Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2026/00900

 

 

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01340 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч *******д холбогдох

Түрээсийн зүйлийн хөрөнгө оруулалт, засварын зардал 33,013,900 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

2023 оны 02 дугаар сард *******сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч нь ******* ХХК-ийн түрээслэн ажиллуулдаг Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн хоолны газарт хооллох үедээ сургуулийнхаа гал тогоог ажиллуулах санал тавьсан. Үүний дагуу 2023 оны 03 дугаар сард *******сургуулийн санхүү хариуцсан захирал, холбогдох ажил хариуцсан хүмүүстэй уулзахад танайх яаралтай гал тогооны засварыг хийгээд, үйл ажиллагаагаа эхэлж багш, ажилчдад халуун хоол цайгаар үйлчилж байгаач гэж аминчилж гуйсан тул засварын ажлыг хийж, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 2 сар ажиллуулсан.

2023 оны 08 дугаар сард *******сургуулийн захиргаатай уулзаж гэрээ хийх талаар тодруулахад сонгон шалгаруулалт зарлана гэсэн. 2023 оны 09 дүгээр сард болсон сонгон шалгаруулалтад манай компани шалгарсан. Манай талаас гэрээнд гарын үсэг зурж *******д хүлээлгэн өгсөн ба гэрээг баталгаажуулахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт явуулна гэсэн боловч 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төрийн өмчийн байрыг суллах тухай 01/31 дугаартай албан мэдэгдэл өгсөн. Шалтгааныг тодруулахад Санхүү төлөвлөлтийн газрын захирал *******гэх хүн шинээр томилогдож хуучин харилцаж байсан захирлууд нь байхгүй болсон байсан. Мөн 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр 01/42 дугаартай Цайны газар түрээслэх, ашиглах, засвар хийх зөвшөөрлийн баримт бичиг ирүүлэх тухай гэх албан бичгийг ирүүлж өөрсдөд нь байх ёстой албан бичгийг манай компаниас шаардан дарамталсан.

2024 оны 01 дүгээр сарын сүүлээр *******сургуулийн захирлаар томилогдсон *******, Санхүү төлөвлөлтийн газрын захирал *******, ЗУГ-ын дотоод аудит хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн *******нартай уулзаж, хамтарсан комисс гаргаж өглөг авлагын асуудлыг тооцож, асуудлаа эвийн журмаар шийдвэрлэхээр тохиролцсон. Манай компани 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд хийсэн засвар үйлчилгээтэй холбоотой бүх баримт, зураг зэргийг гаргаж өгсөн. Үүний дагуу 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 01 тоот дүгнэлт гарсан. *******тай түрээсийн төлбөрт 2,400,000 төгрөг, ашиглалтын зардалд 850,000 төгрөг, нийт 3,250,000 төгрөгийг сар бүр төлөх, төлбөрийг хөрөнгө оруулалтын зардлаас хасаж тооцохоор тохиролцсон.

Манай компаниас цайны газрын засвар, хөрөнгө оруулалтад 80,157,115 төгрөг зарцуулснаас өөрийн худалдаж авсан тоног төхөөрөмж, салгаж болох бусад зүйлийг хасаад *******сургуулийн өмчид хийсэн засвар, хөрөнгө оруулалтын зардал 59,013,900 төгрөг болсон. Үүнээс 2023 оны 04 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сар хүртэлх хугацааны түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 26,000,000 төгрөгийг суутгасан.

Иймээс үлдэгдэл 33,013,900 төгрөгийг *******сургуулиас манай компанид төлөх ёстой гэж үзэж байгаа тул шүүхэд хандсан гэжээ.

 

2.Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

******* ХХК нь хичээлийн төв байранд байрлах 354.38 м.кв талбайтай хоолны заал, 26.79 м.кв талбайтай угаалга бэлтгэлийн хэсэг, 103.37 м.кв талбайтай гал тогооны хэсэг, 13.29 м.кв талбайтай агуулах, нийт 497.82 м.кв талбайтай цайны газрыг 2023 оны 09 дүгээр сараас нэг м.кв-ыг 10,000 төгрөгөөр түрээслэх үнийн санал өгч ажиллуулсан. Тус компани 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүртэл манай сургуулийн цайны газарт хоол үйлдвэрлэлийн бизнес эрхэлсэн. Компанийн үйл ажиллагаа явуулсан цэвэр хугацааг боловсролын байгууллагын зуны 3 сарын, өвлийн улирлын амралтын 1 сарыг хасаж тооцоод 9 сар гэж үзвэл 44,803,800 төгрөг, тус хугацаанд ашигласан цахилгааны зардал 7,973,114 төгрөг, нийт 52,776,914 төгрөгийг манай сургуульд төлөх ёстой боловч нэг төгрөг ч төлөөгүй. Тус компанийн энэхүү үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйл, Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолоор баталсан Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг бүхэлд нь зөрчсөн.

*******сургуулийн 2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/05 тоот тушаалаар ажлын хэсэг ажилласан ба ажлын хэсгийн дүгнэлт, бусад эрхзүйн актын дагуу ******* нь ******* ХХК-д засварын хөлс төлөх нөхцөл байдал үүсээгүй. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 50 тоот тогтоолын 2.4-т "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгөнд зөвшөөрөлгүйгээр зайлшгүй хийхийг хориглох, оруулалт шаардлагатай тохиолдолд ТӨБЗГ-аас зөвшөөрөл өгөх, зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт, их засвар хийсэн тохиолдолд зардлыг төрөөс хариуцахгүй байх" гэж заасан. ******* ХХК нь засвар хийх тухайгаа холбогдох байгууллага болон *******д огт мэдэгдээгүй бөгөөд сургуулийн зүгээс албан ёсоор зөвшөөрөл өгсөн баримт, бичиг байхгүй. Харин ч тус компани *******сургуулийн тоног төхөөрөмжүүдийг үнэгүй ашиглаж байсан.

*******сургуулийн ажлын хэсэг ******* ХХК-ийн засварт зарцуулсан ажлын тайлан, санхүүгийн баримт, дансны гүйлгээг шалган үзэхэд тус мөнгөн гүйлгээний зарлага, анхан шатны баримтууд нь засвар хийснийг нотлох үндэслэл бага, өөрсдийн үйл ажиллагааг явуулахад шаардагдах аяга таваг, тоног төхөөрөмжөө засуулсан шинж чанартай зардлууд байсан. Тус мөнгөн зарлагуудаас *******д хүлээн зөвшөөрөгдөх боломжтой 9,130,900 төгрөгийн гүйлгээ хиншүү сорогч гэж ******* ХХК тайлбарласан ч тухайн үеийн зах зээлийн үнээс хэт өндөр, яг манай цайны газарт суурилуулсан хиншүү сорогч мөн эсэх нь эргэлзээтэй байсан. Бусад гаргасан мөнгөн зарлага, анхан шатны баримтууд нь засварт хөрөнгө зарцуулсныг нотлох баримт болж чадахгүй, цайны газрын заалны дүүжин тааз, шал, вакум цонх, хаалга тус компани үйл ажиллагаа явуулахаас өмнө нь ямар байсан тэр хэвээрээ байгаа.

2024 оны 09 дүгээр сард цайны газрыг түрээслэх тендер шалгаруулсан ч ******* ХХК үнийн санал болон бусад бичиг баримтын шаардлага хангаагүй тул шалгараагүй. ******* нь тус компанид өгөх ямар ч өр төлбөргүй бөгөөд харин ч цахилгаан, дулаан, цэвэр, бохир усны зардал, түрээсийн төлбөрөөрөө хохирсон гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5-д заасныг баримтлан хариуцагч *******сургуулиас 33,013,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 323,050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******сургуулиас 323,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүхээс хуулийг буруу тайлбарлан хэрэглэж талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үндэслэлгүй дүгнэсэн тухайд:

Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар баталгаажаагүй байх боловч гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй байна. Тодруулбал, хэдийгээр талуудын байгуулсан түрээсийн гэрээ гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийх хэлцэлд хамаарах боловч хариуцагчийн зүгээс тус гэрээг баталгаажуулахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандсан эсэх нь хэргийн баримтаар тогтоогдоогүй..." гэжээ. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт "Дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.8-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл" гэж заасан. Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар зохих этгээдийн зөвшөөрлөөр хийгдэх ёстой гэрээг тухайн этгээдийн зөвшөөрөлгүйгээр байгуулсан тохиолдолд гэрээ хүчин төгөлдөр бус байхаар маш тодорхой заасан байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Төрийн нийтийн зориулалттай өмчийг түрээслүүлэх журмыг Улсын Их Хурал, төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг Иргэний хуульд нийцүүлэн Засгийн газар тогтооно" гэж заасны дагуу Засгийн газар 2001 оны 134 дүгээр тогтоолоор Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журмыг баталсан. Уг журмын 2 дугаар зүйлийн 13 дахь хэсэгт "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээг байгуулахдаа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталсан түрээсийн гэрээний үлгэрчилсэн загварыг үндэс болгоно", мөн зүйлийн 14 дэх хэсэгт "Төрийн өөрийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн түрээсийн гэрээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлнэ" гэж тус тус журамласнаас үзвэл төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэхэд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас заавал зөвшөөрөл авах буюу гэрээг батлуулах шаардлагатай байна.

Анхан шатны шүүхээс дээрх нөхцөл байдлыг гуравдагч этгээдийн зөвшөөрлөөр хийх хэлцэлд хамаарах гэж зөв дүгнэсэн атлаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй хэмээн Иргэний хуулийн холбогдох заалтыг илт буруу тайлбарлан хэрэглэсэн. Түүнчлэн ийнхүү Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл аваагүйг хариуцагч байгууллагын буруутай үйлдэл мэтээр үзэн тиймээс талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэж буй нь үндэслэлгүй байна. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль болон Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгө түрээслүүлэх журамд эд хөрөнгө түрээслүүлэгч нь түрээсийн гэрээг байгуулах зөвшөөрөл авах, батлуулахаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандах талаар зохицуулсан зүйлгүй буюу эд хөрөнгө түрээслүүлэгчид уг үүргийг оноогоогүй байна

4.2.Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий талуудын тохиролцоонд огт дүгнэлт хийгээгүй тухайд:

Өмнө дурдсанчлан анхан шатны шүүхээс талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн атал хэрэгт ач холбогдол бүхий гэрээний заалтуудад огт дүгнэлт хийлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн.

Тодруулбал, талуудын хооронд байгуулагдсан гэж анхан шатны шүүхээс дүгнээд буй он сар, дугааргүй мөн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлагдаагүй гэрээний 6.7 дугаар зүйлд "Түрээслэгч нь энэхүү гэрээнд заасны дагуу зохих зөвшөөрөл аваагүй хийсэн засварын зардлыг гэрээ хэрэгжих хугацаанд болон гэрээ цуцалсны дараа буцаан авах болон шаардах эрхээ алдана", 6.16 дугаар зүйлд "Түрээслэгч төрийн өөрийн өмчийн эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалт хийхийг хориглоно, зайлшгүй шаардлагатай тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл авах бөгөөд зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт, их засвар хийсэн тохиолдолд зардлыг төрөөс нэхэмжлэхгүй" гэж тус тус заажээ.

Тухайн гэрээ нь хуулийн хүрээнд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийгдсэн хүчин төгөлдөр бус гэрээ боловч гэрээний төсөлд ******* болон "*******" ХХК нарын эрх бүхий төлөөлөгчид гарын үсэг зурсан байгаагаас үзвэл гэрээний төсөлд бичигдсэн заалттай хоёр тал танилцан бодит байдалд хүлээн зөвшөөрсөн байгааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулах хуульд заасан шаардлагын хувьд хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл боловч гэрээнд тусгагдсан агуулгыг талууд хүлээн зөвшөөрч байсан нь талуудын гарын үсэг зурж тамга дарсан байдлаас харагддаг.

Хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн бодит нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч "*******" ХХК нь тухайн түрээсийн объектод засвар хийхтэй холбоотой зөвшөөрлийг авахаар ******* болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт хандсан зүйл байхгүй, зөвшөөрөл аваагүй болох нь тодорхой харагддаг.

Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээний загварыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас баталдаг буюу төрийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх тохиолдолд тухайн гэрээний загварыг л ашиглах тул төрийн өмчийн эд хөрөнгийг түрээсэлж буй аливаа этгээдийн хувьд гэрээний дээрх заалт буюу 6.7, 6.16 дахь заалтууд нь илэрхий тодорхой юм. Гэрээний дээрх заалтууд нь эд хөрөнгө түрээслэгч тал нь өөрийн дураар, шаардлагагүй их хэмжээний зардал гарган засвар хийгээд уг засварын зардлыг төрийн өмчийн хуулийн этгээдээс гэнэт шаардах эрсдэлээс хамгаалдаг.

Монгол Улсын хэмжээнд байдаг төрийн өмчийн 6 их сургуулийн нэг *******сургуулийн хөрөнгө нь төрийн өмчийн хөрөнгөд хамаарна. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн хөрөнгөд засвар хийх бодит шаардлага нөхцөл байгаа бол түрээслүүлэгч тал болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт танилцуулаад засвар хийх зардал, засварын хэмжээг харилцан тохиролцох шаардлагатай гэсэн үг юм. Ингэснээр талуудын хувьд тодорхойгүй байдал үүсэхгүй ба аливаа маргаан гарахаас сэргийлнэ.

Түүнчлэн Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 50 дугаар Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолын 2.4-т "Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгөд зөвшөөрөлгүйгээр хөрөнгө оруулалт хийхийг хориглох, зайлшгүй шаардлагатай тохиолдолд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зөвшөөрөл өгөх, зөвшөөрөлгүй хөрөнгө оруулалт, их засвар хийсэн тохиолдолд зардлыг төрөөс хариуцахгүй байх" хэмээн зохицуулсныг дурдаж байна.

4.3.Анхан шатны шүүх санхүүгийн анхан шатны баримтуудыг буруу үнэлсэн тухайд:

Санхүүгийн анхан шатны баримт нь тайлан мэдээллийг үнэн зөв гаргах үндэслэл болдог ба гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоо зэрэг үүнд хамаарна. Анхан шатны баримтад түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн буюу шалгасан ажилтан гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарснаар уг баримт хүчин төгөлдөр болох ба цахим хэлбэрээр бүрдүүлсэн анхан шатны баримт нь цахим гарын үсгээр баталгаажсан байна хэмээн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд зохицуулсан.

Гэтэл нэхэмжлэгч талаас шүүхэд гарган өгсөн баримтууд нь тоо, үсэг нь харагдахгүй болсон, ямар худалдан авалт хийсэн нь тодорхойгүй, төлбөрийн баримт нь тухайн засварт бодитоор зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй, зах зээлийн үнийн дүнгээс зөрүүтэй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд заасан шаардлага хангаагүй, мөн баримтууд нь нэхэмжлэгчийн ярьж буй 80,157,115 төгрөгт хүрч буй эсэх нь тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгч тал нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж, түүний татгалзлыг үгүйсгэж байгаа үндэслэлээ нотлох үүргийг хүлээдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч "*******" ХХК нь тухайн хэмжээний зардлаар засварын ажлыг гүйцэтгэсэн гэдгээ нотлохын тулд хуулийн шаардлага хангасан төлбөрийн баримтыг шүүхэд гарган өгөх, тухайн баримтууд нь уг засварт хамаарах болохыг нотлох ёстой байсан. Ийнхүү нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ нотолж чадаагүй байхад нэхэмжлэгч талаас гарган өгсөн хуулийн шаардлага хангаагүй, хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй баримтаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдож буй мэтээр шүүхээс дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Нөгөөтэйгүүр, анхан шатны шүүхээс "... хариуцагчийн зүгээс ажлын хэсэг байгуулж, холбогдох хяналт шалгалтыг хийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай дүгнэлтийг үйлдсэн нь тогтоогдож байх тул уг дүгнэлтэд үндэслэн нэхэмжлэгч байгууллага нь өөрийн зардлаар засаж сайжруулахад гарсан зардлыг хариуцагчаас шаардах эрхтэй." гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Тухайн 1 дугаар дүгнэлт нь нэхэмжлэгч байгууллагын гарган өгсөн төлбөрийн баримтуудыг үнэн зөв ба тухайн засварт гаргасан зардал мөн гэж хүлээн авч үнэлсэн зүйл биш бөгөөд гарган өгсөн баримтуудыг жагсааж тэмдэглэсэн л зүйл байдаг. Түүнчлэн дүгнэлтэд "түрээсийн гэрээ байгуулаагүй, цайны газарт засвар хийхийг зөвшөөрсөн *******сургуулийн ректорын тушаал, шийдвэр байхгүй, засвар үйлчилгээний батлагдсан төсөв байхгүй, засварын ажлыг хүлээлцээгүй, засварын ажилд зарцуулсан хөрөнгийг нотлох санхүүгийн баримт давхардаж болзошгүй" гэсэн байх атал анхан шатны шүүхээс ******* нь тухайн санхүүгийн баримтуудыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн мэтээр үндэслэлгүйгээр дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, цайны газарт хийгдсэн гэх засварыг талууд хүлээлгэн өгсөн, хүлээн авсан баримт огт байхгүй буюу бодитоор ямар засвар хийгдсэн, засварын зардал хэдэн төгрөг болсон эсэх нь тодорхойгүй.

Үүнээс гадна, нэхэмжлэгч талын тодорхойлоод буй засварын зардал гэх 80,157,115 төгрөг, үүнээс худалдан авсан тоног төхөөрөмжийн зардал 21,026,215 төгрөг зэрэг нь хэрхэн яаж тогтоогдоод буйд анхан шатны шүүхээс огт дүгнэлт хийлгүй, нэхэмжлэгчийн тайлбар туйлын үнэн зөв мэтээр дүгнэн шийдвэрийн үндэслэл болгосон.

4.4.Мэтгэлцэх зарчмыг зөрчсөн тухайд:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд талуудын мэтгэлцэх зарчмыг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим байхаар хуульчилсан.

"*******" ХХК нь анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа "*******сургуулийн гал тогоо засвар үйлчилгээнд зарцуулсан хөрөнгө оруулалтын зардлаас үлдсэн 33,013,900 төгрөгийг гаргуулах" гэж тодорхойлсон. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа гэрээний бэлтгэл үе шатанд гэрээ байгуулагдсан тул засан сайжруулалтад зарцуулсан төлбөрөөс түрээсийн гэрээний дагуу төлөгдөх төлбөрийг хасаж, үлдэгдэл 33,013,900 төгрөгийг гаргуулна гэж тодруулсан. Анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад хариуцагч бичгэн тайлбар болон холбогдох нотлох баримтыг гаргах, хариуцагч байгууллагын удирдлагад танилцуулах зэрэг боломжийг олголгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлсэн нь талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил болсон.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1.Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны, үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан.

Хариуцагч төрийн өмчийн сургуульд зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, дур мэдэн засвар хийсэн гэх агуулгатай тайлбар гаргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй. Учир нь тухайн объектод ямар нэгэн зөвшөөрөлгүйгээр хүчээр нэвтрэн орж, удаан хугацаанд засвар хийх боломжгүй бөгөөд ийм үйл ажиллагаа сургуулийн удирдлага болон ажилтнуудад мэдэгдэхгүй байх боломжгүй. ******* ХХК тухайн байранд шууд үйл ажиллагаа явуулах нөхцөл бүрдээгүй, зайлшгүй засвар хийх шаардлагатай байсан тул тодорхой хугацаанд засвар хийсэн. Хариуцагч тал өөрсдөө засвар хийсэн гэдэг үйл баримттай маргадаггүй боловч зөвшөөрөл аваагүй гэх үндэслэлээр үгүйсгэхийг оролдож байна.

5.2.Мөн ******* ХХК 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд үйл ажиллагаа явуулсан бөгөөд дараа нь 08 дугаар сард дахин сонгон шалгаруулалтад орж шалгарсан. Үүний дагуу холбогдох журмын хүрээнд гэрээг боловсруулж, гарын үсэг зурж баталгаажуулан хариуцагч талд хүргүүлсэн. Хэрэв тухайн гэрээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраар батлуулах шаардлагатай байсан бол ******* ХХК уг шаардлагыг биелүүлэх бүрэн боломжтой байсан. Нэхэмжлэгчийн зүгээс өөрсдийн боломжит бүх үйл ажиллагааг бүрэн хэрэгжүүлсэн.

Уг гэрээнд түрээсийн төлбөрийг нэгж талбайн хэмжээгээр тооцож, нэг м.кв-ыг 10,000 төгрөгөөр тогтоосон бөгөөд ашиглалт, үйлчилгээний зардлыг нэмж нийт төлбөрийг 3.2 сая гаруй төгрөгөөр тодорхойлсон. 2023 оны 09 дүгээр сараас үйл ажиллагаагаа эхэлсэн боловч 2023 оны 11 дүгээр сард байгууллагын удирдлага өөрчлөгдөж, улмаар зөвшөөрөлгүй, гэрээ хэлцэлгүй гэх үндэслэлээр манай байгууллагад албан бичгүүд ирүүлэх болсон. Эдгээр баримт бичгүүд нь хэрэгт хавсаргагдсан. Ийнхүү талууд харилцан ойлголцолд хүрч чадаагүй тул нэхэмжлэгчийн зүгээс үйл ажиллагаагаа зогсоож, тухайн байрыг чөлөөлөх шийдвэр гаргасан.

5.3.Гэхдээ энэ хугацаанд манай байгууллага тухайн объектод тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд нийт 80 сая төгрөгийн зардал гарсан. Энэхүү дүн нь нэхэмжлэгчийн зүгээс дур мэдэн тогтоосон тоо биш, харин хэрэгт авагдсан баримтууд буюу дансны хуулга, санхүүгийн баримтуудад үндэслэн хариуцагч талын өөрсдийн шалгалтаар тогтоосон дүн юм. Мөн уг тооцоололд хариуцагчийн төлөөлөгч гарын үсэг зурсан баримт хэрэгт хавсаргагдсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдагдсан *******тай холбоотой зардлуудыг үгүйсгэх, өөр этгээд рүү шилжүүлэн тайлбарлах оролдлого хийж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэрэгт авагдсан санхүүгийн баримтуудаар тогтоогдсон зардал нь тухайн талбайд хийгдсэн бодит засвар, сайжруулалттай шууд холбоотой юм. Тухайлбал, 240 м.кв талбайд хийгдсэн энгийн будалт, засварын ажлын зардал өөрөө тодорхой хэмжээний дүн гардаг бөгөөд үүнээс гадна манай байгууллага гал тогооны зориулалтын суурилуулсан тоног төхөөрөмж буюу хананд бэхэлсэн хиншүү сорох төхөөрөмжийг үлдээсэн. Харин зөөвөрлөх боломжтой бусад эд зүйлсийг буцаан авч гарсан бөгөөд эдгээрийн өртөг нь ойролцоогоор 50 сая гаруй төгрөг болсон. Мөн ******* ХХК тухайн байрыг ашигласан хугацааны түрээсийн төлбөрийг хөрөнгө оруулалтын зардлаас хасаж тооцох санал гаргасны үндсэн дээр нийт нэхэмжилж буй дүн 33 сая төгрөгөөр тодорхойлогдсон. Нэхэмжлэгчийн зүгээс 3 жилийн хугацаанд маргааныг эвлэрлийн журмаар шийдвэрлэх, харилцан тохиролцох удаа дараа санал гаргасан. Үүнд дараагийн түрээслэгчтэй тохиролцож, оруулсан хөрөнгө оруулалтын зардлын тодорхой хэсгийг нөхөн авах, улмаар хариуцагчтай харилцахгүйгээр асуудлыг шийдвэрлэх зэрэг хувилбарууд багтсан. Гэвч эдгээр саналыг хариуцагч тал хүлээн аваагүй тул өнөөгийн шүүхийн маргаан үүссэн гэжээ. 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******д холбогдуулан түрээсийн зүйлийн хөрөнгө оруулалт, засварын зардал 33,013,900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Хэрэгт авагдсан огноо тусгагдаагүй Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн гэрээ-нд түрээслэгч ******* ХХК-ийн захирал *******, түрээслүүлэгч *******сургуулийн Санхүү төлөвлөлтийн газар, хангамж үйлчилгээний албаны менежер ******* тус тус гарын үсэг зурсан байх ба уг гэрээгээр түрээслүүлэгч нь *******сургуулийн хичээлийн төв байранд 240 м.кв объектыг нийтийн хоолны үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар түрээслэгчийн ашиглалтад шилжүүлэх, түрээслэгч нь сарын түрээсийн төлбөр 2,400,000 төгрөг, ашиглалтын зардал 850,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.

 

3.1.Анхан шатны шүүх дээрх эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээнд хамаарахыг зөв дүгнэсэн.

 

3.2.Түрээсийн гэрээг бичгээр байгуулахаар Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасан бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх заалтад талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд бичгээр хийх хэлцлийг хийсэн гэж үзэхээр заасан.

Дээрх гэрээнд *******сургуулийг төлөөлөх эрх бүхий этгээд буюу байгууллагын эрх баригч гарын үсэг зураагүй тул талуудын хооронд бичгээр хэлцэл хийгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй.

3.3.Харин тухайн объектод нэхэмжлэгч 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд хөрөнгө оруулалт, засвар хийж, 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд, мөн сонгон шалгаруулалтын үндсэн дээр 2023 оны 09 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд үйл ажиллагаа явуулсан гэж талууд тайлбарласнаас үзвэл тэдгээрийн хооронд түрээсийн гэрээ амаар байгуулагдсан байна.

Хуульд зааснаар талуудын хооронд бичгээр хэлцэл хийгдээгүй тул амаар байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байна.

 

3.4.Анхан шатны шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ бичгийн хэлбэрээр байгуулагдсан, хүчин төгөлдөр гэж алдаатай дүгнэснийг дээрх байдлаар залруулна.

 

4.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ объектод 80,157,115 төгрөгийн хөрөнгө оруулалт, засвар хийсэн, үүнээс салгаж авсан тоног төхөөрөмж, бусад зүйлсийг хасахад засварын зардал 59,013,900 төгрөг болсон, түрээсийн төлбөр, ашиглалтын зардалд 26,000,000 төгрөгийг суутгаж үлдэх 33,013,900 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.

Хариуцагч нь мөнгөн гүйлгээний зарлага, анхан шатны баримтууд нь засвар хийснийг нотлох үндэслэл бага, өөрсдийн үйл ажиллагаанд шаардагдах аяга таваг, тоног төхөөрөмжөө засуулсан шинж чанартай зардлууд байсан, хиншүү сорогчийн 9,130,900 төгрөг тухайн үеийн зах зээлийн үнээс хэт өндөр, цайны газарт суурилуулсан хиншүү сорогч мөн эсэх нь эргэлзээтэй гэж маргасан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтад хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүссэн үүрэг нь хожим хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд нь хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж, мөн үндэслэлгүй олж авсан зүйлийн чанар байдлын улмаас буюу өөр шалтгаанаар түүнийг буцааж өгөх боломжгүй бол олж авсан этгээд түүний үнийг төлнө гэж мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт тус тус заасан.

Нэхэмжлэгч нь түрээсийн объектод тоног төхөөрөмжийн засвар, тааз, хана, шал, цонх, цахилгаан, сантехникийн засвар үйлчилгээ хийсэн үйл баримт тогтоогдсон бөгөөд засварын зардлын хэмжээ талуудын маргааны зүйл болжээ.

 

4.1.Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 13 дугаартай албан бичиг, хариуцагчийн ажлын хэсгийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 1 дугаартай дүгнэлтийн агуулгыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Тодруулбал нэхэмжлэгч нь засварын зардлыг хоёр талаас хамтран комисс гарган баталгаажуулж, хариуцагчид төлөх түрээсийн төлбөрийг суутгуулж тооцуулах хүсэлт гаргасныг хариуцагч хүлээн авч ректорын 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн А/05 дугаар тушаалаар цайны газрын ашиглалтын өнөөгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид ажиллах чиглэл, дүрэм журмыг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан ба ажлын хэсэг нь нэхэмжлэгчийн баримтуудад холбогдох хяналт шалгалтыг хийж дээрх 1 дугаартай дүгнэлт гаргасан болох нь тогтоогджээ.

 

4.2.Харин ажлын хэсгийн дүгнэлтийг шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйг дор дурдсанаар залруулах шаардлагатай.

Дүгнэлтэд нийт 80,500,615 төгрөгийн үнийн дүн бүхий нэхэмжлэгчийн баримтуудыг дараах байдлаар дүгнэжээ. Үүнд:

а.Засвартай холбоотой нийт 41,244,000 төгрөг:

- 38 ширхэг зарлагын баримт 8,622,900 төгрөг,

- Хаан банк ХК дахь *******тоот дансны 24 гүйлгээ 6,195,200 төгрөг,

- Хаан банк ХК дахь *******тоот дансны 28 гүйлгээ 26,425,900 төгрөг.

 

б.Гал тогооны хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй холбоотой нийт 30,084,280 төгрөг:

- 6 ширхэг зарлагын баримт 2,488,000 төгрөг,

- Хаан банк ХК дахь *******тоот дансны 20 гүйлгээ 18,147,500 төгрөг,

- Хаан банк ХК дахь *******тоот дансны 2 гүйлгээ 402,000 төгрөг,

- 10 ширхэг и-баримт 8,546,780 төгрөг,

- захиалгын хуудас чулуун хийц 500,000 төгрөг,

 

в.Бусад зардал нийт 9,172,335 төгрөг:

- огноо бичээгүй 6 ширхэг зарлагын баримт 4,876,000 төгрөг,

- бараа материалын нэр гаргацгүй 10 ширхэг зарлагын баримт 3,343,500 төгрөг,

- хамрах хугацаанд орохгүй 2 ширхэг зарлагын баримт 343,500 төгрөг,

- түлшний 2 ширхэг и-баримт 350,000 төгрөг,

- хувийн зардлын 7 ширхэг и-баримт 255,600 төгрөг,

- бусад 1 ширхэг и-баримт 3,735 төгрөг.

 

4.3.Ажлын хэсэг нь нэхэмжлэгчийн баримтуудаас 39,256,615 (30,084,280+9,172,335) төгрөгийг маргаанд хамааралгүй гэж дүгнэхдээ зардлын утга, бараа материалын нэр, огноо зэргийг харгалзсан, нэхэмжлэгч уг дүгнэлтийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгосон, мөн өөр баримт шүүхэд гаргаж мэтгэлцээгүй байх тул ажлын хэсгийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Хариуцагчийн гаргасан ямар худалдан авалт хийсэн нь тодорхойгүй, төлбөрийн баримт нь тухайн засварт бодитоор зарцуулагдсан эсэх нь эргэлзээтэй гэх давж заалдах гомдлын энэ хэсгийг хүлээн авах үндэслэлтэй гэж үзэв.

Түүнчлэн дээрх үнийн дүнд багтсан 9,130,900 төгрөгийн үнэлгээтэй хиншүү сорогчийг зах зээлийн үнээс хэт өндөр, цайны газарт суурилагдсан хиншүү сорогч мөн эсэх нь эргэлзээтэй гэж хариуцагч маргасан ба Хаан банк ХК дахь *******тоот дансны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 9,130,900 төгрөгийн гүйлгээний утгад төхөөрөмжийн үнэ гэж бичигдсэнийг хиншүү сорогч гэж тодорхойлох боломжгүй, хаана үйлдвэрлэсэн, ямар загварын тоног төхөөрөмж болох нь тодорхой бус, холбогдох гэрээ, баримт авагдаагүй учир хариуцагчийн татгалзал, энэ агуулгаар гаргасан гомдол мөн үндэслэлтэй.

Нэхэмжлэгчийн зүгээс салгаж авсан тоног төхөөрөмж, бусад зүйлд 21,143,215 төгрөгийг зарцуулсан гэж тайлбарласан нь дээрх 39,256,615 төгрөгт багтжээ.

 

4.4.Харин дүгнэлтэд засвартай холбоотой 38 ширхэг зарлагын баримт болон Хаан банк ХК дахь *******, *******тоот данснуудын гүйлгээг давхардаж болзошгүй гэж дурдагдсан. Ажлын хэсэг нь баримт, гүйлгээ тус бүрийг дээр дурдсан байдлаар ангилж дэлгэрэнгүй тооцоолол хийсэн атлаа ямар үнийн дүнтэй бараа материал, ажил, үйлчилгээ хэрхэн давхардсан талаар тодорхой үндэслэл дүгнэлтэд тусгаагүй тул энэ талаарх хариуцагчийн тайлбар, холбогдох гомдлыг хүлээн авах боломжгүй.

Ажлын хэсгийн чиг үүрэг, бүрэлдэхүүн (Ахлагч-Санхүү, төлөвлөлтийн газрын захирал, гишүүд-Хэрэглээний, шинжлэх ухааны сургуулийн захирал, Санхүү, төлөвлөлтийн газрын хангамж үйлчилгээний менежер, Санхүү, төлөвлөлтийн газрын эдийн засагч, хуулийн зөвлөх, Захиргаа, удирдлагын газрын дотоод хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн) болон хяналт шалгалт бодитой явуулсан байдлаас үзвэл хариуцагчийн гомдолд дурдсан ажлын хэсгийн дүгнэлт нь нэхэмжлэгч байгууллагын гарган өгсөн төлбөрийн баримтуудыг үнэн зөв ба тухайн засварт гаргасан зардал мөн гэж хүлээн авч үнэлсэн зүйл биш, гарган өгсөн баримтуудыг жагсааж тэмдэглэсэн гэж үзэхгүй болно.

 

4.5.Дээрхийг нэгтгээд, нэхэмжлэгчээс түрээсийн объектын засварт нийт 41,244,000 төгрөг зарцуулсан гэж дүгнэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасанд нийцнэ гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтын дагуу түрээсийн объектод хийсэн засварыг буцаан гаргуулах боломжгүй тул нэхэмжлэгч нь засварын зардал 41,244,000 төгрөгийг төлөхийг мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Талуудын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр бус тул хариуцагчийн давж заалдах гомдолд зохих зөвшөөрөлгүй хийсэн засварын зардлыг буцаан шаардах эрхээ алдах талаарх гэрээний нөхцөлийг шүүх дүгнээгүй гэх гомдол үндэслэлгүй.

 

5.Нэхэмжлэгч нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 01-ний өдрийн хооронд, түүнчлэн сонгон шалгаруулалтын үндсэн дээр мөн оны 09 дүгээр сараас 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд үйл ажиллагаа явуулсан, энэ хугацаанд 2024 оны 01 дүгээр сард сургуулийн амралт таарсныг хасаж нийт 8 сарын хугацаанд үйл ажиллагаа явуулсан тул гэрээгээр тохиролцсон сарын түрээсийн төлбөр 2,400,000 төгрөг, ашиглалтын зардал 850,000 төгрөгөөр тооцон нийт 26,000,000 (3,250,000*8) төгрөгийг засварын зардлаас суутгуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нь 497.82 м.кв талбайтай цайны газрыг нэг м.кв 10,000 төгрөгөөр 9 сараар тооцоход 44,803,800 төгрөг, цахилгааны зардал 7,973,114 төгрөг, нийт 52,776,914 төгрөгийг нэхэмжлэгч төлөөгүй гэж татгалзалдаа дурдсан ба тэрээр хүчин төгөлдөр бус хэлцлийн үр дагаврыг арилгуулахаар мөн сөрөг нэхэмжлэл гаргах эрхтэй боловч уг эрхээ хэрэгжүүлж мэтгэлцээгүй. Түрээсийн объект 354.38 м.кв талбайтай хоолны заал, 26.79 м.кв талбайтай угаалга бэлтгэлийн хэсэг, 103.37 м.кв талбайтай гал тогооны хэсэг, 13.29 м.кв талбайтай агуулахаас бүрдэнэ гэж тайлбарлах боловч хэргийн 135-136 дахь талд авагдсан гар зураг, хүснэгт нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлэх боломжгүй.

Мөн цахилгааны төлбөрийн нэхэмжлэлүүдээс 452 дугаартай тоолуур нэхэмжлэгчид хэрхэн хамааралтай болохыг нотолсон баримт хэрэгт авагдаагүйн зэрэгцээ нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ сард 850,000 төгрөгийн ашиглалтын зардал хариуцагчид төлөх тухай илэрхийлснийг үгүйсгэж маргаагүй.

Иймээс нэхэмжлэгчийн тодорхойлсон хэмжээнд дээрх тооцоог хийх үндэслэлтэй.

 

6.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнд нэхэмжлэгч гарын үсэг зурсан, хариуцагч талаас мөн зохих албан тушаалтан гарын үсэг зурсан, харин гуравдагч тал Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас гарын үсэг зураагүй байсан нөхцөл байдлыг гэрээний бэлтгэл үе шат гэж үзвэл энэ үе шатанд үүргийн харилцаа үүсдэг гэсэн агуулгаар тайлбарласан нь хэргийн үйл баримттай холбоотой байх ба үүнийг нэхэмжлэлийн үндэслэл өөрчлөгдсөн гэж үзэхгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсантай холбоотой хариуцагч талд эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүй, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэх гомдлыг хүлээн авахгүй. 

 

7.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг 15,244,000 (41,244,000-26,000,000) төгрөгийн хэмжээнд хангасан өөрчлөлтийг оруулж, хариуцагч талын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 192/ШШ2026/01340 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч *******сургуулиас 15,244,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 17,769,900 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...хариуцагч *******сургуулиас 323,050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэснийг хариуцагч *******сургуулиас 234,170 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******сургуулийн төлсөн 323,100 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.АЗБАЯР

 

ШҮҮГЧИД   М.БАЯСГАЛАН

 

Д.ЗОЛЗАЯА