| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0247/Э |
| Дугаар | 251 |
| Огноо | 2019-03-27 |
| Зүйл хэсэг | 24.3.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнсүх |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 251
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Н.Мөнгөнсүх,
Шүүгдэгч Б.Ш /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Баруунхуасай овогт Б.Шд холбогдох эрүүгийн 1811029530015 дугаартай хэргийг 2019 оны 2 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Баруунхуасай овогт Б.Ш, Монгол Улсын иргэн, 1982 оны 8 сарын 28-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт иргэний үнэмлэхийн лавлагаагаар Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, дүүрэг 4 дүгээр гудамж, 207а тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Бэлхийн 51 дүгээр гудамж, 131б тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, /...................................................................
Шүүгдэгч Б.Ш /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт 170 грамм мөнгөн ус буюу химийн хорт болон аюултай бодисыг биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ш мэдүүлэхдээ: “Би өмнө нь алт ухдаг байсан. Харин мөнгөн усыг алт угаахдаа хэрэглэхээр авч явах гэж байсан гэв.” гэв.
Шүүгдэгч Б.Шээс гэрчээр болон яллагдагчаар мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...би орой ажлаа тараад ирсэн чинь манай хашаан дотор хогийн пошикний хажууд хаяараа гээд том дөрвөлжин хайрцаганд 5 ширхэгээр савалсан биеийн халууны шилнүүд байсан. Тэгэхээр нь би хагалж мөнгөн усыг авсан ...” гэсэн мэдүүлэг /хх-09, 36-39, 70х/,
Гэрч Д.Оюунцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Алтанцэцэг эгч гэртээ засвар хийгээд гэрийнхээ хуучин тавилгануудыг контенирт хийж хадгалмаар байна гэхээр нь ажлынхаа хүмүүстэй хамт цэвэрлэгээ хийгээд хогийг нь гаргаж хаясан. Контенир дотор хугацаа нь дууссан уламжлалтын тан, эм зүйн номнууд, хүний биеийн халуун хэмждэг халууны шилнүүд, янз бүрийн сэтгүүл, сонин, эвдэрсэн гэрийн хуучин тавилгууд байсан ...цэвэрлэсэн хогийг хашаан дотор овоолоод хогийн машин ирэхээр ачуулах зориулалтай байсан” гэх мэдүүлэг /хх-50х/,
Гэрч Ж.Баярмаагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Манай захирал гэртээ засвар хийхдээ тавилгуудаа контенирт хийх шаардлага гараад цэвэрлэгээ хийсэн ...Контенирт байсан хэрэггүй зүйлүүдийг дотор нь зай талбай гаргахаар хаяад зай гарган цэвэрлэсэн ...контенирт байсан хуурай хөвөн, нунтаг тан, хүний температур хэмждэг халууны шилнүүд зэргийг хашаан дотор овоолж хаясан ...” гэх мэдүүлэг /хх-53х/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-3-6х/,
Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн эргүүлийн офицер Ө.Батсайханы илтгэх хуудас /хх-8х/,
Байгаль орчин, аялал жуучлалын яамны албан тоот “...Б.Ш нь химийн хорт болон аюултай бодистой холбоотой тусгай зөвшөөрөл авч байгаагүй болно ...” /хх-27х/,
Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /хх-74-75х/,
Гамшиг судлалын хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт: “...шинжилгээнд ирүүлсэн ам дарагчтай, өнгөгүй нийлэг уутанд хийж, “Аспирин 100” гэх бичигтэй хуванцар саванд савалсан мөнгөлөг өнгийн шингэн бодисыг физик, химийн шинж чанарыг үндэслэн химийн хорт бодисыг жагсаалтанд багтсан “Мөнгөн ус” гэх бодис болохыг тодорхойллоо ...Мөнгөн ус нь химийн хорт бодис юм ...” гэх дүгнэлт /хх-16-17х/,
Шүүгдэгч Б.Шийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-20х/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ш нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутагт 170 грамм мөнгөн ус буюу химийн хорт болон аюултай бодисыг биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Шийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 170 грамм мөнгөн ус буюу химийн хорт болон аюултай бодисыг биедээ хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч Б.Шд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Шд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажлаа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн болно.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн АМРУС гэсэн латин бичигтэй халууны шилийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.