| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдорж Золзаяа |
| Хэргийн индекс | 192/2025/05167/И |
| Дугаар | 210/МА2026/00986 |
| Огноо | 2026-05-04 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 210/МА2026/00986
*******нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, шүүгч Б.Ууганбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2025/09588 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй
Хариуцагч *******ХХК, *******нарт холбогдох
Авто зогсоолын өмчлөгчөөр тогтоож, нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нөхөр *******бид хоёр *******ХХК-аас Хан-Уул дүүрэг, 4 хороо, *******байрны 12 давхрын В загварын ******* тоот хаягт байрлах, 79.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 123,380,000 төгрөгт тооцож захиалсан боловч тус төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэгч *******ХХК нь *******ХХК ажлаа гүйцэтгээгүй тул өгөхгүй гээд өгөөгүй. Үүний дараа *******ХХК нь өөрийн хэрэгжүүлж буй Mега сити төсөл хөтөлбөрийн 102 байрны 16 давхрын С тоот хаягт байрлах, 43.2 м.кв талбайтай орон сууц, 1 давхрын А тоот хаягт байрлах, 43.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг дээрх төлбөрт тооцож өгөхөөр бидэнтэй гэрээ байгуулсан.
Гэвч орон сууц дээр давхцал үүсэж *******ХХК-ийн захирал *******өөрийн хамаарал бүхий этгээд *******тэй уулзуулж *******ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн 16 давхрын А тоот хаягтай, 43.8 м.кв талбайтай орон сууцыг өгөхөөр болсон гэсэн тул нөхөр **************ХХК-ийн захирал *******тэй гэрээ байгуулж гэрээндээ төлбөр төлөгдсөн байдлаар тусгасан. *******нь мөн бидэнд өгөх ёстой Хөх сувд хотхоны байрыг иргэн *******давхардуулж зарсан ба энэ асуудлаар иргэн *******орон сууцны төлбөр 92,000,000 төгрөгийг буцааж өгөх гурван талт хэлцэл хийснээр бид байраа авч үлдсэн. Үүний дараа хариуцагч байгууллагаас одоо ийм давхардал гарахгүй, олон талын хохирол учруулж байгаа, төсөл хөтөлбөрийг удааж байгаадаа харамсаж байна, захиалсан байрны чинь доор байрлалтай Хөх сувд хотхоны *******байрны В1 давхрын 7 тоот хаягтай, 18 м.кв талбайтай авто зогсоолыг өгье гэснээр бид 2023.09.12-ны өдрийн Г-07 тоот захиалгын гэрээ байгуулж гэрээний чөлөөт байдлын зарчмын хүрээнд гэрээний 2.2-т төлбөр тооцоо дуусгавар болсноор тохиролцсон.
Гэвч барилга ашиглалтад орох дөхөж ирсэн энэ цаг хугацаанд тохиролцоогоо зөрчиж, өгөхгүй байж болох бүх талын арга зам илэрхийлж зүй бус авирлаж байна.
Иймд Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Хөх сувд хотхон *******байрны В1 давхрын 7 тоот байрлах, 18 м.кв талбайтай авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоож, авто зогсоолыг шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч *******ийн татгалзал, тайлбарын агуулга:
2023.09.12-ны өдрийн 07 тоот орон сууц захиалгаар барих гэрээ иргэн ******* болон *******ХХК-ийн хооронд байгуулсан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэж заасан. Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл иргэн *******нь маргаан бүхий гэрээний оролцогч биш бөгөөд *******тай холбоотой үүргийн харилцаа үүсээгүй болно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Хариуцагч *******ХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ******* нь *******ХХК-тай 2023.09.12-ны өдөр Г-07 тоот Хөх сувд хотхоны В1 давхрын 1 тоот хаягтай, 18 м.кв талбайтай авто зогсоолын захиалгын гэрээг байгуулсан. Хэдийгээр тус гэрээний 2.2 дахь хэсэгт Захиалагч нь гараашийн нийт төлбөр болох 25,000,000 төгрөгийг төлж төлбөр тооцоо 100% дууссан болно гэж заасан боловч бодит байдал дээр захиалагч ******* нь манай *******ХХК-д уг төлбөрийг ямар нэгэн хэлбэрээр төлөөгүй.
Иймд авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлага нь үндэслэлгүй байна. Мөн дээр дурдсаны дагуу нэхэмжлэгч нь төлбөрийн баримт буюу нэхэмжлэлийн шаардлага, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.
Иймд *******ХХК-д холбогдох *******нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар нэхэмжлэгч *******Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Хөх сувд хотхоны *******В1 давхрын 1 тоот 18 м.кв талбай бүхий авто зогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгож, тухайн автозогсоолыг нэхэмжлэгчид шилжүүлж өгөхийг хариуцагч *******ХХК, *******нарт даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч *******улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 351 150 /282 950+70 200/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол, тайлбарын агуулга:
5.1.Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дахь хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд уг гэрээгээр ******* гэрээгээр тохирсон 25,000,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээсэн боловч уг төлбөрийг төлсөн болох нотлоогүй, хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй хэмээн буруу дүгнэлт хийсэн тухайд:
Талуудын хооронд байгуулагдсан 2023.09.12-ны өдрийн Г-07 тоот гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийг тусгаж баталгаажуулсан хүчин төгөлдөр гэрээ юм. Тус гэрээний 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт захиалагч нь гэрээний нийт төлбөр болох 25,000,000 төгрөгийг төлж төлбөр тооцоо 100% дууссан болно хэмээн тусгасан. Гэвч анхан шатны шүүх уг заалтыг хэрхэн ойлгож яаж дүгнэх талаар дүгнэлт хийгээгүй орхигдуулсан. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна хэмээн хуульчилсан бөгөөд уг зохицуулалтын хүрээнд гэрээний 2.2 дахь заалтыг авч үзвэл гэрээ байгуулагдах тухайн цаг хугацаанд төлбөр тооцоо буюу талууд нэгэндээ төлбөрийн үлдэгдэлгүй байсан байна.
Анхан шатны шүүх гэрээнд 25,000,000 төгрөг гэж тусгагдсан учир заавал төлбөр төлсөн баримт байх ёстой хэмээн дүгнэлт хийж буй нь үндэслэлгүй юм. Учир нь бид нэхэмжлэл гаргахдаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 25,000,000 төгрөгийн үнэ бүхий авто зогсоолын төлбөр төлсөнтэй адилтгаж үзэн гэрээнд төлсөн байдлаар тусгаж уг авто зогсоолыг өгсөн бөгөөд өгөх болсон шалтгаан нь орон сууц захиалаад өчнөөн удаж байгаа, энэ хугацаанд давхардал үүсгэж хүндрэл чирэгдэл үүсгэсэн, цаашдаа орон сууц ашиглалтад ортол тэвчээртэй хүлээж байгаарай, орон гэргүй түрээсийн байраар урт хугацаанд явж байгаа байдлыг чинь ойлгож хэмээн уг гэрээг хийж өгсөн гэдэг. Гэвч орон сууц ашиглалтад орох дөхөж барилгын ажил дуусгавар болж буй энэ цаг үед гэнэт өгөхөөс татгалзах үйлдэл гаргаж шүүхийн байгууллагад хандсан боловч шүүх уг асуудалд буруу дүгнэлт хийсэн. Тохирсон төлбөрийг төлөх эсхүл төлсөнтэй адилтаж тооцоогоо дуусгах нь гэрээний талуудын бүрэн эрхийн асуудал бөгөөд энэ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх зохицуулалттай нийцэх юм.
5.2.Хариуцагч нарын зүгээс гэрээний 2.2 дахь хэсэгт төлбөр тооцоо дуусгавар болсон буюу төлөгдсөн байдлаар гэрээнд тусгах болсон шалтгааныг тодруулахад хариулт өгч чадаагүй бөгөөд гэрээ байгуулчихаад төлбөрөө шилжүүлэхээр яваад шилжүүлээгүй хэмээн гэрээний уг заалтыг тайлбарласан. Хэрэв хариуцагчийн тайлбарт дурдагдсанаар бид төлбөрөө дараа нь төлөхөөр байсан бол гэрээнд тооцоо дууссанаар тусгагдахгүй бөгөөд хариуцагч өөрийн татгалзлын хүрээнд төлбөрөө шаардаж байсан талаарх буюу өөрийн татгалзалтай холбоотой ямар нэгэн баримт материал бүрдүүлж өгөөгүй байдаг.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
6.Давж заалдах гомдолд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:
Талуудын хооронд 2023.09.12-ны өдөр 07 тоот гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний 2.2-т нэхэмжлэгчийн дурдсантай адил талууд харилцан тохиролцож, төлбөр тооцоог дууссан мэтээр тусгасан. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээгээр нэхэмжлэгч тал төлбөр төлөх, хариуцагч тал авто зогсоолыг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн. Өөрөөр хэлбэл, хариу төлбөртэй гэрээ байгуулсан. Гэвч нэхэмжлэгч тал гэрээнд заасан авто зогсоолын төлбөрийг бодитоор төлөөгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээн зөвшөөрсөн. Мөн хэрэгт авагдсан баримтаар *******ХХК болон *******нарын хооронд орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээний дагуу нэхэмжлэгч тал 123,300,000 төгрөг төлсөн нь тогтоогдож байна. Харин нэхэмжлэгч тал авто зогсоолын төлбөрийг дээрх гэрээний төлбөрөөс суутган тооцсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь нотлох баримтаар батлагдаагүй, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад авто зогсоолын төлбөрийг бодитоор төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* нь нь анх хариуцагч *******т холбогдуулан авто зогсоолын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад *******ХХК-ийг хамтран хариуцагчаар татаж, мөн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж автозогсоолыг шилжүүлж өгөхийг даалгах тухай шаардлага нэмж гаргасан ба хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ хариуцагч *******ХХК-тай байгуулсан 2023.09.12-ны өдрийн Г-07 тоот орон сууц захиалгаар барих гэрээнд үндэслэсэн ба уг гэрээний 2.1-д гараашийн төлбөр 25,000,000 төгрөгийг төлж төлбөр тооцоо дууссан талаар тусгагдсаныг хариуцагч тухайн үед итгэлцлээр ийнхүү тусгасан, гэрээ байгуулсан өдөр төлбөрөө төлнө гэсэн боловч төлөөгүй гэж маргасан.
3.1.Нэхэмжлэгч нь дээрх гэрээг байгуулах болсон үндэслэлээ дараах байдлаар тайлбарлажээ. Үүнд:
- Анх *******ХХК-тай байгуулсан 2021.03.22-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний эрх шилжүүлэх гэрээгээр Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо /Жаврын хөндий төсөл/ *******байрны 12 давхрын В загварын ******* тоот хаягт байрлах, 79.6 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцыг 123,380,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлсөн боловч *******ХХК нь төсөл хэрэгжүүлэгч *******ХХК-д ажлаа гүйцэтгээгүй гэх үндэслэлээр уг орон сууцыг авах боломжгүй болсон;
- Үүний дараа *******ХХК нь өөрийн барьж байгаа *******барилгын 102 байрны 16 давхрын С тоот хаягт байрлах, 43.2 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, 1 давхрын А тоот хаягт байрлах, 43.2 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай талбайг дээрх төлбөрт тооцож өгөхөөр гэрээ байгуулсан;
- Гэвч орон сууцанд өөр этгээдтэй давхцал үүссэн учир *******ХХК, *******ХХК-ийн захирлууд тохиролцож, *******ХХК-ийн барьж буй Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, Хөх сувд хотхоны *******байрны 16 давхрын А тоот хаягт байрлах, 43.8 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг өгөхөөр болж, тус компанитай 2023.12.13-ны өдөр орон сууц захиалгын гэрээ байгуулж төлбөр 61,690,000 төгрөгийг бүрэн төлсөн гэх нөхцлийг тусгасан;
- Тухайн үед *******ХХК-ийн захирлаар *******ажиллаж байсан ба анх захиалсан орон сууцандаа орж чадаагүй, төсөл удааширч хохиролтой байгааг харгалзан Хөх сувд хотхоны *******В1 давхрын 7 тоот хаягтай, 18 м.кв талбайтай авто зогсоолыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцож, *******ХХК-тай 2023.09.12-ны өдрийн захиалгын гэрээ байгуулж, гэрээнд төлбөрийг бүрэн төлсөн нөхцлийг тусгасан.
3.2.Хэрэгт *******групп ХХК-тай байгуулсан 2021.03.22-ны өдрийн орон сууц захиалах, захиалга гүйцэтгэх гэрээний эрх шилжүүлэх гэрээ, мөн Жаврын хөндий төслийн 3 өрөө орон сууцны оронд *******төслөөс дээр дурдсан орон сууц, үйлчилгээний зориулалттай орон сууц тус бүрд захиалгын гэрээ байгуулсан тухай *******групп ХХК-ийн 2021.08.23-ны өдрийн 21/45 тоот албан бичиг, *******ХХК-тай байгуулсан 2023.12.13-ны өдрийн орон орон сууц захиалгаар барих гэрээ тус тус авагджээ.
3.3.Нэхэмжлэгчийн дээрх тайлбар болон нотлох баримтуудыг анхан шатны шүүх хэрхэн үзсэн нь тодорхойгүй, энэ талаар шийдвэрт дүгнээгүй атлаа нэхэмжлэгч авто зогсоолыг үнэ төлбөргүй шилжүүлэхээр тохиролцсон болохыг эргэлзээгүй нотлоогүй гэж дүгнэсэн нь нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй байна.
Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй бөгөөд үүнд маргааны зүйлийг зөв тодорхойлох, улмаар талуудыг маргаанд чиглүүлэх, мэтгэлцүүлэх, тэдгээрийн мэтгэлцэх нөхцөлийг хангах ажиллагаа хамаарна.
Өөрөөр хэлбэл тус маргааны хувьд *******групп ХХК-ийн байгуулсан хэлцлүүд нь маргаан бүхий авто зогсоолын гэрээг байгуулах үндэслэл болсон эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагатай байх ба уг этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах эсэх талаар зохигчоос тодруулаагүй нь буруу байна.
3.4.Үүнээс гадна нэхэмжлэлийн зүйл нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тул эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбоотой шийдвэр гаргах этгээд буюу барилгын төслийн захиалагч, хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч нь хэн болох, хариуцагч алинд хамаарах, барилга бүрэн баригдаж ашиглалтад орсон эсэх, өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэх нөхцөл байдал хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой байх ба энэ талаар мөн зохигчоос тодруулах шаардлагатай. Мөн авто зогсоолын дугаарыг анх гаргасан нэхэмжлэлд 1 гэсэн атлаа нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагад 7 гэж тусгасан нь зөрүүтэй байгааг нэхэмжлэгчээс тодруулах нь зүйтэй.
4.Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхэд нөхөн гүйцэтгэх боломжгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүйгээс нэхэмжлэлийн шаардлагад дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 192/ШШ2026/02437 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******аас 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төлсөн 351,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Д.ЗОЛЗАЯА