| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 191/2025/06234/И |
| Дугаар | 210/МА2026/00856 |
| Огноо | 2026-04-17 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 210/МА2026/00856
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01632 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
******* нь эх барих, эмэгтэйчүүдийн эмч мэргэжилтэй, тэргүүлэх зэрэгтэй, клиникийн профессор цолтой, улсад 36 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд тус Хүрээ амаржих газарт 2008 оноос эхлэн 18 дахь жилдээ тасралтгүй ажиллаж байгаад ахмад насны тэтгэврийг 2022 онд тогтоолгуулсан ч хүний нөөцийн дутагдалтай, байгууллагын удирдлагын зүгээс санал тавьсны дагуу үргэлжлүүлэн тус байгууллагадаа ЭМТҮЧАБА-ны албаны даргаар ажиллаж байсан. Мөн тэрээр тус амаржих газрын Үйлдвэрчний Эвлэлийн хороон даргаар 2 дахь удаагаа сонгогдон ажиллаж байсан.
*******ын дарга ******* нь 2024 оны 12 сарын 30-ны өдрөөс даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж эхэлсэн ба ажлын эхний өдрөөсөө л дээрэнгүй, зандарсан, өнгө аястай байсан ... 2025 оны 05 сарын 12-ны өдөр *******ийн төрсөн өдөр, мөн ******* нь төрийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдсан байсан тул энэ баяруудаа хамтатган эмч нартайгаа хамт Скол нэртэй газарт тухайн өдрийн оройн 19:00-23:30 цаг хүртэл тэмдэглэсэн бөгөөд маргааш нь буюу 2025 оны 05 сарын 13-ны өглөө ажилдаа ирдэг цагтаа автомашинаа бариад ирсэн бөгөөд нүүрээ уншуулсан өрөөндөө орж хувцсаа сольж өглөөний ярианд орсны дараа дарга дуудсан тул өрөөнд очиход Та согтуу байна, ажлын байраа орхиж яв, харьж амар гэж хэлэхэд нь Би ажилдаа автомашинаа бариад ирсэн бөгөөд согтуу хүн автомашин барихгүй биз дээ гээд би эрүүл байна гэж хэлсэн бөгөөд тухайн өдөр ажлын цагаар бүтэн 8 цаг ажиллаад 17 цагт нүүрээ уншуулан явсан.
Гэтэл маргааш нь буюу 2025 оны 05 сарын 14-ний өглөө ажилдаа цагтаа ирэхэд дарга дуудаж байна гэсний дагуу очиход *******д сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай Б/111 дугаартай тушаалыг *******д өгсөн. ...******* нь аливаа асуудлыг шударга хэлдэг тул энэ байдлаас болж удаа дараа санал зөрөлдөх болсон. Мөн үйлдвэрчний эвлэлийн хорооны даргын ажил хийдэг байсан тул олон үйл ажиллагааг зохион байгуулахдаа зөвшөөрөл авсангүй гэж маргаж байсан. ******* нь ******* даргын өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж мэрийлттэй ажиллаж байсан бөгөөд 2026 оны 1 сараас тэтгэвэрт гарна гэсэн санал хүсэлтээ өгч байсан. Тэр өдөр ******* өглөө ярианд бага зэрэг хоцорч ирээд хоёр сувилагчийн дунд суусан, асуултад гараа өргөж гарч ярьсан. ******* дарга ******* эмчийн төрсөн өдөр болоод өнгөрсөн гэхэд нь би баярлалаа гээд бөхийж ёслоод суусан байгаа. Ингээд өрөөндөө цайгаа уугаад сууж байтал дарга өрөөндөө дуудаж байхад дуудаад согтуу байна гэдэг зүйл яриад би дуугай толгой дохиод гарсан бөгөөд ажлаас чөлөөлсөн тушаалыг аваад маш их гайхсан. ******* нь урд өдөр нь төрсөн өдрөө тэмдэглэсэн нь үнэн. Харин ажлын байран дээрээ согтуу ирээгүй, архи уугаагүй байхад үндэслэлгүйгээр шууд ажлаас чөлөөлөх хэмжээний зөрчил гаргасан гэж үзэж ажлаас чөлөөлсөн гомдолтой байна.
Иймд ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагаас татгалзаж, үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь чанар аюулгүй байдлын албаны даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэр тогтоолгон гарсан байдаг бөгөөд 2022 оны 11 сарын 21-ний өдрөөс түр ажлын байранд томилогдон тус газар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэст 2025 оны 01 сарын 01-ний өдрөөс 2025 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл хугацаанд 1 жилийн гэрээ байгуулж *******т эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хэлтэст чанар байдлын албаны даргаар ажилд орсон.
******* нь эмч нарын яриан дээр 14 хоногтоо нэг тутам тасаг нэгжүүд өглөөний яриа хийдэг. Үүнтэй холбоотой яаралтай тусламжийн тасаг СЭМҮТ-ийн эмчийг уриад өглөөний хүн яриагаа хийж байхад хоцорч орж ирсэн. Ингэхдээ уучихсан орж ирсэн. Дотоод хяналт шинжилгээ үнэлгээний ажилтан *******, мэдээлэл технологийн инженер ******* нар эрүүл мэндийн чанар аюулгүй байдлын албаны дарга чинь согтуу байна шүү гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр ******* дарга өрөөндөө дуудаад ******* даргад хүний нөөцийн шаардлагаа тавихгүй бол энэ хүн чинь ажлын байрандаа согтуугаараа ирсэн байна аа, өнөөдөр яваад харьчих аа гэж хэлүүлсэн. Өнөөдөртөө хариад амарчих гэсэн шаардлагыг хүлээж аваагүй. Тэгээд дарга яасан бэ, буцаад явсан уу гэхлээр яваагүй байна аа гэсэн чинь ******* даргыг өрөөндөө дуудчих, хурал зарлая гэсэн. Тэгээд тухайн үед хурлын протокол бичсэн бөгөөд эмчилгээ эрхэлсэн орлогч дарга *******, эрсдэлтэй жирэмсэн судлалын тасгийн эрхлэгч ******* нарыг оруулж ирж хурал хийхэд ******* дарга яг миний хажууд байсан бөгөөд архи үнэртэж байсан. Тухайн үед та өнөөдөр яваад ажлын байраа орхиод ажлаа хийхгүйгээр харьчих аа. Өнөөдөр ажил хийх юм бол ямар нэгэн эрсдэлтэй хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн гэрээнд заагдсан одоо үүрэг хариуцлага, хүлээсэн үүрэг чинь зөрчигдөх гээд байна. Та ингэхээр бусад хүмүүст яаж шаардлага тавих вэ гэдэг иймэрхүү байдлаар хурал болоод ******* дарга өрөөнөөс толгой дохиод гарсан. Ингээд ажлын байрандаа согтууруулах ундааны төрлийн зүйлс хэрэглэсэн үедээ ирэх, ажил үүргээ гүйцэтгэхгүй, хөдөлмөрийн гэрээнд заагдсан үүрэг болон Хөдөлмөрийн тухай хуульд заасан үүргүүдийг ноцтой зөрчиж байна гэж үзээд 2025 оны 05 сарын 14-ний өдөр ажлаас чөлөөлсөн. ******* нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ ноцтойгоор зөрчсөн учир Хөдөлмөрийн хууль, дүрэм журмын дагуу хариуцлага тооцсон. Түүнээс одоо байгууллагын даргын хувьд ******* гэх хувь хүний үзэл санаа гэдэг ч юм уу, тийм байдлаар ажлаас чөлөөлөөгүй.
*******ийн хувьд 2022 онд өндөр настны тэтгэврээ тогтоолгож, өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байсан. Ингээд ажилдаа эргэж оръё гэдэг хүсэлт гаргасных нь дагуу түр хугацаагаар ажилд буцааж авсан. 2024 оны 01 сарын 18-ны өдөр өөртэй нь тохиролцоод ажлын байрыг нь өөрчлөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, чанар аюулгүй байдлын албаны даргаар шилжүүлэн ажиллуулах тушаал гарсан. 2024 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулсан. *******ийн хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан байгаа тул ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргах эрхгүй гэж үзэж байна ... иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 20,458,603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2., 43.2.7. дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагч төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч *******т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс хуулийн дагуу чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 260,243 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:
*******ийн нэхэмжлэлтэй, *******т холбогдох хөдөлмөрийн маргааныг анхан шатны шүүх шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүрэн, үнэн зөв үнэлээгүй. Шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь тэнцвэргүй хоёр субъектүүдийн хооронд үүсдэг гэдгээр хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхгүй байх боломжгүй бөгөөд хийсвэр, аль ч хууль тогтоомж, байгууллагын дотоод хэм хэмжээнд байхгүй шаардлага шалгуураар *******ын даргын холбогдох тушаалыг хүчингүй болгосон нь хууль зүйн хувьд хангалттай үндэслэл бүхий болж чадахгүй байна.
*******ийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ажлын байранд ирж, ажил үүргээ гүйцэтгэх гэхэд нь ажил олгогчийн зүгээс ЭМТҮЧАБА-ны даргын ажил хариуцлагатай, үр дагавар нь эрсдэлтэй тул тодорхой хэмжээний согтууруулах ундааны зүйл үнэртэж, урьд шөнө уусан согтууруулах ундааны зүйл бүрэн гараагүй буюу эрүүл биш байгааг нь мэдээд, тийм нөхцөл байдалтай ЭМТҮЧАБА-ны дарга нь удирдах түвшний албан хаагч байж бусад эмнэлгийн эмч, эх баригч, сувилагч, албан хаагчдад иймэрхүү байдлыг үзүүлж болохгүй, харьж амар гэсэн шаардлагыг *******д тавьсан. Ажил олгогч хувийн үзэмжээр бус нэхэмжлэгчийн хамт ажилсагсад ч түүнийг эрүүл бус байгааг гэрчлэн, тухайн нөхцөл байдалд тохирсон зүй ёсны шаардлага тавьсан боловч тэрээр эмнэлгийн тусламж үйлчилгээ, тэр дундаа чанар аюулгүй байдлыг хангаж ажиллах ёстой удирдах түвшний ажилтан нь согтуурсан үедээ ажил үүргээ гүйцэтгэсэн нь байгууллагын хэмжээнд болон цааш, цаашдаа буруу үр дагавар жишиг тогтох хэмжээнд хүрч байна гэж үзэж байна.
******* нь 2025 оны 05 сарын 13-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж, ...албан тушаалын тодорхойлолтод заагдсан эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг хангах, хянах, зөрчил илэрвэл шаардлага тавьж сайжруулах ёстой байтал согтуугаар ирж ажлаа гүйцэтгэсэн нь зөрчил биш гэж үзэж байгаа нь өөрөө үндэслэлгүй юм. Байгууллага Хөдөлмөрийн дотоод журмын 14.6.2 дахь хэсэгтээ ажлын байранд /амаржих газрын хашаан доторх бүх объектууд хамаарна/ ажлын болон ажлын бус цагаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хэрэглэхээр зохион байгуулах, ажилдаа согтуу ирвэл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор ноцтой зөрчилд тооцно гэсэн зохицуулалтыг тусгайлан оруулсан. Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, ер нь аль ч хэм хэмжээнд согтолтын зэрэг ямар байвал ажиллаж болох талаар заагаагүй бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эсхүл согтуу үедээ ажил үүргээ гүйцэтгэхгүй байх шаардлагыг ажилтанд тавьдаг.
Гэтэл, шүүх согтуу эсэхийг тусгай багажаар хэмжих /согтолтын хэмжээг тогтоосон байхыг шаардсан агуулгатай/, эсхүл эрх бүхий байгууллагын /ямар байгууллага байх нь тодорхойгүй/ шийдвэр, дүгнэлтийг тусгайлан шаардаж байгаа нь буруу жишиг бөгөөд хариуцлагагүй байдлыг улам өөхшүүлсээр ирсэн ...Анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинг бодохдоо хөдөлмөрийн гэрээний хугацааг анхаарч үзээгүй байна. Тодруулбал, ажил олгогч ******* болон ажилтан ******* нарын хооронд 2025 оны 03 сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний хугацаа 2025 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хүчинтэй байсан бөгөөд энэ хугацаа дуусахад хөдөлмөрийн харилцаа дуусгавар болох учиртай. Гэтэл, анхан шатны шүүх ажилгүй байсан хугацааны цалинг 2026 оны 01 сарын 27-ны өдрийг хүртэл буюу шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл тооцсон нь үндэслэлгүй ...Хариуцагч талын гомдлын үндэслэл болон бодит нөхцөл байдал, эрүүл мэндийн салбарын сахилга хариуцлага зэрэг олон талт нөхцөл байдал, Хөдөлмөрийн тухай хууль, манай байгууллагын хөдөлмөрийн дотоод журам зэргийг хүндэтгэн, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгч тал тайлбар гаргаагүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүхэд зохигч талууд эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгов.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргасан.
3. Нэхэмжлэгч нь анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
4. Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 20,458,603 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч болон хариуцагч төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих нөхөн бичилт хийхийг хариуцагч *******т даалгаж шийдвэрлэсэн.
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан боловч зохигчид маргааны талаар харилцан тохиролцож 2026 оны 04 сарын 16-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна.
6. Эвлэрлийн гэрээг нэг талаас нэхэмжлэгч *******, нөгөө талаас хариуцагч *******ыг төлөөлж дарга ******* нар харилцан тохиролцон байгуулж, талууд гарын үсэг зурж, байгууллагын тэмдэг дарж баталгаажуулжээ.
7. Зохигч талууд эвлэрлийн гэрээндээ Нэхэмжлэгч ******* нь урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох шаардлагаасаа 2026.01.27-ны өдрийн шүүх хуралдаанд татгалзсан ...хариуцагч байгууллага нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20,458,603 төгрөгийг хувь хүний орлогын албан татварыг суутган нэхэмжлэгчид олгоно, нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах тухай шаардлагаасаа татгалзаж байна гэсэн нөхцөлийг тусгасан байна.
8. Дээрх гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй тул хариуцагчаас төлсөн 260,243 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01632 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 20,458,603 төгрөгийг хувь хүний орлогын албан татварыг суутган нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажуулалт хийхийг даалгах хэсгээс татгалзсан зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 260,243 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ж.ЛХАГВАСҮРЭН