| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 183/2022/05586/И |
| Дугаар | 210/МА2026/00855 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00855
******* ТБАГУТҮГ-ын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00959 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* НҮТББ-д холбогдох,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******,
Нэхэмжлэлийн шаардлага: ******* дүүрэг ******* тоот хаягт байрлах, ******* дугаартай авто сургуулийн барилга, байгууламжийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Авто сургуулийн барилга, байгууламжийн тухай Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар /БНМАУ/, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /ЗСБНХУ/-ын Засгийн газар хоорондын, хоёр орны ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааны харилцааны хүрээнд ЗСБНХУ-ын Засгийн газраас буюу ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс Улаанбаатар хотод авто сургуулийн барилга байгууламж барьж, БНМАУ-д бэлэг болгон өгөхөөр 1980 оны 03 сарын 07-ны өдөр хэлэлцээр байгуулсан байдаг. Энэ хэлэлцээрийн үндсэн дээр 1980 оны 05 сарын 26-ны өдрийн 55-069/18300 дугаар гэрээний дагуу Ерөнхий захиалагчаар БНМАУ-ын М/С Комплексимпорт, Ерөнхий гүйцэтгэгчээр ЗСБНХУ-ын В/О Техноэкспорт ******* дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт дараах хөрөнгүүдээс бүрдсэн авто сургуулийн цогцолбор барилга, байгууламжийг ДОСААФ-ын 100 хувийн зардлаар барьж, Монгол улсад бэлэг болгон хүлээлгэн өгсөн.
Үүнд 350 суралцагчийн хүчин чадалтай авто сургуулийн барилга, 150 ортой нийтийн байр суралцагчийн дотуур байр, техник үйлчилгээний пункт, /тус бүр 15 автомашины зориулалттай 2 гарааш, шалган нэвтрүүлэх байр, 18x6 метрийн тулгуур сеткийн Плауэк хэлбэрийн хөнгөн метал хийцээр барьсан, сургалтын машинд засвар үйлчилгээ хийх зориулалттай барилга /одоогийнхоор 65 машины авто гарааж гэж байгаа /төвлөрсөн дулааны пункт,/ нийт барилга байгууламжийг дулаанаар хангах, халуун ус түгээх зориулалттай, ИИС-04 серийн төмөр бетон хийцээр барьсан, 9x9 кв.м талбайтай, тусдаа барилга/ трансформаторын дэд станц /барилга байгууламжийг бүхэлд нь цахилгаанаар хангах зориулалттай, ТМ-250/6-0.4 маркийн 2 Трансформатороор тоноглогдсон, 9.35x4.65 кв.м талбайтай тусдаа барилга/, бүх барилга байгууламж, халуун хүйтэн усан хангамж, бохирын сувгаар холбогдсон, агааржуулагч, цахилгаан хангамж, дохиоллын хэрэгсэл гадуурх инженерийн шугам сүлжээ /аж ахуйн, ундны усны, түймрийн усан хоолой, бохирын шугам, цахилгааны сүлжээ, дулааны шугам, радио, телефон утасны сетүүд багтсан/ төмөр бетон хавтангаар хийгдсэн хашаа, бетондсон зам талбай, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, аппаратур, техник хэрэгсэл.
Уг барилга байгууламжийг Монголын тал хүлээн авч, БНМАУ-ын ******* /УБХТН/-т Авто жолоодлогын сургалтын төвийн зориулалтаар ашиглуулахаар хариуцуулсан нь 1984 оны 10 сарын 01-ний өдрийн ЗСБНХУ-ын ДОСААФ-ын бэлгийн объект авто сургуулийн цогцолборыг хүлээлгэн өгөх баяр ёслолын хурлын протокол зэрэг баримтуудад тодорхой байна. Улсыг *******ийн тухайд улсыг ******* /УБХТН/ нь 1929 онд Монгол улсыг хамгаалах явдалд туслах эвлэл нэртэйгээр цэргийн зөвлөлийн харьяанд байгуулагдан, 1942 оноос, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отряд, 1958 оноос Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг, 1961 оноос Батлан хамгаалахад хөдөлмөр нийгэмлэг, 1970 оноос Улсыг *******ийн төв зөвлөл, 1971 оноос Улсыг *******, 1975 оноос *******ийн төв зөвлөл гэсэн нэртэйгээр үйл ажиллагаа явуулж ирсэн цэрэг, армийн бэлтгэл хангах, хүүхэд залуучуудыг цэргийн хэрэгт бэлтгэх байгууллага юм.
Зөвлөлт Холбоот Улсын ******* буюу ДОСААФ-ын дэмжлэгээр Авто жолоодлогын сургалтын, Зүүн Германы тусламжтайгаар Буудлагын сургалтын, Унгар улсын дэмжлэгээр Радио станц-сургалтын, Чех улсын дэмжлэгээр Мото спортын сургалтын төвүүдийг тус тус шаардлагатай тоног төхөөрөмжийн хамт Монгол улсад хүлээлгэн өгсөн байх ба төрөөс дээрх сургалтын төвүүдийг үр ашигтай, зориулалтын дагуу ашиглахад шаардагдах газар, барилга, байгууламжийг барьж улсын төсвөөс санхүүжүүлдэг байгууллага байжээ. Уг байгууллагыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1970 оны 14 дүгээр тогтоолоор Улсыг *******ийн төв зөвлөл гэж нэрлэн, аж ахуй, санхүүг нь Батлан хамгаалах яамны аж ахуй, санхүүгийн аппараттай нэг байхаар тогтоосон байх ба МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1980 оны 28******* тогтоолоор Улсыг *******ийн төв зөвлөлийг улсаас санхүүжүүлэхийн хамт аж ахуйн тооцоотой ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг.
МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны 1983 оны 184 дүгээр тогтоолоор энэ байгууллагын орлогч даргаар ******* томилогдож ажиллаж байсан бөгөөд 1987 онд УБХТН-ийн 1Ү Их хурал болж, *******, *******, ******* нарыг удирдлагаар сонгуулахаар санал оруулж, сонгосон байдаг. УБХТН нь БНМАУ-ын цэрэг-мэргэний талаарх төрийн бодлогын чиг хэсэг ба улсын батлан хамгаалах чиглэлд залгамж холбоог бэлтгэдэг, хүүхэд залуучуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг, улсын төсвөөс санхүүждэг, орон тоо, удирдлагыг төрөөс томилдог, хөдөлмөрчид сайн дураараа нэгдэж болох төрийн олон нийтийн байгууллага байна. УБХТН-ийн авто сургуулийн барилга, байгууламж. Эд хөрөнгийг Батлан хамгаалах туслах нийгэмлэгийн төв зөвлөл ТББ өмчлөх болсон тухайд УБХТН-ийн авто сургуулийн 1996 оны 09 сарын 08-ны өдрийн 39 тоот албан бичгээр Нийслэлийн газрын албанд газар баталгаажуулж өгөх тухай хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу Хот байгуулалт газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын 1996 оны 10 сарын 09-ний өдрийн хурлын протокол №4 Газрын эрхийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн. Үүнд ******* дугаар гэрчилгээ дугаар бүхий ******* дүүргийн 3-р хороо, Буудлагын төв клубын баруун талд /дунд голын урд эрэг/ 39597 м.кв буюу 4.0 га газрыг УБХТН-ийн авто сургууль гэдэг байгууллагад сургалтын зориулалттай 4 жилийн хугацаатай ашиглах эрх олгох асуудлыг хэлэлцэж, Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 сарын 01-ний өдрийн А/224 дугаар захирамжаар уг газрыг олгосон байна.
Үүний үндсэн дээр газар ашиглах 0956 дугаар гэрчилгээ олгогдсон бөгөөд уг гэрчилгээнд улсын гэрчилгээ, регистрийн дугаар хэсэгт УБХТН-ийн авто сургуулийн Нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээний ******* гэдэг дугаар бичигдсэн байна. Тухайн цаг хугацаанд Төрийн бус байгууллагын тухай хуулийн дагуу гишүүддээ үйлчилдэг эсхүл нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагууд олноор байгуулагдаж байсны нэг нь *******ийн төв зөвлөл төрийн бус байгууллага юм. *******ийн төв зөвлөл ТББ нь *******ийн өргөдлийн дагуу Хууль зүйн яамнаас 1015133 регистрийн дугаар олгон ******* төрийн бус байгууллагыг бүртгэж, 1997 оны 12 сарын 05-ны өдөр 357 дугаартай гэрчилгээ олгогдсон шинээр үүсгэн байгуулагдсан байгууллага байна. УБХТН-ийн Авто жолоодлогын сургалтын цогцолбор болох 8992 м.кв талбай бүхий барилга байгууламжийг 1999 оны 12 сарын 08-ны өдөр тухайн үеийн УБХТН-ийн төв зөвлөлийн дарга *******ийн аргасан мэдүүлэг, албан хүсэлтийг үндэслэн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, *******ийн төв зөвлөл ТББ-д өмчлүүлсэн ******* тоот гэрчилгээ олгосон байдаг.
Энэ цогцолбор үл хөдлөх эд хөрөнгийг ТББ-д шилжүүлэн авахдаа, үл хөдлөх эд хөрөнгийн товч танилцуулга, барилга хүлээлцсэн тухай 1984 оны акт, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/224 дүгээр захирамжаар УБХТН-д баталгаажсан 39597 м.кв талбай бүхий газрын гэрчилгээ, гэрээ, газрын кадастрын зураг /УБХТН-д хамааралтай баримтууд/, 1997 оны Төрийн бус байгууллагын гэрчилгээ үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг зэрэг баримтуудыг хавсаргасан. Дээрх үйл баримтаас харахад 1996-2000 он хүртэл уг газрыг УБХТН-ийн Авто сургууль эзэмшиж, ашиглаж байсан. ЗСБНХУ-аас БНМАУ-д бэлэглэсэн авто сургуулийн барилга дотуур байрны барилга зэрэг цогцолбор үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөгчийн эрхийг БХТН-ийн төв зөвлөл ТББ бүрэн эдэлж, өрөө тасалгааг хэсэгчлэн бусдад худалдах зэргээр захиран зарцуулж ирсэн нь Улсын бүртгэлийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээс харагдана. Дээрх өмч хөрөнгийг *******ийн төв зөвлөл ТББ- д худалдсан, хувьчилсан болон бусад үндэслэлээр эрх бүхий байгууллагаас шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.
Мөн *******ийн төв зөвлөл ТББ нь УБХТН-ийн үйл ажиллагаа, эрх үүргийг залгамжлан хэрэгжүүлэгч гэж тогтоосон эрх бүхий байгууллагын тогтоол, шийдвэр гараагүй байхад ******* ТББ нь УБХТН-ийн авто сургалтын цогцолбор хөрөнгүүдийг шилжүүлэн авч, хувийн ашиг сонирхлын үүднээс ашиг олох зорилгоор бусдад худалдаж, хувьчилж, өмч хөрөнгийг шамшигдуулж ирсэн. Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлийн 1.3 дахь заалтыг үндэслэн улсын *******ийн эзэмшилд байсан авто сургууль, сонсогчдын дотуур байр болон эзэмшил газрыг улсын байгууллагын нэрээр авч төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, захиран зарцуулсан байх тул төрийн өмчид буцаан авах асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлт гаргасан.
Түүнчлэн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс, Нийслэлийн Прокурорын газраас *******ийн төв зөвлөл ТББ-ын даргад холбогдуулан гаргасан гомдол, мэдээллийн дагуу УБХТН-ийн Авто сургуулийн эзэмшил газрыг бусдад худалдсан, хууль бусаар хөрөнгөжсөн асуудлыг шалгаж байгаа талаар *******т мэдэгдсэн бөгөөд Нийслэлийн Прокурорын газрын 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 1/04 дугаар Прокурорын мэдэгдэлд ******* түүний харьяа салбар нэгжүүдийн нэр дээр бүртгэлтэй хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг төрийн өмч гэж үзэх үндэслэлтэй байна.
Харин өмч хувьчлалын асуудлыг шийдвэрлэхдээ *******ийн өмч хөрөнгө үрэгдэх нөхцөлийг бүрдүүлсэн байна гэж дүгнэж, дээрх хөрөнгүүдийг төрийн өмч болохыг тогтоолгох төрд хүлээлгэн өгөх нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзсэн болно. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль баталсан тухайн цаг хугацаанд Авто сургуулийн төвийн барилга байгууламжийг нь УБХТН-н эзэмшил ашиглалтад буюу төрийн өмчлөлд байсан. Түүнчлэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт төсвийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгө нь төрийн болон орон нутгийн өмч байна төсөвт авсан зээл, хандив дэмжлэг тусламжаар бий болсон хөрөнгө үүнд нэгэн адил хамаарна гэж заасан. БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар хоорондын 2 орны ах дүүгийн найрамдал бүх талын хамтын ажиллагааны харилцааны хүрээнд ЗСБНХУ-аас БНМАУ-д бэлэглэсэн 350 суралцагчийн хүчин чадалтай авто сургууль, суралцагчийн дотуур байр 65 машины авто гарааж болон сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, аппаратур, техник хэрэгсэл зэрэг үндсэн болон дагалдах эд хөрөнгүүд бүхий авто сургалтын иж бүрэн цогцолбор байгууламж нь УБХТН-ийн үйл ажиллагаанд зориулан ашиглуулсан төрийн өмч юм.
Иймд Хан Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын *******ийн Авто сургуулийн төвийн барилга байгууламж түүний бүрдэл болон дагалдах эд хөрөнгүүдийг төрийн өмч болохыг тогтоож, төрд хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:
ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс БНМАУ-ыг *******т бэлэг болгон автын сургуулийг барьж байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр нэртэй баримт бичигт монголын талаас ГЭЗТХУХ-ны дарга Д.Салдан, Зөвлөлтийн талаас ЗСБНХУ-ын ЭЗТГХУХ-ны орлогч дарга ******* нар гарын үсэг зурсан байдаг. Энэ хэлэлцээр нь хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан албан ёсны хэлэлцээр. Өөр ямар нэгэн гэрээ хэлэлцээр байгаа болон уг барилга байгууламжийг улс хүлээн авсан тухай акт, баримт материал байгаа эсэх талаар Засгийн газар, Улсын Төв архив, Гадаад яаманд хүсэлт явуулсан боловч ямар нэгэн нэмэлт материал байхгүй байгаа талаар албан бичгээр хариу илгээсэн нь нэхэмжлэлийн хариу тайлбарт хавсаргасан.
Дээрх хэлэлцээрийн нэр нь л гэхэд ДОСААФ-аас БНМАУ-д гэлгүйгээр УБХТН-т бэлэг болгон барьж байгуулж өгнө гэж тодорхой заажээ. Тухайн үеийн систем, тогтолцооны дагуу гадаадтай харилцах асуудлыг зөвхөн МУ-ын Засгийн газар, түүний эрх олгосон байгууллага шийдвэрлэдэг байсан. Тэр үед ГЯЯ болон ГЭЗТХУ-ын Хороо, Гадаад харилцааны яам гурав л Засгийн газрын зөвшөөрөл олгосноор гэрээ, хэлэлцээр хийж байсны зөвхөн нэгэн жишээ энэ хэлэлцээр юм. Засгийн газар гэрээ байгуулсан учир энэ нь улсын өмч гэж байгаа нь үндэслэлгүй. Угаасаа хэлэлцээр нь нэр, утга, агуулгаараа тэс өөр байгаа ба ДОСААФ-аас УБХТН-т бэлэг болгон барьж байгуулж өгөх гэж тодорхой заасан. Баримт нотолгоо ийм байтал ТӨБЗ-ын газар нэхэмжлэлдээ уг хэлэлцээрийн оршил буюу ерөнхий заалт болох манай улсаас ЗСБНХУ-тай байгуулсан аливаа гэрээ, хэлэлцээрийн өмнөх оршил хэсэгт бичдэг тогтсон хэллэг болох ...хоёр орны хоорондын ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааны үүднээс дор дурдсан зүйлийг тохиролцов гэсэн үгийг салган авч өөрсдөдөө давуу байдал үүсгэх зорилгоор бага зэрэг дэлгэрүүлэн БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын хоёр орны ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааны харилцааны хүрээнд ЗСБНХУ-ын Засгийн газраас буюу ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс Улаанбаатар авто сургуулийн барилга байгууламж барьж БНМАУ-д бэлэг болгон өгөхөөр 1980 оны 03 сарын 07-ны өдөр хэлэлцээр байгуулсан байдаг гэж хэлэлцээрийн үг үсгийг илтэд гуйвуулан засварлан бичиж Засгийн газрын төлөөний байгууллагын нэр хүндэд харшилсан, хууль хяналтын байгууллагыг төөрөгдүүлэхийг оролдсон хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийжээ.
1980 оны энэ хэлэлцээр бидний мөрдөх, дагах ганц баримт бичиг мөн. Үүнийг хэн нэгэн өөрийн зорилгод ашиглан гуйвуулан тайлбарлах нь төр, хуулийн байгууллагыг хуурсан хэрэг болно. Хоёр орны Засгийн газрын хэлэлцээрээр Зөвлөлтийн байгууллага монголын нэг байгууллагад бэлэг болгон барьж өгсөн барилга байгууламж тул Улсын комисс хүлээж авалгүйгээр шууд монголын талаас УБХТН-ийг төлөөлж БНМАУ болон ЗСБНХУ-ын Баатар, Сансарын нисгэгч, хошууч генерал, УБХТН-ийн дарга *******, Зөвлөлтийн талаас ЗСБНХУ-ын Арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгийг төлөөлж Егоров ГМ нар 1984 оны 10 сарын 01-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулж байсан. Харин үүний дараа УБХТН-ийн дарга хошууч генерал *******гийн тушаалаар ЗХУ-ын тусламжаар баригдсан авто сургуулийн барилга байгууламж, эд хогшил тоног төхөөрөмж хүлээн авах комисс томилсон. Энэ тушаалаар УБХТН-ийн нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал *******г комиссын даргаар, гишүүдэд дэд хурандаа болон миний бие оролцсон 15 хүний бүрэлдэхүүнтэй комисс томилон хүлээн авч байсан түүхтэй. Комисс авто сургуулийн барилга байгууламжийг хүлээн авсны дараа нээлт болж авто сургуулийн үүдний чөлөөт талбайн хананд БНМАУ-ыг БХТН-Т ЗСБНХУ-ын Арми, агаар тэнгисийн цэрэгт туслах сайн дурын нийгэмлэгээс бэлэг болгон барьж байгуулсны дурсгал болгож Монгол Орос хэл дээр хүрэл самбар байрлуулан дурсгалын түлхүүр гардуулж байсан. Энэ самбар одоо байгаа ба хэн хүний нүдэнд ил харагдаж байдаг юм. 1976 онд Төрийн бус байгууллагын тухай Монгол улсын хууль гарсантай уялдуулан УБХТН-ийн Анхдугаар их хурал 1977 онд болж дүрмээ шинэчлэн баталж байсан түүхтэй. Тэгэхээр өнөөгийн БХТН тэртээ 1929 онд байгуулагдаж байсан УБХТН-ийн хууль ёсны залгамжлагч мөнөөс мөн. Одоогийн БХТН нь анх байгуулагдахдаа л батлан хамгаалахад туслах эвлэл, ардын өөрийгөө хамгаалах хөдөлмөр нийгэмлэг, ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэг, батлан хамгаалах хөдөлмөр нийгэмлэг, улсыг ******* гэсэн олон нийтийн байгууллага байсан. Энэ байгууллагын анхны болон одоогийн зорилго, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа улс орны батлан хамгаалах хүчийг бэхжүүлэхэд туслах, ард иргэдийг эх оронч хүмүүжилтэй болгон төлөвшүүлэх, цэргийн хэргийн анхан шатны мэдлэг олгох, ялангуяа залуучуудын цэрэг эх оронч сэтгэлгээг сэргээх, цэргийн албанд бэлтгэх, тэднийг улс орноо батлан хамгаалах үйлст татан оролцуулах, цэрэг техникийн спортыг түлхүү хөгжүүлэх явдал байсан. Ийм зорилго хэрэгжүүлж байсан одоо ч хэрэгжүүлж байгаа. ТӨБЗГ-ын бичсэнээр манай байгууллагыг оролцуулаад дээрх олон нийтийн байгууллагуудын удирдлага, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны журам зэргийг тухайн үеийн МАХН-ын Төв Хорооны шийдвэрээр баталдаг байсан нь үнэн.
Манай байгууллага ч бусдын адил мөн тийм замаар байгуулагдаж ирсэнд маргахгүй. Харин дахин сануулахад 1975 оноос хөдөлмөрчдийн биеэ даасан байгууллага болсон төдийгүй 1970 оноос аж ахуйн тооцоонд шилжин өөрийгөө санхүүжүүлж байсан. Энэ тухай УБХТН-ийн ТЗ-ийн дарга байсан дэслэгч генерал Ж.Жамьянгийн бичсэн БХТН-ийн 1975-1982 оны тайланд тодорхой бичсэн.
2020 оны намар Ерөнхий сайд ******* зарим аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтай танилцахдаа БСТК-ээр орж төрийн өмчид очоод байсан буудлага клубын болон БТСУХ-ны удирдлагууд Авто сургуулийн талаар Ерөнхий сайдад ташаа буруу мэдээлэл өгснөөс асуудал үүсэн байдаг. Энэ ажил хэргийн уулзалтын үр дүнгийн талаар Засгийн газрын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн хуралдаанд ЗГХЭГ-ын дарга танилцуулга хийсний дагуу авто сургуулийн өмчлөлийг тогтоох, төрийн өмчид авах асуудлыг хуулийн хүрээнд судалж үзэх талаар ТӨБЗГ, БТСУХ болон Нийслэлийн засаг дарга нарт чиглэл өгсөн. Үүний дагуу ТӨБЗГ комисс томилон ажиллуулж дүгнэлт гаргасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлд хэн гэдэг даргатай хэдэн гишүүнтэй комисс ажиллаж ямар баримт материал үндэслэн дүгнэлт гаргасан нь тодорхойгүй байна. Мөн өмч хөрөнгө болон хувь хүнтэй холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж шийдэгдээгүй байгаа асуудал болон 2021 оны 09 сарын 20-ны өдрийн Нийслэлийн Прокурорын мэдэгдэл зэргийг ашиглан авто сургууль нь төрийн өмч байх үндэслэлтэй гэж үзэж ТӨБЗГ-аас хэргийн шүүхэд хандсан. Тэгвэл гол иш үндэс болгосон хоёр асуудлыг АТГ-т байгаа хэрэг одоо болтол шийдэгдээгүй хүлээгдэж байгаа, прокурорын мэдэгдэл нь дутуу дулимаг, үндэслэл муутай болох нь Нийслэлийн прокурорын газарт явуулсан албан тоотын хариу бичгээс тодорхой харагдаж байна. Нийслэлийн Прокурорын газраас манай асуулгад ирүүлсэн 4/856 тоот албан бичигт Нийслэлийн Прокурорын ерөнхий газрын ерөнхий прокурор Ш.Нямдорж дээрх хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн явагдаж дуусаагүй байхад 2021 оны 01 сарын 20-ны өдрийн 01/04 тоот дугаартай мэдэгдлийн мөрөөр буюу мэдэгдлийг хүлээн авснаас хойш 1 сарын дотор БХТН НҮТББ-ын өмч хөрөнгийг төрийн өмчид авах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, нөгөө талаас мэдэгдэлд заасан хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй гэсэн үндэслэлээр Нийслэлийн прокурорын газраас түүнд Зөрчлийн тухай хуульд зааснаар хариуцлага хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын мэдэгдэл нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл болохгүй бөгөөд тухайн мэдэгдэл нь иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтын ач холбогдолгүй юм гэж хариу өгсөн байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэлийн гол үндэслэлүүд тодорхой нотлох баримтад тулгуурлаж чадаагүй үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ шаардах эрх хэдийд, яаж үүссэн талаар огт дурдаагүй байна. Иргэний эрх зүйн харилцаанд хөндөгдсөн, зөрчигдсөн эрхээ хамгаалуулах талаар гомдол, нэхэмжлэл гаргах тодорхой хугацааг хуульд тусгаж, шаардах эрх бүр хөөн хэлэлцэх хугацаатай байх талаар тодорхой тусгасан байдаг. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт “...хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна”, 75.2.2-т “үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа зургаан жил” гэж тус тус хуульчилсан. Гэтэл нэхэмжлэлд дурдсан үйл баримтаас дүгнэхэд нэхэмжлэгчийн хариуцагчаас Улсыг батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн Авто сургуулийн төвийн барилга, байгууламж, түүний бүрдэл болон дагалдах эд хөрөнгө Төрийн өмч болохыг тогтоолгож, төрд хүлээлгэн өгөхийг шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа аль хэдийн өнгөрч, хэтэрсэн болох нь тодорхой байна. ...Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн тайлбарын агуулга:
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасныг үндэслэж төрийг төлөөлж, төрийн байгууллагын хүсэлтээр гуравдагч этгээдээр энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу тухайн хөрөнгийг хүлээлгэж өгсөн байна. Үүнийг 2 улсын хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсад бэлэглэж байгаа асуудал байхад төрийн бус байгууллагын хууль батлагдсанаар бүртгүүлээд, өөрийн өмчид авсан нь эргэлзээтэй байна. Энд албан тушаалын хэргийн асуудал байгаа гэж яригдсан. Тухайн хөрөнгийг үндэслэлгүйгээр захиран зарцуулснаас үүссэн үр дагаврын асуудал байгааг үгүйсгэхгүй. Ийм учраас төр хөрөнгөө шаардах эрхтэй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* төв зөвлөл НҮТББ-д холбогдох ******* дүүрэг ******* хороо, ******* тоот хаягт байрлах, ******* дугаартай авто сургуулийн барилга, байгууламжийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэгч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, бодит нөхцөл байдалд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий бөгөөд хууль ёсны байх шаардлагыг хангаж чадсангүй.
Маргаан бүхий цогцолбор үл хөдлөх эд хөрөнгө нь ЗСБНХУ болон БНМАУ нарын Засгийн газар хоорондын 1980 оны хэлэлцээрийн дагуу барьж байгуулан, бэлэг болгон шилжүүлсэн нь хөрөнгө юм.
Уг хэлэлцээрийн оролцогч талууд нь нэг талаас БНМАУ-ын Засгийн газар, нөгөө талаас ЗСБНХУ-ын Засгийн газар гэж хэлэлцээрийн эхэнд тодорхой заасан. Хэлэлцээрийн Нэгдүгээр зүйлд зааснаар бэлэг болгон Улаанбаатар хотод автын сургуулийн барилгыг зөвлөлтийн байгууллагын хүчээр барьж байгуулах, түүнийг тоноглох ажлыг хангах үүргийг ЗСБНХУ-ын Засгийн газар хүлээсэн, хэлэлцээрийн хоёрдугаар зүйлд Монголын тал автын сургуулийг барьж байгуулахад дээд хэмжээний туслалцаа үзүүлэх үүргийг хүлээсэн байдаг.
Маргаан бүхий хөрөнгийг Монголын талд Улаанбаатар хотод 350 суралцагчтай Авто сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгөх, хүлээн авах техникийн комиссын акт-аар өгсөн байдаг.
Уг комиссын актад хүлээн авах Монголын талын бүрэн эрхт төлөөлөгчид, Зөвлөлтийн талын бүрэн эрхт төлөөлөгч нар гарын үсэг зурсан бөгөөд Комиссын актын Техникийн комиссын шийдвэрт ...ажлын чанарыг ОНЦ гэсэн ерөнхий үнэлгээтэйгээр байнгын ашиглалтад хүлээн авах, ...Монголын талын өмнө хүлээсэн үүргээ Зөвлөлтийн тал бүрэн биелүүлсэн гэж үзэх гэж шийдвэрлэсэн. Зөвлөлтийн барилгын 3-р трест, ЗСБНХУ-ын Аж үйлдвэрийн яамны гадаад дахь барилгын холбогдох байгууллагууд оролцож, ...авто сургуулийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэв гэсэн байна.
Мөн ...Зөвлөлтийн барилгын 3-р трест, ЗСБНХУ-ын Аж үйлдвэрийн яамны гадаад дахь барилгын холбогдох байгууллагууд оролцож, ...авто сургуулийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэв гэж, объектыг барихад оролцсон байгууллагуудын жагсаалтыг хавсаргасан тухай уг комиссын актад бичигдсэн байна.
Өөрөөр хэлбэл, энэхүү комиссын акт нь үл хөдлөх эд хөрөнгийг бэлэг болгон хүлээлгэн өгсөн, бэлэг болгон авсан тухай бус, барилгыг байнгын ашиглалтад оруулах тухай акт юм.
Иймд анхан шатны шүүхийн ...дээрх авто сургуулийн барилга, байгууламжийг тоног төхөөрөмжийн хамт ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгийн хөрөнгөөр барьж байгуулан, БНМАУ-ыг *******т бэлэг болгон хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.
Авто сургуулийн барилга байгууламжийг УБХТН-ийн эзэмшил, ашиглалтад өгсөн эрх зүйн үндэслэл нь Сайд нарын Зөвлөлийн тогтоол юм.
Төрийн эдийн засгийн үндсэн зарчим, зохицуулалтын талаар 1960 оны Үндсэн хуульд дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд: Үндсэн хуулийн 2 дугаар бүлгийн 8 дугаар зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын эдийн засгийн үндэс бол хөдөлмөрчид олон жил шаргуу тэмцэн, үйлдвэрлэлийн хэрэгслийг хувьдаа өмчлөх журмыг халж, хүн хүнээ мөлжих ёсыг устгасны үрээр тогтсон социалист системийн аж ахуй, үйлдвэрлэлийн хэрэгслийг нийтээр өмчлөх социалист өмч мөн,
Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын социалист өмч бол улсын (бүх ард түмний хөрөнгө), хоршооллын (хөдөө аж ахуйн нэгдэл ба бусад төрлийн хоршооллын хөрөнгө) ийм хоёр хэлбэртэй байна
Үндсэн хуулийн 10 дугаар зүйлд .... мөн улсын бүх байгууллагын эд хөрөнгө, энэ бүхэн бол улсын өмч, өөрөөр хэлбэл бүх ард түмний хөрөнгө юм гэж тус тус заасан.
1984 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөл /СНЗ/-ийн тогтоолоор Авто сургуулийг байгуулсан бөгөөд Авто сургуулийг УБХТН-ийн харьяанд байгуулсан байдаг. Ингэхдээ холбогдох яам, газруудын саналыг авч, энэ сургууль байгуулагдсан. Өөрөөр хэлбэл, олон нийтийн байгууллага болох УБХТН гээд өөрөө байгуулсан сургууль биш, сургууль буюу барилга байгууламж нь улсын өмч учраас тухайн барилга байшин дээр үйл ажиллагаа явуулах эрх зүйн үндэслэлийг Сайд нарын зөвлөл тогтоож өгсөн. Мөн авто сургуулийн барилга, байгууламж, эд хөрөнгийг Монгол талаас хүлээн авах эрхийг СНЗ-өөс ******* даргад олгосон. Эрх олгосноор хүлээж авч байгаа болохоос УБХТН бэлэг хүлээн авагч гэж шууд хүлээн аваагүй. Түүнчлэн, авто жолооны сургалтын талаар улсаас барих бодлого, зорилтыг тодорхойлж өгсөн байна.
Анхан шатны шүүх 1963 оны Иргэний хуулийн холбогдох заалтуудыг үндэслэн ...тухайн барилга байгууламж бүхий хөрөнгө нь социалист өмчид хамаарч байх ба УБХТН нь уг барилгыг эзэмшиж, ашиглаж байсан байна гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг хийсэн.
Гэсэн хэдий ч шүүх ...БХТН төв зөвлөл ТББ нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийн газрын хамт өөрийн өмчлөх, эзэмших эрхэд бүртгүүлж, хууль ёсны өмчлөгч, эзэмшигч болсон нь тогтоогдож байх ба төр уг эд хөрөнгийг өөрийн өмчлөлд бүртгэж, баталгаажуулж байгаагүй байна гэсэн зөрчилтэй, үндэслэлгүй дүгнэлтийг хийснээр УБХТН-ийн эзэмшил, ашиглалтад нь байсан хөрөнгө яг ямар үндэслэлээр ТББ-ийн өмчлөлд шилжсэн талаар тодорхой дүгнэлт хийж чадсангүй. Шүүх энэхүү үндэслэлийг анхааралгүй орхиж, улсын бүртгэлийг өмчлөх эрхийн баталгаа мэт дүгнэж, буруу хуулийг хэрэглэсэн болно.
УБХТН-ийн дээрх цогцолбор барилга болох нийт 8992 м.кв талбай бүхий барилга байгууламжийг 1999 оны 12 сарын 08-ны өдөр тухайн үеийн УБХТН-ийн төв зөвлөлийн дарга *******ийн гаргасан мэдүүлэг, албан хүсэлт, үл хөдлөх хөрөнгийн товч танилцуулга, ашиглалтад хүлээн авсан 1984 оны комиссын акт, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/224 дүгээр захирамжаар УБХТН-ийн Авто сургуульд олгосон 39597 м.кв талбай бүхий газрын гэрчилгээ, гэрээ, газрын кадастрын зураг, 1997 Төрийн бус байгууллагын гэрчилгээ, үл хөдлөх хөрөнгийн фото зураг зэрэг баримтуудыг үндэслэн, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, ******* тоот гэрчилгээ олгосон байна.
Өөрөөр хэлбэл үл хөдлөх эд хөрөнгийн газрын эрхийг авсан үйл явдлын дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн хүсэлтээ гаргасан байдаг.
УБХТН-ийн авто сургууль /БХТН ТББ байгуулагдахаас өмнө/-аас 1996 оны 09 сарын 08-ны өдрийн 39 дүгээр албан бичгээр Нийслэлийн газрын албанд газар эдэлбэрийн хуулийн дагуу газар баталгаажуулж өгөх тухай хүсэлт гаргасан байдаг. Энэ хүсэлтийн дагуу Хот байгуулалт, газар зохион байгуулалтын Мэргэжлийн комиссын 1996 оны 10 сарын 09-ний өдрийн хурлын протокол №4-өөр, Газрын эрхийг шинэчлэн тогтоох тухай асуудлыг хэлэгдсэн. Үүнд ******* дугаар гэрчилгээ бүхий УБХТН-ийн авто сургууль гэдэг байгууллагад ******* дүүргийн *******, Буудлагын төв клубын баруун талд /дунд голын урд эрэгт/ 39597 м.кв-4.0 га газрыг УБХТН-ийн Авто сургууль гэдэг байгууллагад сургалтын зориулалттайгаар 4 жилийн хугацаатай ашиглах эрх олгох асуудыг хэлэлцсэн. Газар дээр 4892 м.кв талбай бүхий 1-3 давхар тоосгон барилгатайг дурдсан. Дээрх асуудлыг шийдүүлэхдээ УБХТН-ийн Авто сургуулийн регистрийн дугаарыг ******* гэж өгсөн байх ба харин энэ ******* гэсэн дугаар нь хуулийн этгээдийн гэрчилгээ, регистрийн дугаар биш БХТН-ийн Авто сургуулийн нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээний дугаар байна.
УБХТН-ийн Авто сургуулийн энэ хүсэлтийн дагуу Нийслэлийн Засаг даргын 1996 оны 01 сарын 01-ний өдрийн А/22 тоот шийдвэрийн дагуу Газар ашиглах 956 дугаар гэрчилгээ олгосон бөгөөд уг гэрчилгээнд дээрх улсын гэрчилгээ, регистрийн дугаар хэсэгт УБХТН-ийн Авто сургуулийн Нийгмийн даатгалын бүртгэлийн гэрчилгээний ******* гэдэг дугаар бичигдсэн байна.
Авто сургууль өөрөө 1984 оны СНЗ-ийн тогтоолоор байгуулагдсан, нийгмийн даатгалын болон татварын тусдаа гэрчилгээтэй байгууллага. Энэ байгууллага дээр 1996 оны А-229 захирамж ингэж гарсан. Гэтэл БХТН ТББ авто сургуулийг татан буулгаад ТББ-даа нэгтгэсэн. Энэ нь ТББ-ийн өөрсдийнх нь шийдвэр бөгөөд Авто сургуулийг татан буулгах, нэгтгэх талаар төрийн эрх бүхий байгууллагаас ямар ч зөвшөөрөл, олгогдоогүй, Засгийн газраас шийдвэр гараагүй юм.
Ингээд БХТН-ийн нэр дээрх эзэмшил газрын эрх болон 1984 оны комиссын актаар БХТН ТББ маргаан бүхий барилга, байгууламжийн өмчлөгч болсон үйл баримттай.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийг дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн бүртгэлийн тухайд маргасан баримтыг шүүхэд ирүүлээгүй байна гэсэн. Нэгэнт улсын бүртгэл өмчлөгч гээд бүртгэсэн тохиолдолд өмчлөгчийн асуудлыг иргэний шүүхээр шийдвэрлүүлсний дараа улсын бүртгэлд маргах эрх үүсэх тул энэ талаарх баримт гаргаж өгөх боломжгүй юм.
Анхан шатны шүүх маргаан бүхий барилга, байгууламж төрийн өмчид бүртгэгдээгүй байсан болохоор төрийн өмч гэж үзэхгүй гэсэн агуулгатай дүгнэлт хийж байгаад гайхаж байна.
Төр өөрийн байгууллагад эзэмшүүлж, ашиглуулж буй хөрөнгийг тухайн эзэмшиж, ашиглаж буй байгууллагын балансад бүртгэж явдаг бөгөөд энэ зарчмын дагуу УБХТН-ийн Авто сургууль гэдэг байгууллагад харьяалж явсныг ТББ өөрөө авто сургуулийг татан буулгаснаар хөрөнгийг нэгтгэсэн байдаг.
Анхан шатны шүүх Төрийн өмчийн хорооны даргын 2010 оны, мөн хорооны 2012 оны албан тоотуудыг үндэслэн тус төрийн өмчид бүртгээгүй байна гэж дүгнэсэн.
Улсыг *******ийн өмч хөрөнгө нь 1997 он, 2001 оны Төрийн өмчийн эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тооллогын тайлан мэдээнд Улсыг ******* маргаантай өмч гэж орсон байдаг. Эдгээр тогтоолууд хүчин төгөлдөр байгаа бөгөөд үүн дотроос маргаан бүхий хөрөнгийн маргаантай өмчөөс хассан, гаргасан гэсэн тогтоол, шийдвэр байхгүй. Эдгээр тооллогын талаарх Засгийн газрын тогтоолууд нийтэд илэрхий баримт тул ишилж тайлбарласан болно.
УБХТН-ийн эрх зүйн байдал, Анхан шатны шүүх БНМАУ-ын Улсыг ******* гэдэг байгууллагыг 1929 онд байгуулагдаж, үйл ажиллагаагаа тасралтгүй ирсэн, МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөл зэрэг тухайн цаг үеийн төрийн эрх барих байгууллагуудын тогтоол шийдвэрээр үйл ажиллагаа нь зохицуулагдаж явагдаж ирснийг хүлээн зөвшөөрдөг УБХТН нь төрийн залгамж бодлого, чиг үүрэг хэрэгжүүлэгч байгууллага байсан.
УБХТН нь Сайд нарын зөвлөлийн 1970 оны 14 дүгээр тогтоолоор /Улсыг *******ийн төв зөвлөл гэж нэрлэн, аж ахуй, санхүүг нь Батлан хамгаалах яамны аж ахуй, санхүүгийн аппараттай нэг байхаар тогтоосон/ бөгөөд Улсын төсвөөс санхүүждэг. /МАХН-ын Төв хорооны улс төрийн товчооны 1980 оны 28******* тогтоолоор Улсыг *******ийн төв зөвлөлийг улсаас санхүүжүүлэхийн хамт аж ахуйн тооцоотой ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг/. Удирдлага нь төрөөс томилогддог. /МАХН-ын Төв хорооны Улс төрийн Товчооны 1983 оны 184 дүгээр тогтоолоор энэ байгууллагын орлогч даргаар ******* томилогдон ажиллаж байсан бөгөөд 1987 онд УБХТН-ийн IY их хурал болж, *******, *******, ******* нарыг удирдлагаар сонгуулахаар санал оруулж байдаг./
АТГ-ын шалгаж байсан эрүүгийн хэргийг 2026 оны 01 сарын 15-ны өдрийн 06/804 дүгээр албан бичгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан /Эрүүгийн хуулийн 1.10.9.Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно/ гэх заалтыг үндэслэн хэргийг хаах саналтайгаар нийслэлийн прокурорын газарт хүргүүлсэн ба өнөөдрийн байдлаар эцэслэн шийдэгдээгүй болно.
Маргаан бүхий хөрөнгийг БХТН ТББ-д шилжүүлсэн акт, өмчлөх эрх шилжүүлсэн эрх бүхий байгууллагын шийдвэр, дуудлага худалдаа эсхүл өмч хувьчлалын ямар нэгэн бичиг баримт байхгүй, ямар нэгэн гэрээгээр хөрөнгийг шилжүүлсэн баримт байхгүй болно.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1-ийн 1-д зааснаар энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө төрийн өмч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, зохих ёсоор үнэлээгүй, өмчлөх эрх үүсэх хууль зүйн үндэслэлийг шалгаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангахгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, ******* дүүрэг ******* тоот хаягт байрлах, ******* дугаартай авто сургуулийн барилга, байгууламжийг төрийн өмч болохыг тогтоож хариуцагчийг уг эд хөрөнгийг төрд хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
6. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
...1984 оны 10 сарын 01-ний өдөр ЗСБНХУ-ын Арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс БНМАУ-ыг *******т бэлэг болгон авто сургуулийг барьж байгуулах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж, хавсралт актаар нэр бүхий эд хөрөнгүүдийг Монгол улсад хүлээлгэн өгсөн.
*******ийн Төв зөвлөлийн дарга ******* нь Монгол Улсын хууль зүйн яаманд олон нийтийн байгууллагаар бүртгүүлэх хүсэлт гаргахдаа МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1975 оны 18 дугаар тогтоолын 2 дахь заалт буюу УБХТН-ийг Батлан хамгаалах яамны харьяаллаас гаргаж, хөдөлмөрчдийн биеэ даасан сайн дурын биеэ даасан байгууллага болгон өөрчлөн байгуулах нь зүйтэй заалтыг үндэслэсэн боловч өмчийн хэлбэр, захиран зарцуулалтын эрх, үүргийн талаар дурдаагүй байна.
Олон нийтийн байгууллага гэдгийг 1960 оны Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Үндсэн Хуулийн наян хоёрдугаар зүйлд зааснаар үйлдвэрчний эвлэл, хоршоолол, залуучууд, биеийн тамирын эвлэл зэрэг байгууллага, соёл, шинжлэх ухаан, техникийн нийгэмлэг, тэрчлэн улс түмний эв найрамдал, энх тайвныг бэхжүүлэх нийгэмлэг зэрэг-ийг ойлгодог байсан.
1963 оны Иргэний хуулийн 24 дүгээр зүйлд Олон нийтийн байгууллага, тэдгээрийн холбоо нь өөрийн дүрэмд заасан зорилгодоо нийцүүлэн, БНМАУ-ын нийгэм, эдийн засгийн хөгжилд туслах, ард иргэдийг социалист байгуулалтад татан оролцуулах үүрэгтэй", мөн хуулийн 90 дүгээр зүйлд олон нийтийн байгууллагын өмчийг Олон нийтийн байгууллагын өмч гэж тодорхойлсон бөгөөд энэ өмчийг зөвхөн дүрмийн зорилго болон улс орны хөгжлийн ерөнхий чиг хандлагад нийцүүлэн ашиглахыг үүрэг болгосон зэрэг хуулийн зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэлийн эд хөрөнгүүд нь улсын өмч байсан байна.
БХТН нь 1993 оны Ү их хурлаар Монгол Улсын *******ийн дүрмийг шинэчилж Нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага болгон өөрчилж, гэрчилгээ авч, нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг өөрийн өмчлөлд бүртгүүлэн, захиран зарцуулж байсан болох нь тогтоогджээ.
Шүүх шийдвэрийнхээ 7 дахь хэсэгт 1963 оны Иргэний хуулийг холбогдох заалтуудыг үндэслэн УБХТН-ийг эзэмшиж байсан хөрөнгүүдийг социалист өмч гэж дүгнэсэн атлаа 1990 онд нийгмийн өөр тогтолцоонд шилжсэн, шинэ хуулиуд хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн зүйл болох эд хөрөнгийн өмчлөлийг зөвхөн 1996 оны төрийн өмчийн тооллогыг үндэслэн Төрийн өмч биш гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Төрийн өмчийг эзэмших, ашиглах эрхийг олон нийтийн байгууллагад өгснөөс өмчлөлийг 1997 оны Төрийн бус байгууллагын тухай хуулиар төрийн бус байгууллагын өмчлөлд шилжүүлээгүй, анхан шатны шүүх өмчлөх эрхийн асуудал хөндөгдсөн харилцааг 1997 оны хуульд хамаатуулан дүгнэсэн нь Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн, төрийн бус байгууллага нь өмч хувьчлал явагдаагүй, төрийн өмчийг төрийн бус байгууллагад шилжүүлсэн гэх баримтгүй, нэг гишүүнчлэлтэй төрийн бус байгууллагад болж өөрчлөгдсөн үндэслэл, тухайн байгууллагын дүрэм зэрэгт дүгнэлт хийгээгүй.
Нөгөө талаар бусдын өмчлөлийн зүйлийг төрийн буй байгууллагаар бүртгүүлснээр өөрийн өмчлөлд авах нь үндэслэлгүй хөрөнгөжих иргэний эрх зүйн маргаан болно.
Иймд нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг баримтлан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:
...БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1984 оны 07 сарын 06-ны өдрийн 192 дугаартай Авто сургууль байгуулах тухай тогтоолын 1-д ЗСБНХУ-ын ДОСААФ-ын байгууллагаас бэлэг болгон барьж өгсөн авто сургуулийг 1984/1985 оны хичээлийн жилээс эхлэн нээж, түүнд УБХТН-ийн Улаанбаатар хотын зөвлөлийн харьяа автомашины жолооч, авто сонирхогч, мотоциклчин, тракторчин бэлтгэх курсүүдийг нэгтгэн хичээллүүлэхийг УБХТН-ийн төв зөвлөлд даалгахаар заасан байна. Тус тогтоолоор авто сургуулийн үйл ажиллагаа явуулах үндсэн журмыг тогтоосноос бус бэлгийн үл хөдлөх эд хөрөнгийг УБХТН-т эзэмшүүлж, ашиглуулахаар шийдвэрлэсэн талаар огт дурдаагүй байна.
1980 оны 03 сарын 07-ны өдрийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу барилгын авто сургуулийн үл хөдлөх эд хөрөнгийг бэлэглэгч нь ЗСБНХУ-ын ДОСААФ, бэлэг хүлээн авагч нь БНМАУ-ыг ******* учир тус хөрөнгө нь анхнаасаа УБХТН-ийн өмч гэдгийг хүлээн зөвшөөрч, өмчийн зүйлийн эзэмшил, ашиглалтын талаар ямар ч шийдвэр байхгүй. Учир нь Монгол Улсын төр угаасаа бэлгийн авто сургуулийн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байгаагүйн нотолгоо болно.
Бэлгийн авто сургуулийн үл хөдлөх эд хөрөнгө нь 1984 онд ашиглалтад орж, УБХТН авто сургуулийн барилга, байгууламжийг өмчлөх болсон.
...1960 оны Иргэний хуулиас үзвэл 1975 оноос хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан олон нийтийн байгууллагын статустай үйл ажиллагаа явуулж байсан УБХТН нь үйл ажиллагааныхаа зорилгыг биелүүлэхийн тул өөрийн өмчтэй байх, өмч олж авах эрхтэй бөгөөд энэ хөрөнгө нь улсын өмчид хамаарахгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Тодруулбал улсын өмч болоод олон нийтийн байгууллагын өмч нь өмчийн өөр өөр төрөлд хамаарах бөгөөд олон нийтийн байгууллагын өмч нь социалист өмч мөн боловч социалист өмч болгон улсын өмчид хамааралгүй юм.
Улмаар Монгол улс 1990 онд нийгмийн өөр тогтолцоонд шилжиж, 1992 онд шинэ Үндсэн хууль болон Иргэний хууль, Өмч хувьчлах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг хуулиуд батлагдсантай холбогдон өмчийн төрөл, хэлбэр өөрчлөгдсөнөөр эрх зүйн харилцааг зохицуулж буй хууль тогтоомж бүхэлдээ шинэчлэгдэж, өмчийг бүртгэлжүүлж эхэлснээр БХТН-ийн авто сургуулийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг БХТН-ийн өмчлөлд бүртгэж, 2000 оны 03 сарын 29-ний өдөр 0000910 тоот гэрчилгээ олгон өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг. Мөн тус үл хөдлөх эд хөрөнгө оршин буй газрыг эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 1996 оны 11 сарын 01-ний өдрийн А/224 дугаар захирамжаар БХТН-т олгосон болохыг дурдах нь зүйтэй.
...Хариуцагч ******* НҮТББ нь анх байгуулагдсан цагаасаа өдийг хүртэл 100 гаруй жилийн туршид улсыг батлан хамгаалах үзэл баримтлалыг хэрэгжүүлэх, биеийн тамир, спортыг хөгжүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх зорилгоо биелүүлж, үйл ажиллагаагаа тасралтгүйгээр явуулсаар байгаа. Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь хариуцагч ******* НҮТББ-ын дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд ашигладаг, хариуцагчийн хууль ёсны өмчид шууд хамаарна.
...Төрийн өмчийн хороо/хуучнаар/-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын даргын үүрэг гүйцэтгэгч, Төрийн өмчийн удирдлагын хэлтсийн дарга *******аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2012 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2/1372 дугаартай тодорхойлолтыг хүргүүлсэн байдаг. Тус тодорхойлолтод ******* нь төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд төрийн өмчийн оролцоогүй тул төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн тооллогод хамрагдаагүй байна. Тус нийгэмлэгийн эд хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн маргаантай асуудал байхгүй болно хэмээн дурдсан байдаг. Мөн Төрийн өмчийн хороо/хуучнаар/-ны дарга *******аас Монгол Улсын Батлан хамгаалахын сайд *******од 2010 оны 09 сарын 20-ны өдрийн 12/1757 дугаартай албан бичгийг хүргүүлсэн ба тус албан бичигт мөн л ******* нь ... төрийн бус байгууллага ажээ. Тийм ч учраас Төрийн өмчийн хорооноос төрийн болон төрийн оролцоотой, орон нутгийн өмчийн хөрөнгийг тоолж төрийн өмчийн мэдээллийн санг байгуулахдаа *******ийг хамруулаагүй юм." хэмээн дурдсан байдаг. Төрийн өмчийн хороо/хуучнаар/-ны эрх бүхий албан тушаалтнуудын дээрх албан бичгүүд нь манай ******* НҮТББ-ыг бие даасан олон нийтийн байгууллага болохыг, мөн манай байгууллагын өмчлөлийн эд хөрөнгө нь төрийн өмчид хэзээ ч байгаагүй, огт хамааралгүй болохыг нотолдог.
....Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг тайлбарлахдаа маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1.1-д энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгө гэж зааснаар хамаарна гэж өөр хоорондоо зөрүүтэй тайлбар, үндэслэл дурдаж буй нь нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлийг бодитой, хууль зүйн үндэслэлтэй тодорхойлж чадаагүй болохыг илтгэж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай батлагдсантай холбогдон төр өөрийн өмчийн эд хөрөнгийг тоолж, бүртгэсэн байдаг бөгөөд Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1******* тогтоолд бэлгийн авто сургуулийн үл хөдлөх эд хөрөнгө болох ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт байрлах 350 суралцагчийн хүчин чадалтай авто сургуулийн барилга, 150 суралцагчийн дотуур байр, 65 машины авто гараашийн цогцолбор барилгыг төрийн өмчид бүртгэгдээгүй байдаг. Нөгөө талаас 1997, 2001 оны Төрийн өмчийн эд хөрөнгийн Улсын бүртгэлийн тооллогын тайлан мэдээнд УБТХН маргаантай өмч гэж бүртгэсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч үүнийгээ нотлоогүй. Хэрэв төр өмчлөх эрхээ зөрчигдсөн гэж үзсэн бол төрийн эрх бүхий байгууллага тухайн цаг мөчөөс эхлэн нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн талаар аливаа шаардлага гаргах боломжтой байсан буюу эрх зөрчигдсөн тухай мэдсэн, шаардах эрх үүссэн цаг хугацаа гэж үзнэ.
1994 оноос 2002 оныг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн 69 дүгээр зүйлийн 1-д Зөрчигдсөн эрхийг хамгаалахын тулд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна гэж, 2002 оноос хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна. гэж зааснаас үзвэл нэхэмжлэгчийн зүгээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдуулан шаардлага гаргах хугацаа өнгөрсөн байна.
...Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлдээ дурдсан дээрх баримт бичиг нь Захиргааны ерөнхий хууль, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд нийцээгүй, эрх зүйн үйлчлэлгүй баримт юм. Мөн ******* НҮТББ-ын хууль ёсны өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг төрийн өмчлөлд авахаар санаархсан энэ асуудлыг хэн, хэзээ, хэлэлцүүлэхээр Засгийн газрын хуралдаанд санал оруулсан, ийнхүү хэлэлцсэн тохиолдолд яагаад албан ёсны шийдвэрийн хэлбэрээр тогтоол гараагүй, тэмдэглэлээр шийдвэрлэсэн зэрэг нөхцөл байдал тодорхой бус байдаг ба нэхэмжлэгч энэ талаар тайлбарлаж чаддаггүй.
Иймд давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байх тул давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлыг хангав.
2. Нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь хариуцагч ******* НҮТББ-д холбогдуулан ******* дүүрэг ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй авто сургуулийн барилга, байгууламжийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэгч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ.
3. Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 184 дугаар зүйлийн 1-т Засгийн газар нь үйл ажиллагааныхаа зохих хүрээ, салбарт тохируулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн бүдүүвчийн дагуу байгуулан ажиллуулж болно гэж заасан ба ******* нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагт хамаарч байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 1-д зааснаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт нэхэмжлэгч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг хэлнэ гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь шаардах эрхтэй этгээд байна.
4. *******ийн төв зөвлөл нь анх улс орныг батлах хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхэд идэвхтэй туслах үндсэн үүрэгтэйгээр 1929 онд Монгол улсыг хамгаалах явдалд туслах эвлэл нэртэйгээр Батлан хамгаалах яамны харьяанд байгуулагджээ.
- БНМАУ-ын Сайд нарын зөвлөл /СнЗ/-ийн 1957 оны 04 сарын 25-ны өдрийн 231 дугаар тогтоолоор Ардын цэрэгт туслах сайн дурын нийгэмлэгийн төв зөвлөлийг байгуулж, орон тоо, төсөвт зардлыг баталж, /3хх-184/
- БНМАУ-ын СнЗ-ийн 1970 оны 01 сарын 22-ны өдрийн 14 дугаар тогтоолоор МАХН-ийн Төв хорооны улс төрийн товчооны 1969 оны 32 дугаар тогтоолыг үндэслэн, Батлан хамгаалах, хөдөлмөр нийгэмлэгийн төв зөвлөлийг хойшид улсыг *******ийн төв зөвлөл гэж нэрлэхээр, тус байгууллагын аж ахуй, санхүүг Батлан хамгаалах яамны аж ахуй, санхүүгийн аппараттай нэг байхаар тогтоож байжээ. /1хх-82/
4.1. МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1975 оны 18 дугаар, 1976 оны 81 дүгээр тогтоолоор УБХТН-ийг Батлан хамгаалах яамны харьяаллаас гаргаж, хөдөлмөрчдийн сайн дурын биеэ даасан байгууллага болгон өөрчлөн зохион байгуулж, байнгын удирдлагаар хангаж байхыг аймаг, хотын намын хороо, АДХГЗ-нд, нийгэмлэгийн ажлыг сайжруулах, спорт, цэрэг техникийн сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд бүх талаар туслахыг Батлан хамгаалах яаманд, нийгэмлэгийн хэрэгцээнд зориулан спорт буудлагын ордон, сургууль-буудлагын төхөөрөмжилсөн талбай байгуулах, сургалт спортын зарим шаардлага бүхий багаж, хэрэгсэл тоног төхөөрөмжийг гадаадад захиалах арга хэмжээг төлөвлөгөөтэйгөөр авах, сургалт спортын 1976-1980 оны 5 жилийн төлөвлөгөөг хянан баталж, түүний материаллаг баазыг сайжруулан бэхжүүлэх арга хэмжээ авахыг БНМАУ-ын СнЗ-д тус тус даалгажээ. /2хх-67-72/
4.2. БХТН-ийн анхдугаар хурал 1976 оны 06 сард хуралдаж, нийгэмлэгийн дүрмийг баталж, үйл ажиллагаагаа явуулж байгаад 1997 онд Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ болж, 1 гишүүнтэйгээр улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /1хх-40/
5. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дээрх байдлаар тодорхойлж, хариуцагч ******* анх ямар чиг үүрэгтэй зохион байгуулагдсан, тухайн байгууллага ямар зорилго бүхий байгууллага байсан талаар болон нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ-г нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн болохыг зөв дүгнэжээ.
6. Нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ нь төрийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдийн хувьд ...Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Засгийн газар /БНМАУ/, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс /ЗСБНХУ/-ын Засгийн газар хоорондын, хоёр орны ах дүүгийн найрамдал, бүх талын хамтын ажиллагааны харилцааны хүрээнд ЗСБНХУ-ын Засгийн газраас буюу ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс Улаанбаатар хотод авто сургуулийн барилга байгууламж барьж, БНМАУ-д бэлэг болгон өгөхөөр 1980 оны 03 сарын 07-ны өдөр байгуулсан хэлэлцээр байгуулж, энэ хэлэлцээрийн үндсэн дээр 1980 оны 05 сарын 26-ны өдрийн 55-069/18300 дугаар гэрээний дагуу Ерөнхий захиалагчаар БНМАУ-ын М/С Комплексимпорт, Ерөнхий гүйцэтгэгчээр ЗСБНХУ-ын В/О Техноэкспорт ******* дүүргийн ******* хорооны нутаг дэвсгэрт Авто сургуулийн цогцолбор барилга, байгууламжийг ДОСААФ-ын 100 хувийн зардлаар барьж, Монгол улсад бэлэг болгон хүлээлгэн өгсөн, БХТН-ийн төв зөвлөл нь Монгол Улсын нийгэм, улс төрийн хэрэгцээнд зориулагдсан төрөөс зориудаар бий болгосон, улсын төсвөөс санхүүжиж, үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль баталсан тухайн цаг хугацаанд Авто сургуулийн төвийн барилга байгууламжийг нь УБХТН-н эзэмшил ашиглалтад буюу төрийн өмчлөлд байсан, БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар хоорондын 2 орны ах дүүгийн найрамдал бүх талын хамтын ажиллагааны харилцааны хүрээнд ЗСБНХУ-аас БНМАУ-д бэлэглэсэн 350 суралцагчийн хүчин чадалтай авто сургууль, суралцагчийн дотуур байр 65 машины авто гарааш болон сургалтын иж бүрэн тоног төхөөрөмж, аппаратур, техник хэрэгсэл зэрэг үндсэн болон дагалдах эр хөрөнгүүд бүхий авто сургалтын иж бүрэн цогцолбор байгууламж нь УБХТН-ийн үйл ажиллагаанд зориулан ашиглуулсан төрийн өмчийн хөрөнгө... гэсэн үндэслэлээр Авто сургуулийн хөрөнгийг төрийн өмч болохыг тогтоолгох, уг эд хөрөнгүүдийг төрд хүлээлгэн өгөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч ...уг барилга байгууламжийг ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс БНМАУ-ыг *******т бэлэг болгон хүлээлгэн өгсөн бөгөөд энэ нь БНМАУ, ЗСБНХУ-ын засгийн газар хооронд байгуулсан 1980 оны 03 сарын 07-ны өдрийн хэлэлцээр, 1984 оны 10 сарын 01-ний өдрийн актаар тогтоогддог, тухайн хөрөнгийг газрын хамт улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгүүлсэн, манай байгууллагын өмч... гэж тайлбарлан маргасан.
7. Талуудын маргасан тайлбараас үзэхэд ******* дүүрэг ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай авто сургуулийн барилга, байгууламж бүхий хөрөнгө нь хэний өмч болох талаар зохигч маргажээ.
8. Анхан шатны шүүх хэргийн баримт, зохигчийн тайлбарыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:
8.1. ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгээс БНМАУ-ыг *******т бэлэг болгон авто сургуулийг барьж байгуулах тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1984 оны 03 сарын 07-ны өдрийн хэлэлцээрээр Улаанбаатар хотод автын сургуулийн барилгыг зөвлөлтийн байгууллагын хүчээр барьж, байгуулах түүний тоноглох ажлыг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.
8.2. Улмаар 1984 оны 10 сарын 01-ний өдрийн БНМАУ-ын засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын акт, Улаанбаатар хотын 350 суралцагчтай авто сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгөх, хүлээн авах техникийн комиссын 1984 оны 09 сарын 28-ны өдрийн актаар БНМАУ-ын улсыг *******т үнэ, төлбөргүйгээр ачааны ЗИЛ-131 автомашин 12, Газ-66 автомашин 10, Суудлын УАЗ-469Б автомашин 3, Москвич-2140 автомашин 3, Автобус ПАЗ-672 маркийн 2 ширхэгийг, 350 суралцагчид хичээллэх корпус, 150 ортой нийтийн байр, техник үйлчилгээний пункт, төвлөрсөн дулааны пункт, трансформаторын пункт бүхий барилга, байгууламжийг барьж БНМАУ-ын талд хүлээлгэн өгсөн, БНМАУ-ын СнЗ-ийн 1984 оны 09 сарын 29-ний өдрийн 81 дугаар захирамжаар бэлэг болгон барьж өгсөн авто сургуулийн барилга байгууламж, нийлүүлсэн тоног төхөөрөмж, жолоодлогын машинуудыг хүлээн авах актад гарын үсэг зурахыг Улсыг *******ийн төв зөвлөл /*******/-д зөвшөөрсөн байна. /1-хх10-19, 3хх-79/
Улаанбаатар хотын 350 суралцагчтай авто сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгөх, хүлээн авах техникийн комиссын актад Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд найрамдах Монгол Ард Улсын ард түмний ах дүүгийн найрамдлыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор ЗСБНХУ-ын Арми, Нисэх хүчин, Тэнгисийн цэрэгт туслах сайн дурын нийгэмлэгээс БНМАУ-ын *******т бэлэглэсэн Авто сургуулийн барилга байгууламжийг 1980 оны 03 сарын 07-ны өдрийн Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу БНМАУ-ын хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Зөвлөлтийн барилгын 3-р трест, ЗСБНХУ-ын Аж үйлдвэрийн яамны гадаад дахь барилгын холбогдох байгууллагууд оролцож Улаанбаатар хотод 350 суралцагчидтай авто сургуулийг барьж байгуулах ажлыг гүйцэтгэв гэжээ.
8.3. БНМАУ-ын СнЗ-ийн 1984 оны 07 сарын 06-ны өдрийн 192 дугаар Авто сургууль байгуулах тухай тогтоолоор ЗСБНХУ-ын ДОСААФ-ын байгууллагаас бэлэг болгон барьж өгсөн авто сургуулийг 1984/1985 оны хичээлийн жилээс эхлэн нээж, түүнд Улсыг *******ийн Улаанбаатар хотын зөвлөлийн харьяа автомашины жолооч, авто сонирхогч, мотоцикльчин, тракторчин бэлтгэх курсүүдийг нэгтгэн хичээллүүлэхийг Улсын *******ийн төв зөвлөлд даалгасан. /3хх-65/
8.4. *******ийн төв зөвлөлийн даргын 2004 оны 12 сарын 07-ны өдрийн 19 дугаартай тушаалаар БХТН-ийн Авто сургуулийг татан буулгаж БХТН-ийн төв зөвлөлийн бүтцэд нэгтгэсэн. /1хх-188/
8.5. Хариуцагч ******* НҮТББ-ийн төв зөвлөлийн дарга *******ийн 1999 оны 12 сарын 08-ны өдрийн гаргасан мэдүүлэг, албан хүсэлт, үл эд хөдлөх хөрөнгийн товч танилцуулга, барилга хүлээлцсэн 1984 оны акт, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, Нийслэлийн Засаг даргын 1996 оны А/224 дүгээр захирамжаар УБХТН-д баталгаажсан 39,597 м.кв талбай бүхий газрын гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг, төрийн бус байгууллагын гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн фото зураг зэрэг баримтуудыг үндэслэн хариуцагч байгууллагыг дээрх авто сургуулийн барилга байгууламжийн өмчлөгчөөр эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэж, 2000 оны 03 сарын 29-ний өдөр 0000910 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг олгосон байна.
9. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоож, авто сургуулийн барилга, байгууламжийг, тоног төхөөрөмжийн хамт ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгийн хөрөнгөөр барьж, байгуулан БНМАУ-ыг *******т бэлэг болгон хүлээлгэн өгсөн талаар дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болжээ.
10. Монгол Улс 1960 оны Үндсэн хуулиар хувийн өмчийг халж, улсын (бүх ард түмний хөрөнгө) болон хоршооллын (хөдөө аж ахуйн нэгдэл ба бусад төрлийн хоршооллын хөрөнгө) гэсэн үндсэн хоёр хэлбэртэй социалист хэлбэрийн өмчийн тогтолцоог баталгаажуулсан байдаг ба тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Иргэний хуулийн /1963 оны/ 59 дүгээр зүйлд өмчийн төрлийг социалист өмч, амины өмч гэж ялгана..., 60 дугаар зүйлд социалист өмч нь улсын өмч, хоршооллын өмч, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллагын өмчөөс бүрдэнэ, 62 дугаар зүйлд ...мөн улсын бүх байгууллагын эд хөрөнгө улсын өмч байна гэж тус тус зааснаас үзвэл хоёр улсын засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу ЗСБНХУ-ын арми, нисэх хүчин, флотод туслах сайн дурын нийгэмлэгийн хөрөнгөөр барьж, бэлэг болгон хүлээлгэн өгсөн 350 суралцагчид хичээллэх корпус, 150 ортой нийтийн байр, техник үйлчилгээний пункт, төвлөрсөн дулааны пункт, трансформаторын пункт бүхий барилга, байгууламж, дагалдах хөрөнгө нь социалист өмчид хамаарах буюу төрийн өмч байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хуульд нийцжээ.
11. Өөрөөр хэлбэл тухайн хөрөнгө бий болох цаг хугацаанд төрийн эдийн засгийн үндэс нь улсын /бүх ард түмний/, хоршооллын /хөдөө аж ахуйн нэгдэл, хоршооллын бусад байгууллагын өмч/, үйлдвэрчний эвлэл, олон нийтийн бусад байгууллагын өмчөөс бүрдсэн социалист өмч байсан бөгөөд өмчийн нөгөө хэлбэр болох амины өмчийн талаар Иргэний хууль /1963 оны/-д зөвхөн иргэдийн материалын ба соёлын хэрэгцээнд зориулагдсан эд хөрөнгө байж болно гэж зааж, өмчийн өөр хэлбэрийг хориглосон байсан тул тухайн барилга байгууламж бүхий хөрөнгийг хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө байсан гэж үзэхгүй.
Харин хариуцагч ******* НҮТББ нь уг төрийн өмчийн барилга байгууламжийг эзэмшиж, ашиглаж байжээ.
12. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу болжээ.
13. Монгол улс 1990 онд зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжиж, 1992 онд шинэ Үндсэн хууль болон Өмч хувьчлах тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль зэрэг хуулиуд батлагдсантай холбогдон өмчийн төрөл, хэлбэр өөрчлөгдсөн, үүнтэй уялдан төрийн өмчийг өөр хэлбэр, төрөлд шилжүүлэх шаардлага гарсан, үүний дагуу төр өөрийн хөрөнгөд бүртгэл, тооллого явуулжээ.
Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, тооллого явуулах тухай Монгол Улсын Засгийн газрын 1997 оны 1******* тогтоол гарсан боловч нэхэмжлэлийн зүйл болох Авто сургуулийн барилга байгууламж төрийн өмчид бүртгэгдээгүй үлдсэн байна.
14. Монгол Улсын Үндсэн хууль /1992/-ийн 16 дугаар зүйлийн 3-т хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өв залгамжлуулах эрхтэй байхаар тусгасан байдаг бол Иргэний хуулийн /1963 оны/ 91 дүгээр зүйлийг 1990 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн хуулиар өөрчилж, хуулийн дагуу буюу гэрээгээр өмчлөлийн аливаа төрөл, хэлбэрийг өөрчилж өмчлөх эрхийг олж авч болно. Төрийн өмчийн эд хөрөнгийг бусад өмчлөгчид шилжүүлэх нөхцөл журмыг БНМАУ-ын Засгийн газар тогтооно гэж заажээ.
Хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар олж авах гэдэг нь хууль ёс, зан суртахууны хэм хэмжээнд нийцсэн аргаар эд юмсын эрх үүсэхийг хэлдэг. Түүнчлэн аливаа хөдлөх, үл хөдлөх эд хөрөнгийг хуулийн дагуу эсвэл хууль зөрчигдсөнийг мэдээгүй, эсвэл хууль зөрчигдөж байгааг мэдэх бололцоогүй байсан нөхцөлд л шударгаар олж авсанд тооцох боломжтой.
Төрийн өмч ч мөн ялгаагүй хууль болон гэрээний дагуу үүсэж хууль, гэрээнд заасан хэлбэрээр буюу өмч хувьчлал, дуудлага худалдаа, өмчийн хэлбэрийг өөрчлөх зэрэг хэлбэрээр бусад этгээдэд шилждэг байна.
15. Хариуцагч ******* НҮТББ-д өмчлөх эрх хууль болон гэрээний дагуу үүссэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй, энэ талаарх нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллага эдгээр хөрөнгүүдийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрхийг баталгаажуулсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хууль буюу гэрээний дагуу үүссэн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны өмчлөгч гэж үзэх үндэслэлийг бий болгоно. Энэ үүднээс хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн улсын бүртгэл нь хууль болон гэрээнд үндэслэсэн болохыг нотолгооны үүргийн хуваарилалтын хувьд хариуцагч байгууллага нотлох үүрэгтэй. Хэргийн баримтын хүрээнд хожим нь өмчлөх эрх хууль буюу гэрээний дагуу үүссэн нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
16. Монгол Улс 1996 оны 05 сарын 27-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг баталж, энэ хуулиар төрийн болон орон нутгийн өмчийн эрх, төрийн өмчийн эд хөрөнгийн талаар хууль тогтоох, гүйцэтгэх байгууллагын бүрэн эрх, төрийн өмчтэй хуулийн этгээд, түүний албан тушаалтны эрх хэмжээ, төрийн өмчийн талаарх бодлогыг хэрэгжүүлэх байгууллагын үйл ажиллагааны зарчим, журмыг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар хуулийн зорилтыг тодорхойлжээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн ******* зүйлд төрийн өмч нь төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмчөөс бүрдэнэ, төрийн нийтийн зориулалттай өмч, төрийн өөрийн өмч нь үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөд хуваагдана гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 1.1/-д энэ хууль хүчин төгөлдөр болох үед төрийн өмчлөлд байсан эд хөрөнгийг төрийн өмчид хамааруулахаар заажээ.
17. Үүнээс үзэхэд маргаан бүхий хөрөнгийн өмчлөх эрх нь анх 1984 онд улсын өмчид буюу төрийн өмчид үүссэн учраас эдгээр хөрөнгө төрийн өмчид бүртгэгдээгүй байсныг төрийн өмч биш гэж дүгнэх үндэслэл болохгүй бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар төрийн өмчид байсан хөрөнгө гэж үзэх үндэслэлтэй.
18. Өөрөөр хэлбэл маргаан бүхий хөрөнгө нь 1984 оноос төрийн өмч болж анхнаасаа төрийн өмч байгаа тохиолдолд бэлэглэлийн журмаар ирсэн, манай нийгэмлэгт бүртгэлтэй байсан, нийгэмлэг нь цаашаа эрх залгамжлах байдлаар ТББ-ын хэлбэрт шилжсэнээр эд хөрөнгийн эрх шилжсэн гэх агуулгаар гаргасан хариуцагч талын тайлбар, татгалзал үндэслэлгүй.
Иргэний хуулийн /1994 оны/ 14******* зүйлийн 1-д Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, ой, ус, ургамал, амьтан, байгалийн бусад баялаг төрийн өмчлөлд байна. Түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх бусад эд хөрөнгө, оюуны үнэт зүйл, эрх төрийн өмчлөлд байж болно, 2-т Төрийн өмчлөлийн зүйлсийг Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага, түүний эрх олгосон байгууллага хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ дотор эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулна гэж заасан.
Гэтэл хариуцагч төрийн өмчийн дээрх хөрөнгийг ийнхүү өөрийн өмчлөлд бүртгүүлснийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүйгээс гадна Иргэний хуулийн /1994 оны/ 135 дугаар зүйлийн 1-д Хууль буюу гэрээгээр өмчлөлийн аливаа төрөл, хэлбэрийг өөрчилж, өмчлөх эрх үүсгэж болно, мөн зүйлийн 2-т Төрийн өмчийн эд хөрөнгийг өмчлөлийн өөр төрөлд шилжүүлэх нөхцөл, журмыг хуулиар тогтооно гэсэнд нийцээгүй байна.
19. Иймд Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар ******* дүүрэг ******* тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаар бүртгэлтэй авто сургуулийн барилга, байгууламжийг төрийн өмч гэж үзнэ.
Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэл муутай болсныг давж заалдах шатны шүүхээс дээрх байдлаар залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулна.
20. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг оруулахдаа хөрөнгүүдийн нэршлийг Улаанбаатар хотод 350 суралцагчтай авто сургуулийг ашиглалтад хүлээлгэн өгөх, хүлээн авах техникийн комиссын акт-д тусгагдсан байдлаар буюу 350 суралцагчид хичээллэх корпус /15х60 метрийн палан хэмжээтэй, хонгилын системтэй 3,3 метрийн өндөртэй гурван давхар барилга/, 150 ортой нийтийн байр /39х15 метрийн талбайтай 3,3 метрийн өндөртэй 3 давхар барилга/, Техник үйлчилгээний пункт /тус бүр нь 15 машины зориулалттай хоёр гарааш, шалган нэвтрүүлэх байр/, Төвлөрсөн дулааны пункт /9х9 кв.м талбайтай барилга/, Трансформаторын дэд станц /авто сургуулийн барилга байгууламжуудыг цахилгаанаар хангах зориулалттай, ТМ-250/6-0,4 маркийн хоёр трансформатороор тоноглогдсон 9,35х4,65 кв.м талбайтай барилга/, бетон хавтангаар барьсан 184 ширхэг бетон хашаа бүхий барилга байгууламжуудыг нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ-т хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* НҮТББ-д даалгах гэж өөрчлөх нь зүйтэй гэж үзэв.
21. Иргэний хуулийн 74 дүгээр зүйлд хөөн хэлэлцэх хугацаа үйлчлэх ба үйлчлэхгүй харилцааг тодорхойлон заасан ба хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна.
Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх хугацаа эдийн бус хөрөнгөд хамаарахгүй, мөн хуульд тусгайлан заасан бол эд хөрөнгийн зарим эрхэд хөөн хэлэлцэх хугацаа хамаардаггүй.
Төр, түүнээс эрх олгосон байгууллага өмчлөх эрх үндэслэлгүй шилжсэн үндэслэлээр тухайн этгээдээс өөрийн хөрөнгийг буцаан шаардах энэхүү харилцаанд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж хуульд тусгайлан заагаагүй тул хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.
Харин энэ тохиолдолд Иргэний хуульд тусгайлан заасан богиносгосон хугацааг хэрэглэх үндэслэл тэдгээрийн харилцаанд тогтоогдоогүй тул хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт заасан ерөнхий 10 жилийн хугацаа хамаарна.
22. Хэрэгт авагдсан Төрийн өмчийн хорооны 2010 оны 09 сарын 20-ны өдрийн 12/1757, 2012 оны 08 сарын 20-ны өдрийн 2/1372 дугаар албан бичгүүдэд Батлан хамгаалах туслах нийгэмлэг нь төрийн бус байгууллагын статустайгаар үйл ажиллагаа явуулдаг, төрийн өмчийн оролцоогүй тул төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тооллогод хамрагдаагүй, төрийн өмчийн мэдээллийн санг байгуулахдаа *******ийг хамааруулаагүй болохыг дурджээ. /1хх-249, 3хх247/
Харин Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 10 сарын 21-ний өдрийн хуралдааны 55 дугаар тэмдэглэлээр Улсыг *******ийн /хуучнаар/ эзэмшилд байсан авто сургууль, сонсогчдын дотуур байр болон эзэмшил газрыг төрийн өмчид буцаан авах асуудлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд судалж, шаардлагатай арга хэмжээ шуурхай авахыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Биеийн тамир, спортын улсын хороо, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарт даалгаж, энэ үүрэг, даалгаврыг гүйцэтгэх ажлын хэсэг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2021 оны 01 сарын 15-ны өдрийн А/******* тушаалаар байгуулагдаж, ажлын хэсгийн ажиллах удирдамжийг баталсан байна.
Тус ажлын хэсэг 2021 оны 04 сарын 22-ны өдөр Улсын *******ийн /хуучнаар/ эзэмшилд байсан авто сургууль, сонсогчдын дотуур байр болон эзэмшил газрыг улсын байгууллагын нэрээр авч, төрийн бус байгууллагын нэр дээр шилжүүлж, захиран зарцуулсан байх тул төрийн өмчид буцаан авах асуудлыг шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Үүнээс үзэхэд Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан 2020 оны 10 сарын 21-ний өдрөөс нэхэмжлэлийн зүйл болох өмчийн асуудлаар нэхэмжлэгч нь шалгалт, дүгнэлтийг хийж, дараа нь шүүхэд нэхэмжлэл гарган маргасан байх тул шаардлага гаргах хөөн хэлэлцэх 10 жилийн хугацааг энэ үеэс буюу 2020 оны 10 сарын 21-ний өдрөөс эхлэн тоолоход хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Иймд шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар маргасан хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
23. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 20-ны өдрийн 192/ШШ2026/00959 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт заасныг баримтлан 350 суралцагчид хичээллэх корпус /15х60 метрийн палан хэмжээтэй, хонгилын системтэй 3,3 метрийн өндөртэй гурван давхар барилга/, 150 ортой нийтийн байр /39х15 метрийн талбайтай 3,3 метрийн өндөртэй 3 давхар барилга/, Техник үйлчилгээний пункт /тус бүр нь 15 машины зориулалттай хоёр гарааш, шалган нэвтрүүлэх байр/, Төвлөрсөн дулааны пункт /9х9 кв.м талбайтай барилга/, Трансформаторын дэд станц /авто сургуулийн барилга байгууламжуудыг цахилгаанаар хангах зориулалттай, ТМ-250/6-0,4 маркийн хоёр трансформатороор тоноглогдсон 9,35х4,65 кв.м талбайтай барилга/, бетон хавтангаар барьсан 184 ширхэг бетон хашаа бүхий барилга байгууламжуудыг төрийн өмч болохыг тогтоож, эдгээр эд хөрөнгийг нэхэмжлэгч ******* ТБАГУТҮГ-т хүлээлгэн өгөхийг хариуцагч ******* НҮТББ-д даалгасугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын давж заалдах журмаар гаргасан гомдол улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН