Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2026/00987

 

 

*******нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Ууганбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/00416 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******нэхэмжлэлтэй

Хариуцагч *******ХХК-д холбогдох

Гэрээнээс татгалзсаны үр дагаварт 127,513,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******(цахимаар), хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

******* нь 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр *******ХХК-тай ПЗ-С-01/3-03 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах *******дүгээр орц 10 дугаар давхар *******тоот хаягтай орон сууцыг захиалсан. 1 м.кв-ын үнийг 1,000,000 төгрөгөөр тооцож, 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр 20,000,000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдөр 23,970,000 төгрөг нийт 43,970,000 төгрөгийг Төрийн банк ХК дахь *******ХХК-ийн ******* тоот дансанд шилжүүлсэн. Тус гэрээг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаатай, орон сууцыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар байгуулсан. Гэвч өнөөдрийг хүртэл огт баригдаагүй, суурь нь цутгагдаагүй байна.

Би орон сууцны төлбөрийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Хаан банк ХК-аас 24,300,000 төгрөгийн зээл авч хийж байсан. Гэтэл гүйцэтгэгч тал гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс болж одоог хүртэл зээл, хүүг төлж хохирсоор байна.

Бид удаа дараа очиж уулзаж, үүрэг гүйцэтгэх хугацааг урьдчилан сануулж, нэмэлт хугацаа тогтоох талаар ярьсан боловч санхүүгийн хүндрэлд орсон гэсэн шалтаг хэлж, үүргээ огт биелүүлээгүй, ямар нэгэн үр дүн гарахгүй өнөөдрийг хүрсэн. Цаашид ч энэ гэрээний үүрэг биелэгдэхгүй болох нь тодорхой болсон учраас уг гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрөө гаргуулах хүсэлтэй байна.

*******төлсөн 42,295,000 төгрөг нь инфляцийн өсөлттэй холбоотойгоор одоо 2 өрөө орон сууц худалдан авахад хүрэлцэхгүй болж байгаа учир Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үнийн зөрүүг хохиролд тооцон хариуцагчаас гаргуулахаар тус нэхэмжлэлийн шаардлагыг 127,513,000 төгрөг болж нэмэгдүүлсэн. Шинжээчээс орон сууцны зах зээлийн үнийг 84,480,129 төгрөг гэсэн дүгнэлт гаргасан.

Иймд 127,513,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2.Хариуцагч шүүхэд тайлбар гаргаагүй болно.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч *******ХХК-аас 43,970,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 83,543,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 795,515 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ХХК-аас 377,800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол, тайлбарын агуулга:

4.1.Анхан шатны шүүх маргааныг хянан шийдвэрлэхдээ бодит үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй талаар: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтын хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн үнэлж байгаа тухай заана гэж хуульчилсан. Анхан шатны шүүх нэхэмжлэгчид учирсан бодит хохирол болох 83,543,000 төгрөгийг яагаад хэрэгсэхгүй болгосон талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэлт хийгээгүй байдаг. Тодруулбал, анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдэхдээ ...Хариуцагч нь үүргийн зөрчил гаргаж, улмаар энэ нь нэхэмжлэгчийг гэрээнээс татгалзахад хариуцагчийг буруутай гэж... үзсэн атлаа нэхэмжлэгч нь 83,543,000 төгрөгийг хохиролд тооцон хариуцагчаас шаардсаныг хангах үндэслэлгүй байна. гэж дүгнэсэн нь тодорхойгүй буюу Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтыг шүүх хэрхэн үгүйсгэж байгаа талаараа шийдвэртээ тусгаагүй.

Хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн учраас нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзсан. Мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасан үүргийн зөрчил ба хохирлын хооронд шалтгаант холбоотой байж, хариуцагчийн гэм буруу тогтоогдсон нөхцөлд хохирлыг хариуцагч хариуцаж арилгах, нөхөн төлөх учиртай байдаг. Түүнчлэн Иргэний хуулийн 227.3 дахь хэсэг нь нөхөн төлж болох хохирол, түүнчлэн уг үүргийн гүйцэтгэлтэй хамааралтай ажил эсхүл бие даасан үйл ажиллагаанаас үл хамааран үүрэг гүйцэтгүүлэгчийн эд хөрөнгийн алдагдлыг нөхөн төлөх ёстойг бататгасан зохицуулалт юм.

Нөгөөтэйгүүр, хохирол гэдэг нь нэг этгээдийн хууль зөрчсөн үйлдлээр нөгөөд учруулсан мөнгөн хэлбэрээр илэрхийлэгдэх хохирол. Үүнд хэн нэгэн этгээдийн эрх зөрчигдсөнөөс түүнийг сэргээн тогтооход гаргах ёстой зардал, тэрчлэн түүний эд хөрөнгийг алга болгосон ба гэмтээсэн бодит зардал, олох ёстой орлого ба "нөхөн төлж болох хохирол" гэдэгт өнгөрсөн болон ирээдүйд олох ёстой байсан боловч олоогүй орлого, ашиг, түүнийг олох боломжийг агуулдаг.

Нэхэмжлэгч нь 2021 онд маргаан бүхий орон сууцыг 43,970,000 төгрөгөөр худалдан авах боломжтой байсан боловч хариуцагчийн үүргийн зөрчлийн улмаас тухайн боломжийг алдсан бөгөөд өнөөдрийн байдлаар тухайн хэмжээ, байршлын орон сууцны үнэ 84,480,129 төгрөг болсон нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ зөрүү нь нэхэмжлэгчид учирсан бодит хохирол бөгөөд зайлшгүй гарах зардал юм.

4.2.Нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй талаар: Нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээний үүрэг гүйцэтгэх хугацааг урьдчилан сануулж, нэмэлт хугацаа тогтоох зэрэг талаар хэд хэдэн удаа очиж уулзсан хэдий ч шалтаг, шалтгаан тоочсоор гэрээний үүргээ огт биелүүлээгүй ба барилга огт баригдаагүй, суурь нь ч цутгагдаагүй байдаг.

Иймд цаашид ч энэ гэрээний үүрэг биелэгдэхгүй болох нь тодорхой болсон учраас гэрээнээс татгалзаж, дахин орон сууц захиалах эсхүл худалдан авахад 2021 оны ханшаар худалдан авах боломжгүй болсон тул шинжээчийн дүгнэлтээр 43.79 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өнөөгийн зах зээлийн үнэлгээ нь 84,480,129 төгрөг болох нь тогтоогдож, хавтаст хэрэгт авагдсан. Гэвч анхан шатны шүүх нь тус нотлох баримтыг үнэлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцээгүй байна.

4.3.Мөн хариуцагч *******ХХК нь нэхэмжлэлийн хувийг гардан авсан ба шүүхээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаж, шүүх хуралдааныг хойшлуулж шийдвэрлэн хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар үйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн шаардлагын талаар маргаагүй буюу хүлээн зөвшөөрсөнд тооцох үндэслэлтэй байна. Гэвч анхан шатны шүүхээс энэ нөхцөл байдалд дүгнэлт хийж, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэж чадаагүй.

Иймд анхан шатны тойргийн шүүхийн шийдвэр нь хуулийн дээрх шаардлагыг хангаж чадахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч *******тай 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний үндсэн төлбөр болох 43,970,000 төгрөгийн талаар талуудын хооронд маргаангүй.

Харин хохирлын асуудлын хувьд нотлох баримтаар авагдсан шинжээчийн дүгнэлтэд баригдаж буй орон сууцны Баянзүрх дүүргийн 5 дугаар хороонд байрлах байршилтай холбоотойгоор 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон бөгөөд өнөөдрийн ханшаар 2 өрөө орон сууцны үнэ 83,543,000 төгрөг гэж дүгнэсэн. Гэвч энэхүү шинжээчийн дүгнэлт нь зөвхөн орон сууцны зах зээлийн үнэлгээг тогтоосон шинжтэй бөгөөд энэ нь нэхэмжлэгчид бодитоор учирсан хохирол гэж шууд үзэх үндэслэлгүй. Тухайн дүгнэлт нь инфляцын өсөлт, зах зээлийн үнийн хэлбэлзэл, үнийн зөрүүг илэрхийлсэн шинжтэй боловч нэхэмжлэгчид бодит хохирол учирсныг нотлох баримт болж чадахгүй. Баримт нь бодит бус, таамаг шинжтэй бөгөөд хангалттай нотлогдоогүй. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******ХХК-д холбогдуулан орон сууц захиалгаар бариулах гэрээнээс татгалзсаны үр дагаварт 127,513,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй.

 

3.Талуудын хооронд 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр П3-С-01/3-03 дугаартай орон сууц захиалан бариулах гэрээ байгуулагдаж, *******ХХК нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдах ******* хотхоны С блок 1 дүгээр орц 10 дугаар давхар *******тоот хаягт байрлах, 43.79 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг хүлээлгэн өгөх, ******* нь гэрээний үнэ 43,970,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээжээ.

Анхан шатны шүүх дээрх эрх зүйн харилцааны төрлийг ажил гүйцэтгэх гэрээ гэж тодорхойлсон байх ба гэрээ байгуулах үед орон сууц бий болоогүй, тодорхой хугацаанд барьж хүлээлгэн өгөхөөр талууд тохиролцсон хэдий ч нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орон сууцын хувьд худалдах, худалдан авах гэрээний агуулгад илүү нийцнэ.

Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх ба уг гэрээ хүчин төгөлдөр байна.

 

4.Дээрх гэрээний дагуу нэхэмжлэгч нь 2021 оны 02 дугаар сарын 03-25-ны өдрүүдэд нийт 43,970,000 төгрөгийг хариуцагчид төлсөн байна.

Хариуцагч нь 2023 оны 2 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулах үүрэг хүлээсэн боловч уг үүргээ зөрчсөн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан нь үндэслэлтэй.

Гэрээнээс татгалзсаны үр дагаврыг зохицуулсан Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн 43,970,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй. Энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдол гаргаагүй.

 

5.Түүнчлэн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй талаар заасан ба үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцохоор мөн хуулийн 227.3 дахь хэсэгт зохицуулсан.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр томилогдсон шинжээч *******ХХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлтэд орон сууцны зах зээлийн үнэлгээг 84,480,129 төгрөг гэж тодорхойлсноос үзвэл, нэхэмжлэгч нь 43,970,000 төгрөгөөр гэрээнд заасан орон сууцыг одоо худалдан авах боломжгүй буюу нэхэмжлэгчид эд хөрөнгийн алдагдал бий болсон болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Харин нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлсөн 43,970,000 төгрөгийг хариуцагчаас буцаан гаргуулахаар шаардсаныг дээр дурдсанаар хангасан тул түүнд учирсан хохирлын хэмжээг үнэлгээний зөрүү болох 40,510,129 (84,480,129-43,970,000) төгрөгөөр тооцох үндэслэлтэй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ орон сууцны зах зээлийн үнийг 127,513,000 төгрөг гэж тусгасан хэдий ч шинжээч 84,480,129 төгрөгөөр тогтоосон тул шинжээчийн дүгнэлтийг баримтлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт нийцнэ.

Анхан шатны шүүх хохирлын агуулгыг тодорхойлсон хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлаагүй, холбогдох нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйг дээрх байдлаар залруулж, хариуцагчаас хохиролд 40,510,129 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсэг хангагдана.

 

6.Хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан тайлбар, нотлох баримт ирүүлэх үүргээ биелүүлээгүй. Улмаар шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн, энэ талаар хариуцагч гомдол гаргаагүй.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт зааснаар хуулиар тогтоосон хугацаанд нэхэмжлэлд тайлбар өгөөгүй бол нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцох ба шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэх тул хохирлын хувьд нэхэмжлэгчийн гаргасан нотлох баримтад үндэслэн шийдвэрлэх нь тус хуулийн зохицуулалтад нийцнэ.

 

7.Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт болон хариуцагчаас гэрээний дагуу шилжүүлсэн 43,970,000 төгрөг, хохирол 40,510,129 төгрөг, нийт 84,480,129 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШШ2026/00416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******ХХК-аас 84,480,129 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 43,032,871 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 дахь заалтын ...377,800... гэснийг 580,351 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******гаас төлсөн 575,665 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Б.УУГАНБАЯР

 

ШҮҮГЧИД   Т.ГАНДИЙМАА

 

Д.ЗОЛЗАЯА