрхтэй хэдий ч тус хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасны дагуу уг талбай байрших С сумын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авсан эсэхийг нотлоогүй бөгөөд тухайн маргаан бүхий талбай дээр бусдын эзэмшлийн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, бусад этгээд үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг шалгаж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 14 дүгээр зүйлийн 14.1.3, 17 дугаар зүйлийн 17.3, Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2-д тус тус заасны дагуу хориглосон болон бусдын эзэмшил, ашиглалтын талбайтай давхцаж байгааг тодруулж, өргөдлийн шаардлагыг хангасан эсэхийг нягтлах үүргээ биелүүлээгүй байна. 

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч шүүхэд гомдол гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэр гартал тухайн талбайд шинээр тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасны дагуу С аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжаар дээрх талбайд “А” ХХК-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.2, 34 дүгээр зүйлийн 34.2,34.6, 56 дугаар зүйлийн 56.2,56.6, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5,12 дугаар зүйлийн 12.1,14 дүгээр зүйлийн 14.1.3, 17 дугаар зүйлийн 17.3-д тус тус заасныг баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 130 дугаар шийдвэрийн “Г” ХХК-д холбогдох хэсгийг, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 7/1290 дүгээр албан бичгийн болон С аймгийн Засаг даргын 2017 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн А/104 дүгээр захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Ч дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 35.100 төгрөг, С аймгийн Засаг даргаас 35.100 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Д.ОЮУМАА