Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00884

 

 

  2026            04             22                                       210/МА2026/00884

 

 

 

                          “*******” ХХК, “*******” ХХК-иудын нэхэмжлэлтэй

                                            иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/01919 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: "*******” ХХК, “*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “*******” ХК-д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,895,762,854 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

1.1. “*******” ХХК болон “*******” ХХК нарын түншлэл нь “*******” ХК-тай 2022.01.28-ны өдөр Загийн усны хоолой гүний усны ордоос “*******” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх *******6 дугаартай гэрээ байгуулж, тус гэрээний дагуу ******* аймгийн ******* сумын нутагт байрлах Загийн усны хоолой гүний усны ордоос хариуцагчийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг гүйцэтгэж, гүйцэтгэсэн ажлынхаа захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын 2024.11.22-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт болон Эрчим хүчний сайдын 2024.07.03-ны өдрийн ******* дугаартай тушаалаар байгуулагдсан Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024.11.28-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр тус тус нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ус хангамжийн системийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан. Мөн хариуцагчийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024.12.05-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Ажил хүлээлцэх комиссыг байгуулж, ажлын үр дүн, хөрөнгийг акт үйлдэн хүлээн авсан. Улмаар талууд 2025.06.23-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдсэн.

1.2. Нэхэмжлэгч нь 2022.03.20-ны өдрөөс эхлэн гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгээд эхлэхтэй зэрэгцэн ******* аймгийн ******* сумын иргэд, малчдын зүгээс эсэргүүцэл илэрхийлж, ...хэрүүл маргаан хийх зэрэг зүйл зохисгүй үйлдлүүдийг олноороо нийлэн гаргах болсон бөгөөд тухайн үед нэхэмжлэгчийн зүгээс нутгийн иргэдийн тэрхүү эсэргүүцлийг зогсоох боломжгүй байсан. Улмаар эсэргүүцэлд нэгдсэн нутгийн иргэд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч *******аар дамжуулан 2022.04.29-ний өдөр тус сумын Засаг дарга *******д, 2022.08.15-ны өдөр “*******” ХК-д шаардлага хүргүүлсэн бөгөөд тэрхүү шаардлагад нийт 8 асуудал тусгагдсан байснаас усан хангамжийн шугам хоолойн трасс нь усны ундарга бүхий 3 эх булгийг дайрч, тэдгээрийг ширгээхээр байгаа тул шугам хоолойн трассыг өөрчлөх, усан хангамжийн шугам хоолой баригдах голын сайр дахь хагшаас орон нутгийн бүтээн байгуулалт болон иргэдийн хэрэгцээнд авч ашигладаг. Гэтэл тус газар нь хуулиар хамгаалалтын зурваст орчихоор нутгийн иргэд ашиглаж чадахгүйд хүрэх, ашигласан тохиолдолд шугам хоолой гэмтэх, голын сайр дагаж их хэмжээний хүчтэй үер буудаг тул сайр дагасан усан хангамжийн шугам хоолой үет өртөж, эвдэрч гэмтэх эрсдэлтэй бөгөөд ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг шууд зогсоох бодитой үр дагавартай байсан.

1.3. Тухайн үед нэхэмжлэгч нь ИТХ-ын төлөөлөгч ******* болон нутгийн иргэдийн эсэргүүцэл шаардлагын улмаас гэрээгээр хүлээсэн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй байгаа талаар хариуцагчийн эрх бүхий албан тушаалтнууд, захиалагчийн хяналтын багт тухай бүр мэдэгдэж, асуудлыг яаралтай шийдвэрлэх арга хэмжээ авч өгөхийг удаа дараа шаардсан. Хариуцагчийн зүгээс “...ямар ч тохиолдолд ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг зогсоож болохгүй, өөрчлөх ёстой бол өөрчлөөд тасралтгүй явуул, ажлын хэсгийг хуралдуулж асуудлыг шийднэ, шугам хоолойн трассыг өөрчлүүлж болох хувилбараар улаан шугам татаад танилцуулахад бэлдэж бай...” гэсний дагуу нэхэмжлэгч тал трассыг өөрчлөх хэсэгт улааны шугамыг дахин тавиулсан.

1.4. Ингээд талууд болон холбогдох мэргэжлийн эрх бүхий байгууллагын албан тушаалтнууд харилцан зөвшилцөж, ******* сумаас олгогдсон газар олголтын захирамжийн хүрээнд хамгаалалтын зурвас дотор техникийн шийдлийг судалж үзсэний үндсэн дээр шугам хоолойн трассын зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар үр дүнг улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Нэхэмжлэгч нь гэрээний 5.1-д болон гэрээний хавсралт №3, 4-д заасан ажлын даалгавар, техникийн тодорхойлолтод заасан ажил үүргийг гэрээний 3.1-д заасны дагуу нийт 38,896,925,177 төгрөгийн хөлстэйгөөр гүйцэтгэхээр тохиролцсон. Нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлж, гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг хариуцагчид бүрэн хүлээлгэн өгсөн. ******* аймгийн Засаг даргын 2024.10.03-ны өдрийн ******* дугаартай 2022.08.23-ны өдөр шийдвэрлэсэн тул трассын тодорхой хэсэгт өөрчлөлт оруулах акт, трассын зурагт өөрчлөлт оруулах ажлын даалгавар, Трассын зурагт өөрчлөлтийн зураг төсөл гарсан.

1.5. Усан хангамжийн шугам хоолойн трасс өөрчлөгдсөнөөр хөрсний геологийн бүтэц өөрчлөгдөж, газар шорооны ажлын зэрэг 6-7-р зэрэгт шилжиж, ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөнөөр ажлын төсөвт ч их хэмжээний өөрчлөлт орох нөхцөл бүрдсэн. Ингэснээр нэхэмжлэгчид урьдчилан тооцоолох боломжгүй их хэмжээний зардлыг шийдвэрлэх шаардлага үүссэн. Талуудын хооронд байгуулсан гэрээнд хадан хөрсний тоо хэмжээг нийт 15.430 м3-с хэтрэхгүй гэж тооцоолон тусгасан. Гэтэл дээр дурдсан урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлын улмаас трассын өөрчлөлт хийгдэж, улмаар “*******” ХХК-ийн хадан хөрсний хатуулгыг тогтоох геологийн судалгаа, лабораторийн шинжилгээгээр хөрсний хатуулгыг 6-р зэргээс 7-р зэргийн төлөвт тогтоож, хадан хөрсний тоо хэмжээ 63.342 м3 болж нэмэгдсэн. Трассын хөрсний хэв шинжийг 2022.11.28-ны өдрийн ухагдсан байдлаар сувгийн нүх ухсан актаар зохиогч болон захиалагчаас баталгаажуулсан байна.

1.6. Хадан хөрсний нөхцөл байдлыг тогтоож тухайн үед газар дээр нь захиалагч болон зохиогчийн хяналтын баг үе шатны хяналтыг тогтмол хийж байсан ба Мэргэжлийн хяналтын байцаагчийн шалгалт, Үндэсний аудитын газрын хяналт шалгалт болон Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч, холбогдох албаны хүмүүсийн хамт ажилтай танилцах явцад биечлэн үзэж танилцсан болно. Иймд гэрээний ерөнхий нөхцөлийн 29.1-д заасны дагуу энэхүү ажил нь гэрээний хугацаа болон төсөвт өртөгт шууд нөлөөлөхөөр байгааг хариуцагчид тухай бүр мэдэгдэж, нэмэгдсэн зардлыг шийдвэрлэж өгөхийг удаа дараа хүссэн. Ингэхэд хариуцагчийн зүгээс “...манайх нэмэлт ажлын гарсан тоо хэмжээг нягталж тогтоохгүй, удахгүй тендерээр шалгарах хөндлөнгийн хяналтын баг тооцон баталгаажуулна...” гэж хойшлуулсаар ирсэн. Улмаар “*******” ХК нь 2023.11.20-ны өдрийн ******* тоот албан бичгийг Барилгын хөгжлийн төвд хүргүүлж, тухайн нэмэлт ажлын тоо хэмжээ, өртөг зардлыг нягтлан судалж, магадлал хийлгэх хүсэлт гаргасан.

1.7. ******* нь 2024.01.16-ны өдрийн ******* тоот албан бичгээр нэхэмжлэгчээс нэмэлт ажлын талаарх бүх материалыг хүлээн авсан. Ингээд ******* нь нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн нэмэлт ажлыг дахин хянаж, зарим газарт экскаватороор ухаж нээн үзэн баталгаажуулж, трассын өөрчлөлтийн зураг төсөл, төсвийг экспертизээр хянуулан, 2024.12.20-ны өдрийн ******* тоот дүгнэлтээр магадлалаар хянан баталгаажуулсан. Магадлалаар Ус дамжуулах гол шугам 2-ын *******+97.2-ээс төгсгөлийн усан сан хүртэлх ухлагийн ажлын төсөв нь өмнөх зурагт 811,993,791 төгрөгөөр батлагдсан байснаас трасст өөрчлөлт орж хөрсний шинж чанар, хатуулгын зэрэглэл өөрчлөгдсөний улмаас 2,641,259,741 төгрөг болон нэмэгдэж, нийт 1,829,265,950 төгрөгийн зөрүү үүссэнийг баталсан.

1.8. Захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллага болох *******ийн зураг төслийн магадлалаар хянагдаж баталгаажуулсан 1,829,265,950 төгрөгийг гэрээний 3.14-д заасны дагуу гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, Захиалагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар “*******” ХК-д мэдэгдсэн. Гэтэл хариуцагчийн зүгээс Улсын комисс хуралдаж, ажлаа хүлээж авсны дараа магадалшгүй ажлын зардлыг хэлэлцэнэ, магадалшгүй ажлын зардлын дүнг тооцож үзэж байж нэмэлт ажлын зардлыг шийдвэрлэнэ гэсэн тайлбар хэлж, тухайн асуудлыг шийдвэрлэлгүй бас л хойшлуулсан ч бид хүлээцтэй хандсан. Ийнхүү ******* аймгийн Засаг даргын 2024.10.03-ны өдрийн ******* дугаартай захирамжаар байгуулагдсан Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын 2024.11.22-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт болон ******* сайдын 2024.07.03-ны өдрийн ******* дугаартай тушаалаар байгуулагдсан Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024.11.28-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр тус тус нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ус хангамжийн системийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авсан.

1.9. Мөн хариуцагчийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2024.12.05-ны өдрийн ******* дугаартай тушаалаар Ажил хүлээлцэх комиссыг байгуулж, ажлын үр дүн, хөрөнгийг акт үйлдэн хүлээн авсан. Үүний дараа хариуцагч нь гэрээний гүйцэтгэлийн төлбөрийг шилжүүлэхгүй барьцаалах, хясан боогдуулах замаар өөрийн эрх ашгийг хангуулж, зөвхөн өөртөө ашигтай дүгнэлт акт үйлдүүлж, улмаар нэхэмжлэгчийн зүгээс нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1,829,265,950 төгрөгийг өгөхөөс үндэслэлгүйгээр татгалзаж, манай хоёр байгууллагыг маш ихээр хохироож байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг хүлээн авч, өөрийн техникийн хяналтыг хэрэгжүүлэгч ******* ТӨҮГ-р гэрээт ажлын төсвийг магадлуулж, төсөвт өртөг 1,829,265,950 төгрөгөөр нэмэгдсэн болохыг баталгаажуулсан атлаа гэрээний үүргээ зөрчиж, ямар ч үндэслэлгүйгээр нэмэлт ажлын хөлсийг төлөхөөс татгалзаж. бидний эрхийг зөрчиж байна.

1.10. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.13, 3.14 болон тус гэрээний ерөнхий нөхцөлийн 41.1-ийн Е, Ж-д тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь нэмэлт ажлын зардлыг хариуцагчаас нэхэмжлэх эрхтэй, хариуцагч түүнийг төлөх үүрэгтэй байгаа тул нэмэлтээр гүйцэтгэсэн ажлын хөлс болох 1,829,265,950 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн 2025.02.10-ны өдөр эцэслэн батлагдсан 1,602,335,051 төгрөгийн гүйцэтгэлийн төлбөр тооцоог гэрээний тусгай нөхцөлийн 40 д заасны дагуу ажлын 14 хоногт буюу 2025 оны 02-р сард санхүүжүүлэх ёстой байсан. Гэтэл хариуцагч нь тус төлбөрийг үндэслэлгүйгээр ажлын 83 хоногийн хугацаа хэтрүүлж олгосон бөгөөд энэ нь гэрээний 40.1, 40.2-т заасан торгууль ногдуулах хангалттай үндэслэл. Гэрээний 40.1-д заасныг үндэслэн гүйцэтгэсэн ажлын төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн торгуульд нийт 66,496,905 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд гэрээний дагуу гүйцэтгэсэн нэмэлт ажлын хөлсөнд 1,829,265,950 төгрөгийг, гүйцэтгэсэн ажлын төлбөр төлөх хугацаа хэтрүүлсэн торгуульд 66,496,905 төгрөг, нийт 1,895,762,854 төгрөгийг “*******” ХК-аас гаргуулан “*******” ХХК, “*******” ХХК нарт олгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэмэлт ажлын хөлсөнд 1,829,265,950 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, “*******” ХК нь “*******” ХХК, “*******” ХХК-ийн түншлэлтэй 2022.01.28-ны өдөр *******6 дугаартай “Загийн усны хоолой гүний усны ордоос “*******” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулж ажлыг гүйцэтгүүлсэн. Улмаар гэрээт ажлын хугацаанд 2023.07.26, 2024.01.26, 2024.07.28-ны өдөр тус тус 3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан бөгөөд гүйцэтгэгч нь “Засгийн усны хоолой” гүний усны ордоос “*******” ХК-ийн Таван толгойн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг Барилга угсралтын ажлын даалгавар болон техникийн тодорхойлолтод заасан нөхцөл, шаардлагын дагуу 18 сарын хугацаанд хугацаанд гүйцэтгэн, Захиалагчид хүлээлгэн өгөх үүргийг хүлээсэн. Ажил үргэлжлэх явцад буюу 2022.04.29-ний өдөр ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч ******* Сумын засаг даргад шаардлага ирүүлсэн талаар захиалагч болон гүйцэтгэгч нарт танилцуулсан. Талууд тус асуудлын хүрээнд 2022.08.11-ний өдөр хуралдсан ба хурлаар ажлын зургийн зохиогч “*******” ХХК нь хамгаалалтын зурвасын хэмжээнд трассыг өөрчлөх талаар техникийн шийдэл гаргахаар шийдвэрлэсэн.

2.2. Гүйцэтгэгчээс 2023.03.27-ны өдөр “... усан хангамжийн шугам хоолойн ажлын трассыг Сийрст багийн нутагт Хадан усан эхээс хогийн цэгийн зам хүртэлх хэсэгт сайрын эргийн дээгүүр үерийн усны эргэлтийн эсрэг талд 15м-т шилжүүлж, хогийн цэгийн замаас Хадан усны адаг хүртэлх трассыг сайрын зүүн талаар, Хадан усны адгаас эргэлтийн цэг 4 хүртэлх трассыг сайрын баруун талаар тус тус төлөвлөж, зохих хэмжээнд шилжүүлж өөрчлөн ажилласан. Энэхүү арга хэмжээг авснаар сайрын дагуу 5.160 км төлөвлөгдсөн шугам хоолой үерийн усанд хөвж гарч ирэх аюулаас ангижирч, орон нутгийн хэрэгцээнд ашиглагддаг хагшаас хайрга элсийг ухаж авахад техникийн гэмтэл үүсэхээс сэргийлсэн, булаг шандын эх ундаргаас холдож хожим үүсэж болох эрсдэлээс зайлсхийсэн болно. ... Иймд ГЕН-ийн 29.1-т заасны дагуу энэхүү ажил нь гэрээний хугацаа болон өртөгт шууд нөлөөлөхөөр байгааг үүгээр мэдэгдэж байна.” гэх 29/1 дугаартай албан бичгийг ирүүлсэн.

2.3. Гэрээт ажил 2024 оны 11 дүгээр сард дуусаж, улсын комисст хүлээлгэн өгсөн бөгөөд талууд 2025.06.23-ны өдөр гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн болохыг баталгаажуулж, гэрээг дүгнэн акт үйлдсэн. Өөрөөр хэлбэл, талууд гэрээний хэрэгжилтийг дүгнэж, “гэрээ дүгнэх акт”-ыг үйлдэж, гэрээний үүрэгтэй холбоотой талуудын харилцаа дуусгавар болсон бөгөөд “*******” ХК нь гэрээний үүргээ зөрчөөгүй. Гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж, ажлын хөлсийг гүйцэтгэлийг үндэслэн тухай бүрт нь олгож дууссан тул нэмэлт ажлын хөлсөнд 1,829,265,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй.

2.4. Төлбөр төлөх хугацаа хэтрүүлсний торгууль 66,496,905 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд: Үндсэн гэрээний үнэ буюу ажлын хөлс нь 39,422,288,799 төгрөг байсныг 2024.01.26-ны өдөр гэрээнд оруулсан *******6-02 дугаартай нэмэлт, өөрчлөлтөөр 38,896,925,177 төгрөг болгон өөрчилсөн. Захиалагч нь ажлын хөлсийг гэрээнд заасан төлбөрийн нөхцөл, хуваарийн дагуу гүйцэтгэлийг үндэслэн тухайд нь төлсөн.

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №1, ил далд ажлын акт, фото зураг болон холбогдох баримт бүхий 122 хуудас материалыг хүлээн авч баталгаажуулснаар 4,687,727,687 төгрөгийн төлбөрийг 2022.06.28-ны өдөр гүйцэтгэлээр,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №2, ил далд ажлын акт, фото зураг болон холбогдох баримт бүхий 182 хуудас материалыг хүлээн авч 5,087,965,186 төгрөгийн төлбөрийг 2022.08.30-ны өдөр гүйцэтгэлээр,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №3, ил далд ажлын акт, фото зураг болон холбогдох баримт бүхий 284 хуудас материалыг хүлээн авч 3,765,092,535 төгрөгийн төлбөрийг 2022.12.14-ний өдөр гүйцэтгүүлэхээр,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №4, ил далд ажлын акт, фото зураг болон холбогдох баримт бүхий 87+278 хуудас материалыг хүлээн авч 6,655,968,500 төгрөгийн төлбөрийг 2023.10.05-ны өдөр гүйцэтгэлээр,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №5, ил далд ажлын акт, фото зураг болон холбогдох баримт бүхий 278 хуудас материалыг хүлээн авч 858,556,116 төгрөгийн төлбөрийг 2024.06.24-ний өдөр гүйцэтгэлээр,

Барилга угсралтын ажлын гүйцэтгэл №6 буюу үлдэгдэл санхүүжилт болох 1,602,355,050 төгрөгийг талууд 2025.06.23-ны өдөр гэрээ дүгнэсэн акт үйлдэгдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор буюу 2025.07.01-ний өдөр төлж дуусгасан.

2.5. Гэрээний 3.6, 3.7-д зааснаас үзвэл талууд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулснаар гүйцэтгэгч төлбөрийг нэхэмжлэх эрхтэй. Гэрээний сүүлийн төлбөр буюу үлдэгдэл төлбөрийн хувьд ажлын гүйцэтгэлийг баталгаажуулах акт нь гэрээ дүгнэсэн акт юм. Өөрөөр хэлбэл, талууд гэрээг дүгнэж, акт үйлдсэний дараа гүйцэтгэгч нэхэмжлэх ирүүлэх ба захиалагч нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш ажлын 10 хоногийн дотор төлбөрийг төлөх зохицуулалттай. Гэтэл гүйцэтгэгч нь талууд гэрээг дүгнээгүй байх үед буюу 2025 оны 02 дугаар сард гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөх ёстой байсан гэж Захиалагчийг буруутган торгууль шаардаж байгаа нь үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.  

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

3.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч “*******” ХК-иас Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 829,265,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 66,496,905 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,636,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч "*******" ХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 9,304,280 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК нарт олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.1. ... Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу гүйцэтгэгч компани нь ажил гүйцэтгэх явцад тодорхой шалтгааны улмаас зураг төсөлд өөрчлөлт (... гол шугам 2-н *******+97,2-с *******+59.1 хооронд) орж, тухайн өөрчлөлтийн дагуу үндсэн ажлыг гүйцэтгэж дууссан. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1, талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3, 3.2, 3.5.4, 3.5.5, 3.6, 3.7-д заасан зохицуулалтын хүрээнд гүйцэтгэл тус бүрд бодитоор ажиллах хүч, материал, тээврийн, машин ашиглалт, нэмэгдэл зардал, ашиг, тоног төхөөрөмж, тохижилт, нөхөн сэргээх зэрэг (1-8-рт) хэдий хэмжээний зардал гарч, зарцуулсан тооцоолол, ирүүлсэн тайланг үндэслэн захиалагч болон зохиогчийн хяналтыг хэрэгжүүлэгчид тухай бүр нь ажлын гүйцэтгэлийг хянаж, актаар баталгаажуулан санхүүжилтийг олгож ирсэн. Энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

4.2. Маргааны зүйл буюу зураг төсөл өөрчлөгдсөн хэсэг нь байршил болон цаг хугацааны хувьд гүйцэтгэл №3 хэсэгт хамаарч байгаа бөгөөд нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК-иас ирүүлсэн тухайн хугацаанд ажлыг гүйцэтгэхэд хүн хүч, цалин хөлс, техник, бараа материалын бодит зардлыг тооцон гаргаж, хийж гүйцэтгэсэн ажлын зурагт тайлан тооцооллыг ирүүлснийг захиалагч хянан баталгаажуулж, ирүүлсэн нэхэмжлэхийн дагуу зардал болох 3,765,092,535 төгрөгийг 2022.12.14-ний өдөр олгосон. Гэтэл нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК-иуд нь ажил гүйцэтгэх гэрээний үндсэн ажлаас гадна нэмэлтээр ажил гүйцэтгэж, түүнд зардал гаргасныг төлөх гэрээний үүргээ биелүүлээгүй мэтээр ямар нэгэн баримтгүйгээр нэмэлт ажлын төлбөр шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй.

4.3. Өөрөөр хэлбэл, ажлын чиглэл тодорхой хэмжээнд өөрчлөгдөж, тэрхүү ажлыг гүйцэтгэхэд гарсан бодит зардал, ажлын тайланг нь зохиогч болон захиалагч талаас хянаж баталгаажуулан бодит зардлыг нь гүйцэтгэлээр санхүүжүүлсэн байхад тэрхүү нэмэлт ажил гүйцэтгэсэнтэй холбоотой ямар ч анхан шатны баримтгүй зардал гэх төлбөрийг анхан шатны шүүх (үндэслэх хэсгийн 7)... зураг төсөлд өөрчлөлт орж анх тохиролцсон санхүүжилт нэмэгдэж, нэмэлтээр илүү зардал гаргаж гэрээнд заасан ажлыг гүйцэтгэсэн, уг ажил нь үндсэн гэрээгээр тохиролцсон ажлын үр дүнг гаргахад чиглэсэн байна ... гэж дүгнэж, төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тодруулбал, Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын 2024.11.22-ны ******* дүгнэлт, Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024.11.28-ны өдрийн ******* дүгнэлт зэргээр барилга байгууламжийг хүлээн авсан үйл баримт тодорхой.

4.4. Барилгын хөгжлийн төвийн 2024.12.20-ны өдрийн 2353/2024 магадлан дүгнэлт нь цаг хугацааны хувьд 2022 онд гүйцэтгэснээс хойш даруй 2 жилийн дараа хийгдсэн бөгөөд арифметик тооцооллыг тодорхойлсон болохоос 1,829,265,950 төгрөгийн зардал нэхэмжлэгчээс бодитоор гарсныг нотлохгүй болохыг шүүх анхаараагүй. Нэхэмжлэгчээс нэмэлт ажлын зардалтай холбоотой гаргаж өгсөн зарим баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангаагүй. Мөн цаг хугацааны хувьд гүйцэтгэл №3-т хамаарахгүй буюу өмнө болон дараа хийгдсэнтэй холбоотой баримт бөгөөд зардал бодитоор гарсан буюу шаардлагын үндэслэл болсон баримтыг шүүхэд нотлох үүргээ нэхэмжлэгч хэрэгжүүлж чадаагүй байхад нэхэмжлэлийг хангасан.

Энэхүү үндэслэлээ ... зардлын хэмжээг “*******” ТӨҮГ-н 2024.12.20-ны өдрийн******* дугаар барилга байгууламжийн зураг төслийн магадлалын дүгнэлтийг үндэслэсэн ... гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Учир нь тухайн нэмэлт ажлыг гүйцэтгэхэд зардал бодитоор гарсан байж, түүнийг төлөх үүрэг захиалагчид асуудал үүсэх бөгөөд энэ хүрээнд “*******” ХК-ийн хувьд тухайн үед бодитоор гарсан зардлыг нэхэмжлэгч нарын өөрсдийнх нь тооцоо, судалгаа, тайлан, зохиогч, захиалагчийн хяналтыг баталгаажуулсан акт, нэхэмжлэхийг нь үндэслэн гүйцэтгэл №3-аар олгосон байхад дахин нэмэлт зардал гарсан мэтээр төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.5. Нөгөөтээгүүр гэрээ анх байгуулагдсанаас хойш 3 удаа буюу 2023.07.26, 2024.01.26, 2024.07.28-нд тус тус нэмэлт өөрчлөлт орсон бөгөөд цаг хугацааны хувьд хэрэв нэмэлт ажил, түүнтэй холбоотой зардал гарсан бол уг асуудлаар гэрээний нэмэлт, өөрчлөлтөд оруулах, гэрээний үнийг нэмэгдүүлэх боломж байсан байхад уг эрхээ хэрэгжүүлээгүй атлаа 2 жилийн дараа, гэрээ дүгнэж дуусгавар болсны дараа гэнэт нэмэлт ажлын зардал гэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд энэ нь тухайн үед гүйцэтгэлээр санхүүжүүлснээс гадуур нэмэлт зардал бодитоор гараагүй болохыг илтгэж байна.

Мөн талуудын хооронд 2025.06.23-ны өдөр гэрээ дүгнэсэн актыг үйлдсэнээр 2022.01.28-ны өдрийн ******* дугаартай ажил гүйцэтгэх гэрээний үүрэгтэй холбоотой харилцаа дуусгавар болсныг шүүх анхаараагүй бөгөөд энэ талаарх хариуцагчийн татгалзлын үндэслэлтэй холбоотой эрх зүйн дүгнэлт хийгээгүй. Дээрх гэрээ дүгнэх актаар гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажил дуусгавар болсон, ажил гүйцэтгэсэнтэй холбоотой “*******” ХК-ийн төлбөр төлөх үүрэг ямар нэгэн зөрчилгүй, дуусгавар болсон бөгөөд энэхүү гэрээ дүгнэсэн акт баталгаажсаны дараа гүйцэтгэл №6-д холбогдох төлбөр болох 1,602,355,050 төгрөгийг олгосноор гэрээ дуусгавар болсныг “*******” ХХК-ийн ерөнхий захирал *******, “*******” ХХК-ийн захирал ******* нар баталгаажуулсан.

4.6. Гэтэл төлбөр төлөх үүргийг “*******” ХК зохих ёсоор гүйцэтгэсэн, ямар нэгэн зөрчилгүй болохыг баталгаажуулсан атлаа гэрээний үүргээ зөрчсөн мэтээр төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй. Шүүх энэ талаар маргаж буй үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй. Гагцхүү тухайн гүйцэтгэсэн ажилд нэмэлт ажил гүйцэтгэж, анхны төсөвт өртөг өсч, гарсан зардал бодитоор нэмэгдсэн эсэхийг шүүх зөв тодорхойлж дүгнэж чадаагүй бөгөөд маргааны үйл баримтад Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасныг буруу тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасан заалтын агуулга буюу урьдчилсан нөхцөл нь ажлын хөлсийг гэрээгээр тохиролцоогүй байх нөхцөлийг зааж өгсөн. Харин талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний 3 дугаар зүйлд ажлын хөлс, төлбөр төлөх нөхцөлийг тодорхой заасан байхад хөлсийг талууд тохиролцоогүй гэдэг агуулгаар тайлбарлаж, ямар нэгэн баримтыг үндэслээгүй, анх хийгдсэн зураг төсөл дээр үндэслэн арифметик тооцоолол хийж гарсан Барилгын хөгжлийн төвийн дүгнэлтийг үндэслэлээ болгосныг зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч талаас гаргасан гомдолд ямар нотлох баримтыг үнэлээгүй, журмыг яаж зөрчсөн талаар тодорхой дурдаагүй байгаа учраас энэ агуулгаар гаргасан гомдол нь үндэслэлгүй. Трасст өөрчлөлт орж, хадан хөрс ухсантай холбоотой гарсан 1,829,265,950 төгрөгийн нэмэлт зардлыг “ажил дуусахад магадалшгүй ажлын зардлаас гаргаж өгнө, хүлээж бай, энэ асуудлыг тусад нь шийднэ” гэж хойшлуулсаар шүүхийн шатанд ирсэн. 1,829,265,950 төгрөгийг аваагүй гэдэг нь хэрэгт авагдсан гурван баримтын хүрээнд хангалттай нотлогдоно. “*******” ХК-ийн зүгээс барилгын хөгжлийн төвд 2023.11.20-ны өдөр илгээсэн албан бичигт “энэ нэмэлт ажлыг гүйцэтгэхэд гарсан зардлыг магадлан баталгаажуулж өгнө үү” гэсэн ба барилгын хөгжлийн төвөөс гүйцэтгэгч компанид “нэмэлт ажлыг гүйцэтгэхтэй холбоотой бүх баримтыг ирүүлнэ” гэсний дагуу баримтыг нэхэмжлэгч нараас гаргаж өгсөн. ******* нэмэлт ажил гүйцэтгэхэд гарсан зардлыг “1,829,265,950 төгрөгийн нэмэлт зардал гарсан” гэж хянан баталгаажуулж 2024.12.20-ны өдөр дүгнэлт гаргаж хариуцагчид өгсөн. Хэрэгт авагдсан 2025.05.20-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын тэмдэглэлд “гүйцэтгэгч компаниудын 1,829,265,950 төгрөгийн нэмэлт зардлыг яах вэ гэсэн асуудал хэлэлцэгдэж, тухайн асуудлыг шийдэхгүйгээр хойшлуулъя, харин гэрээг дүгнэе” гэсэн шийдвэр гаргасан. Дээр дурдсан гурван баримтаар гүйцэтгэгч компаниуд нэмэлт ажлыг гүйцэтгэхэд гарсан энэ зардлыг аваагүй гэдэг нь хангалттай нотлогдоно. ******* “*******” ХК-тай гэрээ байгуулж загийн усны шугам хоолойн ажилд захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлж буй субъект. Барилгын хөгжлийн төв нь “*******” ХК-ийн хүсэлтээр 1,829,265,950 төгрөгийг магадалж баталгаажуулсан. Барилгын зураг төсөлд нэмэлт өөрчлөлт орсон, элсэн хөрс ухуулах гэсэн бол хадан хөрс ухуулсан, хөрсний түвшин 6-7 руу шилжсэн зэрэг үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Нэмэлт ажил гүйцэтгүүлэх санал шийдвэр гаргаж гүйцэтгэгчээр гүйцэтгүүлчхээд, ажлын үр дүнг хүлээж аваад өөрсдөө ашиглаж байж тухайн ажлыг гүйцэтгэхэд гарсан зардлыг төлөхгүй гэсэн нь үндэслэлгүй. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

                                                   ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан бүрэн эрхийн хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “*******” ХХК, “*******” ХХК нь хариуцагч “*******” ХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1,895,762,854 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “*******” ХК нь “...талууд гэрээний хэрэгжилтийг дүгнэж, гэрээ дүгнэх акт үйлдэн, гэрээний үүргийг дуусгавар болгосон, ажлын хөлсийг гүйцэтгэлийг үндэслэн тухай бүрт нь олгож дууссан” гэж тайлбарлан, эс зөвшөөрч гаргажээ.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтыг анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмаар үнэлж, хэргийн дараах үйл баримтыг зөв тогтоосон.

3.1. “*******” ХХК, “*******” ХХК болон “*******” ХК-ийн хооронд 2022.01.28-ны өдөр ******* дугаартай “Загийн усны хоолой” гүний усны ордоос “*******” ХК-ийн нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, гэрээгээр “гүйцэтгэгч нь “Загийн усны хоолой” гүний усны ордоос “*******” ХК-ийн ******* нүүрсний уурхай хүртэлх ус хангамжийн шугам хоолойн барилга угсралтын ажлыг барилга угсралтын ажлын даалгавар болон техникийн тодорхойлолтод заасан нөхцөл, шаардлагын дагуу гэрээнд заасан хугацаанд чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч 38,896,925,177 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /1хх-ийн 74-112/

3.2. ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч *******аас ******* сумын Сумын засаг дарга болон “*******” ХК-д шаардлага хүргүүлснийг 2022.08.11-ний өдөр захиалагч, гүйцэтгэгч, зохиогчийн төлөөлөгчдийг оролцуулан хурал хийж, хурлаар сайрын хэсэгт хамгаалалтын зурвасын хэмжээнд трассыг өөрчлөх талаар техникийн шийдэл гаргахаар шийдвэрлэсэн байна. /1хх-169-174/

3.3. Барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авах комиссын 2024.11.22-ны өдрийн ******* дугаартай дүгнэлт, Эрчим хүчний барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2024.11.28-ны өдрийн ******* дугаартай дүгнэлтээр ус хангамжийн системийн барилга байгууламжийг байнгын ашиглалтад хүлээн авчээ.

3.4. Талууд 2025.06.23-ны өдөр гэрээг дүгнэж, акт үйлджээ. /2хх-ийн 36-39-р тал/

3.5. Ажлын төсөв нэмэгдсэнтэй холбоотой асуудлаар “*******” ХХК-аас 2023.03.27-ны өдрийн 29/01, 2023.11.08-ны өдрийн 122/1, 2024.12.20-ны өдрийн 162/1 тоот албан бичгээр “*******” ХХК-д тус тус хүргүүлсэн байна.  /1хх-200-201, 211, 236-237/

3.6. “*******” ХХК-аас 2023.11.20-ны өдрийн 01/2081 тоот албан бичгээр “Барилгын хөгжлийн төв”-д хандан өөрчлөлтийн ажлын тоо хэмжээ, өртөг зардлыг нягтлан баталгаажуулахыг хүсчээ. /1хх-212/

3.7. “*******” ТӨҮГ-ийн 2024.12.20-ны өдрийн магадлалын дүгнэлтээр ус дамжуулах гол шугамын өөрчлөлтийн нэмэлт ажлын төсөвт өртөг 1,829,265,950 төгрөг болжээ. /1хх-242-250/

3.8. Талууд уг дамжуулах шугамын ажилд өөрчлөлт орсон, захиалагчаас гүйцэтгэгчид ажлын нийт хөлс 38,896,925,177 төгрөг төлсөн үйл баримтад маргаангүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй байна.

5. Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний нэмэгдсэн төсвийг төлөх эсэх нь маргааны зүйл болсон ба анхан шатны шүүх хариуцагчаас нэмэгдсэн төсөв 1,829,265,950 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн нь зөв боловч ажил гүйцэтгэх гэрээний нэмэгдсэн төсөвтэй холбоотой эрх зүйн үндэслэлийг оновчтой тодорхойлоогүйгээс үүдэлтэй зарим дүгнэлт өөрчлөгдөнө.  

5.1. Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар гэрээ байгуулах үед урьдчилан төлөвлөх боломжгүй байснаас төсвийн хэмжээ нэмэгдэхээр байвал ажил гүйцэтгэгч энэ талаар захиалагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй, 345.3-т төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг дуусгавар болгохоор шийдвэрлэсэн бол гүйцэтгэсэн ажлын хөлсийг ажил гүйцэтгэгчид төсөвт заасан хэмжээгээр төлөх үүрэгтэй, 345.4-т ажил гүйцэтгэгч төсөв зохиохдоо үндэслэлгүй өндөр үнэлгээ тогтоосон бол захиалагч хөлс төлөхөөс татгалзах эрхтэй болохыг зохицуулжээ.

Энэхүү зохицуулалт нь ажил гүйцэтгэх гэрээний ажлын үр дүн, ажлын төсөв болон хөлс төлөх үүргийн тэнцвэрийг хангах зорилготой бөгөөд үүний тулд ажил гүйцэтгэгчийн төсвийн талаар мэдээлэх үүргийг, захиалагчийн гэрээ дуусгавар болгох онцгой эрхийг хөлс төлөхөөс татгалзах эрхийн хамт зохицуулсан нь талуудын хүлээх гэрээний эрсдэлийг зохистой хуваарилах ач холбогдолтой.

5.2. Ажил гүйцэтгэх явцад ******* аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөс 8 зүйл бүхий шаардлага ирүүлснээс дараах 3 шаардлага нь ажлыг төлөвлөсөн зураг төслөөс өөрчлөх үндэслэл болжээ. Үүнд:  Нэгдүгээрт, усан хангамжийн шугам хоолойн трасс нь усны ундарга бүхий 3 эх булгийг дайрч байгааг харгалзан өөрчлөх. Хоёрдугаарт, усан хангамжийн шугам хоолой баригдах голын сайр дахь хагшаасыг орон нутгийн иргэд авч ашигладаг ба тус газар нь хамгаалалтын зурваст орчихвол нутгийн иргэд ашиглаж чадахгүйд хүрэх, хэрэв ашигласан тохиолдолд шугам хоолой гэмтэх эрсдэлтэй. Гуравдугаарт, голын сайр дагаж их хэмжээний хүчтэй үер буудаг тул сайр дагасан усан хангамжийн шугам хоолой үет өртөж, эвдэрч гэмтэх эрсдэлтэй. 

Орон нутгийн иргэдийн уг шаардлагыг 2022.08.11-ний өдөр захиалагч “*******” ХК, гүйцэтгэгч “*******” ХХК, “*******” ХХК, зохиогч “*******” ХХК-ийн төлөөлөгчдийг оролцуулан хурал хийж, хурлаар хурлаар орон нутгийн иргэдийн саналыг харгалзан үзэхийг, ажлыг зогсоохгүй, тасралтгүй үргэлжлүүлэх байр суурь дээр нэгдэж, сайрын хэсэгт хамгаалалтын зурвасын хэмжээнд трассыг өөрчлөх талаар техникийн шийдэл гаргахаар шийдвэрлэж, захиалагчийн төлөөлөгч “...ажлаа бүрэн дуусгаад ирсний дараа зохих журмын дагуу гарсан зардал өртгийг шийдвэрлээд л явна” гэж хэлсэн болохыг тэмдэглэжээ. /1хх-169-174/

Түүнчлэн усан хангамжийн шугам хоолойн трасс өөрчлөгдсөнөөр хөрсний геологийн бүтэц өөрчлөгдөж, газар шорооны ажлын зэрэг 6-аас 7-р зэрэгт шилжиж, ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөн талаар “*******” ХХК-аас 2023.03.27-ны өдрийн 29/01, 2023.11.08-ны өдрийн 122/1, 2024.12.20-ны өдрийн 162/1 тоот албан бичгээр “*******” ХХК-д тус тус хүргүүлж байжээ. /1хх-200-201, 211, 236-237/

Энэ нь төсвийн хэмжээ нэмэгдэх болсныг гүйцэтгэгч мэдээлэх үүргээ биелүүлсэн байхад захиалагч нь гэрээний хугацааг үргэлжлүүлэх талаар чиглэл өгсөн нь Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.2-т зааснаар захиалагч талд мэдэгдсэн байх тул хариуцагч байгууллага нь нэмэлт ажлын хөлс төлөх үүрэг хүлээнэ.

5.3. Захиалагч төсвийн хэмжээ нэмэгдсэнийг мэдсэн атлаа Иргэний хуулийн 345 дугаар зүйлийн 345.3-т төсвийн хэмжээ нэмэгдсэнээс захиалагч нь гэрээг цуцлах субьектив эрхийг хэрэгжүүлээгүй тул уул нэмэгдсэн хөлсийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.  

Захиалагч талуудын байгуулсан гэрээний 3.2, 3.5.4, 3.5.5, 3.6, 3.7-д тохирсон ёсоор ажлын хөлсийг ажлын гүйцэтгэлээр төлөх ба өөрчлөгдсөн гэх ажил байршил, цаг хугацааны хувьд ажлын гүйцэтгэл 3-т хамаарахын хувьд 3,765,092,535 төгрөгийг 2022.12.14-ний өдөр олгосон гэжээ.

“*******” ХХК-аас 2023.11.20-ны өдрийн ******* тоот албан бичгээр “*******”-д хандан “Загийн усны хоолой”-н гүний усны ордоос ******* нүүрсний уурхай хүртэл ус татах шугам хоолойн барилга угсралтын ажлыг гүйцэтгэх явцад урьдчилан таамаглах боломжгүй нөхцөл байдлын улмаас хадан хөрс гарсан хүндрэл бэрхшээл үүсч, улмаар тодорхой хэсэгт ажлын тоо хэмжээ өөрчлөгдсөн талаар дурдаж, өөрчлөлтийн ажлын тоо хэмжээ, өртөг зардлыг нягтлан баталгаажуулахыг хүсч байжээ. /хх-212/

Мөн түүнчлэн, “*******” ХХК-ийн 2025.05.20-ны өдрийн захирлын зөвлөлийн хурлын 12 дугаар тэмдэглэлд “...”Загийн усны хоолой” гүний усны ордоос ус татах шугам хоолойн төслийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэгч “*******” ХХК-ийн түншлэлтэй байгуулсан гэрээний хугацаа 2024 оны 12 дугаар сард дууссан ба хоолойн трасс өөрчлөлт нь 2022 онд хийгдсэн байгаа тул трасс өөрчилснөөс үүдэн гарсан нэмэлт ажлын зардлыг цаг хугацааны хувьд өнөөдрийн Захирлын зөвлөлөөс шийдвэрлэх боломжгүй. Харин гүйцэтгэгч компани холбогдох хууль журмын дагуу материалаа бүрдүүлэн, гэрээгээ дүгнэж гэрээний үлдсэн гүйцэтгэлийн санхүүжилт, төлбөрийг олгох боломжтой хэмээн дүгнэв...” гэжээ. /3хх-244-245/

Эндээс үзвэл, захиалагчийн 2022.12.14-ний өдөр гүйцэтгэл 3-т олгосон ажлын хөлсөнд трасс өөрчлөгдсөнтэй холбоотой зардал багтсан гэх тайлбар үгүйсгэгдэх төдийгүй захиалагчийн 2023.11.20, 2025.05.20-ны өдрийн эдгээр баримтууд нэмэлт зардал гарсан болохыг хүлээн зөвшөөрсөн, улмаар нэмэлт зардлыг төлөөгүй болохыг илэрхийлж байна.

5.4. Трассын тодорхой хэсэгт өөрчлөлт орсон болох нь трассын зурагт өөрчлөлт оруулах ажлын даалгавар, трасс өөрчлөлтийн 6 км шугамын дагуух инженер-геологийн судалгааны дүгнэлт, талбай дээр ажиллаж хэмжилт хийсэн акт, буурь хөрсний хяналтын акт, шугамын нүх ухсан акт, суурийн нүх ухсан акт зэргээр тогтоогдож байх бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /1хх-138-168, 220-235/

"*******" ХК-ийн 2023.11.20-ны өдрийн ******* тоот албан бичгийн мөрөөр ******* 2024.01.16-ны өдрийн ******* тоот албан бичгээр гүйцэтгэгчээс нэмэлт ажилтай холбоотой баримтыг гаргуулж, улмаар 2024.12.20-ны өдрийн ******* тоот дүгнэлтээр өөрчлөлтийн нэмэлт ажлын төсөвт өртөг 2,641,259,741 төгрөг, өмнө нь 2021 онд магадлал хийгдсэнээр тус ажлын хасагдах дүн төсөвт өртөг 811,993,791 төгрөг ба зөрүү төсөвт өртөг 1,829,265,950 төгрөг болохыг тодорхойлсон талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн. /1 хх- 242-250/

Нэхэмжлэгч тал Барилга хөгжлийн төвийн магадлалын үндэслэл болгосон гэх зардлыг баримтыг хэрэгт гаргаж өгсөн ба хариуцагч “…бодит байдалд уг хэмжээгээр нэмэлт зардал гарсан нь нотлогдохгүй” хэмээх тайлбараа болон нэхэмжлэгчийн нотлох баримтыг аливаа нотолгооны хэрэгслээр үгүйсгээгүй. /2 хх-62-246/

Талуудын 2025.06.23-ны өдөр үйлдсэн гэрээ дүгнэсэн акт нь гэрээний үндсэн ажлын хөлс 38,896,925,177 төгрөгийн хэмжээнд байх тул трасст өөрчлөлт орсонтой холбоотой нэмэлт зардлыг тооцож дуусгавар болгосон гэж үзэхгүй.

6. Нэхэмжлэгчээс хугацаа хэтрүүлсний торгуульд 66,496,905 төгрөгийг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл хууль зүйн үндэслэлтэй бөгөөд энэ талаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргаагүй болохыг дурдав.

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт нэхэмжлэгч торгууль шаардсан байхад Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримталсан, түүнчлэн шаардах эрхэд хамааралгүй уг хуулийн 344 дүгээр зүйлийн 344.2-т заасныг баримталсныг мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.5-т заасан торгуулийн зохицуулалтыг баримталсан өөрчлөлт оруулна.

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 191/ШШ2026/01919 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын “344 дүгээр зүйлийн 344.2, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт тус тус зааснаар” гэснийг “232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт заасныг баримтлан” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “*******” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,304,280 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             С.ЭНХБАЯР

 

                                 ШҮҮГЧИД                                              Э.ЭНЭБИШ

 

                                                                                               Г.НЯМСҮРЭН