Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
Хэргийн индекс | 128/2019/0604/З |
Дугаар | 221/МА2020/0341 |
Огноо | 2020-05-21 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 221/МА2020/0341
С.Н нэхэмжлэлтэй
захиргааны хэргийг хянасан тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч О.Номуулин, Э.Лхагвасүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.О, гуравдагч этгээд Г.М итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Ш.С, “Г” ХХК-ийн захирал Ж.М нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, С.Н нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Лхагвасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгч С.Н 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа:
“Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Б.Доржийн гудамж, .....дугаар байрны ..... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийг улсын бүртгэлийн ........ дугаарт бүртгэсэн, ........ дугаартай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ү-........ дугаартай бүртгэл, .......... дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулах”-ыг хүсчээ.
Хоёр. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар шийдвэрээр:
“Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 10.6-д заасныг тус тус баримтлан С.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо, Хоршооллын хотхон, Доржийн гудамж, .......дугаар байрны ....... тоот хаягт байрлах орон сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-........ дугаарт бүртгэсэн, ........ дугаартай гэрчилгээг олгосон улсын байцаагчийн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, Ү-........ дугаартай бүртгэл, .........дугаартай гэрчилгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Гурав. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч А.Э, Ж.А нар дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо:
“...1.Анхан шатны шүүх “...Эд хөрөнгийн эрхийн бүртгэл хөтлөх журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.5 дахь заалтыг үндэслэж уг заалтын дагуу бүртгэл хийсэн нь зөв” гэж үзжээ.
-Уг байрыг 2009 онд Ч.П гэдэг хүн захиалан бариулсан ба уг захиалан бариулсан байраа С.Н худалдаж гуравдагч этгээд Ч.П, С.Н нарын худалдах худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрч “Батламж” олгосон байна. Ингэхээр Г.М гэгч хүн захиалан бариулсан гэдэг бодит байдал дээр шал худлаа зүйл юм.
2.Анхан шатны шүүх “...журмын 4.4.2-т зааснаар жагсаалтанд Г.М нэр байсан” гэж үзжээ.
-2005 онд баригдсан байрны өмчлөгч нарын жагсаалтыг 2018 оны 12 дугаар сард ирүүлсэн гэж үзэх боломжгүй.
3.Анхан шатны шүүх “...“Р” төвийн дүгнэлт бол “Нийслэлийн мэргэжлийн хяналтын дүгнэлт мөн” гэж үзэж шийдвэрлэжээ. Арай ч дээ. Иргэний шүүх төсөөтэй зохицуулалтыг хэрэглэдэг бол захиргааны шүүхэд ийм зохицуулалт байхгүй.
Ямар ч гэсэн “Р” гэдэг бол ардаа ямар ч хариуцлага хүлээхгүй, хууль ёсны шүүхээс болон хотын захиргаанаас томилогдсон байгууллага биш зүгээр л “Г” ХХК-аас хэдэн төгрөгний урамшуулал, шагнал аваад гаргасан хувийн дүгнэлт юм. Энэ хувийн дүгнэлтээр шийдвэр гаргаж болохгүй.
4.Анхан шатны шүүх “...өмчлөх эрхийн маргаантай тул маргаанаа ердийн харьяаллаар шийдүүл” гэжээ. Иргэний хуульд заасны дагуу Ч.П С.Н худалдан аваад гуравдагч этгээд худалдах, худалдан авах гэрээг хүлээн зөвшөөрч “Батламж” олгосон байгаа нь өмчлөлийн маргаан байхгүй байгааг нотолно.
Харин “Г” ХХК өмчлөлийн асуудал байна гэвэл батламж бичгийг хүчингүй болгуулаад Ч.П цагдаа шүүхээр шалгуулах ёстой болохоос нэхэмжлэгч талд өмчлөлийн маргаан хамаагүй.
5. Нэхэмжлэгч С.Н Улсын бүртгэлийн газарт хандан өргөдлөө 2018 онд өгсөн ба энэ нь бүртгэлд тусгагдсан.
Өөрөөр хэлбэл уг байрыг 2009 онд өөр хүн худалдан авсан гэж өргөдөл өгсөн байхад улсын бүртгэгч өөр хэн ч худалдан аваагүй цоо шинэ байрыг бүртгэсэн гэжээ. Арай ч дээ Баянзүрх дүүргийн бүх бүртгэгч нар “Г” ХХК-ийн байрыг аль эрт худалдаад дуусгачихсан гэдгийг бүгд мэднэ.
Тэгэхээр Г.М бүртгүүлэхээр өргөдөл өгвөл “Г” ХХК-ийн өмнө хийгдсэн гэрээг хүчингүй болгосон баримтыг шаардан авах ёстой. Улсын бүртгэгч нэг байрыг 2 хүн худалдан авч болно гэснийг шүүх зөв гэжээ.
Иймд дээрх 5 үндэслэлээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаарт шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүтэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаав.
“…нэхэмжлэгч нь тухайн орон сууцанд 2009 оноос хойш амьдарч байгаа, уг орон сууцыг Л.П худалдаж авсан, “Г” ХХК-иас батламж олгосон…” гэх тайлбартай холбогдуулан “…өмчлөх эрхтэй холбоотой маргаанаа ердийн харьяаллын шүүхээр хянан шийдвэрлүүлэх нь зүйтэй…” гэх байдлаар дүгнэх бус харин ч маргааны гол үйл баримтад хамаарах нотлох баримтыг цуглуулах нь зүйтэй.
“Г” ХХК-иас 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 06/02 дугаар албан бичгээр Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хандаж, тус компаниас гаргаж өгсөн батламжийг үндэслэн орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөхийг хүссэн, гэтэл нэхэмжлэгч С.Н хувьд 2009 оны 12 дугаар сарын 7-ны өдөр .....тоот батламж олгогджээ.
Мөн гуравдагч этгээд Г.М тухайд одоогийн маргаан бүхий ...... дугаар байрны ....... тоотыг худалдан авахаар “Г” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр .......... тоот Орон сууц захиалгын гэрээг байгуулж, төлбөрийн дүнг 104 сая төгрөгөөр, үүнээс 20 сая төгрөгийг бэлнээр, үлдсэн 84 сая төгрөгийг барилга угсралтын ажил хийн төлөхөөр харилцан тохиролцсон байхад ийнхүү гэрээ байгуулагдсанаас хойш 4 хоногийн дараа буюу 12 дугаар сарын 18-ны өдрийн 12/03, 12/05 тоот албан бичгээр тус компаниас Г.М үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргаж өгөхийг хүссэн байна.
Гэтэл 1-р хх-ийн 34 дэх талд авагдсан, Г.М дээрх гэрээ байгуулагдахаас өмнө 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөр огноолсон .......... дугаар байрны ......тоот орон сууцыг өмчлөхөөр эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн мэдүүлгийг ямар шалтгаанаар гаргаж байсан болохыг тодруулах,
-мөн уг орон сууцыг 2019 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Худалдаа хөгжлийн банкинд зээлийн барьцаанд тавьж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул энэхүү маргааны улмаас тус банкны эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх эсэхийг шийдвэрлэх,
-захиалгаар барьсан орон сууцны жагсаалтын ........ дугаарт ......... тоот байрны захиалагчаар Г.М нэрийг хэзээ, хэн гараар бичиж оруулсан болохыг, түүнчлэн уг жагсаалт дахь “Бичиг баримтын зөрчилтэй” гэсэн тэмдэглэгээ ямар учиртай болохыг тодруулах,
-гүйцэтгэх захирлын 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 01/13 дугаар тушаалаар гэрээ, төлбөрийн зөрчилтэй гэсэн шалтгаанаар ....... дугаар байрны .........тоотын захиалагчтай байгуулсан гэрээг цуцалсан байхад нэхэмжлэгч С.Н нь 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр иргэн Ч.П уг орон сууцыг худалдан авах гэрээ байгуулж, ийнхүү худалдан авч буйгаа “Г” ХХК-д тухайн үед мэдэгдэхэд төлбөрийн болон бусад маргаан үүсгэхгүй болгохыг тодорхойлж, “Батламж” олгосон гэх тайлбартай холбогдуулан Ч.П, батламжид гарын үсэг зурсан Ж.Э, мөн Ж.М эхнэр н.Ц нараас, мөн тухайн үед хэнд энэхүү худалдан авалтын талаар мэдэгдэж байсныг нэхэмжлэгчээс тодруулж, холбогдох этгээдээс тус тус гэрчийн мэдүүлэг авах,
-Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн II хэлтэст Ж.М, Г.М нарт холбогдуулан одоогийн маргаан бүхий орон сууцыг залилуулсан гэх С.Н гомдлоор хэрэг бүртгэлийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа гэх бөгөөд энэхүү хэргийн явцыг тодруулах,
-нэхэмжлэгч С.Н 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг гаргасан эх хувь хэрэгт авагдсан байхад нийслэлийн Баянзүрх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 8/212 дугаар албан бичигт “…нэхэмжлэгчийн гаргасан мэдүүлгийг хүлээж авсан талаар мэдээллийн санд бүртгэгдээгүй байна” гэсний зөрүүг арилгах шаардлагатай байна.
Ч.П байгуулсан гэх гэрээ, байрны тоот, талбайн хэмжээний зөрүү, төлбөр төлөгдсөн байдал, анх 27 тоотод хэрхэн орж амьдарсан болох, нэхэмжлэгчтэй хамаарал бүхий зарим иргэдээс ..... дугаар байранд дайран орж амьдарч байсан гэх, С.Н “Г” ХХК-тай ямар нэгэн гэрээ байгуулаагүй, батламж хэрхэн бичигдсэн талаарх гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.М тайлбараас гадна Ч.П “Г” ХХК-тай байгуулсан 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн гэрээнд орон сууцны хаалганы дугаарыг ..... дугаар байрны ...... тоот гэж, талбайн хэмжээг 77 м.кв гэж тус тус тодорхойлсон, уг гэрээний хавсралтад 2005.05.13-нд 25,410 ам.доллар төлсөн гэх тэмдэглэгээ хийгдэж, компанийн санхүүгийн тамга дарагдсан, харин 2009 онд Ч.П нь нэхэмжлэгч С.Н худалдах, худалдан авах гэрээ байгуулахдаа хаалганы дугаарыг ...... тоот гэж өөрчлөн, 25 сая төгрөгөөр худалдахаар тохиролцож, 2009 оны 12 дугаар сарын 8-ны өдөр дээрх төлбөрийг бүрэн төлсөн талаарх нотариатаар гэрчлүүлсэн баримт хэрэгт тус тус авагдсан энэ тохиолдолд зөвхөн “…улсын комисс хүлээн аваагүй байхад бүртгэл хийсэн…” гэх нэхэмжлэлийн үндэслэлд дүгнэлт хийх байдлаар хэргийг шийдвэрлэх нь хангалтгүй болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 123 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ О.НОМУУЛИН
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН