| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2019/0459/Э |
| Дугаар | 479 |
| Огноо | 2019-06-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Булганчимэг |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 479
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
Улсын яллагч Н.Булганчимэг,
Шүүгдэгч Т.Ү, түүний өмгөөлөгч Б.Гэршихбөртэ,
хохирогч Д.Батцэнгэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хариад овогт Т.Үд холбогдох эрүүгийн 1911008850476 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Хариад овогт Т.Ү, Монгол Улсын иргэн, 1996 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, Сарнайх салонд гоо сайханч ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо 40-14 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ........................................................................................
Шүүгдэгч Т.Ү нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Гандирс төвийн 2 давхарт иргэн Д.Батцэнгэлтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Т.Үгаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Гандирс төв дотор иргэний маргаантай байгаа Батцэнгэлтэй уулзаж улмаар маргалдаж түүнийг нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,
Шүүгдэгч Т.Ү шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 9 дүгээр сараас эхлэн намайг хэл амаар доромжилж, дээрэлхсээр ирсэн. Манай лангуу руу орж ирэх болгондоо миний дуу одоо байгаагаасаа чангарна гэж хэлж байсан юм. Миний дүүг бас хэл амаар доромжилж байсан. Угаасаа та нарыг дээрэлхэх ёстой гэж хэлсэн. Удаа дараа биднийг хэл амаар доромжлох үйлдэл гаргаад байхаар нь би санамсаргүй байдлаар нүүрэн тус газарт цохисон” гэв.
Хохирогч Д.Батцэнгэлээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...тэгээд 16 цаг өнгөрч байхад Гандирс төв дээр яваад очсон чинь Цэбүднй Үүрийнтуяа нар ирсэн байсан ба Үүрийнтуяа үгийн зөрүүгүй нөхрийнхөө урдуур ороод намайг шууд миний нүд рүү цохисон. Тэгээд намайг хоёр дахь удаа цохих гэхэд нь би холдсон. 2 удаа цохисон, нүд рүү нэг, нүүр лүү нэг удаа цохисон ...” гэх мэдүүлэг /хх-15-16х/,
Хохирогч Д.Батцэнгэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай эхнэр болон Батцогт хоёр лангууны маргаантай. Би Т.Үд лангуунаас гар гэх шаардлага тавьж байсан хэдий ч шаардлагыг биелүүлээгүйн улмаас намайг цохиж эрүүл мэндэд минь хөнгөн хохирол учруулсан” гэв.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 3041 тоот шинжээчийн дүгнэлтэд:
“1. Д.Батцэнгэлийн биед зүүн нүдний дээд зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-26х/,
Хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл “...шар өнгийн үстэй хөх өнгийн өмдтэй туранхай 170 см өндөртэй эмэгтэй Батцэнгэлтэй маргалдаж нүүрэн тус газар цохиж байгаа бичлэг ...бичигдсэн байна ...” /хх-12х/,
Шүүгдэгч Т.Үгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-38/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-37х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлгээр шүүгдэгч Т.Ү нь 2019 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо Гандирс төвийн 2 давхарт иргэн Д.Батцэнгэлтэй маргалдан улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Т.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Д.Батцэнгэл нь өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх 118.000 төгрөгийн баримт /хх-28-29х/-ыг гаргаж хавтаст хэрэгт хавсаргасныг шүүгдэгч Т.Үгаас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Т.Үг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон түүнд торгох ял оногдуулж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсаргаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав.