Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 000082

 

 

       

 

 

 

 

 

 

 

 

 

                                                       Г.Алтанбагана, Т.Пүрэвжав нарт

                                                       холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс 142/2017/0167/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч С.Уранчимэг, С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

          Шүүх хуралдаанд: 

 

                      Прокурор                                          Л.Оюунтуяа

                      Шүүгдэгчийн өмгөөлөгч                Р.Цэрэнханд

                      Хохирогч                                           Д.Сандуйрагчаа

                      Нарийн бичгийн дарга                 У.Сүхбаатар нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар шүүгчийн захирамжтай Гиваапилын Алтанбагана, Тэрбишийн Пүрэвжав нарт холбогдох, 201714000141 дугаартай эрүүгийн хэргийг улсын яллагчийн эсэргүүцлийг үндэслэн 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1983 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Булган аймагт төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын, Дэнж баг, 26 дугаар гудамжны 04 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, АД 95122519 регистрийн дугаартай, Харчу овгийн Гиваапилийн Алтанбагана,

 

Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймагт төрсөн, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Их залуу баг 42А дугаар гудамжны 02 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, ИМ 70110519 регистрийн дугаартай, Боржигон овгийн Тэрбишийн Пүрэвжав.

 

Шүүгдэгч Т.Пүрэвжав, Г.Алтанбагана нар нь бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 20-22-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэр “Бүтээл” ХХК-ны дарханы цехийн өрөөний цоожны цүүг хөшиж онгойлгон дарханы багаж хэрэгсэл болох ган дөшийг хулгайлан 303.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар захирамжаар:

 

Шүүгдэгч Г.Алтанбагана, Т.Пүрэвжав нарт холбогдох 201714000141 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг Прокурорын газарт очтол шүүгдэгч Ш.Алтанбагана, Т.Пүрэвжав нарт авсан бусдын батлан даалтанд өгөх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ захирамжийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

 

         Улсын яллагч эсэргүүцэлдээ:

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Учир нь 2017 оны 01 дүгээр сарын 20-22-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багийн нутаг дэвсгэрт байрлах “Бүтээл” ХХК-ийн дарханы цехийн өрөөний цоожны цүүг хөшиж онгойлгон дарханы багаж хэрэгсэл болох ган дөшийг хулгайлан 303.000 төгрөгийн хохирол учирсан үйл баримт тогтоогдож байх боловч уг дөшийг хэзээ хэн, хулгайлсан болох, уг үйлдлийг бүлэглэж үйлдсэн эсэх, машин механизм багаж хэрэгсэл ашигласан эсэх, бусдад зарж борлуулсан эсэх гэх мэт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих зүйлүүдийг бүрэн хангалттай шалгаж тогтоогоогүй байна гэж хууль буруу хэрэглэсэн, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан боловч Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3.д заасан үндэслэлээр буюу эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

 

Иймд захирамжинд өөрчлөлт оруулахаар эсэргүүцэл бичив гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Шүүгдэгч Алтанбаганын хувьд Т.Пүрэвжатай бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй гэдгээ анхнаасаа тууштай мэдүүлж ирсэн. Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн захирамжийн дагуу нотолбол зохих байдал тогтоогдоогүй учир тогтоох нь зүйтэй. Харин эрүүгийн хууль буруу хэрэглэсэн гэж үзээд захирамжид энэ талаар өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Оюунтуяа  дүгнэлтдээ:

 

Эсэргүүцлээ дэмжиж байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Орхон аймгийн Прокурорын газраас Г.Алтанбагана, Т.Пүрэвжав нарыг бүлэглэн 2017 оны 01 дүгээр сарын 20 ноос 22-ны хооронд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Баянцагаан багт үйл ажиллагаа явуулдаг “Бүтээл” ХХК-ны дарханы цехийн өрөөний цоожны цүүг хөшин онгойлгож дарханы багаж хэрэгсэл болох ган дөшийг хулгайлан 303.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2.т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг ирүүлжээ.

 

Анхан шатны шүүх Г.Алтанбагана, Т.Пүрэвжав нарт холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцээд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотловол зохих зүйлүүдийг хангалттай шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Орхон аймгийн Прокурорын газарт буцаасан нь үндэслэлтэй байх тул захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Улсын яллагч захирамжийг эс зөвшөөрч ...шүүх хэргийг мөрдөн байцаалтанд буцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.3 дугаар заалтыг хэрэглэсэн нь буруу харин 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь заалтыг хэрэглэх нь зүйтэй учир захирамжид өөрчлөлт оруулж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий эсэргүүцэл бичсэнийг хүлээн авч захирамжинд өөрчлөлт оруулах боломжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу, хэргийн талаар нотлолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй учир хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр мөрдөн байцаалтанд буцаасан нь үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 258 дугаар захирамжийг хэвээр үлдээж, улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Магадлалд гомдол, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

                  

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                Ц.ТУЯА                                                                                          

                 ШҮҮГЧИД                                                                               С.УРАНЧИМЭГ

                                                                                                       С.ЦЭЦЭГМАА